Динозаврын яс авчирснаар “Олуулаа болцгооё!” бодлогыг хэрэгжүүлсэн гэж үү?
Тарбозавр батаар гээд л хэдэн жил хөөрцөглөж, хэчнээн их хөрөнгө зарж байж, ямар гээч ямбий ястай болов доо, бид. Харийнханд эрдэнэс, монголчуудад яс оногдох юм даа…
Хамгийн элбэг олддог, Монголд ч өчнөөнөөрөө байдаг, судлаад байх юмгүй тэр ясыг асар их зардал гарган байж яах гэж ч эргүүлж авчрав. Монголоос олдсон үлэг гүрвэлийн их ясыг хадгалах газар ч манайд байхгүй, чулуужсан болохоороо л ялзарч муудчихалгүй, хүрээлэнгийн хашаанд хог новш болон овоорч хэвтдэг билээ л.
Гэтэл юм үзээгүй аятай, соёлын сайд, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гээд том том албан тушаалтнууд маань Нью-Йоркод очиж, сүртэй ёслол хийж байж ясаа авав. “Монголд анх удаа буцаж ирж байгаа соёлын өв” ч гэх шиг. Динозаврын яс - соёл юмуу? Соёлын өвүүд маань бишгүй л буцаж ирж байсан. Өчнөөн өндөр албан тушаалтнууд байж юу ч мэдэхгүй.
Энэ хувхай ясыг олж авч, дүүрсэн тэнэг мунхаг пиар популизмаа хийхийн тулд Монголын төр АНУ-ын төрд маш тусгай хүсэлтийг аминчлан тавьсан болно. Чингэхдээ том зүйл амласан гэдэг. Орд өгсөн үү, цөмийн хаягдал булшилна гэсэн үү?
Ямар ч гэсэн АНУ ясыг худалдан авсан хууль ёсны эзэмшигчид онцгойлон хандаж, их нөхөн төлбөр олгон, төрийн мэдэлдээ оруулсан. Хамаг хууль хүчнийхнээ хөдөлгөн, хууль бус эзэмшигч Прокоп зэрэг өөрийн хулгайчдаа манай хулгайч түншүүдтэй нь хамт хуу илрүүлж дөнгөсөн билээ. Харамсалтай нь, Монголын шороон түмэн хулгайч ахиад л нэг Прокоптой нийлээд буцаагаад гаргачих бүлгээ.
Яс олоход ажилласан 13 америк хүнийг одон медалиар шагнав. Ард нь”Рипатриэйшн сирэмони” гэсэн бичиг байгаа юм. Репатриаци гэдэг нь төрийн маань хэлэх гээд хэлж чадахгүй, хэл ам нь эвлэж өгөхгүй байгаа бодлогын албан ёсны нэр томьёо. Манай хүн олуулаа болцгооё гээд байдаг. Гэтэл дэлхийн монголчууд ирээд олуулаа болчихсон юм нэг ч үгүй болой. Хүн репатриацилж олуулаа болохын оронд, яс репатриацилж олуулаа болж байна даа, хөөрхий. Соёлын сайд маань согтчихсон аятай, “Т.Баатар үлэг гүрвэлийн яс биш, Монгол улсын иргэн шиг санагдаж байна” гэжээ!
Монголд олдсон, шувуунаас ялгагдах зүйлгүй, номингия гэдэг үлэг гүрвэл
Үнэндээ тарбозавр батаар гээч нь дэлхий дээр үгүй болой. 1902 онд АНУ-д тираннозавр буюу дарангуй гүрвэл гээч нээгдсэн. 1955 онд зөвлөлтийн эрдэмтэн Малеев энэ гүрвэлийн ясыг Монголд ахин “нээж”, малеевозавр гэж нэрлэн, хоёр дахь (дэд зүйлийн) нэрийг нь баатар гэж өгөхдөө, хайхрамжгүйгээс болж батаар хэмээн “мөнхөлжээ”. Уг нь эрдэмтэн хүн ингэмээргүй л сэн. Зөвлөлтийн палеонтологи америкийн палентологиос асар их хоцрогдож ирсэн бөгөөд энэ “нээлтийг” пролетарийн шинжлэх ухааны аугаа ялалт хэмээн зарлах гэжээ. Гэтэл Малеев эрдэмтний нэр мандан бадарч буй нь Сталинд таалагдсангүй. Ингээд тарбозавр буюу аймшигт гүрвэл гэж нэрлүүлсэн байна. Улмаар нэг л амьтныг бусад оронд тиранозавр, социалист орнуудад тарбозавр гэж нэрлэдэг гажиг үүсжээ. Үүнтэй барьцаж, горгозавр, дейнодон, альбертозавр гэхчлэн 10-аас доошгүй янзаар нэрлэж, ахин дахин “нээх” явдал гарч.
Учир иймд, 2000-аад оны эхээр дэлхийн палеонтологичид бүгдийг нь тираннозавр гэж жигдлэн нэрлэх шийдвэр гаргаж, Монголын дэд зүйлийг тираннозавр батаар гэх болжээ. Тираннозавр хамгийн их судлагдсан, яс нь ч элбэг олддог. Монголын тираннозавр бие багатай, данхар толгойтой л төдий ялгаатай юм. “Тарбозавр батаар гэдэг гайхамшиг” хэмээн амтай болгон орилж чарлаж хийрхээд байсан нь огтхон ч гайхамшиг биш юм санж. Нам засгийг өргөмжлөн шүтүүлэх л гэсэн, улс төржүүлэлт аж.
Билгүүн номч Б.Ринченгийн хүү, манай ганц гайгүй палеонтологич Р.Барсболд асуудлыг улс төржүүлж байна гэж зүй ёсоор дургүйцжээ. Харин улс төржүүлэгч сэтгүүлчид үүнд нь зүй бусаар дургүйцсэн байна.
Нам засгийнхан маань өөрсдийгөө мандуулах, “Олуулаа болцгооё” репатриацийн бодлогыг хэрэгжүүлж буй дүр үзүүлж, Баатар гэдэг хүн ч хүрээд ирсэн юм шиг ойлгуулан төөрөлдүүлэхийг хичээж, Америк орноор аялан зугаалах, мөнгө төгрөг шамшигдуулан идэх хэмээснээс бус, Монголын шинжлэх ухааныг хөгжүүлье гээгүй юм. Палеонтологийн салбарт мөнгө төгрөг огт өгдөггүй, өглөө ч нэн хангалтгүй бөгөөд, салбарын хэдэн эрдэмтэн, лаборант гадаадын төсөл, тусламжаар л гол зогоодог. Тэр “тарбозавр батаар” гэж солиоролдон үрэн таран хийсэн мөнгө манай палеонтологичдод амин чухал хэрэгтэй байсан юм.
Палеонтологийн чухал олдвор олдох байдлаар ХХ зууны эхээр Монгол тэргүүлэх болж, 1992 онд л АНУ-д эхний байрыг алджээ. Төр засгаас шинжлэх ухааныг анхаарахаа больсноос болж тэр. Монголын олдворууд хөрсөн дээр дороо байж л байгаа, гол нь эрдэмтдийн гарт бус, манай шунахайчууд, харийн хомхойчуудын гарт орж, хоол хүнс, эм домын хэрэгцээнд зориулагдан харуусалтайгаар үрэгдэх болсон хэрэг. Өдгөө Монгол улс Хятадыг өмнөө алдаж, 3-р байрт орох болоод байна.
Саяхан 9 настай британий суут мэргэн охин Дейзи Моррис Английн Уайт аралд 5-тайдаа олсон үлэг гүрвэлийн ясыг судлан, шинэ зүйл болохыг тогтоож, эрдэмтэд түүнд вектодрако дейзиморриса гэдэг нэр өгчээ. Хэрэв энэ охин уг ясыг олоогүй бол далайн ус хаман авч одож, хүн төрөлхтөн цахлайн дайтай энэ нисдэг үлэг гүрвэлийн талаар хэзээ ч мэдэхгүй өнгөрч болох байсан аж. Өнөөдөр вектодрако гүрвэл, сод охин, Уайт арал Британийн үндэсний бахархлууд болоод байна.
Гэтэл Монголд оюуны их хоосрол болсны улмаас Дейзи Моррис төрөх бололцоо алга, Р.Барсболд гуай л байна. Олон ховор чухаг олдворуудаа мэдэхгүй, өөр улсад өнгөрсөн зууны эхэнд нээгдэж, улиг домог, бараг “хог” болчихсон олдворыг гайхамшиг, бүр хүн гэж эндүүрээд байж байна. Монголын “Уайт арлууд” буюу Уайт аралтай огт зүйрлэж боломгүй, үлэг гүрвэлийн олон олон оршуулгын газруудын ховор чухаг олдворууд харь доншуур наймаачдын гарт орон цөлмөгдөж, луу шүтээний ястай хоол хүнс идэж, эм дом хэрэглэж, эд чимгээр гоёвоос баяжна бадарна гэсэн мухар сүсэгт үрэгдэн дуусаж байна. Эсвэл гадаадад олдсон нээгдсэн гэгдэж байна. Энэ бүхэнд төр засаг анхаарч байна уу, үгүй ээ.
Жинхэнэ гайхамшигтай, Монголд олдсон үлэг гүрвэлүүдийн талаар бид л мэдэхгүй байна. Тоочиход их болох учир, нэг л жишээ хэлье. Овирапторид овгийн номингия төрлийн махан идэшт, шүдгүй үлэг гүрвэл бол яг л шувуу юм. Сүүлийн нугалам үеүд нь тооны хувьд их цөөрч, сүүл нь газар хүрэхгүйгээр богиносож, шувтарсан үзүүрийн хэдэн үе нь хоорондоо нийлж, урьд нь зөвхөн шувуунд байдаг, иймээс шувууг динозавраас баттай ялгах ганц нэг гол шинж гэж үзэж байсан үндэс суурь үгүй болов. 20-р зууны 20-иод онд Монголд олдсон олдворууд дээр суурилан америкчууд динозавр бол шувуу, шувуу бол динозавр, шувууг динозаврын ангид хамруулах хэрэгтэй гэсэн зөв онол үүссэн. Гэтэл зөвлөлтийн пролетарийн шинжлэх ухаан үүнээс тас гөжүүдлэн зөрж, динозавр бол гүрвэл, тиймээс хэвлээр явагчдын ангид хамруулна гэсэн буруу онолоо дарладаг орнууддаа тулгаж байв. Хэвлээр явагчид бол хэвлээр л явдаг, мөлхдөг, динозавр бол бүх хэлбэрээр явдаг, гүйдэг харайдаг, нисдэг, сэлдэг гэдгийг хэн ч мэднэ. Зөвлөлтийн эрдэмтэд энэ бол динозавр гээд баахан муухай хар, ногоон гүрвэл зурж, эрх чөлөөт орныхон шувуу адил өд сөдтэй, эрээн мяраан амьтан зурдаг байлаа.
Гэтэл энэ номингия үлэг гүрвэл шувуу динозаврын ялгааг бараг бүрэн арилгаж, өөр өөр ангийн амьтдыг нэг анги болгон нийлүүлж байна. Өөрөөр хэлбэл, шувуу бол динозаврын ангийн хэсэг болж байгаа юм.
Энэ номингия-г гэхэд л төр засаг мэдэж байгаа юм байна уу, байхгүй. Палеонтологийн жинхэнэ Монголын гайхамшгуудыг судалж, сурталчлахад тусалж байгаа юм байна уу, байхгүй. Харин нөгөө ямар ч ач холбогдолгүй “тарбозавр батаар”-аа соёлын сайд нь хүн гэж эндүүрээд явж байна шүү дээ. Ийм л тиранууд.
Ч.Мөнхбаяр
2013.V
No comments:
Post a Comment