Monday, July 22, 2013

Чингисхотын тухай

Бид өнөөдөр Чингис хааны нэрийг хэлэхэд айх эмээх явдалгүй болов. Цагтаа барууны залуусын сэтгэлийг эзэмдэж явсан Германы "Чингис хаан" хамтлагийн дууг соронзон тоглуулагчаар хангинуулан, цагдаагийн хажуугаар өнгөрсөн ч болно. Учир нь тэр хамтлагийн нэрийг авсан манай гол хамтлагийн тоглолтыг цагдаа нар хамгаалж байдаг цаг. "Чингис хаанд төрийн шагнал нэхэн олгоё!", "Чингисийн өргөн чөлөөнд манай ажлын газар байдаг", "Мөнх тэнгэрийн хүчин дор" сайн юмтай кино шүү. Гэхдээ гол дүр нь Ф.Кастрог санагдуулах юм. Чингис хаан Баабар шиг бага биетэй, жонгиносон дуутай, хэгжүүн ёжтой хүн байсан ч байж болох шүү дээ", "Чингис" зочид буудалд үйлчлэгч хийхсэн"... Чингис хааны нэрийг үнэхээр хэлж болох болжээ. Их Эзний нэрийг бид утга учиртай ч хэлнэ, утга учиргүй ч хэлнэ.
 Чингис хааны нэрийг хүнсний бүтээгдэхүүнтэй ч холбож байгаа нь Их Эзнийг хүндэтгэх бидний сэтгэлд хязгаар үгүйг нотлох мэт ч хязгааргүй хүслийг утга учир залж өгөх ёстой билээ.
Бид хэрэв нийслэлээ Чингис хааныхаа нэрээр нэрлэбэл харин үүн шиг утга учиртай юм үгүй гэж хэлэхээр алхам болно. Би яг л энэ тухай өгүүлэх гэсэн юм. Хэрэв бид хүсвэл нийслэлээ Чингис хааны нэрээр нэрлэж болно. Ингэж бид Эзэн Богдыгоо хүндлэх сэтгэлээ утга учиртайгаар илэрхийлж болохгүй гэж үү?

Улаанбаатар гэсэн нэрэнд "урьдны" л гэж олон оноо өгч болох мэт. Улаанбаатар гэсэн үгийг Улаан хувьсгалч хэмээн тайлдаг, ойлгодог байсан цаг саяхан. Улаан коминтерний гишүүн гэсэн үг биш байгаа гэж өдгөө зарим нь хэлж байна. Энэ нэрийг коминтерний төлөөлөгч Рыскулов өгсөн юм, энгийн казах өвгөн санал болгосон... гэж янз янзаар л ярих юм. Юутай ч атугай тэр үед дэлгэрч байсан үзэл сурталтай холбогдон гарч ирсэн нь үнэнтэй (Улаангом гэх нэрийн түүхтэй адилтган үзэхийн аргагүй). Хэрэв бид энэ нэрийг өөрчлөхийг хүсвэл Их Эзэн Богд Чингис хааныхаа нэрээр нийслэл хотоо нэрлэцгээе. Энэ нэр Чингис хаанд элэгтэй хэн бүхний цээжинд баяр бахархлын дөлийг асааж байх болно.
Их хаад, жанжид, шашны болоод эрх чөлөөний тэмцлийн нэрт зүтгэлтнүүдийн нэрээр нэрлэгдсэн хотууд олон. Нийслэл Вашингтон, Македоны Александр (манайхан Александр Македонский гэхчилэн орос бус хүний нэрийг будлин бичсээр байгаа нь Чингис Монгольский гэхтэй агаар нэг) жанжны нэрээр нэрлэгдсэн Египетийн саятан хот Александр, тэгээд София, Санкт Петербург (Ленинград), Екатеринбург (Свердловск), Хошимин... Энэ жагсаалтыг удаан үргэлжлүүлж болно. Брежнев, Андропов, Черненко гэж хотууд байв. Нийслэлийнх нь төдийгүй улсынх нь нэр хүний нэр байх тохиолдол байна (Вашингтон, Америка). Шашны ариун дүрүүдээр нэрлэгдсэн улс, нийслэл байна (Сальвадор, Сан Сальвадор).
Манай Монголд ч хүний нэрээр нэрлэгдсэн хотууд бий. Сүхбаатарчууд гэвэл бид бүр эх орны хойд, өмнөд нутгийнхныг нэгэн зэрэг санах билээ. 50000 чойбалсанчууд байна. Нэг өргөн чөлөөгөө бид хэдүйн Чингисийн хэмээн нэрлээд байна. Манай хаад хотуудад өөрийн нэрээ өгч байсан түүхгүй ч энэ нь бид хаадынхаа нэрийг хотдоо өгч болохгүй гэсэн үг биш биз ээ.
Чингэхдээ Чингис хааны тухай өгүүлж буй явдлаас ялгаж салгаж байхын тулд Чингисхот гэж нэрлэвэл таарамжтай болов уу. Чингис, Чингисхаан, Чингисбаатар, Тэмүүжин гэсэн нэрийг сонгож болох авч, Чингисийн түүх гэх зэргээр хэлэхэд хотын түүх үү, аль эсвэл гэсэн хоёрдмол байдалд орж болох юм. Чингисийн засаг дарга гэхчилэн хэлж бичээд дадчихвал юу нь сайн байх вэ. Хөххот гэхэд хот, гэсэн үгийг нь огт салган хэрэглэдэггүй шиг л Чингисхот гэсэн нэрийг сонгон хэвшүүлэхэд харш зүйлгүй санагдана.


Чингис хааны үе Монголын түүхийн нийслэл нь гэж зүйрлэж болох билээ. Монголчууд бидэнд үндэсний эх оронч үзэл өнөөдөр онц чухал байна. Нийслэлээ Их Эзний нэрээр нэрлэвэл энэ нь бидэнд хичнээн их урам зориг авчирч болохыг хэмжээлэхийн аргагүй. Ингэж нэрлэснээр нийслэлийнхэн маань нэр төрөө илүү их боддог болох нь ойлгомжтой. Чингисхотынхон гэсэн нэрийг гутааж унагахгүйн төлөө хүн бүр санаа тавих бус уу. Ийнхүү нэрлэснээр бид эрх чөлөөт шинэ Монгол улсаа дэлхий нийтэд омог бардам зарлан тунхаглах болно. Ямар ч жижиг глобус дээр Чингисхот гэсэн нэр үзэгдэх болж, Чингис хаан Монголын хаан шүү, Чингисхот нийслэлтэй нь монголчууд шүү гэж хэлж байх болно.
Эзэн Чингисийн нэрээр нийслэлээ нэрлэж болохгүй байх үндэслэл ч бас бий болов уу. Хөрш хоёр улс эсэргүүцэл илэрхийлж болно. Германы хотуудыг бөмбөгдөх асуудлыг хариуцаж байсан үндэсний баатар генералынхаа хөшөөг англичууд саяхан босгосны дараа Германд дургүйцлийн давалгаан далайцтай өрнөсөн шиг явдал болж болох юм (Лейпциг хотынхон Британий хатан хааныг өндгөөр шидсэний адилаар Москвагийнхан манай ерөнхийлөгч рүү улаан лооль нүүлгэж ч болно). Гэхдээ энэ нь дараахь үндэслэлийг бодвол тийм ч гол бэрхшээл биш ээ. Гол бэрхшээл юу вэ гэвэл нийслэлийнхэн бид өөрсдөө Чингисхот гэсэн өндөр дээд нэрэнд тэнцэж дүйцэж чадах уу гэдэг асуудал. Чухам энэ асуудлаас л болж бид Чингисхот гэсэн нэрийг авч болохгүй гэж үзэцгээж болох юм. Чингисхотынхон өнөөгийн бидэнтэй адил байх ёсгүй мэт ч, Петрбургэд гэмт хэрэг гардаг болов уу гэсэн асуултыг өөрсөддөө тавья. Хот л бол хот. Хотын нэр нь хотоосоо дээр байх ёстой юу, хот нь нэрнээсээ илүү байвал яг болох хэрэг үү.
Энэ санал минь хэрэгжинэ гэж би яг итгэлтэй байгаа бус. Чингис хааны хөшөөг Сүхбаатарын талбайд бүтээе гзсэн оновчтой зөв санал хэрэгжээгүйг би санаж байна. Бид Чингис хааны хөшөөг босгохоосоо өмнө Жанрайсигийг сэргээв. Би Сүхбаатарын талбай дахь Чингисийн хөшөөний талаар өөрийнхөө саналыг нэмэрлэх бодолтой байсан юм. Юу гэвэл Сүхбаатарын мавзолей дээр юм уу, эсвэл дээр нь сууж байгаа байдлаар бүтээе гзсзн санал надад байв. Энэ нь төрийн ёслолын гэрийн хойморт Чингис хааны баримлыг байрлуулснаас илүү оночтой шийдэл болох байсан байж магадгүй. ЗГОрдны өмнө Чингис хааны хөшөөг бүтээх нь харин сөрөг хүчнийхэнд халтай хэрэг болох байв. Учир нь Эзэн Чингисийнхээ өөдөөс бид жагсан түрхэрч, хашхирч зэмлэж чадна гэж үү.
Нийгэмд олон сайн санал хэрэгждэггүйг бид мэднэ. Өнөөдөр төгс хүмүүс гэж байхгүйтэй адил төгс нийгэм гэж үгүй. Бид нийслэл хотоо яагаад ч Чингис Богдын нэрээр нэрлэж чадахгүй гэвэл Улаанбаатар гэсэн нэрийг албан ёсоор Их хаантайгаа холбон тайлбарлаж байя.
Өвөр Монголд Чингис хааныг шүтэх явдал өргөн дэлгэрсэн байдаг. Чингис хааныг хүндэтгэсэн томоохон сайхан цогцолбор тэнд байна. Ийм цогцолборыг Өвөр Монголд барих ажлыг дэлхийн II дайнаас өмнө Япон их сонирхож дэмжиж байв. Нэгэн тэгш өндөрлөг газрыг сонгон авч, Чингис хаан болоод түүний есөн өрлөгийн сүмүүдийг барьж, нэгэн тусгай сүмд Чингисийн цагаан морийг тэжээж байх төсөл байсан гэдэг. Дайны дараа тийм цогцолбор барих ажлыг БНХАУ-ын Засгийн газар албан ёсоор дэмжиж, тусалсан. Өвөр монголчууд нэг хотоо Чингис хааны нэрээр нэрлэж, уг хотын хөгжилд БНХАУ-ын Засгийн газар гар сунган тусалж болох юм. Тэгсэн тохиолдолд бид нийслэлдээ Чингис хааны нэрийг яаран өглөө ч энэ нь өнөөдөр өгснөөс их л "даруухан" үйл явдал болох байх. Германы "Чингис хаан" хамтлагийн нэрийг монголын гол хамтлаг авлаа гэж би энэ өгүүллээ эхэлсэн.
Ч.Мөнхбаяр
“Улаанбаатар” сонин.
1993.3.30

No comments: