Wednesday, November 3, 2010

Тамирчид энэ жил их урамшил авсан тул, Монгол улс дампуурлын ирмэгт тулсан гэнэ



Дарга нар “Боксын ДАШТ, Азийн тоглолтод 
амжилт гаргавал хохь чинь шүү, өгөх мөнгө байхгүй” 
гэж тамирчдыг дарамталж байна

Манай чөлөөт бөхийн эрчүүд гавихаа байлаа гэж бичигдэх болов. Урьд З.Ойдов (хошой), Х.Баянмөнх хоёр алт; Х.Баянмөнх, З.Дүвчин, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж, Б.Болд, А.Энхээ, Б.Жамсран, О.Пүрэвбаатар (хошой), Б.Наранбаатар нарын есөн бөх мөнгө; Ж.Мөнхбат, З.Ойдов, Д.Сэрээтэр, Ц.Нацагдорж, М.Хойлогдорж, О.Энхтайван, А.Энхээ, Д.Оюунболд, Н.Бүригдаа, Лу.Энхбаяр, Ло.Эрхбаяр, П.Сүхбат, Ц.Цогтбаяр, Б.Наранбаатар нарын 14 бөх хүрэл мэдалийг дэлхийн дэвжээнээс хүртэж байсны дийлэнх нь “Чөлөөт бөхийн алтан үе”-д хамрагддаг.
“Алтан үе” дэлхийн шилдэг дасгалжуулагч С.Магсарын нэртэй салшгүй холбоотой. Өмнөх олимпоос шагналт байр ч үгүй ирсэн шигшээг энэ хүн хамтран зүтгэгчидтэйгээ нийлээд, нэг олимпоос дөрвөн мэдаль (Мэхикод) хүртдэг шигшээ болгож байв. Түүний шавь нар тивийн аваргын нэг тэмцээний чөлөөтөөс нь 10 (бүх жинд), сонгомлоос нь есөн алт авч, Толедогийн дэлхийн цомоос бүх жинд мэдаль хүртэж, дэлхийн чихийг дэлдийлгэж байсан билээ.

Хөдөлмөрийн баатар, бүр цаашлаад Улсын баатар ч болж болох асан тэрбээр өдгөө цус харваж, хүнд хэцүү байдалтай байгааг нийгэм мэдээгүй л байна. Зөвлөлтийн бөхчүүдийг олон ялууллаа, интэрнационализм, найрамдал нөхөрлөлийг эсэргүүцсэн хэмээгдэн хэлмэгдэж, цөлөгдөж, зовж зүдэрч яваагүй бол тэр хүний эрүүл мэнд ингэж доройтоо ч уу, үгүй ч үү. С.Магсартай хамт Монголын чөлөөт бөх, спортыг бүхэлд нь хэлмэгдүүлэн дарж байсан билээ.
С.Магсар гавъяатаар “ардчиллын үед”, олимпийн шигшээг ахлуулж нэг үзсэн ч, дор нь хусч хаяж, элдэв хэл ам, хэрэг төвөгт хутгах гэж оролдон, ахин хэлмэгдүүлж ирсэн юм.
Саяын ДАШТ-д чөлөөтийн эрчүүдээс тав нь мэдальд хүрэх боломжтой асан ч дарагджээ. Дарагдах, луйвардуулах гэх үг Монголын спортын байнгын дагуул байж ирлээ. Социализмын үед манайхан “ах дүү” орнуудын тамирчинг ялах гэвэл “эсэргүү” болчих гээд байдаг, “хөрөнгөт ертөнцийн” тамирчинг ялах гэвэл “манай эсрэг коммунист лагэрийнхан” гэгдээд дарагдаад байдаг байв л. 
Одоо чялгаагүй. Гадныхан “дорой буурай Монголын тамирчин” гэж дээрэлхэж гадуурхдаг, дотоодын дарга нар “ашиг хонжоо авчрахгүй, үрлэг зарлагын эзэд” гэж хялайдаг байдал үргэлжилсээр байна. Уг нь бусад орны дарга нар өөрийн тамирчдыг мэдаль авахуулах гэж хөлөө хугалах дөхөн гүйдэг юм билээ. И.Ганди хүртэл, Москвагийн олимпод оросууд самбог оруулах гэж байтал, ятгаж гуйсаар байгаад болиулж, эмэгтэй зүлэгний хоккейг оруулгаж асан. Хэрэв дарга нар маань И.Ганди мэт эх оронч сэтгэлтэй бол ч, мэдаль авах боломжтой асан гэж бус, авчихлаа гэж ярих байв.
ДАШТ-ээс 2005 онд Ц.Энхжаргал хүрэл, 2007 онд Д.Нармандах хүрэл, 2008 онд Д.Насанбурмаа хүрэл, 2009 онд О.Бурмаа мөнгө, Б.Одончимэг хүрэл, 2010 онд С.Батцэцэг алт, “Залуу шилдэг бөх” бүс, Хүүхдийн олимпоос Б.Батцэцэг алт хүртлээ. Эмэгтэй бөхчүүдийн маань амжилт ахиж байна. Гэхдээ энэ нь мөсөн уулын ердөө оргил гээд бод. Жинхэнэ нөөц бололцоогоо ашиглаж чаддаг бол эмэгтэй бөхчүүд маань манлайлж, эрэгтэй бөхчүүд маань тэргүүн багуудын тоонд орох байсан юм.
Б.Батцэцэг маань хатигшил өвчин тусаад, Монгол туургатан хүүхдийн наадамд барилдах гэсэн чинь цус нь гоожоод, эмчийн шаардлагаар дэвжээнээс буув.Энэ л явдал бэлгэдлийн чанартай юм. Амжилт үзэгдэвч, ард нь ангал байгаа буюу.
Социализмын үед, “Жүдо бол Монгол руу халдан довтолж байсан, милитарист дайсан Японы бөх. Самбог түлхүү хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн, Монголын жүдогийн спортыг дарж, ад шоо үздэг байжээ. Бас л манай жүдочид социалист, капиталист алиных нь ч бөхийг ялж болохгүй, аль алинд нь хавчигдан гадуурхагддаг байв. Харин одоо Оросын бөхийг ялах нь хэвийн үзэгдэл, шигшээ маань ч өмнүүр нь байр эзэлдэг болсон нь яамай хэрэг мэт. 
Гэхдээ нүд үзүүрлэгдэж, булхайдуулсан хэвээр байна. Саяын ДАШТ-д Цагаанбаатарын маань алтан медалийг булааж авсан гэхэд болно. Олимпийн аварга Н.Түвшинбаяр домогт босоо аварга Сузукиг цэвэр ялснаас үүдээд, монгол бөхчүүдийн амжилтыг хязгаарлах гэж, хөл авахыг хориглосон. 
Монгол орны нэр хүнд бага, Монголын дарга нарын хичээл зүтгэл таг болохоор л ийм нөхцөл байдал үүсч байна. Хужаа нараар хуурамбаа спортын ордон бариулахыг л эрхэмлэх тэд золтой л жүдогийн “Чингисийн цом”-ыг тасалдуулаагүй (Ордон хугацаандаа ашиглалтад ороогүйгээс болж, хуучин спортын ордондоо тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд, Олон улсын жүдогийн холбооныхон ахин ийм орчинтой байх аваас, цомын тэмцээн явуулах эрхийг хураана гэсэн юм билээ).
Монголын боксынхон спортоо бүрмөсөн хориглуулах хүртлээ хэлмэгдэж явсан улс. 72 оны Мюнхэний олимпод Б.Ганбат (54), 76 оны Монрэалийн олимпод С.Гомбо (63), 80 оны Москвагийн олимпод Г.Батбилиг (60), Р.Отгонбаяр (57), 84 оны “Найрамдал” тэмцээнд Н.Энхбат (60), 88 оны Сөүлийн олимпод Н.Энхбат (60), Ц.Амаржаргал (57), 96 оны Атлантын олимпод Т.Үйтүмэн (60), 2004 оны Афины олимпод У.Мөнх-Эрдэнэ (64), 2008 оны Бээжингийн олимпод У.Мөнх-Эрдэнэ (64), З.Энхзориг (57) нар булхайгаар ялагдал хүлээж, мэдаль авах, мэдалийн өнгөө хувилгах боломжийг алдаж байсан юм. 12 боломж! Тийм ээ, бидний алдсан нь авснаасаа хавьгүй их буюу.
В.Батбаяр, Д.Банди багш нарын шавь Н.Энхбат гавъяат 10 жил тоглохдоо 100 орчим (10 кг хүрч байсан гэдэг) мэдаль хүртэж байжээ. 1984 оны “Найрамдал” тэмцээний финалд түүний алтыг арай дэндүү булхайцан авч, Кубийн Эррэрад өгч байсаан. (нийслэл Хабанад нь болсон тэмцээн). Тэгвэл Сөүлд Швэдийн боксчинд булхайгаар ялагдуулан түрүүлэх шаансыг нь алдагдуулж байсан юм. Үнэнээр өрсөлдвөл, зөвхөн күбчүүд л хамгийн гол учраа нар нь байх асан бөгөөд, тэд “Энхбаттай тоглохгүй бол аваргалнаа” гэдэг байж.
Эх орныхоо төлөө 10 жил тулалдсан тэрбээр, ахуй амьдралын бэрхшээлээс болж, АНУ-д ажиллаж амьдрахад ч хүрсэн.
Хамгийн азгүй боксчин гэгддэг “Азарган тахиа” хочтой, дайчин тоглолттой Ц.Амаржаргал улсын 10, “Интэрнационал” ОУТ-ий найман удаагийн аварга ч,бэлтгэл тасаллаа гээд шигшээгээс хөөгдөж л явав. Цөөнгүй ОУТ-д түрүүлсэн бөгөөд, 84 онд финалын дараа, сая тоглосон Тусуповтайгаа хоёул нэг машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж байжээ.
Шүүгчийн шийдвэр халдашгүй дархан хууль байдгийг уншигчид мэднэ. Гэтэл Сөүлийн олимпод, ялалтыг нь хоёр хоногийн дараа, ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгосон хосгүй тохиолдол гарсан юм. Олимпийн Зохион байгуулах хороонд Австралийн иргэн байснаас үүдэн, түүнийг Австралийн боксчинд шударга бусаар хожигдуулж, мэдалийг нь мулталж байв. Тивийн аварга болох гэхэд нь ч булхайдаж, алтыг нь дээрэмдсэн.
Монголд шатрын спорт сайн хөгжлөө гэж байна. Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар их мастер боллоо, ахиад ч төрөх гэж буй. С.Энхтуул шатрын өсвөрийнхний ДАШТ, Монголын шигшээ оюутны ДАШТ-д түрүүллээ. Бүр илүү сайн байх боломж байсан юм.
1970 онд дэлхийн аваргатай тоглох шатарчинг тодруулах олон улсын тэмцээн Испанид болоход манай Т.Үйтүмэн алдарт Р.Фишэртэй тэнцэж, их мастер С.Решевский, М.Матулович зэрэг шатарчдыг хожин, тэмцээнийг хошуучилж, шуугиан дэгдээж явав. “Шатрын Баянмөнх” гэгдэж, Азийн анхны их мастэр болох гэж асан тэр Зөвлөлтийн их мастэр Б.Спасскийтэй гурван удаа тэнцсэний тул “зөвлөлтийн эсрэг үзэлтэн” гэгдэж, хэлмэгдэж явжээ. Далимдуулаад, Монголын шатрын спортыг бүхэлд нь хэлмэгдүүлж байж.
Шатрын бодлогын спорт ч хөгжиж байв. С.Чимэдцэрэн 200 гаруй бодлого, этюд зохиож, ДАШТ-д үзүүрлэж, ОУТ-ээс түрүү, 40 байр, шагнал авч, “Дэлхийнсонгодог бодлогууд” номд таван бүтээлээ оруулж, “Монгол сэдэв” гэх ойлголтыг төлөвшүүлэн буй болгожээ. 2009 онд Л.Тогоохүү ОУТ-д шагналт байр эзлэсэн.
Энэ бүхнийг үзэхлээр, Монголд шатар үүссэн гэх таамаглалд итгэм. “Би Монгол хүн. Тиймээс Монголд Шатрын ордон барих, Монголоос дэлхийн аварга төрүүлэхийн төлөө зүтгэх болно” гэсээр манайд ирсэн, ФИДЭ-гийн ерөнхийлөгч К.Илюмжиновтой манай дарга нар хүйтэн хөндий харьцсан гэх юм. Шатарчдынхаа амжилтыг ч тээршаадаг гэнэм. Зөвлөлт болон, ах дүү социалист орнуудын шатарчдыг хожиж болохгүй гэдэг асан урьдын мунхаг дарга нараасдээрдэх зүйлгүй, дордох л зүйлтэй билээ, тэд.
Яагаад дарга нар маань Монголын спортод дургүй байдаг юм бэ? Монгол хүмүүс мөн үү? Энэ тал дээр их л эргэлзээ төрүүлдэг болсон шүү дээ.
Тодорхой нэг шалтгаан гэвэл, тамирчдад шагнал урамшил олгохоор халаасанд нь орох юм багасчихдаг байна л даа. Уг нь, төрийн, ард түмний мөнгийг зориулалтаар нь л зарцуулж буй хэрэг шүү дээ, тэр мөнгөн шагнал чинь. 
Энэ онд манай тамирчид спортын өндөр амжилт үзүүлсэн учир, урамшилд төсөвлөсөн мөнгө хоёр удаа дуусч, хоёр удаа төрийн нөөцөөс авахад хүрсэн гэнэ. Хүнд оногдох баялгаараа ч, нийт баялгаараа ч дэлхийд тэргүүлдэг, дэлхийн хамгийн баян орон маань, бүхий ашигт малтмал, газар нутгийн аль сайн сайхан 60 хувийг харийн хулгайчдад бэлэглэснээс болж, нэг иймэрхүү л шившигтэй, хосгүй гуйлгачин орон болчихоод байна.
Ахиж улсын нөөцөөс урамшилд зориулж ялсан ч мөнгө өгөхгүй гэсэн гэнэ.Дэлхийн аваргын хүрэлтэй ирсэн Х.Цагаанбаатар гавъяатад өгөх мөнгө байхгүй л юм гэсэн, өгөв үү яав. Ерөнхийлөгчийн мөнгө рүү орж аргацааж байна ч гэх шиг. ДАШТ-ий хүрэл, Дэлхийн цомын хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Унивэрсиадын алт, ТАШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэл, самбогийн ДАШТ-ий хоёр алттай М.Бундмаа охинд гавъяат өгөлгүй уйлуулсан гэх. Цагтаа, самбогийн ДАШТ-д нэг алт л авсан хүнд гавъяат өгч байж. Яагаад М.Бундмаад гавъяат өгөөгүй вэ гэвэл, дагалдах мөнгө нь байхгүй гэв үү?!
Хэдэн тамирчдынхаа урамшууллыг өгөхийн тулд улс маань хоосрох гэж байна шүү дээ, таминь ээ. Урьд энэ асуудлыг шийдвэрлэж байсан арвин баялаг туршлага дарга нарт маань бий гэнэм. Ардчилсан эвсэл засгийн эрх барьж байх үед, улсын шигшээг тарааж, Сиднэйн олимпоос ганц ч мэдаль аваагүй гутамшигт хүргэж, “эдийн засгийн үр ашиг, хэмнэлттэй”-гээр спортыг “хөгжүүлсэн” байгаа юм. Одоо тэр замнал руугаа хэлбийх төлөвтэй.
“Энэ жил ахиж өгөх мөнгө байхгүй шүү” л гээд байгаа гэнэ. Оюутны боксын ДАШТ, Азийн тоглолтод амжилт битгий үзүүлээрэй л гэж байгаа хэрэг шүү дээ. Ингэж эх орныхоо эсрэг ажиллаж, эх орноо сөнөөж байдаг дарга нар Монголоос өөр хаана ч байхгүй.
Спорт бол ард түмний сэтгэл санааг өргөн тэтгэж, улс үндэстний сүлд хийморийг сэргээж, монгол хүмүүнд баяр жаргал, эрч хүчийг хайрлаж, биеийн тамир, эрүүл мэндийг эрхэмлэх үзлийг шингээх их хөшүүрэг юм. Харийн боол зарц, хог новш болчихоогүй, өөрсдөө харь болчихоогүй (болно ч гэж дээ, угаасаа ямар ч юм билээ) бол үүнийг ойлгох л учиртай.
Нэрт жүдоч маань “Хилчин” клүбээс “Сүлд” рүү шилжсэн нь ахуй амьдралын бэрхшээлтэй холбоотой гэнэм. Алматын дэлхийн цомоос Г.Болдбаатар алт хүртлээ. Нутгийн бөхийг болон, Дэлхийн цэргийн аварга, Оросын ирээдүйтэй бөх Е.Кудяковыг цэвэр ялсан байна. Хүрэл авсан, улсын арслан Х.Мөнхбаатар (+100) нутгийн болон, Ираны бөхийг ялж, Японы бөхтэй тэнцүү барилдаж, шударга бусаар торгуулан ялагджээ. Ташкэнтийн дэлхийн цомд М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ (48) хоёр маань нутгийн бөхчүүд, солонгос бөх зэрэг хүчтэй учраагаа дийлж, финалд хоорондоо үзэлцсэн байна. Д.Сумъяа (57) хүрэл зүүжээ.Энэ хүүхдүүдийг одоо яахав? Түрүүлсэн, мэдаль авсан та нарын хохь оо, зайлцгаа, тонилцгоо гэх үү?
Боксын оюутны ДАШТ Монголд болно. Гэтэл хужаа нарын барьсан Спортын ордон халуун усны систэмгүй учраас олон улсын тэмцээн зохион байгуулах байтугай, ямар ч зорилгоор ашиглах шаардлага хангахгүй. Халуун устай болгоё гэвэл бараг шинээр барих хэрэг гарна гэх шив. Энэ бол манай дарга нарын хужаа нартайгаа нийлж гаргасан амжилт. Гадаадын зээлээр гадаадынханд ажлын байр, өндөр цалин зэхэж, монголын ард түмнээр төлүүлдэг арга бач, гол бодлогуудынх нь нэг. 
Монголд бусад спорт хангалттай хөгжсөн, хөнгөн атлэтикийнхныг бэлтгэ, сурга гэсэн чиг өгсөн гэнэ. Хөгжсөн спортоо хаядаг, устгадаг, хөгжөөгүйг нь голлон анхаардаг практик өөр газар ер байнуу.
Нам засгийн нэг хэвлэлд спорт, ОУТ хэрэггүй, нийтийн биеийн тамир, гимнастик л хэрэгтэй, монголчууд олимпизм гэдэг өвчин туссан гэжээ. Улс үндэстний бахдам сайхан амжилт маань эмгэг өвчин, ТВ-ээрээ заагаад байдаг ци-гун дасгал нь л ганц хэрэгтэй зүйл болох нь ээ. Монголд 20 жил амьдарч, тэннисийн спорт хөгжүүлэх гэж зүтгэсэн Кан Юн Сунгэдэг солонгос хүнийг Христийн сүмд очлоо гэж албадан гаргав.
Б.Наранбаатарын багш Б.Баттулга Тайваний шигшээг дасгалжуулахаар явлаа. Ло.Эрхбаяр (хүү нь Японд сүмоч), Д.Баясгалан, Н.Сумъяабазар, Г.Мөнхболд нар Амэрикийн клүбэд, Ло.Эрхбаяр Филиппин, О.Мөнхбат Балбын шигшээд, Н.Лхамсүрэн Канадын “Вurnaby Mountain” клүбэд чөлөөтийн дасгалжуулагчаар, Б.Ууганбаатар Лаос, Д.Маралгэрэл Малайз, Л.Лувсандэмбэрэл Емэний шигшээд жүдогийн дасгалжуулагчаар, Ц.Цэрэнням Балбын шигшээд боксын дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж байна. Боксчин Лхагваа Солонгос, Амэрикт, Цэвээнпүрэв, Шинэбаяр (Британийн иргэн болсон) Англид, Баянмөнх, Батхүү, Отгонбаяр Амэрикт удтал амьдарч тоглосон буюу, тоглож байгаа. Н.Төгсцогт Азэрбайжаны Баку, У.Мөнх-Эрдэнэ, Э.Идэрхүү Америкийн Бостон, З.Энхзориг Италийн Милан, Т.Чулуунтөмөр Энэтхэгийн Дэлийн боксын лигийн тамирчин болов.
Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Д.Энхбат, Моконами Г.Базарсад, Даёнами Б.Ууганбаяр Японы иргэн боллоо. Хятадын олимп буюу спартакиад Нанжинд болоход, манай Ч.Дамдиншарав, Х.Болдбаатар, Л.Ундралбат (Өвөр Монголын шигшээтэй хамт ирцгээсэн), Т.Гансүх (Ганьсу), Ө.Насанжаргал (Нанжин), П.Сумъяа (Хэбэй) гээд өмнөд хөршид байгаа цөөнгүй дасгалжуулагч маань уулзалдаж, уярлын нулимс унагаж дээ. 1990 оноос хойш л, монгол дасгалжуулагчгүй Хятадын муж гэж байхгүй шахам байж ирлээ шүү дээ.
Г.Батдорж гэдэг, аав нь Сахагийн шигшээгийн дасгалжуулагч тул тэнд өссөн ирээдүйтэй жүдочоо гадуурхсаар, ОХУ-ын иргэн болгож, олимпийн нөөцөд нь багтааж санаа амрав. Оросод амьдарч буй завины нэг тамирчин маань Монголынхоо нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцож байя гэхэд дарга нар зөвшөөрч хүчрээгүй (Б.Будаев зэрэг монгол туургатан тийм хүсэлт тавихад татгалзаж байсан тухай нь энд яриад ч хэрэггүй биз дээ. Уг нь, спорт өндөр хөгжсөн улс ч улам л нэрээ мандуулах гэж, гадаадын тамирчдыг “иргэнээ бол” гэж урьж залж байдаг юм билээ. Манайх шиг элэг нэгтнээ хөөж туугаад, өөрийн иргэдээ бага амжилт үзүүл хэмээн дарамталж, хорлож байдаг нь үгүй). З.Нарангэдэг манай тамирчин Францын дугуйн клүбэд лэгионэр. АНУ-д манай өсвөр, залуу нэлээд хэдэн чөлөөт бөхийн тамирчинг улс, хотынх нь аварга болоод манарагж явдаг сурагтай.
АНУ-д амьдарч байгаа О.Гүндэгмаа дээрээ Х.Цагаанбаатар очоод байж байгаа, АНУ-ын жүдогийн аварга боллоо гэлцэхээр, тэндхийн хүмүүс болчих юм биш биз дээ гэж санаа зовж л байв. Хоёулаа Монголдоо ирсээн. Гэхдээ энд тамирчдыг ойр дотны хүмүүс, эх оронч үзэл, төрсөн нутагтаа хоргодох сэтгэлээс өөр юу тогтоон барих вэ? Хэлэхэд хэцүү.
Жаргал цэнгэл нь дэндээд спортынхон маань харь луу одож, харин иргэн болдоггүй л билээ. Харин ч эсрэгээр. 
Бусад орны нэрт тамирчид амь насаа алдах нь өдрийн од шиг л байдаг. Тэгвэл, манай олимпийн мөнгөн медальт, бараг аварга бөх Даваажав, боксын дэлхийн дэд аварга Отгонбаяр, бусад нэрт боксын зүтгэлтнүүд болох дасгалжуулагч Мөнхжаргал, тамирчин Энхсайхан, Гомбо, Алтансүх алагдаж, Жамган сураггүй болж, бөхийнхнөөс Түвдэндорж аварга, Лхагва начин, Цэрэндаш начин, Нэгдэл начин, Бэгзсүрэн харцага, Одхүү начин шоронд орж, Магсар, Машбат дасгалжуулагчдаа цөлж, Банди, Намшир дасгалжуулагчдаа ядуу зүдүү явуулсан нь юуны учир вэ. Нам засгийн хайр хишиг спортынхон, монголчуудын хувьд ийм л байж ирлээ дээ. Саяхан болтол Магсар, Банди, Намшир дасгалжуулагчид зэрэг цус харваад байсан агаад, зууны дасгалжуулагч Магсар гуайн бие муу байна. Амьдрал, эрүүл мэндийн байдал хүнд хэцүү спортынхон зөндөө.
Энэ урт нийтлэлд дурдагдсан бүхий сөрөг зүйлс дарга нарын маань үе залгамжлан хэрэгжүүлж ирсэн, Монголын спорттой хийсэн тэмцлийн үр. Монгол улс үндэстний эсрэг бодлогынх нь үр буюу. Тэд “Монгол хүн болж төрсөн та нарын хохь оо, зайлцгаа, тонилцгоо” л гэдэг буюу.
Ч.Мөнхбаяр
ММХ.IX.XXIX

No comments: