Wednesday, November 3, 2010

О.Лхагвадорж: Манай төр монгол хүн амыг хятад хүн амаар халж солих бодлого явуулж байна



Монголын төр харь гүрний орон нутгийн 
засаг захиргаа шиг болжээ

“Улс үндэстнээ аваръя” бүлхэмүүдийн удирдах зөвлөлийн гишүүн О.Лхагвадоржтой тэмцэл хөдөлгөөнийх нь талаар ярилцлаа.

-Ц.Мөнхбаяр нарын, гадаадын компаний техник хэрэгслийг буудсан асуудал юу болж байна вэ?
-Хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Тэд батлан даалтад гараад байгаа. Дуудсан цагт нь очиж байх юм л даа. 
Харин манай УЗ-ийн нэг гишүүнийг ерөнхий сайд: “Та нарт хариуг нь амсуулна даа!” гэж заналхийлсэн байна билээ.
-Галт зэвсэг хэрэглэж тэмцсэн нь зөв буруу, шийтгэх ёстой, ёсгүй гээд л их маргаан өрнөж байна даа?
-АНУ-д хүний хувийн газар, байшин, өмчид халдвал шууд л бууддаг биз дээ. 
Манайд, хүн бүр байгаль орчноо хамгаалах ёстой гээд Үндсэн хуулийн 17-р зүйлд заасан байдаг. Тэгвэл тэр компаниуд монголчуудын өмч болох газар шороо, уул усанд хууль бусаар халдсан. Байгаль орчныг дээд зэргээр сүйтгэж сөнөөж байсан. Монголчуудын онгон дагшин шүтээн болох учиртай Ноён уулаа хамгаалах гэж, өөрөөр яаж ч тэмцээд үр дүнд хүрээгүй. Нутгийн ард иргэд гишгэх газаргүй, уух усгүй болоход хүрч, амьдралд нь шууд аюул учирсан. Ингээд л тэдний түрэмгийлэл, дайсагналын зэвсгийг аргагүй хамгаалалтын зэвсгээр зогсооход хүрсэн. 

Хотонд нь чоно ороход малчин хүн бууддаг биз дээ. Хулгайч дээрэмчин хууль зөрчвөл галт зэвсэг хэрэглэх шаардлага гарна биз. Тэглээ гээд шийтгүүлэх үү? Үгүй. Түүнтэй л адил. Ц.Мөнхбаяр нар шийтгүүлэх үндэслэлгүй. 
Хэргийн учир галт зэвсэгт байгаа бус. Харийнхан Монголын нутагт гаарч даварч, монголчуудыг амьдрах аргагүй болгож, харин монголчууд бид оршихуйнхаа төлөө эрс шийдэмгийгээр тэмцэх шаардлага тулгарсанд байгаа юм.
-Цаашдаа иймэрхүү тэмцэл өрнөх үү?
-Газар усаа харийн үл бүтэх этгээдүүдээс хамгаалан ард иргэд өөрсдөө хууль сахиулах тэмцэл олон нутагт, улс даяар өрнөх нь тодорхой болоод байгаа. Бослогын болон, хувьсгалт нөхцөл байдал, уур амьсгал бүрдчихээд байна шүү дээ. Говь-Алтайн Бигэрт гэхэд л байдал хичнээн хурцдаад байгаа билээ.
-Та бүхэн МАХН, АН-ыг хориглох тухай нэхэмжлэлийг Дээд шүүхэд өгснөөс хойш, албан ёсны хариугаа авах цаг болсон. Хариу авсан уу?
-Авсаан. Гурван нүүр бичиг өгсөн. Баахан ач холбогдолгүй, хэрэггүй зүйлээр дүүргээд, ганц хоёр мөрийг л бидний тавьсан асуудалд зориулсан байна билээ. 
Бид сэтгэлийн хөөрлөөр ул үндэсгүй зүйл бичсэн юм байх аа. Тиймээс, хоёр намыг буруутгах боломжгүй гэсэн. Уг нь сэтгэлийн хөөрлөөр шүлэг найраг бичээгүй, баримт нотолгоо л цуглуулж өгсөн юмсан. 
Тийм л нэг, даажинтай гэмээр хариу бидэнд барьсан даа. Ер нь бидний нэхэмжлэлийг авахаас өмнө хариу нь бэлэн байсан биз.
-Аль нэг намыг хориглох ямар хууль зүйн үндэс байна вэ?
-Хууль зүйн үндэслэл нь Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалт байгаа юм. Уг заалтад “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гээд тодорхой заачихсан байгаа. 
Хууль зөрчсөн үйлдлийнх нь хувьд дээрх заалтын нэгдүгээрт Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, хоёрдугаарт үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, гуравдугаарт Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн байгаа гурван үндэслэлээр тус хоёр намыг тараах нэхэмжлэлийг гаргасан.


-Хоёр нам Монгол Улсын  бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг яаж бусниулав?
-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Үндэсний аюулгүй байдлыг, 1) Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал, 2) Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал, 3) Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал, 4) Эдийн засгийн аюулгүй байдал, 5) Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал, 6) Мэдээллийн аюулгүй байдал, 7) Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, 8) Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал, 9) Экологийн аюулгүй байдал гэсэн есөн бүрэлдэхүүнээр тодорхойлсон байдаг. 
Энэ бүх аюулгүй байдлыг хоёр нам алдагдуулсныг бид баримт нотолгоогоор баталсан. Ингэж л бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг тэд бүрмөсөн бусниулсан. 
Ер нь сүүлийн 20 жилд манай улсад хоёр нам ийм сайхан зүйлийг бий болгожээ гэж хэлэх ганц ч сайн юм алга. Монголд энэ хугацаанд хамгийн сайн өсөж хөгжсөн үйлдвэрлэл гэвэл архины үйлдвэр л байна. Архидуулалт бол үндэстнийг сөнөөх, колоничлогчдын хамгийн түгээмэл аргын нэг шүү дээ.
-Үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан тухайд?
-Намаар талцуулахаас өгсүүлээд олон нүгэл бий..
-Үндсэн хуулийн бус аргаар яаж төрийн эрхийг авав?
-2008 оны УИХ-ын сонгуулиар АН нэг сая төгрөг, МАХН 1.5 сая төгрөг амласан нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.11.18-д заасан “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн аливаа үйлдэл үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. 
Бас сонгуулийн булхай луйвар маш их хэмжээгээр гарсан. Үүнийг хоёр нам өөрсдөө ч хүлээн зөвшөөрч, нэлээд хэмжээгээр харилцан илчлэлт хийсэн. Тэгсэн атлаа, засгийн эрхийг барьцгаагаад сууж байна. 
7.1-нд сонгуулийн булхайг эсэргүүцсэн олон нийтийн цуглааныг зориуд эмх замбараагүй байдал болтол турхирч, түүгээр далимдуулан таван хүнийг буудан хороож, олон хүнийг баривчилж шийтгэн, нэг үгээр хэлбэл олон түмний эсэргүүцлийг нухчин дарж, айлган сүрдүүлэх замаар сонгуулийн үр дүн гэгчээ тулган хүлээлгэж төрийн эрх мэдлийг булаан авсан. 
Өөр нэг үндэслэл нь өнөөгийн төр засгийн эрх мэдлийн хуваарилалт, сонголт шийдвэр нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт гэгчийн дагуу явагдаж байгаа. Гэтэл энэ нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2000 оны 11 дүгээр сарын 29-ний 02 дугаар тогтоолоор бүх зүйл заалтаар нь хүчингүй болгосон. Тиймээс өнөөгийн төр засаг Үндсэн хуулиас гадуур байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа учраас хууль бус юм. Зөвхөн энэ хоёр үндэслэлээр аваад үзэхэд л МАХН, АН хоёр Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авсан гэдэг нь батлагдаж байгаа юм.
-Төрийн өндөрлөгүүдэд 7.2-нд та бүхний хүргүүлсэн шаардлагын дунд “…гадаадын ажиллагсдыг есдүгээр сарын нэгнээс өмнө даруй гаргах” гэж байсан. Гадаад ажиллагсдыг гаргаж байгаа юм байнуу?
-Хүйтрэхээр зарим нь буцдаг юм уу, үгүй юм уу гэхээс биш, гадаад ажиллагсдыг оруулах нь багасах байтугай, ямар ч хараа хяналтгүйгээр ихэсч байна шүү дээ. 
Хуурамч бичиг баримтаар хужаа нарыг оруулж ирчихээд, Монголын паспорт олгож бүр суурьшуулдаг бизнес эрхэлдэг байсан даргын гэмт хэрэг бүрэн илчлэгдсэн. Тэгээд шийтгэлээ гэсэн чинь, өөр албан тушаалд л шилжүүлчихсэн байна. 
“Нарантуул”-д хятад наймаачид хүч түрэн орж ирж байна. Урьд манай наймаачид тэднээс бараа аваад, энд ашиг гаргаж зардаг байсан. Гэтэл тэд төрийнхөө дэмжлэгтэйгээр үйлдвэрээс нь шууд бараа аваад л энд ирж байгаа болохоор, манайхныг аргагүй шахан түрж байна. Хэрэв хятад наймаачид манай жижиглэн худалдааг, цаашдаа бүх худалдааг гартаа атгавал хэрэглэгчид маань бүрэн атганд нь орно, хүнсний, эрүүл ахуйн, хэрэглээний аюулгүй байдал харийнхнаас л хамаарах болно. Оросод жижиглэн худалдаандаа гадаадынхныг ажиллахыг хорьсон нь учиртай. Харин манай төр бүр хүн амын солилцоо хийж байна. Хятадуудыг бүх л боломжоор, сувгаар оруулж ирж, монголчуудыг харь луу хөөж, монгол хүн амыг хятад хүн амаар халж сольж байна шүү дээ. 
Гадаадын хөрөнгө оруулалт л гэдэг. Хятадуудыг л оруулж ирэх арга. Харийн нэг хулгайчид лиценз өгдөг, тэр нь лицензээр маань барьцаалж мөнгө босгодог, уурхай босгодог, өмдөө чирсэн баахан хужаа ороод ирдэг. 
Гадаадын зээл тусламж л гэдэг. Хятадуудыг л ажлын байраар хангахад тэр нь зориулагдаж, зарцуулагдаж байна шүү дээ. Хүүтэй тэр зээл тусламж монголчуудын л нуруун дээр их өр болж  бууж, улам доройтуулна, бүр сөгтгөнө. 
Энэ тэндэрийн урилгыг хар (үзүүлэв). Зөвхөн БНХАУ-ын компаниудыг оролцуулна гэсэн байгаа биз. Ийм л байна. Хаанахын төр засаг вэ, харь гүрний орон нутгийн засаг захиргаа юу гэмээр л болчихоод байна. 
Тийм л учраас монголчууд бид тэмцлийн ямар ч хэлбэрийг сонгохоос өөр аргагүйд хүрчихээд байна шүү дээ. Эсбөгөөс улс үндэстэн маань сөнөж мөхөхөд тун  ч ойрхон болоод байна даа.
Ярилцсан Ч.Мөнхбаяр
ММХ.IX.XVII

No comments: