Wednesday, March 31, 2010

Монгол еврей нар төрөл садан уу?


Сүүлийн үед еврэйн эсрэг үзлийн янз бүрийн  илрэл Монголд гарах болсон нь түгшим. Саяхан дарга нарын тэнэгээс болж, оросуудын эсрэг дискриминацийн гэмт хэрэг үйлдсэн гэгдэж, 500 сая долларын төлбөр ялбарт унаад байгаа. Дискриминаци буюу ялгаварлан гадуурхах, ялангуяа яс үндсээр гадуурхах нь фашизм, апартэйд зэрэгтэй дүйцэх хүн төрөлхтний эсрэг ялт хэрэг болой. Болгоомжтой байх цаг ирж. Гэтэл дээрээс нь бас еврэйг хялайдаг болсон. Бүр тэрнээсээ болоод Амэрикаас хөөгдөж ирлээ гэв үү. 
Манай нэг иргэн Амэрикад байхдаа еврэйн эсрэг /антисэмит/ зүйл бичиж Интэрнэтэд тавьжээ. Тэгээд бүр шоронд орж, 71 сар хоригдох ял эдэлж /Ташрамд хэлэхэд, Интэрнэтэд үл бүтэх зүйл бичдэг улс үүнийг анхаарууштай!/. Тэр хүн одоо Монголдоо ирээд антисэмит дээрээ нэмээд, Амэрикийн эсрэг үзэл дэлгэрүүлээд ардын баатар болоод явж байна. АНУ-ын төрөөс 12 сая доллар нэхэмжилж, Барак Обамаг уучлал гуй гэж шаардсан. Өөрийг нь хорьж шийтгэлээ гэж. Монголын төрөөс 260 мянган доллар гэлүү дээ, шаардсан. Өөрийг нь хамгаалаагүй  гэж. Тэр хүн ер нь сургамж авбуу.

Зарим монголчууд маань орос, герман зэргийн еврейн эсрэг үзлээс хам хум дуулчихаад, автаж давхидаг. Ёстой хэрээг галуу дууриаж, хөлөө хөлдөөнө гэгч тэр болох вий. Хятадын экспансионист бодлого, цагаачдынх нь өдөөн хатгалга, муу үйлүүдээс л сэргийлж суувал барав.
Еврейчүүд сайнаар яривал бидний садан төрөл юм. Яаж байгаад тэр вэ, үүнийг бичигч лав нанчид зооглосон буй заа гэж та бодож болох юм. Нанчид зооглоогүй ээ, шинжлэх ухааны баримт, таамгуудыг бол зооглосон.
Монголчууд өнөр өтгөн гэр бүлтэй байхыг эрхэмлэдэг, хүн ам нь хурдан өсч үрждэг байсан. Харин бэлчээр нутаг хязгаартай тул гадагш дайлаар мордох, нүүж одох нь их байлаа. Яг л еврей шиг тарж байв шүү. Онцлог нь сайн дураараа. 
Хүннү бол өөр нэртэй л болохоос, монголчууд юм. Хятад улс түмэн янзын нэртэй байсантай л адил. Тэгээд тэр хүннүчүүд гадагш одох нь их байв аа. Чингисийн Монголоос дутахгүйгээр дэлхийд нөлөөлсөн нь хүннү шүү дээ.
Хазар гэж дундад зууны том гүрэн байсан, 300 жил оршсон, 8-9-р зуунуудад хүчирхэг асан. Хүннүчүүд байгуулсан гүрэн юм. 730 онд еврейн иуда шашныг хаад ноёд нь бишрэх болж, ард олондоо ч дэлгэрүүлжээ. Иуда шашныг бишрэнэ гэдэг чинь еврей болж байгаа хэрэг шүү дээ.
Энэ гүрнийг түргүүд мөхөөхөд, иуда шашинт хазарууд олноороо Дорнод Европ руу зугтжээ. Иуда шашин, еврей соёл тэднийг уусгахгүй байх хүчин зүйл болж, нэгтгэж, улам ч гүн бат үлдэж шингэжээ. Өөрсдийгөө еврей гэж баттай үнэмшжээ. Ингэж монгол цус холилдсон хазарууд дорнод европын еврей болж хувирсан аж. Ашкенази ч гэдэг.
Эдгээр ашкенази Израильд ирж, ноёлох болсонд бусад еврейчүүд дургүйцэх явдал байдаг.
Тэд ашкеназийг хазар монголчууд гэдэг. Ариэль Шароныгоо сөрөг хүчнийхэн харваас хазар монгол, харийн этгээд ч гэж байсан.
Арабууд ашкеназийг хэзээ ч Палестинд байгаагүй түмэн зүй бусаар ирэв гэж ихэд эсэргүүцдэг. Ашкенази гэдэг нэрийн талаар ч бөөн маргаан өрнөдөг. Энэ нь их нарийн.
Урьд зөвхөн баруун европын еврей нарыг ашкенази гэдэг байжээ. Бусдыг нь сефард гэдэг. Иудаист хазаруудын хойчсыг ч сефард гэдэг байв.
Баруун Европод еврей нарыг олон удаа хөөж тууж байсан. Герман зэрэг орноос хөөгдсөн ашкенази еврейчүүд Дорнод Европод олноор ирж, угаас энд байсан хазар гаралтай сефард еврейчүүдтэй нийлж, холилдож байв. Аажмаар тэдгээр сефард өөрсдийгөө ашкенази гэх болжээ.
Гэтэл Хойд Африк руу Испани, Португали зэрэг орноос хөөгдсөн ашкенази еврейчүүдийг Израильд ноёлсон ашкенази нар сефард гэх болжээ. Энэ улсад ашкенази нар илүү нэр хүндтэй, ахиж дэвшихэд дөхөмтэй байдаг. Харин Хойд Африкийн ашкенази нар сефард гэгдсэний улмаас тэр боломж нь алдагдсан. Ямар ч еврей цусгүй, монгол, түрэг цус ихтэй иудаист хазар нар болохоор ашкенази гэгдээд, ноёлогчдын эгнээнд заларч байдаг гэнэ л дээ. Иймээс зөрчил их гардаг. “Монгол” угсаа Израильд асуудал үүсгээд байж байдаг гээд бод.
Унгернээс өмнө Монголд еврей нар байнга оршин суудаг байсан. Үе үеэрээ суусан, монгол хэл сурчихсан, нөхөрсөг найрсаг тэдэнд манайхан сайн ханддаг байсан. Тэдэнд монгол нэр өгчихнө. Цаадуул нь монголчуудтай найзалж нөхөрлөөд л явна.
Гэтэл Унгерн ирээд, еврейчүүдийг хүйс тэмтэрсэн.  Үүнийг хэллээ гээд би түүний Монголыг чөлөөлөх үйлсэд байгуулсан гавъяаг үгүйсгэж байгаа хэрэг огт биш шүү. 
Өвөр Монголоос ирж,  Монгол улс гэрийг байгуулахад хүчин зүтгэсэн олон эх оронч, панмонголистуудын нэг Тогтох тайж  хэдэн еврей гэр бүлийг нууж, амь насыг нь аврах гэж оролдож байсан юм. Даанч Унгернийхэн олоод, авч явсан. Үүнийг эсэргүүцсэн Тогтох тайжийг ч нэг цагаантан буудчих дөхсөн гэдэг. «Та нар чинь хар хятадуудтай л үзэлцэнэ гээ биз дээ. Энэ жүүдүүд чинь гэмгүй хүмүүс шүү дээ» гэж Тогтох тайжийг хэлэхэд «Наадуул чинь хүн биш, чөтгөр шулам» гээд цагаантнууд нуусан ардуудыг нь хүчээр тууж явжээ.
Энэ ташрамд үгүүлэхэд, Унгерн монголчуудыг алж хядаагүй юм. Тэрбээр, «Монголд Шамбалын орон, гайхамшиг, ид шид буй, монголчууд ер бусын хүмүүс» гэж итгэдэг байсан. Харин онц байдлын үеэр хулгай дээрэм, бусад гэмт хэргийг үйлдвэл хэнийг ч гэсэн газар дээр нь нам буудна гэсэн дайны цагийн хуулийг зөрчсөн монголчууд дүүжлүүлж, буудуулсан явдал бий. Мөн Унгернээс хамаарахгүйгээр зарим задарсан цагаантан элдэв гэмт хэрэг үйлддэг, тэдгээрийг Унгерн залхаан цээрлүүлэхийг чармайдаг байсан.
Монголд байнга оршин суугч еврей үгүй болсон ч, Зөвлөлтийн цаг үед олон еврей ирж, Монголын бүтээн байгуулалтад оролцож байсан. Халхын голын дайнд еврейчүүд эрэлхгээр байлдаж тулалдаж, баатар болж ч байсан л даа.
Монголчууд хойно суралцахдаа еврейчүүдтэй нөхөрлөж, еврей бүсгүйтэй ханилан сууж байв.
Манай «Сант-Марал» судалгааны төвийн захирал Л.Сумати гэж харь төрхтэй эр байдаг. Түүний үүсэл гарал ямар юм болоо гэж хүмүүс сонирхдог. Тэр асуултад даруйхан хариулсу.
Ноён Суматийн эцэг латвийн еврей бүсгүйтэй гэрлэсэн юмсанжээ. Еврейн ёс заншил, Израиль улсын хуулиар бол Л. Сумати жинхэнэ еврей. Эх нь еврей бол эцэг нь ямар ч байсан үр хүүхдийг нь еврей хүнд тооцно. 
Еврей эхтэй Иван гэдэг орос эр байж гэж бодъё. Тэгвэл тэр Иван орос аав, орос өвөө эмээ, орос авгай, орос үр хүүхэд, ач гучаа аваад Израильд ирж, Израилийн иргэн болгож болдог. Гэхдээ тэдгээр нь цаашдаа еврей л болно. Израилийн хуулийн дагуу гаднаас ирсэн хүн абсорбцийн буюу уусах хөтөлбөрт хамрагдах ёстой. Заавал иврит хэл эзэмших г.м. Иврит хэл мэдэхгүй хүнд олигтой ажил ч олдохгүй.
Л.Сумати гуай маань еврей гаралтай монголчуудыг нэгтгэсэн «Монгол-Еврейн хамтын ажиллагаа» гэдэг ТББ байгуулжзэ.
Гэхдээ Л.Сумати хэзээ ч Израиль руу цагаачилья гэж бодож яваагүй аж. Хэрэв еврей эхтэй л гэвэл Израиль үг дуугүй хүлээж авч байр, ажлаар шагнадаг. Харин түүний хувьд Монголынхоо эх оронч байж, Монголынхоо сайн сайхны төлөө хөдөлмөрлөсөөр өдий хүрчээ.
Энэ ташрамд өгүүлэхэд, олон хөшөө, баримал туурвисан зураач Даваацэрэн Штейн гэдэг еврей авгайтай байсан. Авгайн хамт Израиль руу цагаачилж, тэнд насан эцэслэсэн. Орос өвгөдтэй шатар нүүж, хууч хөөрч, зуу татаад л явдаг байсан гэнэ билээ.
Хүүхдүүдийг нь еврей эхтэй гээд Израиль улс дор нь өөрийн иргэн болгоод адислачихсан, тэгээд тэнд ажиллаж амьдардаг ажээ.
Манай сод эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Зевина гэдзг еврей авгайтай байсан. Еврей эх хүмүүжүүлэхээр еврейчүүд болчихсон ч юмуу, хаашаа юм, их эрдэмтний хүүхдүүд гэж харь маягтай хүмүүс л байдаг. Хүүхдүүд нь Цэндийн гэдэг овог авсан бөгөөд, охин Цэндийна нь монгол судлаач. Хүү Цэндийн нь Оросын нэрт физикч.
Израильд очиж хар ажил хийсэн монгол хүмүүс буй. 
Бүр монгол биеэ үнэлэгчид ч тэнд байдаг. Хэсэг монгол хүүхнүүд тэнд япон гейша болж жүжиглэж байгаад илчлэгдэж олон улсын сенсаци болсон. Энэ мэт нь монголчуудын нэрийг гутаахаас л цаашгүй. 
Харин еврейчүүдээс ихийг үлгэрлэн сурч авбал бидэнд тустай.
Жишээ нь, еврейчүүд шиг л, хамаг монгол туургатнаа залж авчраад, өндөр хөгжилтэй улсыг бүтээн байгуулцгаая л даа. Зарим хүн тэр мөнгө нь хаана байна аа л гэдэг. Тэр мөнгө хөрсөн дор маань бий шүү дээ.
Монголд ч еврей нар ирж, суурьшин амьдрах боллоо. Тэдгээрийн нэг нь Зев Розенберг. Израилиас ирж суурьшсан, фото зургийн газар байгуулж, «Гялбаа» гэдэг сэтгүүл гаргаж, монгол бүсгүйтэй гэрлэж, үр хүүхэдтэй болоод байж байна. Урьдын зхнэрээс нь төрсөн, насанд хүрсэн хүүгээ татаад аваад ирсэн. Түүний авсан зургууд дотор, Ариэль Шаронтой хамт авахуулсан нэг зураг байдаг. Израилийн нэрт улс төрч, ерөнхий сайд А.Шарон Монголд сэм жуулчилан ирж, олны анхаарлаас ангид газар нууцаар амарсан гэж нэг хүнээс сонссон.

Ч.МӨНХБАЯР

1 comment:

TSOGOONO said...

Сайн уу? Еврейчүүдийн тухай судалж байгаа хүн байна. Еврей судлалаар мастерийн ажил хийж байгаа, таны нийтлэлийг уншсан, танаас асуух зүйл байна. Утасны дугаараа явуулна уу? centos.rh@gmail.com