Wednesday, November 3, 2010

Анчин

үгүүллэг

Би насаараа л ан гөрөө хийсэн. Монгол анчны эрдмийг бүрэн эзэмшээгүй ч гэлээ, гадарланаа. Ганцаараа ангуучлах дуртай.
Нэг удаа, амэрикийн анчинтай тарвагачилж билээ. Манай хүн: “Тарвага их л бодож 100-130 мэтр ойртуулдаг, 400-500 мэтрээс хүнийг хардаг сэрэмжтэй амьтан. Дуран, зай хэмжигч, нохойтой явахгүй бол болшгүй” гээд л сүржигнэсэн.
Жо гээч тэр эр бөөн юм болж болж буудсан чинь шархдуулчихсан. Хөөрхий бурхи арайхийн нүхэндээ ороод, цаашаа мөлхөөд л байсан юм билээ. Янк маань элдэв багаж хэрэгслээрээ ойрхон байгааг нь мэдээд, нохойтойгоо хамт ухаж төнхөж байгаад гараа сэнжлүүлчихсэн. Тас зуугаад үхсэн тарвагыг салгаж авах гэж их л ажил удсан сан.
Бас гүргэр эр ээ. Бага сага эмчлүүлж болгочихоод л, ахиад бидэнтэй нийлээд тэнэж гарсан. “Монголчууд чинь бүгд анчин. Арьсыг нь гэмтээхгүй гээд, тэртээ холоос, нэг хулхиар нь оруулаад нөгөө хулхиар нь гаргаж бууддаг байхгүй юу. Зарим нь тусгай өмсгөлтэй бүжиж, бүр дэргэд нь ирдэг. Өөр ч зөндөө арга байна…” гээд л түүнд ярьж биечлэн үзүүлж харуулцгаасан даа.

“…Гарцаагүй улс төрийн аллага гэж хэлж болох энэ гэмт хэрэг нийгмийг цочирдолд орууллаа. Н.Баатарчулуун агсан сүүлийн үед олон хүний занаанд орсон. Тэрбээр урьд нь, бүх хөдөөнийхнийг нийслэлд ирэхийг уриалж, энэ кампанит ажлынхаа явцад шилжин ирэгсдээс хахууль авч их хөлжсөн гэгдсэн. 
Дараа нь, утаажилттай тэмцэх хөтөлбөрийг толгойлсон ч, төсөв мөнгийг нь үрэн таран хийж, иргэдэд чанаргүй түлш нийлүүлэн улам утаажуулсан гэж шүүмжлэгдэж ирсэн билээ. Нийслэлийн утаажилтаас болж өвчлөгсөд, хохирогсод болон, нас барагсдын ар гэрийнхэн үлэмжхэн бухимдах болсон. Тэдний байгуулсан ТББ-г шалгаж эхлэхэд, эсэргүүцлийн ажиллагаа нь улам ширүүслээ.
Гэмт хэргийн гүйцэтгэл тун содон. Талийгаачийн нэг чихэнд сум тусч, нөгөө чихээр гарсан ажээ. Түүнийг “Долоо дробинкдуулсан хашир бурхи” гэдэг асан. Энэ хочтой нь холбоотойгоор даажигнасан ч юм шиг. Нэлээд холоос буудсаөн алуурчин олдоогүй л байна…”
“Өдрийн сонин”-оос
Нуугдчих газар хаана их байна, тэнд л туулай байдаг даа. Мөшгих амаргүй, өглөөний мөрөөр нь, үгүй бол шөнийн мөрөөр нь явах хэрэгтэй. Гэнэт хажуу тийш үсэрчихээд, хярж хэвтэхэд нь залуу анчин бол бараг гишгэчих дөхөөд л хажуугаар нь өнгөрдөг.
Дөнгөж гуужиж, зүс хувилгаад байхад нь намнахад хялбар, цав цагаан амьтан л явна, гэтэл цас нь байхгүй байх жишээний. Одоо чинь харин хог новш хааяагүй болоод, уут цаас намначих гээд байдаг болж. Туулайн чих, хөл рүү нь хараалж, дэгдэж яваа бол биеэрээ эргэж хөдөлгөөнийг нь дагуулж буудах хэрэгтэй. Ойд бол сууж байгаад буудна даа. Би ч алсан туулайныхаа арьсаар “сээгий” малгай хийлгүүлээд өмсч л явлаа.
“Хятадуудтай нийлж, монголчуудыгаа буудлаа гэж хялайгдах болсон Х.Мягмар дарга Н.Баатарчулуун агсны адилаар, бууны суманд өртөн, амь насаа алдсан нь Монголын нийгэмд цуврал аллага гэгч аюултай үзэгдэл буй болсныг харуулж байна. Тэрбээр элдэв буруутгал, заналхийллээс болж маш болгоомж сэрэмжтэй байсан авч, гэмт этгээд түүнийг удтал мөшгисний эцэст хороожээ. Хэрэв мөрдөж мөшгөөгүй бол энэ аллагыг үйлдэх болодлцоогүй байв. 
Талийгаач хамт байсан хүндээ: “Энэ хавиас буудахад их тохиромжтой юм” гэж санаа зовсон байдалтай хэлж явснаа, гэнэт үсэрч , өнхөрч, тусгай сургуулиа ашиглан зугтахад нь эхний сум түүнийг хөнгөн шархдуулсан ч, удаах сум уушгинд нь тусч үхэл тээжээ. Хятадын компанийн дэргэд болсон зодоон, үймээний үеэр алагдсан хүмүүсийн ар гэрийнхэн “Амийг амиар солино” гэж суулт, өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэдний хүсэл ийнхүү биелсэн нь Сүхбаатарын талбай дахь гэрүүдээ буулгахад хүргэх болов уу?...”
“Өглөөний сонин”-оос
Үнэг зальтай гэж үнээн. Мөр нь ч бэрхтэй. Гэхдээ би ч мөрийг нь уншчихдаг болж дээ. Хараад л нас, цатгалан байнуу, өлөн байнуу, хаана яав ийв гэдгийг нь тоочно доо.
Хулганы дууг 100 метрийн цаанаас сонсдог гээд л номонд бичсэн байдаг. Мэлхий, гүрвэл, өт хорхой, загас, хавч, жимс ногоо гээд л идэхгүй юм байхгүй сонин амьтан шүү дээ. Тэднийхээ ачаар л чонотой зэрэгцэн оршдог байх. Айхтар ангуучлаад байхгүй, арга залиар л бор ходоодоо тэжээнэ. Гэхдээ мэхт мэхэндээ…
“Тоо томшгүй авлига, луйвартай нэр нь холбогдож ирсэн, Нөхөн үржихүйн газрын дарга Ц.Золбоот маньякийн золиос болж, ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Сүүлийн үед абортын бизнес нь дуулиан шуугиан дэгдээсэнтэй, энэхүү аллага шууд холбоотой биз ээ. Золбоот даргын хамгийн том гэгдэх дээрх бизнес бүр социализмын үед эхэлсэн гэдэг бөгөөд, үүнээс болж 800 мянган үр хөндөгдсөн гэж яригддаг.
Тэрбээр, хэл ам бүрийг арга бачаараа аргалж, ямар ч эвгүй байдлаас хэл амгүй мултарч чаддаг хэмээгддэг ч, ээлжит ялалтаа байгуулаад шүүхийн хаалгаар гарч, оргилуун дарстай угтсан нөхөдтэйгээ тэврэлдэн байхдаа, маньякийн бай болон, инээсэн чигээрээ нөгчжээ. 
Алуурчин этгээд жирийн гаж донтон бус, нийгэм-улс төрийн байдалд дүн шинжилгээ хийдэг бололтой. Түүний сонголт бүр маш их сенсаци дэгдээж, олон нийтийн жигшил зэвүүцлийг бус, талархал бахдалыг хүлээж байна”.
“ЕBС” ТВ-ийн нэвтрүүлгээс
Сүүлийн үед чоныг их бишрэх болж, ямар учиртай юм бүү мэд. Миний л хувьд чоно бол зэвүүн амьтан. Тэр байгаль цэвэрлэдэг гэдэг огт худлаа, таарснаа л барьж иддэг, байгалийг сүйтгэдэг. Хотонд орвол өчнөөн хонь мал хядаж, хэрцгий догшин авирладаг. Бие биеэ барьж иднэ, бэлтрэгээ иднэ. Үр төл, жижиг амьтдыг авчирч, бэлтрэгүүдээрээ тамлуулдаг. 
Одоо энэ улсууд дайнд мордох аятай сүр сүндэр болж байж ганц чоно алчихаад, машин тэргэн дээрээ залаад хичнээн ч өдөр давхиж гайхуулдаг юм. Би л бол чонын авд мордчихоод, ганц хоёртой буцвал ичээд, нүүр хийх газаргүй болох байсан. 
Үүр үүрээр нь л устгана шүү дээ, хөөрхий. Чонын явах газар андашгүй. Тэгээд л мөрөөр нь ороод, өргөөнд нь залардаг байхгүй юу. Эм чоныг нүх рүү нь оруулж байгаад цааш харуулбал амар байдаг юм. Харин мэдрэмжтэй үзэхгүй бол нүхэнд нь гацаж үхэж ч болно. Тэр бол их аюултай. Бэлтрэгээ суйлчихаад, амьтан шиг л мөр буруулж явахгүй бол араас ирж, өш хонзонгоо авдаг.
Би чонын хэлийг мэддэг болсон хүн. Ойлгоно ч, ойлголцоно ч. Улиад л ямар ч чоныг ирүүлнэ. Сүүлийн үед чоно асар их өссөн. Тэр хэрээр би ч их алж байгаа. Ер нь чононд их өстэй хүн дээ, үзэж чадахгүй байх тодорхой шалтгаан ч бий. Чонын мах эд эрхтэн нохойныхтой ив ижил шүү, ямар ч ид шид байхгүй. Хаях л хэрэгтэй.
“Цагтаа, ирээдүйтэй улс төрчид гэгдэж, сонгогчдын итгэлийг хүлээж байсан ч, сүүлийн үед эх орны хамаг ашигт малтмалыг харийнханд бэлэглэсэн гэж хараалган зүхэгдэх болсон, “Жангл” рестораны фракцийнхан ээлжит уулзалтынхаа үеэр, хайр найргүй хядууллаа. Бие хамгаалагчид, рестораны секьюрити нар алуурчинтай буудалцаж, араас нь хөөж цагдаа нар цаг алдалгүй ирсэн ч, туршлагатай гэмт этгээд тэднийг мэхлэн төөрөлдүүлж, мөрдлөгөөс бултаж чаджээ. 
“Жангл”-чуудын “үүрэнд” нь ороод, хэнэг ч үгүй цөмийг нь хороочихоод, нарийн боловсруулсан төлөвлөгөөнийхөө дагуу, түвэггүй зугтан одсон, өрөвдөх сэтгэлгүй алуурчныг дунд насны, гадаадын хөлсний этгээд байж болзошгүй гэж таамаглаж байна. Мөн иргэний хөдөлгөөнийхөн, үндэсний үзэлт бүлхэмүүд, гуравдагч хүчнийхнийг өргөнөөр шалгаж эхлэв”.
“С1” ТВ-ийн нэвтрүүлгээс
Гахайн зүрхийг буудахын тулд, урд хөл хүзүүний нь хооронд онил. Тархийг буудъя гэвэл чих-нүдний шугамаас арай өмнө нь. Томхон үрлэн сум сайн.
Дайраад ирж байгаа гахайг буудах ч хэцүү дээ. Хоншоор нь цээжээ хаачихна. Духыг нь онох амаргүй. Бөгтрөг рүү нь л буудах хэрэгтэй. Дайрах нь яг эгц урдаас биш бол хүзүүний нь уг руу бууд. Зүрх, уушиг юм уу, том судас таарвал оногддог юм. 
Шарханд нэг их тэсвэргүй амьтан. Гэхдээ зүрхэндээ буудуулчихаад, 150 мэтр гүйж, мод мөргөж ойчиж байсан гахайг харж л явлаа. Би дандаа отож, сэм ойртож намнаж байсан. Хэрэв дайраад ирвэл ч, залуу анчин байтугай, би ч хадруулж мэднэ.
“Нийгмийн бүхэлд нь айдас эмээдэст автуулж, хагалан бутаргаад байгаа (зарим нь буруутгаж, зарим нь өмгөөлөн зөрчилдөж буй) цуврал алуурчин ээлжит аллагаа үйлдлээ. Улаанбаатарын газар хөдлөлийн аюулыг олон жил нуун дарагдуулсан хэргийн гол буруутан гэгддэг, басхүү Н.Баатарчулуун агсантай үй зайгүй найз байсан тул, “хамаг монголчуудыг нийслэлд цуглуулж, газрын гаваар оруулах гэв” хэмээн хардагдаж ирсэн, саявтраас хэрэгжиж эхэлсэн газар хөдлөлийн эсрэг хөтөлбөрийг бүрэн дампууруулсан гэж яригдах болсон О.Баатархүү сайдыг дөнгөж саяхан зэрлэгээр хөнөөлөө.
Дэд сайд агсныг, урьд хүн амины, зохион байгуулалттай гэмт бүлгийн зэрэг хэргээр нэг бус удаа ял сонсон хоригдож байсан, эрүүгийн ертөнцөд ихээхэн нэр хүндтэй нэгэн гэлцдэг. Тиймээс, ширүүн дориун, юунаас ч үл буцах атаман, овгор эрчүүдээр өөрийгөө яггүй хамгаалуулсан байжээ.
Амралтын газар очин, алжаалаа тайлж асан тэд ойн цоорхойд тухалжээ. Хавь ойрыг хянаж байсан эрчүүд, илрэх дөхөхдөө отооноосоо хөдөлсөн алуурчныг хаачих ч газаргүй болгон бүсэлж чаджээ. Гэвч цуврал алуурчин хэдийг нь хавх урхинд оруулж, бүслэлтээс мултраад, шууд сайд руу ойртсон байна. 
Яггүй буудчихдаг Баатархүү сайд түүнээс эмээлгүй ширүүн гал нээсэн ч, мэргэжлийн болов уу гэмээр алуурчин ганц сумаар, санасан хэргээ гүйцэлдүүлжээ. Дархины ард нуугдсан тэр доогуур нь буудаад, зугтсан байна. Том үрлэн сум сайдад эрүүл газар үлдээсэнгүй. 
Орчноо сайн мэддэг алуурчин морь унаж, эгшин зуур бараагүй болжээ. Үнэрч нохдыг дайчлан ойг самнасан ч, амжилт олсонгүй. Алуурчныг талархан дэмждэг иргэд энд тэндгүй бөөгнөн баясч, жагсаал цуглаан хийх дөхсөнийг хууль сахиулагчдын хүчээр тараалаа”.
“Sonin.mn” сайтаас
Баавгайг нар мандахаас хоёр цагийн өмнө сууж отно. Үнэрээ саармагжуулах гэж тэр шүү дээ. Хувцаснуудаа үнэр ихтэй өвс ногоотой хамт уутанд байлгаж, урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай. Гэхдээ баавгайн дуртай үнэрийг шингээчихэв дээ. Маш үнэрч, сонор амьтан шүү. Харин харалган. Чам руу харвал хөдөлгөөнгүй бай, олж үзэх ч үгүй. 
Чимээ гаргахгүйн тулд буундаа рэзин наа. Гохоо эвлэгхэн, зөөлөн дар, тэгэхдээ хуруунаасаа өөр юуг ч битгий хөдөлгө, амьсгалж ч, нүдээ цавчилж ч болохгүй. Дахин буудахад шууд бэлтгэ. 
Эхний буудалт л бүхнийг шийддэг юм даа. Зүрх, тархи, нугасыг нь онил. Ганц буудаад нам унагахгүй бол өөрөө намнуулна шүү. Хамгийн аймшигтай үхэл ирнэ дээ, яриад ч яахав.
Ууширг, элэг, ходоод гэдсийг нь оновол хэдэн киломэтр ч хөөж чадна. Шархадсан баавгай дайраад ирэхэд тайван байж, амин газрыг нь онох нь чухал. Ноцолдоод, хутгалж алаад байдаг кино бол үлгэр шүү. Баавгай чамд хүрэх л юм бол аврал байхгүй. Хичнээн хутгалаад, ямар ч нэмэргүй.
Хоёр амтай буунд, амин, амин бус газарт зориулсан хоёр сум хийж зэхсэн нь найдвартай. Нам унасан байлаа ч хүлээ, очиж болохгүй. Очихоосоо өмнө хүзүүг нь бууд.
Үхсэн юм шиг хэвтэж байсан баавгай гэнэт босч дайрдаг. Тэгвэл толгой, хүзүү рүү нь бууд. Зүрхээ буудуулчихаад 50 мэтр өлхөн хөөж бариад, тасчиж хаядаг. Гурван киломэтр ч явсан тохиолдол бий гэж дуулсан. 
Тархиндаа буудуулчихаад заримдаа нам унахгүй, савраараа толгойгоо бариад, зүрх зүсэм муухай орилж, эргэж хөрвөн тарчилдаг. Залуу анчныг бүр ангайлгачихдаг. Амьтан зовоож болохгүй, дор нь угсруулан буудаж алах хэрэгтэй.
“Дэлхий дахиныг шуугиулж байгаа хэрцгий аллагууд үргэлжилсээр. Маньяк бүр даварч, Төрийн ордонд УИХ-ын Гадаад харилцааны байнгын хорооны дарга Д.Намжиндорж гишүүнийг хөнөөлөө. Учир битүүлэг шалтгаанаар асар их мэдээлэл сайтай байдаг алуурчин, эрхэм гишүүний явдал суудлыг сайн мэдэж байсан агаад, отон хүлээсний эцэст буудсан байна. Эрхэм гишүүн агсны, хэрийн хүнийг цочролд оруулмаар орилох чимээг зарим хүмүүс сонсчээ. Алуурчин түүнийг шархдуулаад, орилоход нь тархи, хүзүүнд нь ахин хоёр буудаад замхарчээ.
Сүүлийн үед, манай дарга нар БНХАУ руу ихээхэн гүйдэлтэй болж, далдуур олонтаа очиж тэгэхдээ бүр БНХАУ-д нэгдэх хүсэлтийг удаа дараалан сэм тавих болсон гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл түгж буй. Тэдгээрийн хамгийн идэвхтэй нь, толгойлогч нь, зохион байгуулагч нь гэж Д.Намжиндорж гишүүн дурдагддаг нь аллагын шалтгаан болсон болов уу.
Төрийн ордонд ажилладаг, эсвэл түүгээр орж гардаг хүмүүсийн дунд алуурчин байх магадлалтай гэж үзэн шалгаж байна. Ордны дэг журам дээд зэргээр алдагдсан, элдэв улс чөлөөтэй нэвтэрч хулгай зэлгий хийдэг, хамгийн түгээмэл хог нь архины шил, бэлгэвч болсон зэрэг мэдээлэл ч их байдаг. Ийм нөхцөл байдал алуурчныг олох ажлыг ихээхэн хүндрүүлж байна”.
“Shuud.mn” сайтаас
Зэвсгээ сонгохдоо ямар амьтан агнахаа бод. Карабин винтов хоёрын карабин нь дээр байдаг. Богинохон, хөнгөн болохоор аянд гарах, эмээлдээ бэхлэх, морины явдал дунд буудахад тохиромжтой.
Бууг сумтай ч, сумгүй ч, ангийн бус үед, хүн амьтан, барилга байшин, эд юмс руу чиглүүлж үл болно. Авч явахдаа амыг нь доош харуулна. Тээврээр зорчвол, задалсан байх нь зохистой.
Утаагүй дарь муу буунд таардаггүй. Гэртээ буугаа задалж хадгалбал сайн. Сумаа буунаасаа холдуулж хадгал. Төмөр шүүгээ саванд түгжвэл зохино. Ангийн дараа буугаа сүмбэ, сойз, зориулалтын шингэн ашиглаж, сайтар цэвэрлэх учиртай. Ингэвэл бууны эдэлгээ ч уртасна, харшил энэ тэр үүсгэх магадлал арилна. Хонгиогоо энд тэнд хаяж болохгүй, байгаль бохирдуулахаас гадна, муу ёр гэдэг.
Миний бие галт зэвсэгтэй зүй ёсоор нь харьцдаг тул, саяын бууны шалгалтаар үлгэр жишээ гэж үнэлэгдлээ.
“Алуурчин ан гөрөө хийдэг хүн бололтой гэх дүгнэлт гарсан тул, анчдын дунд нэгжлэг явуулж, хэд хэдэн хүнийг сэжиглэн саатуулж, зэвсэг эзэмшихтэй холбогдсон маш их зөрчил илрүүлж, зөвшөөрөлгүй олон тооны бууг хураан аваад байна.
Чөлөөт эсерүүдийн холбоо гээчийн өмнөөс, бид хууль зөрчсөн дарга нарыг цаазаар авч гэсгээн цээрлүүлж байгаа гэж, зүсээ далдлан мэдэгдсэн бичлэгээ You Tube-д тавьсан, О.Мягмарсүрэн гэгч этгээдийг илчлэн баривчилжээ. Тэрбээр, бүх цуврал аллагыг бид үйлдсэн гэж хүлээгээд зогсолгүй, сүүлийн үед гарсан зарим осол аваар, эвдрэл сүйрэл, түймэр, ноцтой гэмт хэргүүдийг бидний тэмцэл гэж мэдүүлж буй. 
Хүчнийхэн аюулт дайсныг аюулгүй болгов гэж тунхагласан ч, “Дарангуйлагчид сөнөтүгэй!” гэж хашхиран буудаж, Ц.Гүнчинхорол сайдыг шархдуулаад зугтсан нэг хэргээс бусдад О.Мягмарсүрэн холбоотой эсэх нь тогтоогдоогүй гэх. Тэр хөөргөн залуу хэн бэ? Ардын баатар болохыг мөрөөдөгч үү, жинхэнэ алуурчныг хаацайлагч уу.
Засгийн зүгээс О.Мягмарсүрэнгийн мэдүүлгийг туйлын үнэн мэт авч үзэх нь өндөр ач холбогдолтой. Хөрш гүрний удирдагчийн айлчлал хойшлох эсэх нь, зандалчлалын төвшингөөс шууд хамаарна”.
“102.5” радиогийн нэвтрүүлгээс
Ангийн ёсзүй гэж юу вэ? Дархан цаазтай биш, хуулиар зөвшөөрөгдсөн бол би дуртай амьтнаа л агнадаг. Хамтаар ангуучилсан нөхцөлд, хэн нь буудаад нам алсан нь, уг амьтныг агнасанд тооцогдоно. Шархдуулаад орхиж болохгүй, заавал хөөж гүйцээх ёстой. Чононоос бусад амьтны үр зулзагыг болон асрамжлагчдыг нь, гуужиж буй шувуудыг намнаж үл болно. Дэлбэлэх, гэрэлтүүлэх, хордуулах, янз бүрийн шүршдэг буугаар хядах, утах, галдах нь хориотой.
Ан гөрөө хүний оюуны ертөнцийг баяжуулдаг, байгалийг ойлгуулдаг, ажигч гярхай, тэсвэр тэвчээр суулгадаг, алжаал тайлдаг, хобби болдог. Аливаа амьтан, тэр тусмаа хөнөөлт махчид, мэрэгчид хэт өсч хохирол учруулахаас сэргийлдэг. Мах арьсыг нь улсад тушаана…
Ээ дээ, би ч ганцаараа гөрөөлөх дуртай болохоор өөрөө өөртэйгээ л ярьж явах юм даа, хөөрхий. Амандаа бөвтнөнө, сэтгэлдээ үглэнэ. Хэн нэгнийг сургаад ч байгаа юм шиг. Энэ удаа ч тэгж л байна. Гэхдээ хэнийг?...
“Монголын анчин маньяк гэгдсэн, нууцлаг гэмт этгээд хүн төрөлхтнийг тэр аяар нь цочирдуулав. Бүхий бөмбөрцгийн хэдлайнз мэдээлэл гагцхүү нэг үйл явдлын тухай л байдаг болов.
Дэлхийн хамгийн нэр нөлөөтэй лидерүүдийн нэг, хөрш гүрний маань удирдагчийн амь насыг Монголд хийсэн айлчлалынх нь үеэр, тодорхойгүй шалтгаанаар хөнөөсөн алуурчин ямар ч ёсзүйгүй этгээд болохоор харууллаа. Тэрбээр мөн удирдах ажилтан, мэргэн буудагч, хамгаалагч хүмүүсийг шархдуулсан.
Монголын ЗГ-ыг хариуцлагагүй, чадваргүй хэмээн хөрш гүрэн маань ноцтой буруутгаж, уг аллагыг зохион байгуулсан гэж яллах нь холгүй байгаа. Ан хийдэг (анчдаас ганц ерөнхийлөгч л үлдлээ гэж яригдах болов), буу зэвсэг муугүй эзэмшдэг, мөн хардагдаж сэрдэгдэж болох хүмүүсийг дотоод гадаадад үй олноор баривчлан хорьсон нь, нийгэмд тэсрэлт үүсгэж, эсэргүүцлийн арга хэмжээ олон нийтийн үндсэн ажил нь боллоо. Хилийг тодорхойгүй хугацаагаар хааж, нисэх буудлуудын үйл ажиллагааг зогсоосон. ЗГ огцрох, УИХ тарах магадлал өндөрссөөр.
Монголын эмх замбараагүй байдал, зандалчлалын асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргээ оруулна гэх болсон хөрш гүрний саналыг НҮБ дэмжсэнгүй. Тэнд байсан манай иргэд өсөрхөл, заналхийлэл, гэмт халдлагуудаас болж Монгол улс руугаа амь тэмцэн зүтгэж, хаалттай хилийн дэргэд бөөгнөсөн нь бум хол давсан төдийгүй, хөрш гүрний монгол туургатан иргэд мөн адил үүдлээр дээрээс нь нэмэгдэн ирж, дүрвэгчийн хуарангууд үүсгэж буй нь нийлбэр дүнгээр сая хүн амтай болж ч болзошгүйд хүрлээ.
АНУ-ын цэрэг голлосон, НҮБ-ын олон үндэстний хүч, Монгол улсыг эзлэн түр засаглалаа тогтоож, цаазлах хүртэл эрх мэдэлтэй Онц шүүхийг ажиллуулах төлөвлөгөө яригдаж эхэлсэн сурагтай”.
“ТВ7” сэтгүүлээс
Анд явсны дараа амрах сайхаан. Би жирийн л нэг анчин.
“Викиликс сайт ээлжит нууц материалыг дэлгэж тавилаа. НҮБ-ын эзлэлийн засагт Монгол талаасаа №1 хүнээр зүтгэж байсан Д.Цэрэннадмид дарга өвчнөөр нас барсан бус, анчин маньякад алагдсан ажээ. Урьдын дэглэмийн үед үй олноороо саатуулагдсан хүмүүс суллагдаж амжаагүй, эрх чөлөөтэй ганц анчин, бууч гэгдсэн ерөнхийлөгч баривчлагдсан үед уг хэрэг үйлдэгджээ. Онолоор бол, ийм аллагыг гүйцэтгэх чадвартай нэг ч хүн торны гадна үлдсэн байх учиргүй. Гэтэл үлдсэн л байна. Хэн гээч вэ, тэр оньсого таавар болсон этгээд?! Д.Цэрэннадмид агсан, 90-ээд оны эхэн үеийн нэрт улс төрч билээ. Нэр цэвэр ч, улс төрөөс хөндийрсөн түүнийг ард түмэн ахин гарч ирэхийг цөөнгүй удаа шаардаж байсан. Эзлэлийн засаг бараг хүчээр гаргаж ирэхэд, монголчууд талархан дэмжсэн. Одоо тэд харин эмгэнэн гашуудаж, саяхан ардын баатар, тэнгэрийн ташуур хэмээн шүтэж байсан Анчиныгаа үзэн ядах боллоо. Тэр этгээд ард түмнийг хилэгнүүлснээр, маш том алдаагаа хийлээ.
Гэхдээ Анчиныг дэмжигч цөөнх бас байна. Д.Цэрэннадмид бол ардчилсан хувьсгалын үйлсийг хулгай луйвар, неоколоничлол-геноцид рүү анх чиглүүлж, тухайн үеийн улс төрчдийг уруу татан завхруулсан гол этгээдүүдийн нэг бөгөөд, их сүйтгэл, хуурмаг хувьчлалтай холбогдсон гэмт хэргүүдээсээ асар их олз ашиг унагаад, илчлэгдэхээсээ өмнө цагийг нь олж улс төрөөс гаран бүгж амжсан, далд нууц үйл ажиллагаагаар харгис дэглэмийг удирдалцан, хамаг хорт бодлогыг хэрэгжүүлэлцэж ирсэн, хий үзэгдэлдайсан агсан гэж тэд ярьж бичиж байна. Бүхнийг дахин давтагдахаас өмнө сэргийлэх арга хэмжээ авсан Анчин жинхэнэ баатар болохоо харууллаа гэж тэд тахин шүтэж байгаа бол, олонх харин Цэрэннадмид агсныг өргөмжилж, Анчиныг устгахыг шаардсан жагсаал цуглаан хийхийг оролдож, НҮБ-ын хүчинд аргагүй дарагдаж байна.
“Тайм” сэтгүүл, Анчиныг ямар нэг аргаар ярилцлага өгвөл 10 сая доллараар шагнана гэснээс үүдэж, дэлхийн томоохон хэвлэлүүд үнэ хаялцаж эхэллээ. “Нью-Йорк пост” сонинд, АНУ-ын ЗГ Анчиныг Бен Ладен нартай хамт хамгийн аюултай террорчдын тоонд оруулж, түүний талаар чухаг мэдээлэл өгсөн хүнийг 50 сая доллараар урамшуулна гэж зарлахаар зэхэж байна гэж мэдээлэв”.
“Тойм” сэтгүүлээс

Ч.Мөнхбаяр
ММХ.IV.XVI-IX.XXIX
http://moenhbayar.blogspot.com

P.S.Аливаа нэг сөрөг зүйлийг сурталчлах гэсэндээ бус, нийгмийн хурцадмал байдал ямар ч үр дагаварт хүргэж болох юм шүү гэж сэрэмжлүүлэх гэсэндээ үүнийг бичлээ.

No comments: