Сү сайдын маань угийн уйлан мэгших нь үү гэлтэй нүүр царай аадар борооны үүлтэй улам ижилсэн байх нь хэр хямарсныг нь илэрхийлнэ.
-Баяр дарга маань Оюутолгойг гадаадын түншүүдэд өгөх үндсэн үүрэг зорилгоо нэр төртэй биелүүлчээд, "За, Сү минь Тавантолгойг л гадныханд өгөх гэж чи миний залгамжлагч болж, буухиаг минь авч байгаа юм шүү. Тэр өөр бусад этгээдүүдэд бол яасан ч алдаж болохгүй, амь шигээ хамгаалж байгаад л өгөх улсад нь өг" гэж хэлээд сэнтийгээн надад итгэл хүлээлгэн шилжүүлж байсан түүхэн агшин буй. Гэтэл бид Тавантолгойг өгчихсөн юм хаа байна? Хариуцлагыг нь хамтдаа л үүрэлцэнэ шүү нөхөд минь. Иргэд амьдрал хэцүү байна гэж босч үймээд, хятадуудтай байлдаад амар заяа үзүүлэхээн байлаа. Ерөнхийлөгч ч "Та нар миний атганд байгаа шүү, АТГ-ыг өг" гэж дарамтлаад болохоон болив гэж үглэхэд, НХХ-ийн сайд:
-Өнөөдөр таны зах, дэлгүүрээр явж, амьжиргаа ямар байгааг ойлгуулах үзүүлэн тоглолт сонгогчдыг тайтгаруулах байлгүй. Хоёр гурван мянган төгрөгийн үнэтэй хувцас зардаг өчнөөн газрууд хүртэл байсаар байтал "хэцүү байна" гэж даварч болохгүй гэв.
-Тэр чинь эмзэг бүлгийнхэнд зориулсан зах, комиссын барааны дэлгүүр гээ биз дээ. Тэнд сонгуулийн сурталчилгаа хийх бүү хэл, очихоос ч айж байна. Гахай нохойны ханиадыг нь авчих ч юм билүү гэвэл ЭМ-ийн сайд:
-Та өөдрөгийн малгай өмсчих."Neurostar Transcranial Magnetic Stimulation Therapy System" гэдэг шинэ төслийн малгайг би бүр Амэрик явж байж, зөвхөн танд зориулан авчирсан юм хэмээв.
-Далдын хар малгай алга уу?
-Хэрэгтэй бол Амэрикт захиалаад хийлгэчихье ээ. Хэдэн их наяд төгрөг л орох биз. Гэхдээ та сүүлийн үед их стрэсстэй байгаа. Энэ малгай таныг өөдрөг, итгэлтэй болгоно. Гахайн торойнууд дээр хийсэн туршилт амжилттай явагдсан тул ойрын ирээдүйд хүмүүс дээр туршина.
-Би ямар гахайн торой юм уу? Эсвэл намайг туршилтын туулай гэх гээд байна уу?
-Засгийн газрын байдал хэврэг байгаа тул, цаг алдах боломжгүй байна шүү дээ, ерөнхий сайд минь гэж ЭМ-ийн сайд учирлаад тэргүүн дээр нь титим залах адил болгоомжтой өмсгөв. Гэнэт Сү сайд тас тас хөхөрч, "Нарантуул" захын эмзгийн тасгууд руу гүйчих нь тэр. Малгай өмсөөгүй сайд нар арай чүү гүйцсэн бол хамгаалагчид, боолууд тоосонд нь булагдан төөрвөө.
-Пөөх, үнэхээр гутал хувцас хэдхэн мянга байдаг юм байна. Хамаг ашигт малтмалаа гадны тэр чаддаг мэддэг улсад нь өгч ирсний л ач шүү дээ. Хоол хэдхэн зуун төгрөг! Жинхэнэ нийгмийн халамж хэтэрнээ гэдэг чинь энэ! Бүгдээрээ энд үдийн зоог барьцгаая гээд гялгар уутанд чихүүлж аваад, сандал суудал үгүйн тул сандайлж суун, хуруугаар савхдан үмхэлж гарлаа. ХХААХҮ-ийн сайд:
-Наадах чинь үхсэн нохой, муурны цувдай. Болохгүй ээ гээд булаалдахад:
-Чи өөрийнхөө мөнгөөр санхүүжүүлж аваад идэхгүй юу. Юу гэж аманд ганц аятайхан юм хийлгэчихгүй байна. Эртүүд тэр Цэнгүүнжавын ч билүү ой дээр, боодог булаалдаад хоёр тийш савж унаад яаж хөгөө чирлээ. Үнэгүй юманд нугасгүй гэдэг нь! хэмээн аашлав. ХЗДХ-ийн сайд хэрэг бишдэх нь хэмээн малгайг нь сэм авах гэтэл, захиалгат ТВ, хэвлэлийнхэн пижигнэж ирээд, цээжилсэн тэкстээ дуржигнатал хэлэн ухуулж гарсан тул Засгийн газрынхан цөмөөрөө хоолонд орлоо доо.
-Буянтан минь юм хайрла! гэсээр "Болор цом"-ын эзэн найрагч шал согтуу гарч ирэв. Ерөнхий сайд:
-Зүс үзсэн хүн байх юм. Өө тийм, найрагч Нармандах гуай байна шүү дээ. Энд бүр урлаг соёл хөгжчихсөн юм байна. Та чинь “хайрла майрла” ч гэх шиг ямар сонин нэртэй шүлэг хэлэх гээд байна вэ гэж танимхайрав. Найрагч "Хойд төрөлдөө баян тансаг амьдрах байлгүй дээ" гэж ойлгогдохоор хэдэн үг бөвтнөөд асгаруулан мэлтэлзүүлэн уйлав.
-Харав уу, тэр! Нам засгийн бодлого хойд төрөлд хүртэл хэрэгжиж эхэлсэн байна. Тавантолгойг гадныханд өгчихвөл ч, хойд төрөлдөө бүр ч олон жаргах хүн болноо гэж Сү сайд хашгираад 1000 төгрөгийн архи авч шүлэгчтэй хувааж хөнтрөн, хөөрхөн халамцав.
-Ийм хүчтэй сайн архи байж ямар хямдхан! Ашигт малтмалгүй амьдаръяа! гээд л шагшина. БХ-ын сайд Сү гуайг батлан хамгаалахаар:
-Наадах чинь хаягдал шингэнүүдээр нэрсэн хор! гэж бархиртал, ахин нэгийг залгилах ЗГ-ын тэргүүн огт дуулсангүй...
Солонгос бөөний барааны дэлгүүр гэдэгт очицгоов оо.
-Эрдэс баялгийн хараалаас салчихаар ийм л сайхан байгаа юм...
Пээ, пиджак 3000, юбк 2000-аас, цамц эр, эм 2000, жинсэн өмд 3000-аас, урт богино эр, эм пальто 5000-аас, күртк урт богино эр, эм 5000-аас, савхин күртк 9000-аас, хүүхдийн хувцас 1000-аас, дотуур хувцас 500-аас... гээд л Сү сайдыг өлгүүрээс өлгүүр лүү нэг далд орж, нэг ил гаран үсчиж байтал гэргий нь давхиж ирээд:
-Чи чинь юу болоод байгаа юм бэ? Улс даяар чамайг тэлэвизээр харж, шоолж байна гэв.
-70 мянгыг түгээснээр юмны үнийг хөөргөднө л гээд байсан. Харин ч сонгогчдын амьжиргааны төвшин дээшлээд, хэрэгцээт бүх бараагаар хангагдчихсан учир, гүйлгээ буурч үнэ навс унасан байна шүү дээ. Алив, хоёулаа хуучин муу хувцсаа энд тайлж хаяад, өвч бүрэн шинэ гоёотой болцгооё гээд л нөхрийгөө хөөрцөглөхөд, дэд тэргүүн хатагтай олон нийтийн газар яваа тул, үгийг нь дагахаас өөр аргагүй болов.
Гараад алхахад нүд нь орой дээрээ гарсан түмэн ард хурчихжээ. Нэг жаахан бацаан:
-Нүцгэн хаан явж байна! гэж цангинуулав. Эхнэр нь:
-Яанаа, нөгөө хувцаснууд чинь халуунд хайлаад ууршчихсан байна ш тээ! гэж учиргүй сандран шивнэхэд авааль хань нь:
-Хувцастай хүнийг нүцгэн гэж байхыг бодоход, хэт бэлэнчлэх сэтгэлгээнд иргэдийг автуулснаас болж, хэрийн юмыг ойшоохоо больж, голланд өвчин туссан байна ш дээ. Чи загвар өмсөгч байсан юм чинь, дуугүй л нэг сайхан гунхалзаад алхаадах гээд тоож байгаа шинж алга.
Иргэдийн хөдөлгөөнийхөн өөдөөс нь жагсаад ирэв ээ.
-Хамаг ашигт малтмалыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөн нийгэмчил! гэж тэд шаардав.
-Өө, тэгье тэгье. Бид хамтдаа чаднаа! гээд л Сү сайд дор нь ЗГ-ын албан баримт бичиг бэлдүүлж, гарын үсгээ зурав. Эх орноо харьд сорчлон нэгтгэдэг ажилтай ЭБЭХ, Сан, БОАЖ-ийн сайдууд:
-Энэ хүн чинь ёстой өөрөө төрөл арилжив уу?
-Хүн дээр туршаагүй малгай болохоор доголдол гарч байна.
-Малгайны ид шидийг ашигтайгаар эргүүлэх боломж байнаа. Бусадтайгаа зөвлөлдье хэмээн шивэр авир ярилцав. Удалгүй ЗГ-ын гишүүд:
-Багаар ажиллах чадваргүй, малгайгаар ажиллах чадвартай учир, бид таныг огцруулах саналтай байна! гэж хоороор дуугарав.
-Ёстой зөв. Бид хамтдаа чадна! гээд ерөнхий сайд мэхийн ёсолсноо, эрвээхэй хөөн алга болсон агаад, түүн шиг аз жаргалтай хүн хорвоо дээр байсангүй ээ.
2010.8.24
No comments:
Post a Comment