Monday, July 22, 2013

МНН-ынхан “БНХАУ хөрш улсуудаа хүндэтгэ!” гэж шаардав

2013.7.4-нд МНН-ынхан БНХАУ-ын ЭСЯ-ны гадна мэдэгдлээ хүргэж, эсэргүүцэл илэрхийлэв. БНХАУ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж, Бутан улсад зүй бусаар цэргээ оруулснаас гадна, ноднин Япон, Филиппин, Вьетнам улсуудтай газар нутгийн маргаан өрнүүлж, заримынх нь нутагт цэргээ оруулсан, гаргаагүй, энэ жил Энэтхэг, Тажикистан улсуудад мөн цэргээ оруулсан, Тажикистанаас гаргаагүй. Бутанд цэргээ оруулсан нэг шалтгаан нь хятад иргэдээ хамгаалах явдал гэгджээ. Тэгвэл Монголд саяхан иргэд нь Монголын ажил олгогчид бидний эрх ашгийг шамшигдуулж байна гэж жагсаал цуглаан хийсэн нь түгшүүр төрүүлэх шалтгаан юм.


БНХАУ-ын ЭСЯ-ныхан цагдаа нарт энэ хүмүүсийг явуул гэж хашхичин шаардаж, мэдэгдлийг эс хүлээн авч, төрөл бүрээр бүдүүлэг авирлаж байв. Хэвлэлийнхэн байгаагүй, цагаан хоолойгоор цагдаа нар хятадуудын жагсаал цуглааныг чөлөөтэй хийлгэснийг хэлж байгаагүй бол, тэд эсэргүүцлийн ажлыг хүч хэрэглэн таслан зогсоох байсан биз. Эсэргүүцлийн дараа тарж явахад цагдаа нар хоргоон саатуулахыг оролдож, янз бүрийн хариуцлага шийтгэлийн талаар анхааруулж байв.
Эсэргүүцлийн өмнөхөн ЭСЯ руу хэд хэдэн том машинтай чухал албан тушаалтнууд бололтой хүмүүс орсон. Хожим мэдэхнээ, БНХАУ-ын Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны Ерөнхий газрын орлогч дарга хошууч генерал Ци Гуовэй зэрэг албан тушаалтнууд байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, бидний эсэргүүцэл хүрэх хүмүүстээ хүрчээ.


БНХАУ-ын иргэд үүнээс хэд хоногийн өмнө ажилладаг газраа эсэргүүцлийн цуглаан хийж, улмаар тэндээсээ уриа лоозонгоо барьж жагсаж явсаар, ЭСЯ-ныхаа гадна цуглаанаа үргэлжлүүлсэн. Энэ бүхэнд манай цагдаагийн байгуулллага ямар ч саад хийгээгүй. ЭСЯ-ны ажилтнууд огт дургүйцээгүй. Уг нь, ЭСЯ-ны орчмыг жагсаал цуглаан огт хийж болохгүй, онц хамгаалалттай газар гэдэг билээ.
ЭСЯ-ныхан тэдгээр жагсагчдыг найрсгаар хүлээж аван дотогш оруулж, автобус гарган өгч үйлчилж, ажлын байр луу нь хүргэж өгч байсан. Тус ЭСЯ-ныхан Монгол, Хятадын иргэд эсэргүүцэл илэрхийлэхэд ингэж өдөр шөнө шиг ялгавартай хандаж, хоёр нүүр гарган ажиллаж болохгүй гэдэг нь ойлгомжтой.


Мэдэгдэл

Монголын Ногоон нам (МНН) улс түмний тусгаар тогтнол, энх тайван аюулгүй байдлыг хангах асуудлыг даяаршиж байгаа даян дэлхийн улс гүрнүүдийн харгалзан үзэх ёстой гол асуудал гэж ойлгодог ба дайн дажин болон хүч хэрэглэх нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвхөн ганц шийдэл гэж итгэдэггүй бөгөөд харилцан ойлголцон зөвшилцөн байж ирээдүйг харсан харилцааг бүрдүүлэх ёстой гэж үздэг болно.
БНХАУ хөрш улсынхаа тусгаар тогтнол, бие даасан байдлыг төдийгүй, Ази тив, даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг үл хүндэтгэн, Бутан улсад цэргээ оруулсан явдлыг Монголын Ногоон нам (МНН) эрс эсэргүүцэж байна.
Олон улсын хэвлэл мэдээлэлд, БНХАУ Бутан улсын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг өөрийн нутаг гэж үздэг, мөн Бутаны иргэд хятадын иргэн ажилчдыг зодсон гэх шалтгаанаар ийнхүү хөрш улсдаа цэргээ оруулсан гэж мэдээлж байна.
Энэ нь, БНХАУ-ын иргэд гадаад улсад зодоон, зөрчил өдөөж, хэрэв тус гадаад улсын иргэд хариу үйлдэл гаргавал өөрийн иргэдийг зодуулсан гэж тайлбарлан, цэргээ оруулж болох юм байна гэж ойлгогдож байна. Монгол улсад БНХАУ-ын иргэд зодоон өдөөх явдал гардаг, үүнийг их төлөв БНХАУ-ын ЭСЯ-наас манай иргэд буруугүй, тэд зодуулж хохирсон гэж тайлбарлаж ирсэн. Энэ нь эх оронд маань хөрш улс цэргээ оруулахад хүргэх магадлалтай хэмээн харагдаж байгаа учраас МНН Монгол улсаас БНХАУ-ын ажиллах хүчийг гарга хэмээн, БНХАУ болон Монгол улсын засгийн газруудад шаардаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.
Мөн Ази тив, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулахгүйн үүднээс, тусгаар тогтносон Бутан улсаас цэргээ даруй гаргахыг БНХАУ-ын Засгийн газарт шаардаж буйгаа мэдэгдье.
Бид БНХАУ нь Тажикистан улстай маргаантай газар нутгийн асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэж байгаа талаар хэвлэл мэдээллээс мэдээлэл авсан бөгөөд энэ талаар бодит байдлыг олон нийтэд мэдэгдэхийг шаардахын зэрэгцээ энэ нь хөрш зэргэлдээ улс орны иргэдийн дунд гайхшрал, аюулын харанга дэлдэж байгааг онцлон тэмдэглэж байна.

Монголын Ногоон нам

No comments: