Wednesday, November 3, 2010

Ухаж биш, ургуулж хөгжсөн нь

/наргиа/

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнгөрсөн пүрэв гарагт аяллаа. Тэрбээр:
-Энд яагаад чацаргана үзэгдэхгүй байна. Алив эргэ. Тэр айлаар нэг ороодхоё хэмээн, жолоо булаалдахад бараа бологсод нь:
-Хөтөлбөрөөс хазайгаад яах вэ, даргаа. Зорьсон айл руугаа эртхэн дөхвөл…гэв.
-Та нарын бэлтгэсэн хөтөлбөр шүү юм надад улиг болсон лавшаа шиг санагдах боллоо. Хоморгонд нь би ч тийм сэтгэгдэл төрүүлж байгаа. Эргэ гэж байна шүү, үгүй бол би явдал дунд үсрээд буух минь.
-За зогсоё оо, зогсоё Элбэгээ дарга минь. Дүлий Гочоогийнх гээд хэцүүхэн л айл даа. Чих хатуу хэрнээн хэрэгт дуртай, хэрүүлч заргач гэж яав аа, тэр Гочоо…
-Тэгэх тусмаан! Шууд нэвтрүүлэгт бэлтгэцгээ! Би хэнийг ч хошгоруулна, үгүй ээ хашхируулна гээд эрхэм ерөнхийлөгч хар гүйхээрээ явж очлоо доо.

-Ээ, сайн байна уу, монголчууд аа! Биш ээ, Дүлий Гочоо гуай!
-Хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжилж байхын оронд хэзээ тэр 2.5 сая төгрөг, хүүхдийн стипэнд өгөх, ашигтмалтмалд эзэн болгох амлалтаа биелүүлэхээ хэлбэл дээргүй юу, сонор ерөнхийлөгч гуай!
-Таны овог л юм байх гэж бодлоо л доо. Судалж үзнэ.
-Ухай бүр, удам судраар минь доромжлох нь. Надад ч тэгвэл хариу барих үг бий шүү…
-За, тэр ч яахав, гол асуудалдаа оръё. Тэгэхлээр ийм байна аа, Гочоо гуай. 
Хөдөө орон нутгаар явж байхад хүмүүс говьд ямаа хариулснаас чацаргана тарихад илүү ашгаа өгч, сайхан амьдарна гэж ярьж байсан. Байгаль орчиндоо ээлтэй, өөрсдийнхөө амьдрал ахуйд хэрэгтэй энэ л алхмыг хүмүүс маань сонгомоор байгаа юм л даа. Гэтэл зарим нь нам засгийнхаа бодлого шийдвэрийг ойшоодоггүй л юм байна.
-Ганц амин зуулгаас минь салгах нь уу. Манай суманд ямаанаас олон хужаа байна. Тэд чинь бүр илүү л гай болж байгаа байх шүү.
-Хужаа бол цаг зуурын, жижиг асудал. Харин санаачлага хэзээ ч багаддаггүй гэдгийн жишээ бол чацарганы бизнэс. Сонгогчид янз бүрийн холбоо энэ тэр байгуулж экстремист юм яриад явахын оронд ийм ийм зүйлүүд хийгээд явж байвал ч… 
Үгүй ээ хө, Гочоо гуай, чацарганы улбар өнгө жимсчдийн барьсан ногоон хувинтай өнгө хоршино гэж жигтэйхэн. Ямар сайхан гэж сананаа! Газар сэндийлж алт ухдаг нинжа нарын ногоон хувин, чацарганы ногоон хувин өнгө нь ижил ч үлдэх үлдэц ач холбогдлын хувьд асар зөрүүтэй юм аа гэж бодогдож байна. Бид ухах биш, ургуулж хөгжинө.
-Гамин чандруунууд ойртсоныг буудчих гээд байдаггүй бол ч тэр нинжагийн ногоон хувин чинь л хэрэгтэй байна. Дарга та нарын л бодлогын дагуу өсгөсөн ямаа явцгүй болчихлоо. Одоо бас юу яриад байна, та нарын тоглоом, хаашаа л бол хаашаа өшиглөдөг хагархай бөмбөг болж гүйцлээ, бид.
-Тэгээд л чацарганы бизнэс эрхэл гээд байнштээ. Яасан намек ойлгодоггүй…
-Пээ, ямар бузар булай ажил вэ, тэр чинь. Би л лав заяа нь эрхлэхгүй. 
Дүү минь, хятадуудаар тэрнийг эрхлүүлээд, монголчуудаар алт зэсийг нь эрхлүүлж болдоггүй юм уу?
-Болохгүй ээ, Гочоо гуай минь болохгүй. Чацаргана бол манай эрс тэс уур амьсгалд нэн зохицсон. Өөр газар бол бүтэхгүй ажил.
-Яахлаараа та чинь Монгол улс үндэстнээ доромжлоод унав. Монголчууд л гэж, муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй гэгчээр идсэн ууснаа шингээж чаддаггүй, заяагүй улс болж таарч байнуу. Хаана ч байдаг байх шүү тэр чинь.
-Элсэрхэг хөрсөнд зохицно. 5000 мэтрт, 50 хэм хүйтэнд ч зохицно.
-Манай энд ч тийм өндөр уул байхгүй л дээ. Байлаа ч, өчүүхэн хэргийн төлөө өгсөж мацаж явах зав олдохгүй. Олдлоо ч хайрхан оргил дээр тэгж нүгэл үйлдэж байж тэнгэрт ниргүүлбэл яана…
-Та аан гээд, уун гэж бай. Чацаргана бол эр эм гэж байдаг, их сонин…
-Хо хо хо, мөн хөгтэй юм аа, наадах чинь. Насандаа ийм марзан юм дуулсангүй. Ухаан нь эрээс эр, эмээс эм гарах нь ээ дээ.
-Эр эм нийлээд, эрийг ч гаргана, эмийг ч гаргана.
-Юун балиар садар самуун явдал вэ? Та яасан ичдэггүй хүн бэ, ийм юм ярьж байхаас…
-Садар самуун биш ээ, чацаргана бол хүнсний болон эмийн олон чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үнэт түүхий эд болдог, ариун явдал. Олон төрлийн витамин, тос, биологийн идэвхтэй бодис агуулдаг. 
-Уг нь хүнд хамгийн хэрэггүй болсон юмнууд нь л баймаар юм. Дутуу боловсрогдсон болохоороо бас витаминтай… Хи хи.
-Хөрсөө хэрхэн бэлдэх вэ гэдгээ сайн анхаарах хэрэгтэй.
-Тэр мууд ямар ч хөрс байсан яадаг юм. Хөрс ч хэрэггүй…
-Суулгасан эхний үед эр эм нь ялгарахгүй. Эрийнх нь булцуу арай том, ойр зайтай.
-Суулгаж байгаа бол эр эмээ ялгаруулахтай манатай л байдаг байх л даа. Гэхдээ тэр булцуу золиг чинь ялгаруулна л даа. Ингэхэд та надад онигоо яриад байнуу. Яасан ч урт юм?
-Эрхэм Гочоо танд ер нь наанадаж улсынхаа эцэг, цаанадаж ардчиллын аав хүний хэд гурван үгийг төвшин сонсчих ухамсар, ёс суртахуун байнуу, үгүй юу…
...Үржүүлэх арга нь олон. 15-20 см урттай огтлон аваад, үзүүрийг нь чацуулан тайрна. Олон тоотой бол 50-100 ширхгээр...
-Та миний эцэг байж болно. Гэхдээ аль болох устгаж сөнөөж байвал таарах золигийг үржүүлэх хэрэг юун. Тэр Оюутолгойн хужаа нар л үржүүлдэг юм байгаа биз. Жигтэйхэн бохир заваан л улс гэнэ лээ.
-Ноён Гочоо та амаа хамхи! Монголчууд эрт дээр үеэс эмчилгээний зорилгоор хэрэглэж ирсэн. Монгол брэнд болж чадна. Үсээ арчлахад сайхан ургана. Бодисын солилцоо, цус, элэг, уушги, гадар дотор өвчинд сайн. Шүүсийг нь аваад үлдсэн шахдасыг халааж нуруу бөөрөндөө жин тавих хэрэгтэй.
-Монголчууд хэзээ ч тийм ой гутаж үхэм, сэжиглээд баршгүй зүйл хийж яваагүй. Худал ярьдаг ярьдаг гэхэд бүр хэтэрлээ! Таны ерөөсөө нэг ч үгэнд итгэхээ болилоо!
-Иргэн гуай, бид ойлголцож чадахгүй байна. Таван га чацаргана жилд 50 мянган долларын ашиг авчирна. Уул уурхайн нөхөн сэргээлт хийх, элсний нүүдлийг зогсоох, хот тохижуулахад ч тустай.
-Хужаа нарын сөнөөснийг бас ядарсан зүдэрсэн мань мэт нь нөхөн сэргээх болж байна уу. Тэгээд ч тэр балиар чинь биднээс их гарахгүй. Аягүйдвэл та хэд хужаа нарынхыг хоол хүнсэнд холиод бидэнд идүүлээд, гэдэс аягүйцүүлж…
-Өөрөө эрүүл байнуу. 10 мянган га-д чацаргана тариалбал “Эрдэнэт”-ийн дайтай ашиг өгнө. МҮХАҮТ чацарганыг үндэсний ач холбогдолтой гэж тодорхойлсон. Тэгвэл бид 20 мянган га-д тариалах ЗГ-ын “Чацаргана” хөтөлбөр гаргсан. Бид ч гэж дээ, та нар л тариална л даа.
-Харин та эрүүл байнуу. Ноолуурын бизнес хий, ямаа өсгө гээд байхаар чинь дагалаа, цөлжлөө, худалдан авагч олдохоо байлаа, хоосорлоо. Ногоон хувьсгал, Атрын аян л гээд байсан, хаа байна? Ургасан ухаантайг нь тоож авах амьтан олдохгүй, Хятадад гаргана гэж онигоотож байна гэх шив. Одоо тэр их чацгыг хэн авахав? Тэгж их чацга харвуулаад байж чадах ч үгүй.
-Буруу дуулаад байгаа юм уу даа. Би байдгаараа л хашгираад байхад. Эсвэл өөрөө ерөөсөө элдэв хөдөлгөөний эктрэмист болчихсон хүн байна. Буудуулахаасаа өмнө явж үзье! 
-Харин та л тэр экстремист гээч нь байна даа. 
Хужаа нар алт эрдэнэсийг маань аваад, оронд нь чацгаа л өгч байгаа биз дээ. Гэр дотор, гэр тойруулаад л баачихдаг, монголчууд л цэвэрлэдэг. Конлагэрийн харгалзагч шиг тэр хужаа нар хоригдсон жүүд нар шиг монголчуудыг “чацгаар бордож, элдэв ногоо тарь” гэдэг юм гэсэн. Та ч гэсэн тэдний чацгыг бидэнд шахаад л…
-Юун чацга вэ? Хүн түрүүнээс хойш чацаргана гээд байхад даа!
-Өө, хөөрхий. Ах нь “чацга нь”, “чацганы” л гэж сонсоод байлаа. Ёстой хөгжилтэй юм боллоо.
-Шууд нэвтрүүлэг явж байна! Танд инээдэм, надад ханиадам…
-Яахав дээ, ард түмэн минь ганц удаа ч гэсэн инээж аваг!
-Түрүүн буруу дуулсан юм байж. Одоо тэгээд чацарганы хөгжлийг хүлээж авах уу?
-Чацганы хөгжлийг чинь хүлээж авахгүй ээ! Та нар юу л хийнэ, чацга болдог. Тэр таван га газар чинь олдох ч үгүй, санхүүжилт ч байхгүй. Чацаргана өчнөөн жил болж байж сая үр дүнгээ өгч эхэлнэ, зардлаа яахав, ажилчдаа юугаар цалинжуулахав. Бид чинь бас амьдрал мэднэ шүү! 
Дэлхий даяар чацаргана тарьдаг, өчнөөн сайн сайн сорттой, манайхыг юу гэж булаалдахав. Яаж борлуулах юм. Гахайн ханиад дэлгэрүүлэх үү! гэхэд ерөнхийлөгч маань ум хумгүй зугтан гарав. Бараа бологсоддоо:
-Энэ шууд нэвтрүүлгийг юу гэдэг ч юм, аргалаад нэг мэдэгдэл хий. Хөгжлийн бэрхшээлийн улмаас нэг ч зөв ойлголтгүй болсон ийм хүн бас байна ч гэдэг юм уу гэхэд нэг шударгадуу дагалдагч нь:
-Хөтөлбөрөөс гадуур бол ч, бүгд л ийм ойлголттой болчихоод байгаа л даа. Саяын хүн ч ортой л юм хэлээд байна гэв. Ерөнхийлөгч бодлогошрон явснаа:
-Тэгвэл тэр нөхрийг Ху намын арга хэмжээнүүдэд сайн оролцуулах ажил зохио. “Ард түмнээ сонсоцгооё” гэдгийг нь “ард түмнээ цовдолцгооё” гээд сонсчих юуны магад хэмээв ээ.
Ч.Мөнхбаяр
ММХ.X.XXI

No comments: