Monday, July 22, 2013

Бат-эрдэнэ л биш бол болоо

шог эвлүүлэг

-Та хэнийг сонгох гэж байна даа?
-Бат-Эрдэнэ л биш бол, хэн ч юу ч байсан яах вэ?
-Яагаад тэр вэ?
-Бат-Эрдэнэ чинь нэг муу бөх. Хэн ч бөх барилдаж чадна шүү дээ. Харин ерөнхийлөгч болж бол хэн ч чадахгүй.
-Бөх гэдэг тийм муу гэж үү?
-Юу муу гэж үү гэж? Бөх гэдэг чинь бөх л байхгүй юу даа. Хэрвээ тийм биш сэн бол бөхийн барилдаан биш ерөнхийлөгчийн барилдаан гэж нэрлэнэ биз дээ. Бөх гэдэг чинь ерөөсөө их амархан гэж байгаа юм. Нэг бөөн хар мах байхад л өөр нэг бөөн хар махыг бол тэгээд л унагачихдаг гэж байгаа.
-Ухаанаар барилддаг юм шүү дээ.
-Ха ха чи бүр элэг хөшөөгөөд хаячихлаа. Яаж ухаанаар барилдах вэ дээ. За алив чи наанаа хөдөлгөөнгүй суугаад ухаанаараа намайг унагаагаадах. Чадахгүй ш дээ. Юмыг чинь ухаанаар хийдэггүй л байхгүй юу. Хар бяраар, хар махаар хийдийм, за.

-Аварга маань улс төрд ороод олон жил болж байгаа, төрийн түшээ сэн.
-Тэр юу нь сонин байгаа юм. Бөх болгон л улс төрд ороод л, төрийн түшээ болоод л байдаг ш дээ. Ерөөсөө улс төр, төр гэдэг чинь бөх л байхгүй юу. Тийм болохоор улс төр, төр шиг бохир юмс байхгүй, улс нь ч бай, төр нь ч бай - аль аль нь хамгийн бохир баас. Тэгэхлээр бөх бол баас. Бүр үзэн ядаж байгаа юмы чинь. Үүнийг ойлгуулж өгсөн шударга сонгуульдаа баярлалаа!
-Урт нэртэй хууль батлуулаад хэт уул уурхайгаас эх орноо аварсан хүн шүү.
-Бөх болгон л урт нэртэй хууль батлуулдаг шүү дээ, тэнэгтээ л тэр байхгүй юу. Ерөөсөө бөхчүүд бол тэнэг л юм хийж байгаа юм. Улс орны хөгжлийг хойш нь чангаагаад. Харин тэр нөгөө хэн билээ ерөнхийлөгч чинь бас хэт уул уурхайгаас эх орноо аварна гээд өчигдөр амлаад байна лээ. Тэр бол зөв шүү. Ерөнхийлөгч гэдэг чинь нэлээдгүй зөв л юм хэлж таараа.
-Бат-Эрдэнэ аварга баялгаа зүй зохистой ашиглана гэж байгаа.
-Хн! Яах юм тэр хар баялгаар. Баялаг гэдэг чинь одоо бөөн хар хараалтай эд шүү дээ. Ерөөсөөн харын талын нэг том хар бөө гээд ойлгочих. Тэр баялаг маялаг, уул муул, уурхай муурхай хэрэггүй ээ! Би л лав тэрэнгүй чинь болоол байна даг. Бөхчүүд боловсролгүй болохоороо дандаа тэнэг юм ярьж байх юм, ядаргаа.
-Аварга маань докторант шүү дээ.
-Докторант аа? Бөх болгон л докторант байдаг шүү дээ. Боловсролгүй болохоороо л докторант байгаа байхгүй юу. Манай нөгөө хэн ч билээ. Хэцүү нэрт бол лаг боловсролтой ш дээ. Тийм болохоороо докторант биш байгаа юм.
-Нэр дэвшигч Бат-Эрдэнэ нэр цэвэр хүн дээ…
-Аа муусайн бөхчүүд дандаа л нэр цэвэр байдаг, сонин юм оогт биш. Одоо чинь нэр цэвэр байх нь моодноос гараад байгаа. Яагаад вэ гэвэл нэр цэвэр гэдэг чинь цус цэвэр гэсэн үг, цус цэвэр гэдэг чинь монгол хүн гэсэн үг, монгол хүн гэдэг чинь фашист, Гитлер гэсэн үг, Гитлер байх чинь аль ээ эрт моодноос гарчихсан.
Өө нээрэн ТВ-ээр яриад байсан. Бат-Эрдэнэ чинь Эрдэнэтэд ган бөмбөг нийлүүлсэн, бас таньдаг хүмүүс нь лиценцтэй байсан байгаам. Энэ чинь одоо маш том гэмт хэрэг шүү дээ.
-Гэмт хэрэг гэж үү?
-Тэгэлгүй яахав, үндсэн хууль, сонгуулийн хуулинд заацан байгаа гэсэн. Тэр ган бөмбөг нь атомын бөмбөг байвал яана. Манайх чинь цөмийн зэвсэггүй орон шүү дээ. За тэр лиценцийг бол мангар тэнэг бөх хүнтэй холбоотой хүмүүс эзэмших нь хориотой л байлгүй яав л гэж. Хүн алах лиценц ч юм билүү, “Маймаачин хотын Жамцболд” гээд манай нэг сериалын нэг анги нь тийм нэртэй юм байлээ дэг…
-Ерөнхийлөгч болох өндөр магадлалтай байгаа даа, аварга.
-За яршиг яршиг. Бөх болгон л ерөнхийлөгч байдаг ш тээ. Мангар болохоороо л тэр. Мангар хүн л ерөнхийлөгч болж байгаа юм чинь. Харин нөгөө хэн ерөнхийлөгч бол өөр өө. Ухаантай хүн л ерөнхийлөгч болж байгаа юм.
-Та бөх болохоороо л муу гээд байх юм. Уг нь монгол хүн чинь бөхөө…
-Үгүй чи битгий монгол зонгол гээд нуль нацизм ханхлуулаад байгаач дээ. Төрийн эрхийг хууль бусаар авах гээд байна уу, үгүй юу. Манайд чинь монгол, хятад гээд янз бүрийн үндэстэн ястан амьдарч байна, яахлаараа чи Монголын ард түмнийг яс үндсээр нь хагалан бутаргаад байгаа Гиммлер вэ, яадаг. Ерөөсөө дөрвөн Г үсэгнээс Гитлер Гимлер Гита Зита юу юу билээ бүрдсэн байдаг. Чи нэг нь байна уу, үгүй юу. Монгол хүн гэдэг чинь фашист гэсэн үг, фашист гэдэг чинь төрийн эрхийг хууль бусаар авна гэсэн үг, төрийн эрхийг хууль бусаар авна гэдэг чинь бол буруу. Монголд бас мал байна. Малын эрхийг бас зөрчиж, мал хүний хооронд бас хагарал гаргаж байна шүү дээ. Монгол хүн зүн гэдэг бол төрийн хар машины ч билүү, хар хайрцагны ч билүү бодлоготой харшилдана.
-Хэрэв нэр дэвшигч Бат-Эрдэнэ сонгогдвол та яах вэ?
-Тэгвэл Монголд амьдрахгүй. Бас хүүхдээ сургуульд өгөхгүй.
-Юуны учир Монголд амьдрахгүй гэж байна вэ? Тэгээд бас тэр гадаадад чинь сургууль байдаггүй хэрэг үү?
-1-рт, Монгол аймшигтай харанхуй бүдүүлэг орон болно, тэгэхлээр гэр бүлээрээ бид гадаад руу дүрвэнэ, 2-рт, Монголд ямар ч сургууль байхгүй болно, тэгэхлээр би хүүхдээ сургуульд өгөхөөс татгалзана. Бат-Эрдэнэ бол өшөө англи хэл мэдэхгүй. Ингэхлээр Монголд амьдрах арга алгаа. Бөх ерөнхийлөгчтэй болвол би амиа хорлоно.
-Путин гээд бөх ерөнхийлөгч байж л байна шүү дээ.
-Бат-Эрдэнэ л биш бол болоо ш дээ. Путин гэнэ үү, тэрийг чинь сонгочихъё байз.
-Сонгогдчихсон л доо.
-Бат-Эрдэнэ л биш бол болчих гээд байдаг, яая дөө. Ядаж байхад Бат-Эрдэнээс бусдыг нь мэдэхгүймаа. Тэр нөгөө юу билээ намын нэг бөх байна гэсэн, тэрийг сонгочихвол яасийм бэ. Ёо ёо энэ мангар сонгууль чинь ямар ядаргаатай юм бэ. Бүр мэдрэл муудахнээ.
Ч.Мөнхбаяр
MMXIII.VI.XV
moenhbayar.blogspot.com

No comments: