Monday, July 22, 2013

Гитлерийн баг Туул голыг аварч байна уу, алж байна уу?

Туулын загас, амьтад ийм ад тамын голд 
амьдрахгүй гэж үсрэн гарч, амиа хорлож байна

Туул голыг сэргээнэ хэмээн үе үеийн улс төрчид, ерөнхий сайд ухаан чадвараа уралдуулж ирсэн. ЗХУ-аас Монголын гол нууруудын хөдөлгөөнөөр дамжин, Туул голд том катер онгоц ороод ирдэг байсан гэж нэгэн буурал үгүүлж байсан. Монголд гол нууруудын тээврийг тийнхүү хөгжүүлэх санаатай байжээ.
Гэтэл одоо хүйтэн сэрүүн улирлуудад бол оргүй хатаад, хавар хайлсан цасны шар усаар тэжээгдэн амилдаг ухаантай болоод байгаа. Энэ бохир муухай голд амь тэмцсэн загаснууд үсэрч гаран амиа хорлож, хэдэн зуугаараа үхсэн байсан.
Асар их хөрөнгө улсаас зарж, ТББ-ууд ч өчнөөн түмээрээ нэмэгдэж ажиллаад нэмэргүй. Харин 6 минж оруулаад ирсэн. Тэдгээр нь Туул голыг сэргээх био инженерүүд юм гэнэ.
6 минжний тусгай газрыг байгуулан, хашаалсан байгаа. Энд харуул гурван хүн, минж маллагч 6, дарга, дэд дарга, судлаач, санхүү гээд подхийсэн хамт олон төрийн падхийсэн сайхан цалин хангамжтай ажиллаж байна. 6 минж 7 га газар луувантай алим, алимтай лууван зэрэг тансаг зоог зооглож, тусгай бүлээн усны газар усанд орон биеэ угааж, тусгай бассейнд сэлж, шумбаж, хөөцөлдөн тоглож байна.

Эндхийн ажиллагсад ажилдаа ирэхэд минжнүүд унтаад өгдөг аж. Харин ажлаа тарахаар нь сэрж тоглож наадаж гарна. Санаандгүй энд Зүү (Зоо) буюу амьтны цэцэрлэгийг манайхан бүтээж орхиж. Зоопарк гэгддэг зөвлөлт нөхдийн амьтдын шорон гяндан бол өөр оронд байдаггүй, хориотой зүйл. Амьтдыг манай Минжний газар шиг чөлөөтэй амьдруулан, үзэгч олон тэдгээр амьтдыг олж харвал дээдийн заяа гэж баясаж сонирхож байдаг нь жинхэнэ Зүү юм.
Эдгээр минжнүүд нь полдойн таргалж 25 кг буюу бараг хонин чинээ болж. Тэд тэвэрт багтахгүй модыг тээршаалгүй мэрэн унагаж, борхин буюу эр нь гол модыг, минжүүхэй буюу эм нь мөчрийг, дүдэр буюу зулзагууд навч нахиаг сугандаа хавчуулж, хойд хоёр хөл дээрээ майжиг жайжиг алхлан, хөлсөө цувуулж, аахилж уухилан, хэлээ унжуулан явж байгаа харагддаг болсон гэнэ.
Германаас ирсэн Гитлер гэдэг хар минж бусдыгаа захирч тушаах дуртай, удирдан жолооддог аж. 5 минж дүдэрлэх гэж буй агаад, тэднийг угжихын тулд үнээ авах гэж байгаа аж. Тэдний хоол ундыг бэлдэхийн тулд ногоо ч тарих гэж байна.
Туул гол мөхсөн шалтгаан нь мод бургасыг тайрч, хөрсний чийглэгийг үгүй хийснээс үүдэлтэй. Чийглэг хөрсөөр ус урсахаас бус, хуурай хөрсөнд бол шингээд алга болно гэдгийг хэн ч мэднэ.
Гэтэл Гитлер тэргүүтэй минжүүд мод бургасыг огтлон зөөж, их хэмжээний мод бэлтгээд байгаа бөгөөд, ингэснээр хөрсний чийгшилт багасан, усны эко орчин арилж буй гэнэм.
Харин дэлхийн дулаарлаас үүдэн, Монгол орны гол нуур, цэвдэг, мөнх цас мөс ихээр ууршин их хур болж буудаг болсон. Хойд Өмнөд туйл, дэлхийн их ус цас ч ууршиж, хэсэг нь Монгол улс дээр бууж буй.
Үүний хүчээр Туулын ус бас нэмэгдэж л байгаа. Энэ явдлыг минжнүүдийн ач гавьяа гэж ойлгох явдал их байна.
Ч.Мөнхбаяр
2013.IV

No comments: