Уран сайхны нийтлэл
Ц.Мөнхбаяр нарын дөрвөн морьтон:
-Шаардсан хугацааны дотор үйл ажиллагаагаа зогсоохгүй бол, хамаг ухдаг төнхдөг техникийг чинь зад буудаад, хүчээр үйл ажиллагааг чинь зогсооно шүү гэхэд хужаагийн бэлэн хоолыг ухаангүй үмхлэх орчуулагч монгол:
-Битгий солиор оо! Муусайн гуйлгачид та нар харин амьд дээрээ зайл! Биднийг монголын цагдаа, хятадын арми хамгаалдаг юм шүү! гэв.
Удалгүй буудлага эхэлж, компаний хашаан дотор хэн хүнгүй л бажгадан нуугдав. Хэдэн монгол алт олборлодог баян хятад компанийг шүүрэн шанага болгочих нь тэр.
-Ахин үйл ажиллагаа явуулбал ахиж ирж буудна шүү! За, та нар сайхан мэдээрэй! гээд морьтнууд өөр хужаа компани руу давхин одов.
Экскаватор дороос мөлхөн гарч ирсэн захирал уйлагнан:
-Ээ, дүнхийсэн сайхан компанийг минь дөрөвхөн монгол сөнөөгөөд хаячих гэж! Одоохон та нарыг цагдаад мэдэгдэж, зоосны нүхээр цувуулж хаяна даа гээд салганасан хуруугаар утсаа чичлэв…
Цагдаагийн ажилтан:
-Ах минь би ч гэсэн ардын хүүхэд. Таныг бүрэн ойлгож байна. Энэ харийнхан хамаг хуулийг зөрчөөд, түрэмгийлэгчид шиг авирлаад эх сайхан нутгийг минь сүйдлээд байхаар хууль сахиулагч миний хувьд ямар хэцүү байдаг гэж санана. Даанч дээгүүрх дарга нар тушаал буулгаад хөдөлгөдөггүй… мэдэл байдаг бол таныг явуулчихмаар л байна. Ардууд ч эндээс гараад явахаар барьж идчих гээд… Бас буудна гээд байх боллоо… гэж үглэхэд Ц.Мөнхбаяр:
-Би батлан даалтаар гармаар байна гэдгээ хэлсэн шүү дээ. Хангалттай мөнгө байна. Тэмцэлд бүхнээ зориулахын тулд гэр хогшлоо ч зарсан гэв.
-Таныг гаргая аа, гаргая. Харин ийшээ тийшээ явж болохгүй, элдэв янзан бүрийн алхам хийж болохгүй, нам гүм, таг чиг байх ёстойгоо та мэдэж байгаа… гэж ажилтан анхааруулав.
Гэвч Ц.Мөнхбаяр нар гарангуутаа л нийслэлд очиж, хэвлэлийн хурал хийлгэхээр хөдөллөө.
-Хүүе, нэхэж баривчлахгүй бол болохоо байлаа гэж нэг цагдааг сандран өчихөд нөгөө ажилтан:
-Яах ч арга алга. Тэгвэл Сэлэнгийн ард түмэн бүгд босно шүү дээ. Нийслэлд баривчлаад, Төв аймгийн нөгөө аймаар мөглөнд хийх юм гэнэ лээ, хөөрхий гээд бодлогошров…
Төв аймгийн мөглөнгийн гадна олон морьтон, машинтан багшран бүсэлсэн нь хэн ч сүрдэм.
-Одоохон суллахгүй бол буудлаа шүү! Анхааруулж байна! гээд л тэд хашхирна. Шоронгийн орлогч:
-Суллахгүй бол ч болохоон байлаа даа гэхэд дарга нь:
-Тэгвэл дээрээс бидний толгойг авна шүү дээ. Чамд ер нь өөрийн ухаан байнуу гэв.
-Эд чинь харин толгой авах гээд байна. Ёстой л бид өөрийн ухаангүй болох байх даа гэхэд “Нэг, хоёр, гурав!” гээд гадаа хоороор тоолох дуулдана. Арав хүртэл тоолонгуут манай хоёр өөрийн эрхгүй шалан дээр хэвтэж, нижигнэсэн их буудлага эхлэв.
Шоронгийн удирдлага цаасаар урласан цагаан тугаар арайхийн даллаж байж л, буудлагыг зогсоолоо. Сум нь дуусах болов уу гэсэн тэдний горьдлого талаар өнгөрсөн юмсанж.
Ц.Мөнхбаяр нар суллагдан гарч ирэхэд уухай хадав. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур маань дохио үзүүлэн уухайг намжаагаад:
-За одоо бүгд дөрвөн зүг, найман зовхис руу одож, харийн хууль зөрчигчдийг буудацгаая! Өөр надад хэлэх үг алга! гэв…
Засгийн газрын хуралдаан болж байв.
-Аймаг бүрт л гадаадын хөрөнгө оруулагчдыг буудаж байна. 21 аймгаас нийтдээ 300 орчим мянган, их төлөв Хятадын иргэд дүрвэж байна. Тэхник хэрэгслийг нь буудсан тул явган явцгааж байна даа, хөөрхий гээд нэг сайд хоолой чичигнүүлэн хэлэв. Өөр нэг сайд:
-Хятадаас цэрэг оруулж, бослогыг дарж, онц байдал тогтоохыг хүссэн. Тэр юу болж байна вэ? гэхэд:
-Нэг ялихгүй жижиг дарга л утсаар биднийг загнасан. “Хулгайч дээрэмчин та нар л энэ асуудлыг өдөөлөө. Арай гэж дэлхийн эдийн засаг, улс төрд гайгүй байр суурьтай болж байхад, тэнэгүүдээс болж тэр бүхнийгээ нурааж чадахгүй. Танайх руу цэрэг оруулбал ийм л эгзэг хүлээж байгаа АНУ хөдөлнө. Дэлхийн бусад улсуудын цэргийн нийлбэр зардлаас илүү цэргийн зардалтай Америкийг хэнбугай нь ч барахгүй. Ахиж та нартай ярихгүй. Шинэ засагтай чинь олон улсын шударга жишгээр ярина. Дүрвэгсдэд зориулж тээвэр, хүнс, майхан л явуулна” гэсэн гэх хариу сонсогдлоо.
Гэтэл гаднаас нэг ажилтан амьсгаадан орж ирээд ерөнхий сайдад бичиг өгөхөд гар нь салганан уншиж байснаа:
-За, хаашдаа өнгөрчээ. Энд буудаад эхэллээ. Хүчнийхэн босогчдын талд орж байна гэнэ. Амь гаръя гэвэл огцрох л болж гэв. Нэг сайд:
-Амь гарч болох юм уу гэж арайхийн дуугарав.
-Болох нь болно. Гэхдээ биднийг уурхайн хүнд нөхцөлд хар ажил хийлгэх гэнэ дээ гэтэл буу тасхийв. Нэг сайд амиа хорлосон байлаа…
Муухай хашхираад дарга сэрчихэв. Аймшигтай хар дарсан зүүдийг умартан тайтгарахын тулд хүйтэн виски залгилахаар хөргөгч рүүгээ гэлдрэв. Утас нь хангиналаа. “Арай нийслэлд буудаад эхэллээ” гэхгүй байгаа гэж халширсаар авбал:
-Өнөөдрийг ч зугаатай өнгөрүүлнэ дээ. Бээжинд цэнгэцгээнэ. Ерөнхийлөгч хамт явна! гэх найзынх нь дуу чих дүлийрүүлэх дөхөв.
-Ямар ерөнхийлөгч?
-Улсын ерөнхийлөгч л байхгүй юу! Өөр ерөнхийлөгчийг авч хэлэлцэхгүй ш дээ.
-Бөөн хэл ам гарвал яана?
-Хэвлэлийн алба нь хаашаа ч яваагүй гээд л аргалчихна ш дээ. Аргалах гэж л тэр чинь байдаг юм байгаа биз дээ. Чи чинь юу болчихоов, өмдөндөө баачихаа юу, ха ха гээд цаадах нь утсаа таслав.
Мань дарга вискинээсээ гайгүй том балгаж аваад нээрээ баадаг ч юм уу гэж бодов. Сурсан зангаараа нэг сонин бариад, суултуур дээрээ тухлангаа дэлгэсэн чинь Говь-Алтайд 50 мянга орчим нинжа бослого дэгдээх, буудахад ч бэлэн гэдгээ мэдэгдээд байна, хаа сайгүй ийм нөхцөл байдал бүрдээд байна гэсэн мэдээлэл үзэгдэв ээ…
Ч.Мөнхбаяр
ММХ.IX.XVI
No comments:
Post a Comment