Monday, March 8, 2010

Манжийн засаг захиргааны хуваарьт Монголыг шилжүүлж, Хятадад нэгтгэх бэлтгэл хийж байна


Эхлээд шинээр байгуулагдах Алтай Хан аймгийг, дараа нь үлдсэн 3 шинэ аймгийг Хятадад бэлэглэх төлөвлөгөө гэлтэй

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх санал нь амьдралаас урган гараагүй, нийгэмд ямар ч эерэг ач холбогдолгүй бодол ажээ. Юуны өмнө шинээр их хэмжээний мөнгө төсөвлөж, үрэн таран хийсэн л “ажил” болох вий. Энэ саналыг үл зөвшөөрөх үндэслэлүүд гэвэл:
1. Засаг захиргааны нэгжүүд хэтэрхий тархай бутархай, жижиг учир төрийн зардал их байна гэж шүүмжилдэг. Гэтэл шинэчлэх санал байдлыг улам ч даамжруулах юм байна. Саяхан нэг хоттой гэж туйлширч байснаа, одоо 26 хоттой болно гэж нөгөө тийш туйлширчээ. Огт байгаагүй хошуу гэдэг нэгж 68 болох нь. Сум 300 гаруй байсан, тэр л хэвээрээ. 

Үүн дээрээс засаг захиргааны шинэ нэгжүүдээ байгуулах гэж шинэ захиргаа, тамгын газар, албад үүсгэж, нүсэр нүүдэл суудал, асар их зардал чирэгдэл гаргах нь байна. Төрийн зардал багасах биш, бүр ч өсөх нь тодорхой.
2. 1931 оны шинэчлэлээр үндсэндээ тэр чигээрээ байсан Манжийн засаг захиргааны хуваарийг халж, тусгаар тогтнолоо бататгах алхам хийсэн. Одоо Манжийн хуваарийг сэргээхийн учир юун? Хятадад Манжийн хуваарь төдийлөн өөрчлөгдөөгүй хэвээр буй. Түүнтэй нэгдмэл болох гэв үү?


3. Ардын хувьсгал феодалын хоцрогдлын эсрэг шинжтэй байсан. Гэтэл “шинэ” хуваарьт феодалын нэр цолтой нэгжүүд үүсэх аж. Тухайн нэгжийн удирдагч нар хан, ноён, гүн, ван, өөрөөр хэлбэл феодалууд болж хувирах юм байна. Феодалын нийгмийн харилцаа, ардын хувьсгалын өмнөх байдал бидэнд үгүйлэгдээгүй.
4. Хэт том 4 аймаг улсдаа захирагддаггүй том толгой феодалуудыг /хан/ төрүүлнэ. Тэд газар, баялгаа харийнханд худалдах нь чөлөөтэй болно. Улс орны эв нэгдэл алдагдаж, салан тусгаарлах, харьд нэгдэх байдал ч үүснэ. 
5. Манжийн хорт бодлогын дагуу үүссэн хуваарийг халж, тусгаар тогтнолоо бататгасан шинэ хуваарьтаа Монголын ард түмэн дасчээ. Төрсөн нутаг, миний нутаг гэх элгэн халуун, эх оронч сэтгэл энэ л шинэ хуваарьтай холбоотой. Шууд л “одоо чи тийм аймаг сумын уугуул биш, өөр аймаг хошууных болсон” гэж тулгах нь ард иргэдийг төрсөн нутаггүй, эх оронгүй болгох мэт байна.
Үл гүйцэлдэх элдэв санал дэвшүүлж, ард түмний хөрөнгө мөнгийг үрэн таран хийх янз бүрийн арга сүвэгчилж бай гэж бид төр засгийн удирдлагыг сонгодоггүй. Зүсэн зүйлийн үл бүтэх юм сэтгэдэг оюун ухаанаа зөв юманд дайчилж, харийнханд үнэгүй өгчихсөн ашигт малтмалын ордуудаа хэрхэн буцааж авч, ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулах вэ гэдэг талаар ажиллуулбал асар их ач холбогдолтой гэдгийг сануулмаар байна. Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн үндэсний баялаг-ашигт малтмал монголын ард түмэнд зориулагдах аваас, хэн бүхэн жаргалтай сайхан амьдрах нөхцөл бололцоо бүрдэж, элдэв үл гүйцэлдэх зүйл сэдэн аргацаах шаардлага үгүй болох юм шүү. 

Ч.Мөнхбаяр
MMV.V

No comments: