Wednesday, March 31, 2010

Архичин


/үгүүллэг/

Нэг
Бүхий  эд эрхтэн, оюун  санааны ширхэг  мяндас  бүр нь  өөрийнх нь эсрэг бослого дэгдээж, дайн зарлан тэмцэлдэж, хамаг  бие нь  салгалан чичирч,  тэр гэхийн тэмдэггүй  буруу гажуу  нь  эвгүйрхүүлж,  эсвэл  орилж хашхиран  гүймээр, эсвэл машинд дайруулж үхмээр  санагдавч,  эс зүрхлэхүйн айдаст  бас эзэмдүүлж,  алхам бүрийг ангал дээгүүр  харайх мэт  туулсаар,  арайхийн Ганаа архины  дэлгүүрт  явж  очив. Чимгээ  бүсгүйн  хонгорхон  төрх  түүнд ямар ч  сэтгэгдэл  үл төрүүлнэ. 
-Сайн уу,  гэртээ  хэвтэж  байхгүй  яагаа вэ? гэж асуухад нь Ганаа:
-Ганц шил юм л  хэрэгтэй байна. Аажим аажим  багасгасаар  гардаг  гэдэг  нь үнэн шиг... Дотор засахгүй бол  үхлээ. Гэхдээ даварч хэтэрэхгүй  гэж бараг  нэг  амьсгаагаар  өчив. Бүсгүй илтэд хувьсаж:
-Өгөхгүй! гэж  шийдмэг хэлээд  аар саар зүйл эмхлэх дүр үзүүлэв.
-Би бол үйлчлүүлэгч! Ямар учраас намайг ингэж зовоох болов. Өөр  дэлгүүр хол. Тийшээ явах замдаа  харваж үхвэл  яах юм гэж архичин  эр  дуугаа өндөрсгөсөн ч, тэр  нь  сүртэй сонсогдсонгүй.  Худалдагч  юу  ч хэлэлгүй  тонгойхдоо, золгүй эрийн гар  осгож буй хүнийх шиг чичигнэхийг үзээд, тэсгэл алдах  дөхсөн ч  биеэ барьж, дуугүй л  юм цэгцэлсэн болно. Хөлийн чимээнээр  эргэж харвал  найз залуу нь  үүд рүү  гэлдрэх аж.
-Ганаа! хэмээн яаран  дуудахад, хар хөлс нь  асгарсан эр  хүчлэн  инээвхийлэх нь  үнэхээр  өрөвдөм. 
-Архичин  хүн  гэж хэн байдгийг  биеэрээ үзэж  мэдлээ. Чиний хувьд  бол, би ердөө л, үйлчлүүлэгчдээ  тал засч зогсох  учиртай, согтуугийн чинь зугаа байж. Ахиж надтай  битгий харьцаарай гэж хоолой чичигнүүлэн  хэлээд, бүсгүй архийг өгөхөд,  нөгөөдөх нь  харангадсан хүн  ус  бараадсан адил нүдээ  бүлтийлгэн, уруулаа шилэмдэн, өөр  юу ч бодсон санасан  шинжгүй, чандмань эрдэнээ  тосон авлаа. Нүд  ирмэх зуур гялсхийн  одсон түүний сүүдрийг  ажваас, ердөө л  хаалгаар гарангуут, задлан  залгилж байх. Тэр л хар сүүдэр  - хүний  орой дээр  нанчид сархад  туяа  гэрэл сацруулан  мандан бадарч  үзэгджээ...
Эс  болгон  нь  цэнгэлийн туйлд хүрч, цэв хүйтэн шингэн амьдрал  жаргалын халуун  дулаан гал дөлийг асааж, дуулж бүжиглэмээр, тууль хайлмаар  ч  санагдаад ирэхийн үес,  нэгэн  утгагүй хашаан дотор  хог новш, мөчрөөр  босгосон  офис ч гэх үү, оромж ч гэх үү зүйлдээ заларсан Ганаа бүсгүй  рүүгээ,  сэтгэл зүрхээ  илчлэв ч  гэж  хэлж болох, ахин амсахгүй  гэж амласан  ч  гэж ойлгож  болох мэссэжийг илгээв. Гомдсон  бүсгүй хариу  бичихгүй  нь  лавтай тул, тэрбээр  кайфаа барина хэмээн, хэвтэр дээрээ хажуулав.  Өнгө өнгийн  бодол сайн ч  бай, муу ч бай, аялгуут хөгжим адил  эвлэг цэгцтэйгээр  бууж ирнэ.
Үс сахалдаа дарагдаж, хүн хар  гөрөөс  лүгээ  болсон  түүнийг, хаанаас хэзээ гарч ирсэн,  хэн гээч  явсныг нь мэдэх  амьтан үгүй. Нэг хэсэг Халхын их архичин  хэмээн өргөмжлөгдөж, бултаараа л түүнтэй  хундага тулгаж, сүрхий амьтан  болж харагдахыг  хичээжээ. Орост  Аль-Ганибар  гээч, чэчэний эсэргүүцлийн  хөдөлгөөний  сүүлчийн  зүтгэлтэн алагдаж, салан тусгаарлагчид  бүр мөсөн ялагдлаа гэх дуулиан  дэгдэхэд,  манай хүнийг  тэр тэррористтой  адилхан байна  гээд  ойр орчмынхон  нь хөөрцөглөөд л, дайлж цайлаад  л сүйд майд  болж байсансан.
Энд тэндээс бүр дэсант малгай, цэргийн маягийн хувцас, хар шил, араб алчуур сэлтийг  цуглуулж өгсөн. Өмсч зүүчихээд дэлгүүрт ороход Чимгээ:
-Хүүе,  чи чинь! Нөгөө оросын  дээрэмчинтэй  ихэр юм шиг! гээд л  айх баясах  зэрэгцэн  дуу алдсан .
Шар тайлж  тусалсан  улсуудыг  хөгжөөх гэж  Ганаа  авч  өгнө дөө.
Угаасаа би  тэр Аль-Ганибар  байхгүй юу. Миний бие  Монголд жинхэнэ  ардчилсан хувьсгал  хийх, харгис дэглэмийг  унагах гэж  хичнээн тэмцэн  тэмцэвч нэг ч хүн  намайг дэмжээгүй. Өөрийгөө аврахыг хүсдэггүй  ард түмнийг  аварч болдоггүй ч юм билээ. Тэгэхлээр  нь  би уурлаад чэчэнчүүдийг аврахаар явсан. Парламэнтийг хяддаг номэр  нэг тэррорист  гэдэг чинь би. 
Тэгээд  Монголд ирж нуугдсан. Манайх  шиг  зах замбараагүй хөл толгойгүй  газар намайг  олно гэвэл үлгэр. Энд Аль-Ганибар гэж дуулсан  амьтан ч байгаагүй.
Сурсан юмыг сураар боож болохгүй гэгчээр, хөөрхөн зэвсэгт  бүлэг байгуулаадах гэсэн  чинь, хүн ард улам л юм ойлгохоо  байсан байв. Нэгдье нийлье гэсэн хэд нь дандаа залиланч, бэртэгчин, туршуул  байсан. Тэдний матаасаар  шорон оронд орж, Зоригийн аллагад  ч сэрдэгдэн  шалгуулсан ч, хэргийн бүрдэл мүрдэл нь бүтэж өгдөггүй, арга буюу сонгуулийн өмнөх  өршөөлөөр суллагдсан.
Гараад ирэхэд  мөнгө хэвлэдэг машин, Чэчэнээс  авчирсан долларын  дээд зэргийн матриц,  жаал жуул  зэвсэг, мөнгөө  нуусан газарт  маань юу ч  үлдээгүй байв. Чэчэн Мэчэн, шорон  орон гэсээр  байтал авгай хүүхэд салж  сарнисан. Банк  дампуураад  хэдэн төгрөг будаа, бизнэс хийсэн чинь  эдийн засгийн  хямрал  болоод, шатсан. Гадагшаа  гарах гэхлээр  Аль-Ганибар  гээд  барьж  авчих гээд  байх. Энд  болохоор  архинаас өөр  бүтэх  юм алга шив.
Наашаа  ирсний  маань  дараа  Чэчэнд  хуурамч  Аль-Ганибар  тодорсон. Намайг хувийн дайснаа гэж зарласан ерөнхийлөгч Медведев толгойг  минь  50 сая  доллараар  үнэлсэн шүү дээ. Манайд  ч тэр  тухай  зарлалаан хаа сайгүй  наагаа биз дээ. Та нар  харин  сүйхээгүй  моншнууд юм. Манийгаа  барьж өгч л хэвтэхгүй. Саяын  тэр алагддаг чинь хуурамч нь. Одоо “би амьд байна, үхээгүй” гээд яваад байгаа  чинь  бас хуурамч.  Би л жинхэнэ нь шүү дээ гээд махран тайлбарлаж, лалын  бололтой  дуу хуур  хадааж,  сүүлдээ  итгэсэнгүй гээд  уйлж  ч үзэхэд  нь архины найзуудынх нь  элэг хөших гэж жигтэйхэн.
Залхах  нь  залхаж, үхэх нь  үхэж, хэлмэгдэх нь хэлмэгдээд, Ганааг  гэх  хэн ч үгүй болж  дээ. Мань хүн сонинд  зүсэн  зүйлийг  эрээчин  өгч,  халтуурны халтар  төгрөг олдог. Бас, цахим тэхникийн  инжэнэрийн  хувьд  хавь ойрынхны  зурагт, хураагч, компютэр  тэргүүтнийг  хуу  засна. Цаадуул нь мэдээж  сархад  сөгнөнө. Элдэв улстай  ярьж  харьцаж  явахад,  бултаараа л хамаг  бүхний  талаар  гаж буруу  ойлголттой байх  нь эртнээс  үүсгэн сонирхсон  нэгэн “онолыг“ нь  батлах бөлгөө.
Гурван өрөө  байранд,  айлын бага  тэрбээр  ижийнхээ  хамт  аж  төрнө. Хамт  ч гэж  дээ, тусдаа  гэвэл  л таарах  аж. Ах эгч  нар нь  аль эрт  үүрээ  орхин  нисээд,  өвөө  эмээ  болцгоочихсон. Эцэг нь  гэж, Ганаад их л сайн, миний  үрсээс  хамгийн  ирээдүйтэй,  толгойтой нь гэж  магтдаг, найддаг  хүн  байсан ч, хөөрхий аль эрт  насан нөгчжээ. Түүний  гэрээслэлийн  хүчинд л Ганаа энэ байранд  суух  эрхтэй. Ээж  нь, ер нь  бүх ах  дүү,  садан төрөл нь  түүнтэй  юу ч  эс дуугарна. Хөдөөнөөс  ирсэн  хамаатан болох, оюутан  бүсгүй л  ижийд нь хань болж, гэр голомтыг  нь  үүрч  явах  бүлгээ. 
Овоо хэдэн  төгрөг  олчихвол, Ганаа  гэрээс  гаралгүй уншиж  судалж, бараг авдраар  нь авсан архиа  шимэн, элдэв тоо  бодож, график  зураад суучихна. Хаа зорчсон  газраа л  энийгээ дэлгэн  нухахад бэлэн. 
Галзуу, шизотой гээд хүмүүс дөлсхийх  болсон. Мань  хүн “Оюутолгойн  гэрээг  юу гэж үзэж  байна, нийслэлд газар хөдлөлт  болох уу,  зудад өртсөн  малчдад  туслах хэрэгтэй юу, Монгол улсыг ААН  болгож  харийнханд  хувьчлах нь зөв үү, буруу юу” гэхчлэн шалгааж, “гэрээ бол зүйтэй, газар хөдлөхгүй, туслах нь буруу, хувьчлах нь  зөв”  гэсэн мэдээжийн хариуг  аваад  “яг л батлагдаад байгаа  юм даа”, “энэ хавийн долгион ч...”, “үүнийг  тооцоолох хэрэгтэй”  гэхчлэн  бөвтнөж, юм хүм тэмдэглэн, үгүй бол жуумалзана. Зарим нь,  чамайг  хэвийн бус  гэлцэж  байна, уувал  аятайхан  ууж байгаач  ээ  гэхэд, энэ Монголын хамгийн эрүүл  ухаантай нь би байх шүү гэж  даналзаад дийлдэхгүй. 
Үнэндээ  Ганаа тэр  эрүүл ухаан  гээчээс  үхтэл айдаг. Хааяа яагаад ч юм архи уухгүй байх учрал  тохиол бүрдчих агаад, тэр өдрүүд хар дарсан зүүд мэт л хоногшино. Хамаг урьдын  гэм нүгэл нь арзайлдан цамнаад, орчлон дэлхий зөвхөн эрэмдэг зэрэмдэг талаасаа  харагдаад,  учиргүй их  айдас  эмээдэст  автаад, юун  эрүүл ухаан байхав. Галзуурал л гэмээр байдаг буюу. 
Ээлжит  галзуурлын дараа,  байрныхаа  найман барааны  дэлгүүр лүү  хар хурдаараа харайлган  хүртэл, өөрөөс нь нэлээд  дүү, гэрэлт тунгалаг  зүс  царайтай,  амьд  сэргэлэн  бүсгүй  угтсан билээ. Ам ангайгаагүй  шахуу  байхад  нь, өдөрт  бүтэн  хагас  литрийн  нормтой түүнд,  дуртай  ундаа нь  болох  750 граммын  цагаан  архийг доогтойхон гэмээр  авч  өгсөн. Халамцахаараа манай  хүн  олон долоон юм ярих  нь ойлгомжтой. Уйдсан бүсгүйд инээд хөөр бэлэглэдэг  нь тэр  л буюу. Нэгэнтээ, Чимгээ:
-Та мундаг  инжэнэр юм  байнаштээ. Би  саяхан үүрэн  утасны  опэратор  компаниас  халагдцан  л даа. Гэхдээ  бие  дааж сураад, ахин  шалгуулж орох  гэсэн  юм. Ойлгохгүй зүйл  их байна. Надад  хэлээд  тайлбарлаад  өгөөч  гэхэд  нь  Ганаа бараг зэрэгцээд л: 
-Тэгэлгүй яахав, би зөвшөөрсөн. Ахынхаа  дуртай  ундааг, ямар  ч хамаагүй  хоолтой  аль. Тохирлоо  хэмээсэн  билээ.
Дэлгүүрт  нь  хүн  бараг  орж  ирэхгүй. Ингээд  л Ганаа хөөрхөн,  залуухан  бүсгүйтэй  бөөр  нийлүүлэн  сууж,  эгдүүтэй  аяг  аашинд  нь  ээнэгшин  дасч,  цэнгэл  жаргалант  өдрүүдэд  умбах  болжээ. Амьдралын  төлөө  тэмцдэг,  эрч  хүчтэй  бүсгүйн  зан  чанар  мань  эрд таашаагдаж,  нөлөөнд  нь  ч автаж, шинэ хүн  болъё гэх  сэдвийг  төрүүлнэ. Даанч, Монголын  маргааш  олон. 
Хайр  сэтгэл  харалган болгодог  нь  үнэн  ч  юм уу  гэж  Чимгээ  эргэлзэвч, архичин  эрд  татагдсаар  байлаа. Уг  нь, боловсролтой, чадвартай, олон  хэл  устай,  орон  сууцтай, архи  л уудаггүй  бол  ханилан сууж  болмоор,  эршүүд  зоримог,  шударга, хүн мөстэй  байрын, эр хүн шиг л  эр  хүн  санагдана.
Зартай  архичин  залуу  охин  хоёрын  хачирхалтай  дурлалыг  байрныхан  сонжин  өөнтөглөвч  аль аль  нь  л  бие биедээ ойртон  дөтөлсөөр  л  байв. Уудаг  нормоо тун  ялимгүй  ч атугай танасаар асан Ганаа  бусад  тал  дээр  бол  багагүй  өөрчлөгдөв. Ирээдүйгээ  өөдрөгөөр  харна,  ариун  цэвэр  сахина, Интэрнэтээс харьцааны  соёлд  суралцана...
Нэг л  орой тэд болзон уулзсан. Үзэмжтэй  хувцаслаж, сарнайн баглаа барьсан Ганаагийн  зовсхийн  зогсохыг  хараад  Чимгээ “Энэ л  миний заяаны  хань  биш үү” хэмээн  дотно  дулаанаар  бодсон  билээ. Тиймээс  бага  зэрэг “халаалттай” байсныг нь тоосонгүй. Тэр хоёроос өөр хэн ч орж ирээгүй бааранд  үдшийг цэнгэн өнгөрүүлж,  сэтгэлээн уужиртал хөөрөлдөн ойлголцож авсаан. Ганаа дискэнд бичиж авчирсан дуу хөгжмөө эгшиглүүлж, ямар л бол ямар хэлээр нь, эвлэгхэн гэгч даган дуулахыг үзээд  Чимгээ ямар их гайхсан гээ. Нас чацуухан залуу өмнө нь байх шиг л сэтгэгдэл төрүүлсэн. Дарсны амтанд мансуурч, ах залуугийн анхаарал халамжинд согтож, аргагүй л тэврэхтэй нь эвлэрч, анх удаа үнсэлцжээ. 
Үүнээс хойш харин, гэр бүлийн гэмээр маргаан тэдний харилцааг өнгөлөх болсны шалтгаан илэрхий. Ганааг хайрын хүчээр архинаас гаргана гэсэн гэнэн бүсгүйн гэгээн эрмэлзэл өглөө үхлүүт орж ирэн, сархад  нанчдын хүчээр л амилдаг бодот амьдралтай нь мөргөлдөн, унтарч бөхсөөр л... 
Энэ бүхнийг санахлаар аягүйцээд явчихав. Овоохойдоо таашаалд умбан хэвтсэн тэрбээр, түрүүн балгасных нь үйлчилгээ сулран гунихруулж буйг мэдээд, дундарсан лонх руу гараа сунгав. Аанай л хүйтэн шингэн хоолойгоор нь гулгаж; ходоодноос тархи руу нь, тал тал тийш, замбуулин руу ч жаргал түгж, манай хүн малийтал инээмсэглэлээ. “Өнөөдөр бол ууж болно оо, заавал тэмдэглэх шаардлагатай” гэж тэр бодов. 
Урьд орой нь архины үйлчлэл нэн их нийцэж, оюун ухааных нь оргилд аваачиж байхад тэрбээр гол хобби нь болсон ажлаа дуусгаж, товч бөгөөд тодорхой, онц сонирхолтой үгүүллээ гадаадын хэвлэл, форум, сайтууд руу илгээсэн билээ. Үүндээ сэтгэл хангалуун буй нь, урцыг нь хөөргөчих л дөхнө. 
“Яадаг юм, хүн төрхтэй болоод Чимгээтэй уулзъя”  гэж шийдээд, лонхонд хоцорсныг бүгдийг нь залгилчихав. 
-“Надтай ахиж битгий харьц” гэсэнштээ. 
-За, Чимгээ боль л доо. Өчигдөр бол онцгой өдөр. Удаан хугацаанд санаж сэтгэж явсан зүйлээ дуусгасан. Өнөөдөр тэмдэглэх нь хууль ёсны хэрэг. Үе шаттайгаар би архинаас гарна аа. 
-Надад хамаагүй.
-Чи чинь юу болчихоов. Гарна, цэглэнэ л гэж байна  даг. Өчигдөрхөн л намайг ойлгоод байсан хүн чинь одоо...
-Ахиж амсахгүй гэхээр чинь л ойлгосон. Одоо бол ойлгох ч хүсэл алга. Би тэнэг байж. Чиний мөн чанарыг танилаа! “Чиний” гэнэ шүү, “таны”... Та битгий ажилд саад хийгээд бай.
-Надад ямар нэг боломж бий юу? Яавал чи хуучин хэвэндээ орох вэ? 
-Боломж байхгүй ээ, танд!
-Тэгвэл, иргэний хувьд үйлчлүүлчихье. Ганц шил архи авъя.
-Үгүй!
-Чи надад сайн л байгаа байх нь ээ?
-Нийгмийн хэв журмын үүднээс өгөхгүй. Согтуу хүнд үйлчлэхгүй. 
-За за .. гэж сулхан дуугараад, Ганаа лангуун дээрээс мөнгөө авч халааслан, зориуд алгуур гэгч алхлан гарав. Чимгээ дуудсангүй шүү!
“Боломж байхгүй ээ танд!”. Энэ л үг түүний дотрыг харанхуйлгав. Саяхны урамтай, өөдрөг  бодлууд нь хорсол бачимдал, бунтаар солигдов. Удтал буцалж байсан галт уулын орой эцсийн эцэст нээгдэх нь тэр. Одоо түүнийг юу ч таглаж бөглөж чадахгүй.
“Энэ бүхэн дэглэмээс л болж буй хэрэг!” хэмээн амны уншлагаа давтаад, эх орны хишиг гээч 50 мянган төгрөгийн түгээлт дээр өдөр бүр алалдан бухимдаж байдаг ард олон руу очиж, ухуулга хийхээр шийдлээ. Түрүүн Чимгээ 350 граммын архи өгсөн нь нэн чамлалттай тул, замдаа 750-ийнхыг авч өвөртлөөд, “Эх орны хишиг” рүү  дөхвөл, юун яриа хийх. Цагдаа нар цугласан олныг хайр найргүй бороохойдон тарааж байв. Сайд ирэх гэнэ!  
Ганаагийн уур хилэн оволзоод явчихсан ч, биеэ барилаа.  Сүүлийн үед эрхэм сайд энд тэнд очоод, түгээлтийн ажил маш сайхан явагдаж байна гээд л хоосон танхим, талбайд өөрийгөө рэкламдаад байгаа. Тэхнологи нь энэ байхнээ. Мань эр нэгэн таних цагдаа дээр очиж:
-Би учрыг мэдэж байнаа. Эх орны хишгээ аятайхан авч байгаа хэдэн хүний зураг хэрэгтэй биз дээ. “Түгээлт сайхан байна, сайддаа баярлалаа” гээд л, хорооны хөдөлмөрчдөө төлөөлөөд нэг сайхан яриадхая. Олигтой үг хэлчих хүн манай энд өөр байх ч үгүй. Зураг авалтын дараа сайд надтай жичдээ золгох гэнэ, тэгэхлээр нь би чамайг бас золгуулчихъя. Чи ч нөгөө асуудлаа хэл, хөгшин нь бас уламжлах юмтай. Нэг бүсгүйтэй танилцсан чинь, архины гайгүй эмчилгээ хийлгэчих хэрэг гарлаа гэж учирлав... 
Сайдыг ойртож ирэхэд Ганаа инээмсэглэн, гар барихаар ойртож:
-Манай хорооны иргэдээс... гэснээ шанаадчихав!
-Урвагч нар сөнөтүгэй! Дэглэм сөнөтүгэй! гэж хашхирахад нь хамгаалагч, цагдаа нар түүнийг барьж авч, чирэн гарлаа.
-Би сайдыг шанаадсан! гэж бархирахад нь тэд мань хүнийг балбаж, нүдэж гарав. Ялангуяа “найз” цагдаа нь тун бэрх улангасчээ. Ард олон үүнийг үзээд түрхрэн дайрч: 
-Сайдтай уулзъя! Сайд, сайд! Сайдтай л яримаар байна! гэж орилолдсоор цагдаа нарын хаалтыг зад дайрч, танхим руу хуйларлаа.  Энэ чөлөөнөөр Ганаа жанчигч нараасаа мултарч, түмний дунд уусан алга болов. 
Нэгэн байрны орцонд ороод, өвөр дэхээсээ томхон балгав.  “Болгож тавилаа шүү. Ахин зугаацнаа. Надад боломж байхгүй гэнээ?” хэмээн өөртөө хэлээд тэр, хотын төв орох автобусанд суулаа. Юм хүмээ өгч нийтлүүлдэг сонин дээрээ очвол:
-Чи чинь архины цагаан солио тусаа юу? Шууд дамжуулж байсан болохоор, сайдыг шанаадсан чинь орон даяар цацагдлаа ш дээ. ТВ, радио тэр тухай чинь л шуугиад байна гэлцсээр угтав. 
-Өө,  бүр шууд сурвалжлагатай байсан юм уу. Сайн юм болж. Зүгээр л, шанаадаад авсандаа баярлаад байсан чинь ... гээд л хэргийн эзэн лонхтойг хөнтөрнө. 
-Наад архинаасаа сайн уу. Тэгээд, “Уучлаарай, согтуугийн харгаагаар” гээд цагдаа дээр оч. Өөр арга чамд байхгүй.
-Хурдан сахлаа авъя. Бас та нар хувцас хунараасаа илүүчил. Дүрээ хувиргамаар байна. Тэгэхгүй бол, намайг Төрийн ордонд ойртуулахгүй.
-Төрийн ордноор яахнав?
-Дэглэмийг унагана аа.. 
-Ээ, бурхан минь!
-Тэгж л би бурхан шиг харагдаад байгаа юм бол хүссэнийг минь биелүүл! Та нарыг би хам хэрэгтэн болгохгүй ээ, бүү ай. Сүрдүүлгэнд автаад тайчсан л гэхгүй юу?
-Бид өөрсдийгөө аргалчихнаа. Харин ярилцлага өгөөдөх. Зөвхөн манай сонинд шүү.
-Дараа нь ордон руу дайрахыг минь сурвалжлана биз дээ?
-Чи үнэн яриад байнуу? 
-Би үнэн шанаадлуу, яалаа?
-Сурвалжилж болж л байна, гэхдээ…
-Битгий хоёр нүүр гарга. Маргааш сонин чинь яаж борлогдоно гэж санана. Намайг сахал үсээ засуулж суух завсар ам руу архи халбагадаж хийж бай. Тэр зуур ярилцлагаа өгөмз.
-Хүүе, хороололд чинь бөөн үймээн болж байна. Наад зурагтаа чангалаадхаач. Сайд тэнд ард олонд бүслэгдээд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацжээ гэж нэг нь хашгирлаа…


Хоёр
Ганаа Сүхбаатарын талбайгаар алхалж явав. Лонхоо хоосолчихоод хогийн сав руу чулуудав. Эх орны хишиг түгээлтийг зохион байгуулалт сайтай болгохыг шаардан овоорсон хэсэг улс дээр очоод:
-Намайг дагаад явцгаа! Дарангуйллыг түлхэн унагацгаая! Ардчилсан хувьсгал хийцгээе! хэмээгээд, “Өдөөн хатгагч!”, “Шал согтуу юм байна!” гэлцэхийг нь ч үл тоон, хага ярагдсан тэдний дундуур гарч,
-Улс үндэстнийг минь харийн колоничлогчидтой нийлж сөнөөж мөхөөж буй дайснууд сөнөтүгэй! Монгол улсыг аж ахуйн нэгж болгож, гадаадын түрэмгийлэгчдэд хувьчилж өгөх гэж байгаа эрх баригчид сөнөтүгэй! Ард түмний хүзүүн дээр зайдалж, дарлаж мөлжиж, харгислан устгаж, тархи толгойг нь балбаж, цусыг нь сорж буй дарга ангийнхан сөнөтүгэй! Газар хөдлөлтийн аргаар монголчуудыг зүйл дуусгах гэж буй алуурчид сөнөтүгэй! гэж хашхирсаар, Төрийн ордны баруун хаалга руу чиглэн урагшилна. Сониуч хүмүүс ч араас нь дагав. Утас нь хангинахуйд, авч харвал Чимгээ байлаа.
-Чамд боломж бий! Ганаа минь чи болиоч дээ! Одоохон над дээр хүрээд  ир! гэж тэрбээр тэвдэн үгүүлж байв.
-Би тэртэй тэргүй энэ алхмыг хийх л байсан. Яахав, гэнэтийн нөхцөл байдлаас болоод арай эрт эхлүүлчихэв үү дээ. Сайд нэр төрд дуртай хүн болохоор, намайг өршөөж өөрийгөө рекламдах биз дээ. Эс бөгөөс би ардын баатар болчихно. Дарга нарт над шиг ардын баатар хэрэггүй. 
Чимгээ минь, хайрт минь тайвшир. Би хэд хоног баривчлагдах хугацаандаа архинаас яалт ч үгүй хөндийрчихнө. Яг долоо хоногийн дараа, энэ цаг мөчид би эрүүл саруул наана чинь очьё гээд, ятгахыг нь тэсвэрлэхгүйн учир яаран утсаа унтраав. Түүнийг хэдэн зуун нүд ширтэж байлаа.
-Монголчуудын тархийг лэптон долгионоор угааж; дэглэмийг мухар сохроор дэмжигч, мөн чанарыг үл ойлгогч болгон тамлаж буй хулгайч луйварчид сөнөтүгэй! Дэглэмийг нураацгаая! Ардын засгийг тогтооцгооё! Хээрийн онц шүүхийг байгуулцгаая! гэсээр тэр айсуй хүчнийхний өөдөөс аймшиггүй алхсаар л байв.
Цаадуул нь ч гүйлдэн ирж, Ганааг цахилгаан бороохойгоор дор нь нам болгож, дамжлан авч явлаа. 50 мянгын төлөө тэмцэгчид:
-Наад хүнээ тавь! Шударга л юм хэлж байна. Эх орны хишгийг зөв зохион байгуулалттайгаар тараахгүй чирэгдүүлж байгаа хүнд сурталтнууд сөнөтүгэй! 50 мянгаа саадгүй авахын төлөө эв санаагаа нэгтгэцгээе! Саяын хүн бол үнэхээр, Хүний хөгжлийн сангийн түгээлтийг сайжруулахын төлөө цогт тэмцэгч байж! гэж бархиралдан хойноос нь ухасхийв..
Архичин эрийг сайд өршөөсөнгүй. Цаазаар авах ялтай, зандалчлах гэмт хэргийн зүйл ангид унагажээ. Камер хэсүүлж “гөлөг болгох” гэтэл, “эрүүл ухааны” хямралдаа автан галзуурах дөхсөн тэрбээр зэрлэг араатан мэт дайрч давшлаад хамаг мундаг яргачдыг нь алж хядах дөхөн, сүйд хийсэн тул, арга буюу чангаланд хорьлоо. Хариуцсан хуяг нь:
-Муу галзуу! Чамаас болж өчнөөн газар үймээн дэгдсэн. Шанаадах хөдөлгөөн гээч солиотнууд гарч ирээд, дарга нарыг хэдэн өдөр бүгэхэд хүргэж байна гэж санана! гэхэд, шаналан хэвтсэн Ганаа гэнэт тас тас хөхөрч:
-Тэр муу лэптон машин нь ажиллахаа байчихаа юу? Яагаад ард түмэн үймээд эхлэв? Оюуны хүчтэй эсрэгцлийг дийлдэггүй гэж таамагласан минь үнэн байх нь л дээ. Сайн өдөөж өгөх нь л чухал… гэж өөртөө бололтой хэлнэ.
-Шоронгоос хөөгдсөн хүн гэж байдаггүй. Чи анхдагч нь боллоо. Үнэхээр галзуу болохоороо  тэр. Бид чамтай ажиллахаас татгалзсан. Шар хадны больницынхон удахгүй ирж авна, номхруулах цамцыг чинь өмсүүлнээ, гайгүй! гээд хуяг хаалга савж, хараал зүхэл урсгасаар одов.
Орь ганцаараа үлдэнгүүт, архидах донгоос үүдэлтэй бие сэтгэлийн тарчлан нь улам ч хүчтэй мэдрэгдэж, атирч эвхэрч, гэдийн нумарч, шалаар нэг өнхөрч, орилж чарлаж, наараа балбав. Бүр улимаар ч юм шиг…
Цоож нь түчигнэж тачигнахад, сэтгэцийн эмнэлгийнхэн гэж таамаглав. Гэтэл цэвэрхэн костюмтай, хулгайч царайтай нэг эр, тусгай хүчнийхний хар өмсгөлтэй шүдээ хүртэл зэвсэглэсэн залуусын хамт орж ирлээ. “Ингээд дуусдаг юм байж” гэж бодсон Ганаа:
-Та нарыг хэн урьсан юм. Хаалга тогшиж, зөвшөөрөл авч сур. Миний өрөөнөөс зайлж тонилцгоо! гэж муухай аашлав. “Хулгайч”:
-Эрхэм төрийг эргүүлэгч гуай, зуу татах уу? гэж тун ч зальжин дуугарав.
-Ямар төлбөртэй юм?
-Үнэн, зөвхөн үнэн л бидэнд хэрэгтэй.
-Болж байна, алив тэр зуугаа өгөөдөх. Би зөвхөн үнэнийг хэлнэ. Бас хайртай бүсгүйтэйгээ утсаар яримаар байна. Болзоондоо очиж чадахгүй гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу?
-Яагаад болохгүй гэж. Чи бол байдаг л нэг архичин. Ард чинь байгаа улсуудыг л хэлчих. Тэгээд л чамайг суллаж явуулна. Үхэн үхтлээ уух архины чинь мөнгийг ч дааж болж байна гээд цүнхнээсээ шил архи гарган сарвайв. Ганаа ч ухасхийн шүүрч аваад л, бүр нэг дадсан шинжтэй эгшин зуур задлаад, хоёр хуваагаад залгичихав. “Хулгайч” алга ташин маяглаж:
-Үнэхээр мундаг архичин юм гээч! Утас шөрмөсөө ав даа... Бид гарч байх уу? Залуу улсын хувийн нууцыг задалмааргүй л байна шүү гэхэд “кайф барина” хэмээн, Сиддарт хунтайж гэгээрч буй шиг орчлонгоос тасран суусан хоригдол дуугарсангүй.
Нэлээд хүлээсний эцэст урилгагүй зочин эвшээлгэн байж:
-Цаана чинь Төрийн ордон руу хэдүүлхнээ байсан ч, ганцаараа байсан ч дайрдаг моод гарчихаад байна. Бас тэгээд тэр нэг шанаадах хөдөлгөөн гээч. Гэхдээ энэ бүхэн чинь жүжиг байсан гэдгийг бид мэднээ. Чи хаанаас тэр…гэтэл, хоригдол үгийг нь тасалж:
-Утсаар яриадхая гэлээ. Шууд л Чимгээ рүү залгахад, нөгөөдөх нь мэндийн зөрүүгүй л:
-Чи энэ бүхнийг миний төлөө л хийсэн тийм үү? Хайртайгаа нотлохын тулд тэгэх хэрэггүй байсан юм. Миний төлөө амиа өгөхөд ч бэлэн гэдгийг чинь ойлголоо. Чи минь архи уухгүй л байхад болно. Одоо хаана байна? Чамайг эрж сураад олоогүй… гээд л уйлагнан үглэв.
-Сайдын хүмүүс ирчихээд, намайг суллах гэж байна. Би хэлсэн цагтаа очноо.
-Чи чинь согтуу байнуу даа. Аль хэдийнээ суллагдчихсан юм биш үү?
-Үгүй ээ, үгүй. Би чангаланд сууж байна. Сахилгын зөрчил гаргасан гээд шийтгүүлсэн.
-Арай дэндүү юм аа. Шоронгийн сахилгад хүртэл архи уугаад байхдаа яадаг юм бэ?
-Сайд уруу татаад байна аа. Чимгээ би ахиж архи уухгүй. Очоод би чамаасаа салахгүй. Ямагт дэргэд чинь байж байгаад архины хамаарлаасаа гарна.
-Тэгээрэй, Ганаа. Би чамайг тэсч ядан хүлээнээ гэх нь бүгдэд сонсдов. Карцэрт шаналан хэвтэж байсан тэр, удалгүй Чимгээгээр асруулан хэвтэнэ гэж бодохоос л баясч, утсаа өвөртлөнгөө:
-Та нар тэгэхлээр сайдын хүмүүс юм биз дээ? гэв.
-Биднийг юу гэж ойлгонов, дураараа л бол. Тэгэхлээр, чамд хэн нэг нь лэптон станцийн талаар маш нууцын зэрэглэлтэй мэдээллийг өгсөн байна. Чи түүнийг Интэрнэтээр цацжээ. Тэгээд зогсохгүй, олон нийтийн санаа бодлыг үймүүлж, лэптоны хүчин чадалд дийлдэхгүй болгох зорилго тавьсан. Энэ бүхэн зөвхөн туршилтын ажиллагаа гэдгийг бид мэдэж байна. Жинхэнэ ажиллагаа нь хэзээ эхлэхэв. Чиний ард хэн байна? 
-Аа, мөн. Та нар намайг яаж мэдчив? Уг нь гэрээсээ хол Интернет-кафегаас, нүүр амаа далдалж, нэр мэрээн нууцалж байгаад л цацсан юмсан.
-Илэн далангүй л ярья. Үймээн самуун гараад эхлэхээр, лэптон станцийг дээд хүчин чадлаар нь ажиллуулсан. Гэтэл ачааллаа дийлэхгүй түр эвдэрчихээд байна. Үүнээс болоод, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бүр ч газар авсан. Чиний бичсэн мэдээллээс болж, лэптоны эсрэг тусгай үймээн ч гарсан. 
Бодоод үзэхэд, энэ бүхэнд чамайг холбоотой байж болзошгүй гэж таамаг төрөөд, интэрнэт-кафэнуудыг шалгахад, нэгд нь согтуу хүн үйлчлүүлсэн байсан.  “Төр засаг тархи угаадаг лэптон станциар ард олныг мунхруулдаг” гэхчилэн ярьдгийг чинь танай архичин найзууд гэрчилсэн. Чамаас өөр тийм юм бурдаг хүн Монголд байхгүй. Манайхан хүртэл тусгай, нууц үг хэллэгээр ярьдаг асуудал. Бас лэптоны нөлөөнд автдаггүй чинь сэжигтэй. Ер нь чамайг бид эртнээс зохих хэмжээгээр анхааралдаа авсан байсан л даа.
-Станц эвдэрсэн гэнэ ээ?! 
1-рт, хулхины төхөөрөмж нийлүүлсэн этгээдүүдийг цээрлүүлж, дахин тийм явдал бүү гаргуул. 2-рт, мэргэжлийн хүмүүс ажиллуулж бай. 3-рт, монголчуудын тархийг угаах гэж хориотой зэвсэг ашиглаж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэх хэрэггүй байсан юм. Тэртэй тэргүй л үхэх визээ авчихсан улс даа, та нар чинь. 
Би хүүхэд байхаасаа л долгионы тэхник сонирхсон. Радио спортын ч хорхойтон байсан. Хүн ардын мунхарсан байдал, асуудлыг гүйцэд ойлгох чадваргүй зэргийг үзээд, лэптоны зэвсэг ашигласан юм биш байгаа гэж хардсан, долгионы тандалт, тооцоо хийж үзсэн. Тэр станцийнхан чинь маш бүдүүлэг, алдаатай ажиллаж байсан учир надад дороо баригдсан л даа. Тэгээд би бүр компютэрийг нь хак-даж эхэлсэн. Миний хобби болчихсон л доо. Ийм сонирхолтой зүйлийг хүн төрөлхтөнтэйгээн хуваалцахгүй байж чадалгүй, Интэрнэтэд мэдээлсэн. Тэр шанааддаг, ордон руу дайрдаг бол төлөвлөөгүй зүйл байсан юм. Бухимдаад л. Тэгсэн чинь харин хүссэн бүхэн минь биелчихдэг байнштээ. Станц ч эвдрээд, ард олон ч босоод, Чимгээтэйгээ ч эвлэрээд, шараа ч тайлаад….
-Бидэнд ямар ч үлгэр хэрэггүй. Архичин бүхэн төрийн нууцыг илрүүлээд байдаггүй юм.
Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг ч гэх шиг. Монголчуудын амьдралын төвшинг дээшлүүлэх, улс орноо хөгжүүлэх гэж л тэр станцийг ажиллуулсан. Гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх гэхээр элдэв хаврын шизо нь хөдөлсөн юмнууд эсэргүүцээд, хутган үймүүлээд байдаг байсан. Тэр шизог эмчлэх гэж л станц ажиллуулсан юм чинь.
Үнэнээ л хэл. Улсын их хурлын “Цасны 26”-гийн бүлэглэл үүнд холбоотой юу?
-Та нар чинь бүгдийг нь л мэддэг юм байна шүү дээ. Надаас асууж яах юм.
-Мэддэгээ хэлээдэх.
-Намайг ам алдсан гэж цааш нь хэлэхгүй биз?
-Чам шиг гудамжны архичинтай зууралдаж байх сонирхол бидэнд огт байхгүй. Хүссэн хариугаа авчихаад, Чимгээ дээр чинь хүргээд өгнө. Бүсгүй дээрээ бэлэгтэй очмоор байгаа биз дээ. Аваад л өгье.
-Хүссэнийг чинь хэльеэ, хэлье. Нэг удаа архиан уугаад Робинзон Крузогийн овоохой, Аль-Ганибарын үүр гэж нэрлэгддэг оромжиндоо хэвтэж байлаа л даа. Тэмдэглэж авахгүй юмуу?
-Бүх яриаг диктофонд бичиж байгаа.
-Өө, нээрэн тийм л дээ. Тэгсэн чинь “Цасны 26” ороод ирдгийм. “За, Ганаа, бид, наашилбал, лэптон станцийн эсрэг, цаашилбал, төрийнхөө эрхийг гартаан авахын төлөө туршилтын ажиллагаа зохион байгуулна. Энэ ажиллагааг маань гүйцэлдүүлж чадах хүн бол чи шүү гээд л мэргэ шоонд буугаад байна. Чамаас өөр хэн чиг чадахгүй. Энд хийх ёстой бүхнийг чинь жагсаагаад бичцэн. Арыг нь бид даана. АПУ САПУ хоёрт амт шалгагчаар оруулна” гээд байсан чинь намайг хулхидчихаж. Эсвэл та нар “Элсний 26”-гийн улс юм уу…
...Нууц албаныхан Ганааг эзгүй газар аваачиж, эрүүдэн тамлаж байв.
Харин Чимгээ байдгаараа гоёж гоодоод, цаг руу цөхөрсөн янзтай харж байснаа, “Түүний хувьд ч би ямагт л шил архинаас дор байх юм даа” гэж бодоод, чихэн дэх цагариган ээмгээ авав.
Ганаа гэнэтхэн гарыг нь мушгин барьсан этгээдүүдийн савраас мултран, “хулгайч” руу үсрэн очиж заамдаад, нүүр лүү нь угсруулан мөргөв. Дагуулууд нь ч Ганааг хайр найргүй нүдлээ. Нэг нь шагайг нь хага өшиглөхөд архичин эр эрхгүй ойчлоо. Гэвч өвдөг дээрээ босоод, чулуу атган, зодолдох аядав.
Чимгээ худалдан авагч орж ирэхийг ч тоолгүй, нүүрээ таглан суучихаад, цурхиран уйлж гарлаа. Долоо хоногийн турш хайрын агуу их мөрөөдөл төсөөлөлдөө шатан уйлж байсан бол, одоо дэндүү төөрөлдөж, гэнэхэн явсандаа гутран уйлж байв. Архинаас илүү эрхэм зүйлгүй Ганааг аймшигтайяа үзэн ядна. Хайраас үзэн ядалт хүртэл нэг алхам гэдэг нэн үнэн аж.
Энэ үед хотын нөгөө өнцөгт балмад этгээдүүд Ганааг толгой түрүүгүй өшигчин байснаа:
-Ухаан алдчихав уу даа?
-Үхчихсэн байна ш тээ. Зодуур даадаггүй, хүүхэн шиг п… вэ, яасан…
-Бид ч арай дэндүүлсэн л дээ гэлцэв. Нүүрээ бараг битүүлэн боосон ч цус нь нэвчсэн дарга:
-Шийртэй новш юм даа. Үнэнээ хэлсэнгүй шүү. Эсвэл хэлээд байсан юм болов уу гээд бодлогоширсноо:
-Тэртэй тэргүй цааш харуулах байсан юм. Наадхыгаа хурдан бул. Өөр бас өчнөөн сэжигтэн байгаа. Ажил их бий. Шалавла гэв.
Чимгээ дэлгүүрийнхээ хаалгыг дотроос нь түгжиж, лангуунаасаа нэг шил архи аваад арын өрөөндөө орлоо. Бөглөөг нь арай ядан мултлаад, шилэн аяганд нэлээн хийснээ томхон балгачихав. Мэдээж хэрэг, хахаж цацан, нэн бэрхэдсэн ч, удалгүй эс болгон нь цэнгэлийн туйлд хүрч, цэв хүйтэн шингэн амьдрал жаргалын халуун дулаан гал дөлийг асааж, дуулж бүжиглэмээр санагдахын үес тэрбээр залуу руугаа, сэтгэл зүрхээ илчлэв ч гэж хэлж болох, ахин амсахгүй гэж амласан ч хэмээн ойлгож болох мэссэжийг илгээв.
Гэнэт Ганаа ухаан оров. Яагаад ч юм, хөдөлж ч болохгүй, харж ч болохгүй аж. Зөвхөн амьсгалж л дөнгөх. Бас уусан шил архиных нь кайф бүрэн эзэмдээд ирэв. Үхэж байна гэдгээ зөн билгээрээ мэдэрлээ. “Ер нь би архичин амьдралаасаа залхаж, хорвоог орхиё л гэж боддог байсан биз дээ. Яамай даа. Зовлонгоосоо салах нь. Өчнөөн гэм нүгэл үйлдсэн би амьдралаас халин одоход болно. Чимгээтэй амьдарна гэдэг худлаа. Эрүүл эд эрхтэн байхгүй, архины цагаан солио тусах дөхсөн хүн амьдардаг гэж юу байхав. Далд ухамсраараа би ямагт үхэл рүү л тэмүүлж байсан. Харин ч согтуудаа талийж байгаа минь зол” гэсэн утгатай там тум бодол тархинд нь эргэлдэнэ. Эсвэл мажийх болоогүй ч юм болов уу хэмээн өндийх гэтэл өчүүхэн төдий ч хөдөлгөж эс чадах нь гайхалтай. Алуурчдын нэг:
-Нөгөөдөх чинь амьд байна! гэв. Толгойлогч нь ирж харснаа:
-Долоон голтой шаар вэ. Одоо өнгөрсөн. Эцээхэн хөдлөөд өгөөч. Бушуу бул бул. Цаана чинь, хотод үймээн асар ширүүсч, гол гол обектүүдийг босогчид эзэлсэн байна. Лэптон станц руу хөдөлсөн гэнэ. Одоохон энд ирэх нь. Ер нь хот руу биш, хөдөө явцгаасан нь л дээр болж байх шиг. Эсвэл босогчдыг дэмжиж байгаа дүр үзүүлж, жүжиг тавьцгаах уу. Тэд ямар нэг цэнхэр зүйл зүүх, уях дуртай гэнэ. Дэглэмчдийг хуу баривчилж байгаа сурагтай. Яая даа байз.. гэж сүүлдээ ганцаараа ч ярьж буй мэт бачимдан үглэв. Албатууд нь хөөрхий Ганаагийн нүүр лүү шороо нураахад, архичин эрийн хөдөлгөөн улам ихэслээ.
Харин Чимгээ жаахан уугаад л навс согтсон бөгөөд, диван дээр хажуулдан унтаад өгөв. Залуу нь ирээд, уучлал гуйж, гэхдээ үг яриа нь жигтэй чангаар цуурайтан алсарч байна гэж зүүдлээд, цочин сэрвэл, нэлээд хугацаа өнгөрсөн байв. Түүнийг унтаж байх хойгуур Монголд ардчилсан хувьсгал ялж, босогчдын түр засаг тогтжээ...



Архичин Ганаа шинэ ардчилсан хувьсгалын анхдагч, баатар хэмээн тахин шүтэгдэв. Оросууд түүнийг эчнээ цааз авсан тэррорист гээд, цогцсыг нь шилжүүлж өгөхийг шаардахад Түр засгийн газар, “Аль-Ганибар алагдсан гэдгийг танай тал өмнө нь баталгаажуулсан тул үндэслэлгүй” гээд татгалзав. Үүнээс болж, хоёр улсын харилцаа хүйтрэх дөхлөө. Гэвч, хууль бусаар харийн түрэмгийлэгчдэд олгогдсон хамаг лицэнзийг хураан авч, нэоколоничлогчдыг дотоодын хамсаатнуудтай нь хамт барьж хориод, дэлхийн хамгийн баян болсон засгийн газартай хэн муудалцахыг хүсэх билээ. Удалгүй бөмбөрцгийн бүх улс гүрэн л түр засгийн газартай найрсаг харилцаа тогтоов.
Зарим мусульманы улс, байгууллагууд, “М.Ганбаатарыг Гэгээн шахид аль-Ганибар болохыг нь хүлээн зөвшөөрөхгүй, Амэрикийн импэриализмыг аялдан дагалдаж байна” хэмээн хувьсгалчдын засагт дургүйцсэн. Лалын нэг сайтад “Монгол туургатны дотроос исламын ариун цагаан үйлсээр замнасан шахид баатрууд бол Саид абу-Саад аль-Буряти, Салман ибн-Хакидах аль-Ганибар хоёр билээ” гэж бичиж, үлгэр домгийн шинжтэй “Хувилгаан монгол шахидуудыг Аллах ивгээх болтугай!” гэсэн том үгүүлэл нийтлэгдсэн нь Мухаммэдийн шавь нарын дунд ихэд алдаршив. Аль-Ганибарыг хөнөөхийг тушаагсад, гүйцэтгэгсдэд цаазлах ял эчнээ оноосныг хэрэгжүүлбээс 25 сая доллараар шагнана гэсэн зар түгж, энэ төрлийн бизнэс эрхлэгчид бужигнаж эхэлсэн сураг ч дуулдана.
Нэгэн зураач цэвэр зэсээр баримлыг нь урлажээ. Гэхдээ эртний хүн чулууны хэлбэрээр. Хүн чулууд гартаа хундага барьсан байдаггүй юу…
Ч.Мөнхбаяр 
ММX.II.VIII
http://moenhbayar.blogspot.com

P.S. Хуулинд харш аливаа зүйлийг сурталчлах гэсэндээ бус нийгмийн сөрөг үзэгдлүүд ямар ч үр дагаварт хүргэж болно гэдгийг сэрэмжлүүлэн, энэ үгүүллэгийг бичив. 

No comments: