Sunday, February 14, 2016

УИХ-д Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр шийдлээ!


Эрдэнийн улсыг цогцлооё!

Монгол улсын нийгэм-эдийн засаг, тусгаар тогтнолын байдал нэн уруудан доройтлоо. Лам ноёд нь хуйвалдаж, хэн хэдэн лан мөнгө шан болгож авахаа гадаадын элчин төлөөлөгчтэй наймаалцан тохирч байж, харьд дагаж орох гэрээ байгуулж, төрийн тэргүүнд нь сөгдөн мөргөж; ард олон нь зовлон зүдгүүрийн туйлд хүрч, сөнөж мөхөж байгаа үндэстэн гэж судалгаанд тодорхойлогдон байхад тэднийг авах идэхийн шуналын нүдээр л харан дарлаж, тансаглан туйлж тавьсан өрөө хүчээр төлүүлж, энэ насанд хэдийчинээ тарчилбаас хойд насандаа төдийчинээ жаргана хэмээн мунхруулан төөрөгдүүлж байсан цаг үетэй адил боллоо.
Тэр үед Монголд хэт шашинжин хоцрогдсон феодалын бурангуй нийгэм байсан бол өдгөө хагас колоний шинжтэй, хагас маоист-ленинист маягийн үзэл сурталтай, клепто-феодалын дарангуй нийгэм оршин тогтнож байна. Клептос буюу хулгайч нарын хэн хамгийн их гэмт хэрэг үйлдсэн нь “ноён” болж, угсаа залгамжлан ард түмнээ боолчлон шулж мөлжиж, хамаг үндэсний баялгийг харьд урваж шарван бэлэглэж, хариуд нь шавхруугаар шагнуулан шарваганаж байдаг нь эрүүгийн аппарат болсон өнөөгийн нам засгийн үнэн төрх.


Зуун жилийн өмнө ард түмэн маань дугуйлан байгуулан тэмцэж, түмэнтээ заргалдан бичиг юугаан өргөвч, есөн эрүү тулгуулж, төрөл бүрээр харгислуулан дарагддаг байсан. Харин XX зууны 10-аад, 20-иод онд үндэсний ардчиллын үзэл санааг дэвшүүлж, улс төрийн аргаар нам хүчийг байгуулан тэмцэж, урвасан хулгай нараар зөвийг үйлдүүлэх гэж чармайн мухардахын оронд, бултаар нь төрөөс таягдан зайлуулж, өөрсдөө ардын засаг байгуулъя хэмээн зориглосон болой.
Яг л үүн лүгээ адил ард түмнийхээ төлөө сэтгэл зүрх, оюун бодлоо шатаан бадраан зовниж явдаг эх оронч хөвүүд охид төрийг эзэгнэсэн хулгайчдаас гуйх биш, гуядаж тэднийг тонилгоод, өөрсдөө ард түмнээ төлөөлөн, үндэстнийхээ эзэн мэдэх эрхийг мандуулан ажиллах нь сайн дурын хэрэг биш, зайлшгүй үүрэг хариуцлага болжээ.

Эх орон биднийг дуудаж байна! Урьд судал, бич, түгээ, жагс, цугла, өлс, суу гэж дуудаж байсан бол өнөөдөр Монгол төрд сонгогд, ажилла, шийд гэж дуудаж байна. Энэхүү тэмцлийн шинэ дуудлагыг журмын нөхдийн хамт сонссон ард Боржигин Чулуундоржийн Мөнхбаяр миний бие эргэлзээ тээнэгэлзээгүйгээр улс төрийн сонгуульд оролцохоор шийдлээ. Улс үндэстнийхээ зовлон зүдгүүрийг эртнээс харж шаналж, боломжтой гэж үзсэн бүхий арга хэлбэрээр тэмцлээ, одоо өөр арга хэлбэрийг эрэлхийлэх шаардлагатай болж. Эрүүл саруул ухаан байх аваас энэ аюумшигт нийгмийг гайхамшигт ард түмний оюун далай, цаглашгүй хүч, байгалийн их баялаг нөөцийн шидээр илааршуулан анагаах бүхий боломж буйг ч үзлээ, мэдлээ, үс цайж, хараа цуцтал бичлээ, ухууллаа. Одоо Монгол Төр хэмээх өндөр сүлд газрын үүдийг татаж, тэнд орогнож бузартуулсан хулгайч, дээрэмчин, урвагч, залиланч, мунхруулагч, солиотон бүгдийг үлдэн хөөх цаг болжээ.
Учир иймээс УИХ-д, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөх болсноо мэдэгдэж байна! Үзэл тэмцэл нэгт нөхөддөө ч дэвш, ял гэж хэлж байна! Ард түмэндээ дэмж, аврагд гэж уриалж байна!
Бидний Монголын ард түмэн үүрд мөнх гундаж гандах, бөхийж бөхөх заяа тавилантай биш ээ. Миний Монголын ард түмэн амьдрахыг хүсч байна, аз жаргалтай байхыг хүсч байна, эрх чөлөө, эрүүл ухаан, ариун цагаан хөдөлмөр бүтээлийг, гэрэл гэгээт ирээдүй хойчийг хүсч мөрөөдөж байна. Энэ Монгол үндэстнийг минь хайрлаж хамгаалж, хөгжүүлэн дэвжээж, энхжүүлэн мөнхжүүлэх улс төрийн ухаан болох, язгуурын эх орончдын маань дэвшүүлэн дээдэлж байсан Үндэсний Ардчиллын үзэл санаа, үүн дээр суурилсан Ардын Засаг аврал ивгээлийг бидэнд авчирна аа!
Эрхэм зорилгын төлөө ард нийтээрээ эв санаа нэгтэй эрмэлзэн зүтгэж, сонгуулийн Хувьсгал хийж, эрүүжүүлсэн нийгмийг эрүүлжүүлцгээе! Гуйлгын биш, баялгийн бодлогыг хэрэгжүүлж, баялгийн улсыг, Эрдэнийн Улсыг цогцлоон бүтээн байгуулж, алтан дээр суусан гуйлгачин гэгдэх биш, аз хийморьтой баялагтан гэж алдаршъя!
Монголын нийгэмд үүр гийж, тэнгэр цэлмэх цаг болсон! Хамтдаа ялцгаая, хамтдаа бүтээцгээе, хамтдаа жаргал баяр, инээд хөөр, хайр энэрлээр цалгицгаая!

Өөрийн товч танилцуулга

Боржигин овогт Чулуундоржийн Мөнхбаяр миний бие 1968 онд нийслэлийн Октябрийн районд төрсөн. 51-р дунд сургуулийг төгсгөөд, дараа нь Уралын болон Монгол улсын их сургуулиудад суралцаж, сэтгүүлчийн мэргэжлийг эзэмшсэнээс хойш, одоо хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна. Сурагч байхдаа диссидент үзэл санаануудад автаж, оюутан байхдаа ардчилал шинэчлэл, ил тод байдал, өөрчлөн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, 1992 онд “ардчилсан нийгмийг биш, Пол Потын концлагерийг байгуулах гэж байна, ардчиллын өмнө ичицгээе” гэж зовнин бичиж, 90-ээд онд их төлөв нийтлэлээрээ нийгмийн шударга ёсны төлөө тэмцэж явсан бол, 2000 онд “хулгайч нийгэм байгуулагдлаа” гэж тодорхойлон нийтлүүлж, иргэний хөдөлгөөнийг эхнээс нь биечлэн дэмжиж, 2011 оноос зохион байгуулах төвшинд жагсаал цуглаан, төрөл бүрийн тэмцлийн арга хэмжээнд идэвхтэй оролцож ирлээ. 2012-2014 онд МНН-ын ЕНБД-аар ажиллаж байсан.
Улс оронд ихээхэн ач холбогдолтой 20 гаруй санал санаачилгуудыг тусгай ТББ байгуулах, хууль, тогтоолын төсөл боловсруулах төвшинд дэвшүүлж, төртэй зарим хэмжээгээр хамтран ажилласны дүнд бичиг үсгийн стандарт, цахим сонгууль, олуулаа болох уриалга, төвийг сахих бодлого зэрэг хэлбэрээр төрийн тогтоол шийдвэр, уриалга санаачлага болж хэрэгжиж байсан.
Уран бүтээлийн судалгааны 10 гаруй ном бичиж хэвлүүлсэн, мөн номууд орчуулж хэвлүүлж байв. Нийтлэл, түүх, уран бүтээлийн олон ном хэвлүүлэх бэлдцүүд бий.
“Алтан гадас” одон, Тусгаар тогтнолын одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, МЗЭ-ийн шагнал, мэргэжлийн болон байгаль орчны шагналуудыг авч байсан.

Блог: moenhbayar.blogspot.com
Фейсбүк: facebook.com/munkhbayar68
Фейсбүк хуудас: facebook.com/moenhbayar

1 comment:

Wilson Maja said...

Сайн байцгаана уу. Монголоос ирсэн хатагтай Баярмаа би Энэтхэгийн Бхавин эмнэлэгт миний бөөрийг 452488445.10 төгрөгийн үнээр худалдаж авсанд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Хэрэв миний өрийг төлж, гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай амьдрах боломжгүй байсан бол дахин Др Уэйн Керл имэйлд баярлалаа Doctorwaynecurl@outlook.com хаягаар дамжуулан тэд минийх шиг бөөрийг чинь худалдаж авна