Monday, July 22, 2013

Ардчиллын өмнө ичицгээе!

Миний бие саяхан танил нэгнийд зочлон суухдаа, хэрээс хэтэрхий өндөр өсгөлүүн, хүн идэхээс буцахгүй байрын зэрлэг нохойд нь бариулах дөхөж билээ. Гэрийн эзэн, адгуус нөхрийнхөө эрдэм чадал, гоо үзэсгэлэнг надад үзүүлэх сонирхолтой байдаг. Гэтэл нөгөө махчин мангас нохой нь байсхийгээд л хар хур хийн над руу улангасна. Эзнийгээ хоолой өндөрсгөхөд л эл нохой зочныг дайсан гэж үзэн ядаж, галзуурсан мэт уухилан амьсгаадаж, тогтож ядах нь аймшигтай. Бэмбэгнэн суух хэцүүхэн уулзалт миний хувьд нэгээр хязгаарлагдсангүй.
Нэгэн том сонины редакцид сууж байтал олонд цуутай (өрөвч энэрэнгүй сэтгэлийн үүднээс нэрийг нь энд бичсэнгүй) найрагч хаалга саван орж ирэв ээ. "Битгий солиор! Та нар шиг юмнуудыг цөмийг буудна!" хэмээн үсчиж, харааж, элдэвлэж гарах нь тэр. Цуутай зартайгий нь бодоод танил маань шууд хөөлгүй, ярилцаж ойлголцох гээд үзлээ.

-Үгүй та, тайвшир. Таны бүтээлийг чинь бид дараагийн дугаартаа...
-Хуцаж бай! Та нар шиг юмнуудаас л болж охид бөгсөө худалдаж, залуус тэнээд алга боллоо. Улс орон эзэнгүйрлээ. Муу новшнуудыг цөмийг буудах юмсан.
-Та битгий юм л бол нударга зангидаад бай л даа.
-Яадаг юм, үзэлцэнэ. Буудалцана. Айх юм алга. Битгий хуц!
Ийм л яриа болж байлаа. Зартай найрагч маань олныг чанга үгээрээ татдаг, толгой тархийг хордуулж мунхруулдаг аюултай нэгэн. Тэрбээр ам ангайх бүрийдээ, ардчиллын томоохон зүтгэлтнүүдийг "ардчиллыг унагасан, улс орныг эмх замбараагүй болгосон, буудуулах тавилантнууд" хэмээн хашхиран загнах нь бас л махчин мангас харагдав. Тэрбээр хүний сэтгэлийг зууж, хүний сэтгэлийг барьж, урж байлаа. Түүний гарахад "Энэ чинь саяын сонгуулиар ялж дийлсэн бол өдийд тэр хэлээд байгаа улсыгаа цаазалж хороож байх л хүн шив дээ. Тэр хүсэл нь биелэгдээгүйд шатаж, шартаж явдаг биш үү" гэж бодохоос айдас хүйдэс эс намжин байв. Нохой дагуулсан СС-ийн харгист ч юмуу, улаан хамгаалагчид ээрүүлж дайруулахыг дэлгэц хэвлэлээр бус, бие сэтгэлээр үзсэн мэт болж билээ...
Ардчилал унасан нь үнэн. Улс орон эмх замбараагүй болсон. Зааж зааварддаг ЗХУКН, зөвлөлтийн сургагч нар нь үгүй болохоор эрх баригч, итгэлийг хүлээгч том нам маань удирдаж залуурдаж чадахгүй гэдгээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд хангалттай харуулаад өглөө. Барууны тусламжаар аргалсхийгээд байж байтал нь, олон улсын хандивлагч байгууллагууд энэ бүхнийг ойлгож мэдээд, чадвартай засгийн газар гарч ирэхийг хүлээн түдгэлзэх болов. Ройтерийн сэтгүүлч П.Ханнамын "Фар Истерн Экономик Ревю"-д бичсэн өгүүлэлд, ОУ-ын Валютын Сангийн төлөөлөгчид "Бидний үзсэнээр Монголын удирдлага өмнөө буй хүнд хүчир үүргийг биелүүлэх чадвар мөхөс байна" гэж мэдэгдсэнийг дурдсан байна. Дотооддоо Сомали адил эмх замбараагүй болчихоод байтал гадаадын тусламж зогсох нь. "Бид юу ч чадахгүй, мэдэхгүйгээ ойлголоо. Амь амиа бодоорой" гэж мэдэгдэл хийх л засгийн газарт үлдээд байгаа бололтой. Ингэж байдал муудсан нь үнэн. Үүнд их найрагч ардчилсан хүчнийхнийг буруутгаж, хараал хийж байна. Ганц найрагч юу л болов гэж хэмээн тайвшрая гэтэл бараг ард олон нийтээрээ шахуу ардчилсан хүчнийг ийн буруутгаж байгааг санахуй үнэхээр цочирдоно. Яагаад зөвхөн ардчилсан хүчнийхнийг, ардчиллын зүтгэлтнүүдийг л буруутгана вэ?
Ийм нэгэн явдал санаанд орно. Коммунист дэглэмийн үед багшийгаа 20 минут хүлээсэн сурагчид сүүлийн цаг тул тархан одов. Маргааш нь бөөн хэрэг мандаж, багш байцаана. "Хэн толгойлогч нь вэ, хэл хэл!". Үнэндээ тарцгаая гэж эхэлж ам ангайсан хэдэн хүн бий л дээ. Гэвч бүгдээрээ тарж явчихаад хэнийгээ гэж хэлэх вэ дээ. Хэргийг нь хийчихээд сүүлд нь нэг рүүгээ чихдэг анги байсан уу. Гэтэл одоо "Тэр! Тэр!" гэж заадаг болжээ, олон түмэн маань. Заах заахдаа гүтгэдэг болжээ.
Үнэн хэрэгтээ бол хүн бүхэн ардчиллыг унагасан билээ. Бид бүгдээрээ, ард түмэн гэж байгаа бол ард түмэн даяараа ардчиллыг унагасан билээ. Хүн бүхэн ажлаас, хийж бүтээхээс хойш суусан. Хүн бүхэн улс нийгмээ умартаж, явуургүй муу наймаа хөөцгөөсөн. Гэтэл "Би ардчиллыг унагасан, улс орныг доройтуулсан" гэж гэмшихийн оронд, гэм бурууг хэдэн л хүн рүү түлхэж, гагцхүү тэд буруутай гэж үнэмшихийг хичээж, үнэмшицгээх болжээ. Ардчилал гэдэг бол ардчилсан хэдэн залуусын оp санаанаасаа зохиосон зүйл, бид ардчиллыг хэзээ ч хүсч байгаагүй, хүсэх ч үгүй гэх болж. Бүхнийг мартчихлаа гэж үү.
Ард түмэн гэж бүгдийг мэдэгч чадагч, агуу бурхнаас өөрцгүй гэж ямагт дүрсэлдэг байсан. Өдгөө тэгвэл байдал ямар байна. Ардчиллаар ирсэн эрх чөлөөг ашиглан, амьдралаа сайжруулсан нь олонхи. Ганзага үүргийн наймааг бус, жинхэнэ шударга, ирээдүйтэй бизнесийг хөгжүүлсэн бол өнөөгийих шиг мухардмал байдалд орохгүй л байсан байх. Эрх чөлөөг ийм зэргээр ашиглаж, улс opноо өөрсдөө эмх замбараагүй болгочихоод, бурууг нь хэдэн хүнд тохож, ардчилал үгүй талхчилал бүхий дарангуй улс бий болох нөхцөлийг бүрдүүлж, бас ч үүсэн буй болохыг нь битүүхэн хүлээж байх мэт.
Дээд бөө тайлгачийн засаглалтай улс үүсч мэдэхээр байгаа юм. Их тайлгач Д. 1993 онд гай гамшиг тохиолдоно хэмээн мэргэ төлөг буулгаж, ард олны сэтгэл санааг айлган эзэмдэх алхмаа хийж эхлээд байна. Сүйрэл мөхлөөр айлгадаг христианы арга барилыг ашиглахын сацуу, дунд сургуулийн янз бүрийн мэдлэг, буддын номлол, зөгнөлт зохиол зэргийг учир yтгагүй хольж хутган цацаж, олны тархийг хордуулан мунхруулж эхэлсэн. Тэрбээр нэг их удахгүй "энэ гамшгаас ангижрахын тулд дээд гаригийг тахих хэрэгтэй” гэх магад. Хэнээр тайлга тахихыг дагаж тодорсон жанжин нь шийдэж байх юм байгаа биз. Таалагдаагүй бүхэнд буу тулгах ч юмуу.
Өөрийгөө монголын Жириновский, Геббельс, Сари гэж төсөөлдөг, түүгээрээ хөөрч бахаддаг нэг жанжин маягийн хүн ч бий л дээ. Ямар улс байгуулах бодолтой байгаагаа индэр, өсгөгч, хэвлэл мэдээллээр бишгүй ярьж байсан. "Онцгой дэглэм тогтооно, улаан хамгаалагчдыг гаргаж ирнэ, бойжуулна, хотын хүн амыг хөдөө хөөж хөдөлмөр-тариалангийн лагерьт аваачна, улаан кхмерүүдийг, үгүй ээ, улаан хамгаалагчдыг үл дагагсад, эрүүл ухаантнуудыг, эс төөрөлдөгсдийг, ялангуяа элдвийг сэтгэдэг сэхээтнүүдийг шууд..." гээд л байсан шүү дээ. Оюун санааны өвчин халдваргүй гэж худлаа. Радио, ТВ, хэвлэлээс ч халдана.
Ер нь юy л болоод байна даа. Хятад, Хойд Солонгос, Куба, Вьетнам, Лаос, Монгол тав л дэлхийн 200 улсаас ленинист, маоист хэвээр хоцорч шүү. Соёл иргэншилт ертөнцөөс ичицгээе. Ард түмэн минь ардчиллын өмнө ичицгээе. Ичнх нүүрнээсээ улаан илгийг авч хаяж, үнэнийг харж, эрүүл ухаанаар сэтгэцгээе. Мартсанаа санацгаая. Бид ахин салаа замын эхэнд ухран ирчихээд байна.
Ч.Мөнхбаяр
“Улаанбаатар” сонин.
1992.12.19

No comments: