Wednesday, November 3, 2010

Г.Рүбин: Бид Өмнөд Монголын тусгаар тогтносон улсыг байгуулах зорилготой


Монголын эрх чөлөө, холбооны намын дарга Г.Рүбинтэй ярилцлаа.

-Танай нам хэзээ, хэрхэн байгуулагдав?
-2006 онд Японы Осака хотноо байгуулагдсан. Анх, Өмнөд, Төв, Буриад, Ойрад Монгол гээд газар газрын монголчууд байгуулсан юм. Доктор, магистр, их сургуулийн багш, оюутан, янз бүрийн нас, давхаргын улс байгуулсан даа. Нийт Монгол үндэстний нам болгоё гэж зорьж байлаа. Тийм ч учраас Бүх Монгол үндэстний эрх чөлөө, Бүх Монгол үндэстний холбоо гэсэн хоёр утгыг намынхаа нэрэнд оруулсан юм.
-Намын тань эрхэм зорилго юу вэ?
-Нэгдүгээрт, говийн өмнөх Монголын (ГӨМ) эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэх. ГӨМ гэсний учир нь Хятадад Өвөр Монголоос гадна Торгууд Монгол, Дээд Монгол гээд л олон Монгол бий шүү дээ. Хятадын муж болгонд, олон зуун жилээр суугаа монголчууд байна. Тэднийг бүгдийг нь хамруулж ГӨМ гэж байгаа юм. 
Хоёрдугаарт, ГӨМ-ыг коммунист, дарангуйлагч Хятадаас салгаж, тусгаар тогтносон улс болгох. 
Гуравдугаарт, нийт монгол ястны бүх талын нэгдэл нягтрал, хэлхээ холбоог дэмжих. Бүх монгол ястны холбоог байгуулах гэж бид үүнийгээ томъёолдог.

-ГӨМ-ыг тусгаар тогтнолын улс болгох зорилготой гэлээ. Ямар арга замаар?
-Тайван замаар. Ардчилал, хүний эрхийг дээдлэх, яриа хэлэлцээгээр ойлголцох зарчим дээр суурилан тусгаар тогтнолыг олж болно.
-ГӨМ улсыг байгуулахад, нутаг дэвсгэрийн таслагдмал, алслагдмал байдал саад болно. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Нутаг дэвсгэрийн хувьд Өвөр Монголоор голлоно. Эндээ ГӨМ-чууд ирж сууж болно. Мөн Хятадтай нутаг дэвсгэрийн солилцоо хийж болно гэж бодож байна.
-ГӨМ улс Монгол улстай нэгдэх үү?
-Манай нам үйл ажиллагаа явуулахдаа монголчуудын тусгаар тогтнолын гал голомт болсон Монгол улсдаа хүндрэл бэрхшээл учруулахгүй байхыг боддог. Бид Хятадаас салж, Монголтой нэгдэнэ гэж яривал Монгол-Хятад улсуудын харилцаанд, Монгол улсын нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж болно гэдгийг ойлгож байна. Хятад улс Монголыг манай газар нутагт санаархлаа гэж буруутгаж эхэлбэл юу болох билээ. Мөн, Монгол улсын төрийн байр суурь тухайн үед хэрхэхийг мэдэхгүй шүү дээ.

МЭЧХ-ны намын дарга Г.Рүбин 
сэтгүүлч Ч.Мөнхбаярын хамт 

-Та бүхэн ямар үйл ажиллагаа явуулж ирэв?
-Дэлхийн тавцанд ГӨМ-ын үнэн мөн байдлыг ойлгуулах үйл ажиллагааг голчлон явуулж ирлээ. Үүний тулд, коммунист Хятадын хаалттай бэрх нөхцөлд, үндэсний дарлал мөлжлөгийн тухай мэдээлэл цуглуулж, вэб-сайт, хэвлэлийн хурал, сэтгүүл, эсэргүүцлийн жагсаал, бусад арга хэмжээгээр дамжуулан, мэдээлэл түгээж байна. Дэлхий дахин ГӨМ-ын үнэн байдлыг ойлговол, дарлагдсан монголчуудын нөхцөл байдал сайжирахад их тустай байх болно.
-Танай нам Улаанбаатарын тунхаг гэдэг баримт бичиг гаргажээ. Түүнийгээ уншигчдад танилцуулахгүй юу?
-Би Монгол улсад гурван жил амьдарч байна. Монголчуудын тусгаар тогтнолын гал голомт болсон Монгол Улсад ажиллаж амьдрахад үнэхээр сайхан байдаг. Энд манай намын ээлжит хуралдаан болсон бөгөөд бид Улаанбаатарын тунхагийг гаргасан юм. Тунхагтаа дараахь санаануудыг оруулсан. 
Нэгдүгээрт, ГӨМ-ын эрх чөлөөний төлөө тэмцэгч бүх байгууллагууд, зүтгэлтнүүд нэгдэж, Өмнөд Монголын цагаач засгийн газрыг байгуулах. Засгийн газартай болбол тэмцэгч бидний эрх хэмжээ дээшилнэ, үйл ажиллагаа цэгцэрнэ, нэгдмэл нэгэн бодлого зорилготой болно, бидэнтэй харьцах байдал ч үлэмж өөрчлөгдөнө гээд олон эерэг тал байна. 
Хоёрдугаарт, Монгол Улсыг Эзэн Чингисийн төрж өссөн ариун орон, монголчуудын тусгаар тогтнолын гал голомт гэж бүх монголчууд дээдэлж явах. Ингэж дээдэлснээр, бүх монголчууд нэгдэж нягтрах, Монгол улс гэсэн нэгэн төвд нийлж зангидагдах ач тустай байна. Монгол  улс ч үүнд анхаарч, Бурхан Халдун уул зэрэг ариун дагшин, түүх дурсгалт газруудыг бүх монголчуудын “Мэкка” болгон тохинуулах хэрэгтэй юм. Өвөр Монголын Эзэн хорооны Чингисийн онгоны цогцолбороос дутахгүй байгууламжуудыг босгож зэхэх хэрэгтэй. Ингэж, Монгол Улсаар дамжуулан бүх монголчуудын нэгдэл нягтрал, хэлхээ холбоог бэхжүүлэх хэрэгтэй байна. 
Гуравдугаарт, нийт монголчууд соёлын талаар нэгдэж, хамтаараа арвин баялаг соёлоо эзэмшицгээж, баяжуулан бүтээцгээж оюун санааны хүчирхэг зэвсэгтэй болцгооё гэж уриалсан. 
Дөрөвдүгээрт, бүх монголчуудын түүхийг газар газрын монголчууд нийлж, хамтдаа бичицгээе гэж уриалсан юм. Өнөөдөр монголчуудын түүх хүртэл тасарч салжээ. Бас харийн дарлагчид худал түүхийг тулган хүлээлгэсэн явдал байна. Түүхээрээ нэгдэцгээе, нэг түүхтэй байя, үнэн түүхтэй байя гэж уриалсан даа.
Ярилцсан Ч.Мөнхбаяр
ММХ.IX.XVII

No comments: