Monday, July 22, 2013

Аугаа их найрамдлын тухай бичих цаг

... Өнөөдөр монгол-зөвлөлтийн бус япон-монголын найрамдлын тухай бичих цаг аа. Оросоос хөндийрсний дараа бидэнд найрамдал сүрхий дутагдах шинжтэй байтал найрамдалтай дахин золгох нь тэр. Шагналын сюрпризүүд. Шидтэн болж хувирах үзэгдлийг хөгжмийнхөн эхлэв. Японы тайзад зориулсан «Чингис хаан» псевдонимыг хүртэл бодож олсон «Соёл эрдэнэ», кинонд өөрөө өөрийнхөө дүрийг тоглох хүртлээ алдаршсан (Битлз шиг) Оюунтүлхүүр, «экспортын тусгай» «Блек волф», ер нь бараг хэн ч байсан тэнд Фурор! Зураачид, киночид, жүжигчид , сэтгүүлч зохиолчид, түүх, хэлнийхэн ч амжилт олов. Зохион бичлэг хийх чадвартай хүүхдүүд ч гэсэн. Монголчууд ийм авьяаслаг гэдгийг бид мэдээгүй явжээ. Урьд өмнө байгаагүй найрамдал. Өмнө бид хэзээ ч Зөвлөлтийн тухай сэтгүүл гаргаж байсангүй. Харин оросууд л «Зөвлөлт Холбоот Улс»-аа монгол хувилбараар, «Октябрийн туяа»-г зөвхөн манай уншигчдад зориулан гаргаж байв. Улаанбаатараас бол «Монголия»-г илгээн хариу барина. Тэгтэл Японы тухай хэвлэлүүд болох «Сакура», «Моничи Шимбүн»-ий талаар юу хэлэх вэ.
Хэдийгээр ТУХН-ийн бүрэлдэхүүнд багтвал илүү дөхөмтэй ч Японтой конфедераци байгуулах тухайд бол зоригтой дуугарч байна. 1919, 1930-аад онд монголчууд Японтой хоёр ч удаа улс төрийн хэлхээ холбоотой болж байсан нь Нармай Монголын асуудлаас үүдсэн. Энэ удаа санаачилгыг буриад, өвөрлөгч нар бус ар монголчууд авсан хэдий ч, Нармай монголыг бус, Нармай... Хэн бүхэн л «Японы бизнес» хийх гэж ухаан сийлнэ. Японоос бүхий л боломжийн тусламж, санхүүжилт дэмжлэг урсах ажээ. Япончууд бүр регрессив төсөлд хандивлахад хүрснээс олон хэт хуучинсагчууд үзэл суртлын шинэ тулгууртай болж японы консервлогдсон архаизмуудыг жишээ болгон номлох болов. Энэ найрамдлын хөдөлгүүр юу вэ? Найз маань «Хамаг олигтой охид хүүхнүүд Япон руу алга боллоо. Дархиа, Оюунтүлхүүр, Куланда, Галсан найрагчийн охин Амарсайхан, Цэцэгсайхан...» хэмээн хошигнож байж билээ. «Саппород учирсан Цэцэгсайхан охион гэж...» хэмээн нэгэн сэтгүүлч маань сүүрс алдсан. Хүчтэй найрамдал.

Төөрсөөр төрөлдөө гэж үг бий. Уг нь бидэнд япончуудтай төсөрхөг зүйл харьцангуйгаар авч үзвэл олонгүй байлтай. Орос хүний, Америк, Түргийн онцлогийг монгол хүнийхтэй харьцуулаад үзье л дээ. Япон болоод Зүүн Азийн суурьшмал түмнүүдийн хувьд алд газар, аяга тутарганы төлөө ямагт амьдрал үхлийн зааг дээр тэмцэж ирсэн нь (“Нараямын домог”-ийг саная) тэдний онцлогуудыг буй болгосон. Гэтэл монголчууд бүргэд мэт элин халим уудам нутагтаа эрх дураараа нүүдэллэж ирсэн онцлогтой байх юм.
Өнөөдөр дэлхий даяар нүүдэлчид цөөрч байна. Хүн төрөлхтний аргагүй хувьсал ёсоор монгол, түрэг, араб, афган, персийн нүүдэлчид эрхгүй цөөрсөөр, суурьшсаар. Тэгэхлээр өнөөдөр хоёр суурин соёлт ард түмнүүдийн хувьд төрлийн харилцаа бий болох нь аргагүй еэ дээ?
 Монгол япончууд хөх толботой төрдөг гэнэм. Энэ хөх толбо бол биднийг европын мажар, фин, америкийн индей, эскимос, азийн япон, солонгос, африкийн чамбаба нартай холбож өгч байгаа томоохон ардын дипломат даа. Хөх толбоноос гадна угсаа гарал нэгтэй гэнэм. Японы арлууд эх газартай холбоотой байх үед япончуудын өвөг дээдэс (бидний өвөг дээдэс) Төв Азид нүүдэллэн очиж, шинэ ард түмний цөмийг бүрдүүлсэн гэсэн онол бий. Монгол бол япончуудын түүхэн эх орон, еврейчүүдийн Сион л гэсэн үг гэх үү дээ. Бид хоорондоо элгэн садан гэдэгт үнэмшсэн хоёр талын олон сэтгүүлч төлөөлөгчид сэтгэл хөдлөн ярьж хөөрсөн. Хожуу үүсч (монголчуудаас) буй болсноороо япон нь нэг ёсондоо “халх” л гэсэн үг бололтой.
Би өөрөө Японы тухай юу мэдэх билээ. Ирээдүйд Япон, япончууд дэлхийд ноёлох тухай америк европын зохиолч, футуролог нар олонтаа зөгнөж, «Японы үзэгдэл» хэмээн нэр томьёог хүртэл гаргасан нь арай яарчихсан ч байж болно. Япончуудын техник сэтгэлгээ, сахилга бат, өөрийн гэсэн шашин, үндсэрхэх үзлийг зураглан бичиж болох л байна. Энэ талаар япончууд хамгийн шилдэг нь ч биш л дээ. Хойд өмнөд солонгос эсэхүл израильчууд, мөн л сахилга бат, шашин, үндсэрхэл, техник сэтгэлгээтэй. Саламандрууд бүр ч илүү. Японд урлаг уран сайхны сэтгэлгээ техник сэтгэлгээнээсээ илт хоцрогдсон байдаг гэдэг, тийм болохоор ч манайхан тэнд өөртөө итгэлтэй байдаг юм болов уу. Мэдэх Японыхоо тухай бичих гэсэн минь Чапекийн романтай л холбогдчих гээд байна. Саламандрчилал нь хүн төрөлхтний сэтгэлийг зовоосон асуудал.
Япончууд сэтгэл зовоосон энэ асуудлаа амжилттай шийдвэрлэж чадна байх аа. Тэдэнд саламандрчиллын төдийгүй тектоникийн хурц асуудал буй. Японы арал далайд живэхэд НҮБ-аас зохион байгуулж, иргэдийг нь Монголд нүүлгэн суурьшуулж байгааг дүрсэлсэн, япон зохиогчтой роман бий...
... Нэг л өглөө сэрэхэд монголчууд япончуудтай байраа сольчихсон байв. Монголчуудын хүслэн биелжээ. Харин техникийн хөгжлийн дээд цэгт хүрээд хаашаа явахаа мэдэхээ байсан япончууд энд шинэ бөгөөд төгс нийгмийг байгуулж эхлэв. Газар дээрх диваажин байгуулахад хэрэгтэй бүх юм Монголд байна...
Өнөөдөр урьд өмнө байгаагүй агуу их найрамдлын тухай эргэцүүлэх цаг аа.
Ч.Мөнхбаяр
“Улаанбаатар” сонин, 1993.

No comments: