Monday, July 22, 2013

Сая саяар доллар цацаж Н.Энхбаярын эсрэг өнгөт хувьсгал хийлгэсэн?

Тэд Б.Бат-Эрдэнэ зэрэг улс төрчдийг онилж мэднэ

2000-аад онд Серб, Гүрж, Украин, Кыргызстан, Беларусь, Орос зэрэг олон оронд өнгөт хувьсгал гэх үйл явдлууд болсон билээ. Эхний 4 оронд төр засаг нь солигдсон. Тэр орнууд илүү ардчилсан, шударга болсон уу гэвэл огт үгүй юм. Гагцхүү барууны улсуудын хувьд илүү таатай л болсон.
Сербэд коммунист дарангуйлагч Милошевич унасан ч, авлигажсан тогтолцоог бүтээгч, бэртэгчин Коштуница гарч ирсэн. Гүржид популист, хий хоосон уриа лоозонгоор ард түмнээ тэтгэгч, Америкийг туйлшран бишрэгч Саакашвили. Украинд улс орноо ууж идэхээс өөрийг боддоггүй хомхой сувдаг, эртний олигарх Ющенко. Кыргызстанд галзууран даврагч, алтан хөзрөөр наадагч, ухаангүй алхмуудыг хийгч Бакиев. Тэд бүгд он удаан жил ноёлсон, посткоммунист дарангуйллыг унагасан, Гүржид Зөвлөлтийн гадаад яамны сайд асан Шеварднадзе, Украинд улаантан Кучма, Кыргызстанд мөн л коммунист номенклатурч Акаев унасан билээ л. Одоо энэ дөрвөн ардчилагч бүгд шившигтэйгээр түлхэн унагагдаад байна. Сүүлийн 3 оронд нь анти-өнгөт эргэлтүүдийг Орос ихээхэн оролцож байж хийлгэсэн.

Өнгөт хувьсгалуудыг АНУ зохион байгуулсан гэх буруутгал их байж ирсэн. Америкчууд хувьсгалыг бүх талаар бэлтгэж, санхүүжүүлж байсан гэдэг. Өөрсдөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Сенатор Жон Маккейний “Фридом хаус”, тэрбумтан Жорж Соросын “Сорос фаундейшн” зэрэг байгууллагынхан тиймээ, бид ийм юм хийсэн гэдэг. Эдний хийсэн зүйлийг АНУ-ын төр дэмжиж байсан уу. “Тиймээ, дэмжиж байсан, тэд зөв юм хийсэн” гэж АНУ-ын төрийн түшээд хэлдэг. Үүнээс цааш бол уучлаарай, тийм ийм гэсэн тайлбар бас сонстоно. “Америкийн төр өнгөт хувьсгалуудыг хийлгээгүй шүү, америкчууд бол үүнд оролцсон, энэ бол манай иргэдийн хувь хүний эрх чөлөө, бид тэднийг талархан сайшааж байсан, гэхдээ манай төр хийгээгүй, манай болон тэдгээр улсуудын хуулийг зөрчсөн үйлдлүүдийг Америкийн төр ч, иргэд ч гаргаагүй болно оо” гэдэг.
Беларусийн нэгэн өнгөт хувьсгалч “Фридом хаус”-ын хүнтэй уулзаж байгаа бичлэг байсан. Тэр хүн Саакашвилийн бараг гол зөвлөх, америк хүн юм. Чингээд беларусийн хувьсгалчид, “ энэ удаад 4 сая доллар хандивлая” гэж байв. Өнгөт хувьсгалыг хийхэд мөнгөөр зоддог юм билээ. Жагсагч, янз бүрийн хэвлэл, далбаа, футболк гээд элдэв чамин зүйлийг тараана, цагдаагийнхныг ч худалдаад авчихдаг юм шив. Өнгөт хувьсгалын удирдагчид гэж жаахан залуус байх агаад маш их мөнгө ярьсан, тэр мөнгөөрөө бүхнийг хийж чадна гэсэн асар их итгэлтэй улс байх юм билээ. Кыргызстаны Эдиль гэх, АНУ-д сурч байсан, дөнгөж хорин хэдтэй жаахан залуу “Төдөнд энэ талбай хүнээр дүүрнэ. Хамаг юм нь бэлтгэгдэж байгаа. Мөнгө нь байгаа. Бүх юм бүтнэ” гэж хэлж байгаа бичлэг байсан. Гэтэл яг тэр өдөр цагт нь Бишкек хотын төв талбай хүнээр дүүрсэн, 2 цагийн дотор үймээн дэгдээгчид төрийн ордон руу дайран засгийг унагасан бөгөөд, хүчнийхэн эсэргүүцэл үзүүлээгүй. Эдиль шинэ ерөнхийлөгчийн зөвлөх болсон.
Өнгөт хувьсгал гэдэг ийм л байдаг юм байна. “Фридом хаус”-ын хананд нэгэн газрын зураг өлгөөтэй. Тэнд улсуудыг янз бүрийн өнгөөр буджээ. Нэн тааламжгүй дэглэмтэй бөгөөд, өнгөт хувьсгал гарах боломжтой улсуудыг хөх ягаан өнгөөр будсан байв. Орос, Хятад ч энэ ангилалд багтаж байна билээ. Нэн тааламжтай улсуудыг ногооноор будсан нь Хойд Америк, Баруун Европ, Австрали л байсандаа, үндсэндээ. Гайхалтай нь Монголыг ногооноор буджээ. Монгол тийм мундаг тааламжтай нийгэмтэй улс мөн үү? Үгүй л билээ. Тааламжтай гэдэг нь гадаадынханд хэр тааламжтай вэ гэсэн үг аж. Гадаадынханд бол ч тааламжтай л даа. Хамаг баялгаа харьд бэлэглэдэг, хамаг гадныханд бууж өгч, юу дуртайг нь хийлгэдэг ийм тэнэг мунхаг төртэй улс өөр хаана байх билээ.
Тэр газрын зураг яг хэзээнийхийг бүү мэд, ямар ч байсан Монгол ногооноор будагдсан цагт бол “Фридом хаус” монголын өнгөт хувьсгалчдад мөнгө өгөхгүй. Гэхдээ хэзээ нэгтээ манайханд америкчууд илүүдээ гарсан мөнгөө өгсөн гэж бодогдоно.
Нэгэн үе Монголд Н.Энхбаярын дарангуйлал тогтох гэж байв. Түүнийг ялангуяа Орос хүчтэй дэмжсэн. Н.Энхбаярын нэр хүндийг өсгөхийн тулд Их өрийг хүртэл тэглэсэн гээд бод. 10 гаруй тэрбум доллар шүү дээ. Ийм л үед америкийн өнгөт хувьсгал сонирхогчид хөдөлдөг билээ. Хөдөлсөн ч.
Унгарт буюу Америкийн өнгөт хувьсгал бэлтгэх бааз суурь байдаг улсад суралцсан нэгэн эрхэм, өнгөт хувьсгалч болоход тохиромжтой залуухан бас нэг эрхэм. Та бүхэн тэр цаг үеийг санана уу. Гэв гэнэтхэн л, урьд өмнө хэн ч мэддэггүй байсан хоёр залуу гарч ирэн, аль ч улс төрийн хүчин атаархам том том жагсаал цуглаануудыг зохион байгуулж ирсэн. Үүнд асар их хөрөнгө хүч шаардагдана. Огтхон ч олны танил бус хоёр залууд ямар хөрөнгө хүч байх вэ. Тэр үед эдний ард Эрэл нам, АН байна гэж бичигддэг асан. Нэг үндсэрхэг үзэлтэн “Баахан зэвсэглэсэн хужаа нарын арми орж ирчихээд, 100 айлд нэг хашаанд байрлаж байна” гээд л байсан.
Шар зангиа. Энэ мэт бэлэг тэмдгийн чанартай чамин зүйлс өнгөт хувьсгалын нэг гол онцлог юм. Монголд шар алчууртны бослого гарах учиртай байж л дээ.
Монголд Соросын сан ажиллаж байсан. Бусад байгууллагууд хилийн чанадаас тусалж байсан байж болно. Эрэл, АН гэдэг яахав дээ, халхавч төдий зүйл байж болох. Ингээд Н.Энхбаярын Орос руу баримжаатай дарангуйлал тогтох магадлал арилж, Баруунд таатай, Хятад руу бас баримжаатай өнөөгийн тогтолцоо тогтсон байж болох бус уу?
Өнгөт хувьсгалуудын зорилго бол тэр улсуудад илүү шударга нийгэм тогтоох явдал огт биш гэдгийг дээр өгүүлсэн. Гагцхүү Баруунд таатай нөхцөлийг бүрдүүлэх.
Ийнхүү Монголд өнгөт, нууц хувьсгал гарсан байж болох. Яагаад нууц вэ гэхээр Баруунд МАХН, АН-ын дээдэс ч үйлчилдэг, ая тал засдаг байсан. Тиймээс эдэнтэй шууд ил тод үзэлцэж, дайснаа болгочихож болохгүй. Н.Энхбаяр Барууныханд ч ая тал алдахгүй байхыг хичээдэг л байсан. Ингэхлээр нууцаар нухсан байж таарах гээд байгаа юм.
Өнөөдөр Монголд ахин өнгөт хувьсгал гарах нөхцөл бүрдэж байна. Гадаадын неоколоничлолыг эсэргүүцэх явдал газар авч байна. Харийн цөлмөгчдөд янз бүрийн шалтгаанаар хөөрхөн цохилт өгчихдөг улс төрчид гарлаа, зарим нь их дээшээ явж ч магадгүй. Энэ бол Барууны өнгөт хувьсгалчдын үйл ажиллагаа явуулах үржил шимтэй хөрс юм. Тэд наашаа ахин гар сунгах бий вий. Энэ нь Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуульд ямар амжилт үзүүлэхээс ихээхэн шалтгаалж мэднэ.
Ч.Мөнхбаяр
2013.VI

No comments: