Monday, July 22, 2013

Соёлын сайд динозаврын ясыг хүнийх гэж эндүүрэн хөглөжээ

Динозаврын яс авчирснаар “Олуулаа болцгооё!” бодлогыг хэрэгжүүлсэн гэж үү?

Тарбозавр батаар гээд л хэдэн жил хөөрцөглөж, хэчнээн их хөрөнгө зарж байж, ямар гээч ямбий ястай болов доо, бид. Харийнханд эрдэнэс, монголчуудад яс оногдох юм даа…
Хамгийн элбэг олддог, Монголд ч өчнөөнөөрөө байдаг, судлаад байх юмгүй тэр ясыг асар их зардал гарган байж яах гэж ч эргүүлж авчрав. Монголоос олдсон үлэг гүрвэлийн их ясыг хадгалах газар ч манайд байхгүй, чулуужсан болохоороо л ялзарч муудчихалгүй, хүрээлэнгийн хашаанд хог новш болон овоорч хэвтдэг билээ л.
Гэтэл юм үзээгүй аятай, соёлын сайд, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гээд том том албан тушаалтнууд маань Нью-Йоркод очиж, сүртэй ёслол хийж байж ясаа авав. “Монголд анх удаа буцаж ирж байгаа соёлын өв” ч гэх шиг. Динозаврын яс - соёл юмуу? Соёлын өвүүд маань бишгүй л буцаж ирж байсан. Өчнөөн өндөр албан тушаалтнууд байж юу ч мэдэхгүй.
Энэ хувхай ясыг олж авч, дүүрсэн тэнэг мунхаг пиар популизмаа хийхийн тулд Монголын төр АНУ-ын төрд маш тусгай хүсэлтийг аминчлан тавьсан болно. Чингэхдээ том зүйл амласан гэдэг. Орд өгсөн үү, цөмийн хаягдал булшилна гэсэн үү?

Б.Бат-Эрдэнэ аварга баларсан нэр дэвшигч үү, бадарсан нэр дэвшигч үү?

Б.Бат-Эрдэнэ аварга нэр дэвшингүүт “Аварга” дээд сургуулийг нь шалгаж эхэлсэн явдалд дэмжигчид нь эгдүүцэн дургүйцэж байна. Мөн ХЗХ-ноос 500 сая төгрөг зээлсэн, Н.Энхбаяртай холбоотой байсан зэрэг асуудлаар шиншлэн мөшгиж эхэлсэн гэх.
Мангас матар дарангуйлагчдын тоонд ордог, Оросын удирдагчдыг ч пи… на…гаар нь хэлчихдэг, мунхаг муйхар Лукашенкод ерөнхийлөгч болсонд нь талархал илэрхийлснээ, дөнгөж маргааш нь шахуу Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө шоронд хийдэг ямар аймшигтай бузар булай п… вэ, энэ Лукашенко чинь гэж хаа хамаагүй Украинд, хаа хамаагүй Беларусийн талаар орилж бархираад, дэлхийн хамгийн хачин гажиг алхам хийдэг ерөнхийлөгчдийн тоонд орж дурдагдаад ч явж байсан сонин хүнбугай маань аанай л өрсөлдөгчөө шоронд хийн далдруулж, Энхбаярдах гээд байна уу даа?!
Түүнийг фейсбүкийн хавьд их хүчтэй, фейсбүк хавьд их хошгоруулдаг гэдэг. Энэ нь ч үр нөлөөгөө сайн өгнө. Фейсбүкэд Монголын масс бол ордоггүй, харин идэвхтэй, нийгэмд нөлөөлдөг, олби оготно шиг нөхөд хамрагдан ордог. Тийм учраас ноднин тэд “Фейсбүкийг эзэл!” хөдөлгөөнийг өрнүүлж, уулгалсан олон залуусаа угалз хуй болгон фейсбүк рүү дайруулж, нэртэй нөлөөтэй угийн фейсбүкчдийг мөнгө санга хайрлалгүй худалдан бөөндөн авсан. Үр дүн нь өнөөдөр фейсбүкэд Бат-Эрдэнэ бол мангар тэнэг бөх гэхээс өөр реакци бараг гарахгүй байна.

Гитлерийн баг Туул голыг аварч байна уу, алж байна уу?

Туулын загас, амьтад ийм ад тамын голд 
амьдрахгүй гэж үсрэн гарч, амиа хорлож байна

Туул голыг сэргээнэ хэмээн үе үеийн улс төрчид, ерөнхий сайд ухаан чадвараа уралдуулж ирсэн. ЗХУ-аас Монголын гол нууруудын хөдөлгөөнөөр дамжин, Туул голд том катер онгоц ороод ирдэг байсан гэж нэгэн буурал үгүүлж байсан. Монголд гол нууруудын тээврийг тийнхүү хөгжүүлэх санаатай байжээ.
Гэтэл одоо хүйтэн сэрүүн улирлуудад бол оргүй хатаад, хавар хайлсан цасны шар усаар тэжээгдэн амилдаг ухаантай болоод байгаа. Энэ бохир муухай голд амь тэмцсэн загаснууд үсэрч гаран амиа хорлож, хэдэн зуугаараа үхсэн байсан.
Асар их хөрөнгө улсаас зарж, ТББ-ууд ч өчнөөн түмээрээ нэмэгдэж ажиллаад нэмэргүй. Харин 6 минж оруулаад ирсэн. Тэдгээр нь Туул голыг сэргээх био инженерүүд юм гэнэ.
6 минжний тусгай газрыг байгуулан, хашаалсан байгаа. Энд харуул гурван хүн, минж маллагч 6, дарга, дэд дарга, судлаач, санхүү гээд подхийсэн хамт олон төрийн падхийсэн сайхан цалин хангамжтай ажиллаж байна. 6 минж 7 га газар луувантай алим, алимтай лууван зэрэг тансаг зоог зооглож, тусгай бүлээн усны газар усанд орон биеэ угааж, тусгай бассейнд сэлж, шумбаж, хөөцөлдөн тоглож байна.

Нэгэн улсын Монгол дахь №1 дайсан болсон минь

Тус улсын элчтэй түс тас хөөрөлдсөн минь

Миний бие нэгэн улсын ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн даргатай намын хоёр нөхрийн хамт уулзсан болно. Тус ЭСЯ нь манай улсын намуудтай уулзалт хийдэг уламжлалтай гэнэ Харин манай Монголын Ногоон нам (МНН)-тай тодорхой шалтгаанаас болоод уулзалт хийдэггүй байжээ гэж ойлгогдсон. МНН-ынхан тус улсын харьяанд байгаа нэг засаг захиргааны нэгжийн (ЗЗН) тусгаар тогтнолын асуудлыг дэмжиж хэвлэлийн хурал хийсэн, бас нэг ЗЗН-д гарсан үндэсний цөөнхийн эсэргүүцлийг дэмжиж энэхүү ЭСЯ-ны өмнө цуглаан, Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байна хэмээн мөн энд цуглаан хийсэн, 2011 оноос өөр ЗЗН-ийн уугуул үндэстний хүний эрхийг дэмжсэн нэг бус цуглаан, жагсаалд оролцсон, зохион байгуулалцсан хэмээн үздэг нь ийнхүү харилцаагүй байхад нөлөөлдөг байсан бололтой. Намын нөхөд уулзалтын талаар олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн тул товчлон хүргэе. Харилцагч талуудыг М (МНН), Э (ЭСЯ) гэе.

Бурхан Халдун нь Бунхан Хандун гэсэн үг гэж Ерөнхий сайдыг мунхруулжээ

Манай дарга нар киночдын үгийг тэнгэрийн бошго хэмээн хүлээж авдаг нь тун тоогүй. Нэг ерөнхийлөгч киночийн үгэнд итгээд 90 саяыг тавиад туучихсан. Бас нэг ерөнхийлөгч хууртаад мөнгө санга, гавьяа шагналын хур буулгасан. Бас нэг ерөнхийлөгч мөн л санхүүжүүлээд баларсан.
Сая нэгэн киноч, ерөнхий сайдад Чингисийн онгон Бурхан Халдунд байгаа нь бараг тогтоогдчихсон, одоо нэг жаахан газрыг л судлаачид үзэж магадлаагүй байгаа, тэр газрыг металл хайгч, рентген тандагч, саваа төмөр зэргээр жаал жуул онгичин самнаадахвал их эзний гавал чавал, хэлхээ яс, аугаа их алт эрдэнэс үсрээд л гараад ирнэ, үелзүүр бүжгээн бүжиглэнэ, Бурхан Халдун гэдэг чинь ер нь Бунхан Хандун гэж байгаа юм гээд аваад хаяжээ. 90 оноос хойш үе үеийн ерөнхийлөгч ерөнхий сайд нар маань гээд, нөгөө Ромын боол – эзэн хаад гэгчээр мунхаг муйхар, дүнхүү манхай этгээдүүд байдаг болсон. Амаа ангайн сонсож итгээд л, аппаратаа хөдөлгөн экспедицирхүү юм гаргасан байгаа юм. Том мөөмтэй хөөрхөн Анжелина Жоли шиг эрдэнэс хайгчид гэж өөрсдийгөө эндүүрсэн байгаа юм.

Хүчирхэг Ким МАН-ын буудайг гуйсан ч, авч хүчрэхгүй байна

АН Хойд Солонгост бэлэглэж, дайсан буудайнаас салах гэсэн ч өгч дийлэхгүй байна

Хуху буюу өвөг-МАН, экс-МАХН-ын хийсэн цөөн тооны зөв зүйлсийн нэг нь Атрын аян болой. Атрын аяны ачаар монголчууд ор тас мартаж орхисон газар тариалангаа сэргээж, зарим хэрэгцээгээ бүрмөсөн, заримыг түр хангах болсон. Уг нь хүн төрөлхтөн будаа буурцаг түүж хадгалахдаа алдаж асгасан нь соёолж ургахыг үзэж, нэгийг ухааран тариаланг хөгжүүлсэн нь одоогоос 50 мянган жилийн өмнө юм. Бараг амьтнаасаа гараагүй байхдаа хийж чаддаг байсан зүйлээ, амьтан руугаа 90-ээд оноос хойш орсон манайхан хийж чадахаа больчихсон байв л.
Учир нь, АНгайсан том амтай Раах матар 1996-2000 онд Монголыг ард түмнийг зажлалгүй залгин хивж байхдаа, гаалийн татварыг тэглэв, үнийг чөлөөлөв хэмээн солиорч, хятадын тариаланч живаа дүнчүүр олны гахай тахианы тэжээлд хэрэглэдэг хог ургамлын зэрэг зиндааны будаа тутарга, байцаа жууцайнд зах зээлийг завхруулан нээж өгч, экспортод дээд зэргийн, зөвлөлт европ стандартын ургац гаргадаг үндэсний газар тариаланг үнс нурам болгосон билээ л.

Saturday, June 29, 2013

Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулав

Сэтгүүлчдийн баярын өдөр буюу 2013.5.3-нд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулав. 1992 оноос хойш сэтгүүлчийн ажлаа тасралтгүй хийж ирснийг маань хамт олон, сэтгүүлчдийн байгууллага үнэлж тодорхойлон, медалиар шагнуулав.


Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд

МНН ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-тай Санамж бичгийг ЕНБД-ын төвшинд байгуулав. Цөмийн эсрэг, шударга сонгууль, Үндсэн хуульд нийцсэн хууль-эрхзүйн төлөө хамтран ажиллана гэсэн гол санаануудтай байв. Энэ нь удалгүй МАН, МНН, ЭОНН, ЭЧХН гэсэн 4 намын байгуулсан, МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжин хамтран ажиллах Гэрээний үндэс суурь болсон юм.

МНН-ын ЕНБД Ч.Мөнхбаяр, МАН-ын ЕНБД Г.Занданшатар

МНН, МАН хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Ярилцлага өгөв

Олуулаа болох бодлогын талаар NTV-д ярилцлага өгөв. Монгол туургатны эв нэгдлийн нэрт зүтгэлтнүүд, идэвхтнүүдээс авч буй эдгээр ярилцлагууд дээр суурилан тусгай нэвтрүүлэг бэлтгэх аж. “Зууны мэдээ” сонинд Оюутолгойн асуудлаар томоохон ярилцлага өгөв. Уг нь “Энтре голд” компанийн тухай ярилцлага авна гэсэн билээ. Аль аль компанийнх нь талаар ярилцлага өгчихсөн болно. Мөн NBC TV-ийн нэрт сэтгүүлч н.Пүрэвнямын “Блиц Түс Тас” нэвтрүүлэгт улстөр, цөм зэрэг асуудлаар МНН-ын ЕНБД-ын хувьд ярилцлага өглөө.

NTV телевизийн сэтгүүлчийн хамт

Монгол туургатны асуудлаар ажиллав

Өмнөд монголчуудын хүний эрхийг хамгаалах асуудал 2011 онд идэвхжиж, дараа нь идэвх буурсан ч янз бүрийн хэмжээгээр тасалдалгүй оршсоор ирлээ.
Үүний нэгэн жишээ нь малчин Мэргэний дурсгалыг хүндэтгэх цуглаан 3 дахь жилдээ болов. Анхны цуглаан өргөн бүрэлдэхүүнтэйгээр БНХАУ-ын ЭСЯ-ны дэргэд болсон. Үүний дараа эрүүгийн хэрэг үүсэж байгаад хэрэгсэхгүй болж байв. Дараагийн цуглааныг зөвшөөрсөн байснаа, Хятадын том албан тушаалтан ирэх болсон тул гэнэт “зөвшөөрөөгүй” гэж мэдэгдэж, цуглааныг үймүүлж, гол зохион байгуулагчийг хоёр өдөр янз бүрийн цагаар, бусад зохион байгуулагчдыг нэг өдөр олон цагаар хуурч саатуулж, хэрэг бүртгэлд оруулан байцааж байв.
Энэ жилийн цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулахыг зөвшөөрсөн сайн талтай ч (Өмнөд Монголын холбоотой цуглааныг анх зөвшөөрсөн хэрэг болов уу), мод тарих талаарх томоохон өдөрлөгтэй давхцуулан зөвшөөрөл олгож, өдөрлөгийн тайзны дуу чимээ нүргэлэн, их саад учруулж байлаа. Гэвч цуглаанаа зохих хэмжээний амжилттайгаар зохион байгууллаа.

Цөмийн эсрэг тэмцэл өрнөсөөр

Монгол оронд нийгмийн бусармаг үзэгдлүүдийн эсрэг тууштай өрнөж буй тэмцлүүдийн тоонд цөмийн эсрэг хөдөлгөөн орох бөгөөд үүнийг бичиг ч боломжийн хэрээр оролцож ирэв. Фукушимагийн ослын ойг угтан, 3.9-нд Голомт, Цагаан Хас, Даяар Монгол, МБОИЗ зэрэг ТББ сүрт жагсаал хийв. “Битлзийн талбай”-д цуглаан хийгээд, Сүхбаатарын талбай руу жагсаж очин, эргээд жагсаж ирсэн болой. Энэ бол хавь ойрд байгаагүй сүрт жагсаал агаад гудамжийг дүүргэн зорчиж асаан.



Парламентын бус намуудын уулзалтууд

Парламентын бус намуудын (ПБН) уулзалт бол сонирхолтой арга хэмжээ билээ. МНН-аас санаачлан, голлон зохион байгуулж, мөн бусад намуудтай хамтран зохион байгуулалцаж ирсэн энэ уулзалтаас өөр, нам хоорондын байнгын арга хэмжээ Монголд үгүй юм.
ПБН-уудын 3-р сарын уулзалт “Цөмийн хөнөөл” сэдвээр болсон. Гол илтгэгч нь МНН-ын ЕНБД Ч.Мөнхбаяр байв. Намууд үндсэндээ цөмийн эсрэг байр суурьтай байв. Уулзалт дээр Цөмийн энергийн газрынхан ирснээр сонирхолтой мэтгэлцээн өрнөсөн. 4-р сарын уулзалт зохион байгуулна гэсэн нэгэн намын үйл ажиллагаанаас болж тасалдсан.


Парламентын бус намуудын цөмийн эсрэг сэдэвт уулзалт

Thursday, April 11, 2013

Ч.Мөнхбаяр: “Энтри гоулд” бол “Айвенхоу”-гийн халхавч

Байгаль орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн зохицуулагч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

-“Энтри гоулд”-ийн гэрээний талаар ярилцлагаа эхэлмээр байна. Оюутолгойтой холбогдож буй энэ компанийн цаана чухам хэн байна вэ. Монголчуудын ярьдгаар бол хаанахын угшилтай компани юм бол?
-Би уул уурхайн асуудлыг сонирхон ажиглаж, зөв, эрүүл уул уурхайн төлөө тэмцлийн идэвхтэн байж ирлээ. Оюутолгойд 7-5 мянган жилийн өмнө өвөг монголчууд хүдэр олборлож, үйлдвэрлэл явуулж байсан гэж төслийн дэд ерөнхийлөгч Санждорж хэлсэн. Гадны тал биш, манай тал нээсэн ч гэж яригдаад байдаг л даа.


“Энтри гоулд”-ын гэрээ бол ер нь бүрэн нууцлагдмал гэж хэлж болохоор юм билээ. Энэ компанийг “Айвенхоу Майнз”-ийн охин компани юм байна гэж яригдаж байтал биш юм байна. Харин Канадын олборлогч компани юм байна. Гэхдээ "Айвенхоу"-гийн халхавч маягаар Оюутолгойд ажиллаад байх юм. Наанаа "Энтри", цаанаа "Айвенхоу". Тэгэхлээр "Айвеноу"-гийн охин компани гэж яриа гарсан шиг байна. Сүүлийн үеийн том компаниуд тийм улсын гэхээсээ илүү улс дамнадаг болчихож. “Энтри гоулд”-ийн Монголд явуулж байгаа үйл ажиллагааны хамгийн нэг ноцтой зүйл нь Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас 21 хоногийн дараа сэм гэрээ байгуулсан явдал. Ингэхдээ Оюутолгой ордыг хуваах ёсгүй байхад хуваагаад, 20-30 хувийг нь "Энтри"-д эзэмшүүлчихсэн байгаа юм. Ер нь энэ ордыг хуваах ёсгүй. Гэрээнд бүлэг ордоо талбайгаар нь тодорхой заагаад өгчихдөг. Гэтэл манайд сүүлийн үед ордыг сэм хуваадаг завшдаг муухай зүйл гараад байна. Тавантолгой ордыг хуваагаад, 10 хувийг нь л Монголын төр эзэмших боллоо. Уг нь энэ ордыг 100 хувь ард түмэн эзэмшинэ гэж байтал бараг 10 хувийнх нь 10 хувь болж таараад байгаа. Оюутолгой дээр ч ийм асуудал гарчээ. Ингэхдээ хуулийн цоорхойг ашиглахыг оролдсон.

Wednesday, April 10, 2013

Бүгдээрээ буруутай

Раах эзэрхийлэх мөчид

Улаанбаатарын хавар шиг тааламжгүй цаг ховорхон биз ээ. Олиггүй өнгө төрх, хайлсан цасан дороос ил гарч ирсэн хог новш, өөр ямар ч нийслэлд байдаггүй гутамшигт шороон шуурга, муу муухай бүхэн нийлсээр хэн ч гэсэн сэтгэлээр унаж, урам хугарч, зориг мохоход хүрдэг.
Цагаан cap дуусч, цаг наашлангуут өлсгөлөн, суулт, бужигнаан ар араасаа цуварч, сая гарсан шинэ жилийнхээ гарааг хэрүүл хараалаар эхэлнэ. Бүтэн өвөлжин газар дор, ичээнд хэвтэж байгаад цас ханзрахаар ноохойноосоо гарч ирсэн мэт хачин жигтэй хүмүүс санаандаа орсон бүхнийг нэхэж, шаардаж хашгирна. Энэ хаврын үймээнүүд хэзээд үнэмшилгүй, хуурамч санагддаг билээ.
Яагаад заавал хавар жагсдаг юм бэ гэвэл витамин дутагдсанаас болоод байгаа юм биш. Зүгээр л хавар цаг агаар муу, найр наадам, баяр цэнгэл, хомс болохоор тэр биш үү. Монголчуудын хувьд зуны улирал бол зогсонги байдалд орсон “үхмэл сезон” байдаг. Намар бол үндсэндээ ажил албандаа жигдэрч, өвөл нь нэг их даарчихгүй явахыг л эрхэмлэдэг байх. Зун бүхэлдээ найр наадам байдаг бол өвөл цаг “Ёлк”, “Цагаан cap” хоёрын хооронд л өнгөрөх мэт байдаг.
Харин өнөөдөр “юу ч сурахгүй, юу ч хийхгүй, юу ч бодохгүй” гэсэн зарчимтай үй олон оюутнууд гэнэтхэн амилж, автобусны мөнгө нэхэж дуулиан дэгдээлээ. Сургуулийнхаа төлбөрийг төлөх чадвартай байгаа тэдэнд автобусны мөнгө ямар хэрэгтэй юм? Амжилттай суралцаж, боловсрол эзэмшихэд нь автобусны билет л чухал боллоо гэж үү. Ихэнх оюутнууд маань сонин ч гарчигладаггүй харанхуй улс тул хэмнэсэн тэр мөнгөөрөө л зорчоод явж байж болмоор юм. Ямагт өөрийн гэсэн бодлогогүй, үйл ажиллагаагүй, үймүүлэх төдийгөөр явж ирсэн оюутны байгууллагууд ийнхүү хүүхдийн билетээр зорчих тэмцэл өрнүүлснээрээ хүүхдүүд гэдгээ бэлхнээ нотлов. Ирээдүйн тухай ямар ч бодлогогүйгээр, эцэг эхдээ эрхлэх хэлбэрээ төлбөртэй сургалтаар сонгосон өнөөгийн энэ багачууд нийтийн тээврийг хүндрүүлж, ажилтай хүмүүстээ саад болохоос өөр ач холбогдол багатайхан учир үнэндээ тэмцэл нь үр дүнд хүрсэнд хэн бүхэн дурамжхан байгаа.

Компенсаци

Монголын харъяат бүр хүйтөрөлгүйтгэлийн нөхөн олговор гэж 
түм буман доллар авах боломжтой

Саяхан Армений авиакомпанийн онгоц сүйрэхэд амь насаа алдсан иргэдийнхээ ар гэрт оросын засгийн газар 100 мянган рублийн компенсаци олгох олжээ. Бэртэж гэмтсэн иргэддээ ч бас өгнө. Дээрээс нь Армений засгийн газар бас нөхөн төлбөр олгох юм гэнэ билээ.
Боден нуурын орчимд онгоц сүйрсний хариуцлагыг хүлээх ёстой гэж өөрсдийгөө үзсэн Герман, Швейцарийн засгийн газрууд 20 сая долларыг компенсаци болгон олгоод байна.
Миграцийн олон улсын байгууллага Холокостын хэлмэгдэгч 25 мянган хүнд 25 сая долларыг хувааж олгох хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Талидомид эмийн золиос болсон хүн бүрт үйлдвэрлэгч компани нь саяхан 17 мянган доллар өглөө. Жил бүр энэ компенсаци нь улам л өсөн нэмэгдсээр байгаа.
Москвагийн “Трансвааль” усан сан нурахад сэтгэлзүйн хохирол амссан гэж шүүхдээд нэг эмэгтэй 500 мянган рублийн компенсаци авав.
2000 оноос хойш Герман улс украинчуудад фашизмын золиос болсон гээд нийтдээ 80 сая евро тарааж өгчээ. Бусад улсуудад ч ингэж хандаж буй нь мэдээж.
Ливийн харгис дарангуйлагч 1988 онд Шотландад иргэний тээврийн онгоц унасан явдалд буруутайгаа хүлээн зөвшөөрөөд эрсдэгчдийн ар гэрт 2,7 тэрбум доллар илгээсэн.
1997 оны террорист халдлагын үеэр шархадсан найман иргэнд нь Иран улс 400 сая доллар төлөх ёстой гэж тогтоосон америкийн шүүх хөлдөөсөн данснуудаас нь зохих мөнгийг гаргаж аваад хохирлыг барагдуулгажээ.

А.Сүхбат "ардын дайсан" болох уу?

Ирээдүйн аваргаа хөнөөчих дөхсөн, бөхийн түүхэнд байгаагүй харамсалтай явдлаас болж, 80 жилийн ойн наадам хар бараанаар дурсагдах болсон билээ. Хэрвээ А.Сүхбат арслан барилдах боломжгүй гэсэн бол том хэмжээний үймээн гарч, манай наадам анх удаа гэхдээ эмгэнэлтэйгээр олон улсын мэдээнд орж болохуйц байв.
Гэтэл өнөөдөр А.Сүхбат хамаг бүхний буруутан гэгдэхэд ойрхон байгаа нь харамсалтай. Сонгуулийн гүжир кампанийн дайтай шуугиан түүний эсрэг өрнөж байна. А.Сүхбатыг муучилсан сонины тусгай дугаар хүртэл гарчээ.
Тухайн үед хүмүүс эрүүл ухаанаар А.Сүхбатыг өмгөөлж байсан боловч, одоо болохоор түүнийг зэмлэн буруушаагсад олшроод байгаа нь ойлгомжгүй. Энэ байдлыг их аварга, заан хоёрын түм түмэн "гомдол" мэдүүлсэн цуврал ярилцлагууд, мөн дутуугүй гомдсон хүмүүсийн өчлүүд бүр ч дэвэргэж байна. Наадам бусниулсан, учраагаа бэртээсэн А.Сүхбатад зохих хариуцлагыг хүлээлгэ гэх нь ч дуулдана. А.Сүхбат "ардын дайсан" болох нь ээ.
Харин энэ үед заан Г.Өсөхбаярын рейтинг хэлбэрэлтгүй өсч, мань хүн "ардын баатар" болох дөхөөд байна. Түүн шиг хохирсон хэлмэгдсэн хүн алга. Явж явж А.Сүхбат өөрийгөө тийрчихсэн гэгдэх вий. Зарим нь ч хоккей, хөлбөмбөгт тэгж тоглодог, барууны спортын сонин сайхан юмыг оруулж ирснээр үндэсний бөхийг үзүүштэй болголоо гэх нъ холгүй.
Нөгөөтэйгүүр Сүхбатын нүгэл гэж яригдаад байгаа шиг юм болсон гэх нотолгоо гэвэл аварга заан хоёрын үг л байна. Тэдний үг өрөөсгөлөөр эш үндэс, туйлын үнэн болж хувираад байгаа нь сонин. Учрыг мэдэх Баянмөнх аварга нарын хүмүүс өөрийг өгүүлсэн. Алинд нь итгэх вэ гэдгийг хэлж өгөх үүрэгтэй МҮБХ намар хүртэл амаа үднэ гэдгээ албан ёсоор зарлажээ. Намар гэхэд ам нээх шаардлагагүй ч болчихсон байх юм бил үү.

Монгол улсад тусгаар тогтнолын баталгаа болсон алхам ойрын үед хэрэгтэй

Угсаатнуудын шалгарлын хатуу ширүүн тэмцэлд зуун зууны туршид оршин тогтнох, үгүйгийн зааг дээр хүч оюунаа дайчлан тэмцэж; их угсаатнуудтай эн чацуу сүрийг үзүүлж ч явсан; амьдралын асар их чадварынхаа ачаар энэ 20 дугаар зууны эх гэхэд Манжийн дарлалыг унагаалцаж, Өвөр Монголыг чөлөөлөх дайн хийхтэйгээ байсан монголын ард түмэн 1911 онд, өөрөөр хэлбэл бараг саяхан орчин үеийн нөхцөл байдалд нэгэнтээ тусгаар тогтнолоо тунхаглаж, тэмцлийн дүнд үлдэж хоцорсоноо дэлхий нийтэд зарлаж билээ. Хэдийбээр төр, улс орны теократ шинж чанар; хятадын мөнгө хүүлэх мөлжлөгөөс хараат байдал хэвээр хоцорсон ч улс төрийн тусгаар тогтнол монголчуудын хувьд асар их ач холбогдолтой байлаа.


Манжийн ноёрхлыг унагасан Хятад улсын улс төрийн байдал тэр үед дээд зэргээр тогтворгүй байсан хэдий ч тухайн тогтнож байгаа засаглал нь ч, тэмцэлдэгч хүчнүүд ч Манж Чин гүрнийг хэмжээ хилээр нь сэргээж, өөрийн болгон өвлөж авах санаархлыг хэзээ ямагт агуулж байв. Англи, Япон, Орос, Герман, Франц гүрнүүд тал талаас нь заналхийлж, түрэмгийлж байхад ч ялгаагүй. Чингис хаан, Нурхач баатар нарын байгуулсан гүрэн хятадын дээдчүүлийн яс чөмгөнд шингэсэн мөрөөдөл болж хувираад үе дамжин удамших болсон нь исламын үнэнч сүсэгтэн хаж болохыг мөрөөддөг шиг л хүчтэй байсаар ирсэн. Хятадын түрэмгийлэлд Монгол орон өртөж, монголчуудын хувь заяа нэн ойлгомжтой мэт болох үес манай тэргүүний хүмүүс, засаглалын төлөвлөгчид Орос, АНУ, Япон зэрэг холбоотон улсуудтай болох, тэднээс цэрэг, улс төрийн тусламж авах талаар хэлэлцэж; хэрэгжүүлэх практик алхмууд руу шилжиж эхэлсэн нь оройтсон хэдий ч амин чухал зайлшгүй хэрэг байлаа.

Цөмийн хууль-эрхзүйн өнөөгийн байдлаас

Монголын цөмийн хууль тогтоомжууд нь Үндсэн хуулийн 6.1-ийн “байгалийн баялаг ард түмний мэдэлд байна”, 6.4-ийн “Үндсэн хуульд харш олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй”, 16.1-ийн “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй”, 16.2-ын “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, 16.6-гийн “эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй” гэсэн зүйлүүдийг зөрчсөн байдаг.
Ард түмний хүсэл зоригийг төрийн бодлого шийдвэрт хамгийн эрхэм болгон тусгах, олон нийтийн оролцоо хяналтыг дэмжих, улс түмний эрх ашгийг дээдлэх, ардчиллын үнэ цэнэт зүйлсийг хэрэгжүүлэх зарчмуудыг ч ноцтойгоор зөрчсөн байдаг. Байгаль орчны хууль тогтоомжуудад бүхэлд нь харшилж байгаа. Цөмийн салбарын хор хөнөөл, сөрөг тал нь ач тус, эерэг талаасаа зүйрлэшгүй ихээр давж гарч байгаа өнөөгийн бодот байдлын үед Монголын хууль-эрхзүйн системийн хүрээнд цөмий хууль тогтоомжууд ямар ч байр суурь, орон зай эзлэх боломжгүй юм.
Монгол улс:
-Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай,
-Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай,
-Цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай зэрэг цөмийн хөнөөлийн эсрэг утга агуулгатай гэрээ, конвенциудад нэгдэж, Цөмийн зэвсэггүй бүсийн статустай болох санаачилга дэвшүүлж, цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулиараа бэхжүүлэн бататгаж, холбогдсон гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж, олон улсын өмнө тодорхой үүргүүдийг хүлээсэн. Тэдгээр гэрээ тохиролцоонуудыг үзэхэд Монгол улс бараг л цөмгүй бүс болох үүрэг хүлээсэн байдаг юм билээ.

Цөмийн энергийн хуулийг өөрчлөн сайжруулах тухай саналууд

Цөмийн энергийн тухай хууль нь хүчингүй болгож ч болох хууль юм.
1.1-д "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэсэн байна. "Энхийн зорилгоор, хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүйгээр ашиглах" гэж тодотгохгүй бол, аюултай үйл ажиллагаа явагдаж болно, гол нь аюулын үр дагаврыг арилгахад анхаарах хэрэгтэй гэж энэ хууль ойлгогдож байна. Хойно тэгж ойлгогдох заалтууд байгаа.
Урьдчилан сэргийлэх, цөмийн хор хөнөөлийг ард иргэдэд таниулах талаар энэ хуулинд бараг тусгаагүй байна. Тусгах шаардлагатай юм.
2.2-т буй "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэснийг хасах хэрэгтэй. Монгол Улсын хуулинд харшлах ямар ч гэрээг, хуулиа зөрчөөд дагадаг байж таарахгүй юм.

"Кожегоби" ХХК гэмгүй гэж үү?

“Кожегоби” ХХК-д Монголын байгаль орчны зөвлөл (МБОИЗ)-д нэгдсэн ТББ-ууд болон цөмийн хөнөөлийн эсрэг үзэлтнүүд 2012.10.2-нд Шаардах бичиг өгсөн билээ. Уг шаардах бичигт ураны хайгуул, олборлолтын туршилт хийхдээ гаргаж буй зөрчлүүдээ арилгахыг шаардсан байсан юм.
2012.10.15-ны 2012/548 тоот бичигтээ “Кожегоби” ХХК:
-МУ-ын хууль дүрэм, олон улсын стандартын дагуу ажиллаж байгаа;
-уран олборлоогүй, шар нунтаг үйлдвэрлээгүй;
-орон нутгийн төр захиргааны байгууллагаас санал авсны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл авсан;
-ажиллагсаддаа тусгай хамгаалалтын хувцас, хэрэгсэл өгдөг;
-ОУАЭА-ийн хатуу хяналтын дор ажилладаг гэж, ямар ч зөрчил байхгүй, гарч байгаа ч үгүй мэт хариу өгсөн. Тэмцэгчид “Хариу бичиг илгээвэл мөн л адилаар ийм үгүйсгэсэн, үндэслэл багатай хариу ахин ирэх биз ээ” гэж үзээд, тус компанид түүнээс хойш хандалгүй өдий хүрэв. Харин ураны хайгуултай холбоотой цөмийн зөрчлүүдийн эсрэг бусад зохих алхмуудыг хийж ирлээ.