Monday, March 8, 2010

Монголд хувьсгалын тохироо бүрджээ


Монгол оронд хувьсгалын тохироо нэгэнт бүрдээд байна. Үүнийг олж үзэхгүй гэвэл дэндүү харалган хэрэг. Газар хөдлөлтийн өмнө хагарал, урьдатгал доргилт /форшок/ зэрэг үзэгдэл явагддаг. Нийгмийн хагарал хаа сайгүй байна. Форшок нь 7.1-нд явагдчихсан.
1990 оноос хойш дайн болсонтой дүйцэх сүйрэл зохион байгуулагдсан. 90-ээд оны бүх нийтийн хаосын үеэр, өлбөрч үхэх бодот аюултай тулгарсан ард олон социализмын 70 жилийн бүтээн байгуулалтыг хог хаягдал хэмээн урд хөршийнхөнд тушааж, хоол хүнсээ залгуулахад хүрч байсаан. Нэг жишээ дурдахад, 1990 онд манай хөнгөн аж үйлдвэр жилд савхин дээл, хүрэм 460 мянга, савхин гутал 3,5 сая хос, нэхий дээл 300 мянгыг үйлдвэрлэж, дийлэнхийг нь экспортод гаргаж байв. Гэтэл төрийн зохион байгуулсан их сүйтгэлээс болж, хөнгөн үйлдвэр тэр чигээрээ хаягдалд ачигдаж, өдгөө киночид, клипчидийн аймшгийн зураг авдаг балгас, хятадууд хороор “угаалт” хийдэг хэдэн мануфактур цээх, сохор зоосны үнэтэй, хээр хөдөө сая саяар хаягдах болсон арьс шир...

Дарга сайд нар хулгай дээрэмд манлайлан үлгэрлэж, ард олныг ч уриалан дагуулж, Хулгайч улс байгуулахыг зорьж ирэв. Сүүлдээ нөгөө улс орноо элдэв шалтгаанаар татан буулгах гээд байдаг болсон.
”Социализм”-аас бүх талаар доройтон сөнөж, үг хэлэх, эротикийн тал дээр л арай дээр байнуу даа. Гэхдээ сүүлийн үед хэвлэлийн эрх чөлөөг хааж боогдуулаад, нүцгэн хүний дүрсийг хориглоод байдаг болсон шүү дээ.
Идэх хоолгүй, өмсөх хувцасгүй ардуудыг таг дүлий, сохор, хэлгүй, ухаангүй, идэх унтахаас өөрийг эс мэдэх, мэдрэх эрэмдэг адгуус, хог новш болгохыг чармайн, хичнээн их улангасан дайрч байна гээч.
20 жил үргэлжилсэн дарлал мөлжлөг, түрэмгийлэл, колоничлолийг олон нийт хүлцэхээ нэгэнт  байжээ. Миний бие тоймчийн үүргээ гүйцэтгээд, нийгмийн төрх төлвийг дүгнэн үзэхэд л хувьсгал харагдаад байна. Газар хөдлөлт болох гэж байна гэж бичдэг шигээ л, нийгмийн “газар хөдлөлт” болох нь ээ гэж бичиж сууна.
7.1-ний хэрэг явдлын гэм буруутнуудын болон, хохирлыг барагдуулах асуудал шийдэгдэхгүй байгаа нь бухимдал үүсгэж байна.
Буруутай гэж сэжиглэж байсан улсыг, сэмхнээр, бараг нууцаар цагаатгачихлаа. Энэ нь, хууль, процедурыг зөрчсөн л явц юм байх. Хохирсон цагдаагийн ажилтнуудад сарын цалинг нь 3-36 дахин өсгөсөн нөхөн олговор өгөв. Төрийн тушаалыг л биелүүлж явсан цагдаагийнханд туслах нь зөв өө.
Харин, “Яагаад цагдаагийн гараар төрөөс нүүлгэсэн чулуунд өртөгсдөд тийм тусламж үзүүлэхгүй байна?” гэж бүр олон тооны хүмүүс асуух боллоо. Цагдаа нар бамбай, хуяг дуулгатай байсан. Эгэл ардууд руу нүүлгэх бүр цус асгаруулж, гэмтэл бэртэл учруулж байв. Чулуу, мөргөлдөөнд өртсөн, баривчлагдаж балбуулсан иргэд нөхөн олговор шаардах шинжтэй.
7.1-ний хар цагааныг ялгаруулах зорилготой гэх, УИХ-ын ажлын хэсэг гарсан. Ард олон ч, тав зургаан хүний амь нас,мянга мянган хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэлзүйг хохироосон том хэрэг С.Зоригийн хэргийн адилаар замхран арилалгүй, зөв зүйтэйгээр шийдэгдэх нь үү гэж горилж байсан. Гэтэл буруутан гэж огт байхгүй, тэр өдөр юу ч болоогүй болж таараад байнуу, үгүй юу.
Нэгэн сэтгүүлч, мөнгөөр нураалгах байсныг,  сонгогчдыг өдөөн хатгаж үнэгүй нураалгаад, бүр хавьгүй том, 20 давхар байшинг ард түмний хөрөнгөөр босгох ажиллагаа явагдсан бололтой гэж өдөр тутмын сонинд бичжээ. Асуудал их буй атал,  үнэн мөнийг олох гэсэн олон нийтийн хүлээлт хөсөрдөж буй нь, гэм буруутанд хариуцлага оногдуулахыг шаардсан тэмцэл өрнөхөд хүргэж байна.
МАХН-ын байрны түрээслэгчдийн хөдөлгөөн гэж байгаа. Ер нь, 7.1-ний хохирогсдын холбоо байгуулах юм шиг байналээ. Үүнд түрээслэгчид, хилсдэн шүүгдэгсэд, эрүүл мэндээр хохирогсод, зарим цагдаагийн ажилтан ч нэгдэж болзошгүй. Төрийн тушаал гүйцэтгэж яваад золигт гарах дөхсөн нь цагдаагийнханд нэгийг бодогдуулсан гэнэ шүү.
О.Магнай иргэний хөдөлгөөний тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв. Цаазын ял төлөвлүүлэн хэлмэгдэж явсан тэр ялзарсан тогтолцоог хүлцэж тэвчихгүй, их л бухимдаж буй аж. “Ард түмнээ хүлээж авч , сонсч, ойлголцохын оронд, шууд гааздуулсан. Цагдаагаар ард түмнийг хэзээ ч номхотгодоггүй. Байшин доторхийг манай тал, гаднахийг дайсны тал гэх  сэтгэлгээ харагдсан. Цагдаа нар татвар төлөгчдөөр тэжээлгэчихээд, тэжээгчидтэйгээ тэгж харьцаж болохгүй, харин хамгаалж, үйлчилгээний ажлаа хийх ёстой. Шударга сонгуулийн төлөө тэмцсэн 7.1-ний залуусаар үнэхээр бахархсан. Ард олныг дарлаад байвал 20 давхар байшинг нь дэлбэлчихнэ. Өөртэйгээ хамт дэлбэлчихэд харамсахгүй амьдралтай хүн олон байна” хэмээн, хэв шинжит хурц дайчин үгээ хэлжээ. Энэ хүний удирдах тэмцэл мөн хурц дайчин болох болов уу.
Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулийн өмнө, яльгүй шалтгаанаар хэдэн намын сонгуулийн эрхийг хассаныг ҮХЦ хууль бус гэж дүгнэсэн нь, санаандгүй, ширүүн эсэргүүцлийн үүдэл боллоо. Хэлмэгдсэн намууд нөхөн сонгуулийг дахиултал үзэж тарна гэж байна. Сонгох эрхээ алдсан хүн бүр 50 сая төгрөгийн нөхөн олговор авах ёстой гэв. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам сүүдрийн ЗГ байгууллаа.
Орон нутгийн дарга нарыг огцруулах тэмцэл газар аваад байгаа. Нийслэлийн бараг дүүрэг бүрт тийм тэмцэл өрнөж, амжилт ч олж буй. Хан-Уул ч билүү дүүрэгт өлсгөлөн зарлацгаасан. Баян-Өлгийд ноднингоос хойш Хавал даргыг огцруулахын төлөөх  суулт үргэлжилж байгаа. Төрийн өндөрлөгүүд орон нутгийнхны тэмцэлд нүдэн балай, чихэн дүлий хандаж байгаа нь, өөрсдийнх нь ээлж ирэхийн цондон мэт.
Мэргэжил, боловсролын чанартай тэмцлүүд хойно хойноосоо ундрах болсон. Барилгын коллэжийн багш оюутан нар шударга бус удирдлагаа эсэргүүцээд удаж байна. Саяхан, уг эсэргүүцэлд нэгдсэн багш нарыг ажлаас халсан нь, зулд тос нэмсэн хэрэг болов.
“Дээд боловсролтой ажилгүйчүүдийн армийг багасгана” гэж сүрхий лоозогноод л, утга учиргүй алхмуудыг хийж эхэлсэн. Жишээ нь, их сургуулиудыг нэгтгэж эхлэв. Энэ нь, боловсролын систэмийн гажуудлыг засах, ажилгүйдлийг бууруулахтай огт хамаагүй бөгөөд, харин ч нэгтгэн удирдана хэмээх том аппаратыг буй болгож, хүнд суртал, авлигыг нэмэгдүүлэх, цаашилбал, нийлсэн нүсэр их сургуулийг дотоод гадаадын хэн нэгэнд хувьчлах ажиллагааг үе шатжуулах л шинж чанартай аж. Үүнийг багш оюутнууд эсэргүүцээд эхэллээ. 
Хувийн их дээдүүдэд ч ийм ажиллагаа явуулах гэнэ. Одоо чинь дураа хүрвэл, шууд нийгэмчилдэг болсон ш дээ. Нөхцөл байдлыг улам хурцатгаж, даамжруулах л алхам гэлтэй. 
Хотын утаажилтын асуудлаарх, засгийн газрийн хуралдаанд оролцсон нэг дарга “Бүх оюутнуудыг нийслэлээс гаргах шаардлагатай. Дагаад 800 мянган хүн нүүж одно” гэж ямар ч эрүүл ухаангүй зүйл яриад, “мэргэн санаа” гэж алга ташуулж л байсан. Гэтэл энэ бүх нийтийн цөллөг хэрэгжих нь ээ. МУИС-ийнхныг Буянт-Ухаагийн, ШУТИС-ийнхныг “Найрамдал” зуслангийн цаана хөөж, МУБИС, ЭМШУИС-ийнхныг бас л цөлөх болсон. Аанай, оюутан багш нарын эгдүүцлийг төрүүлжээ. 
Боловсролын салбарт тулгамдсан энэ мэт асуудлууд МОХ-г хөдөлгөөнд оруулсан. Оюутны билэтийн хэрэг гээчид холбогдоод байгаа МОХ эсэргүүцэл тэмцлээр нэрээ цайруулж болох. Бас тэднийг өндөр албан тушаалтан дэмжиж буй тухай сонин дээр бичсэн байсан. Ташрамд, хувьсгалын үйл хэрэгт эртнээс зүтгэх нь өлзийтэй гэх албан тушаалтнууд гарах л болно. 
Малчид, тариаланчдын эсэргүүцлийг магадлал өндөр байгаа. Мал аж ахуйг өрөөсгөлөөр дэвэргэн, мухардмал байдалд оруулсан төрийн буруу их юм. Зуд болоход хангалттай туслаагүй, эхэн үедээ бүр нуун дарагдуулах гэж оролдож байсан, байгалийн энэ гамшгийн үр дагавар өсөн нэмэгдсээр байх нь тэсрэлт үүсгэж болзошгүй. Тэгвэл атрын аян зэрэг нугалаанд өртөн хохирсон тариаланчид дутахгүй хэмжээний “дарь”-тай байгаа юм. ХАА-н дарьтай торх дандаа чимээ аниргүй байхгүй л болов уу. 
Нам засаг маань унахгүй байх арга замаа хайхын оронд, унах нүхээ л малтаад байдаг нь гайхалтай. Гадаадын ажилчдын татвар төлбөрийг цуцалж, Хятадаас олон ажилчин оруулж ирэх болсон нь олон нийтийн дургүйцлийг өдөөлөө. 
Хилийн чанадад гарч ажиллах монголчуудын тоог хязгаарлан багасгана,  эргүүлэн татна, мэргэжилтэй ажилчид гэж тооцон гадаадын уул уурхайн компанид мэргэжилгүй ажилчнаар зүтгүүлнэ гэх утга учиргүй зүйл дэвшүүлж, хэрэгжүүлэх гэж буй нь нийгмийн уур амьсгалыг хүндрүүлэв. Монголд аж төрөх нөхцөлгүй болгочихоод, өөр оронд амьдралын арга учрыг хайх гэхэд хориглох болсон нь туйлын харгис шинж чанартай. Манайхан өндөр хөгжилтэй орнуудад л очиж хөдөлмөрлөдөг, тэдний хөгжлийн нэгэн хүчин зүйл нь ашигт малтмал байсан агаад, ухаад шавхаад дууссан тул, уул уурхайд нь очиж ажиллах явдал байдаггүй. Эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрүүдэд  л мэргэжиж дадлагажсан тэднийг олборлолтод дайчлана гэдэг гайхалтай. Монголын баялагийг харийнхнаар аль болох хурдан түргэн цөлмүүлэх гэж ийм цөхөрсөн арга хэмжээ авах болов уу? Юутай ч атугай, ажиллах хүчин цухалдаж байна. 
Тээврийн салбарынхан бачимдсаар. Байнгын дарамт дор байдаг тэдний дотрыг “зорчигч тээврийг соёлтой байлгахын тулд, кондукторгүй болгоно” гэх бодлогогүй шийдвэр арзгануулж байна.  1-рт, хэдэн мянган кондуктор ажилгүй болно, 2-рт, “туулай ихэсч”, орлого багасгана, 3-рт, цахим картны аппарат тавиулах нь шаггүй үнэ өртөгтэй... 
Солонгосын Дэү компаниас нэг бүр нь 63 мянган долларын үнэтэй 400 автобус авсан нь анхны өвлөө л нилээд “хиарлаа”, яйрлаа. Үүний төлөө цаад компани хариуцлага хүлээхгүйгээ мэдэгдэж, стандарт нормыг баримтлаагүй жолооч, ажилчид буруутай гэсэн. Эгэл хөдөлмөрчид хамаг бурууг үүрч, төлбөр ялбарт ч унаж, өөр маягаар ч хохирч магадгүй. Зорчигч тээврийнхэн нэгдэж нийлэн эрхээ хамгаалахаар зориглож байна. Тэгэхээс тэгэх гэсэн шиг, тээврийн товчоог нүүлгэх ажлыг муу зохион байгуулснаас их зөрчил үүдэв. 
“Шатахуун түгээлтийн талаар гомдол гарч байна” гээд, түгээгчдийг ажиллуулахгүй, өөртөө үйлчлэх хэлбэрт шилжүүлэх сурагтай. Бас л ажилгүйчүүдийн эгнээ, бухимдал өсөх болно.
Нам засагт маань гахайн ханиад, хатуу өвөл, зуд зэрэг холбоотон байв уу даа. Ноднин нэлээн ширүүссэн эсэргүүцэл тэмцлийг ханиадны онц байдлаар зогсоож, өдий хүртэл сэхээхгүй байж чадсан. Гэхдээ ийм ядсан аргацаалт удаан туслахгүй. Хавар буюу, монголчуудын тэмцэл хөдөлгөөний сэзон эхлэх гэж байна. 
Маш их хэл ам татлах болсон эмнэлгийнхэн, салбараа эрүүлжүүлэхийн төлөөх, тасалдсан тэмцлээ үргэлжлүүлэх гэж байна. Цалин, хангамжаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөл тоног төхөөрөмжөө сайжруулах, төсвийг хэд дахин өсгөх нь тэдний шаардлага. 
Дунд сургуулийн багш нар ч тиймэрхүү шаардлагуудыг тавьж буй. Үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо эмч, багш 200 гаруй мянган хүний тэмцлийг зохион байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Социализмын үеийнхээс нийслэлийн хүн ам 2 дахин нэмэгдсэн, сургуульд хүүхдийг 6 наснаас авдаг болсон тул эмнэлгийн тоог 2, сургуулийн тоог 2,5 дахин өсгөх учиртай байв. Тэгсэн үү? Мэдээж үгүй. Наад зах нь л ийм байхад, тус салбарууд яаж олигтой байхав дээ.
Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэл тэвчихгүй гэдгээ мэдэгдсэн. Барилгын салбарын уналт, авлига, хүнд суртал, нугалаа завхралын эсрэг төр юу ч хийхгүй байна гэж тэд үзсэн. Уг салбарын идэвхжилийг нам засгаас хиймлээр дэвэргэн хөөргөдсөнөөр улс орон даяарын нийгэм-эдийн засгийн Их  нуралт 2008 оны намар эхэлж, одоо хүртэл даамжирсаар буй. Гэтэл хямралыг хэд дахин ихэсгэх урхагтай шинэ хөөргөдлүүдийг төрийн түшээд санаачилсаар.
Интэрнэт, РС тоглоомын үйлчилгээ эрхлэгчдийн тэсвэр барагдсан. Нийгмийн хамаг муу муухай тэднээс үүдэлтэй гэсэн суртал ухуулгыг байнга явуулж, бусад олон төрлийн дарамт хавчилтаар зовоож ирсэн. Гахайн ханиадаар шалтаглан үйлчилгээг нь зогсоосноор 5 тэрбумын алдагдалд орцгоожээ. Хохирлоо төрөөр барагдуулгана, тэмцэнэ гэдгээ тэд хэвлэлийн хурлаар мэдэгдсэн.
Төр засгийн үнэнч холбоотон байж ирсэн санваартан лам нарын санаа сэтгэл эргэж буй гэсэн. Урьд 1000 гаруй сүм хийдтэй асан Монголд өнөөдөр 800 хүрэхгүй лам нар нь ажилгүйдэж, ядуурч буй. Улс төрчид, олигархуудтай сүлбээцэлдсэн том толгой цөөн лам л ашиг хонжоо олж, шашин сүсгийг гуйвуулж буй тул Далай ламаас ч зэм шүүмжлэлийг хүртсэн. Винайн ёсыг сахидаг санваартан ч үгүй болсон. Энэ мэт нүгэлт байдал лам нарыг бухимдуулж байгаа аж. Шашныг устгаж буй этгээдүүдэд хилэгнэсэн тэд 1932 оныг санаж магад.
Бизнес эрхлэгчид эсэргүүцлийн жагсаал хийх сурагтай. Ноднин, төлөвлөсөн жагсаал нь гахайн ханиаднаас шалтгаалаад болоогүй. Хувийн хэвшлийнхнийг авлига, хүнд суртал, мөлжлөг, татвар, дарамтаар боомилдог, зээл олдохоо больсон, үйлчилгээ, үйлдвэрлэл борлуулалтгүй болсон, дуу хоолойг нь эрх баригчид сонсдоггүй зэрэг нь бизнэсийнхнийг эрх ашгаа хамгаалахад хүргэжээ. Бэл бэнчин, нөлөө хүрээтэй тэдний тэмцэл дорвитой байх биз ээ.
Сүүлийн үед эрх чөлөөг нь боогдуулж, хяхаж хавчиж, ял шийтгэлээр далайлгаж, дарамтлан дарангуйлах болсонд хэвлэл мэдээллийнхэн дургүйцэж байна. Салбарын шинэ хуулийн төсөл нь эрх мэдэлтэн яаж ч гуйвуулан тайлбарлаж, атгаг зорилгодоо ашиглаж болохоор зохиогдсоныг ч хэлэх үү. Хэвлэл мэдээллийнхний зүрхэнд хилэн хурж байна. Зоргоор дарлаж болох бууны ноход байхыг тэд хүсэхгүй аж.
Дээр дурдсан улс төр, мэргэжил боловсролын чиг-тэй тэмцлүүдээс гадна:
-Амлалт нэхэх ард түмний холбооны (2,5 сая төгрөг гээд л түмэн амлалт буй);
-Хүүхдийн, залуу гэр бүлийн 4 төрлийн тэтгэмжийг өгөхөө больсныг (тэгж байж л ахмадуудад 70 мянгыг өглөө ш дээ) эсэргүүцсэн;
-Татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө тэрбумтан болгодог гишүүдтэй УИХ-ыг тараах;
-Төрийн албан хаагчид болон, бусад хөдөлмөрчдийг ялгаварлахгүй байхыг шаардсан /байрны зээл зэрэгт/;
-Үнийн өсөлтөд дургүйцсэн;
-Ахмадуудын өмнө тулгарсан хурц асуудлуудыг шийдвэрлэхгүй байгаад бухимдсан;
-Утаажилтад хохирогсдын /хүн бүрд 100 сая төгрөг олгохыг шаардаж буй/;
-Одонг шинэ тарифаар дагалдах мөнгөн шагналыг бүх одонтонд нөхөн олгох, зарим цол шагналыг үнэ хүндгүй болгон цуцалснаа болиулахыг шаардсан;
-Чойбалсан хотын Баянтүмэн гэх нэрийг сэргээх зэрэг олон тэмцэл өрнөх гэж буй.
-Ашигт малтмалаа бие даан эзэмших, харийнхнаас чөлөөлөхийн төлөө хөдөлгөөн хамгийн далайцтай, хүчирхэг нь болж магад.
Энэ бүхэн нийлээд юу болох вэ? Хувьсгал л болно. Оролцсон нь хувьсгалын партизан, оролцоогүй нь хувьсгалын эсэргүү болно. Нэоколоничлол-гэноцидийн талынхан яах хэрэгтэй вэ? Эртхэн л буруугаа хүлээж, бууж өгөх хэрэгтэй вэ? Эртхэн л буруугаа хүлээж, бууж өгөх хэрэгтэй гэж зөвлөе. Өөр яах юм тэд? “Форшокийг” санах хэрэгтэй ш дээ. Толгойг нь илнэ гэж үү?
1990 оны хувьсгал маань хилэн /матэриал/ адил зөөлөн байв. Хэтэрхий зөөлөн асан тул, тогтолцоог хөндөж чадаагүй юм. Ирэх жинхэнэ хувьсгал хилэн /матэриаллаг бус/ адил хатуу байх болно. Рүмыний хувьсгал шиг л.
Тэр хувьсгалыг санацгаая л даа. Чаушэскугийн галзуу солиотой дэглэм ноёрхож байв. Аливаа харгис дэглэм эрүүл ухаан дээр суурилдаггүй тул сэтгэцийн гажиг, эмгэгт зайлшгүй хүрдэг. 
Ард иргэд нь маш ядуу, орон сууцанд халуун усыг 7 хоногт 1 удаа өгдөг, өдөр бүр олон цагаар цахилгаангүй байлгадаг хуваарьтай, өвөл ч халаалтгүй. Улс нь нэфтийн их баялагтай. Намын дарга нар болохоор хаад ноёд шиг амьдарна.
Дэглэмийг эсэргүүцэгч /диссидэнт/ унгар лам Ласло Тэкэшийг 1989 оны эцсээр баривчилжээ. Тэмэшвар хотод, унгарчууд үүнийг эсэргүүцэн жагсав /Рүмынд 1,5 сая унгар хүн амьдардаг/. Жагсаалыг нам засаг гал нээн угтаж, олон хүний амийг хөнөөв. Чаушэску нар унгарчуудыг жигших үзлийг дэлгэрүүлдэг асан ч, Рүмыний ард түмний тэсвэр алдарч, 12-р сарын 20-нд тэр аяараа бослоо. Дарангуйлагч, өөрийг нь олон нийт дэмжиж буй мэт харагдуулах учиртай цуглаан хийлгэж мунхруулах гэтэл, хурсан хөдөлмөрчид эсэргүүцэн шүгэлдэж, хараал зүхэл хашгирав.
Чаушэску зугтлаа. Гэвч хувьсгалчдад баригдав. Хээрийн шүүх болж, тэр үеийн хуулиар, гэноцид үйлдсэн, ард түмний эсрэг зэвсэгт ажиллагаа зохион байгуулсан, улсын эдийн засаг, төрийн бүтцэд ноцтой хохирол учруулсан зэрэг зүйл ангиар яллаж, дор нь буудан, цаазалсан юм.
Ард түмнийхээ эсрэг тэмцэх гэж байгуулсан, дотоодыг хамгаалах яамны “Сэкүритатэ” гэх зэвсэгт хүч армиасаа хүчирхэг байлаа. Түүний эсрэг хувьсгалчид, арми байлдаж, 12.27-нд ялалт байгуулсан. Хувьсгалын явцад 1104 хүн амь үрэгджээ. 
Чаушэску 1966 оноос олон хүүхэд төрүүлэхийг шаардах болж, бяцхан үрсийн тархийг багаас нь угааж, манкурт боол болгохыг зорьсон. Өөрөө тэднийг Чаушэскугийн хүүхдүүд гэж нэрлэдэг байв. Гэтэл тэд үнэнч боол болсонгүй, Рүмыний хувьсгалын үнэнч дайчид болжээ.
Ийм л хувьсгал гарч магадгүй байна шүү таминь ээ. Нэгдэн нийлээд, зохион байгуулалттайгаар, хуулийнхаа хүрээнд тэмцээрэй гэж зон олондоо уриалмаар байна. 
Хавар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой, ирэх онд Үндэсний хувьсгалын 100 жилийн ой болно. Энэ хийморь сүлдтэй сайхан ойнуудаа хувьсгалын өндөр амжилтаар угтацгаая аа, ард түмээн!
Ч.Мөнхбаяр. MMX.II.XVI

No comments: