Wednesday, November 3, 2010

Зэвсэгт бослого Монголд аль хэдийнээ эхэлчихээд байхад дарга нар юу ч ойлгохгүй байна



Монголд дор хаяж 2000 цэгт зэвсэгт бослогын голомт үүсчээ

Онги голыг аврахын төлөө шударгаар тэмцсэн гэж олон улсаас сайшаагдан шагнал хүртэж явсан Ц.Мөнхбаяр, “Хүдэр гол” хөдөлгөөний С.Самбуу, Н.Баяраа, Н.Батбаатар нар зэвсэгт тэмцэлд эрслэн босч, 20-иод онд Сэлэнгэ нутгийнхан гамингуудыг хөөх тэмцэлд амь хайргүй зүтгэж байсныг санагдуулав. Монгол нутгийг эзлэн авч аль өнгөтэй өөдтэйг цөлмөн дээрэмдэж, ард зоныг боолчлон дарлаж ирсэн харийнхны хоёр ч компанийн техник хэрэгслийг тэд буудан сүйтгэж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Тэмцэгчдийн удаа дараагийн шаардлагыг хүлээн авалгүй үл тоомсорлож асан авилгач түшмэдүүд сая нэг нүдээ нээн нухалж буудуулчих вий гэж л эмээсэндээ нягтлан үзэхэд үнэхээр хууль зөрчсөн, байгаль сүйтгэсэн, нутгийнхныг ундны үсгүй болгож, янз бүрээр хордуулсан байсан тул лицензийг нь хураав.
Буудуулж байж л сая албан үүргээ гүйцэтгэдэг ийм дарга нар өчнөөн байгаа бол. Зарим нь ч, хэзээ ч юу ч ойлгохгүй нь бололтой. Дөрвөн тэмцэгчийг 5-10 жил хорьж, шантаажчин рекетчин зэргээр гүтгэчихэд л болох юм санаж байна. 

Айраг сумын мөргөлдөөнөөс тэд юу ч ухаарсангүй. Зүүнговь сумынхыг нам дарчихсан гээд тайвширсан. Дарви суманд нутаг усаа хайрласан, амьжиргаагаа аргагүй бодсон монголчууд хоорондоо мөргөлдөж хүний амь эрсдэв. Бага хэмжээний долоон сарын нэгнүүд өрнөсөөр л байна. Долоон сарын нэгэнд тэмцэгчид буудаагүй. Одоо бууддаг боллоо. Түгшмээр нь хоорондоо буудалцаж иргэний дайн гарахыг ч үгүйсгэх аргагүй болов.
ГМУБЭ УСБГ ХБОС БГА МХАХТ хуулийн дагуу бол 2000 гаруй лиценз хураагдах ёстой. Гэтэл буудалцаан зөрчилдөөн болсон хэдхэн газар хураав. Нөхөн төлбөрийн мөнгө байхгүй учир хураах боломжгүй гэж дэлхийн хамгийн баян улсын баян дарга нарын модоо барьсан гуйлгачин “төр мэдэгдэж” байна. Буудаж байж л хууль хэрэгжих юм байна гэж баттай ойлгосон ард олон 2000 газрыг зэвсэгт тэмцлийн хүчээр чөлөөлнө гэж мэдэгдэж байна. Долоон сарын нэгэнд нэг тал нь галт зэвсэг хэрэглэсэн учир нөхцөл байдал өөр байв. Одоо бол тийм биш болжээ.
“Улс үндэстнээ аваръя” бүлгэмийнхэн аль долдугаар сарын эхээр зэвсэгт бослого гарахад бэлэн нөхцөл үүсчихээд байна гэж анхааруулсан. Одоо тэгвэл зэвсэгт бослого эхэлчихээд байна. Ард түмнээ алдах юмгүй, амь хайргүй тэмцэх болгочихоод урьдын бахь байдгаараа цэнгэж суудаг дарга нарыг яалтай. Хүмүүсийн сэтгэгдлийг үзвэл бослогод оролцох хүн олон байна, дарга нарыг алах хэрэгтэй, гранат шидэх хэрэгтэй гэсэн зүйлс зөндөө.
“Ашигт малтмалтай холбоотой энэ бүх хурц үйл явдлууд юунаас үүднэ вэ? Ганцхан л юмнаас. Монголчуудын өмчийг хууль бусаар харийнханд өгөөд байгаа учраас. Уг нь улаан галзуу, цагаан солиотой л биш бол энэ дарга нар Монголын баялгийг монголчууд зүй зохистойгоор, байгаль орчноо хөнөөлгүйгээр эзэмших, олборлох, ашиглах ёстой гэдгийг ойлгомоорсон. Нөхцөл байдлыг эрүүлээр дүгнэж, зөв өөрчлөлт хийхгүй бол зүрхний хилэн нь оволзсон ард түмэн хувьсгал хийгээд цаазаар авах ялыг сэргээчихнэ гэдгийг яасан сэхээрдэггүй дүүрчихсэн усан тэнэг улс вэ? Ёстой гайхаад гайхаад барахгүй сууна…” гэх долдугаар сарын 25-нд бичсэн нийтлэлийн үгээ дахин давтъя даа.
Ч.Мөнхбаяр
ММХ.IX.XIII

No comments: