Wednesday, November 3, 2010

7.1-ний, С.Зоригийн зэрэг хэргүүдийн хэлмэгдэгчид эрүүдэн тамлалтыг жүжигчлэн үзүүлж, дэлхийн анхаарлыг татах гэнэ



Шүүх хориход эрүүдэн тамладаг явдлын хохирогсод өргөн тэмцлийг өрнүүлж, нөхөн төлбөр шаардах ажээ

7.1-ний их хэлмэгдүүлэлт ямар нэг шийдлийг олохгүй байсаар өдий хүрэв. 
Эрхэм гишүүн Х.Тэмүүжинд нэгэн цагдаагийн ажилтны ээж чухал баримт өгсөн болой. Уг явдлын дараа хүүгээ элдэв хэрэг төвөгт орох болуужин хэмээн болгоомжилсон хуульч эх юу болсныг үнэн мөнөөр сийрүүл гэж бичүүлээд, шаардлагатай цагт гаргаж ирэхээр хав дарчихсан юм билээ л дээ. Чингээд УИХ-ын ганц хуульч, шударга ёсны төлөө тэмцэгч хэмээн өөрийгөө нэрийддэг Х.Тэмүүжинд өгсөн нь учиртай.
7.1-ний, жагсагчид, цагдаа нарыг хагаралдуулан тэмцэлдүүлсэн, хамгаалалтын хэрэгсэлгүй ард олон руу дүрэм зөрчин чулуун мөндөр буулгасан, СТӨ-нд оруулж тамласан, янз бүрийн сумаар буудан олон хүнийг гэмтээж, шархдуулж, таван хүний амь нас хохироосон, 800-1000 хүнийг хоморголон баривчилж хоол ундгүй хорьж, элдвээр тамлан зовоосон, эрүү шүүлт тулган хэдэн зуун хүнд хуурамч хэрэг хүлээлгэсэн, тэднийг хууль бусаар яллан шоронд хатааж хилсдүүлсэн - энэ бүхэн бол өнөө цагийн их хэлмэгдүүлэлт болой. Энэ хэлмэгдүүлэлтийн үнэн мөнийг олох, жинхэнэ буруутнуудад хариуцлага хүлээлгэх, хэлмэгдэгчдийг цагаатгах ажил огт урагшлахгүй, төрийн өндөр албан тушаалтнууд, зохих байгууллагууд арга хэмжээ авахгүй байгаа.

Тиймээс Х.Тэмүүжинд хандчихсан чинь алдас болжээ. Мань хүн дэвтэр бийг л илчилснээс бус, цааш хөдөлсөнгүй. Уг нь дэвтэрт цагдаа нар жинхэнэ сумаар буудаж зүрхлэхгүй байхад нэгэн дэд хурандаа уриалан буудсанаар гал нээх ажиллагаа шуударсан гэнэм. Нэг цагдаа “Манай дарга мөн мэргэн буудаж байна шүү” гэсэн гэнэ. Ингэхлээр ямар ч байсан нэгэн дэд хурандаа хүн мэргэн оносон, магадгүй хүмүүсийн аминд хүрсэн байж болох. Ийм л ноцтой баримт уг дэвтэрт буй.
Цагдаагийнхныг шалгах гэтэл, тэд жагсаж, бүр прокурорын газрыг эзлэн авч, бүсэлж сүрийг үзүүлэн байж, эд чинь төрийнхөө эсрэг хүч хэрэглэж эхлэв шив гэсэн айдсыг төрүүлэн, төрийн эргэлт хийх нь үү дээ гэж түгшээн байж, өөрсдийгөө авч гарч байсан. Тэгэхлээр ганц Х.Тэмүүжинд амаргүй л байсан юм болов уу, таг чиг л болчихсон. Би юу ч хараагүй, би юу ч сонсоогүй, би юу ч хэлэхгүй гэх дорнын баримал шиг…
Цөхөрсөн хэлмэгдэгсэд болон ар гэрийнхэн нь “7.1-ний” гэгдэх хэлмэгдүүлэлтэд олон улсын хүний эрхийнхэн, хүмүүнлигийнхний анхаарлыг хандуулъя гэж буй гэнэ. Чингэхдээ Фалун Гонг хөдөлгөөнийхөн олон улсын хамтын нийгэмлэгийнхний анхаарлыг татсан туршлагыг ашиглах сурагтай. Фалун Гонгийнхон хятадын хүчний байгууллагынхан хэрхэн өөрсдийг нь тамлан зовоодгийг жүжигчлэн тоглох акц зохион байгуулж, фото, бичлэгийг нь түгээсээр амжилт олж, Хятадын удирдагч асан Зянь Зэминь, Ли Пэнээс өгсүүлээд олон эрх мэдэлтнийг олон улсын зүгээс баривчлах шийдвэрийг гаргуулаад байгаа.
Тэд ийм юм сэтгэж байхад С.Зоригийн хэргээр хэлмэгдэгсэд гэж улс зохион байгуулалттай болох төлөв үзэгдэж байна. Чингэхэд мөн олон хүнийг хоморголон баривчилж, тамлан зовоосон аж. Лав хоёр хүн С.Зоригийн хэргээр хилсдэн амиа алдсан. Нэг нь Францаас хулгайлагдсан Энхбат. Нөгөөх нь С.Далхсүрэн. Тэгэхэд, урьд нь хэрэгт холбогдсон л бол баривчлагдах магадлалтай байв. Тиймээс С.Далхсүрэн эхнэрийн хамт баривчлагдаж, өмч хөрөнгөө хураалгаж, өөрөө “С.Зоригийг алснаа хүлээ, Элбэгдорж, Бат-Үүл, Энхбаатар даалгасан гэж мэдүүл” хэмээн олон сар тамлуулсаар, өвчлүүлж хороодог аргад нь өртөн нас барсан аж. Эхнэр нь бие муутай, ажил амьдралгүй, эмзэг бүлгийн нэгэн болж% өнөөдөр зориг орон дуугарч буй аж.
Тэдэн дээр Монгол дахь эрүүдэн шүүх, дарамтлан байцаах, тамлан хорихын золиос болсон олон хүн нэмэгдэн, хүчит давалгаан үүсгэж болзошгүй байна.
Монгол дахь эрүүдэн дарамтлах гэмт хэрэг нь эрүүлжүүлэхээс л эхэлдэг, маш ноцтой, өргөн хүрээтэй ялт явдал бөлгөө. Энэ, Манжийн есөн эрүүний үеэс өвлөгдөж залгамжлагдан ирсэн харгис ёс уствал нийгэм маань эрүүжих, эрүүлжих буй заа. Тэмцэгчдийн уриа ч “Эрүүжих бус, эрүүлжицгээе!” байх аж. Нөхөн төлбөр ч нэхэх, эрүүдэн тамлагчдад ч хариуцлага хүлээлгэхийг шаардах юм байна. Эрүүдэн тамлагчид ч өнгөрч дээ, хөөрхий. Гэхдээ тэднийг эрүүдэн тамлах хүн олдохгүй нь зол болох аж дээ. 

No comments: