Wednesday, November 3, 2010

Халимагууд Монголд 30-аад оны их хэлмэгдүүлэлтийг гардан үйлдсэн үү?



Эсвэл хятадууд уу?

(Шүүмж)

Би хэн нэгний нийтлэлийн мөрөөр юм бичнэ гэж боддоггүй байлаа. Гэтэл Баабар гэдэг хүн хэн нэгэн төдий бус болжээ. Антимонгол пропагандын инститүци болж. Энэ нь амар суулгаж эс төвдүүлэх тул аргагүй үүнийг тэрлэв. Монгол улс үндэстнээ өмгөөлж, түүний худал хуурмагийг залруулж байя гэж бодов. Намайг ингээч гэж хүсдэг хүмүүс, нийгмийн хүлээлт, эрэлт ч буй.
Ноён Баабар саяхан “Тусгаар тогтнолын төлөө зольсон 30 мянган амь” үгүүллээ хэвлүүлжээ. “Хэлмэгдүүлэлтийн цаад, улс төрийн учир шалтгааныг олж, логик тайлбар, гаргалгааг манайхан хийгээгүй” гээд л шүүмжлэх тэр өөрөө харин олоод, хийгээд байгаа бололтой юм.
Өнгөц харвал, 30 мянган амиа зольсон монголчууд бол баатрууд юм гээд л, өвөг дээдсийг маань магтаад, их л аятай, нааштай зүйл биччихсэн мэт. Анхааралтай уншвал, аанай хөнөөлт суртал ухуулга болох нь түвэггүй мэдэгдэнэ.

“Алсан эзэн нь өөрийнх нь төр” гэжээ. Үгүй ээ, большевик-гоминьданы хамтарсан гэноцидийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь: БНМАУ дахь их хэлмэгдүүлэлт шүү дээ. Б-ын бичсэнчлэн, 70 жилийн өмнө л баахан аймшигтай гамшигтай юм тохиолдоод, үр дүнд нь одоо сайн сайхан болчихоод байгаа ч юм биш, гэноцид зогсолтгүй үргэлжилсээр ирэв, харин эзэн нь өдгөө “өөрийнх нь төр”.
Тэрбээр Сталин, Чан Кайши хоёр л Монголыг тусгаар тогтнуулчихсан, бүтээчихсэн, монголчууд өөрсдөө тэмцээ ч үгүй, хүсээ ч үгүй мэт ойлгогдох улиглалаа аанай давтсан нь мэдээж. Монгол, Монголын тусгаар тогтнол гэдэг нь тэр хоёрын л тоглоом наадам төдий, өөр юу ч биш мэт санагдах зүйл бичиж ирсэн хүн дээ. Харин сая болохоор, монголчууд бол үхэж л чадах улс гээд хэлчих шиг. 
Монголыг бүфэр гэх зөөлөн дэр жинтүү болгохын тулд Сталин баахан хүн алуулсан, тэр алагдсан гурван түмэн хүн бол тусгаар тогтнолын төлөө өгөх зайлшгүй төлөөс гэнэ үү.
Монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн (ҮЭЧХ) л хэнбугайг ч тэр, манай бодот нөхцөл байдал, тусгаар тогтнолыг зайлшгүй хүлээн зөвшөөрөхөд, буулт хийхэд хүргэсэн бус уу. Түүнээс биш, хэдэн амьгүй албат л нэг бол алуулаад, нэг бол дургүй байхад нь дарж хүртээсэн тусгаар тогтнолыг аваад л сууж байсан юм биш. ҮЭЧХ-ний хүчин зүйлийг орхигдуулчихаад ямар учир шалтгаан, логикийг олох вэ дээ.
Түүнийхээр бол, тусгаар тогтнолынхоо төлөө ийм төлөөс төлж байх ёстой, харин ч монголчууд бид буудуулчихаагүй амьд яваадаа л баясч бахдаж суух учиртай болж байна. Дэглэмийнхний “Эх орны хишиг” гээч энэ л буюу.
Сталин, Чан Кай Ши нар бол Монголын тусгаар тогтнолын төлөө бус, эсрэг үйл ажиллагааг, монголчуудын ҮЭЧХ-ийг нухчин дарах харгислалыг хүч хавсран зохион байгуулж байсан этгээдүүд. Харин Баабарынхаар бол: тусгаар тогтнолын төлөө тусгаар тогтнолын эсрэг тэмцдэг мэт парадокс ургаж ирж байна. Ийм эсрэг тэмцлийн золиос нь баатуруд, зохион байгуулагчид нь бүр аугаа баатрууд болж таарч байна. Хэлмэгдэгчдийг улс орноо сөнөөх үйлсэд амиа золиослосон, зориулсан гэж доромжилсон байна.
Эх орныхоо хамаг баялагийг газар нутгийн 60 хувьтай нь хамт харийн хулгайч луйварчдад бэлэглэсэн зэрэг 24 чиглэлийн, өнөөгийн гэноцид бол тусгаар тогтнолын төлөө хийх шаардлагатай зайлшгүй төлбөр, гарцаагүй цусан тахил, цуцалшгүй хүн-өргөл; энэ гэноцидийн хохирогч болж буй хэн ч гэсэн баатар, зохион байгуулагчид нь аугаа баатрууд л болж ирж байгаа байхгүй юу.
Тийм төлөөс төлөх ямар хууль, үндэслэл байна вэ? Чин импэр сөнөхөд Монгол, Түвд, Манж, Түркэстан, тэдгээрийг өөртөө хавсарган нэгтгэнэ гэх Хятад өөрөө ч салж тусгаар тогтносон агаад, Баабар нийтлэлчийн яриад байгаа шиг төлөөс төлсөн үү? Орос импэр сөнөхөд Польш, Финланд, Латви, Литов, Эстони тусгаар тогтносон, тэд төлөөсөө өгсөн үү? Огтхон ч үгүй ээ. Тусгаар тогтнолынхоо төлөө өөр улсад төлөөс өгөх ёсгүй төдийгүй, тэгдэг, тэгнэ гэж ярих нь ч эх орны эрх ашигт харшлах гэмт үйлдэл. Сталины үеэс өдий хүртэл хийсээр ирсэн төлөөс бол, улс үндэстнийг оршихуйгаас нь тусгаар тогтнуулах гэж л хийж буй төлөөс юм. 
Нэг ч улс тийм татвар түрээсийг өгөх авах ёсгүй агаад, аль аль нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Хэн хэнд ямар төлбөрийг яаж өгөөд байгаа юм бэ гэдгийг манай холбогдох байгууллагууд судалж, буруутнуудыг шийтгэх ёстой.
Их хэлмэгдүүлэлт бол тусгаар тогтнолын төлөөх зайлшгүй төлөөс, зүйн хэрэг биш юм. Зөвлөлт-Хятадын колоничлолын үр дагавар, Сталины рэпрэссийн бүрэлдэхүүн хэсэг юм. Монголын тусгаар тотнолын төлөө бид биш, тэд төлөөс өгөх учиртай юм шүү. Өнөөгийн олон улсын хууль эрхзүй, жишиг тийм л байгаа.
Яагаад Зөвлөлт-Хятадын колоничлол гэж хэлэв ээ гэвэл, энэ хоёр гүрэн зөрчилтэй байсан ч, монголчуудын ҮЭЧХ-ийг дарах, монголчуудыг оросжуулах-хятаджуулах, сөнөөж мөхөөх, Монгол бол ДИУ-ын нэг хэсэг гэх асуудлаар санал нийлж, харилцан зөвшилцсөн, уялдаатай, хамтын үйл ажиллагааг Ар Монголын өргөн автономи гээчийн хүрээнд явуулж байсан юм. Үүнийг Сталины рэпрэсс, Чан Кай Шигийн харгислал хэмээн хоёр хөрш гүрэн түүхзүйдээ хүлээн зөвшөөрөөд байхад бид зөрж мугуйдлах учир юусан билээ? Зөвлөлтөөс илүү Зөвлөлт, Хятадаас илүү Хятад болох гэж тэр үү?
Сталин зэрэг нь байсан байгаагүй, бид тусгаар тогтнох л асан, Зөвлөлт энэ асуудлыг атгаг зорилгодоо нийцүүлэн гаргаж ирээгүй бол, гуравдагч гүрэн дэвшүүлж дэмжих байсан нь гарцаагүй ээ. Хөрш хоёр гүрний экспансийг амжилттай болоод байгаасай гэж тэд хүсдэггүй юм шүү дээ.
Ноён Баабарын бүфэр, жийргэвч улсын тухай яриа нь их л гоомой санаа болой. Сталин хүчирхэгийн оргилдоо хүрээд байхдаа л сая БНМАУ-ыг олон улсын хамтын нийгэмлэгээр зөвшөөрүүлэх гэж идэвхийлсэн агаад, мэдээж түүнд ямар нэг жийргэвчээр өөрийгөө хамгаална гэх айдас эмээдэс байсангүй. Гол нь большевизм нэг улсын дотоод хэрэг бус, “олон улсын чанартай үйл явц, чиг хандлага” гэдгийг харуулах гэж чармайдаг асан нь Тувагийн жишээнээс тодорхой үзэгднэм бус уу. БНТАУ бол Монголоос хамгаалах жийргэвч бүс байгаагүй, Москва, Европ, Азийн орнуудад марксист-ленинист дэглэмийг тогтоох боломжийг мэдрэнгүүтээ, Туваг манайхаас “Өвөр Монголыг өгнө” гэж мэхлэн байж, бүрмөсөн салгаж авсан билээ. Кремль бүфэр улс байгуулах гэж монголчуудыг хэлмэгдүүлсэн гэдэг нь үүгээр мөн няцаагдана.
Миний Монгол, манай Монгол гэх ямар ч өөриймсөг өнгө аяс байхгүй, ийм ч жийргэвч, тийм ч холхивч гэсэн хүйтэн мэханик явцын тухай өчиж буй мэт тэр үгүүлэлд: “Хэлмэгдэх гэдэг нь монгол хэлээр хэн нэгнийг шийтгэх гээд арай хэтрүүлэх, эсвэл хоморгонд нь бага буруутай хүн өртөхийг хэлнэ” гэжээ. Ийм хүн яаж толь бичгийн бизнэс эрхэлдэг байнаа. Хэлмэгдэх гэдэг нь монгол үг бөгөөд, буруугүй хүн хилсдэж хохирохыг хэлнэ шүү дээ. Түүнээс биш, буруутай хүн хэтэрсэн шийтгэл хүлээхийг хэлж буй бус.
Өвөг дээдэс маань монгол хүн болж төрсөндөө буруутай биш. Гэтэл Баабар гуайнхаар бол буруутай, шийтгэл нь л арай хэтэрчихсэн аж. Колоничлогчдын бодлоготой ёстой л нэг яв цав нийлэлдэнэ гэгч энэ буй заа. Монгол үндэстэн ямар ч гэм буруугүй хэрнээ, дэлхийн хамгийн аймшигт харгислалд өртсөнийг тэгж худал хуурмагаар, хүйтэн цэвдгээр тайлбарлаж болох уу даа. Зөвлөлт, Хятад хоёр хүч хавсран, өөр улсад үйлдэгдэж буй учир хайр найргүй хандан, монголчуудыг люмпэн, зомби, манкурт төдий болгохыг зорьж, үндэстнийг өнөөгийнх адилаар мөхлийн ирмэгт аваачсан ялт хэрэг шүү дээ. Юун тэр зөөлөн сайхан жийргэвч, жинтүү…
Мань хүн нийтлэлдээ, дээрх харгислалд халимгууд голлон оролцсон гээд, үүнийгээ тусгайд нь онцлон том үсгээр давтан тавьсан (дацзыбао маягаар), буриадууд мөн тийм үйл өмнө нь хийж байгаад ээлж халаагаа тэдэнд шилжүүлсэн мэт ойлгогдохоор бичсэн нь; өмнөх “Товчхон хэлэхэд: Байгалиа хамгаалъя” нийтлэлдээ Богдын цэрэг (халх, өвөрлөгч барга), тагна урианхайчууд ойрдуудыг талж дээрэмдсэн (тэгээд Хятадаас аврал эрэхэд хүргэсэн) гэж яс хаясантай нь, панмонголизмын эсрэг Зөвлөлт-Дундадын суртал ухуулгатай агаар нэгэн аж. Энэ нийтлэлдээ: манайхад дайсагнагч Манжийг Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх анхны улс болох гэсэн ачтан (уг нь Тува, Түвд зөвшөөрсөн л байв), үндэсний цөөнх монголчуудыг дээдэлдэг буянтан (Өвөр Монголоос булаасан нутгийн уугуулуудыг мөн ч их харгислаж байсан даа), их л гоё сайхан улс болгон бичжээ. Тэгвэл түрүүчийнхдээ, ойрдуудыг хамгаалдаг, эрх ямба эдлүүлдэг гоё сайхан улс болгож Хятадыг дүрсэлсэн билээ. Хэнийг дайсан, хэнийг ижий ахай болгоод байна вэ, энэ хүн?
Их хэлмэгдүүлэлтийн үед амиа алдсан хүмүүсийн ихэнх нь эгэл ардууд. Миний монголчуудын тэрхүү алдагдсан амь юугаар ч нөхөшгүй, үнэлж баршгүй гарз хохирол мөн. Гэхдээ тэднийг бүгдийг нь “баатрууд” гэсэн Баабарын үгийг, Элбэгдоржийн “2.6 сая Чингис” гэсэн үгийг зөвшөөрөөгүйтэйгээ адилаар, зөвшөөрөхгүй ээ, би. Баатар, Чингис хаан гэж хэн бэ гэдэг нь тодорхой. Бүгд бол биш. 
Монгол баатар гэдэг ойлголтыг ингэж завхруулж үл болно. Өдгөө, Францаас хулгайлагдсан Энхбат, түүнийг хулгайлсан Хурцыг Энхбат баатар болгож байна. Чойбалсан, Цэдэнбал зэрэг коммунист зүтгэлтнүүдийг цагаан будаг нялж байгаад л баатар болгож байна. 20 жилийн гэноцидийг үйлдэгчдийг баатар болгож байна. Гэноцидэд өртсөгсдийг ч баатар болгож байна. Энэ тухай би “Монголын баатар болгоё гэвэл хоосор, өвчил, үх” гэдэг нийтлэлдээ бичсэн.
Монгол үндэстнийг устгах ажиллагаанд сайн өртөж, сайхан баатар бол, тэр ажиллагааны эздийг бүр сайхан баатар болгон шүт гэсэн энэ суртал маш хортой. Тухайн дэглэмээ янз бүрийн хэмжээгээр аялдан дагаж яваад л хохирсон, буудуулсан хүн яаж баатар байх билээ дээ!
Тэр 30 мянгын дотор жинхэнэ гэмтнүүд, Хятадын, Японы талын тагнуулууд, хөлсний этгээдүүд цөөнгүй байсан юм шүү. Тэд ч бас баатрууд болох нь ээ. Тэгвэл өнөөгийн манай, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдээд байгаа дарга нар мөн л баатрууд байлгүй яахав дээ?
Ноён Баабар зөвлөлтийнхөн бүфэр улс байгуулах гэсэн халимаг, буриадууд гар хөл нь болсон, монголчууд шийтгэл нь арай хэтэрчихсэн болохоос ер нь бол буруутай, Япон бас заналхийлсэн, өнгөлзсөн гэчихээд, хятадуудыг л буруутгасангүй. Тэдэнд хамаарах гэм нүглийг ч харсангүй, тэднийг баатруудын катэгорид л хамруулж. Их хэлмэгдүүлэлтийн үеийн энэ том хүчин зүйлийг авч үзээгүй байж, яаж учир шалтгаан, логикийг олох юм бэ? Эсвэл харин ч нийтлэлийг бичсэн учир шалтгаан, логик нь тэр факторыг үгүйсгэхэд оршив гэмээр үзэгдэнэ.
Өөрийнх нь улс үндэстний эсрэг хөдөлгөх гэснээс, өөр улс үндэстний эсрэг хөдөлгөх нь хялбар тул харь гүрнүүд хужаа болон хужаагийн эрлийз хурлийзийг Монгол дахь хорт үйл ажиллагаандаа өргөнөөр татан оролцуулж байлаа. Цөөнгүй тооны хятад цустнууд тагнаж туршиж, хорлон сүйтгэж, алж хороож, хагалан бутаргаж, өдөөн хатгаж, мэдээллийн дайн хийж, 5-р цувааны үүрэг гүйцэтгэж байв. Тэд ч, тэднийг өмгөөлөн хаацайлагчид ч баатрууд биш.
Их хэлмэгдүүлэлтийн дулгавартай гүйцэтгэгчид, зохион байгуулагчдын бүрэлдэхүүнд нэлээд харь гарвальтан багтах нь ойлгомжтой. Манжийн хатан хааны Шинэ засгийн бодлогоос хойш Ар Монголд хятадууд улам ч олноор суурьшиж, нэн ихээр идэвхжиж манайхыг тусгаар тогтносон хойно бие даасан байдлыг нь алдагдуулах, засгийн эрхэнд нь ургалах, хүн ардыг нь зүсэн зүйлээр хорлох, газар нутгийг нь түүхэн эх орондоо нэгтгэх чигтэй үйл ажиллагаа явуулах болсон.
Тэдний анхны бэсрэг хувьсгал нь Цэрэндорж (Ши Яньшань), Бадамдорж нараар толгойлуулан, Монголын ҮЭЧХ-ний удирдагчдыг хорлох тэррор зохион байгуулж, улмаар ДИУ-ын эрхтэн дархтнуудтай шадарлан хуйвалдаж, түрэмгий цэргүүдийг нь оруулж ирж, тусгаар тогтнолыг маань бусниулсан явдал.
Удаахь хувьсгал нь мөн Яншаниар толгойлуулж, Зөвлөлтийн большевик бодлогыг ашиглан, ҮЭЧХ-ий удирдагчдыг ахин алж террордож, ард олныг харгислахад оролцсон 20-иод оны явдал. 1923 онд манай дотоод явдлын сайд Баторун “Монголд гурван түм илүү ДИУ-ын харъяат байна. Тэд болон, хужаа эрлийзүүд Монголын нэрт зүтгэлтнүүдийн амийг хохируулах, төрийн эрхийг булаах зэрэг олон хорлолт үйлийг хийсээр ирлээ” гэж бичсэн байдаг.
Манай Хувьсгалт цэргийн хороон дарга Элбэгдорж хятад цустнуудын хорлолыг илчлэхийг тагнуулын дарга Сандуйжавт даалгаж, үр бүтээлтэй ажиллаж байтал, большевикуудын монголчуудад үл итгэх, хятадуудад талтай хандах (ЗХУ Монголыг ДИУ-ын хэсэг гэж байв) байдлыг ашиглан яньшантнууд Сандуйжавыг хэлмэгдүүлж, буриадуудыг эргүүлж татуулжээ.
Чингээд Цэрэндорж өөрийн итгэлт Дамбадорж, Насанбат нартай нийлэн, энэхүү хятад чигт гурвалаа тойруулан асар их эрх мэдлийг төвлөрүүлсэн. “Ангийн дайсан илрүүлэх нь багасав” гээд, монголчуудыг харгислах давалгааныг ширүүсгэсэн агаад, дотоодыг хамгаалах байгууллагад олон харь гарвальтныг шургалуулжээ.
Их хэлмэгдүүлэлтэд тус байгууллагын нэр бүхий 16 эрлийз албан тушаалтан маш их үүрэг гүйцэтгэсэн тухай олонтаа бичигдсэн байдаг. Жишээ нь, Х.Чойбалсангийн архины найз Хөхшугуй гэдэг эрлийз хуурамч хэргүүд үүсгэн, үүнийхээ төлөө дэслэгч гэнэрал хүртлээ дэвшсэн агаад, гэм нь илрэх магад болоход Хятад руу зугтсан гэж хэлмэгдүүлэлт судлаач М.Чойням ярилцлагадаа үгүүлсэн. Мангаа До, Маахуур Дамба зэрэг холимог цуст, алдартай яргачид байсан байна. Заяын гэгээнтнийг хороох хүн олдохгүй байхад, Маахуур Дамба очиж, олонтаа буудаж, толгойг нь тасдан егүүтгэжээ. 
Гэтэл энэ харгис этгээдүүд гарал нэгтнүүдээ аварч хамгаалдаг байжээ. Тэд Х.Чойбалсанд ч нөлөөлж; өрлөг жанжин, битүүлиг гаралт удирдагч маань хятадуудыг хаацайлж, буриад, баргуудыг, ер нь монголчуудыг сүрхий муучилж яллан хэлж байсан нь МАХН-ын их хурлын баримт бичигт үлдсэн байдаг. Гучаад оны хужаа цустны давралт нь тэдний гуравдахь хувьсгал болой. Цаашид ч хувьсгалууд нь гарсаар байсан.
Энэ айхавтар хүчин зүйлийг Баабар гуай чухам хааш нь үгүй хийчихвээ. Бүхий социализмын үед уг фактор нэн хүчтэй байсныг, Хятадын Чэн Тиеюань гэдэг судлаач оросын тагнуулчаас сурвалжилж бичсэн үгүүлэлдээ дурдсан нь манай хэвлэл мэдээлэлд гарсан. Орос тагнуулч: Монголд КГБ үйл ажиллагаа явуулахад тус улсын зохих байгууллагад шургалсан хятад эрлийзүүд маш их саад учруулдаг байв гэсэн ажээ. Харин Баабар тийм фактор огт байхгүй ээ гэчихээд, хэлмэгдүүлэлтийн учир шалтгаан, логикийг олох гээд байдаг.
ҮЭЧХ, хувьсгалын экспорт, импэриалистуудын антимонгол хамтарсан гэноцид, улаан тэррор, сталинист рэпрэсс, зөвлөлтийн гэгэмонизм, 5-р цуваа зэрэг хүчин зүйлүүдийн талаарх бодот баримт, үндэслэл дээр суурилаагүй учраас, бүфэр үгүүлэл нь өнхрөх бөмбөг дээр тогтох гэж циркийн эхлэн сурагч оролдох мэт л болчихож дээ, хөөрхий.
Ч.Мөнхбаяр
ММХ.X.XV
http://moenhbayar.blogspot.com

No comments: