Сая нэгэн киноч, ерөнхий сайдад Чингисийн онгон Бурхан Халдунд байгаа нь бараг тогтоогдчихсон, одоо нэг жаахан газрыг л судлаачид үзэж магадлаагүй байгаа, тэр газрыг металл хайгч, рентген тандагч, саваа төмөр зэргээр жаал жуул онгичин самнаадахвал их эзний гавал чавал, хэлхээ яс, аугаа их алт эрдэнэс үсрээд л гараад ирнэ, үелзүүр бүжгээн бүжиглэнэ, Бурхан Халдун гэдэг чинь ер нь Бунхан Хандун гэж байгаа юм гээд аваад хаяжээ. 90 оноос хойш үе үеийн ерөнхийлөгч ерөнхий сайд нар маань гээд, нөгөө Ромын боол – эзэн хаад гэгчээр мунхаг муйхар, дүнхүү манхай этгээдүүд байдаг болсон. Амаа ангайн сонсож итгээд л, аппаратаа хөдөлгөн экспедицирхүү юм гаргасан байгаа юм. Том мөөмтэй хөөрхөн Анжелина Жоли шиг эрдэнэс хайгчид гэж өөрсдийгөө эндүүрсэн байгаа юм.
Ингээд дарга дорго болохыг горилогч голдуу 70 долдой далдай залуусын баг, дээр нь нутгийн замчлах, туслах, бишрэх 100-гаад индиан нийлээд, Моисей египетийн боолчлолоос еврей нарыг чөлөөлж байгаа юм шиг л нүүгэлтсэн их юм багшран хөдөлж. Цасан шуурга болно шүү гэсэн цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээ байсан ч, шинэчлэлийн ЗГ-ын өөдөөс хуцаж зүрхлэх ямар цас байдаг юм, нохой долоо гээд хөдөлжээ. Радио шиг цуурлаа гээд бухимджээ.
Юу болов тэгээд? Мэдээж шуурга. Нүд нүүргүй шуурах шуурганд юу ч эс үзэгдэнэ, холбооны хэрэгсэл эс ажиллана. Осолгүй л бууж байгаа чигтэй сэлээд байж. Цээжээр татсан цас болохоор, ээлжилж урд гаран сэлж, бусдадаа зам гаргаж байжээ. Бас Сайханбилэгээс бусад нь пагжий погжий голдуу. Ерөнхий сайдын дэргэд өндөр хүн очвол уурлах байх гэж айгаад дандаа тагжгар тогжгор зонхилсон улс бараадаж дөхдөг сурагтай байдаг. Ингээд сэлэх гэхээр харин живчих гээд байдаг. Живсэн ч юм билүү, хэн мэдлээ. Явсан буцсан улсын жагсаалыг нууцлаад байгаа. Тэгэхлээр мэдэх аргагүй. Сайханбилэгээ сэлүүлсээр байгаад хацар хөлийг нь хөлдөөсөн байгаа юм.
Байнга тансаг зоог гүнцгээр туйлж байдаг ихэс дээдэс дороо л өлсөж, цанган, “Хоёр генералыг нэг мужик тэжээсэн нь” гэдэг Салтыков Щедриний ёгт үлгэр шиг юм болж эхэлж. Дээр хамаг хүнсээ эзэн Чингис идэг гээд орхичихсон. Очоод авъя гэхээр бурхан ниргэнэ, бунхан тургина гэж зүрх үхээд. Нэг годгор хиам салтаадчихсан, гожин зуун грамм сожчихсон подгор эр явна гэнэ. Тэрийг нь 70 хувааж ууж идсэн нь Молла Насреддин салхины өөдөөс нунтаг халва идэх гээд хийсгэж орхисны ч дайтай юм болоогүй аж.
Манай дарга нар болбоос чайна гарвальтай л гээд хүмүүс яриад байдаг, чукча бас угшилтай шүү дээ. Зөвлөлтийн үед бага ястнууд нь чукча болоод байдаг асан. Манай дарга нар болон зулзаганууд нь бас чукча болж байсан. Тэгээд чадварлагаар цасан хунгарыг дорго адил нүхлэн, чукча адил нойрссон юм билээ.
Амралтын өдөр сүүлийн үед манайхан заавал юмыг хэтрүүлж гажуудуулж байдаг зангаараа сөнөтлөө унтдаг болсон. Ийнхүү сүйрээд нэг сэрсэн чинь, ерөнхий сайд, 70 дарга дорго, орон нутгийн гулваа тайшууд алга. ОБЕГ-ын 16, Гал командын 23, хилийн цэргийн 46, нутгийн үй олон хүн хөдөлж, Бурхан Халдуныг хорхой зөрөх чөлөө гаргалгүй самнаад удалгүй орой дээр нь гараад ирсэн байгаа юм. Нөгөөдүүл байдаггүй. Доргонууд нүхэндээ шургасан байсан болохоор дээгүүр нь гараад явчихсан бололтой. Эрлийн 8 автомашин л дээгүүр нь гарчихаагүй нь яамай. 3 нисдэг тэрэг самнаад самнаад мэдээж модноос өөр юу ч олж хараагүй. Ой хөвчийг вертолётоор самнаж болдоггүй юм билээ.
Адидас брэндийн захирал Л.Огторгуй Иридиумандаа байрлал тогтоон мэдээлснээр, эрлийн хэсгийнхэн төөрсөөр төрөлдөө болсон нөхдүүдийг олсон болно. Олсон ч гэж дээ, “олдсон” нөхөд болохоор бид өөрсдөө л өөрсдийгөө олсон, тэдэнгүйгээр отог руугаа буучих л байсан гэж ихэд дурамжхан үгүүлж буй. Үнэндээ ч 60 гаруй хүн отогтоо буун ирж, бусад нь мөн цувран бууж ирж байхад нь “олсон” юм билээ л дээ. Олдуул эрхмүүдийг хөвчийн хөшүүн нойрмог шар маахай ч болтугай ол гэвэл олчихоор л байж.
Баахан хөлдүүс хүмүүсийг хэвтүүлэн, сэхээн амьдруулахаар сумын эмнэлэгт айлуудын орыг журамлан нийгэмчилж байж 30 ор, Багануурын эмнэлэгт 30 ор бэлтгэжээ. Гэтэл дарга нар ийм муухай газар хэвтэхгүй гээд бүгд хөлдүү чигээрээ жийп, хаймар юугаа залуурдан тоос татуулсаар нийслэл рүү уралдан оджээ.
Шинэчлэлийн ЗГ, АН маш их барцадтай байгаа. Цацрагийн хордлого гарав хэмээн, шар нунтгийн бодлогыг шалчга балчга болгох ноцтой дуулиан гарсан. Баярцогтын Англи дахь нууц компани, сая долларыг гадаадын эрэн сурвалжлагч сэтгүүлчид олж, Монголын олигархиудыг монцойлгон илчилнэ хэмээн сүрдүүлж буй. Энэ барцдыг арилгаж, далимд нь эзэн Чингисийн алтан сэнтий, алмасан хэнтийг олон залгамжлан төлөөлөн сууна гэсэн чинь харин ч тэнгэрт ниргүүлж орхисон билээ. Монгол улсыг чинь одоо ард түмэн нь биш, амьгүй гэгдэх агаар ус нь л хамгаалмар болох юм даа.
Энэ үеэр зарим нөхөд Алтанхуяг нар алга болов хэмээн галын наадам хийх дөхөн баяссан нь эгдүүцмээр. Олдсон чинь харин олдов хэмээн огшиж уурлаж, улсын мөнгө хөрөнгө үрэн 80 сая төгрөг байхгүй болгож, орон гүрнийг оргүй болгон цөлмөлөө гэж яллан хөөрөлхөж, эднийг биш, усанд үйсэн нэгэн эх хүү хоёрыг хайж гаргаж ирэн дахин амилуулахад тэр 80 саяыг зарцуулсан бол илүү оночтой байх байсан юм гээд л бүр галзуурцарсан. Ерөнхий сайд Чингисийн эрдэнэсийг хайж болохгүй, ерөөсөө Бурхан Халдунд залбирч болохгүй, төөрөх хориотой, хайлгах ч цээртэй гэсэн хууль байхгүй, хуулийг зөрчөөгүй тул гэмт хэрэг огтхон ч биш юм.
Албан тушаал, алт мөнгө горилон дагалдагч залуус зардлыг хуваан төлж, улсаа алдагдалгүй болгоё гээд л аархсан гэнэ. Гэтэл тэд тооны машин, үзэг цаас нийлэн сууж, биднийг аврахад 14 сая 445 мянган л төгрөг гаргасан юм байна шүү дээ, харин тэр ерөнхий сайд майд өөрсдөө л үйл лайгаа үүрдэг юм байгаа биз, төлбөр ялбараа хийнэ гэж хөгтжээ. 200, 200 доллараар нийлье гэлцжээ. Үүнийг хэлэлцэн суусан тансаг VIP өрөөнийх нь тарж унах дөхөн идээ зоогонд дарагдсан ширээн дээрх ганц дийз салаадны үнэ л гэхэд 200 доллар байсан аж. Тэгээд ч одоо хүртэл тэр мөнгөө өгөхгүй байгаа гэнэ.
Ч.Мөнхбаяр
2013.IV
No comments:
Post a Comment