Wednesday, November 3, 2010

Ярваан дүрийг үзүүлсэн нь

(шог үгүүллэг)

Гадаадад удаан суусан багын найз маань над руу ярьдаг юм байна. Тэгээд л утасны төлбөрийг нь урсган байж, жаргал зовлонгоо хуваалцваа. Гол нь зовлонгоо л хуваалцсан даа, жаргалыг ч ямар хуваалцаж болох биш. Найз Өөгий маань:
-Баагий гараа сэргээлгэсэн үү. Ярих юмсан. Биднийг чинь шадар гурван цэрэг л гэдэг байсан шүү дээ.
-Цаадах чинь ярваан дүрийг үзүүлчихсээн. Холбоо барих ямар ч боломжгүй. Мань мэтээс бүрмөсөн хөндийрч, танихгүй хүн шиг, тангараг тасарсан шиг болсон доо! 
-Юу? Хэзээ тэр вэ! гэснээ л Өөгий енгэнүүлэв. 
Үгүй энэ гадаадад байсан улс чинь яасан ч баярлах, гомдох нь амархан болчихдог юм б дээ.
-Саяхаан. Чи одоо уйлаад яахав. Нулимсны гарз.
-Нээрэн ч тийм юм уу. Одоо л лав Бурхны оронд очоо доо, Баагий минь.
-Очсоон очсон. Өөрөө ч очихыг их хүсч байсан даа, хөөрхий. Өдрийн бодол, шөнийн зүүд болоод л үүлгэртээд явдаг байсан юм, чааваас.

-Бүр өөрөө хүсч байсан юм уу. Ганц гар ч тэсгээхгүй зараад, хаяад уучихдаг байсан хүн тэр заяа нь хаясан амьдралаа орхиё гэж бодолгүй л яахав. Тэгээд зовлон шаналангаасаа салж чадсан болов уу? Төгс амгаланг олсон юм уу, яасан юм бол…
-Тэр дээгүүр, үүлэн дунд хөвөөд манийхаа малгай дээр шүлсээ хаяад ухаангүй яваа амьтан чинь, урьдынхаа амьдралаасаа ч бол бүрмөсөн салсан л даа. Харин зовлон шаналангаас ангижраагүй, төгс амгаланг ч эдлээгүй.
-Бурхны оронд албан ёсоор, “ногоон картаар” нь нэвтэрчихээд, яахлаараа тэгдэг билээ? Ямар хуурамч виз ашиглаад харлаад үлдчихсэн байгаа биш.
-Яахав дээ, ярваан дүрийг л үзүүлсэн болохоос, нөгөө айхтар уудаг иддэг нь хэвээрээ ш тээ. Харин ч бүр ихэссэн, болох болохгүй, хамаа намаагүй юм идээд уугаад, эрээгээ алдсаан.
-Чи яаж хурмастын явдлыг мэдээд байгаа юм бэ. Лам замаар үзүүлциймүү, хаашааийн. Сонин сонин юм яриад байх чинь.
-Миний өөрийн маань билгийн нүд нээгдээд ямарваа ярваан дүртнүүдийг нэвт шувт тольддог болчихсоон. Харин духан дээрээ таван хошуу шиг гоё гурав дахь нүдтэй болоход минь Баагий яахав эчнээ тусалж дээ. Чадаж байгаа юманд арга байхгүй.
-Шамбал Мамбалын гэгээн улсыг чи яаж ингэж ичгүүргүй доромжилж чадна вэ. Өнгөтэй өөдтэй яваа нэгэндээ жөтөөрхдөг өвчтэй болох нь үү дээ. Иддэг уудаг ч гэх шиг. Тэр тэнгэр хурмастад чинь төгөлдөршиж гүйцээд, газар дэлхийн үйл хэрэг, хүсэл зовлон, хүлээс аргамж, үхэл мөхөл, цаг хугацаа, орон зайнаас ч чөлөөлөгдөнө шүү дээ. Хоолойгоор нь юм давах ч үгүй, хоол хүнс ч байхгүй төгс ертөнц.
-Юун ч бялдууч юм б дээ. Тэр Дээд Тивд чинь ёстой хундаа тавилгүй сархад хүртэж, хутга тавилгүй мах зооглож, торгон дээр хөлбөрч, тосон дээр өнхөрч, тэр чинээгээр нь би ядуурч зүдүүрч, Доод Тивийн ёроолд гүн гүнзгий шигдэж байнаа, хө. 
Чамайг харин ийм албан тушаалын өмнө сөгдөж мөргөсөн эмзэгхэн амьтан гэж бодсонгүй. Цаад Баагий чинь дөнгөж нэг хэвлэлийн албаны дарга шүү юм болсон ш дээ. Хамраа сөхөөд байх юм байх ч үгүй.
-Тэнд үү дээ?
-Тийм ээ, энд!
-Ингэхэд чи ер нь хаанаас ярьж байна? Бас нөгөө дүрийг үзүүлчихсэн юм биш биз?
-Найз нь хөөрхөн үзүүлчихсээн. Бригадын дарга болсон. Гэхдээ ярваан дүртэй болоогүй.
-Еэ, бүү үзэгд. Эвий хоёр найз минь ингэж ч балрах гэж… гээд л Өөгий цорхирон уйлахад золтой л утсанд нулимс нэвчсэнгүй. 
-Бидний баларсныг чи юун сүрхий гэнэт мэдэрчихэв? Баагий ч яахав далдганаж яваад Сангийн сайд Намсрайн хамт авлигын хэрэгт холбогдсон. 
Би ч газар дороос гарахаан байж, гэрэлт орчлонг үзэхээн больсон доо.
-Байтлаасаа, Намсрай бурхныг авлигын хэрэгт хутгах нь уу. Уг нь өчнөөн мянган жил албаан хэл ам, хал балгүй хашаад л ирсэн юмсан. Сөрөг хүчний бурхдынх нь хар PR наагуур чинь яваад байгаам бишүү.
-Намсрай угаасаа л авлигын загалмайлсан, занхайсан эцэг ш тээ. Чиний хувьд л Бурхан болчиж л дээ. Яг л Бурхан болгож харагдуулаач дээ. Миний хувьд бол чөтгөр Намсрай хоёр ихэр. Чөтгөр гэхээр л Намсрай харагдаад, Намсрай гэхээр л чөтгөр бодогдоод байхыг яана. 
-Пээ чиний нүгэл нүдээр чинь гарлаа, гарлаа… Намсрай гуайг хуга доош нь хийдэг байнаштээ. Бүр бурхадтай барьцах нээ… Өөрөө л харин чөтгөр болчихсон юм шиг ээ. Газар доор байна гэхлээр…
-Бага шиг хүн доромжлоорой. Ариун цагаан хөдөлмөр хийгээд л мөлхөж байгаа байх шүү. Тэр Намсрай бурхан чинь бурхдынхаа улс төрийн хүүр нь болсон мэдвүү! Өөд нар харах ч үгүй.
-Цагтаа болохоор бүгдээрээ л Баян Намсрай, Баян Намсрай гээд тахиж шүтээд байсан хэрнээ, яахав эр хүн нэг эндээд авлигын хэрэгт холбогдчихоор нь чөтгөр мөтгөр юу юу гэнэ вэ. Туйлшрахыг ч үзүүлж өгөх юм аа, та нар. 
Дээд гэгээнийг бүтээлийн талбар дээр тунхаглахыг хүсвэл ариун цагаан хөдөлмөр хийдэг юм. Доод тивд орчихсон хүн бол нэмэргүй л дээ.
-Чи тэр өгөр хувхай авлигачдыг надаас дээр гэх гээд байна уу? Хн, унаган багын найз гэх…
-Бурхад авлигач болчихсон юм уу, одоо?
-Тийм.
-Төрөл арилжжээ, та нар? Бурхны оронд очсон хүн зовдог болчихсон юм уу?
-Тэгэлгүй яахав. Дээд тив гээч чинь маниас дордоно уу гэхээс, дээрдэх юм нэгээхэн ч байхгүй. Огторгуйн хар нүх л гэсэн үг. Муусайн ярваан дүртнүүдийг дээ…
-Тэр дүрийг үзүүлнэ гэдэг бол Бурхантай тогтоосон мөнхийн амгалант, энхийн жаргалант нэгдэл. Тэрхүү амгалан жаргаланг төсөөлж дийлшгүй, хэмжиж баршгүй, дүрслэн үгүүлж чадашгүй.
-Мөн сайхан ярьж байнаа, чи. Уг нь Баагий чам шиг ингэж гэнэнээр төсөөлж, бодож л ярваан дүр лүү тэмүүлсэн байх л даа. Гэхдээ одоо хэрэгт ороогдоод, улам ч ярвайх болсон доо. Урьд нь хиймлээр ярваганадаг байсан бол, одоо жинхэнээсээ…
-Чи чинь нярвайх, нярваганадаг ч гэх шиг юу яриад байна аа. Тийм бүр үйл үг үүсээ юу? Нярваан гэдэг гэгээн сайхан орныг юу ч болгоод байгаа юм б дээ та нар.
-Нярвайх биш ээ, ярвайх.
-Өө, ярвайх гээд байсан юм уу. Нярваан дүрийг үзүүлээгүй, ярваан дүрийг үзүүллээ гээд байгаа юм уу. Түрүүн хэлэхгүй дээ.
-Тийм тийм. Манай энд дарга болсон хүнийг ярваан дүр үзүүлэх гэдэг болсон.
-Тэгээд чи яг л үхсэн хүний тухай юм шиг яриад байсан ш дээ.
-Тэгэлгүй яах юм. Ялгаа юу байна?
-Би нярваан яриад байхад чинь дээ. Утас муу дуулдаад, буруу ойлгочиж л дээ. За яамай даа, андууд минь амьд мэнд л байгаа юм байна. Харин би л жинхэнэ нярваанд оччихоод байна даа.
-Юу?! Чи чинь арай… гээд хоолой минь чичрэв. Саяхан л маргалдаад байсан хэрнээн, мажийсан болохыг нь өөрийнх нь амнаас сонсох гэдэг эвгүй золиг байна шүү!
-Найзуудыгаа талийсан гэж ойлгоод Blue Magic-ээсээ хэд сорчихсон л доо, юу гэж та хоёр шиг юм болохов. Үүнийг чинь энд нярваан гэдэг юм ш тээ. Харин чи газар дороос гарахаа байсан гээд юу яриад байв. Хэрүүл хийж байгаад анзаарахгүй өнгөрч…
-Найз нь нинжа болсон ш дээ.
-Пөөх, чи тэгээд хүн алчихсан юм уу, хэд хоног наанаа нуугдаж байна? гэх юм, Өөгий.
Энэ гадаадынхантай чинь ганц ч үг солилцож болохоон байж гэм. 
Харь, Монгол гэдэг чинь Дээд, Доод тив шиг л тэс хөндлөнгийн юмнууд болчихоо юу даа. Доод тивд нь бас Дээд, Доод гэж байна гэхлээр, би чинь ер нь хаана, яаж шүү яваа юм бол доо? Амьд арзайж, мэнд мэлтийж байна уу? Үгүй юу?...
Ч.Мөнхбаяр 
MMX.X.XXI

No comments: