Мөрөөдлөө бодит амьдралд хэрэгжүүлэх талаар зүтгэж яваа хүмүүсийн нэг нь Ч.Мөнхбаяр. Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг уншигч олондоо толилуулъя.
- Та юу юу мөрөөдөж ирэв?
- Мөрөөдлийн ертөнц хязгааргүй. Багадаа олон л юм мөрөөддөг байж. Маш олон ажил мэргэжилтэй болохыг мөрөөдөж явсан байх юм. Жолооч, үлэг гүрвэл судлаач, зоологич, зураач, өөр юу юу ч билээ. Арай л сансрын нисэгч болохыг мөрөөдөөгүй байх. Зураг зурсаар байгаад сургуульд ороогүй байхдаа л хараагаа муутгачихсан. Даанч зургийн авъяасгүй гэдгээ дараа нь ойлгосон. Учир нь дунд сургуулийн зургийн хичээлд супер нь би биш байлаа шүү дээ.
За тэр, жолооч болох нь миний хувьд залхуутай, нэгэн хэвийн ажил санагдаад явчихсан. Жолооны ард унтчих бизээ. Зоологич болъё гэхээр Африкийн амьтны ертөнцийг сонирхдог байсан тул тэгсхийгээд больсон. Замбийн их дээдийн хуваарь нь ч олдохгүй болохоор. Үлэг гүрвэл судлана гэтэл бас хуваарь нь олдохгүй янзтай.
Харин зохиолч болох мөрөөдөл маань бэх бийрэнд ойр сэтгүүлчийн мэргэжил рүү хөтөлсөөн. Хэдэн өгүүллэг, нэг роман хэвлүүлснийг эс тооцвол зохиолч болчихсон юм алга л байх шиг. Боломж нь ч олдохгүй юм. Уг нь би мэргэжлийн зохиолч болж, зохиол бичээд л сууж байхыг мөрөөдөж байв шүү. «Мэргэжлийн» мөрөөдөл гэхэд л нэг иймэрхүү.
Гэхдээ мөрөөдөл болгоноос ямар нэг ач тустай зүйл заавал үлддэг шиг санагддаг. Мөрөөдлийг донтой хольж болохгүй. Шил архи мөрөөдөөд суугаад байвал болохоо байж байгаа хэрэг. Мөрөөдөл бол эрхэм дээд хэрнээн, яг одоо биелүүлчихэж бас боломгүй, мөн сайн үр дагавартай байдаг. Сайн сайхан бол мөрөөдөлд зайлшгүй байх ёстой чанар. Жинхэнэ мөрөөдлеөс бол заавал сайн сайхан зүйл үлдэнэ ээ.
Муу муухай болохгүй бүтэхгүй, сөрөг үр дагавартай зүйлийг «мөрөөдвөл» тэр нь гаж дон л байдаг байхгүй юу.
- Танд «мэргэжлийн» чигтэйгээс өөр мөрөөдөл байсан байж таараа даа?
- Өө, байлгүй яахав. Жишээ нь, үндэсний үзлийн мөрөөдлүүд байж байна. Би чинь одоо бараг «Пан Монголыг байгуулъя» гэж хэлд орсон гэж байгаа. 1-р ангид байхдаа 3 ангиар дээгүүр эгчийнхээ сурах бичгүүдийг сонирхон үзэж, түүний дотор «Монголын түүхэн өгүүллүүдийг» амтархан уншсанаас хойш «Аугаа их Монгол яачихсан юм бол? Өвөр Монгол, Буриадын учир юунд оршино вэ?» гэж эргэлзэн гайхаж, эрмэлзэн судалж явсаар, 9-р ангидаа Бүх Монгол нэгдээсэй гэсэн мөрөөдөлтэй панмонголист болсон байхгүй юу. 10-р ангидаа нууц бүлгэм байгуулсан.
Тэрнээс хойш хэрээрээ л бичиж, ярьж явлаа. Улс маань Пан Монгол болчихсон юм алга. Панмонголистуудын дуу хоолой сул, нөлөө бага байна. Хаа сайгүй л өвөр монголчуудыг үзэн ядсан, сэжиглэсэн харанхуй люмпенүүд хөлхөлдөөд, хөлд тээглээд байх жишээтэй.
Ноднин би бүх монголчуудыг Монгол улсдаа нүүлгэж ирүүлэх «Уугуулшууллын тухай» хуулийн төслөө ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МАХН, АН, гуравдагч хүчнийхэнд хүргүүлсэн. Энэ төслийн маань талаар мэдээлээч гэж олон сонин, телевизэд хандсан. Гэтэл төслийг маань авсан улс таг чиг л болцгоосон. Бүр нэг шал дэмий, манай крант эвдэрчихлээ ч гэдэг юм уу санал хүсэлт хүртэл тэдэнд очдог л юм билээ. Тэд хариу өгдөг. Гэтэл миний хуулийн төсөлд ХЗДХЯ-наас л хариу өгсөн. Хариугаа ирж аваач гээд утасдаад байхаар нь очсон чинь нэг дугтуйтай бичиг өгсөн, “дотор нь юу гэснийг мэдэхгүй, би зөвхөн дамжуулах үүрэгтэй” л гээд сууж байсан. Нээж үзвэл «Гадаадын цагаачдын талаарх хуулийг шинэчлэн найруулахдаа анхаарч үзнэ» л гэсэн байна билээ. Анхаарсан юм байхгүй л дээ, тэр хууль нь бахь байдгаараа л байгаа.
Зарим мөрөөдөл ч биелэх нь амаргүй шүү. Хэрвээ бүх монголчууд энд нүүгээд ирчихвэл манай хамаг асуудал шийдэгдэх л байхгүй юу. Гэтэл өвөр монголчууд бол хятадууд гэсэн айдас их байна, олон сая хүн нэг эгшинд орж ирээд нийгмийн цунами үүсгэнэ гэсэн эмээдэс ч их байна. Өвөр монгол бол хятад биш, бас монгол хэлээ мэддэг хүнийг оруулна гэсэн шалгуур хуулийн төсөлд маань орсон, мөн тийм тооны хүн энхийн цагт гэнэт яваад ирдэггүй л юм шүү дээ.
Гэхдээ зөв зүйлийг мөрөөдсөн бол биелнэ гэсэн бат итгэлтэй байж болно оо. Харин шантарч болохгүй. Ганц болдоггүй юм тэр.
- Та бүх монгол туургатныг Монголын иргэн болгох санал дэвшүүлсэн. Тэр мөрөөдлийнхөө талаар ярина уу?
- Манайд давхар иргэншлийн тухай асуудал дээгүүр яригдаад яваад байгаа. Монгол улсын иргэн байгаад харийн иргэн болсон хүнийг давхар иргэншилтэй болгох, тэгээд сонгууль энэ тэрд хамруулах гээд байгаа юм уу, хаашаа юм, нэг явцгүй юм л нууж хаагаад яриад байдаг юм билээ. Нэг сайд маань Сан-Францискод очоод үүнийгээ цухуйлгасан чинь нэг авгай «Арай гэж Америкийн иргэн болж байхад Монголын иргэн болж яах юм. Тэр сонгууль монгууль чинь ямар хэрэгтэй юм. Та нарын булай булхайг мэдэхгүй биш. Арай гэж Монголд хутгасан жонхуунаас чинь мултарч гарч ирж байхад эргүүлээд хольж хутгах нь уу. Больж үхье» гэсэн утгатай зүйл яриад бууж гарсансан. Асуудлыг тал талаас нь ултай, тухтай боловсруулах хэрэгтэй л дээ.
Давхар иргэншил гэдэг юуны өмнө улс хоорондын гэрээгээр бүтдэг зүйл. Би бол яг л олон улсын ёс журам, хэм хэмжээг нь баримтлаад, бүх Монгол туургатныг Монголын иргэн болгох асуудлыг сэдсэн. Энэ нь үндэсний сэргэн мандалт, аврагдалтад маш их эерэг нөлөөтэй алхам л даа. Бүх монголчууд нийлж нягтрахад их л ач тустай байгаа юм.
Түүний дагуу бол Орос зэрэг улсын иргэн монгол туургатан Монголын давхар иргэншилтэй байж болох гэрээг байгуулах жишээтэй. Давамгайлах үндэстнээ онцлох зарчмаар гэрээг байгуулна. Харин гадаадын иргэн казах хүнд Монголын давхар иргэншилийг олгохгүй. Манай иргэн монгол хүнд Оросын давхар иргэншлийг олгохгүй зэрэг нарийн асуудал бий. Улс улстай энэ гэрээг байгуулахдаа нарийн судалгаатай, онцлогтойгоор хандах хэрэгтэй юм.
Өөрийн давамгайлах үндэстний төлөөлөгч гадаад дахь иргэнийг давхар иргэншлээр иргэнээ болгодог практик түгээмэл болоод байгаа шүү дээ. Румын, Унгар, Гүрж гээд л энэ асуудлаар бөөн дуулиан дэгдээж л байсан.
- Та бас геноцидийн хууль санаачилжээ. Тэр ямар учиртай вэ?
- Манайхан үндэсний нөхцөл байдлын хувьд даян дэлхийгээс их хоцорсон. Геноцид буюу аймаглан хөнөөх гэмт хэрэгт өртсөн улс үндэстэн бүр геноцидийн хуулиа гаргачихаад байна. Геноцидийг мэдэх нь бүх монголчууд нэгдэн нягтрахад маш их ач холбогдолтой. Түүнээс биш, аль нэг улс үндэстнийг яллан буруутгах зорилгыг би тавихгүй.
Шударга ёс гэж байх ёстой л юм бол геноцидийн хууль байх ёстой. Манж ойрдуудыг хүйс тэмтэрсэн, Манж Орос хоёр монгол үндэстнийг хэсэглэн хувааж, дарлан доройтуулсан, большевикууд болон хунвейбинчүүд монгол туургатныг хядсан гээд монгол үндэстний эсрэг чиглэсэн олон геноцид байлаа шүү дээ. Геноцид одоо ч үргэлжилж байгаа.
Тэрхүү хуулиндаа би дээрх геноцидүүдийг Монгол улс хүлээн зөвшөөрөх, дэлхийн хамтын нийгэмлэг, бүх шударга улс түмэн хүлээн зөвшөөрөх, геноцидийн музей, хөшеө байгуулах, геноцидийн золиос болсон хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, геноцидийн үнэнийг таниулах, энэ асуудлаар нийт монгол туургатан нэгдмэл байр суурьтай байх зэрэг зүйлүүдийг тусгаж өгөх юм.
Ер нь би зохих санал санаачилгуудаа засгийн газрууд, НҮБ, гадаад дотоодын байгууллагууд руу илгээх санаатай. Удалгүй олон улсын дуулиан дэгдэх ч юм билүү.
Гэхдээ миний зорилго бол дуулиан дэгдээх биш ээ. Монгол үндэстнээ нэгтгэх үйлсэд хувь нэмэр оруулах, еөрөөр хэлбэл үндэсний мөрөөдлөө хэрэгжүүлэх нь миний зорилго юм.
- Панмонголист доктрин гэж бас санаачилсан. Таны хүсэл мөрөөдлийн нэг бүрэлдэхүүн хэсэг үү?
- Тийм ээ. Манайх шиг давамгайлах үндэстнийх нь төлөөлөгчид сая саяараа гадаадад амьдардаг, үндэс угсаа нь хуваагдаж, хэсэг хэсгээрээ мөхөх аюулд орчихсон нөхцөлд панмонголист доктрин буюу монгол туургатны номнол хэрэгтэй. Нийт монгол туургатан ийм номнолтой байх шаардлагатай. Түүний төслийг би боловсруулсан. Монгол туургатны засгийн газрууд, автономийн захиргаа, үндэсний удирдлагуудад төслөө илгээсэн.
Гэхдээ уг номнол монгол туургатны дээрх засгийн газар, удирдлагуудад өөр өөрөөр хэрэгжих учиртай. Монгол улсын хувьд монгол туургатны нэгдэл нягтралыг бэхжүүлэх зорилготой Монгол туургатны, сайдын портфельтэй газрыг байгуулах, уугуулшууллыг хэрэгжүүлэх, түүхэн-улс төрийн онцлогоосоо болж монгол туургатны эв нэгдлийн төв болох зэрэг зүйлүүд номнолд тусгагдах жишээтэй.
Цаашид Монгол туургатны хамтын ажиллагааны зохицуулах төв гэдэг монгол туургатан дундын ЗГ-ТББ-ын холимог төлөөлөлт бүтцийг байгуулах шаардлагатай гэж номнолдоо зааж өгсөн. Зарим монгол туургатан маань үндэсний төрийн удирдах байгууллагагүй байж болох тул төв маань ийм холимог бүтэцтэй байх юм.
- Таны энэ санал санаачилгуудын ард аймшигтай их мөнгөний тоо харагдаад байна. Хаанаас мөнгө олох вэ?
- Манай засгийн газар, төр маань даян дэлхийн дутагдсан гачигдсан олныг үндэсний баялгаараа тэжээгээд, ард түмнээ өлбөрөөж алах бодлого явуулаад байдаг. Хэрвээ хүн ёсны бодлого явуулбал баялаг маань нийт монгол туургатныг түмэн жил өлхөн тэжээчих юм шүү дээ. Ашигт малмалынхаа буян хишгийг хүртэж суухдаа, гар хумхин байлгүй, эрүүл нийгмийг байгуулчихвал, буман жилдээ санаа зоволтгүй болно доо.
Тийм болохоор миний энэ санал санаачилгуудыг хэрэгжүүлэх мөнгө хангалттай олдоно. Ер нь улс зарах юмандаа мөнгө зарж байх учиртай. Тэр харийн хууль бус цагаачдыг түм бумаар нь оруулж ирээд, монголчуудаас 5-10 дахин өндөр цалин өгөөд сууж байхын оронд, монголчууддаа зарцуулах хэрэгтэй. Аугаа гүрнийг баялгаараа ивээнэ гээд, тэнэгээрээ гайхагдаж явахын оронд, монголчууддаа зарцуулаад л, эд чинь бас хоосон тархи, хонгио толгойтнууд биш юм аа гээд хэлүүлээд байж байх нь өлзийтэй байхгүй юу. Харь улс үндэстний төлөө хөлөө хугалчих гэж гүйгээд, алт баялгаа өргөн бариад явбал цаадуул нь ямар хөөрхөн амьтан бэ гэхгүй, яасан муухай урвагч новш вэ л гэж цаагуураа ярилцаж, улмаар хэсэг зуур гутлын алчуур хийж байгаад, аль болох хурдан далдруулахыг л боддог гэж байгаа.
Миний бие улс үндэстэндээ хэрэгтэй ашигт малтмалын автаркийн зарчим гээчийг боловсруулан дэвшүүлсээн. Автарки гэдэг нь аль болох өөрөө бүхнийг хийхийг хэлдэг. Ашигт малтмалыг хайж, олборлож, баяжуулж, цэвэршүүлж, хайлуулж, улмаар халбага сэрээнээс өгсүүлээд онгоц, машин үйлдвэрлэн гаргах, ингэхдээ цөөн тооны буюу, мянга хүрэхгүй чадварлаг гадаадын мэргэжилтнийг өндөр хөгжилтэй тэргүүний орнуудаас урьж залан, зохих зүйлийг заалгуулаад, эсвэл хийлгүүлээд л, бусдыг бүгдийг нь өөрсдөө хийе гэсэн зарчим дэвшүүлж байгаа.
Бүх зүйлээр өөрөө өөрийгөө хангана гэж байхгүй, гэхдээ байгаа юмаа бүрэн дүүрэн ашиглах нь дэлхийн хэм хэмжээ болоод байгаа. Манай сайд дарга нар л үүнээс зөрж давхиад, хээл хахууль руу улангасан дайраад байгаа болохоос. Та нар шулуулаадах, мөлжүүлээдэх гэж нэг ч орон шахаж шаардаад байгаа биш шүү. Дээдцүүл маань сайн дураараа харийнхны боол болж, угаадас ууж идэж амьдрахыг дээдлээд байгаад хэргийн учир буй.
Улс түмэндээ үйлчилдэг хууль шиг хууль болгох, Монгол улс түмэн ашигт малтмалыг өөрсдөө эзэмших явдлыг бодлогоор дэмжих, ашигт малтмалын ашгийг хэтийн төлөвтэйгээр зарцуулах, автаркийн чиглэлийг баримтлах зэрэг дөрвөн зарчмаар «Ашигт малтмалын тухай хуулийг» шинэчлэн зохиож, тогтоон батлая гэсэн уриалгыг би дэвшүүлээд байгаа.
Уриалах хангалтгүй бол өөрөө л уг шинэ хуулийн төслийг боловсруулахаас даа.
- Та тийм ч хуулийн төсөл боловсруулна, иймийг ч санаачилна гээд байх юм. УИХ-ын гишүүний хийх ажил биш үү?
- Би ер нь УИХ-ын гишүүний ажлыг эчнээгээр нэлээд хийж ирсэн шүү дээ. Хулгайлж дээрэмдэхээс өөрийг мэдэхгүй гэмт хэрэгтнүүдийг гаргаж ирж байснаас, хувийн жаргалыг умартсан, улс орны ирээдүй хүсэл мөрөөдөл нь болсон мань мэтийг тавьчихвал хавьгүй дээр байхгүй юу. Ленин «Тогооч ч төр барьж болно» гэж хэлсэн. Заавал тогооч байх нь ч юув. Гэхдээ онц нөхцөл байдлын үед бол, эх оронч сэтгэлтэй 76 тогооч аваачаад парламентэд суулгачихвал өнөөгийн 76-гаас хавьгүй дээр байх байх шүү.
- Та хасыг төрийн сүлд болгоё гэсэн. Болно гэж үү?
- Хас бол монголчуудын язгуурын сүлд юм. Энэ нь фашизм нацизмтай ямар ч холбоогүй. Соёмбо бол Халхын шашны тэргүүн Богд Жавзундамба гэгээний маань сүлд тэмдэг. Хичнээн бид янз бүрээр сайтгалаа, шүтлээ, тайлбарлалаа гээд үнэн нь тэр. Үнэнээс хаашаа зайлах юм бэ.
Соёмбыг Өндөр гэгээнтэн тусгаар тогтнолоо бэлгэдэж зохиосон энэ тэр бол үнэн. Өндөр гэгээн өөрөө, халхын ноёд санал нь гурав дөрөв хуваагдчихаад байхад нэр нөлөөгөө ашиглан ятгасаар Манжид дагаар оруулсан хүн. Чин улсын хааны ордонд олон жил сууж, хааных нь багш болж, Чин гүрэнд их л хүндлэгдсэн нэгэн. Манжийн хаан цай өгөхөд цацаж орхиод, хятадын юу ч билээ нэг хотын түймрийг дарчихлаа гээд сууж байсан домогтой.
Соёмбыг бол Монголыг Манжид оруулсны дараа зохиосон. Номын хуудсын эхэнд чимэг болгох гэж зохиосон юм. Занабазарыг урьд урвагч гээд л харааж зүхээд байдаг асан, гэтэл өдгөө эх оронч гээд шүтээд уналаа. Урд хөршдөө дагаар орох нь эх оронч явдал мөн үү.
Занабазарыг урвагч, эх орончийн алинаар нь ч цоллох хэрэггүй. Түүхэн үнэнээ л мэдвээс харин зохилтой. Соёмбо ч гэсэн Ар Монголын сүм хийдийн бэлгэдэл байж л байг л дээ. Гэтэл жинхэнэ 9-р Богдыг хөөж явуулчихаад, өөрсдөө орлож, биеэ шүтүүлэх гээд соёмбыг тулгаад байгаа юм.
Манай язгуурын эх орончид ардын намаа байгуулахдаа бэлэг тэмдгээр нь хас сүлдээ сонгосон. Тэгээд улсын сүлдээр залах гэж байлаа. Данзангийн доллар дээр улсын сүлд болоод байж л байдаг. Гэтэл большевист гайхлууд хасыг ЗХУ-ын сүлд болгомоор байна, та нар улсын сүлд болгохоо хүлээзнэ, яахав намын сүлдэндээ байлгаж л бай гээд саатуулсан байхгүй юу. Большевикууд цаашдаа улсын сүлдэндээ залах чигтэйгээр, эхлээд Улаан армийн сүлд байлгаж туршсан юм. Хас бол хамгийн интернационалист дүрс гээд тэгж байсан байдаг. Ингэж бужигнаж байтал Гитлер гарч ирээд, бүр худлаа болчихсон.
Харин одоо Гитлер өнгөрсөн зууны явдал боллоо, бид мөнхөд Гитлерээр амьдраад байж болохгүй ээ. Мөнх тэнгэрийг бэлгэдсэн хас сүлдээ залж, хийморь заяагаа тэгшрүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол нэг л биш болчихож. Энэ янзаараа үлгэн салган байвал сөнөнө. Хасыг залбал харин хүн бүхний зовхи нь өөдөө болж, нүүрэнд нь гал, нүдэнд нь цог гэрэлтэж, хамаг юм сэргэн мандана.
Манайх гэдгийг нь даян дэлхийн хүн ард мэддэг юм. Мэдүүлж ч явж. Монгол дайчид бамбайн дээрээ хас сийлсэн байж. Дуулган дээрээ ч мөн адил. Японы эртний зурагт, Хубилайн флотын монгол цэргүүд хас бамбайтай яваа нь дүрслэгдсэн байдаг.
Ингээд би ноднин, 2006 оны хавар хас сүлдийн санаагаа дэвшүүлсэн. Сүлдний уралдаанд оролдсон. Даанч тэр уралдаан таг чиг болчихлоо. Энэ жил бас дэвшүүлсэн. Миний санаагаар бол хас сүлд маань 1-рт, дөрвөн жигүүртэй, гэхдээ морь, шонхор эсвэл чонын толгойтой, 2-рт, таван салаатай байж болох юм. Эрт үед монголчууд хад асган дээр морин хасыг дүрсэлдэг байсан. Би шинээр чонон хас, шонхор хасыг санаачиллаа. Таван салаа хас гэдэг нь Ар, Өвөр, Ойрд, Буриад, Дэлхийн гэх үндсэн таван салаа монголчууд хамтдаа мөнх тэнгэрийн хүчинд ивгээгдэж, хөгжиж дэвжиж явахыг бэлгэдэж байгаа юм.
-Таны санаа эхэндээ эргэлзээтэй санагдавч, тайлбарлуулаад ирэхээр боломжийн санагдах юм. Латин үсгийн санааны талаар ярилцъя л даа. Та тэр санаагаа бусдад алдчихсан юм биш үү. Бас сүүлийн үед монгол бичгийн хөдөлгөөн хүчтэй болоод байх шиг?
- Урьд би санаагаа хэвлэлд нийтлүүлчих л юм бол боллоо гэж үздэг байсан. Тэгээд тэр санаа маань хэрэгжчихвэл, миний ач гавъяа л гэж тооцогдоно гэж санадаг байлаа шүү дээ. Боломжийн санаа л дэвшүүлчихвэл ард түмэн ч байдаг юм уу, дарга сайд, бизнесмен, өөр хэн хэн ч байдаг юм, «Мөнхбаярын энэ санааг дэмжицгээе!» гэж өлгөж аваад л хэрэгжүүлчих юм боддог байлаа.
Ер нь өөр улс оронд бол бараг тэгдэг юм. Өөрчлөн байгуулалтын үед би Оросод байсан. Тэгье, ингэе гэсэн үгүүлэл материал сонин дээр гараад л ирдэг, тэр нь давгүй санал санаачлага бол өчнөөн олон хүн дэмжээд сайшаагаад, тал бүрээр тусалж хамжаад, уг юмыг хэрэгжүүлчихдэг, болсгочихдог л байв.
«Свердловск хотод Екатеринбург гэсэн хуучин нэрийг нь буцааж өгье» гээд л нэг үгүүлэл «Уральский рабочий» сонин дээр гарсан. Дороо л үгүүллийн зохиогчийг өчнөөн хүн бүчиж аваад л, Екатеринбург гэсэн нэрийн төлөө иргэний хөдөлгөөн үүсчихэж байгаа юм. Тэр үед неформалы гэгдсэн хөдөлгөөн мөн ч олон байсан, тэд л шинэ Оросыг бүтээн босгосон юм шүү дээ. Түүнээс биш, тэр Ельцин ч биш, «новые русские» гэгдсэн баячууд ч биш.
Юмыг ингэж ойлгож, дэмжиж, хүлээж авдаг нийгэм урагшлан дэвшихдээ сайн байдаг. Германд гэхэд л «Иргэний санаачлагын клүб»-үүд гэж хаа сайгүй. Энэ клүбүүдэд иргэдийн асар их санал санаачлага, үнэт баялаг цуглана. Тэгээд л хамгийн зөв зүйтэй гэснийгээ төрийн байгууллагуудад өргөн мэдүүлдэг, цаадуул нь ч үйлчилгээний газар гэдгээ мэддэг болохоор уухайн тас хүлээж аваад л хэрэгжүүлдэг. Германчууд энэ клүбүүдийнхээ үйл ажиллагаанд оролцох их дуртай, ингэж л бүгд санаа тавьж, нэгдэж нийлж, гар бие оролцож, ухаан санаагаа уралдуулж байж улсаа хөгжүүлдэг, авч явдаг.
Гэтэл манайд бол байдал өөр. Латин үсгийн талаар дуугарсан чинь, санаа маань усанд шидсэн чулуу шиг л замхарчихаад байсан. Жил хагасын дараа л зарим нэг хүний чихэнд хүрэв үү гэлтэй. Тэгээд яахав, 30-аад гишүүнтэй болоод, нийгэмлэгээ байгуулж байсан. Тэглээ ч гэсэн, нийгэмд хүртлээ өдий явсан.
Эрэгтэйчүүд нь аутсорсинг, эмэгтэйчүүд нь хоумсорсинг хийгээд, тэр ашигт малтмал залтмалаас хамааралгүй амьдаръя, ашигт малтмалаа харийнханд өгчихье ч гэдэг юм уу, бүх хөдөөнийхөн Улаанбаатарт нүүгээд ир, суларсан газрыг харийнханд өгье гээд л мундаг томцуул маань хачирхалтай санал дэвшүүлээд л яваад байдаг юм билээ. Миний санаа бол тийм биш шүү дээ.
Аутсорсинг гэдэг нь компьютерийн «хар ажлыг» хэлж байгаа юм. Энэтхэг, Орос, Хятад, Зүүн-Өмнөд Ази гээд л аутсорсинг хийдэг, хоорондоо энэ зах зээлийн төлөө өрсөлддөг том том мангасууд байдаг. Тэгэхэд улам бүр л үсэг бичиггүй болж байгаа, зөв бичгийн дүрмээ мэддэг хүнгүйд хүрч байгаа Монголд ер нь хэн аутсорсингийг захиалах вэ дээ, Аутсорсинг байтугай, компьютерээ засчихаж чадахгүй л байгаа шүү дээ. Хард засдаг амьтан манайд байдаггүй л байхгүй юу. Гадаадад хард засах үйлчилгээ бол халуун хүйтэн ус шиг л энгийн зүйл байдаг. Манайд бол хардыг засч болдоггүй юм аа гээд сууж байх жишээтэй.
Нөгөө хоумсорсинг гэдэг нь бүр инээдтэй. Одоо энэ бүх хүн чинь бүгд лавлах товчоо, онгоцны билет зарах цэг болж хувирах юм гэнэ. Утас дуугарангуут л гүйгээд л, компьютерээ асаагаад, хүний асуусан юмыг Интернетээр хайгаад хэлж өгч байх юм гэсэн.
Ийм үл гүйцэлдэх юм би яриагүй ээ. Большевикууд Монголын ард түмний эсрэг геноцид үйлдэж, эх оронч, язгууртан, санваартан, сэхээтнийг нь алж хядаж, үндэс угсаагаар нь устгах зүйл хийж байхдаа, хамгаас дээд ард түмэн гэж сурталчилдаг оросуудын үсгийг монголчуудад хүчээр тулгасан. Үүнийг болиулах л хэрэгтэй байхгүй юу. Зөвхөн энэ шалтгаан байгаа бус, өөр өчнөөн үндэс суурьтай шалтгаан байгаа. Тэр бүхнийг би лав л зуун удаа бичиж хэвлүүлсэн биз ээ. Тэглээ гээд айхавтар дэмжсэн, хүлээж авсан юм алга л байна.
Харин 1997, 2001 онд хоёр удаа латин үсгийг төрийн бичиг болгоно гэсэн хүмүүс гарч ирсэн. Хоёр ч хөтөлбөр «хэрэгжсэн» гэж байгаа. Гэхдээ бүтсэн юм гэж нэг ч байхгүй. «Тусгал» программаас санал болгож буй цагаан толгойг харсан. Тэрүүгээр бичиж болох ч үгүй. Манай нэг нийтлэлч «Латин үсэг мэдэхгүй хүн латин үсгийн толь зохиох нэрийн дор өчнөөн мөнгө идээд явж байна» гэж бичсэн нь үнэн. Тэр хөтөлбөрүүдийн талаар хэвлэл мэдээлэлд цөөнгүй шүүмжлэл гарсан. Хөтөлбөрийн үр дүн гэвэл тэр хэдэн шүүмжлэл л байгаа юм. Бас тэр хөрвүүлдэг программ нь алдаа мадагтай. Үгийн дунд том үсэг гаргаад л ирдэг. Ийм байж юун тэр латин үсэг, аутсорсинг.
Миний цагаан толгой, дүрмийг л авчихсан бол болох байтал, тэгвэл надад мөнгө төгрөг өгөх болчихдог ч юм уу, эсвэл өөрсдөө л гавьяатан болон тодрох гээд байдаг ч юм уу, тэгээгүй.
Би анхлан хамаг боломжуудыг нь ашиглаад үсэг, дүрмээ зохиочихсон болохоор, дараагийн улс өөрийн юмыг гаргаж ирэх гэхээр миний бүтээлийг л давтчих гээд байдаг байхгүй юу. Давтахгүй гээд зарим зүйлийг нь өөрчлөхөөр утгагүй болчихдог. Одоо тэр нэг латин үсгийн хөтөлбөрийн тэргүүн латин үсгээр гадаад үг бичиж болдоггүй гээд сууж байсан. Гэтэл миний зохиосон үсгээр бол болно оо.
Улсаас үнэ өртөг заралгүйгээр бүтчихсэн миний үсгийг л аваад хэрэглэчихгүй, зуу зуун саяар нь зарчихаад, ямар ч үр дүнгүй сууж байх ямар шаардлага гарсан юм бол доо. Нийтдээ зарсан зардал нь тэрбум лав давсан. Тэр тэрбум бол үндсэндээ миний үсгийг гаргаж ирэхгүй байхад л зориулагдсан гэж хэлж болно. Өөр үр дүн гээд байх юм байхгүй.
Санаа маань зөв зүйтэй гэдгийг би бараг мянган талаас нь нотолчихсон шүү дээ. Гэхдээ яаж үүнийг ойлгуулах вэ, хэрэгжүүлэх вэ. Үүнийг бодож боловсруулсан. Өөрөө л бүхнийг хийж, бараг төр эргүүлж байж, сая ямар нэг дорвитой зүйл бүтдэг газар бол манайх юм байна аа.
1997, 2001 онд эхэлсэн хоёр удаагийн явдлаар би санаагаа бусдад алдаж, завшуулж, үүнийг би сэдсэн, эхэлсэн гэх ямар ч юмгүй болох дөхөж байсаан. Гэвч тэр явдлуудыг «хэрэгжүүлэгчдийн» толгойд зөвхөн мөнгө байсан болохоор тийм зүйл болсонгүй. Одоо миний цаг ирлээ. Би дахин үл бүтэх этгээдүүдэд боломж олгохгүй. Урьд нь, үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ, уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ дээ гээд амар амгалан явж байдаг байсан маань алдаа болж. Цахиур хагалж, аянга ниргүүлж л явах хэрэгтэй юм байна.
Тиймээс одоо би өөрөөр хөдлөх болно оо. Урьдын адил хэн нэгэн ойлгоно, туслана гэхээсээ илүү, өөрөө л түгээх, дэлгэрүүлэх талаар зоригтой хөдлөнө дөө. Буруу булхайтай этгээдүүд ичихгүй давхилдаад байхад, зөв зүйл хийсэн би юунаас санаа зовох билээ дээ. Дайрна, давшина.
Тэр сүүлийн үед Монгол бичгийн хөдөлгөөн өрнөөд байна гэдэг чинь юу байгаа юм бэ. 90-ээд онд бужигнуулсан хэдэн хүний л эрх ашиг шүү дээ. Тэр хэдэн хүн 90-ээд онд нугалаа завхрал гаргаж, өчнөөн үр хүүхдийг хохироочихоод, соёл боловсролыг хэлмэгдүүлчихээд, гэмшихийн оронд, нөгөө л эрх ашгийнхаа төлөө ямар ч хор гэм учруулахаас буцахгүй, сүүлийн үед улангасан явах болсон нь хачирхал төрүүлж байна.
Монгол бичигт шилжих бэлтгэл ажлаа базаагаагүй байж, кампанит ажлыг хэрэгжүүлэхчээ алдаж, тэгээд тэр нь бүтэлтэй юманд огт хүргээгүй шүү дээ. Японоос ирсэн их тусламж яачихдаг ч юм. Хүн амьтан асуухаар 30 мянган толь гаргаад үнэгүй тараачихсан гэх зэрэг хариу өгдөг л юм билээ. Элдвийг харж, дуулж явдаг сурвалжлагч би л лав тэр үнэгүй тараагаад байсныг нь мэдэхгүй юм. Толь моль нь ч өчнөөн алдаатай гарсан. Өөрсдөө ч сайн эзэмшээгүй л байхгүй юу. Хүн ардаа туршлагын туулай, эрх ашгийн золиосоо болгож яасан ч ханаж цаддаггүй юм.
Сая Монгол бичгийн хэрэг явдлын нэг эзний хийрхлийг уншлаа. Монгол хориод бичиг хэрэглэж байсан нь дандаа янз бүрийн улс орнуудад, түүний дотор Болгарт эзлэгдэж байсны үр дүн юм байх. Тэр нэг болчимгүй тогтоолыг баталж, эднүүсийн эрх ашигт үйлчлээдэхсэн Улсын бага хурлынхан, тэр тогтоол хэрэгжиж байх үеийн ерөнхийлөгч, сайд нар л ясны эх оронч, бусад нь бүгдээрээ харийн угаадас долоодог хав, Монголынхоо араас хутгалдаг урвагч, монгол бичгийг 5-7-р ангид л үзүүлээд цусгүй яргалаад байгаа яргачид л гэнэ. Өөрсдийгөө болохоор билгүүн номч, баатар, баастай бурхан юу юу гэнэ вэ. Тэр эх оронч сайд гээд байгаагийн лав л хоёр нь латин үсгийн халхавч дор луйварт оролцоод, монгол бичигийг харин лай ланчиг болоод байна гээд явж байсан. Яахаас ч буцахгүй, монгол бичгээр нөмөр хийсэн этгээдүүд монголын ном эрдмийг сөнөөх, өнөөгийн харанхуй байдлыг гардан бүтээхэд их үүрэг гүйцэтгэсэн түүхэн баримттай.
Тухайн үед нийгэмд монгол бичиг нэрийн дор өрнөсөн нугалаа завхралын эсрэг л ардын хөдөлгөөн өрнөж байсан. Бүх сургуулийн захирал өөрсдөө аяндаа нэгдэж, гарын үсэг зураад л, өргөх бичиг өгч, нугалаа завхралыг хүлцэхгүй гэдгээ мэдэгдэж байлаа шүү дээ. Бодит байдал ямар байв гэхээр, сурагчид нь үсэг бичиггүй шахам л болж байсан байхгүй юу. Юун тэр боловсрол, хүмүүжил. Өөрсдийгөө ардын баатар гээд амаараа л өргөмжлөөд байгаа тэр этгээдүүдийг тухайн үед нь ард түмэн барьж идчих дөхөөд, нөгөөдүүл нь болохоор нугалаа завхралын ял зэмд унах вий гээд таг чиг нуугдчихаж байсан юм. Арван жил нуугдчихаад, одоо хүн амьтан мартсан гэж санасан уу, үгүй юу, том том дуугараад байх болж.
Би хувьдаа, монгол бичгийг сурах ёстой л гэж боддог. Монгол бичиггүйгээр монгол хэлээ гүйцэд танин мэдрэнэ гэж байхгүй л юм билээ. Зөв хөдөлгөөн өрнөвөл үндэсний үзэлтний хувьд бүрэн дүүрэн дэмжинэ. Гэхдээ монгол бичгийг атгаг зорилгод ашиглана гэвэл яавч зөвшөөрөхгүй.
Монгол бичгийг сурах, сургахад учир их бий шүү. Улс оронд юуны өмнө дарангуй тогтолцоог халах, ашигт малтмалдаа эзэн болох, үндэстнээ нэгтгэх гээд олон чухал асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байхад, 90-ээд оны алдааг давтана аа гээд байх юм бол хэрэг алга. Тэр нугалаа завхралыг гардан үйлдсэн хүмүүс монгол бичгийг дэлгэрүүлэх байтугай, нэр хүндийг нь навс унагаад.ард түмнийг бүр аллергитэй болгочихсон.
- Та «Нэгдсэн Монгол» хөдөлгөөнийг шинэ хэв маягаар үүсгэхээ зарласан. Тэр тухайгаа ярина уу?
- Бүх монгол туургатныг нэгтгэж нягтруулахыг чармайх, шударга ёс, ардчилал, хүнлэг нийгмийн төлөө тэмцэх хөдөлгөөн л дөө. Үүнийгээ албан бус маягаар байгуулж байгаа юм. Би үүсгэн санаачилж, «Эрмэлзэх 10 зүйл»-ийг нь тодорхойлсон. Үүнийг зөвшөөрсөн хэн ч өөрийгөө энэ хөдөлгөөний гишүүн гэж үзэж, «10 зүйл»-д нийцсэн үйл ажиллагааг явуулж болно. Албан зохион байгуулалт хийхгүй. Шинэ үлгэр загвар хэрэгтэй шүү дээ. Өөрчлөн байгуулалтын үед неформалы гэдэг сайхан хэлбэр байдаг асан. Тэрэн шиг л байх юм.
«Нэгдсэн Монгол» буюу товчоор «НэМон» хөдөлгөөний гишүүд дугуйлангийн хэлбэрээр эвлэн нэгдэж болно, албан бус зохион байгуулалтаар, сайн дураар хуралдаж, цуглаж, жагсаж ч болно. Энэ шинэ хэлбэр нь нэмончуудыг өндөр ухамсартай, үйл ажиллагааны идэвхитэй, бие даасан чанартай болгоно.
- Та сая нэг дуулиантай хэвлэлийн бага хурал (ХБХ) хийв ээ дээ?
- ХБХ хийхгүй бол нийгэмд санаа оноогоо хүргэж болохоо байсан юм билээ. Би ноднин хас сүлдний санаа, уугуулшууллын санаагаа сурталчилж, баахан сонин хэвлэлээр явсан. Найз нөхөд болон «Игл» ТВ-ээс бусад нь огт анхаараагүй. Тэгсэн атлаа ДОХ-ыг мэрээс гэж нэрлэе, Мэрээсийн шорон байгуулъя, мэрээсээс сэргийлэх арга бол янхныг ил чөлөөтэй болгох явдал гэсэн нөхрийн юмыг болохоор хаалтгүй тавьдаг байхгүй юу. Хоёр авгайтай болно гээд байгаа бол бүр гаргууд сурталчлана гээч.
Харийн эрх ашгийг баримталдаг нэг том хэвлэл бий. Тэнд бол би бүр хориотой шүү дээ. 2001 онд танилуудаараа дамжуулж, тэнд латин үсгийн материалаа гаргасан. Танилууд маань юм өгч байгаарай л гэдэг байв. Тэгтэл уугуулшууллын тухай зэрэг хэдэн юм маань гацаад уналаа. Бүр тэдний захиалсан, эдийн засагч Фридманы онолын тухай томхон өгүүлэл ч таг. Учрыг лавлавал, харийн эрх ашигт үйлчилдэг нэг том боргоцой байдаг. Тэр нь энэ сонины материалуудыг уншиж үзээд гарах үгүйг нь нь шийддэг гэнэ.
Нэлээн хадуурчихлаа. Тэгээд ноднин нэг ТВ-д очсон чинь «Чухал санаа байна. Мэдээлж болж л байна. Гэхдээ чи шуугиан дэгдээгээд ир. Тэгвэл хаалтгүй мэдээлээд өгье» гэдэг байгаа. Тэр ТВ чинь өөрөө шууиган дэгдээх ёстой байж, тэгээд л сууж байгаа байхгүй юу. Бас нэг ТВ-д, танил дээрээ очлоо. «Өө, найз нь мэдээлээд өгье. Чи ерөөсөө ХБХ л хийлгэчих. Тэгээд л мэдээлчихье» гэж «мэргэн зөвлөгөө» өгөх жишээтэй. Мөнгө төгрөг, хүч хөдөлмөрөө зарлагадан байж, мэдээ төдий болгоё гэж би бодоогүй л байхгүй юу. Уугуулшууллын тухай тусгай нэвтрүүлгийг би хүсч байлаа.
Гэхдээ би зохих газрууд руу илгээх, Интернетийн сайтуудад тавих, найз нөхдийн хэвлэлүүдэд нийтлэх, нөхдийн номонд хавсаргах зэргээр санаагаа боломжоороо л сурталчилж ирсээн. Харин энэ нь тийм ч хангалттай биш байв.
Тэгээд л ХБХ хийлгэлээ дээ. ХБХ зохион байгуулдаг газарт: «Шинэ хөдөлгөөн үүсч байна, олон дуулиантай санааг танилцуулна, бас романы презентаци болно, ном үнэгүй тараана гэж сайн хэлээд яриад өгөөрэй» гэлээ.
Тэгээд маргааш нь нөгөө газраа очтол сонин хэвлэл, радио телевизийн пиг хүн цуглажээ. Тавь жаран газраас ирсэн байв. Төдий тооны ном тараасан болохоор мэдэж байна л даа.
«Монгол үндэстнийг нэгтгэх, хөгжүүлэх багц санаачилгаа танилцуулна» гээд л уугуулшууллын хуулийн төсөл, бүх монгол туургатныг монголын иргэн болгох төсөл, Геноцидийн хуулийн төсөл, панмонголист доктриний төсөл, ашигт малтмалын шинэ хуультай болох зарчмууд, хас сүлдтэй болох санаачлага, латин үсгийн төсөл зэргээ товч танилцууллаа. Тэдний сонирхлыг их татаж байна аа. «Хэдэн сая хүн уугуулшигчаар ирэх вэ?», «Хичнээн монгол туургатныг иргэн болгох гээд байна вэ?», «Геноцидийн золиос хичнээн бэ?», «Таны шинээр буй болгоно гээд байгаа панмонголист сайд бас нэг томоохон авилгач болчихвол яана?», «Ашигт малтмалын шинэ хуулийн төсөл тань ямар саад бэрхшээлүүдтэй учирна гэж бодож байна вэ?», «Хас сүлдийг бусад улс дургүйцвэл яах вэ?», «Латин үсэг ямар ашигтай вэ?» гээд л асуултууд үерлэж гарлаа. Арай чамай л хариулж амжиж байв. Хажууд суусан найз нөхөд маань бас хариулж байсан нь л зол боллоо. Дараа нь хөдөлгөөнөө танилцуулав. Бас л бөөн асуулт.
Зарим нь бас дургүй хүргэх юм аа. «Та энэ их юмыг яаж хэрэгжүүлэх юм бэ? Та нар ер нь яриад л байхаас өөр юу хийж байгаа юм бэ?» ч гэх шиг. «Дүү минь, улс үндэстнээ аврана гэдэг чинь Монголын ард түмний бүх нийтийн үйлс. Чи «Энэ ахын яриад байгаа юманд би ямар хувь нэмэр оруулж чадах вэ?» гэж өөрөөсөө асуугаад сууж байх ёстой бус уу? Би л лав чадах чинээгээрээ л зүтгэж хичээж байгаа. Гэхдээ Монгол улс үндэстний үйл хэрэг чинь зөвхөн миний хувийн юм биш шүү дээ» гэлээ. Сэтгүүлчдийг хөндлөнгийн асуугчид биш, нийгмийн үйл явцад идэвхтэй оролцогчид болгох гэж, өөртөө, өөрийн санал санаачилгадаа татах гэж нэлээд чармайлаа. Энэ нь ч үр дүнтэй боллоо. Нэг мэдсэн, жирийн нөхөрсөг хөөрөлдөөн болж хувирав. Би асуугаад, тэд хариулаад ч сууж байх шиг. Сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийлж, зөвлөж, урам өгч эхлэв. Даанч цаг дуусах болсон тул «Монгол Омен» романыхаа презентацийг эхлэв. Тэр ХБХ дээр би чинь нэг сумаар 9 туулай буудчихсан хүн шүү дээ. Тэгээд номоо гарын үсэг зураад тараасан.
Зарим улс ХБХ хийлгэж байна гэсэн чинь албархуу, мохоо үгтэй илтгэл уншаад суучихдаг, зарим нь зүгээр нэг ор нэрийн төдий, хамарт нь баас нялсан аятай ярвайн суудаг. Зарим нь та нар ингэж бич, тэгж бич, та нар хамаагүй юм бичдэг шүү гээд загнаад унадаг. Тэгээд мэдээллийн хувьд хохирдог. Харин би сонирхолтой, нөхөрсөг, бас ч гэж урамшилтай ХБХ хийхийг чармайсан.
Түүний үр дүнд, орой нь ТВ-ээр, маргааш нь хэвлэлээр миний санал санаачилгын талаар мэдээлэл хөвөрч гарсан. Ганц даацтай мэх хийгээд л од болчихлоо гэж нэг найз маань намайг оношилсон. Ярилцлагын урилгууд ч цуварч гарлаа, нөгөө хаалттай хэвлэл мэдээллүүд үүд хаалгаа нээцгээлээ. Санал санаачилга маань сая л нэг өргөн олонд хүрлээ. Дэмжсэн, эсэргүүцсэн янз бүрийн утасдалт зогсоо зайгүй боллоо. Өдөржин уншаад суучихсан ч болох өчнөөн олон и-мэйл ирсэн.
Шинэ хамтран зүтгэгч, ивээн тэтгэгчтэй ч болох янзтай. Том тушаалтан бизнесменүүд, улс төрчид, бүр хилийн чанадынхан анхаарч эхэлсэн сурагтай. Хүсэл мөрөөдөл минь биелж эхлэх нь үү дээ гэж бодогдоно. Монгол туургатан нэгдэж, нэгэн гэр улс болох нь миний мөрөөдөл шүү дээ.
Миний бие түрүүн хэлсэн болон бусад зүйлүүдийг нэгтгэсэн, Монгол үндэстнийг нэгтгэх, хөгжүүлэх, сэргээн мандуулах «Пентастика» хөтөлбөрийг боловсруулах санаатай байгаа. Пентастика гэдэг нь таван жигүүрт хас гэсэн утгатай грек үг. Грек-самгарди ч гэх юм уу, би өөрөө зохиосон үг л дээ. 1993 онд л анх таван салаа хасыг зохиож байхдаа анх бий болгож байж билээ.
- Таны өмнөөс би баяртай байна. Хүсэл мөрөөдөл түүнд хүрэх замналын талаарх асуултууд маань дууслаа. Танд нэмж хэлэх зүйл бий юу?
- Миний санал санаачилга бусад материалуудыг http://moenhbayar.blogspot.com блог-сайтаас олж үзэж, бүрэн эхээр нь танилцаж болно. И-мэйл маань: latinuseg@yahoo.com юм. Хандивын данс: «Монгол шуудан» банк, 11-р салбар. 10110003023.
Ярилцсан Н.Батжаргал
2007
P.S. Энэ ярилцлага Н.Батжаргалын эрхлэн гаргасан "Мөрөөдөхүйн гайхамшиг" номонд орж хэвлэгдсэн. Би "Удахгүй ХБХ хийх гэж байгаа, дараа нь ярилцлагаа өгвөл ямар вэ" гэхэд найз маань тэр ХБХ-аа болсон болгоод л ярьчихгүй юу гэхэд "зөгнөн" дүрсэлж ярьсан билээ. Үнэн хэрэгтээ хэвлэлийн хурал маань тийм ч сүр дуулиантай болоогүй.
No comments:
Post a Comment