Monday, July 22, 2013

100 гаруй хятад модоор зэвсэглэн, монголчуудыг зоджээ

10 гаруй монгол хүн хүнд гэмтэж, нэгнийх нь амь дээсэн дөрөөн дээр байна

Өвөр Монголын Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошуунд монгол, хятад хүмүүсийн хооронд мөргөлдөөн гарчээ. Үнэндээ бол хятадууд хүний олноор түрээ барин, монголчуудыг зодсон юмсанж.
Өвөр Монгол дахь хэрэг явдал XIX зууны колоничлолын байдлыг олоод байгаа билээ. Тэр үед колоничлогчид шууд л нутгийн ард иргэдийн нутаг баялгийг хүчээр дээрэмддэг, хүн зоныг амьдрах аргагүй болгон сөнөөж, эсэргүүцвэл харгисаар нухчин дардаг байсан. Өвөр Монголд яг л тийм байж ирэв гэхэд болно.


Баруун Үзэмчин хошууны монголчуудтай хятадууд газрын маргаан гаргаж, булааж авахыг оролдох болжээ. Монголчууд үүнийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас хятадууд 100 гаруй хүнээс бүрдсэн зэвсэгт бүлэг байгуулж, таарсан бүхнийг зодож занчин хөөх харгис ажиллагаа явуулсан байна. Урт мод барьсан тэд өөдөөс нь тэмцэлдсэн 10 гаруй монгол хүнийг ухаан алдаж үхэтхийн унатал балбаж нүдсэн агаад, тэд хүнд бэртэж, ялангуяа нэг залуугийн амь дээсэн дөрөөн дээр байна.


2011 онд Баруун Үзэмчинийхэн нутаг орноо хамгаалах тэмцлийг өрнүүлэх явцад нь малчин Мэргэн амь насаа алдсан билээ. Үүнээс үүдэн Өвөр Монгол даяар болон хилийн чанадад монголчууд өргөн ихээр жагсаж цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн. БНХАУ-ын засгийн газар эсэргүүцлийг нухчин дарсан ч, буулт хийж, Мэргэнийг нэхэн цагаатгаж, ар гэрт нь нөхөн олговор өгч, түүнийг дайрч алсан хятад 2 жолоочид цааз оноож, байгаль орчныг сүйтгүүлэхгүй, нутаг бэлчээрийг булаалгахгүй байх зарим шийдвэрийг гаргаж, уурхайнуудыг хааж, баривчлагдагсдыг сулласан болно.


Гэвч монголчуудын байдал дээрдсэнгүй. Төр нь өөрөө дээрэмчин иргэдээсээ ялгарахгүй болохоор яалтай ч билээ. Малчдыг хүчээр суурьшуулах дээрмийн ажиллагаа нь нутаг бэлчээр, мал сүрэг, хашаа байшинг булаагаад 40 мянган юаний (10 сая төгрөг) нөхөн олговор олгоод, хятад хотод авчирч, 120 мянган юань (30 сая төгрөг) өгөөд байранд ор гэдэг. Хятад олонхитой хотод гэнэт орж ирсэн малчид тэдэнтэй өрсөлдөн ялж амьдрах гэдэг бэрх тул гуйлгачин түүлгэчин, боол зарц, хулгайч дээрэмчин, биеэ үнэлэгч болж хувирдаг, муу амьдралаас болж үхэж үрэгддэг байна.
Өвөр Монголын монголчууд дургүйцэж хилэгнэх, босч тэмцэхэд бэлэн болжээ. Хятадын төр мэдээллийг хааж хорьж буй ч, Weibo, QQ, Webchat зэргээр босохыг уриалсан мэдээлэл түгсээр. Нэг малчин айл гаднаа Монгол улсын далбааг мандуулаад хэрэгт холбогджээ.
Ч.Мөнхбаяр
2013.V

No comments: