Монголд Пэлэ, Марадона, Платини нар
ирэх гэж байснаа больсны нууц
Дэлхийд хамгийн түгсэн спорт бол хөлбөмбөг билээ. Хөлбөмбөг хөгжөөгүй орон гэж огт байдаггүй. Байдаггүй ч гэж, Монгол л байна. Энэ бол бөмбөрцгийн шившиг мөнөөс мөн. Нэг ч хөл бөмбөгийн талбайгүй. Тэгэхэд 100 мянган хүнтэй, Карибын жижигхэн ядуу улсад өчнөөн төчнөөнөөрөө байж байдаг. Одоо манайд байгаа нэг талбай шүү юм бол үндсэндээ бэлтгэлийн талбай.
Уг нь Монголд хөл бөмбөг хөгжүүлэх гэж хүн төрөлхтөн мөн ч их чармайсан. Азийн Бразил болгочихуйц хэмжээний мөнгийг ФИФА, Азийн холбоо, үндэсний холбоод, гадаадын спонсорууд цацсан. Ор сураггүй алга болсон гэж хөлбөмбөг сонирхогчид дүгнэдэг. Жил бүр өчнөөн мөнгө, эд материалаар бороо оруулж, үер буулгадаг аж.
Азийн холбооны Бин Хаман ирэхдээ, танайд жилд 250 сая доллараар туслая гэж байжээ. Яагаад Бин Хаманыг эшлэв гэхлээр, дотоодын удирдлагын амнаас бол мөнгөний тоо багцаа сонсолтгүй аж. Ядуу буурай оронд хөл бөмбөг хөгжүүлэх “Гоол” төслөөс 2001 онд хиймэл зүлэг хийгээрэй гэж 450 сая доллар өгчээ. Монгол улсад гаднаас орж ирдэг бүх зээл тусламжаас, хөл бөмбөгийн спортод маань ирдэг буцалтгүй тусламж бараг даваад гарчихдаг юм байх. 1998 оноос ФИФА тусламжаар булсан /2004 онд гэхэд л 400 сая доллар, бас өчнөөн хэрэгсэл өгч/. Арай булагдаж дарагдчихсан юм биш биз дээ, манайхан. ФИФА-д сайхан баг гаргаж ирнэ, хөл бөмбөгийн Чингис хаан болцгооно л гэж амласан. Баг ч байхгүй, хөл бөмбөгийн одоо хэн болсон гэхэв, лилипут, пигмэй зигмэй, төөтгөөхөн хүү, сүүлэнхүү гэмээр ч юм уу.
Цар хэмжээг төсөөлөхийн тулд, хөл бөмбөгийн хотхон байгуулна гэж байсныг дурдахад хангалттай.
Хөл бөмбөгийн стадионууд барина. Тэр цэнгэлдэхдээ дотоод гадаадын янз бүрийн арга хэмжээ зохиож ашиг олно. Дээд зэргийн зочид буудал, морин тойруулгын стадион гэхчлэн ашгийн байгууламжуудыг бас босгоно. Мэдээж хөл бөмбөгөө дээд зэргээр хөгжүүлж, Азийн Бразил болно. Хотхоны ашиг орлого нь хөл бөмбөгийн спортоо цаашдаа бүрэн санхүүжүүлээд хөгжүүлээд явна. Ашиг орлогоор нь Монголд клүбийн системийг хөгжүүлнэ. Гадаадынх шиг, орон нутгийн багууд /клүбүүд/ хүчирхэгжиж, улмаар монгол хөл бөмбөг хөл дээрээ зогсож, Гүлливэр болно гэдэг асан. Тэр хотхоныхоо загвар макэтыг гаргачихсан, газрыг авчихсан байв. Одоо тэгтэл ганц бэлтгэлийн талбайтай /олон үзэгчийг багтаах боломжгүй, үзэгч ч үгүй/, хотхоны газар нь ч алга болчихсон.
40 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх /40 мянга гэдэг дэлхийд гологдохгүй хэмжээ/ барьж, Пэлэ, Мародона, Платини нар ирж нээнэ гэж байж. Тэр стадион байхгүй юм чинь юу гэж ирэх вэ дээ. Ямар улсын баяр наадмыг нээлтэй нь биш.
Футзал, эмэгтэйчүүдийн болон элсний хөл бөмбөг хөгжүүл гээд бас мөнгө өгч. Футзалын битүү танхим барь гээд өчнөөн мөнгө хуваарилжээ. Юун танхим байтугай, футзал гэдэг үг ч дуулдсангүй ээ.
Англиас гурван дасгалжуулагчийг ФИФА илгээнэ гэсэн ч, манайд хөл бөмбөг байхгүй учир ирээгүй. Хятадад мэргэжлийн хөл бөмбөгийг зохион байгуулсан алдарт мэргэжилтэн Шляпнер ирж Монголд зохион байгуулаад өгье гэхэд хүлээж аваагүй. Огт байхгүй юмыг яаж зохион байгуулах вэ дээ. Монголд хөл бөмбөг хэвлэл мэдээлэл, компютэрийн тоглоом, холбооны нэрэнд л буй.
“Дуулиан-2020” гэдэг хөлбөмбөгийн кампанит ажил өрнөв үү, яав. Хэдэн жаахан хүүхэд тасалгаанд бөмбөг өшиглөчихсөн зогсч байсан. Тэр “Дуулиан-2020”-ийн хүрээнд багуудад 10-20 сая төгрөг өгсөөн л гээд байсан нь худал юм гэнэ шүү. Өгсөн ч байж магадгүй, гэхдээ 10-20 сая бол биш, 10-20 төгрөг арай бус.
Удирдлагын шударга сонгууль болдоггүй, сонгууль болсон үгүй нь ч мэдэгддэггүй гэж бичигддэг. Мундаг мундаг улс төрчид, бүр ерөнхий сайд хүртэл тэргүүн нь болдог. Манай улс төрчид юмыг устгаж, үгүй хийхээс өөр зүйлийг хийж чаддаггүй хойно доо. Тэд юуг л харнав хальс, үзвэл үнс болчихдог. Хилэгнэсэн хөл бөмбөгийн фэнүүд бүр удирдлагыг нь хужаа мужаа гэж бичсэн байдаг шүү, базарваань. За тэр хужаа нь ч яахав, манай хөл бөмбөг урагшаа биш, арагшаа хөгжиж ирсэн нь л үнэн.
Монголын хөл бөмбөгчид 60-аад онд ЗХУ, БНХАУ, БНАСАУ, Унгарт очиж нөхөрсөг тоглолт хийж, эндээ гадныхныг хүлээж авч тоглодог байж. Монгол заавал Зөвлөлтөөс дор байх ёстой гэсэн доктриний дагуу манайд хөл бөмбөг, бокс, жүдо /чөлөөт бөхийг ч дарж хэлмэгдүүлж байсан шүү дээ/-г хорьсны улмаас, тэмцээн уралдаанд оролцож гавиагүй унтарсан.
Зөвлөлтийн дарлалаас гарсны дараа, хөл бөмбөг хөгжиж эхэлж, олон улсын тэмцээнд гоол оруулчихдаг, жижиг орны багийг хожчихдог, том улсынхтай тэнцчихдэг ч болов /130 сая хүн амтай, хөл бөмбөг хөгжсөн Бангладэштэй 2:2-оор тэнцсэн/
АШТ-д ордог болоход тун ойрхон л байлаа. Гэтэл гаднаас тусламж ирэх тусам л улам доройтоод, хөл бөмбөг тоглож чадах уу, үгүй юу гэдгийг сорих шүүлгэнд нь л алдаг оног орж, тэр шүүлгийн дагуу Мальдив /100 мянган хүн амтай, өчүүхэн арлууд/ гэдэг экваторын улсын тамирчдыг -25 хэмд Улаанбаатарт авчраад 1:0-оор хожигдож, нутагт нь очоод 12:0-оор бут ниргүүлсэн. ТАШТ-д байтугай урьдчилсан тоглолтод нь тэнцэхгүй, ордоггүй болсон шүү дээ. Ийм ч байдалд хүрэх гэж.
Шигшээ маань хоёр жилд нэг тоглодог, чансаа чанараа дээшлүүлэх тоглолт хийдэггүй. Удирдлага болохоор хөл бөмбөг хөгжчих вий гэж үхтлээ айдаг гэнэ. Дэлхийн шигшээдийн чансаанд 171-рт бичигдсэн. Бараг хамгийн сүүлд. Манай дээр дөч тавин мянган хүн амтай, Карибийн ядуу зүдүү улсанцрууд болон Сэнт-Винсэнт, Сэнт-Кристофэр ба Нэвис зэрэг улсууд заларчээ.
Хөл бөмбөг гэж бараг байхгүй атал, тамирчид дасгалжуулагчдын эрхийг хасах төвшингөөрөө дэлхийд тэргүүлдэг шахуу. Шударга бус шүүлтээр мөн адил. Тиймээс шүүгчийг загнах зодох нь гайхалтай зүйл биш болж.
Уг нь Монголд хөл бөмбөг сонирхох явдал маш өргөн ажээ. “Их талын дуулиан” ТББ тэмцээн зохиох гэтэл зөвхөн нийслэлээс 239 багийн 2068 тамирчин бүртгүүлжээ. Гэтэл хөл бөмбөгийн УАШТ гэж үүний хаана нь ч хүрэхгүй арга хэмжээ болохчоо аяддаг гэнэм.
Монголын спонсорууд ч хөл бөмбөгийн хөгжилд зовнин, туслая дэмжье гэдэг байна. Тэдгээр спонсорууд гурван хиймэл зүлгэн талбай бэлэглэе гэхэд удирдлага хүнд суртал гаргаад хөдлөөгүй гэв үү. Ногоон талбайд биш, ногоон өөр юманд дуртай бололтой дог оо.
Монголын холбоо, хөл бөмбөг гэж хоорондоо огт хамааралгүй, тусдаа зүйлүүд сүүлийн үед тогтнох болж. Хөл бөмбөгийн хорхойтнууд, “Хөл бөмбөгийн 7.1 хийцгээе!” гэж нээтэд бичсэн байна билээ.
Ч.Мөнхбаяр. ММХ.II.XXII
P.S. Нээтийн матэриалууд дээр суурилан, хөл бөмбөгийн спорт хөгжөөсэй, сөрөг үзэгдлүүд нь арилаасай гэсэндээ үүнийг тэрлэв.
No comments:
Post a Comment