Wednesday, November 3, 2010

Чөлөөлөх дайн эн тэргүүнд Өвөр Монголыг чөлөөлөх зорилготой байсан



Гэтэл дайсан Хятадыгаа чөлөөлж, Хятадтай бараг нэгдэх зорилготой байсан мэт тэмдэглэжээ

Чөлөөлөх дайны 65 жилийн ой боллоо. Гэтэл манай бүх суртал ухуулга, хэвлэл мэдээлэл хэнийг чөлөөлөх дайн байсныг огт хэлсэнгүй, тас нууцалж өнгөрөв. Ингэж баяр тэмдэглээд хэрхэх билээ.
Миний бие сурагч ахуйдаа “БНМАУ-ын уран зохиолын товч түүх” хэмээх номноос, энэ нь гагцхүү Өвөр Монголыг чөлөөлөх дайн байсныг олж мэдсэнсэн. Нам төрийн удирдагч Х.Чойбалсан Японд дайн зарлахдаа: “Ахан дүү Өвөр Монголыг чөлөөлж, нэгэн гэр улс болохын тулд” хэмээн тов тодорхой хэлсэн байдаг. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд бид Токио хүртэл байлдаж, японы милитаристуудад цохилт өгнө гэж байжээ.
Зөвхөн Манж Чин унах үед Ар Өвөр Монгол нэгдэнэ гэж байсан бус. БНХАУ бэхэжтэл тэр хөдөлгөөн идэвхтэй өрнөж ирсэн. 
ДМАХН, ДМХЗЭ, ДМАХЦ зэрэг бараг БНМАУ-ын байгууллагуудын салбарууд Өвөр Монголд байгуулагдаж, хоёр түмнийг нийгэм-улс төр, бүх салбарын нэгдмэл тогтолцоотой болгох ажил хийгдэж байлаа. Ташрамд, зохиолч С.Буяннэмэх энэ үйлсэд идэвхтэй зүтгэж байсан байдаг. Мартагдсан панмонголист юм шүү.

Болж өгвөл бүх Хятадыг, болохгүй бол бүх Монголыг өөртөө нэгтгэх санааг ЗХУ агуулж, Ар Өврийн зоны хүсэл эрмэлзэл дээр тоглож байлаа.
ДМАХН зэвсэгт тэмцлийг ч өрнүүлж байв, Төв хороо нь Улаанбаатарт байсан явдал ч бий. Түүнээс гадна, 1921 оны хувьсгалаас хойш Ар Монголын ахан дүүстэйгээ нэгдэх хүсэлт Өвөр Монголын өнцөг булан бүрээс ирж байлаа.
Өвөр Монголд зөвхөн ДМАХН бус, янз бүрийн эх оронч хүч байлаа. Тэдний дундаас, хамгийн нэр хүндтэй удирдагч нь болох Дэмчигдонров ванг Өвөр Монголын, Бумцэндийг Ар Монголын, Чойбалсанг Бүх Монголын лидер болгоно гэх нууц тохиролцоо ч бий.
Гадаад Монголын де-факто, де-юре тусгаар тогтнол гээд л яриад байдаг. Ойлгомжтой зүйлийг юунд тэгж их хэлэлцэв. Гадаад Монголд Дотоод Монголыг нэгтгэж болохгүй, яг одоогийн байгаа хилээр нь л хязгаарлана гэж хэд хэдэн улс их л зовж байж дээ.
Гэхдээ Сталин Чойбалсанд Өвөр Монголыг нэгтгэхийг зөвшөөрсөн юм. Харин “оронд” нь Туваг таслан авч, 1944 оны эцсээр, хууль зөрчин байж, яаравчлан өөртөө нэгтгэсэн байдаг. Нөгөө де-факто, де-юре гэдэг нь хаачваа. Бусад улсууд БНМАУ-ыг зөвшөөрснөөс бус, БНТАУ-ыг зөвшөөрөлгүй, Гадаад Монголын хэсэг гэж үзэж байсан тул, ингэх ямар ч эрх ЗХУ-д байсангүй.
Өвөр Монголыг зэвсгийн хүчээр нэгтгэх суртал ухуулгын кампани манайд өрнөхөд хамаг л зохиолчид маань дэмжсэн утга агуулгатай шүлэг зохиол бичжээ. Тэр нь тусгай сэдэв болж, уран зохиолын түүхэнд орсон байв.
Тухайн үед, И.Плиевийн дурсамж гарт минь оров оо. Чуулалт хаалганыг чөлөөлөхөд Өвөр Монголын дээд хурлынх нь гишүүд бидэнд мөргөж, БНМАУ-д нэгдэх хүсэлтээ Эрэндоо генералд өргөв гэж бичсэн байдаг.
Хаа сайгүй ийм үйл явдал тохиолджээ. ДМАХН-ынхан Вангийн сүмд хуралдаж “БНМАУ-ын жишээгээр хөгжих, түүнтэй нэгдэх зориг шийдвэр төгс байна” гэсэн баримт бичиг гаргасан байдаг.
БНМАУ-д нэгдэх талаар Өвөр Монголын олон нутаг хошууныхан, байгууллагынхан, нэрт зүтгэлтнүүд хүсэлтээ илэрхийлж байжээ. Урвагч гэгдэх Улаанхүү хүртэл Халхтай нэгдэнэ гэдэг байв.
Статус-кво, де-факто, де-юре хамаагүй шахуу юм хэлж, Туваг булаасан Сталин Маотой сүжирч, элдэв олон улсын хууль дүрэм ярьж, Чойбалсангаасаа урвасан юм. “Зарим гадаад монгол хүн Өвөр Монголыг турхирч, нэгэн Бүгд Найрамдах Их Монгол улс байгуулах гэж байна. Энэ нь Хойд Хятадын байдалд аюул учруулна” гэж хэлж байжээ.
Энэ нөхцөлд өвөр монголчууд тусгаар тогтносон БНӨМАУ-ыг байгуулсан ч, империалистуудын өмнө хүчин мөхөсдөж дарагдсан аж. 
Ямар үйлсийн төлөө дайчид маань баатарлагаар тулалдаж, амь насаа алдаж, шархдаж зовж явав? Тэднийг гүтгэх эрх бидэнд байхгүй юм шүү.
Хятадуудыг чөлөөлөх гэж явсан л болж таарч байна, саяын ойн баярын байдлаас үзэхэд. Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрдөггүй, улс төрийн дайсан  маань байсан Хятадын төлөө тэд тулалдаагүй юм. Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм.
Ч.Мөнхбаяр 
ММХ.IX.XIII

No comments: