Monday, July 22, 2013

Израилийн талаарх бидний төсөөлөлд үнэн юм бий юу?

Палестиний арабуудыг израильчууд биш, арабчууд дүрвүүлсэн

Израилийг үзэн яддаг, жигшдэг хүмүүс дэлхий даяар олон бий. Тэд Араб, Палестиний газар нутгийг булаан эзэлж, хүн ардыг нь зовоож байна л гэдэг. Хамаг муу муухайг үйлдэж, даян дэлхийг атгаж байна ч гэх шиг. Манай зарим сэхээтэн еврейг үзэн ядах үзэл буюу антисемитизмд автаж, хүн төрөлхтний түүхийн хог болсон “Сионы мэргэдийн протокол” зэрэг шар сонины хамгийн муу зохиомол дуулиан шуугиануудыг туйлын үнэн хэмээн сүсэлж, амтархан уншиж судалж байна.
Гэвч Израилийн эсрэг элдэв мэдээлэлд үнэн зүйл бараг л байхгүй дээ. Тэд бол хүүхдэдээ 3 настайд нь бичиг тоо зааж өгдөг, эрдэм ухааныг эрхэмлэдэг, шашинд нь “еврей бол Бурханы сонгосон ард түмэн” гээд заачихсан, оюунлаг учраас их амжилтад хүрч, атаархал хорслыг төрүүлдэг ийм л ард түмэн. Еврейчүүд шиг ухаантай, оюунлаг болохыг хэн ч хориогүй. Еврейг хавчиж хяхсанаар ухаантай болохгүй, улам л дорддог. Нэгэн аугаа антисемит сүүлдээ сэтгэл мэдрэлийн хүнд өвчтэй болсон жишээ бий.

Урьд орос, герман зэрэг ард түмний үндсэрхэгч этгээдүүд еврейн талаар сөрөг мэдээлэл их цацдаг байсан бол одоо араб, персийнхэн тийм юм их хийж байна. Манайхан тэдний үгэнд хамгийн амархан итгэж, оюун санааных нь боол болчих гээд байх юм.
Еврейн унаган язгуурын нутаг Синайгаас Евфрат хүртэл байсан гэх бөгөөд тэд арабуудын нутгийг бус, арабууд еврейн нутгийг булаан эзэлж Палестин гэж нэрлэсэн. Тэрхүү Палестин буюу Израильд еврейчүүд эртнээс тасралтгүй оршин сууж ирсэн, гагцхүү загалмайтны дайны үед оршин суулт нь түр тасалдсан.
Израиль 1949 онд байгуулагдахад арабууд шууд довтолж дайн өдөөсөн. Нийт 6 удаа арабууд Израиль руу довтлон дайн өдөөж, тухай бүрд ялагдаж байсан.
Арабууд алдаатай алхам хийх бүрдээ хохирч байсан. Анх Палестиний еврей нар, ХХ зууны эхээр Англиас автономи хүсэхэд арабууд улайран эсэргүүцэж зөвшөөрүүлээгүй. Түүнийг зөвшөөрсөн бол еврейн автономит хот улс л үүсэж, үүнд еврейчүүд сэтгэл хангалуун үлдэж, арабуудтай эв найртай зэрэгцэн орших байв. Арабын үндсэрхэгчид ХХ зууны 20-иод онд гарч ирж, еврейн эсрэг үзлийг гол тугаа болгохоос өмнө Палестинд еврей, араб нар эв найртай зэрэгцэн оршиж байсан. Гагцхүү арабын үндсэрхэгчид еврейг уусгах, устгах гэж улайрах хэрэггүй л байсан юм.
Лорд Бальфурын төлөвлөгөө хэрэгжсэн бол еврей нар өчүүхэн бага нутагтай, Арабын нэг улсын автономи л байх байв. Гэвч арабууд үүнийг зөвшөөрөөгүй, тэд еврей нартай ийнхүү тэмцэлдэх бүрдээ ялагдаж, харин еврей нар байр сууриа дээшлүүлж байв. 1949 онд арабууд Израилийн тусгаар тогтнолыг зөвшөөрсөн бол еврей нар Палестиний арабын улсын нутгийг өөртөө хавсарган нэгтгэхгүй байсан. Гэвч Египт, Сири, Ливан, Ирак, Иордан зэрэг улсууд уулгалан дайрч, удалгүй ялагдсан. Үүний дараа Израиль: “Хэрэв арабууд НҮБ-аас тогтоосон хилийг зөвшөөрөхгүй байгаа бол бид бас зөвшөөрөхгүй” гээд эзгүйрсэн нутгуудыг өөртөө нэгтгэсэн.
Яагаад эзгүйрэв, Палестиний арабууд хаачив? Тэднийг арабын улсууд их хүч хөрөнгө зарж байж Палестинаас нүүлгэсэн. Тэгээд өдий хүртэл, дүрвэгчдийн хуаранд ямар ч эрх, тохь тухгүйгээр амь тээхэд л тэднийг хүргэн, 60 гаруй жил, хэдэн үеэр нь зовоон ажиллаж байна. Израильчуудын эсрэг байнга турхиран, амь амьдралаар нь наадаж байна. Тэднийг Израилаас битгий яваач хэмээн Израилийн ерөнхий сайд залбирах дөхөн, биечлэн гуйдаг байсан. Арабын орны удирдагчид хэддүгээр зуунд амьдарч байгаагаа мэддэггүй байв. Тэгвэл олон нийт нь ч мэдэхээ болиход хүрч буй. Арабын хавар гэгдсэн хувьсгалыг АНУ хийлгээгүй юм. Дарангуйлагчдад дургүйцсэн лалынхны тэсрэлт байсан. Иран зэрэг хүн төрөлхтөнд аюултай цөөн лалын улс байсан бол одоо олон орон лалын туйлшралд автлаа.
Цаашдаа арабын орнуудын худал хуурмаг суртал ухуулга улам их болно, Манайхны итгэж автах нь ч их болно. Явж явж хамгийн антисемит улс Монгол болох вий дээ.
Ч.Мөнхбаяр
2013.VI

No comments: