Wednesday, March 31, 2010

Оюутолгойн тухай цуврал үгүүллүүд



ТЭРБУМТАН БАЙХ ЗАЯАГАА БИД ГУЙЛГАЧИН БАЙХ ЗАЯАГААР СОЛИХ ГЭЖ ҮҮ?

1. Монгол хүн бүрийг долларын тэрбумтан, саятан болгохуйц ашигт малтмал манайд бий

Монгол хүн төрөлхөөсөө тэрбумтан юм. Даян дэлхийд монгол хүн шиг баян, аз заяатай нь үгүй. Зөвхөн ашигт малтмалын тухай ярихад л, 1 хүнд 2 сая тн эрдэс баялаг оногдоно. Одоогийн илэрсэн нөөцийн хүрээнд хэлэхэд л энэ шүү дээ. Шинээр илэрсээр байгаа, цаашид ч илрүүлэх болно. Асар их газар нутгийн маань баялгийг тодорхой судалж мэдэх яагаа ч үгүй байна.
Нэгэн сэтгүүлч дээрх эрдсийг зэсийн үнээр тооцож үзвэл 12 тэрбум доллар болж байна гэж бичсэн байсан /Тонн зэс 6000 доллар гээд/. Монгол хүн бүрд 12 тэрбум доллар гээд төсөөл дөө. Зэсийн үнээр бодохгүй байлаа ч, монгол хүн бүр долларын тэрбумтан болохоор тийм л их баялагтай орон билээ, Монгол минь. Тэрбумаа байг гэхэд, олон сая доллар хүн болгонд оногдох л учиртай юм даг. Ашигт малтмалын тухай ярихад л ийм. Мал сүрэг, газар, ой хөвч, гол нуур гээд л өөр баялгуудыг яривал юу болохов. 

Гэтэл бидний тэрбумтан болох тавиланг 6000 лицензээр харийнханд л авлигаар өгчихсөн байгаа юм /Монголын үндэсний олборлогч нэн цөөн, төрийн асар их дарамтан дор байдаг тул үр бүтээлтэй ажиллаж ч чаддаггүй, дампуурдаг, харийнханд лицензээ шилжүүлдэг/. 
10.6-нд Оюутолгой хэмээх хамгийн том ордоо харьд өгчихсөн. Удаахь том орд Тавантолгойг харийн аль гарамгай авлигачинд нь өгөх гээд л зэхэж байна. Стратегийн гэх, үлдсэн хэдхэн ордыг гадныханд өгөөд л, бүх юм дуусна ш дээ, эх орон урвагчийн 30 зоосоор худалдагдаж гүйцэх нь тэр. 
Хаа байнаа, тэрбумтан заяа маань? Гуйлгачин заяа биднийг угтаж байна. Засгийн газар маань мөнгөгүйдээд, бонд гаргаж гадныханд худалдах гэж байна. Бонд гэдэг чинь зээл шүү дээ. Айвэноу, Тинто хоёр 250 сая долларын урьдчилгаа өглөө гээд л сүйд майд болоод, ач тусыг нь гайхаад, шагшаад байсан. 250 саяын бонд л зарсан байхгүй юу. 
Юу ч үгүй хоосортлоо харьд эх орноо худалдчихсан төрийн зээлийг хэн төлөх юм? Ядуурсаар байгаа, амьдрах аргагүйдсээр байгаа бид л төлж, модоо барих буюу. 

2. Монголын Үндсэн хуулийг Оюутолгойн гэрээ орлодог болов

Оюутолгойн гэрээний хавар нийтлэгдсэн төсөл Үндсэн хуулийг маань зөрчөөд, дээрээс нь бас МУ-ын 11 хуулийн 23 заалтыг зөрчсөн гэж байгаа. Айвэноу , Тинто-г тэнд нь бараг тусгаар тогтносон улсын статустайгаар 70 жил дураар нь дургиулах утгатай байсан. Энэ нь тухайн үедээ олон нийтийн эгдүүцлийг зохих хэмжээнд төрүүлсэн билээ. Үүнд “мэргэн” төрийн түшээд маань ямар хариу барив? 
Хуулиудаа гэрээний дагуу баахан заслаа. МУ-ын Үндсэн хуулийг чинь одоо Оюутолгойн гэрээ л орлодог болчихлоо ш дээ. Бас гэрээний төсөл, аливаа асуудлыг ор тас нууцалдаг болов. Сая бол үндсэндээ нууц гэрээ л байгуулагдав. Хаврын төслөөс долоон дор гэрээ болсон гэж мэдээлэл сайтай хүмүүс хэлэлцэх юм билээ. 
Техник-эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ үгүй бол гэрээ байгуулагдах ёсгүй. Гэтэл тэр ТЭЗҮ байхгүй бөгөөд, дараа хийгээд өгчихье гэсэн гэнэ. Гэрээ даатгалгүй, аудитын хамгаалалтгүй, санхүүгийн тайлангийн олон улсын стандартуудыг тусгаагүй аж. Ерөөсөө энэ гэрээний дагуу ингэнэ тэгнэ гэхэд ямар ч барьцгүй хий бод юмсанж. 
Оюутолгойн ашгийн 75 хувийг авах боллоо гээд л дарга нар цуураад байсан. Тэр тухай гэрээнд юу ч дурдагдаагүй. Харин ч, хайлуулах үйлдвэр барих тул гэнэтийн ашгийн татвар /ГАТ/-аас чөлөөлнө гэхчлэнгээр, авах ашгаа зөндөө багасгачихсан шүү дээ. Цаадуул нь барина ч гээгүй, 5 жилийн дараа судалж үзнэ гэсэн. Сураг, цуу сонсуут л харийнхныг ивээж гардаг байхгүй юу. 
Уг нь хоёр тал эрх тэгшээр гэрээ байгуулдаг баймаар. Харин Оюутолгойн гэрээ Монголын талыг дээд зэргээр хохироож, гадны талыг дээд зэргээр тэтгэсэн баримт бичиг. 
Айвэноу-Тинтогийн статус ашиглагч биш, эзэмшигч /ордын дийлэнхийг/ хэмээн томъёологдсон. Хөрөнгө оруулагчийн хүлээх үүргийг хоёр компани баталгаажуулах тухай заалт ороогүй. Монголын тал ямар ч алхам хийхдээ энэ хоёр компанийг дээд инстанци адил үзэж, зөвшөөрөл авч байх юм гэсэн. 
Монголчуудад цөөнгүй ажлын байр гаргаж өгнө гэснийг нам засаг дөвийлгөөд л сүйд болдог, гэтэл монголчууд ажиллахыг хааж боосон өчнөөн заалт орчихсон тул,  тэр нь боломжгүй аж. 
Хамгийн ноцтой нь, Монголын тал яаж ч байсан буруудаж, олон улсын шүүхэд баталгаатай ялагдаж байх талаар гэрээнд их анхаарсан байгаа. Энэ гэрээ бол ерөөсөө л хамаг баялгаа дээрэмдүүлж үгүйрсэн Монголыг бас шүүхээр өчнөөн өрөнд унагаж, үлдсэн юу л байна, түүнийг нь цөлмөн сөнөөх гэрээ юм. 
Гэрээг хэрхэн цуцалж болох талаар тодорхой зүйл үгүй. Яагаад ч цуцалж, хүчингүй болгож болохгүй ийм нэг гэрээн дөнгөнд улс үндэстэн минь орж дээ. 

3. Бидний дарга, тэдний боол 

Нэгэнтээ гэрээнд, Монголын төр Айвэноу-Тинтогийн боол байхаар тусгагдсан. Оюутолгой төсөлд манай ЗГ-ын эдлэх эрх гээд байх юм үгүй, төслөөс ямар бодот үр өгөөж хүртэх нь тодорхойгүй. Хяналтаа хэрэгжүүлэх, хяналтын багц эзэмших боломжгүй, ТЭЗҮ ч байхгүй юм чинь юугаа яаж ч хянах юм билээ. ТУЗ-д Айвэноу-Тинтогоос 6, Монголын ЗГ-ын төлөөлөл Эрдэнэс МГЛ-оос 3 хүн орох бөгөөд, манай тал ямагт цөөнх байх болно. 
ЗГ-т маань ямар ч тооцоо, баримжаа байхгүй. Харийнхны үгийг л тоть мэт давтаж, зарлигийг боолын ёсоор биелүүлдэг. Үүнээс болж олборлогчид, байгууллагууд, ЗГ-уудаас “зэсийн үнийг буулгалаа” гэсэн зэмийг хүртсэн, хориг арга хэмжээнд орж ч магадгүй. Хоёр харийн компаниас болж, улс орон маань олон улсын янз бүрийн хоригт орчихвол хэцүү еэ дээ. 
Монголын талын тооцоог хийчих потенциал манайд аль 60, 70-аад онд бүрэлдчихээд, хөгжиж ирсэн атал, үндэсний мэргэжилтнүүдийнхээ аливаа үйл ажиллагаанд ЗГ маань ёстой л хориг тавьчихаад байгаа. 
Шударгаар хамтран ажиллая гэсэн гадаадын нөхдийг дарга нар маань хөөж тууж, заавал авлигач, луйварч, колоничлогчдыг урьж залж иржээ. Жишээ нь, япончуудыг туслая, харилцан ашигтай хамтран ажиллая гэхэд хөөж тууж байсан олон баримт байдаг.
Айвэноу-Тинто зэрэгт нэн таатай нөхцлийг олгосон хэрнээ, манай бизнесчдийг ялгаварлан гадуурхав гэж Орос эртнээс хилэгнэж, адил тэгш хандахыг шаардсаар ирэв. Монгол-Оросын харилцааг мунхаг дарга нар маань битгий л, Гүрж-Оросын харилцаа шиг болгочихоосой.  
Саяхан манай нэг сэтгүүлч Эрдэнэс МГЛ компани дээр очиход хоосон ханхай гудмууд л угтжээ. Ганц нэг хүн тохиолдсон нь: “Дээрээс юу ч ярьж болохгүй” л гэсэн амны уншлагатай, хамаг юмаа нууцалж байж. Жижүүрийн хэдэн үгтэй англи хэлээрх нугалбар л тэдний өгөх мэдээлэл. Захиралтай нь ярихад: “Чи намайг дарамтлах болоогүй. Хэнтэй ярьж байгаагаа мэдэж байнуу. Чам муутай ярьдаг нь биш. Эрхлэгч, эзэнтэй чинь л ярих зиндааны хүн. Араа даагаарай!” гэсэн гэнэ. 
Эрдэс баялгийн зөвлөл гэж Монголд ашигт малтмал байхгүй гэж гөрдөх зорилготой тусгай байгууллага буй сурагтай. 45 сая тн зэс, 1800 тн алтыг 22 сая тн зэс, 800 тн алт гэж дарж бүртгэсэн аж. 
Боол оо, гэж...
Ч.МӨНХБАЯР
MMIX.XII.XIII

“ХЯТАДЫН ТҮРЭМГИЙЛЛЭЭС ХАМГААЛАХ ГЭЖ АЙВЭНОУ-ТИНТОГ ЗАЛЛАА” ГЭЭД БАЙСАН ДАРГА НАР ХЯТАДУУДЫГ Л ОРУУЛЖ ИРЭХ ГЭЖ БАЙЖЭЭ

1. Оюутолгойн гэрээг дэмжлээ гэж гишүүдийг тэрбум төгрөгөөр шагнасан юм биш биз?

Манай баялгаар дэнчин тавьж босгосон компанийхаа 34 хувийг бидэнд 10  хувийн хүүтэйгээр зээлдүүлж байгаад л, Оюутолгойг бүрэн мэдэлдээ авчихдаг тийм сонин хамтын ажиллагаа байдаг л юм байна. Тэгээд энэ нь манай хуулийн дагуу хийгдэж буй бүрэн хууль ёсны бизнес гэж байгаа шүү.
“Ашигт малтмалын тухай” гээч, Монголын хууль зүйгээр дэндүү дураар тоглочихсон тэр баримт бичгийг үйлдэхэд авлига, харийнхны шууд захиалга үүрэг гүйцэтгэсэн үү? Тийм гэвэл дэндүү үнэмшилтэй, үгүй гэвэл дэндүү үнэмшилгүй сонсдох биз ээ.
Оюутолгойн гэрээний асуудалд нааштай хандсан эрхэм гишүүн бүрт гэрээний талынхан нэг сая доллар амласан гэгдээд л байсан. Бүр гишүүн бүрт, уулзах хүсэлтэй байна гэж захиа занаа бичиж байсан шүү дээ. Тэд маань ч сая долларт дуртай даа. Саяын тэрбум төгрөг Оюутолгойн гэрээг дэмжсэний шагнал юм биш биз.

2. Рио-тинто Шинэ Гвинейд 15 000 хүн буудаж алсан гэв үү?

Сонин хэвлэлүүд маань Монголын ард түмний амин чухал хэрэгцээ, аврал байх учиртай ашигт малтмалын асуудлыг, Эквадор-Саудын Арабын хөл бөмбөгийн уулзалт тэмцээнийг тайлбарлаж буй аятай, бүр нэг хөндлөнгөөс, өөрт нь хаа хамаагүй зүйл шиг бичих моодтой болж. Рио-Тинтогийн хөрөнгө зарцуулалт ихэссэн нь үнэхээр сайн мэдээ гэсэн нийтлэл ч байх шиг. Ёстой л нэг хаа хамаагүй дотоод ажлыг нь цувралаар шагшин бичээд л. Энэ мэтээ их сайхан мэдлэг мэдээлэл гэж үзсэн шинжтэй цэцэрхээд л.
Айвэноу-Тинто эвслийг сурталчилдаг сонины эзэнд тэд сард 11,7 мянган долларын цалин өгдөг ч гэж дуулдаж байсан. Бас эх оронч үг үгүүлбэрийг жадлан эсэргүүцдэг тоглоомын байгууллагуудыг санхүүжүүлж байсан ч гэдэг. Аль их ууртай, сүртэй, занаж зүхэж эсэргүүцвэл сайн төлдөг учир, нөгөөдүүл нь бараг жүжигчний дамжаа сургуульд орж байсан юм гэв үү?
Сонин дээр өөр талын зүйл ч бас гарна л даа. Манай нэгэн, ашигт малтмалын төлөө тэмцэгч ярихдаа, зэсийн орлогын асуудлаас болж Рио-Тинто Шинэ Гвиней улсад 15 мянган хүн буудаж алсан гэжээ. Еэ, бүү үзэгд. 15 мянгын дэргэд юун тэр 7.1 бэ? Ийм компани биднийг, улс төрчдийн сурталчилдагчилан, Хятадаас хамгаалах уу? Хядаад дуусах уу? 
Уг сонин 15 гэхийг алдаад биччихсэн байж магад. Гэхдээ л 15 гэдэг…

3. Оюутолгой 70 биш, 30 жилийн нөөцтэй болчихсон гэнэ!

Айвэноу-Тинто Монголд асар их хөрөнгө оруулсан, оруулах гэж ч байгаа гэдэг. Түүнийг нотлох ямар ч баримт, хяналт, аудит гэж манай талаас үгүй юм. Нөгөө талд хариуцлага тооцох механизм байхгүй. Тиймээс харийнхан яаж ч дураараа дургиж болно.
Ордын сая сая тн зэсийг Монголын талд огт мэдэгдэлгүйгээр солонгосуудад зарсан л гэсэн. Хулгайн мэт энэ үйлдлийн төлөө л гэрээг цуцлахад хангалттай. Манайхан хариуд нь яагаа ч үгүй.
Даварсан тэд Оюутолгойг 70 жилийн нөөцтэй гэж байснаа, 30 жилийн нөөцтэй хэмээн 2 илүү дахин багасган хэлэх болов. Дараа 3 жилийн нөөцтэй гэх юм биш биз дээ.
Оюутолгойд бас 2,7 тэрбум тонн төмөр, 81 мянган тонн молибдэн, 5,1 мянган тонн мөнгө байдгийг тэд нуун дарагдуулж байдаг юм гэв үү?
Бас манай Овооттолгой хэмээх нүүрсний томоохон ордын 80 хувийг Айвэноу Майнз эзэмшдэг бөгөөд, олборлосон бүхнээ Хятад руу зөөдөг гэж байгаа. Оюутолгойг ч ингэж л цөлмөх хэтийн төлөв харагдаж байгаа шүү дээ. 

4. Айвэноу-тинтогийн оронд, 
Хятадын Чайналко орж ирэх нь ээ

Айвэноу-Тинтог уул уурхайн акулууд гээд л PR-чид рекламддаг. Зомби нар шүү дээ. Төрийн түшээд маань л Монголын ард түмний өмчөөр хүүдэгнэн, амилуулан босгож байгаа.
Гэрээний асуудал шийдэгдээгүй байхад тэд өр ширэндээ баригдаж гүйцэн, манайд 1700 хүн ажиллуулж байснаа 400 болгож, баяжуулах талбай засах ажлаа зогсоож, гүний уурхайн амны суурийг тавихаа больж, ажиллагсдын орон сууцны хотхоны ажлыг завсарлуулж, бүүр сөнөж мөхөх шинжиндээ ороод байсан. Айвэноу нь Рио-д, Рио-Тинто нь цаашаагаа голдуу хятадуудад 40 тэрбум долларын өртэй болоод, дампуурах гэж байв. Ямар сайндаа тэднийг “Буян” Б.Жаргалсайхан “Азтай гуйлгачид” гэж байхав.
Тийм ядуу юм бол яаж манайхныг авлигадаад, захиалгаар хууль хийлгээд, ордыг эзэмших гээд байгаа юм бэ гэх асуулт гарна. Харгис дэглэм маань бидний өмчийг, идэх хоол, амьдрах эх үүсвэрийг харийнханд өгчихсөн болохоор л тэд мөнгөжсөн.
Гэрээний асуудал нааштай болж ирэхэд, Р.Фридланд Торонтогийн биржэд 50 сая хувьцаа гаргаж, хувьцааны үнэ ч өсч, дороо 3,5 тэрбум доллар босгохыг нь улс төрч, бизнесч Э.Золбаяр нүдээрээ хараад, “манайхан ингэх нь яав” гэж маш их харууссан байдаг.
Дарга нар маань яагаад нээрээ өөрсдөө тэгдэггүй, Фридландаас гуйлга гуйгаад, царай алдаад байдаг юм бэ? 1-рт, ямар ч мэдлэг чадвар байхгүй, 2-рт, залхуу, ажил хийх дургүй, 3-рт аягалсан хоол л хүлээдэг бэлэнчлэх, эрхийн тэнэг сэтгэлгээтэй учраас тэр. 
Хэрэв Оюутолгойн гэрээ цуцлагдаж гэмээнэ, монголын ард түмэн өөрийн баялгаа гадаадын хувьцаа эзэмшигчдээс бараг л дамын үнээр худалдаж авах нөхцөл үүсчихээд байгаа. Зальт харийнхан төлөх ч үгүй, бас дандаа мөнгөгүй гээд л явж байдаг…
Айвэноу,Тинто хоёр Монголыг Хятадын түрэмгийллээс аврах гэж байгаа юм л гэж эрх баригчид маань ухуулаад байсан. Гэтэл Рио-Тинто Хятадын Чайналко-той сүлбээцэлдээд л, ивгээлд нь орохыг хүсэмжлээд л явж байна шүү дээ.
Чайналко л орж ирэх гэж байна. Ингэж л дарга нар маань биднийг Айвэноу-Тинтотой нийлж, “Хятадын түрэмгийлэл”-ээсээ хамгааллаа даа.
Ч.МӨНХБАЯР.
ММIX.XII.XXIII

МОНГОЛЫН ТӨР АРД ТҮМНЭЭ ЖЕННИФЭР ЛОПЭСИЙН ӨГЗӨГНӨӨС ХЯМД ҮНЭЛЛЭЭ


1. Дарга нар маань оросуудаас нуугдаж онигоотчихоод, Эрхүүд дуудагдаж зэмлүүлдэг

Оюутолгойн ордын өмчлөлийг зөвхөн гадныханд л ашигтайгаар, тэд бүхний бүрэн эзэн ноён байхаар гэрээнд тусгасан нь хачирхалтай. Мэргэжлийн, шударга хүмүүс гэрээнд задлан шинжилгээ хийж үзэхэд, ашиг орлогынх нь 80-90%, магадгүй илүү хувь нь шууд л гадагшаа, Хятад руу урсахаар бодож хийсэн байгаа юм. Ашгийн 93 хувийг ачаад явсан Бороогийн гэрээнээс ч долоон дор болсон ч гэлцэнэ. 
Монголын эзэмших хувийг 50-53 хувь болгоно гэж хүүхэд хуурч байгаа юм шиг зүйл ярьдаг. Үнэндээ 50-53 хувь гэдэг нь гэрээнд ч, хуулинд ч, дарга нарын ч, Айвэноу-Тинтогийн ч төлөвлөгөөнд байхгүй. Харин ч төрийн түшээд маань, 50-53 болгох нь ямар ч боломж, үндэслэл үгүй, хууль зөрчсөн явдал, хулгай луйвар, гадны хөрөнгө оруулагчдыг үргээхнүү гээд л эргээд дайрдаг шүү дээ.
Үнэхээр боломжгүй хэрэг үү гэвэл, үгүй юм. Зөвлөлтийнхөн өчнөөн бүтээн байгуулалт хийж өгчихөөд, Эрдэнэтийн ордын 51 хувийг эзэмшиж байхад, манайхан шударга бус гэж эсэргүүцсээр, 1991 онд Монголын тал 51 хувь эзэмшиж, давуу эрх олж байсан.
Монросцветметийн хувьд бас тэгсэн. Өөрийн зүгээс хувь нийлүүлэх байсан 180 сая доллараа одоо хүртэл төлөөгүй төдийгүй, Их өртэй андуурч, өгөхгүй гэж гүрийж ирсэн мөртлөө шүү. 
Орос гүрнийг элэг барьж, ялгавартай хандаж буй явдалд хойд хөршийнхөн маш их дургүйцэж байгаа. “Гүрж, Украин, Латви, Эстони шиг, Монгол улс бидэнд дайсагнан хандаж, өдөөн хатгаж байна, хариу цохилт өг” гээд л Думд нь ил шууд ярьдаг юм билээ. Гэвч манай ухвар мөчид дарга нар харийн өчүүхэн луйварчдын улыг долоох хэрнээ, төрийн гурван өндөрлөг Пүтин, Медведев, Селезнев нь ойр ойрхон, ахин дахин ирж, тэгш хандахыг хүсэн аргадсаар атал, дэлхийн их гүрнийг басамжлан мугуйдалсаар суугаа ажгуу. Тэгш хандана гэж худал амласан  зарим дарга нар маань тэднээс нуугдаж онигоотчихоод, дуудагдан зэмлүүлж ч байх шиг.
Ер нь бол, 51 хувийг эзэмшинэ гэдэг ч шударга сайхан хэрэг бус. Харийн улсад нэг орд нээгдэж гэмээнэ /ухаан нь сая Хятадын Хэбэйд төмрийн том орд нээгдлээ/, “та нар манай ордыг авдаг, наадхыг чинь бид авъя” гэвэл, салаавч гаргана, эсвэл ухаан солиорч гэж бодно, аягүй бол дайтах гээд унана. Ийм л байдаг байхгүй юу.
Бид дэлхийг тэжээх албагүй. Жижиг, дунд  хэмжээгээр, боломжоороо уурхай байгуулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрсдийгөө тэжээгээд, бор гэдсээ божийлгоод л явж байхад хангалттай. Өөрийн ард түмнийг өлбөрүүлж байж дэлхийг тэжээнэ гэж дайрагсад бол, эсвэл тэр Сталин, Гитлер, Мао нартай дүйцэх цуст алуурчид, яргачид /харгисаараа дүйцэхээс бус, тэд дэлхийг тэжээнэ гээгүй юм шүү/, эсвэл малаас долоон дор усан тэнэгүүд болой.
Стратегийн ордын хувьцаа дотоодын бирж дээр нэлээд хэмжээгээр арилжаалагдаж, өөрийн иргэдэд илүү тааламжтай нөхцөлтэйгээр худалдагддаг аж. Гэтэл дайсан толгойнууд Оюутолгойг харийнхны гарт баталгаатай өгөх хүртлээ, олон жилийн турш, асуудлыг ард түмнээс нууцалсаар ирсэн. Монголчуудын аманд ч үгүй, хамарт ч үгүй болгоно доо гэж бүр занаж зүхэж байж, шийдвэрлэсэн байгаа юм.

2. Оюутолгойн уурхай алдагдалтай ажиллах нь 100 хувийн баталгаатай гэнэ

Оюутолгойн гэрээг байгуулснаар бүх юм гоё сайхан болчихлоо, хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж, торгон дээр хөлбөрч, тосон дээр өнхөрнөө л гээд байсан чинь, сайнаар бодоход л 2020 оноос нааш үр өгөөж ирэхгүй юм байхчивлээ. Бодотоор авч үзвэл, 30 жилээс нааш Монгол улсад ирэх юм байхгүй. Ийм л нэг солиотой зүйл хийгээд байх юм даа, дарга сайд нар маань. Хэрэв монголчууд өөрсдөө бага, дунд, подхийсэн хөөрхөн олборлол-үйлдвэрлэл байгуулаад явсан сан бол харин бүх юм сайн сайхан болох байсийм.
Айвэноу-Тинто “Бид 60 жил татвар өгөхгүй, зэс 10 мянган долларт хүрч, орлого 900-9000 хувь болсон нөхцөлд л ашигтай ажиллах болно, та нар харин тэр 34 хувиасаа татгалзвал өлзийтэй байх шүү, алдагдлын 34 хувийг л төлөлцөх гээгүй бол…” гэсэн болзлуудыг гэрээнд тусгах гэж зүтгэж байсан. Манай төрд үр ашгийн ямар ч тооцоо байхгүй тул, тэдний юу гэснийг л их мэдэгчийн дүрээр хэлж дамжуулж явав.
Гэрээн дээр үр ашиг мэт зүйлс буй ч, түүнийг Засгийн газар, УИХ хянаж шалгаагүй, чадах ч үгүй, хүсэл ч үгүй юм. Цаасан дээрх “үр ашиг” ямар ч баталгаагүй, хий хоосон зүйл бөгөөд, гэрээ үндсэндээ залилангийн баримт бичиг шүү дээ. Үнэ цэнэ нь хуурамч баримт бичгийн л адил.
Орлогын 75 хувь манайд ирнэ гэдэг нь ичгүүргүй худалчийн л үг. Гэрээнд мөнгөний тоотой юу л байна, гадныхны өчнөөн өсгөсөн зардал, манай тэдэнд өгөх төлбөр ялбар, бүгдийг нь хамж шимж нийлүүлээд 75 хувь гээд байгаа. Яг л харийнхны хулгайлж луйвардсан баялгийн хэмжээг нэмээд, дотоодын нийт бүтээгдэхүүн төдөн хувиар өсч, улс маань сэргэн мандаад уналаа гэж хуурч мэхэлдэг шиг л.
Харийнхны тооцоогоор бол, зэс түмэн дойлуурт хүрвээс, ашиг гэж их л бодож, “Эрдэнэт”-ийн хамгийн бага ашигтай байх үеийн төвшинд хүрэх юм байх. Оюутолгой чинь Эрдэнэтээс бараг 10 дахин том орд шүү дээ. Тэгэхэд л, нийтдээ ер нь Эрдэнэтээс яавч бага ашиг л орж ирэх юм гэнэ.
Харин алдагдалтай ажиллах нь бараг 100 хувийн баталгаатай юм байх. Алдагдлын төлөө л харийнхан чинь манай баялагт шунаад байдаг юм байна ш дээ. Гаж дон юм уу, хаашаа юм.
Монгол дахь уул уурхайн компаниуд “алдагдалтай” ажиллахдаа мэргэшчихсэн. Алдагдалтай ажилласан гэж тайлагнаад, зохих хүмүүст нь “алдагдлаасаа” жаахныг хүртээчихэд л болдог. Дандаа “алдагдалтай” ажиллахаасаа ичихээрээ ч юм уу, муу ёр гэж бодохоороо ч тэр үү, хааяа нэг гуйлгачинд сохор зоос, нохойд хөсөр яс хаяж өгч байгаа аятай, хэдэн төгрөг татварт өгдөг. Тэгээд бас, буруу төлчиж гэж элдэв аян шалтаг заагаад, луйвардууллаа дээрэмдүүллээ гэж гадаад дотоодод шүүхдээд, тэр өгснийгөө буцаагаад авчдаг гэж байгаа.
Ийм жишиг, ёс уламжлал байхад, Айвэноу-Тинто “Шударга журам” медаль авах гэж зүтгэх юм болов уу даа.

3. Монголын төр залуу амрагтай өвөө эмээ юм гэж үү?

Манай төр Айвэноу-Тинтод тэрбумтан өвөө юм уу, эмээ салж хагацашгүй амрагаа ивээж байгаа юм шиг л, ухаан жолоогүй хайраар булж хандсан.
Наанаа бол, татварын хөнгөлөлт үзүүлэхгүй гэж хэлдэг ч, гэрээнд бол татвар аваад шалих ч юм байхгүй, ингэвэл тэгвэл ийм тийм татварыг авахгүй гэх зүйл дүүрэн. Яавал тэр компанид давхар давхар ашиг оруулах вэ л гэж санаа зовсон байгаа юм.
Угаасаа, татварын хөнгөлөлт эдлэх салбарын жагсаалтад уул уурхайг оруулсан. Хэрэв хөнгөлөлт үзүүлэхгүй бол хуулиа зөрчсөн хэрэг болно. Уг нь бол, хөрөнгө оруулагчдын сонирхохгүй байгаа салбарыг хөгжүүлэх гэж тийм хөнгөлөлт үзүүлдэг юмсанж /Монголын хувьд, аж үйлдвэр ч байдаг юм уу/.
Оюутолгойн бүх экспортын бүтээгдэхүүний НӨАТ-ыг тэг хувиар тооцно. Монголыг их мундаг экспортлогч орон болгож байгаа юм байх. Энэ нь, НӨАТ-аар манай тал ашиг олохгүй төдийгүй, Оюутолгойн бүтээгдэхүүнийг бид өөрсдөө хэрэглэж болохгүйд хүргэх аж. Нөгөө зэс хайлуулах үйлдвэрт маань түүхий эд нийлүүлэх сонирхол цаад талд төрөхгүй нь байна ш дээ. Монголд нийлүүлбэл НӨАТ авна гэж заналхийлээд, Хятадад нийлүүлбэл авахгүй гээд байгаа юм чинь.
НӨАТ авлаа ч, буцаан олголт гээчээр буцаагаад өгчих юм байх. Бас хөрөнгө элэгдэж хорогдвоос, урьдчилан төлөвлөөгүй зардал гарваас, давагдашгүй хүчин зүйл тохиолдвоос, өөр юу юу ч гэнэ вэ, хөнгөлөлт үзүүлнэ, татвараас хасч тооцно, яасан ч байсан, ямар ч татвар авахгүй л гэсэн гэрээ байгуулсан юм билээ. 
Оюутолгойн гэрээний өмнө, түүнд тусгайлан зориулж, гэнэтийн ашгийн татвар /ГАТ/ авахаа больсноор тэдний талд шууд л, наад зах нь 20 тэрбум доллар бэлэглэчихсэн. Ингэснээр, нийгмийн олон асуудлыг санхүүжүүлэх мөнгөгүй болсон. Үр хүүхдийнхээ өмнөх хоолыг булааж аваад өгснөөс л өөрцгүй. Цаашдаа, алт зэсийн үнэ яаж ч өсч байсан Монголд ирэх ашиг нэмэгдэхгүй л юм билээ.
Айвэноуд хувьцааны асуудлаар давуу эрх олгосон. Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн татвар ногдох орлогоос хасч тооцно ч гэх шиг, яаж л бол яаж, зөөлнөөр хэлэхэд ижилсэн дотноссон байдаг юм билээ. Гэрээний хуучин төслөөр жишиглэн би ярьж буй бөгөөд, шинэ нууц төсөл нь огт сайжраагүй, алдаа мадгийг нь засалгүй, харин нэмэгдүүлсэн байгаа гэсэн. Бас, нэг янзын гэрээг ард түмэнд үзүүлчихээд, түүнийгээ үгүйсгэсэн, неоколоничиллыг улам даамжруулсан өөр янз бүрийн нууц гэрээ хийгээд байдаг арга мэх бий.

4. Эрдэнийн хишгийг, эрдэнэгүй болчихсон төр, эрдэнийн бус эх үүсвэрээс олж өгөх гэж мачийж байна

За, ингээд өнөөгийн байдлаар бол, Оюутолгойн үр өгөөж гэж огт гарахгүй нь ойлгомжтой боллоо. Тэгэхлээр төр яаж эрдэнийн хишиг түгээж, Оюутолгойн ашиг шимийг хүртээх гээд байна вэ?
Тун гайхалтай нь, эрдэнийн хишгийг эрдэнийн бус, Оюутолгойн ашиг шимийг Оюутолгойн бус эх үүсвэрээс гарган авах гэж байгаа юм. Гуйранчин болсон төр маань бонд худалдах нэрээр зээл авдаг л ажилтай боллоо ш дээ. Уг зээлийг татвар төлөгч, ард түмэн бид л  төлж, буцаан олголт гээчийг хийнэ.
Айвэноу-Тинто 250 сая долларын урьдчилсан төлбөр хийлээ л гээд дарга нар алга  ташаад, сайшаан магтаад байсан, гэтэл цаадуул  нь Монголын ЗГ-ын 250 сая долларын бондыг худалдан авлаа гээд хажууд нь хэлээд л зогсч байгаа юм. Энэхэн хооронд л эрээ цээргүй худал хэлэх жишээний. Ерөөсөө худал хэлэхгүй байж чадахаа байчихсан. Ард  түмнээ л дэндүү мунхаг гээд баттай итгэл үнэмшилтэй болчихсон байдаг учраас тэр. 
250 саяын 25 хувь нь хүүгүй, үлдсэн нь 10 хувийн хүүтэй гэнэ лээ. 10 хувь шүү дээ. Харийнхан бол манайд ингэж л ханддаг. Тэгээд бас мөнгөгүй учир 100 саяыг нь л төллөө. Манай баялгийг барьцаалж зээл авч байж л ЗГ-т 100 саяыг чүү чамай олж өглөө шүү дээ. Нохойд сүүлийг нь тайраад өгсөн шиг л юм болж байгаа юм.
Энэ 250 саяын өндөр хүүтэй зээлээс өөр үр өгөөж ард түмэнд ирэхээргүй байна. Америкийн дуучин Жэннифэр Лопэс өгзгөө 300 сая доллараар даатгуулжээ. Төр харин ард  түмнээ түүнээс доогуур үнэллээ дээ.

5. 2,5 саяыг 20 жилийн турш сард 10 мянгаар цувуулж өгнө

“Байзаарай, 250 сая доллараас би 50 мянгыг авна, хойшдоо бол бүр 2.5 саяыг авна. Тийм атал гомдоод байх учир юун, тэр Оюутолгой молгой ч яамай байна” гэж хэлэх нэгэн гарч мэднэ. 
Бүх дарга нар тэрхүү, “2008 оны анхны хуралдаанаараа шийдээд л олгочихно” гэж байсан эрдэнийн хишгийг өгөхгүйн төлөө гэсэн санаа бодолтой байгаа шүү. Байвал, өөрсдөө авчих биз. Даанч, эх үүсвэр нь олдохгүй.
Монголчуудын 400 жил шейх шах шиг баян цатгалан, цэнгэж жаргах байсан хөрөнгийг үгүй хийчихээд, түмэнтээ амласан 50 000-2 500 000 төгрөгөө яавч олгож чадахгүйдээ л  тулчихсан. 100 сая долларыг Айвэноугаас аль эрт л  авсан, яагаад 50 мянган төгрөгөө түгээхгүй байна. Тэр мөнгө алга л болчихсон байхгүй юу. Дарга сайд нар хөнгөхөөн гэгч, хуваагаад хүртчихсэн.
Тэгээд нөгөө бонд мондоо гаргаж байгаад, сард 10 мянган төгрөг л олгож байх юм ярьж байна. 2.5 саяыг олгоно гэвэл, 20 жилийн турш увуулж цувуулж өгөх юм гэнэ билээ. Оюутолгойн гэрээний дараа нэг хүний орлого 11.5 хувиар өснө гэсэн. 10 мянган төгрөг чинь яг 11.5 хувиар орлого өсч буй хэрэг мөн л дөө.
Эрдэнийн хишиг гээчээ өгөх ч юм уу, үгүй ч юм уу. Баялаггүй болсон ЗГ-ын маань бондыг гадныхан авахгүй байна. Авлаа ч, бондын зээлийг хүүтэй юутай нь бид төлж, авснаасаа илүүг алдах буюу.
Оюутолгойгүй болчихоод, харин 10-14 хувийн хүүтэй 1.7 тэрбум долларын зээлтэй хоцорч мэдэх болоод байгаа. Тэрийг бас бид төлнө. Мөн ч их юм төлөх болж байгаа биз? “Өртэй бол баян” ч гэх шиг үг гарсан юм билээ. Үнэхээр тиймсэн бол харин бид баяжаад ч байгаа юмсанж уу. Манай бүх зүйл эсрэгээр байдаг болох нь шив дээ. Арагшаа ч хөгжөөд л, арагшаа ч баяжаад л, арагшаа жаргаад, амьдраад...
Гэрээнд бол, Монголын талд ашиг өгнө гэхээсээ илүү, сав л хийвэл манай талыг шүүхэд өгч, гэсгээн цээрлүүлж, өр яланд унагах талаар анхаарсан.
Айвеноу-Тинтогийн үйл ажиллагаа өмнөд нутгийг цэвэр усгүй, эзгүй цөл болгож, үй олон дүрвэгч ган гачиг, гамшгаас зугтан хойд тийшээ нүүдэллэнэ ч гэх шиг…
Оюутолгойн үр ашиг гэж ядарч зовсон монголчуудыг улам ядууруулж, зовоох их өр, гай гамшиг байх ёсгүй билээ.
Ч.МӨНХБАЯР.
MMX.I.II

МОНГОЛЫН ТӨР УЛС ҮНДЭСТНИЙХЭЭ ЭСРЭГ ДӨРВӨН ТОМ НҮГЭЛ ҮЙЛДЛЭЭ!

1. 1990 оноос хойш төрд маань хүмүүс байсан бол 
Монгол хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх байв

Саяхан Нэгдсэн Эмирт улсад Бурж-Дубай хэмээх дэлхийн хамгийн өндөр /162 давхар, 818м/ барилгыг сүндэрлүүлэв. Нэгдсэн Эмирт нь дотроо 7 эмирт улсад хуваагддаг /Абу-Даби, Дубай, Шаржа, Рас-Эль-Хайма, Эль-Фужайра, Ажман, Умм-эль-Кайвайн/. Урьд Оман гэж арабын хүчирхэг улс байсныг колоничлогчид хагалан бутаргаснаар, Оманы мэдэлд Маскат нь л үлдэж, 9 эмирт нь Арабын Нэгдсэн Эмирт улсыг /АНЭУ/ байгуулан тусгаарлаж, энэ улсаас мөн Катар, Бахрэйн салж, тусдаа улсууд болцгоосон нь, харийнхан нэфтийн баялагт нь шунаж, элдэв явуулга хийснээс үүдэлтэй.
Гэвч, энэ улсуудын ван гүнгүүд /уг нь, их цөөн хүн амтай, бага газар нутагтай, жижиг улсууд шүү дээ/ гадаадын эзэрхийчүүдийг оюун ухаан, хууль-эрх зүйн аргаар хөөн зайлуулж, бүхий баялагтаа эзэн сууж чадсан юм. Түрэмгий компаниудыг оршин байх аргагүйд хүргэсэн хуулиудыг гаргаж, оруулсан хөрөнгө гээчээрээ түрээ барих гэхэд, дээрэмдсэн тоносныг нь эргүүлэн нэхэж, заримыг нь шорон гянданд хорьж, баялгаа барьцаалан авсан зээлээрээ заримынх нь компанийг худалдан авч, шинэ бүтээн байгуулалт ч өрнүүлж, эх орноо чөлөөлж, хөгжүүлж цэцэглүүлж байжээ.
АНЭУ-ын нэфтийн баялаг хоёр улсад нь зонхилон төвлөрсөн бөгөөд, Абу-Дабид ихэнх нь, Дубайд баганх нь буй. Гэхдээ Дубайн төр илүү ухаалаг бодлого явуулсан тул, бусдаасаа хөгжлөөр хол тасарчээ. Нэфт боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн гаргадаг олон үйлдвэр байгуулж, танкэрийн /нэфт зөөвөрлөх/ дэлхийд томд орох флот, док, засварын газартай болж, хөрс сайжруулан, ХАА-г хөгжүүлж, банк-санхүү, худалдаа, жуулчлалын салбарт ч онцгой анхаарчээ.
Өдгөө Дубай нь байгалийн баялагтай төдийгүй, Швейцарь мэт олон салбарт эдийн засагтай, оюуныг голлон шаардсан  үйлдвэрлэлийн төвшин сайтай, олон улсын санхүү-бизнес-худалдааны нэгэн төв гэгдсэн, аялал жуулчлалын Мэкка, Мэдина хэмээн өргөмжлөгдсөн өндөр хөгжилтэй улс болжээ.
Дубайн, гагцхүү жуулчлалаас олдог орлого нийт нэгдсэн улсынх нь нэфтийн салбараас олдог орлогоос давжээ. Долоо хоног бүр, Дубайд ямар нэг гайхамшигт бүтээн байгуулалт нээлтээ хийж, энэ орон дэлхийн баячуудын очиж жаргаж цэнгэх дуртай, газар дээрх диваажин нь болоод байна. Дал модны дүрстэй хиймэл арал байгуулж, дээр нь тансаг харшууд, зочид буудлууд босгоход, одод, саятнууд харшийг үнэ хаялцан булаалдаж, зочид буудлын хэдэн жилийн үйлчилгээ нь дороо худалдагджээ. Энэ орны ард иргэд баян чинээлэг байдаг нь ойлгомжтой.
Улс орон ингэж л хөгждөг юм байна. Дунд зэргийн баялагтай, жижигхэн Дубай ингэж хүчирхэгжиж байхад, бараг хязгааргүй баялагтай, уудам газар нутагтай, 3 сая шахам хүн амтай Монгол яагаад хорвоогийн гуйлгачин орон болчихвоо?
Хэрэв төрд маань, эсвэл сэтгэцийн найгүй өвчтэй, эсвэл хамгийн адгийн урвагчид гэмээр хүмүүс байгаагүйсэн бол, өдийд Монгол Зүүн Азийн Япон, Солонгос, Тайвань, Гонконг, Сингапуртай хөгжлийн төвшингөөрөө нэгэн эгнээнд алхаж явах буюу, бүр түрүүлчих байв. 
Гэтэл Зүүн Азид байтугай, Африкт манайх шиг буурай, ядуу, дарлагдсан орон цөөн болж. Сая Того-гийн хөл бөмбөгийн шигшээ автобусаар Анголд явж байхад, гэмт халдлага гарлаа гээд л шуугив. Гэтэл манай Монголын төр түмэнд хөл бөмбөгийн шигшээтэй байх мөнгө төгрөг байхгүй шүү дээ. Того, Анголд бол шигшээ ч байна, дэлхийд нэртэй Адэбаёр энэ тэр гээд одод ч бий.
Түмпэн толгойгүй, төрийн толгойтой удирдагч нар байсан бол, 1990 оноос хойшхи 20 жилд Монгол бүр тэнгэрт тултлаа хөгжөөд, тэр Дубай, Күвэйт, Катараас өлхөн гэгч давад гарчихаж чадах байсан юм. Бараг бид чинь тэр кинонд гардаг шиг, ажилдаа өөрсдийнхөө оронд робот явуулчихаад л, зарцлаад сууж байх байв. Тэр аз жаргалыг маань хулгайлсан, дээрэмдсэн, 30 сохор зоосоор худалдсан. Үүний ял гэж бий юм шүү!
Удахгүй Монгол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлнэ гээд л эвэртэн туурайтнууд сүржигнэж байна. Тэр чинь харийнхны л биднийг мөлжих, шулах тоо хэмжээ шүү дээ. Өөрсдөө галзуу юу, эсвэл галзуу улстай харьцаж байна гээд итгэчихсэн солиотнууд уу?
Монголын /Монголын шүү дээ, Монгол дахь гэноцидчид, колоничлогчдынх биш/ эдийн засаг бол уналтаараа дэлхийд аль хэдийнэ тэргүүлчихсэн. Одоо юу болж байгааг, яаж амьдарч байгаагаа бүгд л мэдэж байгаа.
Дубайн байгалийн баялаг Монголынхыг бодвол өчүүхэн юм. Дубайг эмир нь л удирддаг…

2. Монгол улсыг ойрын үед санхүүгийн хувьд оршин тогтнох аргагүй болгож, татан буулгахнээ

Манайх баялгаа яаж зарцуулж байна? 5 жил татвар авахгүй, дараагийн 5 жил 2.5%, цаашдаа 5%-ийн л татвар авна гэсэн болзолтойгоор хамаг баялгаа харийнханд өгчихсөн, таарсан хуулийг нь гаргачихсан байсан. Ард түмэн тэмцэж тэмцэж, стратэгийн гэгдсэн хэдхэн ордоос 34% хүртэл Монголын тал эзэмшиж болно /стратэгийн бус гэгдсэнийх нь хувь заяаг төр бүр хаячихсан/ гэсэн буултад л хүргэв.
Харийнхан 20-30 жилийн дараа төсөл үр дүнгээ өгч эхэлнэ гэж, дарга нартай маань сүлбээцэлдэн монголын ард түмнийг хууран мэхэлж, энэ хугацаанд алт баялгийг маань хувхай болтол цөлмөх л үйл ажиллагаа явуулж байна. 100 тонны даацтай түм түмэн машинаар, 100 замаар баялгийг маань 24 цагийн турш гаргаж байгаа шүү дээ.
Оюутолгойг Айвэноу-Тинтод өгөхгүй бол Хятадад өгчихнө шүү гээд л олон түмнийг дарамтлаад байсан, тэр компаниуд чинь хятадуудын л атганд байдаг, Оюутолгойг Хятадад өгчихсөн л юм байхчивлээ. Хятадын аюул занал нүүрлээд байна гээд байсан улс чинь одоо “Оросын аюул занал нүүрлэлээ, Оютолгойгоос бидэнд хувь хүртээсэнгүй гээд алчих гээд, хядчих гээд байна, Оросын “Росжелдор”, “Зарубежгеология”, “Внешторгбанк-Реново”, “Северосталь”, “Базель” компаниуд хувь нэхээд зовоож шаналгаж байна” гэж л үрчийсэн амьтас суух юм.
Юу гэж тэр миний, таны, бидний далай их баялгийг үнэгүй тараасан юм бэ? Тэгэхлээр чинь, хэнд нь өгөөд, хэнд нь өгдөггүй юм гээд л бүх дэлхий босоод ирэх нь ойлгомжтой шүү дээ.
Оюутолгойн гэрээ, ашигт малтмалын салбарт харийнхантай байгуулсан бусад гэрээнүүд бол, аманд нь хоол савхдаж хийгээд, горшооконд суулгаад, бөгсийг нь арчиж өгөх тийм л үр дүнтэй байх юм. Манай баялгийг харийнхан цөлмөх таатай нөхцлийг нь бүрдүүлэх дэд бүтцийг Монголын төр даана гээд л дайраад байгаа шүү дээ. Төрийн даадаг ч гэж юу байхав. Бидний халаасан дахь мөнгөөр санхүүжүүлж, биднийг ташуурдаж байж хийлгэх юм. Бүр далимд нь, харийн цэрэг түрэмгийлэн орж ирэх зориулалттай 8 зам барих юм гэв үү?
Дарангуй бурангуй улсууд байх л юм. Өнөөгийн Монголынх шиг удирдагчидтай нь даанч үгүй. Минийх, манайх гэсэн л сэтгэлгээтэй лидэрүүд тэр улсуудад байх юм. Тэгэхэд Монголын ерөнхийлөгч агсан хүн хөөцөлдсөөр байгаад Оюутолгой төслийн ТУЗ-ийн ямар ч эрх мэдэлгүй гишүүн болчихоод, Ерөнхийлөгч болсноосоо илүү баярлаад л явж байна. “Англи хэлэнд А-гүй байж, юу хийх юм бол доо” гэж шүүмжлэгдэж байна. Заасан “кнопыг” нь л дараад сууж байх юм байлгүй.
Сүүлийн үед Монголын төр улс үндэстнээ сөнөөх чиглэлтэй 4 том нүгэл үйлдлээ:
-Монгол төрийн мэдэлд байдаг, үндсэн хэдэн өмчийг “Монгол эрдэс”, “Монгол дэд бүтэц”, “Монгол эрчим”, “Багануур” гэж багцлаад, харийнханд хувьцаагаар эзэмшүүлнэ гэв. “Эрдэнэт”, “Монросцветмет”, “Оюутолгой”-гоос өөрт оногдох хэсгээсээ салж нэг амрах гэнэ. Ингэхлээр улс түмэн улам л ядуурч доройтож, бүрмөсөн хоосорно, төр орлогын эх үүсвэргүй, оршин тогтнох үндэсгүй болж дампуурна. Монгол улсыг дампууруулж, татан буулгах гэж байгаа байхгүй юу. Өөрсдийгөө ч гэсэн. Харийнхны утсан хүүхэлдэй төдий улсад чинь 30 зоос л байвал юу ч хамаагүй ш дээ. Үүнийгээ “нэмэлт хувьцаа гаргана, IPO” гэхчлэн томъёолж, тархи угааж буй.
-ЗГ “Эрдэнэт”-ийн хувиасаа татгалзах шийдвэр гаргалаа. Нэг их хууль сахиулдаг улс гарч гэнэ шүү, цаана чинь таминь. “Ашигт малтмалын тухай хуулинд 34% хүртэл эзэмшиж болно гэсэн тул, хуулиа дээдлэн энэ шийдвэрт хүрлээ” гэлцэв. 1997 оны хуулиар л ийм шийдвэрээ гаргачихсан шүү дээ. Монголыг дампууруулж, татан буулганаа гэж.
-Концэссийн хууль гээчийг нүдээ аниад л батлав. Энэ хуулиар бол, орон нутгийн удирдлага өмчөө гадныханд чөлөөтэй түрээслүүлж болно, уул уурхайн салбарт зонхилон хэрэгжүүлнэ гэнэ. Цаашдаа бол, Оюутолгой, Тавантолгойг сумын даргын гарын үсгээр л харийнханд өгөх бөгөөд, зөвхөн газар эзэмшсэний л түрээс авч байх юм гэнэ. Ашигт малтмалыг улс түмний хэмжээнд хэлэлцэх ч үгүй. Сум суманд нь л устгана.
-Барилгын цэргийг сэргээнэ гээд, Зэвсэгт хүчний болон, Барилгын тухай хуулинд өөрчлөлт оруулав. Бас ашигт малтмалын салбартай холбоотойгоор. Нөгөө харийнхны дэд бүтцийг барилгын цэрэгт дайчлагдсан залуус маань цалин мөнгө ч авалгүй барьж өгөх аж. Дайн, гамшиг болсон газруудад бас барилгын цэргээ илгээгээд, гадаадынхан үүнд талархан зээл тусламж үзүүлэхэд нь хувааж өвөртлөөд л цулайж цулцайж сууцгаах юм байх. Энэ бол, харгис дэглэмийнхэн бүх ард түмнээ үг дуугүй командлаад л, боолчлох ч юм уу, эрлэгийн элч рүү нь илгээдэг ч юм уу, хүссэн бүхнээ хийлгэдэг болохын дохио, бэлтгэл шат юм.

3. Алт баялгийг нь цөлмөчихөөд, 
монголчуудад үмх өвс өгч доромжлов

Монгол төр харийнханд амиа ч өгч байна. Улс үндэстний ч амийг золиосолж байна. Харин харийнхан юу өгч байна?
Эрдэнэтийнх шиг бүтээн байгуулалтыг яавч хийхгүй гэсэн.
Оюутолгой төсөл 170 мянган ажлын байр буй болгоно гэж хэдэн жилийн өмнө сурталчилдаг байсан. Энэ нь гурван мянга болтлоо буураад байгаа. Тэр ажлын байранд нь монголчууд ажиллах боломжгүй. Гэрээнд, сайн мэргэжсэн ажилчин авна, монголчуудыг тэр төвшинд хүрсэн хойно нь л ажиллуулна гэжээ. Айвэноу-Тинто сургууль байгуулахгүй, манайд мэргэжлийн дунд боловсрол гэж байхгүй болсон.
20 жил монголчууд аль өнгөтэй өөдтэйгээ харьд өргөж, хариуд нь хортой хуурамч хүнс бараа авч, хохирч мөхөж ирэв. Бусад улс үндэстнийг зориуд хордуулж устгая гэх бодлоготой гүрэн байдаг бололтой. Тэр гүрний цацраг идэвхийн хордлого өгөх 43тн шаазан бүтээгдэхүүнийг Казахстан улс буцаан илгээжээ.
Монголын байгаль неоколоничлогчдын өмнө ямар ч хамгаалалтгүй байгаа.
Харийн нэг компани монголчуудын хамаг баялгийг цөлмөж буй бөгөөд, хариуд нь саяхан, жаахан өвс өгөв.

4. Монголчуудаас дээрэмдсэнээ ачаад явахад,
бид тэргийг нь түрж өгөн хөөрцөглөх юм гэж үү?

Зэс хайлуулах үйлдвэр барина гээд л нэг сүрхий амны уншлага байдгийг сонссон байх. Гэхдээ тэр үйлдвэрийг төр босгохгүй, Айвэноу-Тинто-гоор босгуулна гээд байгаа, үүний зэрэгцээ, хэмжээ, хугацаа нь байтугай, энэ үйлдвэрийн тухай юу ч гэрээнд тусгагдаагүй юм. Бүтлээ гэхэд, харийн л мэдлийн үйлдвэр байх бөгөөд, монголчуудад хүнцэл, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дан исэл зэрэг хороор бохирдсон агаарыг л бэлэглэх аж. Сөрөг нөлөөгүй үйлдвэр байж болох ч, неоколоничлогчид харин ч хамгийн хортой үйлдвэр байгуулна гэж мэд.
Айвэноу-Тинто барина ч гээгүй, барихгүй ч гээгүй атал үйлдвэртэй холбоотойгоор, яаран сандран таалалд нь нийцүүлээд, ГАТ-ыг хүчингүй болгож, наад зах нь 20 тэрбум доллар бэлэглчихсэн. Алтаар босговол л үйлдвэр ийм үнэд хүрэх байх даа. Шавраар л нүд хуурах биз. Эрх баригчид болохоор, бид түүхий эд бус, бэлэн бүтээгдэхүүн эскпортолдог мундаг орон боллоо гээд л бидэнд цаасан малгай өмсгөх аж. Экспортлох түүхий эдгүй л болчихсон хэрэг шүү дээ.
Дэд бүтэц барина, төмөр зам барина, Оюутолгой төслийг дагаад, эргэн тойронд нь ажлын байр, бизнес үүснэ гэж хошгоруулдаг. Манай нэрт зураач, нийгмийн зүтгэлтэн Ц.Мөнхжин “Хамаг баялгийг маань ачаад явж байхад, тэр эргэн тойрны бизнес гэдэг чинь тэргийг нь түрээд өгч байна л гэсэн үг. “Гарын таван хуруу”-ны Шагдар гэр бүлээ хаяад явж байхад, учрыг мэдэхгүй гэнэн жаахан хүүхдүүд нь, хашааныхаа хаалгыг дэлгээд, машиныг нь түрэн хөөрцөглөж байдаг. Бид тэр хүүхдүүд шиг байж болохгүй” гэж оночтой хэлжээ.

5. Оюутолгойд 1 тэрбум доллар хэрэгтэй атал, 
 хэрэгтэй гээд л шууд 8 тэрбумыг дээрэмдэв

Тэнэгүүдэд зориулсан хэд дэх тэнэгтэл нь ч юм, тийм нэг зүйл албан ёсны суртал  нэвтрүүлгээр яваад байдаг. Ашигт малтмалаа эзэмших шаардлагатай мөнгө хөрөнгө манайд байхгүй, олдохгүй гэж. Алиса үнэг, Базилио муур хоёр Буратино-г тэнэгүүдийн орон гээчид аваачиж, алтан зоосыг нь булуулдаг шүү дээ. “Парисын эх дагины сүм”-ийн Квазимодог “тэнэгүүдийн хаан”-аар өргөмжлөхөд, тэрбээр ихэд хөхин баясч байдаг. Ард түмнээ тэр адил болгох гээд чармайгаад, бүтнэ гэдэгт нь итгэчихсэн тэнэгүүд дээгүүр албан тушаалд дүүрэн байх юм.
Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр Монголд хэзээ ч байсан, байж ч байна. Баялгаа барьцаалаад л хөрөнгө босгож болно гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Манайхан тэгдэг ч. Олон-Овоотын лицензээр банкуудыг хоосортол нь хөрөнгө босгоо л биз дээ. Гадны компаниуд Монголын 20 лицензийг ашиглан, 15 тэрбум долларын хөрөнгө цуглуулж байсан баримт бий.
Оюутолгойг эзэмшихэд нэг тэрбум доллар л хангалттай юм. Хэрвээ глобал том хэмжээтэйг барихгүй гэвэл бүр ч бага зардал орно. Монголын их, дунд, бичил олборлогчдод эрхийг нь олгочихвол, нам засагт мөнгөний эх үүсвэр хайгаад байх шаардлага ч гарахгүй. Төрийн тэрбумтнуудын харийнхнаас авлига, хувьд авдаг эх үүсвэр л алга болчих гээд байдаг байх.
Нэгэн явуулгач: “Оюутолгойн ордыг ашиглах нь хөрс хуулаад, нүүрсийг нь экскаватороор авто машин эсвэл вагонд ачиж зөөдөг нүүрсний уурхайтай адилгүй. Оюутолгой төслийг хэрэгжүүлэх нь асар том цар хэмжээтэй бөгөөд, нарийн төвөгтэй үйл хэрэг тул гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажилласнаар л хэрэгжүүлнэ” гэж ухуулга хийжээ. 1-рт, нүүрсний уурхайтай адилгүй биш, адил. 58 сая тонн хүдрийг ил уурхайгаар олборлох боломжтой. Далд уурхайг ч монголчууд ажиллуулсаар ирсэн. Жоншийг их гүнээс олборлож л байгаа. Оюутолгойд бүр их гүнээс олборлох л юм гэнэ лээ. Зарчмын хувьд бол ялгаа байхгүй. Машин тэрэг нь байвал 10км ч явж болох, 10 мянган км ч явж болохтой л ижил. 2-рт, харийн шунахайчуудын хүслээр, заавал асар том цар хэмжээтэй байлгах албагүй.
“Хүрзээр малтаад, гэрийнхээ зууханд хайлуулаад зэс гаргачих ухааны юм зарим нь ярих юм” гээд л нэг харийн боол хачирхан бичсэн байв. Тэгсэн ч болно. Хүрэл зэвсгийн үед өвөг дээдэс маань тиймэрхүү аргаар зэстэй болж байсан агаад, өдгөө яагаад бид чадахгүй байх билээ. Ямар ч хэлбэрээр зэс гаргаж авсан бай, хятадууд булаалдаад л авах нь тодорхой.
Айвэноу-Тинто эзэмших зардлыг цаасан дээр байнга өсгөж, 9 тэрбум долларт хүргээд байна. Санаан зоргоороо л 8 тэрбумыг дээрэмдчихлээ. “Бүтээн байгуулалт” гээчийнх нь далайц улам багассаар байгаа атал. 170 000 ажлын байр буй болгоно гэж байснаа, 3000 болгож, 56 дахин бууруулсан шүү дээ. Баяжуулах үйлдвэр л баривал их юм болоод байгаа. Бусад нь бүгд цөлмөн зөөхөд л зориулсан байгууламжууд.
Орд баялгаа эзэмших санхүүгийн боломж Монголд байсан, ямагт байх учрыг гадаад дотоодын луйварчид үгүйсгэсээр ирсэнд л хэргийн учир оршино. Үе үе л Монгол улс Оюутолгойг ашиглахад хүрэлцэх хэмжээний мөнгөтэй болчихдог байсан. ГАТ-аас төдий дайны мөнгө хэд дахин орж ирсэн. Төр монголчууд ашигт малтмалын барьцаагаар мөнгө босгохыг хориглон хаах механизмтай байв /Монголын цөөн хэдэн олборлогч компанийг ЗГ байнга дарамталж, оршин тогтнох нөхцөлгүй болгож, сөнөөж мөхөөж ирсэн. Тэдгээр компаниуд боолууд, ЗГ боолын эзэн мэт байдалд ороод буй. Ашиг олсон компанийхныг шунахай луйварчид хэмээн, элдэв хэрэг төвөгт холбогдуулах, хөлсний хуурамч “хөдөлгөөн”-үүдийг турхирах опэрациудыг хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс Монголын уул уурхайн компаниуд ээлж дараалан дампуурсаар байна/. 
Австралийн хулгайч луйварчдыг манайхан урьж залаад байгаа болохоос, австраличууд бүгд тийм биш. Тэр орны эрдэмтэн Чэмбэр Ли: "Монголд эрдэс баялгаа, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоогүйгээр, эзэмшин ашиглах бололцоо бүрэн байсан. Чингэсэн бол, одоо олно гэж байгаа ашгаасаа олон дахин их ашгийг хүртэж болох байв" хэмээн, судалгааныхаа үр дүнд дүгнэжээ.
Их мөнгө хөрөнгө босгох бололцоо буйг төрийн томчууд маань өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Ашигт малтмалын барьцаагаар 10 тэрбум доллар олж, Сайншандын аж үйлдвэрийн комплэкс барина л гээд байгаа шүү дээ. Харин энэ яриагаа, төрийн мэдэлд үлдсэн эрдэс баялгийг харийнханд өгч дуусгах хорт үйлд ашиглаж болох нь харуусалтай.

6. Ард түмнээ хүрдэн дээр хаячихаад, 
ахин дахин хорлосоор ирлээ

Харийн шовинистуудын “үхэр монголчуудыг яаж ч байсан яадаг юм” гэсэн неоколонийн бодлогыг л боол нь болчихсон манай дарга нар дуулгавартай гүйцэтгээд, улс үндэстнээ устгаад байгаа болохоос, Дубай шиг хөгжиж цэцэглэх түмэн арга бий. Түвэггүй түмэн арга шүү.
Гэтэл та бидний хамаг алт баялиг, аз жаргалыг 20 жилийн турш хулгайлж, харьд өргөчихөөд, “халамжинд бүх мөнгө явчихлаа” л гэж худал гонгиносон нам засагтай болж дээ. Хаа байнаа, тэр халамж мөнгө? Гадаадын хулгайч луйварчид манай төрийн голын хайртай үр зулзага нь, монголын ард түмэн хүрдний хүүхэд нь болоод байгаа шүү дээ.
Зүгээр ч нэг хүрдэнд хаячихаагүй. Байнга хорлож ирлээ. 20 жилийн турш эдийн засаг-нийгмийг хөнөөж, агаарын бохирдлоор утаж, тархи угааж, хагаралдуулж, бүхий эрх чөлөөг боогдуулж, харгислал, хүйтөрөлгүйтгэл явуулж ирлээ.
Үр дүнд нь, төрийн хорт бодлогын улмаас, төөрөлдөн мунхарсан хүмүүс ч олон болов. Жинхэнэ дайснуудынхаа эсрэг тэмцэхийн оронд чиний, тэрний хар энэргээс боллоо, Монголын хар энэргээс боллоо хэмээн, ид шид, үлгэр домогт итгэчихсэн, биесээн, улсаан хэмлэж явах болж. Намайг ч, монгол түмнээ л гэсэн сайн санаа, цагаан сэтгэлийн үүднээс улс орны чухал асуудлыг сөхөхлөөр, хар энэрги гаргав гэх нь буй. Ай.Төмөр-Очир найрагч:
Ард түмэн наана чинь
Гамбир дээрээ зодолдож байна.
Алд амтангууд цаана чинь
Сүмбэр идээд цадахгүй байна.
Төрийн хуулиар шорлог хийгсдийг
Төрсөн биеэр нь та л зоогло хэмээн, “Бар аргадахуйн шүлэг”-тээ бичиж, “Болор цом”-ын тайзнаа уншсан. Ийм л байна.
Ч.МӨНХБАЯР.
ММХ.I.XVII

ДАРГА НАРЫГ МААНЬ ОГЦРУУЛАХ БИШ, АЛБАДАН ЭМЧЛЭХ Л ШААРДЛАГАТАЙ БОЛЖ ДЭЭ!

Австралийн колоничлолоос улс гүрнээ чөлөөлье

Монгол орон сүйрч мөхөж байна. Хөгжил, оршихуйн гол үндэс суурь болох учиртай байгалийн баялгийг харийнханд шилжүүлж дуусахнээ.
Муу муудаа дээрэлхүү гэгчээр, австраличууд гээч биднийг боолчилдог, колоничилдог улс гарчээ. Хятад алс Австралиас бус,ойрын Монголоос уул уурхайн импорт хийх сонирхолтой тул компаниудынх нь орлого буурч гэнэ. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд ямар ч аргаар хамаагүй, монголчуудыг улайран шулж мөлжихөөр дайрч давшилдаг ажээ. Чингисийн монголчууд тэр австралийн хулгайч дээрэмчдийн боолын боол, босгоны шороо болох цөвүүн цаг ирж дээ хөөрхий.
“Австралийн хулгайч дээрэмчид тонилцгоо!” гэсэн уриан дор босч тэмцэх хэрэгтэй болсон юм биш үү?
Нам засаг маань галзуурсан шиг байна. Ард түмэн тэмцэн босоод харьд өгүүлээгүй төрийн бүх өмчийг гадаадынханд хувьцаагаар эзэмшүүлэх болоод байгаа. Монголчуудад бол хувьцаа зарахгүй. Яагаад гэвэл тэр өмчийг монголчууд эзэмшиж, авч явж чадахгүй гэдэг нь харагдсан гэнэ. Бүр, “МИАТ бол манай шуналтнуудын хар энэрги шингээд өөдлөхөө байсан тул, харийнханд эзэмшүүлэх хэрэгтэй” гэж дэглэмийн хэвлэлд бичүүлсэн байна билээ. Тэр бичүүлж байгаа харгис дайснууд л авч явж чадахгүй, хар энэрги шингээгээд байгаа биз дээ. Сөнөөх зорилготой улс өөр яах юм. Тэд чинь монголчууд биш шүү дээ, антимонголчууд. Бүр хүн ч биш, паразит, буг чөтгөр, орчлонгийн хамгийн муу муухай юмс.
Эрдэнэт, Монросцветмет, Оюутолгой, Тавантолгой, Багануур, Цахилгаан холбоо, эрчим хүч, дэд бүтэц бүх юмаа харийнханд үнэгүй шахам өгч, эх орноо тэр чигээрээ харь луу ачуулах гэж байгаа. Хамаг баялгаа харьд бэлэглэж ирсэн урвагч төр маань “Орлогын эх үүсвэргүй болсон учраас” гээд л, орлогын сүүлчийн эх үүсвэрүүдээ колоничлогчдод эзэмшүүлж байна. Тэгээд улс үндэстэн нас барсны будаалганд, мань мэтийг оруулж тагш будаа өгчихөөд л баяртай, амь амиа бодоорой гэх юм биз дээ. Аягүйдвэл араас гэтэж, газар хөдлөлтийн зэвсгээр манийгээ чадхийлгэчих юм төлөвлөж суугаа байлгүй.
“Хөрөнгийн биржийг эрчимжүүлэх, монгол компаний үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой” гэж, эх орныг 12 багц /компани/ болгон сул үнээр худалдаж буйг хаацайлах гэж оролдов. 
“Үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, үнэлэмжийг нь сайжруулах зорилгоор гэр бүлийнхнээ хүн наймаалагчдад тушаачихаад байж байнаа, амар сайхан болов, би” гээд сууж буй нэгнийг үзвээс түүнийг юу гэж дүгнэх вэ? Өөрцгүй бус уу? Юун монгол компани вэ? Яагаад харийн компанийг монгол компани гээд байгаа юм? Хөрөнгийн биржээ ч харьд эзэмшүүлэх гэж байгаа шүү дээ. Монгол, эх орон гэх ойлголт нам засагт маань үнэхээр алга.
Хэвлэл мэдээлэл дээр, ингэснээр эдийн засгийн үзүүлэлт өснө, амьдралын төвшин нэмэгдэнэ гээд л эргүүтээд байх юм. Тэр чинь монголчуудынх биш шүү дээ. Бүгдээрээ галзуурчихаагүй байгаа ч гэж айх юм. 
Галзуураагүй нь тэмцэх хэрэгтэй болоод байна. Бидний юмыг л дураар үрж сүйтгээд байна шүү дээ. Тэгэх эрх тэдэнд байхгүй!
Эрдэнэт, Монросцветмет зэрэг дээр ямар жишиг тогтоож төлөвшүүлэв, тэрнээс доош буухгүй, дээш гарахаар л хууль эрхзүй бүрдүүлэх хэрэгтэй байв. Гэтэл ашигт малтмалын хуулиа дагаж байгаа нь энэ гээд 51 хувийн эзэмшлээ, 34 хувь болгон бууруулж, одоо тэр 34 хувиа харьд эзэмшүүлэх болоод байна. Огцруулна энэ тэр гэж яриад ч яахав. Шар хадны больницийн эрх хэмжээний асуудал болоод байнаа, тэр дарга нарын галзуу өвчин. Хуулиар бол албадан эмчлэх ёстой.
Монголд ардчилсан хувьсгал болонгуут /ялсан ч юм биш л дээ/ л өндөр хөгжилтэй гүрнүүд манайхыг өөд татахыг оролдсон. Япон эцсийн бүтээгдэхүүн гаргадаг ашигт малтмалын олборлол-үйлдвэрлэлийн цогцолборуудыг буцалтгүй тусламжаар бариад өгье өө, харин бүтээгдэхүүнийг нь бид авъя гэж мянгантаа санал тавьсан юм гэнэ билээ. “Орд бэлэглэвэл та нарын гарыг цайлгана. Ашгийн 10-15 хувийг өгч байна, улс үндэстнээ сөнөөвөл шагнаж урамшуулна” гэсэн хулгайч луйварчин, колоничлогчдын саналыг бодвол, халаас түрийвч рүү нь орох юм бага учраас туслая дэмжье гэсэн болгоныг л хөөж тууж байсан юм байлээ шүү дээ. “Социализм” нурахаар хамаг булай булхай нь ил болсон шиг, өнөөгийн олигархизм нурахаар бүгд тодорхой болноо.
Монголчуудад баялгаа эзэмших хөрөнгийн эх үүсвэр байхгүй л гээд байсан, харийнхан манай лицензээр эх үүсвэр хийгээд л тэрбум тэрбум доллар босгож байна. Боловсон хүчин байхгүй л гэсэн, ил байтугай далд аргаар металл, эрдэс олборлох, сургалт, үйлдвэрлэл зохион байгуулах чадвартай монгол мэргэжилтнүүд манайд бүр илүүдэлтэй, зарим нь бүр гадагшаа гарч байж мэргэжлийнхээ ажлыг олж хийж байна. Монголчуудад бол ашигт малтмал гэж ам ангайх нь ч хориотой шахуу болоод буй. 
Хаити гэж гурав дараалан газар хөдөлж, байнга салгалан чичирсээр байгаа, улс биш улс байх юм. Газар дээрх там гэгдэх энэ оронд цунами, шуурга, ган, усны хомсдол, өлсгөлөн, ядуурал, төрийн эргэлтүүд, дарангуйлал, хар тамхины мафиуд, зэвсэгт сөрөг хүч, газрын гачаал, 85 хувийн ажилгүйдэл, 12 хувийн ДОХ, дэлхийн хамгийн аюул осолтой орон гэгдсэн нөхцөл байдал гээд л муу бүхэн гаарсан. Бөмбөрцгийн баруун хагасын хамгийн ядуу орон /дэлхийд ард нь зөвхөн Сиэрра Лэонэ орно/, 85 хувийн бичиг үсэггүйдэлтэй, нэг эмчид 30 мянган хүн оногддог, асар их гадаад өртэй, “хулхи улс” нэртэй гэж байгаа. Тэгсэн хэрнээ, тэр Сиэрра Лэонэ шиг л ашигт малтмал ихтэй, харин аль дивангалавт харийнханд эзэмшүүлчихсэн юм гэнэ. Энэ хоёр орны туршлагыг судалж, Монголыг эдэн шиг л дэлхийн нүдний булай гуравдахь орон болгох гэж дарга нар чармайж байна. Хүйтэн Сиэрра Лэонэ, Азийн Хаити л болж байна шүү дээ.
Дэглэмчин сэтгүүлч бичсэн нь: “Гаитичууд цаг уур, байгалийн нэн таатай нөхцөлд байдгаа ухамсарладагсан бол аялал жуулчлал хөгжүүлээд хөнгөн хялбар амьдарч болохсон. Ямар ч үржил шимгүй цөлд амьдардаг арабууд тэгэхэд хөгжлөөрөө, баян тансгаараа гайхагдаж буйг юу гэж тайлбарлах вэ? Тэгэхээр ердөө л сэтгэл дутаж байгаа хэрэг” /дэглэмийн ӨТ сонин, ¹13/ гэжээ. Яаж ийм хоосон толгойтой болдог юм бэ? Ийм ховорхон мунхаг “сэтгүүлчид” л хамгаас илүү “төрд хэрэгтэй зайрангууд” гэгдэн, үнэлэгдэх болсон. Тэр арабуудаас өчнөөн дахин их баялагтай, дэлхийд тасархай баян орон хэрнээ, гуйлгачин түүлгэчин шиг амьдарч буйтайгаа эвлэрээд, энэ мэт “зайрангуудаар” тархиа угаалгаж байгаа хүмүүс бол хаитичуудаас хавьгүй долоон дор, дэлхийд байхгүй өт хорхой шиг өчүүхэн гэлтэй. 

Гадны хулхи компаниудыг
 хөөн зайлуулах хуулийн бүх үндэслэл буй

Тэгэхлээр одоо бид яах вэ? Юуны өмнө хулгайлуулж дээрэмдүүлсэн алт баялгаа буцааж авъя. Монголын Улаанбаатар, Дорноговь, баруун бүсэд хүчтэй газар хөдлөлтүүд хэзээ ч болох магадлал буй. Газар хөдлөлтийг болиулах цөмийн, СГД-гэнэраторын аргуудыг хэрэглэх, шаардлагатай бол нийслэл, хот суурин, хүн амыг нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийг болиулж чадаагүй бол тохиосных нь дараа сэргээн босгох зэрэгт асар их мөнгө хэрэгтэй. Юун тэр харийн луйварчдыг тэжээх. Монгол хүн бүрд, ашигт малтмалаа түрэмгийлэгчдээс чөлөөлөх нь амин чухал, ¹1 асуудал болоод байна.
Ашигт малтмалын хууль авилга, захиалгаар тогтоогдсон гэгддэг. Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөн баримт бичиг, тиймээс ч ҮХЦ-д шүүгдэж байгаа /хэнд ч ойлгомжтой зүйлийг дэндүү удаан шүүж байгаа л даа, ашиг сонирхлын зөрчилтэй хүн ч тэнд ажилладаг гэлцдэг/. УИХ-аар батлагдсаны дараа, спикэр 140 засварыг дур мэдэн хийсэн. Харийн луйварчидтай байгуулах гэрээний дагуу, хууль бусаар өөрчлөлтүүд оруулж байсан. Энэ мэт үндэслэлээр, ашигт малтмалын хууль гэх баримт бичгийн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох хэрэгтэй байна.
Оюутолгойг болон бусад зарим ордыг гадаадынхан нээсэн гэх баталгаа байдаггүй аж. Оюутолгойд гэхэд өвөг дээдэс маань хүрэл зэвсгийн үед зэс олборлож байсан, монголын геологичид тэнд орд буйг нээсэн, монгол геологич гадны хүнд зааж өгсөн явдал буй шүү дээ. Монголын төрийн үйл ажиллагаа, хөрөнгөөр нээгдсэн нь бүрэн баталгаатай нэгэн ордыг гадаадын компани шинэ аргаар “нээнэ” хэмээн жүжиглэж, үүндээ асар их хөрөнгө зарж буй гэж бурж байгаа. Энэ мэт бусармаг үйлдлийг таслан зогсоож, Оюутолгойг монголчууд нээсэн болохыг баталгаажуулж, ашиглал-эзэмшлийнх нь сүбектийг өөрчлөх хэрэгтэй.
Оюутолгойн лицэнз авлигаар олгогдсон. Хууль дүрэм зөрчиж олгогдсон. Хүчингүй болж байсан хэдий ч хууль бусаар сэргээгдсэн. Хэд дахин хүчингүй энэ лицэнзийг устгах л шаардлагатай.
Оюутолгойн гэрээнүүд нөөц тогтоогдоогүй байхад байгуулагдсан. Манай стандартчиллыг дагаагүй, манай мэргэжлийн байгууллагаар хянагдаж боловсрогдоогүй /тиймээс мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар саяхан унасан/. Тэхник-эдийн засгийн үндэслэл нь хийгдээгүй байхад үзэглэгдсэн. Монголын Үндсэн хууль, Ашигт малтмалын, ААН-ийн орлогын албан татварын, Үнийн гэнэтийн өсөлтийн татварын, Дэд бүтцийн тухай зэрэг 11 хуулийн 23 зүйлийг ноцтойгоор, “ноцгүйгээр” тоо томшгүй олон зүйлийг зөрчсөн. Өчнөөн дахин хүчингүй энэ гэрээг урж тасдаж хаяцгаая.
Казахстан ороо бусгаа 90-ээд онд, харийнханд бодлогогүйгээр эзэмшүүлсэн /49 хувийг нь/ ордуудаа хууль дүрмийн хэрэгжилт, шинэчлэлийн аргаар, мөн хувьцааг худалдаж авах замаар өөрийн болгож гүйцэж буй. Энэ зорилгод их мөнгө хэрэгтэй байсан тул нэмэрлэх гэж, нэг том гүрнээс гэхэд л 10 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авчээ. Хариуд нь, зээлдүүлэгч орны компаниудын 49  хувийн эзэмшлийг хөндөөгүй юм билээ. Их төлөв, оросын, лалын орнуудын компаниуд ашигт малтмалын салбарт нь үйл ажиллагаа явуулж байжээ. Нөгөө улсын компани бол цөөнх. Тэгээд ч, 51 хувиа эзэмшээд, тэр улсын талаас чангахан татвар авчихад, ашгийн бараг 80 хувь нь Казахстанд ирж буй юм гэсэн. Тусгаар тогтносон улс гэдэг ийм л байдаг байна. Сая, толгойгүй хүүхэд 16 жил амьдраад үхэв гэх сэнсаци гарч ирсэн. Монголыг ийм болгохыг санаархаж буй дайснуудтай бид эвлэрч болохгүй.
1994 онд бие даан эзэмшихийг эрхэмлэнэ, аргагүйдвэл, 49 хүртэлх хувийг харийнханд эзэмшүүлж болно гэх гол баримтлалтай ашигт малтмалын тухай хуулийг гавьяат хуульч Б.Чимэд гуай нар боловсруулсан атал, 1997 онд дайснууд монголыг колоничлох, устгах жигшүүрт хуулийг аргаж ирсэн. Тэр л хүчинтэй хэвээр байна.
Гар хумхин, ам хамхин сууж болохгүй ээ, ард түмэн минь. Ардчилсан хувьсгал ялсан гэвч, хорин жил дотоод гадаадын дайсан харгисуудын давхар давхар дарлал мөлжлөг, устгал сөнөөлийн дор зовж зүдэрч ирлээ шүү дээ. Та бидний 20 жилийн амьдралыг үрж, дээвэргүй шорон гянданд тамлан тарчлаасан хүний өөрийн дайснууд, хоёр хөлт  хохимой толгойт махчин сэгчингүүдийн эсрэг, хууль ёсны бүхий арга замыг ашиглан тэмцэж, Азийн Хаити дүрээрээ болон биелэх аюул заналаас амь бие, алаг үрс, амраг садан, аав ээж, ах дүү, дотно нандин, үнэ цэнэтэй бүхнээ, Монгол улс үндэстнээ аврахын төлөө эрслэн босох цаг эрхбиш иржээ.
Ч.Мөнхбаяр
ММХ.II.II

НЭОКОЛОНИЧЛОЛ-ГЭНОЦИДИЙН БУРУУТНУУДЫГ 
1990 ОНД ШИЙТГЭЭГҮЙ УЧИР, 
ТЭР ТОГТОЛЦОО ХЭВЭЭРЭЭ ҮЛДСЭН

1. Тавантолгойг төр 100 хувь эзэмших нь үнэн үү, колоничлогчдын арга бач уу?

Сүүлийн үед, “Тавантолгойг төр 100 хувь эзэмшинэ” гэх уриа лоозон, сонгуулийн реклам, тайвшруулах эм ч юм шиг зүйлийг нам засаг маань цухалзуулдаг боллоо. Итгэх үү, байх уу? Энэ үгний цаана нааштай хандлага байна уу, аанай л нэоколоничлол-гэноцидийн хууран мэхлэлт үү? 
1997 онд Ашигт малтмалын тухай хар хууль гарахад улс төрчид бүх юм сайн сайхан болж байгаа нь энэ, орон гүрэн хөгжинө, цэцэглэнэ, диваажин дагшин болно л гэдэг байсан. 8 жилийн дараа буюу, 2005 онд л ард түмэн, Монголын бүх ашигт малтмалыг харийнханд зүгээр л бэлэглэчихсэнийг мэдэж, “тэднээс таван жил огт татвар авахгүй, дараагийн таван жилд 2,5 хувь, түүнээс цааш 5 хувийн татвар авна” гээд л итгэл хүлээлгэсэн төрийн түшээд нь солиороод сууж байхыг олж харж, гадаадын компаниуд татваргүй хугацаанд нь хоосон нүх, хордсон байгаль, шороон шуурга л үлдээснийг үзээд, цочирдон алмайрсан билээ. 
2006 онд нэоколоничлолын эсрэг ширүүн тэмцэл өрнөхөд, гэноцидийн аппарат “стратэгийн гэх ордуудаас бид 34 хүртэл хувь эзэмшиж болно” гэсэн л буулт хийв. Гэвч байдал улам доройтсон. 51 хувийн эзэмшлүүдээ 34 хүртэл бууруулав. Оюутолгойг 100 сая долларын зээлийн хариуд л бэлэглэчихэж байгаа дүр зураг харагдаж байна. Эхнээсээ л бэлэглэчихсэн байсныгаа, элдвээр өнгөлөн далдалж, молиго үмхүүлж л ирлээ ш дээ. “Нүцгэн хаан ” үлгэр дээр, хоёр луйварчин “ үл үзэгдэх утсаар хувцас нэхэж байна” гэж жүжиглэдэг шиг л. 
Нам засаг маань төрийн мэдэлд үлдсэн жаахан өмчийг 12 багцалж, харийнханд хувьчилж, лав л 2000 жилийн түүхтэй Монгол төр улсыг анх удаа сохор зоосгүй болгож дампууруулах уршигтай юм хийж байгаа. Сумын даргын гарын үсгээр л, “Оюутолгой”- нуудыг гадаадынхан өмчилж, зөвхөн газрын түрээс мэтхэнийг өгсөн өгөөгүй болж аргацаахад хүргэх концэссийн хууль гээчийг  баталлаа. Засаг захиргааны хуваарийг ААН-ийн хуваариар сольж, өөрөөр хэлбэл Монгол улсыг татан буулгаад, олон зуун компани болгон хувааж, нэоколоничлогчдод хувьчлах гэж байна ш дээ. Ийм болохоор яаж тэдэнд итгэх вэ. Тайвшруулах эмийг нь хүлхээд л сууж байх уу. 
Монголын бизнэсчдийн мэдэлд байсан Тавантолгойн ордын 86 хувийг төр яаж байгаа нь ойлгомжгүй, шууд дарамтлаад л авчихсан. Олон хувийг нам засаг эзэмшив гэсэн сүр дуулианы дараа Тавантолгой Монголынх болсон уу? Үр шим нь хаа байна?  
Тэр 86 хувийг “эзэмшсэнээс” хойш Тавантолгойг бие даан ашиглах талаар юу ч хийлгүй л, хэдэн жилийн нүүр үзлээ. Харин хилийн чанадын махчин компаниудыг урьж залж, аль өтгөн угаадастайд нь бэлэглэх гээд л байж байгаа биз дээ. Тэгэхлээр, 14 хувийг нэмж “эзэмшлээ” гээд юу өөрчлөгдөх юм? 
Өөрчлөгдөх зүйл тэдний үгэнд ажиглагдахгүй байгаа. Оюутолгойнхоос хэд дахин их урьдчилсан төлбөр авна л гэж бүлт үсрэх. Урьдчилсан төлбөр биш, бонд, зээл байсан нь аль эрт илэрчихээд, хүүхэд хүртэл мэдэж байхад ингэж мэлзэж суух гэж. Жаргоноос нь орчуулж ойлговол 500 саяас 1 тэрбум хүртэлх долларын зээл л авах гэж байгаа юм байнашд. Зээлийг л тэдний этгээд хэллэгт урьдчилсан төлбөр гэдэг юм байна. Эргүүлж төлөх нь хэн бэ? Эгэл ард бид л байхгүй юу.
Гэхдээ олборлолыг нь гадаадын гэрээт компаниар гүйцэтгүүлнэ гэх юм. Ямар нөхцөлтэйгээр гүйцэтгүүлэх хэрэг вэ? Оюутолгойд ч гэсэн гэсэн гэрээт компаниар гүйцэтгүүлж л байгаа. Нэг дуучин бүсгүйн өгзгөө даатгуулсан мөнгөнөөс бага хэмжээний зээл аваад л хоцорлоо. Тэр явдал давтагдахгүй гэх баталгаа байнуу? Яагаад манайхаас хөлс мөнгө авах учиртай баймаар “гүйцэтгэгч компани” манайд хөлс мөнгө өгөх болдог билээ? Төрийн өмчийг 12 багцалж, харьд хувьчилсаныгаа монгол компани, Монголын компани гэж жаргондох юм гэнэ билээ. Жаргондоод байгаа юм биш биз дээ. 
86 хувь “эзэмшсэний” дараа харийн олон компанид хувааж хүртээхээр үйлээ үзэж буйгаа хөнгөвчлөх гэж, нэмж монгол бизнэсчдийн эзэмшлийн 14 хувийг булаах гээд байнуу. Нам засгийн тэргүүн маань тэрхүү үлдсэн хувийн нэлээдийг л эзэмшдэг гэж бичдэг, ярьдаг. Бүлэглэл нь 100 хувь эзэмшиж байхдаа нэоколоничлогчдод бэлэглэх гээд байхаар нь төр хурааж нийгэмчиллээ гэлцэж байсан үе ч бий. Тэр үнэн бол, эртний төлөвлөгөө л хэрэгжиж байгаа юм шив дээ. 
Хамгаа барчихаад хэдэн төгрөг олох гэж үйлээ үздэг болсон төр нэг л өдөр “орлогын эх үүсвэргүй болчихлоо” гээд л, ялих шалихгүй зээлийн хариуд бэлэглэчих юм биш үү.
Засгийн аливаа хэргийг нууцлах төвшин нэмэгдсээр байна. Төрийн нууцын хэлтэс гэж байгуулагдлаа. УИХ-ын Байнгын хороо хаалттай хуралддаг болох нь ээ. УИХ сав л хийвэл хаалттай хуралдчих гээд байдаг болсон. Далдуур юу ч хийж байж магадгүй шүү, таминь ээ.
Оюутолгойн гэрээ байгуулагдчихаар л болчихож байгаа нь тэр гээд байсан. Болсон нь хаа байна. Дэглэмийн үзэл сурталч, “Чингисийн Монгол байгуулагдсан, 1911 онд Манжийн, 1990 онд Зөвлөлтийн дарлалаас гарсан нь манай бүх түүхийн хамгийн гол чухал гурван үйл явдал, тэдэнтэй дүйцэх, дөрөвдэх нь Оюутолгойн гэрээ, ингээд Монгол сая л жинхэнэ хөгжил цэцэглэл, цэнгэл жаргалын замдаа орлоо” гэж хийрхсэн. Гэтэл ард иргэд нь байтугай, төр нь модоо бариад, хэдэн өмчөө багцалж, сул үнээр харийнханд яаравчлан “арилжих” гээд, бонд гарган элдэв зээл царайчилж, монгол хүнийг 70 мянган төгрөгөөр үнэлээ биз дээ. 70 мянган төгрөгөө хураалгаж, Багануурт 7 тэрбумыг хандивла ч гэж байх шиг. Тавантолгойн гэрээний дараа ямар сүйрэл сөнөл ирэх гэж байна. 
Тийн урвагч жилд тэд урвах л болно. Сэтгэлгээ, мөн чанар нь өөрчлөгдөөгүй юм чинь. Харийн түрэмгийлэгчид орж ирэхэд, устгах зэвсгийг нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэл гэж нэрлэсээр байх болно. Нэг бодлын, үнэнээ ч яриад байдаг шиг, хөөрхий. Тэдэнд хөрөнгө, эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэл орж ирж байгаа. Бидэнд бол биш.
Улс төрийн нэг нууц ноёнтон, Монголыг барон Унгэрн 20-р зуунд тусгаар тогтнуулсан бол,  21-р зуунд барон Робэрт тусгаар тогтнууллаа гэжээ. Б.Жаргалсайханы нэрлэснээр “Азтай гуйлгачин” болох Р.Фридландыг хэлж байгаа нь тэр. Хэсэг нөхөд түүнийг улсын баатар болгоно гээд л харайж явсан, хэн нь ч билээ, түүнд алтаар хөшөө босгох хэрэгтэй гэж зулгуйдсан. Хөдөлмөрийн баатрыг улсынхтай нийлүүлчихлээ, одоо бүгдээрээ баатар болох биз дээ.
УИХ-ын гишүүн Б.: 1997 онд манайхан “Та нар Монголын баялгийг ашиглаад, уурхай байгуулаад, аваад яв. Татвар авахгүй, тал бүрийн хөнгөлөлт үзүүлнэ” гэж гуйдаг байсан. Харин одоо тэд гуйж авдаг боллоо хэмээн баясч. Гуйсан болгонд нь бидний алт эрдэнэсийг өгч байх ёстой юм уу? 
Сэтгэлгээ, мөн чанар нь огт өөрчлөгдөөгүй цагт, Тавантолгойг 100 хувь эзэмшинэ гэх ээлжит лоозонд итгэх нь дэндүү эрт байна.

2. Төр маань харийн компаниудын  төлөө биднийг Оростой ч, Хятадтай ч дайтуулахаас буцахгүй

Хэдийбээр  дарга нар баялагтаа монгол хүн эзэн  боллоо, 100 хувь эзэмшихээр шийдлээ гэхчлэн худал вааглан гуагалавч, нөхцөл байдал  улам л уруудсаар. Тусгаар тогтнолын  хувьсгалын удирдагчийн хойчис луйварчин болчихсон, өөрчлөн байгуулалтын үед ашигт малтмалаа зөвлөлтийн мөлжлөгөөс ангижруулъя гэж явсан хүн  уул уурхайн  гэноцидийг  толгойлчихсон явдаг цөвүүн цагт яаж ч өөдлөхөв.
Концэссийн  хууль, цөмийн энэргийн хууль, Тавантолгойн гэрээ зэрэг өчнөөн аймшгууд биднийг бөмбөгдсөөр байна. “Гол гай гамшиг болсон 100 мянган нинжагийн эсрэг тэмцэнэ” хэмээн дарга нар сэлэм жад хангинуулах юм. Эх орончдыг люмпэн, галзуу, Хятадын колоничлолд оруулах гэлээ гэж элийрнэ, шорон оронд ч хийх гэж дайрцгааж буй.
Өөр улсын компанитай хоршвол 51 хувийг өмчилдөг асан жишгээ таг мартаад, 0 хувь, 34 хувь гээд өвчигнөөд байсан чинь, Орост дайсагнасан нэр зүүж, хориг арга хэмжээнд өртөж юу л боллоо доо. Манайд цэрэг оруулах магадлал тун ч өндөр байв. Оросын талтай хамтарсан уул уурхайн байгууллагууд дахь өмчлөлийнхөө хувийг 51-ээс 34 хувь болгон бууруулж, давуу эрхээсээ татгалзаж байж л нэг юм, дайнаас урьдчилан сэргийлэх шив. Хойд хөршийн арми ороод ирэхэд хэн биднийг өмгөөлөх вэ. Яах гэж та нар оросуудыг ялгаварлан гадуурхсан юм бэ л гэнэ шүү дээ.
Энэ бүхний эцэст, монголчууд бидэнд зурхайн ордоос өөр орд үлдээгүй шив.
Оюутолгой төслийн ажилд гахайн ханиаднаас болж саатал гарч байв. Энэ өвлийн байгаль-цаг уурын бэрхшээл ч төслийг удаашруулж. Газар хөдлөлтийн идэвхжил бас эрсдэл учруулаад байгаа юм байх. Гэхдээ янз бүрийн давагдашгүй хүчин зүйлүүд харийнхны үйл ажиллагааг зогсоох нь юу л бол.
Харин бид юу хийж байна вэ? Эцсийн эцэст, өмч баялгийг минь ямар нэг байгалийн үзэгдэл, халдварт өвчин буцааж авч өгөхийг хүлээж, горьдож суух уу?
Рио-Тинтогийнхон хамаг бүхэн нь хаос болчихсон манайхныг байтугай, хууль хяналт чангатай Хятадыг хулхидаад, тэнд баривчлагдсан. Тэр үед дэглэмчид маань тус компаний хавсарга, төлөөний этгээдүүд гэдгээ л харуулж, луйварчдыг асар ихээр өмгөөлсөн суртал ухуулга, бусад арга хэмжээг хэрэгжүүлж, харин бүр хайртай Хятадтайгаа дайн хийчих дөхсөн шүү, базарваань.
Ашигт малтмалын хууль Үндсэн хуулийн цэц дээр унаж магадгүй болов. Уг хуулийг шинэчлэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн нэгнийгээ бусад гишүүд нь олигтой ажиллахгүй яасан юм, чамаас болж л хууль унах нь гээд барьж идчих дөхөж байгаа гэнэ. 
Техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-гүйгээр Оюутолгойн гэрээг хууль бусаар байгуулсан. Гэрээний дараа гаргаж өгсөн ТЭЗҮ нь Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл дээр унажээ. Усны асуудлыг шийдээгүй, төсөлд монголчуудыг оролцуулах үүргээ бүрхэгдүүлсэн, 45 сая тн зэсийг 26 гэж мэдүүлсэн, татварын хэмжээг будлиантуулсан гээд л өчнөөн боольхой илэрсэн аж. ТЭЗҮ-ээ зөв зүйтэй гаргаж өгөхгүй, олон дахин буцаагдвал Оюутолгойн гэрээ цуцлагдаж ч болох юм. 
Угаавч угаавч уг нь хар гэгчээр, эхнээсээ л болохгүй бүтэхгүй юм гэдэг ийм л байдаг аж. Гэхдээ, монголчууд бид эзэн байхыг, эзэмшихийг, аз жаргалтай амьдрахыг хүсэхгүй байвал, алт баялгийг маань авчихад ч хэцүү биш л дээ. ҮХЦ-ийг “хууль зөрчсөн дүгнэлт гаргасан” гээд УИХ дүгнэчихдэг л юм билээ. ТЭЗҮ-г яахав, тэгж ингэсхийгээд л халтартуулсан болоод өгчих биз, гэрээ гэж хуулиас данагар эд нь байгуулагдчихсан юм чинь. 
Соёл урлагийн газрын дарга Б.Лхагвасүрэн гуай Айвэноу-Тинто Монголын түүх-соёлын ихээхэн дурсгалыг аюулд учруулж буйг дурдлаа. 
Бидний хүлцэнгүй зан, тэсвэр тэвчээрт хязгаар байх ёстой юу? Амьдрах зорилготой л бол байх ёстой. Гэрээний хүчингүйг зарлаж, аудит, авлигын шалгалт оруулж, эрүүгийн мөрдөлгө явуулж, хуулийн хариуцлага хүлээлгэж, хохиролыг барагдуулгах алхмуудыг хийх, хийлгэхээс өөр, аж төрөх гарц, арга зам алга. Бүх ордуудын тухайд шүү. 
Чухал асуудлууд мартагдах гээд байдаг. Өнөөдөр албан тушаалтнууд уриа лоозонгоор хуурчихаад л хариуцлагаас мултарчихдаг. Ийм явдлыг гаргуулаад байж огтхон ч болохгүй юм. Хэн ашигт малтмалын нэоколоничлол-гэноцидийн хариуцлагыг хүлээх вэ? Алдагдсан баялгийг хэн төлөх вэ? Ашигт малтмал дээр суурилаад, улс орноо хөгжүүлэлгүй, улс үндэстнийг 20 жил тамлаж, 20 жилийн амьдралыг нь хулгайлсан, үрсэн, хөнөөсний хариуцлагыг хэн хүлээхэв, хохирлыг хэн барагдуулахав? Үүнийг мартдагт гамшгийн нэгэн эх сурвалж оршино. 1990 онд зөвлөлтийн нэоколоничлол-гэноцидэд хүчин зүтгэж байсан буруутнуудыг бусад бүх оронд шийтгэсэн, манайд л тэгээгүй. Тэр тогтолцоо хэвээрээ л үлдсэн буюу.
Монголд ардчилсан хувьсгал болсон, тун харуусалтай нь, ялаагүй (Харин 1911, 1921 оны ардчилсан хувьсгалууд ялсан юм шүү, харийн түрэмгийлэгчид л шууд цэргийн хүчээр дарчихсан болохоос биш).  Нийгэм, эдийн засаг, улс төрийн бүх үзүүлэлтүүд социалист гэх үеийнхээс нэн дор төвшинд бууж, хэдхэн үзүүлэлтээр л тун яльгүй дээр байх шив. 
Монголын ард түмэн бид ардчилсан хувьсгалын үйлсийг мартаж болохгүй. Ирээдүйд их өр, олон улсын шүүхийн ял, эко сүйрлийг л авчрах гэрээг цуцлуулахын төлөө бид тэмцэх ёстой. Зөвлөлтийн их өр гээчийн асуудал 1990 оны ардчилсан хувьсгал гарахад их түлхэц болсон шиг, Оюутолгойн их өр ч гол түлхэц болж мэдэх юм. Монголын чөлөөлөх байгууллагыг байгуулан тэмцэцгээе. Нөхцөл байдал бүр иймд хүрчихээд байна. 
Нэоколоничлол-гэноцидийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэж дээр бичсэн. Хэрэв буруутнуудад нь хариуцлага хүлээлгэж чадахгүй бол бид хүлээнэ. Хилсээр биш шүү!
Ч.Мөнхбаяр
MMX.II.XV


ҮХЭЛ, МӨХЛИЙГ БУС, АМЬДРАЛ, ЯЛАЛТЫГ СОНГОЖ, ЭРДЭС БАЯЛГИЙНХАА ТӨЛӨӨ ТЭМЦЭЦГЭЭЕ!

1. Харгис дэглэм - нийгмийн өвчин

Ерөнхий сайд “Монголын баялаг бол Тавантолгой, Оюутолгой биш ээ. Монголын баялаг бол Монгол толгой, монгол хүний толгой” гэжээ. Энэ үг нь л түүнийг огцруулчихад хангалттай. Тавантолгой, Оюутолгой тэгээд хаанахын баялаг юм? Хаанахынх болгоод байгаа юм бэ? Монголын баялаг, газар нутгийг Монголынх биш болгоод байдаг ерөнхий сайд бидэнд хэрэггүй. Монголчуудыг эрдсийн ч толгойгүй, оюуны ч толгойгүй болгоод байдаг, толгой хяргадаг,  хяргуулсан толгойгоор харийнханд зориулж овоо босгоод баялаг гэдэг бодлого хэрэггүй ээ.
Нэрт сэтгүүлч: “Оюутолгойн гэрээ цуцлагдахыг хятадууд хамгийн их хүсч байгаа. Гэрээ цуцлагдвал, Монгол Улсын хөгжил цэцэглэл үгүй болж, сүйрэл мөхөл учирна. Үүний хариуцлагыг, тэр цуцлуулах гээд байгаа “баатрууд” хүлээх юм уу” гэжээ. Монголчууд хүсч болохгүй юу? Яагаад Оюутолгойг зөвхөн хятадууд хүсч болно, монголчууд болохгүй гээд хориг тогтоогоод  байгаа юм бэ. Манай баялаг, газар нутаг юм чинь монголчууд хамгийн их хүсэх ёстой бус уу?
Гэрээ цуцлагдвал Монгол Улс арван цагаан буяныхаа замаар орно. Үүний төлөө юу гээч ял шийтгэл хүлээлгэх гээд байна. Хөгжил цэцэглэлийг үгүй хийж, сүйрэл мөхөл учруулах улс бол харгис дэглэмчид, тэд ийм үйл ажиллагаа явуулсаар л ирсэн. Тэдний нүглийн төлөө юу гэж эх орончид хариуцлага хүлээх юм бэ? Хэн нэгний санаархлаас хамааралгүйгээр хар цагаанаараа ялгарах асуудал.
Зарим мөхөс этгээдүүдийн хувьд аугаа их соён гэгээрүүлэгч нь болчихсон нийтлэлч, улс төрч: “Жүүд шиг 2000 жил хорвоогоор тэнэж, зовлонгийн далайд унана даа!” гэж бүр өшин хорсож, монголчуудыг хараан зүхжээ. Хэрвээ ашигт малтмалаа харийнханд бэлэглэхгүй бол тэгэх юм гэнэ. 
Дэглэмчид монголын ард түмний эсрэг зүйл бүрийн  хүйтөрөлгүйтгэлийг хэрэгжүүлж, тийм үр дүнд хүргэхийг зорьж ирсэн юм шүү. Харин бид эрдэс баялагтаа эзэн болчихвол, ард түмнээр нь мянга мянган жил зовлонгийн  далайд унагаж, урьдын жүүдүүд шиг болгох санаархал нь хэрэгжихээ болино. Дэглэмчид холокостын нууц төлөвлөгөөнийхөө талаар ам алдчихсан байна шүү дээ. Монголд амьдрах ямар ч аргагүй болгоно, амьдрах гэснийг нь устгаад л байна, тэгэхлээр аргагүй тэнэмэл “жүүд”, “цыган” болно гэж төлөвлөж дээ.
Дэглэмийн бас нэг суртал ухуулгыг үзье:
“Нүүрс” гэдэг хаа сайгүй байгаа хар шороог хааш нь ч гаргасан яадаг юм бэ. Нүүрс гэдэг бол баялаг ч биш ихэнх нь нунтаг байдаг хар шороо, хар утаа, угаар үнс шүү дээ. Нүүрс хэзээ баялаг болдог вэ. Ашиглаж мөнгө болгож чадсан цагт  л баялаг болдог. Ер нь ганц нүүрс ч биш алт, мөнгө, зэс ялгаагүй. Газрын хөрсөн доор байхдаа ердөө л шороо, чулуу болохоос эрдэнэ баялаг биш. Бидний ихэнх нь энэ их газар шороогоо яг бэлэн болсон алт ээмэг, мөнгөн зүүлт, зэс аяга гэж андуураад байгаа юм шиг ээ. Нүүдэлчид бид чинь алт мөнгө, эрдэнэ баялгийг аян дайны олз, татвар, худалдаа солилцоогоор авч эдэлж, хэрэглэж, тансаглаж байсан болохоос өөрснөө газар ухаж шорооноос металл гаргаж боловсруулж зарж үзсэн биш дээ. 
Өргөн гэхэд дэндүү өргөн, уудам гэхэд хэтэрхий уудам нутгийн маань энд тэнд эрдэнэ баялаг илэрлээ гэхэд дараа нь булаацалддаг нэг “бэрдийн санаа” биднийг ядууруулаад байна. Энд тэнд хайгуул хийж юм оллоо гэхэд дараа нь яс олсон өлөн ноход шиг булаацалддаг нь ёс болж. Алт, мөнгө агуулж байгаа шороог булаацалдах нь ч бүүр дүүрч гэтэл хоёрхон жилийн өмнөөс хаа сайгүй байгаа “хар шороо”- гоо  булаацалдаж гарав. Өмнөговь аймгийн Таван толгой, Ухаа худаг гэдэг газраас тамтаггүй их шатдаг хар шороо гарч л дээ. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид  бөөн бэрдүүдтэй тулгарав. Бүүр сүүлдээ үндэсний эрх ашигт харшилна ч гэх шиг. Хар шороог мөнгө болгож ядаж байхад юуны чинь үндэсний эрх ашиг. 
Ер нь тэд өөрсдийнхөө хөрөнгөөр төмөр зам барья гэхэд заавал төр, яам, Ерөнхийлөгч хүртэл явж “түмэн бэрд” босгохын хэрэг юу байна. Нүүрс ачих гэж байгаа сум багийн иргэдийг цуглуулаад л энэ хүртэл төмөр зам засмал зам барина. Тортог, утаагаар ямаа тэмээний нутгийг чинь талхлахгүй та нар зөвшөөрлөө өг гээд л тэдний зөвшөөрлийг авна биз. Хар шороонд юуны үндэсний аюулгүй байдал байхав дээ. Тэнд төмөр зам барихад энд Улаанбаатарт байгаа төр, засагт юуны хамаа байна. 
Дэмжихийн оронд баахан бэрд гэрч ирээд довтлоод байх юм. Дэмждэггүй, бас гадаадын хөрөнгө оруулагчдад хөшөө босгохоо больё гэхэд ажилд нь садаа болохгүй байхсан.
Нүүрс гэдэг хар шороо Монголд хэдий хэмжээтэй байгаа юм бэ. Ус мод элбэгтэй хангайн бүс нутгийг оролцуулалгүй зөвхөн тал говийн цөл нутагт одоогийн хайгуул хийсэн байдлаар 30 сая тонн нүүрс байнаа. 
Бас сансраас авсан зургаар бол энэ их тал говийн чинь элс шороо хатсан хөрсний таван үеийн нэг нь нүүрсэн давхарга байна гэв. Энэ их говь тал нутаг чинь баруун урагшаа Өмнөговийн Таван толгой хүртэл үргэлжилсэн нүдэнд ил харагдахгүй хар шороон далай гээд бодчих доо. Тэгэхэд бид бэрдийн санаа агуулж харамласаар байх. Харамласан юм хар нохойн хоол болдог доо.
Нүүрсэн далай барагдахгүй. Ганцхан бэрдийн шунал гацаагаад авлигач мангас анхиагүй бэрд хоёр тулалдаад Монгол хөгжихөөс өнгөрлөө. 
…Бэрд хялгасан хоолойтой, хий дүүрсэн тэнгэр шиг том гүзээтэй бөгөөд хоолойгоор нь дусал ус ширхэг будаа орохгүй мөртлөө бүх юмыг харамлаад байдаг шуналын тулам. Мангас дарагддаг бол бэрдийн санаа дарагдаггүй гэж үлгэрт өгүүлнэ. Бэрд гэдэг амьтныг эдүгээчилбэл баячуудад атаархсан пролитариуд, суудал авалгүй хоцорсон улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөний нөхдүүдийн далд санаатай тун адилхан даа. Далай шиг их нүүрсийг гадагш нь гаргаж хэд гурван доллараар өгөх гэсэн нэгийнхээ хийх гэсэн ажилд садаа болно. Өөрөө хийх байтугай ухаарах толгой, шингээх ходоодгүй байж бэрдийн санаа хор агуулна.
Дэлхийд гуйлгачнаараа гайхуулна. Өгч чадахгүй мөртлөө “авна, авна, өгөөч, өгөөч” гэж дандаа гуйлгачин царайлна. Далай шиг их хар нүүрс байна та нар ав л даа. Томчууд нь ч гэсэн манайх ядуу орон биш шүү гээд ханхалзаж явж чадахгүй, тэгсэн мөртлөө тэрүүхэн тэндээ нууж хааж нэг муу хулгайн наймаа хийж төсөв, тендерээс мангас шиг идээд л. Хажууд нь баячуудыг үзэж чаддаггүй хөрөнгөнд нь атаархсан коммунист бэрдийн сэтгэлгээ төрийн болон бизнесийн цаашлаад улс орны хөгжлийн тушаа болоод байгаа юм. Гадаадын хөрөнгөтэй хүн мөнгөө оруулбал арван хувийг нь авна гэнэ, уураа хүрэхээр гэнэт ашиг олов уу, 68 хувиа өг гэж шахна. Хэн манай төрд итгэх билээ. Одоо яая гэх вэ мангас, бэрд хоёрын шунал өвөрлөж ядуугаараа л гуйлга гуйгаад зээл аваад явж байхаас. Мангас болсон авлигачдыг дарж болдог харин ядуурсан нэгнийгээ хэт баяжчих вий гэж атаархдаг бэрдүүдийг яана даа”.
Ард түмнээ “бэрд, яс олсон өлөн ноход, өөрөө хийх байтугай ухаарах толгой, шингээх ходоодгүй, баячуудад атаархсан пролетариуд, гуйлгачид”, эх орноо “өргөн гэхэд дэндүү өргөн, уудам гэхэд хэтэрхий уудам”, ашигт малтмалаа “баялаг биш, шороо чулуу, утаа угаар, үнс”, харийн колоничлогчдыг “бэлчээр талхлахгүй л бол ачаад аваад явж л байг, тэдний юу хийх нь төр засагт ямар хамаа байна” гэхчлэн бичихдээ л тулчихсан байна шүү дээ. Дэглэмийн суртал ухуулга сэтгэцийн өвчнийг илрүүлэх тест шиг болж.
Хэрэв энэ мунхруулгын материалыг уншаад, дэглэмийг жигшин зэвүүцэж, хилэгнэх аваас тэр эрүүл хүн. Тайвнаар хандвал өвчтэй, санал нийлж, дэмжиж талархаж, таашаал хүртэх зэргээр эергээр хүлээж авах тусмаа л солио галзуугийн төвшин нь дээшилж буй хэрэг. Дарга нар өөрсдөө таашаах нь мөн адил эрүүл мэнд нь доройтсоныг харуулж буй юм шүү. Цаазаар авахуулах ялт хэргийг өчнөөн төчнөөнөөр нь үйлдчихээд, үхэх визээ авчихаад сайн сайхан амьдралтай болчихлоо, цэнгэл жаргалын манлайд хүрчихлээ гэж бодох нь эрүүлийн шинж гэж үү дээ. Ер нь гэмт хэргийг эрүүл бус тусмаа, тэнэг тусмаа л үйлддэг. Тэнэг гэдэг нь бас эрүүл мэндийн проблэм, тархины сульдаа сулралын өвчин юм шүү дээ. Дэглэмд яаж хандаж буйгаар нь тархи толгойтой холбоотой олон эмгэгийг тодорхойлж болно.
Дэглэм бол, галзуу хүнд  тавьдаг “чи Ленин мөн үү” гэх мэт асуулттай дүйцэх зүйл. Дэглэмийн амжилт нь хулгана харх, өт хорхой, нян бактэрийнхтай адил, ухаанаас биш биологоос хамаардаг. Дэглэм-нийгмийн өвчин. Харин эрүүл  ухаантай хүн эмчлүүлэх шийдвэрийг гаргаж чаддаг, хэрэгжүүлдэг, эрүүл ухаангүй хүн эмнэлгээс зугтаж, өвчтэй байхыг илүүд үздэг ээ.

2. Ашигт малтмалдаа эзэн суувал 
ямар байдгийг Журамт харууллаа

Өвөр Монголын Журамт хэмээх бизнэсмэн дан ганцаараа Монгол оронд, том том гүрнүүд, НҮБ-аас хэд дахин их тусламж үзүүлж, од боллоо. Тэрбээр ЗГ-т 2 нисдэг тэрэг, 30 хөнгөн тэрэг, сая долларын өвс тэжээл, ерөнхийлөгчид 3 нисдэг тэрэг хүлээлгэн өгөв. Энэ нь нийтдээ нэлээд хэдэн сая доллар болой /нисдэг тэрэг гэхэд л ямар үнэтэй билээ дээ?/. Харин төр маань 3 сая долларын тусламж  зудандаа гаргасан. Дэлхийн хамгийн баян улс гүрэн хэрнээ, ганц хувь хүнээс ядуу байх гэж дээ. Өвөр монголчууд өөр тусламж ч ихээр өгсөн. Жишээ нь, Баяннуур аймгийнхан нь сая юаний өвс тэжээл гэх мэт.
Өвөр Монгол ашигт малтмалаар баялаг. Манай хаана ч хүрэхгүй л дээ. Гэхдээ л ашигт малтмалын тэрбумтан монголчуудыг төрүүлээд л байдаг юм. Хөх сүлд грүппийн Журамт, Сэрчмаагийн нөхөр болсон Баярт хоёрыг л хар. Тэд Хятадын харьяанд байгаа хэрнээ, хятадуудтай өрсөлдөөд л, монгол газар шорооныхоо шимийг хүртээд, дэлхий даахгүй баян болох дөхсөн аж. Монгол туургатны бөхийн холбоонд хоёулаа бум бумаар нь доллар бэлэглээд л байсан.
Журамт Ордост нүүрсний олборлол эрхэлсэн бөгөөд, өдгөө хамаг уурхайгаа зараад зодог тайлчихсан. Мөнгө хөрөнгөөрөө хувьцаа авч, хөрөнгө оруулалт хийчихсэн. Одоо зүгээр сууж байхад нь л мөнгө нь өсөөд байж байдаг. Үндсэн ажил нь буян үйлдэх, хандив өргөх.
Гэтэл ар монголчууд бид ямар байна.  Хамаг баялгаа харийнханд алдчихаад, сэг зэмээр хооллохдоо ч хүрч сууна. Уул уурхайн Мянганбаяр маань өрөндөө баригдсан, Эрэл-ийн Эрдэнэбат маань эрлийн обьект болод Австрид бүгж буй гэсэн. Манай үндэсний уул уурхай энэ л бус уу?
Дарга нарын авчирсан харийн олборлогчид яаж байна. Түрүүчээсээ шүүхдээд, 500 сая долларын өрөнд хийчихээд л байж байна. Энэ бол зөвхөн эхлэл.
Гэтэл Журамтыг ЗГ ч, ерөнхийлөгч ч хүйтнээр хүлээж авав. ЗГ зөв зүйтэй тусламж үзүүлэх талаар сургааль айлдсан. Ерөнхийлөгч “Нисдэг тэрэг биш, төрөх газар хэрэгтэй байна. Бэлгийн морины шүдийг бүү үз гэдэг болохоор авъя. Цаанаа элдэв санаа зорилгогүй биз дээ” хэмээсэн.
Манай төр “энэ тэртэй тэргүй сөнөж мөхөж, үгүй болж байгаа монголчуудад туслаад байхдаа яахав дээ” л гэж хандах шиг санагдсан.
Хаанаас ч зохион байгуулсаныг мэдэхгүй, Журамтыг үзэн ядах явдал дэлгэрсэн. Интернетэд, хорт санаа өвөрлөн ирсэн хужаа мужаа гэхчилэн хараал зүхэл зөндөө. 
Манайханд, хамаг баялгийг маань авчихсан харийн олборлогчид яаж туслав аа. Ар монголчууд бид бие биедээ яаж туслав? Туслая гэсэн ч, туслах юмгүй болчихсон биш үү?
Гадаад улс, ОУБ-ууд хэрхэн туслав? Манай төрд англи хэл гадарладаг, ажил мэддэг хүн байхгүй тул тусламж гуйж чадахгүй байсаар атал нь (хүсээ ч үгүй), цас хайлж, ногоо цухуйж байгаа юм. Хамгийн их тусалсан нь Журамт л байна шүү дээ!
Гэтэл сонин хэвлэлүүд маань “ямар зорилго далдуур өвөрлөв, Тавантолгойг авах гээд байна уу, та Сэрчмаагийн нөхөр үү” гэж асууж байв. Гадаадын өөр хэнээс ч, дотоодын ямар ч даргаас ингэж асуухгүй дээ. Өвөр монголыг үзэн ядаж, дээрэлхэж байгаа царай нь энэ үү? Тэгж асууж байгаа улс өөрсдөө хэн бэ?
Журамт гомдож цөхрөөд: “Танай бүх хэвлэл мэдээллийнхэн ингэж асуулаа. Би бизнэс хийхээ больсон. Ганц л хүсэх юм: монгол үндэстэн минь мандан бадраасай! Монголын хэвлэл дээр намайг шунахай зорилготой, Сэрчмаагийн нөхөр гэж их бичсэн. Монгол улсын ард иргэдэд тусалж явъя гэж чармайж, сайныг л санаж өдий хүрсэн би, гомдохдоо: “дахин ирэхгүй” ч гэж бодож байсан. Гэвч зуд гамшигт зовж зүдэрч байгаа ахан дүүстээ туслахгүй байж чадалгүй, амар байж чадалгүй ирлээ” гэжээ. 
Энэ нэгэн явдлаас юу харагдаж байна вэ? Баялгаа цөлмүүлж буй монголчууд бидний ядуурал зүдүүрэл харагдаж байна. Эх нутгийнхаа ашигт малтмалд эзэн нь болбол хүн ямар зэрэгтэй явдаг нь харагдаж байна. БНХАУ-ын нутаг дэвсгэрт олборлосон эрдсийн шимийг өөр улсын ард иргэдэд түгээхийг төр нь сайшаахгүй нь ойлгомжтой атал, түүнийг сөрж, бидэн рүү тэмүүлсэн монгол сэтгэл харагдаж байна. Монгол улсын нутаг дэвсгэрт олборлосон эрдсийн шимийг өөр улсынханд л хүртээх бодлоготой манай дэглэм, түүнийг хүлцэн тэвчигсдийн сэтгэл харин ямар вэ?
Мэдээж хэрэг, Өвөр Монголд хятадууд ноёлж байгаа. Тийм атал, цөөн хэдэн монгол бизнэсч нь бүхэл бүтэн улс орны /Монгол мэт/ гаргадаг мөнгийг гаргаад л тусалж дэмжиж байна. Ар монголчууд бид хэрвээ харьд ноёлуулахгүйгээр, бүрэн эрхээ эдлээд, ашигт малтмалдаа эзэн нь болж чадваас ямар байх вэ? Хичнээн Журамт төрөх вэ? Хичнээн Рокфэллэр, Ротшильд, Гэйтс, Абрамович монголчууд бидний дундаас төрөх вэ? Тэд бусад монголчууддаа яаж туслах вэ? Төсөөлөөд үзэгтүн.

3. Алт эрдэнэсээ өгсөн биш, харийнхан Монгол улс түмний эсрэг улангасан босч тэмцэж, ялж байна

Дарга нарт хөөгдсөн Журамтын явдал нэг хэрэг. Харин тэдний урьж залсан харийн олборлогчид монголчуудыг зовох цагт нь яаж байна вэ?
Миний бие эртнээс, харийнханд ашигт малтмалаа бэлэглээд зогсохгүй, монголчуудыг их өрөнд оруулах тохиролцоонууд хийгдээд байна шүү гэж анхааруулж ирсэн. Оросын талтай хамтарсан уул уурхайн газруудад манай эзэмших хувь 51 хувь байгааг доод жишиг гэж үзэж, хуулиа өөрчлөөч ээ гэж мөн ч их бичсэн дээ. Эсбөгөөс, манайхан хуулиа зөрчөөд оросуудыг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг болчихоод байлаа. Өөр ялгаварлалууд ч байсан. Үүнийгээ зогсоо гэж оросын хамаг томчууд Монголд ирж байгаад хүсч, шаардаж байсан. Думынхан нь хориг арга хэмжээ авах шийдвэр гарган хэрэгжүүлж, бүр цэргийн цохилт өгөхийг санал болгож байсан шүү дээ. 
Гэвч цэргийн цохилт өгөх шаардлага байсангүй. Пүтин, Медведев, Миронов нараас, нүүрэн дээр нь нэгийг ярьж, цаанаа өөрийг хийдэг хоёр нүүрт манай дарга нар хэрхэн зугтаж, нуугдаж, уулзах хүн олдохгүй, уулзсан нь дуугарч чадахгүй байгааг оросууд бэлээхэн харсан. Ийм ухаан дутмаг амьтсыг шүүхэд өгчихөд л нүдээ аниад ялах юм байна гэдэг итгэл үнэмшил төрсөөр ирсэн байхгүй юу.
Паушок манай дарга нарыг олон улсын шүүхэд өглөө. Эрхбиш эгдүүцсэн удирдлага маань түүний яаж төрөл бүрийн луйвар хийж, татвараас зайлсхийж байсныг гаргаж ирэхчээ аядав. Олигтой гаргаж ирж ч чадаагүй шүү дээ. Хамтраад, хоршоод тэр луйвар, хэргүүдийг хийцгээчихсэн юм чинь.
Тэр нөхөрт яаж л бялдуучилж зуйрцгааж байлаа даа. 200 хүнтэй тосгоныг бэлэглэчихээд, хүн ардыг нь хүчээр хөөж, ачиж зөөгөөд хээр хаяж, газрыг нь чөлөөлж өгч, эх орон нэгтнүүдийнхээ эсрэг фашистууд шиг авирлаж байсан биш үү. Нөгөөх нь яаж дураар дургиж байв. ТУХН-ийн орнуудаас ажилгүйчүүдийг хуурч мэхлэн авчраад, боолын хөдөлмөр эрхлүүлж, бараг хорих лагэр байгуулчихсан, тэндээс нь оргож зугтаад л, илчлээд л, манайхан барьж, гэсгээн цээрлүүлдэг, буцааж тушаадаг байсан. Ийм хүн өөрөө ямар л бол ямар хэрэгт орж болохоор байгаа биз? Тэгсэнгүй ээ.
Харин монголчуудыг тун ялихгүй зүйлээр шүүх дээр унагачихлаа. Паушок татвараас бултуулах гэж банкинд 3 тонн алтыг хууль бусаар нуужээ. Тэрийг нь манай тал илрүүлээд 68 хувийн татвараа авчихаж. Гэхдээ манай ЗГ алтны бусад компаниудаас энэ татварыг төдийлөн авч байгаагүй юм гэв үү. Ингээд л ялгаварлан гадуурхсан /дискриминаци/  гэсэн ялт хэрэгт буруутгагдсан.
“Гүй ээ, наад товарищ чинь ерөөсөө бүх хууль дүрмийг зөрчиж явдаг, Оростоо багтаж шингэхээ байсан, оргодол, луйварчин этгээд. Өөрөө бүхнийг залилж, хулхидсан. Татвараа ч огт төлдөггүй байсийм. Та нарыг ч мэхэлж байна. Яадаг яадаг гэж санана” гэх гэсэн чинь манайханд хэл ус байдаггүй. Орчуулгая гэхээр, монголоороо  шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлчих боловсон хүчин дэглэмийнхэнд олддоггүй. Байж байгаа баримтууд нь ч эхнээсээ зохих ёсоор бүрдэгдээгүй.
Франкфуртын шүүх рүү явуулах хүн арай гэж гаргасан. Бүгдээрээ гадаад хэл ч мэдэхгүй, монгол хэлээрээ ч юу ч мэдэхгүй /арай ч хэтрүүлчихэв үү дээ, хөөрхсийг, муу юмандаа бол ч гаргуун л даа/ юм чинь яах вэ. Оюутолгойн гэрээгээ орчуулгыг нь хийж чадахгүй сар саатуулж байв л.
Явсан ор нэр улс нь юу бичигдсэнийг ойлголгүй, зур гэсэн газар нь л гарын үсэг зурчихаад, өөрсдөө эрхбиш тэнэж төөрчихөлгүй эсэн мэнд шүү ирсэн гэнэ билээ. Одоо бүх юм өнгөрсөн. 
Оюутолгойгоо, 100 сая долларын зээл аваад оронд нь өгчихөөд хөөрцөглөөд байсан. Жижиг гар Паушокоос л 500 сая долларын өрөнд орлоо.  Олон мянган ордоо энэ мэт луйварчдад өгсөн. Ямар өр ирэхэв. Оюутолгой зэрэг аварга ордуудаас? Геноцид гэдэг энэ шүү дээ. Тэр их өрийг монголчууд бид элэг бөөрөө зараад ч төлж хүчрэхгүй. Үхэж байж л сална. Хүйтөрөлгүйтгэл гэж энэ байхгүй юу даа.
Өнөөгийн ЗГ “бидний буруу байжээ, оросуудтай хамтарсан уул уурхайн газрууд дахь өмчлөлийн хувиа бууруулъя, давуу эрхээсээ татгалзая, бүр үлдсэн жаахан хувиа ч больё, гадаадынханд хувьчлуулъя” гээд хэрэгжүүлж дуусч байгаа. Уг нь манай төр хуулиндаа өөрчлөлт оруулаад, нэоколоничлогч гадаад, дотоодын этгээдүүдийг яллан буруушаах учиртай байв.
Болчимгүй алхмынхаа төлөө ЗГ огцрох ёстой. Угаасаа 500 саяар нээнтэглээд, бялуу хүртэхийг горилсон өөр бүлэг хулгай дарга нар огцруулах гэж буй юм билээ. Ерөнхий сайд өчнөөн өдөр дараалан бухимдаад, ярьж ч чадахаа болиод, таарсан газраа хамаг амьтныг загнаж явна гэх шив. 
Манай хариуцах албан тушаалтнуудаас Франкфуртын явдал суудлын талаар асуухад мэдэхгүй, “бидэн дээр юу ч ирээгүй байна” л гэх. Үнэнээ хэлж дээ. Хулгай дээрмээс өөр юм даанч мэдэхгүй. Хамаг мэдээлэл  нь Интернет дээр гараад, хэрэв Паушокийн 500 саяыг заасан хугацаанд эс өгвөөс шууд ЭСЯ-дын маань байрууд, гадаад дахь мөнгө хөрөнгийг эхний ээлжинд хураана гээд  шийдэгдчихсэн, монголын бүх хэвлэл дээр гарчихсан. Хар тамхины наймаанаас өөр гавьтай юм хийж бүтээсэн нь төдийлөн дуулддаггүй “дипломатууд” маань нохой явган, гахай нүцгэн ирэх нь ээ. Тэгэхэд, мэдэхгүй ээ гээд сууж байдаг. Хэзээ юу мэдэх юм бэ? 
Ийм юмаа мэдэхгүй юугаа хийж байдаг юм бол доо гэж уншигчид гайхаж магад. Яахав болохгүй бүтэхгүй хууль бус ажлаа хийнэ. Тэгээд үлдсэн цагт нь үндсэн ажлаа хийхийн оронд… үнэнийг хэлсэн над мэттэй тэмцэж суудаг байхгүй юу. Гүтгэнэ, доромжлоно, заналхийлнэ, шүүхдэнэ. Өөр хийх, мэдэх зүйл огт байхгүй юм шүү!
ЗГ “бидний буруу байжээ” гээд оросуудад үг дуугүй бууж өгч эхэлсэн болохоор өчнөөн олон “Паушок”, “500 сая” босч ирнэ. Харийнхны мянга мянган олборлол, шүүх, өр болон босч ирнэ. Тэд үүнд л бэлтгэж, өө сэв, алдаа мадгийг цуглуулж байгаа. Харин манай төр ямар хариу барихыг бид харлаа. Дэглэмчид маань нэоколоничлогч нарт шүүхдүүлэхдээ ялж чадахгүй, ялахыг хүсэх ч үгүй, үнэндээ ялагдана гэж аль эрт тохиролцчихсон л байхгүй юу. Яахав, зарим шатны дарга тэр тохиролцооны  талаар мэдэхгүй, тэнэгээсээ болоод тэмтчээд явж л байгаа байх. Гэхдээ тэнэг нь тэднийг зөвтгөх шалтгаан биш.  
Оросын Трансбанкны Ново-жилов даргыг манай хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бол, Корнеев дарга нь хил даван зугтаж алга болжээ. Тэгээд монголчууд оросуудыг ялгаварлан гадуурхаж байна гэх яриаг аанай түгээж буй аж. Гадаадын банкчин гэх элдэв луйварчин дээрэмчдийг дээд зэргээр харж үзэж, сүлбээцэлдэж явсны шан.
Тэрхүү ялгаварлан гадуурхалт /дискриминаци/-ын хэрэгт орох нь маш лайтай гэдгийг монголчууд биеэр амссан. Паушокийг гадуурхав гээд л 500 сая долларын төлбөрт унаа биз дээ. Банкны Корнеев бас 500 сая долларын өрөнд унагаж мэдэхээр байна шүү. Төрийн явдал, хуулийн асуудлыг огт мэддэггүй манай дарга нарыг (мөн чанартаа эгэл ард түмэн биднийг) 500 саяын өрөнд унагахаас амархан юм байдаггүй бололтой.
Мунхаг дарга нар маань харийнханд хамаг ашигт малтмалаа бэлэглэсний үр дүнд гадаадын махчин олборлогчид гол горхины маань бараг 50 хувийг ширгээчихсэн. Үүнийг суртал ухуулагчид дэлхийн дулаарал гэж тайлбарладаг.
Гэтэл Орос, Хятад хоёр улс дулаарлаас биш, байгаль орчноо сүйтгэсэн хариуцлагагүй явдлаас үүдсэн хэмээн Монголыг шүүхэд өгөх гэж байгаа гэнэ. Уг нь тус тусдаа өгөх гэж байснаа, нэг л асуудал тул хамтдаа өгөх болсон сурагтай. Одоо чинь, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэдгийг маш ноцтойгоор авч үздэг болж шүү. Монгол улс үндэстнийг устгасаар өдий хүрлээ, дарга нар маань. Тэр бол зөвхөн монголчуудын эсрэг биш,  хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байхгүй юу. Тэр том гэмт хэргийн нэг хэсэг нь байгалийн сүйтгэл.
Хоёр том улсад Монголоос орж ирэх усны хэмжээ эрс багассан  тул, эдийн засгийн асар их гарз хохирол учирсан гэнэ. Түүний төлбөр ялбарыг нь Монгол улс үндэстэн дийлж хүчрэх юм болов уу.
Гол мөрөнг эргүүлж, говийн харь олборлогчдод усан хангамж болгоно л гээд байгаа. Бас л шүүхдүүлнэ шүү дээ. Үүнийг дарга нар мэдэхгүй, мэдэж байгаа дарга нар бүр чиг аюултай.
Монгол бол усны төв, хагалбар нутаг. Тиймээс, манай орноос л ус ундарч, Азийг ундалж байдаг. Бүх гол мөрд маань гадагшаа урсаж, нэг л гол гаднаас орж ирдэг бөлгөө. Цаашид, Ази тив тэр аяараа Монголыг шүүхэд өгч магад.
Нэгээхэн нь л ийм аймшигт үр дагавартай байхад нийт геноцид-неоколоничлолын хэрэг ямар байх вэ. Дарга нар байтугай, бид ч төсөөлөхөд бэрхтэй. Монголчуудыг  устгана гэдэг хүн төрөлхтнийг устгаж байна гэсэн үг шүү дээ. Монголчууд ч гэсэн хүн. Үүнийг дарга нар мэдүүштэй.
Өөр ямар ямар өр ойрын үед биднийг хүлээж байна вэ? “Хайрт удирдагчид” маань бидэнд юу бэлтгэж вэ?
“Эрдэнэт”-ийг бас 68 хувийн татвараар ялгаварлан үзэж хохироосон гээд, оросын тал дор хаяж 400 сая доллар нэхэмжлэх гэж байна. “Эрдэнэт”-ийн 51 хувийг эзэмшиж байсан маань хуулиа зөрчсөн  хэрэг болжээ гэж энэ ЗГ маань хүлээсэн. Хуулиа зөрчинө гэдэг чинь гэмт хэрэг шүү дээ. Тэгэхлээр тэр 51 хувийн асуудал дээр ялгаварлан гадуурхаж хохироосны нөхөн төлбөр, торгууль гэж их өр босч ирэх гэж байна. Оростой хамтарсан бусад уул уурхайн байгууллагууд ч ийм асуудлуудыг тавина. 
Монголтой муудалцахгүйг хичээж, оросын удирдлагууд “тэгш ханд” гэж мөн ч их ятгасан. Зөв зүйтэй хууль гаргаад тэгш хандсан бол тэд хэлэх үггүй болох байв. Буруу, гажиг хууль гаргачихаад, тэрийгээ бас ялгавартай хэрэглэсэн. Оросууд манай дарга нарыг Эрхүүд дуудаад загнадаг ч байв. Тэнд нэг юм хэлчихээд, энд ирээд бахь байдгаараа. Хойд хөршийн дарга нар Монголд ирэхэд нь шээс баас нь гоожих гээд зугтдаг, нуугддаг байсан. Оросын компанийхнаас ч мөн адил. Хулгайч л явдал байгаа биз дээ. Юун төрийн удирдагчид байхав. Паушок ч билүү, Громов ч билүү манайхны өмнүүр хаахалзаад байхаар нь оросын ерөнхий сайд харин уурлаж хөөж байж билээ. 
Паушокод залилуулсан “Газпром”, “Иточу” компаниуд манай ЗГ-ыг арбитрын шүүхэд өгөх гэнэ. Залилах боломжийг нь ЗГ маань бүрдүүлээд өгчихсөн юм гэнэ шүү дээ. Тэд л тэгж буруутгаад байна. Тэгээд бас ялж, олон зуун сая доллар авах юм. “Голдман Сакс” банк бас өрөө эсвэл мөнгөөр, эсвэл Олон овоотын ордоор барагдуул, эсбөгөөс шүүхдэнэ гэж ЗГ-ыг шаналгаж байна. Мөн л ялах биз. Онолын хувьд бол би ч ялчихаж болох юм билээ. Гэхдээ би бол монгол хүн. Төр маань монгол хүнийг хүйтөрөлгүйтгэх аппарат, машин болчихсон байхад монгол хүн бол яаж ч шүүхдээд ялахгүй. Манай төр “гадны” хэнд ч ялагддаг, дарагддаг, “өөрийн” хэнийг ч ялдаг, дардаг тийм л горимтой төхөөрөмж, автомат.
Цаашид Оюутолгой, Тавантолгойн асуудал ч ийм л хэтийн төлөвтэй байхаар хамаг юм зохицуулагдсан. Ташрамд, шүүхдэгсдийн дунд хятадууд алгаа. Энэ нь юуг харуулж байна вэ? Манай дэглэм хятадуудыг гомдоодоггүйг  харуулж байна. 
Ер нь 1997 оноос эхэлсэн бүхий эрдэс баялгийн явдал хятадуудын эрх ашигт бол нийцэхээр зохион байгуулагдсан. Тэр “Хятад, Оросын аюулаас сэргийлэхийн тулд ашигт малтмалаа өгөөд байгаа” гэдэг чинь оргүй худал юм шүү.
Дискриминаци /ялгаварлан гадуурхах/-ийн гэмт хэргийг фашизм, расизм, шовинизм, апартэйдтэй адилтгаж үздэг. Манай дарга нар чинь харийнхныг хавчиж хяхаад, биднийг хамгаас илүүд үзэн өргөмжлөөд хэрэгт ороод байгаа юм уу. Эсрэгээрээ шүү дээ. Биднийг хүй төрлөөр нь устгаж, харийнхныг баастай бурхан шиг тахин шүтдэг. Үүний хариуд, харийнхан “ялгаварлан гадуурхлаа” гэж гомдоллон, өшиж хорсон, Монгол улс түмний эсрэг улангасан босч тэмцэж байна. Тэдний үнэн нүүр царай ердөө энэ. Унтаж байхад хоолой дээр хутга тавина, ар нуруу руу хутгатай гэтнэ. Хэнийг урьсан, тэр нь л ирсэн байхгүй юу. Эдний бослогыг дарж, хөөн зайлуулахаас өөр яах билээ!
Рио-Тинто гэж, дэргэд нь ашигт малтмал олборлож асан гол. Өдгөө хүнд металл, хүчиллэг холилдсон хорт ус ажээ. Орчных нь хөрс ч хортой. Рио-Тинто Оюутолгойг авсан. Хортолгой л болгох бий вий.

4. Оюутолгой, эрдэс баялгаа аврах 56 зүйлт уриалга

Оюутолгойн гэрээг яаралтай цуцлуулж, гэм буруутнуудыг шүүцгээе! 
1-р хэсэг
Оюутолгойн гэрээ гэх улс үндэстний эсрэг гэмт хэргийг таслан зогсоохыг оюун билиг, хийморь сүлд, хатан зоригт ард түмэндээ уриалж байна!
Үүний тулд гадаадын тал дотоодын хамсаатнуудын хамт, Оюутолгойн асуудлын хүрээнд:
1.авлигаар хууль тогтоомжид нөлөөлсөн;
2.авлигаар лицэнз авч, хүчингүй болсон эрхийг нь сэргээсэн;
3.Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиудыг зөрчсөн гэрээг авлигаар байгуулсан;
4.ордыг өөрийн хөрөнгө хүчээр нээсэн гэж худал мэдэгдсэн;
5.санхүүгийн чадвар хангалтгүйгээ нуусан;
6.асар их хөрөнгө оруулсан, оруулна гэж хуурамч тооцоо гаргасан;
7.ордыг эзэмшихэд 1 тэрбум доллар зарцуулагдах атал 9 тэрбум доллар зарцуулагдана гэж мэхэлсэн;
8. Монголын иргэд хувьцаа эзэмших, Монголын биржид хувьцаа борлогдох боломж гаргаагүй;
9.түүх-соёлын дурсгалыг хамгаалах талаар зохих ёсоор дүгнэлт хийлгээгүй, шаардлагатай арга хэмжээ аваагүй;
10.байгаль орчныг сүйтгэсэн гэж лицэнзээ хураалгаж байсан ч, холбогдох дутагдлуудаа арилгаагүй;
11.үнэн бус мэдээлэл түгээх, гүтгэж доромжлох, дарамт үзүүлэх зорилгоор хэвлэлийн, төрийн бус байгууллагуудаар үйлчлүүлж, тэднийг зүй бусаар санхүүжүүлдэг
эсэх зэргийг хуулийн байгууллагаар шалгуулж, хариуцлага хүлээлгэх;
Гэрээ:
12. Монгол  Улсын хуулиудыг зөрчин;
13.техник-эдийн засгийн үндэслэлгүйгээр;
14.ордын нөөц тогтоогдоогүй байхад;
15.Монгол улсын болон олон улсын стандартчиллыг дагалгүй;
16.Монгол Улсын мэргэжлийн байгууллагаар хянагдалгүй;
17.даатгалын асуудлыг шийдэлгүй;
18.аудитын хяналт шалгалтгүйгээр;
19.хоёр талын эрх тэгш байдлыг хангалгүйгээр байгуулагдсан 
эсэхийг шалгуулж тогтоон,  хариуцлага хүлээлгэх;
Гэрээнд:
20.манай тал ямар бодот үр өгөөж хүртэх нь тодорхойгүй;
21.Монголын ЗГ-ын эдлэх эрх гэж бараг үгүй;
22.Монголын талыг хяналт тавих, хяналтын багц эзэмших эрхгүй болгосон;
23.эзэмших, өмчлөх статус маргаантай;
24.татварын хөнгөлөлт эдлэхгүй гэсэн хэрнээ эдлэхээр тусгагдсан
25.ажиллагсдын олонхи Монголын иргэд байна гэснийгээ олон болзлоор боломжгүй болгосон;
26.хөрөнгө оруулагчийн хүлээх үүргийг баталгаажуулаагүй;
27.хөрөнгө оруулагчид хариуцлага тооцох механизм үгүй;
28.хөрөнгө оруулагчийг Монголын тал дээд инстанци гэж үзэхээр томъёологдсон;
29.цуцлагдах нөхцөл тодорхойгүй
зэрэг зөрчилтэй зүйлүүд буйг тогтоон, хариуцлага  хүлээлгэх;
Гэрээ, тохиролцоонуудад харшлах:
30.тэхник-эдийн засгийн үндэслэлдээ: 
1/ 45 сая тонн зэсийг 26 сая тонн гэж мэдүүлсэн;
2/ ВНР компанид орлогын 2 хувийг өгөх ёстой, үүнийг Монголынтал хариуцна гэж гэнэт тулгасан /урьд гадаадын тал хариуцна гэдгээ мэдэгдэж байсан/;
3/ Монголын иргэдийг төсөлд оролцуулах үүргээ бүрхэгдүүлсэн;
4/ олборлол-үйлдвэрлэлийн хүчин чадлыг тодорхойлоогүй;
5/ усны ноцтой асуудлыг хэрхэн зохицуулахаа танилцуулаагүй зэргээр гэрээг зөрчсөн;
31.Оюутолгой 70 жил олборлох нөөцтэй гэж байснаа, 30 жил гэх болсон;
32.зэс, алтнаас бусад мэталлын их нөөцийг нуун дарагдуулж буй;
33.аль агууламж ихтэй, хүндрэлгүй газраас нь сорчлон, богино хугацаанд цөлмөхийг эрмэлзсэн;
34.гэнэтийн ашгийн татварыг цуцалбал зэс хайлуулах үйлдвэр барина гээд, наад зах нь 20 тэрбум долларын ашиг гаргасан хэрнээ, өдгөө үйлдвэр барих асуудлыг тодорхойгүй болгосон;
35.зэсийн дундаж үнэ 4200 доллар байхад ашигтай ажиллана гэж байснаа, дараа нь түүнээс бараг 2 дахин өндөр үнэд хүрээд байхад ийм нөхцөлд ашигтай ажиллахгүй гэх болсон;
36.хяналтаа хэрэгжүүлэх боломжгүй Монголын төрийг хуурамч алдагдлын 34 хувийн өрөнд унагах нөхцөлийг бүрдүүлсэн;
37. 170 мянган ажлын байр бий болгоно гэж байсан ч, 56 дахин бууруулж, 3 мянга болгосон хэрнээ, холбогдох зардлаа 6 дахин өсгөсөн;
38.ВНР, Chinalco зэрэг компаниудыг зүй бусаар төсөлд оролцуулах хандлагатай байгаа;
39.Монголын талтай тохиролцолгүйгээр ордын том хэсгийг Солонгосын талд зарсан;
40. Монголын ЗГ-т сард 5 хувийн хүүтэйгээр 100 сая доллар зээлүүлснийг урьдчилсан төлбөр гэж худал ойлгуулсан;
41.гадаадын тал манай баялгаар дэнчин тавьж босгосон компанийхаа 34 хувийг Монголын талд 9 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, Оюутолгойн ордыг бүрэн мэдэлдээ авсан нь, Монгол улс ирээдүйд их өрөнд ороход хүргэх үр дагавартай байхаар зохион байгуулагдсан
зэргийг гадаадын тал дотоодын хамсаатнуудтайгаа нийлж үйлдсэн эсэхийг шалгаж тогтоон, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Оюутолгойн гэрээг яаралтай цуцлуулж, буруутнуудыг шүүцгээе!

Монгол улс үндэстэн, хүн төрөлхтний эсрэг нэоколоничлол-гэноцидийн хэргийг таслан зогсооё!
2-р хэсэг
Оюутолгойн ялт хэргээс сургамж авч, ахин Монгол Улс үндэстний эсрэг харийн олборлогчдын гэмт хэргүүдийг үйлдүүлэхгүйн  төлөө:
42.шүүхдэх, зүй бус шаардлагуудыг тавих, шантажлах, ажилчид, ХМХ, ТББ-уудыг турхирах зэргээр дураар авирлах болсон  харийн олборлогчдын бослого хөдөлгөөнийг хуулийн дагуу таслан зогсоож, олборлох эрхийг нь хүчингүй болгож, бүхий үйл ажиллагааныхаа туршид манай талд учруулсан хохирлыг нь барагдуулгаж;
43.харийнхны захиалга, авлигаар зохиогдсон, батлагдсан гэх, хуульзүйн үндэслэл, уялдаа, чадамж үгүй, Монгол Улс үндэстний эсрэг “Ашигт малтмалын тухай хууль”, холбогдох бусад тогтоол шийдвэр, баримт бичгийг хүчингүй болгож;
44.харийнхны эрх ашигт нийцүүлэн Монгол улсын хуулийг өөрчлөн засч ирснийг хүчингүй болгож;
45.уул уурхайн салбарт голчлон хэрэглэхээр төлөвлөсөн, орон нутгийн удирдлага газрын түрээс аваад л, ордоо харийнханд өмчлүүлэх боломжийг олгох Концэссийн тухай хуулийг хүчингүй болгож;
46.Монголын төр өмчийн үндсэн хэсгээ 12 багц болгон /үүнд гадаадын талтай хамтарсан уул уурхайн байгууллагын 34 хувь орж буй/ харийнханд хувьцаагаар эзэмшүүлэх гэж буйг таслан зогсоож;
47.уул уурхайн салбарт юуны өмнө хэрэглэхээр завдаж буй, засаг захиргааны хуваарийг ААН-ийн бүтцээр солих бодлогыг таслан зогсоож;
48.Монголын нэг хүнд тэрбум тэрбум доллар оноохуйц баялгийг харийнханд мянга мянган лицэнзээр тараасан, монгол хүн ойртох эрхгүй, засаг захиргааны хувьд тодорхойгүй эзэмшлийн бүсүүд үүсгэснийг цуцалж;
49.Монголын уул уурхайн компаниудыг дээд зэргээр дарамталж, хөлсний “иргэний хөдөлгөөнүүд”-ийг турхиран тэмцэлдүүлж, оршин тогтнох аргагүй болгодгийг таслан зогсоож;
50.харийн олборлогчид глобаль төвшний экологийн сүйрэл учруулж буйг таслан зогсоож;
51.дотоодын авлигачид хахууль, “сайн зуучийн” гэгдэх орлогын 10-15 хувийг авах зорилгоор эх орны эрдэс баялгийг харийнханд өгч ирснийг тогтоож;
52.гадаадын олборлогчид, дотоодын авлигачид ялт хэрэг нь илчлэгдэхээс өмнө Монгол Улсыг шүүхэд өгч ялт хэрэгт унагаж байхаар хуйвалдсаныг тогтоож, таслан зогсоож;
53.тэд, эрдэс баялгаа бүгдийг нь харийнханд өгсөн Монгол Улс их өрөнд унаж, давхар давхар ашиг оруулахуйц байхаар хуйвалдсаныг тогтоож, таслан зогсоож;
54.Монгол Улс үндэстний болон хүн төрөлхтний эсрэг ашигт малтмалын нэоколоничлол-гэноцидийн ялт хэргийг тогтоож, 
буруутнуудад хуулийн хариуцлага хүлээлгэж, улс, ард түмэнд учруулсан хохирлыг барагдуулгах хэрэгтэй байна. 
Мөн олон улсын, гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах чадварыг Монголын төрд буй болгох талаар чухалчлан анхаарах хэрэгтэй.

Эрүүл нийгэм, хөгжил цэцэглэлийн замналаар урагшилцгаая!
3-р хэсэг
Монгол Улс үндэстнийг эрүүл нийгэм, хөгжил цэцэглэлийн замналд оруулахын тулд:
55.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиуд, эрх ашиг, дэлхийн жишигт нийцсэн зөв шударга “Ашигт малтмалын тухай” хуультай болох;
56.Монгол Улс үндэстэн аль болох бие даан өөрийн баялгаа олборлон, эцсийн хүртэлх шатны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болгох, худалдах, ашигт малтмалын үр шим дээр суурилан олон салбарт, өндөр хөгжилт эдийн засгийг цогцлоох төрийн “Шинэ Монгол” их хөтөлбөртэй болох
алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй.



Наад зах нь газар хөдлөлтийн аюулаас сэргийлэхийн тулд гээд л, монголчууд бидэнд асар их мөнгө хэрэгтэй. Элдэв хууль бус гэрээ, лицэнзийг хүчингүй болгож, оршихуйн үндэс болсон ашигт малтмалдаа эзэн суухын төлөө тэмцэлд эрслэн босох шийдвэр гаргацгаая. Эс бөгөөс, амиа хорлох, ойр дотны хүмүүсээ егүүтгэх, сайн сайхан бүхнээ, улс үндэстнээ устган сөнөөх шийдвэр гаргасан хэрэг болно. Тийм шийдвэрийг дарга нар, авлигачид, олигархууд, нэоколоничлогчид, гэноцидчид гаргадаг.
Харин ард түмэн бид, монголчууд бид амьдралын төлөө, элгээрээ элэг бүтэн, төрлөөрөө түмэн амгалан жаргах тавилан, улс үндэстнээрээ цэнгэлийн манлайд хүрэх хувь заяаныхаа төлөө тэмцэцгээе ээ. Энэ тэмцэлд эрслэн боссон буянтныг Мөнх тэнгэр ачлан ивгээх болно оо.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Сэтгүүлч Ч.Мөнхбаяр
ММХ.III.ХIХ
http://moenhbayar.blogspot.com

No comments: