Monday, July 22, 2013

Ерөнхийлөгчийн сонгууль гэж, бүгд дүрээ хуваагаад авчихсан жүжиг?

2009 оны хувилбар давтагдаж, аварга дэмжигчгүй болох нь үү дээ?

Ерөнхийлөгчийн сонгууль гэж аймшгийн жүжиг болох нь уу хэмээх хүн ард айн түгшиж байна.
МАН хамаг намыг халаасандаа хийж байж сонгуульд орно хэмээн нэгэнтээ тодрон томорсон байдаг. Ингэж эрдэж бардаж байхын оронд эцээхэн оролдож чармайх хэрэгтэй байжээ. Харин ч АН үүнээс сэдэв авч, хамаг намыг хармаалж эхлэв.
МАН одоохондоо хэдхэн намыг талдаа татаад байгаа аж. Харин АН бол хажууханд нь тоос сорогч шиг л ажиллаж байна. ИЗН-ын С.Оюуныг нэр дэвшинэ гэж олон хүн санаж байсан ч, хагарал бутралдаа идэгдээд хэцүү байгаа энэ намынхан эрх баригч гол намыг бараадахгүйгээр өөдлөхөөн байсан бололтой, дэмжихээ мэдэгдэв. МҮАН М.Энхсайхан Шударга ёс эвслийнхээ байр суурийг ч харгалзахгүй, дэвшинэ барина гэж худлаа гүлдийн, таваарлаг чанараа тааваараа дээшлүүлэн тарвалзаж Таван толгойгоос том бялуу хүртэж, өөр бялуунуудыг амлуулсныхаа дараа “Элбэгдоржийг дэмжихийн учир” гэх улс төр-улиг домгийн том тууж роман бичиж, туушиндан умшсан болоод дэмжихээ дэндүү ихээр мэдэгдэв. Залхаасан гэхэд болно.
Манийг гаргавал АН-ыг дэмжинэ, манийг эс гаргавал МАН-ыг дэмжинэ гэсэн мааны кааш хутгаж зуурсан Н.Энхбаяр дээр архидан согтуурч, хордон хохимойтсон өрсөлдөгч нь үүр цүүрээр, хулгайгаар орж ирж учрахдаа тохироо хийжээ. Энэ тохироо хийгдсэний дараа, Архангайдаа ч авсан санал нь гавих юмгүй Удвалыг гаргаад ирсэн байгаа юм. Шавар дундаас удвал цэцэглэнээ гэдэг. Гэхдээ энэ үгийг хэт туйлшран биширч хэрэггүй юм.

Удвал нь юуны өмнө улаан электорат буюу ху маркийн сонгогчдын саналыг хуваах магадлалтай дэвшигч юм. МАХН нэрээ солилоо гэж МАН-д бухимдсан хуучинсаг үзэлт, пост-коммунистууд улайран МАН-ын эсрэг чиглэлтэй санал өгөх магадлал өндөр өө.
Улайрсан хуучин МАХН-чин, МАН-чин байснаа цэнхэртсэн, хөхөрсөн АН-чин болж хувираад байгаа Ж нарын нөхөд буюу хэсэг жижиг намууд ч АН-ыг дэмжих нь ээ. Ийнхүү АН хамаг намыг блю жинснийхээ хармаанд чихээд байна.
Тун гайхалтай нь МАН-ын олон олийсон олигарх АН-ыг дэмжиж буй аж. Учир нь Б.Бат-Эрдэнэ бол тэдний улс төр-бизнесийн, ялангуяа неоколоничлол-уул уурхайн бүлэглэлүүдийн төлөөлөл биш юм. Харин ч хэт уул уурхайжилтад халтай үйл ажиллагаа явуулж ирсэн нэгэн.
Тиймээс 2009 оны сонгуулийн сценари давтагдаж магадгүй аж. Чингэхэд болбаас, Н.Энхбаяр гуравдагч хүч болж хувирч, мангас-магнатуудын төлөөлөл байхаан больсон байв. Тиймээс МАН-ын С.Баяр тэргүүтэй томчууд шууд Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллачихсан билээ. Дахин 7 сарын 1 өрнөх вий гэж эмээсэн үү, Н.Энхбаяр ч сонгуулийн дүнг яаран зөвшөөрөн, буугаад өгчихсөн.
Өдгөө, Б.Бат-Эрдэнийг чухам хэн дэмжээд байгаа нь тодорхойгүй байна. МАН-ын олигархууд эсрэг. Ахмадуудын үеийнхний фракц дэмжихгүй байна, Толгойлогч нь ч түүнтэй сунгаанд ширүүн өрсөлдөн, хэдхэн саналаар ялагдсандаа дурамжхан байгаа. Залуусын фракцын толгойлол ч айхтар дэмжээд байгаа байдал байхгүй, идэвхгүй, назгай хойрго байгаа гэнэм.
Ерөөсөөн МАН-д, хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай гэдгийг дагаж, АН-ыг эсэргүүцэж зовж байснаас, аялдаж эрхэнд нь жаргая гэсэн бэртэгчин байдалтай улс олширсноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэг золионы хүн л хаячихъя гэцгээжээ. Ингээд, аварга хайрангүй тул Б.Бат-Эрдэнийг луугийн ам руу чулуудчихаад л, луугаа дэмжин ажиллах хүсэлтэн олон байгаа аж. Ийнхүү ерөнхийлөгчийн сонгууль битүү тойрог жүжиг болжээ гэж үзэгсэд олон байнам.
Б.Бат-Эрдэнэ аваргыг ч жүжгийн роль хуваарилалтад орж, дүрээ авчихсан гэж нэгэн их мэдэгч өгүүлсэн. Тэгэхэд өрсөлдөгч нь өдөр бүр шоудаж байна. Ромын Траян хаан 123 өдөр гладиаторын тэмцээн зохион байгуулж, үүнд 10 мянган гладиатор, 11 мянган адгуус араатан оролцсон шиг л.
Хэрэв тэрхүү өрсөлдөгчийн тавхай дор ингэж бүх нам унах аваас, дарангуйлагч л төрнө. Угаасаа одоо хэт их эрх мэдлийг хууль бусаар төвлөрүүлээд байгаа. Тэрнээс нь айгаад л, “үгнээс нь зөрвөл хулгай луйвраар маань нээнтэглээд, Н.Энхбаяр шиг хэн ч биш болгон алж магад” гээд өмнө нь унаад байгаа шүү дээ.
Б.Бат-Эрдэнэ аваргыг “мангар тэнэг бөх” гэсэн суртал ухуулга асар их явагдаж, тархийг там болтол нь угааж байна. Гэтэл түүний өрсөлдөгч бол нэн боловсролгүй, харанхуй нэгэн гэх юм. Нэг сургуульд сурч байхдаа тувтан дээрэлхүүлж дэглүүлж, бараг л шалдан нүцгэн зарцлагдаж яваад олигтой юм сураагүй, бүхнийг үзэн ядаж л сурсан гэх. Дараа нь нэг мундаг том их сургуулийг төгсгөсөн гэдэг ч, угтаа бол буурай орнуудын ардчилсан зүтгэлтнүүдэд хэлний мэдлэг олгох төслийн дамжаанд суугаад ирсэн юм гэнэ. Олигтой ч суусан юмгүй, наргиж наадаж явсаар ирсэн тул, тус хэлийг сурсан нь гэж ичмээр дамшиг л байдаг гэнэ шүү. Үнэн худлыг бүү мэд, базарваань.
Харин харанхуй мунхаг гэгдсэн Баабаа аварга нь болохоор хуульч мэргэжилтэй, хуулийн доктор цол хамгаалахаар судалгаа явуулдаг. УИХ-ын хуулийн байнгын хороог ахалж явсан аатай нэгэн гэнэм. Мөн дээрээс нь нэмээд Удирдлагын академи төгсгөчихсөн углуургатай нэгэн ч гэнэм. Өрсөлдөгчид нь л бөх, бух, бах гэж баалаад байгаа болохоос юм юмтай л нэгэн сэнж.
Ч.Мөнхбаяр
2013.V

No comments: