Козлов биш, Цогт Бадамжав Хар Хотыг нээсэн
Оросын монголчууд Монгол улсын тусгаар тогтнох, мандан бадрах үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан билээ.
ХХ зууны эхэн үед Буриадад панмонголист үзэл хүчтэй хөгжиж, Монголын ертөнцийг сэрээж, нэгдсэн Бүх Монгол улсыг байгуулахыг уриалан дуудах болсон. 1911 онд Монгол улс тусгаар тогтноход олон буриад хүн ирж, монгол голомтот улс мину хөгжиж хүчирхэгжиг хэмээн, чин үнэн сэтгэлээр тусалж дэмжиж, зүтгэж чармайж байсаан.
Цанид хамба, билгүүн номч Агваан Доржиев шашин, дипломатын үйлсэд гар бие оролцсон. Панмонголист үзэлтэн Намдаг Дылыков, Дамбадугар Цыдыпов (Цыбыкдоржи) нар орчуулагч, туслагчийн үүрэгтэйгээр Богдын ордонд ажиллаж байсан. Ах дүү казак Юмтаров нар Монгол улсын армийг буй болгоход дэм үзүүлж, Монголын иргэн болох хүсэлтээ ч тавьж байсан.
Казак Цогт Бадмажапов Богдын жолооч, зурагчин байв. Уг нь тэр монгол судлаач агаад, Хар Хотыг Козлов биш, Бадамжав л нээсэн буюу. Козловт хаа байгааг нь зааж өгөхөд, Бадамжав нь сайн дурын судлаач, нөгөөх нь албан ёсны эрдэмтэн (бас тагнуул) учир, нээлтийг нь дээрэмдчихсэн юм билээ л дээ.
Анхны европ маягийн монгол сургуульд Даниил Абашеев, Варвара болон Анна Вампиловууд зэрэг буриад багш нар ирж, ном зааж байж.
Харь гаралт урвагч цэрэндоржтон, бадамдоржтонгуудын балгаар Хятадын түрэмгийчүүд Ар Монголыг эзлэн аваад байх үед, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэх, хувьсгалт нууц бүлгэмүүд байгуулагдаж асан. Тэдгээрийн тэмцэлд Санжмятав Цэвэгдаров, Цэдэн-Иш Гочитский нарын буриад нөхөд идэвхийлэн хамрагдсан. Цэвэгдаров казакийн хурандаа, Оросын консулын газрын эмч байсан агаад, бүлхэмийн үйл ажиллагааныхаа төлөө буруудан алагдсан юм.
Нармай Монгол улсыг байгуулахад панмонголист үйлсийн нэрт зүтгэлтнүүд болох Ц.Жамсарано, Э.Ринчино, М.Богданов, Д.Сампилон, Н.Дылыков, гэнэрал Ц.Цыдыпов, Вампилон, Бямбаев нар гавъяа зүтгэлээ хандивласан.
Буриад оросын холимог ч, өөрийгөө монгол хүн гэж үзэх нь их асан, монгол хэлээр (буриад, халх аялгыг мэднэ) чөлөөтэй ярьдаг, Нармай Монголын ЗГ байгуулах санааг үүсгэгчдийн нэг, Байгалийн казакийн атаман, чин ван Г.Семёновыг дурдахгүй өнгөрч болохгүй. Түүнийг оросууд буриадын казак гэдэг байсан бол өөрийгөө тэр Эрдэнэ гэж нэрлэдэг асан. А.Семёнов үхэн үхтлээ Нармай Монголыг байгуулах үзлээ орхиогүй. Атаман Семёнов, барон Үнгэрн, казак Левицкий нар Нармай Монголын ЗГ-аас гэнэрал цол хүртэж асан.
Барон Үнгэрний цэрэгт олон буриад казак байсан бөгөөд, Нармай Монголын зэвсэгт хүчин гамингаас Монгол улсыг чөлөөлөх гэж орсон нь тэр байлаа. Үнгэрний нэг дэд жанжин, Хүрээний сайд нь буриад Жигмид Жамбалон. Богдыг гамингийн хорионоос суллахад ажиллагааг толгойлогчдын нэг нь казак Туванов.
Баруун хязгаарын сайд Жалсав Ванданов лам байсан хүн. Сод эрдэмтэн Бямбын Ринчентэй хамт суралцаж байсан. Б.Ринчен гуай хожим Вандановын ээж дээр очиж золгон, эрсдэлтэй алхам хийж байсныг бодоход тэд найз нөхөд байсан биз ээ.
Ванданов ЗГ-аа, Магсаржав МАН-ынхныг дагана хэмээн зөрөлдсөн. Улмаар Хатанбаатар Вандановынхныг устгахад хүрсэн эмгэнэлтэй гэмээр үйл явдал буй. Аль урьдаж гэнэдүүлсэн нь нөгөө талаа хөнөөх л асан тийм нөхцөл байдал үүссэн. Уг нь бол, Магсаржав, Ванданов хоёр аль аль нь л Монголын төлөө гэсэн сэтгэлтэй, Монголын баатрууд буюу. Вандановын хамаатан Н.Цэвэлмаа гэдэг эмэгтэй БНМАУ-ын тэргүүний саальчин гэж тодорч явсан байдаг.
Бямбын Ринченгийн аав Раднаажав Будаевич Бямбаев казак цэргийн хурандаа цолтой, Монгол улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэж, Очир-Эрдэнэ одонгор шагнуулж явсан нэгэн юм. Монголд толь бичиг зохиох ажил ч хийж байсан, эрдэм номтой хүмүүн. Улаан террорт өртөн, амь насаа алдсан.
1921 оны хувьсгалын, шинэ Монгол улсыг цогцлоох үйлсэд ахан дүү буриадууд мөн л идэвхтэй гар нийлэв. Монголын хувьсгалт цэргийн хорооны дарга нь Элбэгдорж Ринчино байв. Тууштай панмонголист тэрбээр эсер, большевик намуудыг зөвхөн бүх монголчуудыг нэгтгэх үйлсэд л ашиглаж байсан юм. Харь гаралтнууд, харь үндэст большевикууд нийлж нэгдэн, Ринчино болон, Монголын зарим хувьсгалчдыг эвдрэлцүүлж байсан явдал буй. Ринчино үүнийг ойлгоод, алдаагаа залруулж, яс хаягчдыг илчлэн цээрлүүлэх гэтэл, Б.Цэрэндорж нар (Ши Яньшань) элдвээр матан, Зөвлөлт рүү татуулсан.
Цэвээн Жамсарано төрийн болон эрдмийн ажил хийж, аль аль салбарынх нь тулгуур баганыг босголцсон. Монгол бол олон монгол түмнийг нэгтгэсэн, Швэйцарь лүгээ холбооны, төвийг сахисан улс болбол зохино хэмээж, хууль-эрх зүйн үндсийг нь боловсруулж байв. Марксизм буддизм хоёр агаар нэгэн тул, буддизмаараа явахад болохгүй гэх зүйлгүй ч гэж асан. Монголыг нэгтгэх, Монголыг Монголоор нь байлгах гэж тэмцэж яваад буруудсан.
Никита Бутуханов Монголд ирээд нэрээ Эрдэнэ Батхаан болгосон. Манай гэгээрлийн сайд асан.Охин нь Ардын жүжигчин, төрийн шагналт зохиолч Оюун гуай билээ.
Дотоодыг хамгаалах газрын даргаар Константин Баторун ажиллаж байв. М.Амгаев, Д.Сампилон, С.Нацов, Г.Галзутов, ах дүү Баламцоо, А.Старков, С.Борисов гээд л буриад нөхөд бужигнан байж Монгол улсын элэг нэгтэндээ хүчээ өгч байж дээ. Коминтэрний Дорно дахины сэкцийн Монголын төвд дээр дурдсан хүмүүсийн заримаас гадна Ц.Жамсарано, М.Сахьянова, Б.Ишдоржин, Г.Данчинов, С.Дашпилов, А.Ваанчигов, Б.Цэрэнжабов, Д.Балданов, С.Жамбалон, Д.Өвгөнов, Ч.Очиров зэрэг буриад нөхөд ажиллаж, Монголд ирэн очин, байнгын нягт харилцаатай байжээ.
Халимагийн Жа лам Дамбийжанцан (Амарсанаев) улс орны баруун хязгаарыг чөлөөлөх, Монгол улсын бүрэлдэхүүнд байх эсэхдээ эргэлзэж байсан зарим ойрд, хасаг ноёд, ардыг сэхээрүүлэхэд их нөлөө үзүүлсэн хүн. Алтайн хязгаарыг маань тасалж аваад Хятадтай нэгдчихсэн урвагч Балт вангийнхныг нааш татахын тулд, Ойрдын улс байгуулъя гэхчилэн дипломат арга мэх хэрэглэж байсан. Тэр санаа нь бүтсэн бол, Алтайн хязгаар дээр нэмээд Шинэ хязгаарын (Шинжаан) ойрдуудыг Монголдоо нэгтгэчих боломж байв.
Гамин цэргүүдийг үлдэн хөөх дайнд Халимагийн тусгай хүч тулалдан явж, чухаг ролийг гүйцэтгэсэн. Сумангийн дарга, гүн цолоор шагнагдсан Харти Кануков, Мацаг Бямбаев нарын халимаг мэргэжилтнүүд Монголд ажиллан, хүчний байгууллагуудыг хөл дээр нь босгоход ач тусаа харамгүй хайрласан. Чухам тэдний европ маягийн үс засалтыг үзээд, халимаг үс гэх нэршил гарсан билээ. Марксист-ленинист үзэл суртал руу хэлбийж буйтай эвлэрч чадахгүй байсан Жа ламыг зөвлөлтийн опэрацийн дагуу, нутаг нэгт чэкистүүд нь хороосон эмгэнэлт явдал буй.
Монгол улсын тусгаар тогтнолын үйлсэд тувачууд ихээхэн гавъяа байгуулсан нь мартагдах ёсгүй гэдгийг, хэдийбээр тэд тухайн үед манай харъяатууд байсан ч гэлээ, энэ үгүүлэлд дурдъя. Эх Монголынхоо төлөө амь хайргүй байлдаж явсан тува дайчид Монголын л баатрууд, монгол баатрууд.
Манай улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын эхин үед, түрэмгийлэгчидтэй тулалдаж; харь гүрнүүдтэй хийх хэлэлцээрт оролцож; төрийг төвхнүүлэх, соёлжиж боловсрох, батлан хамгаалах, хөгжиж дэвших үйл хэрэгт тусалж, засгийн өндөр албан тушаалуудыг хашилцаж явсан оросын монголчууд бараг бүгдээр өөрсдийгөө монгол гэдэгт, өөрийн Монгол улсын төлөө зүтгэж байна гэдэгт, бүх Монгол нэгдэнэ гэдэгт хэлбэрэлтгүй итгэж явсан тууштай эх орончид; бараг бүгд хэлмэгдэн, эрсдэн амь насаа алдсан, бүхнээ золиослогчид; шантаршгүй панмонголистууд, бахархан дээдлэх үлгэр дууриал, гэгээн хүмүүс, баатрууд билээ.
Ч.Мөнхбаяр
ММХ.Х.I
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment