Saturday, December 5, 2015

Нью-Мексикод зорчсон тэмдэглэл

Цөмийн штатад тавтай морил!

Энэ цэгээс холгүй буюу, Альбукерке хотын төвд манай буудал оршиж байв

Альбукерке хотын “Блю” хэмээх эгэлхэн нэртэй хөөрхөн зочид буудал дахи өрөөндөө оронгуут орны хажуудхи утас дуугарч, “Монголоос ирсэн зочдыг хүндэтгэн оройн зоог барих тул буугаад ир” хэмээв. Хөтөлбөрийн ахлагч Пол гуай миний т-цамцыг зааж, “Мөнхбаяр миний анд байгаа юм!” (Ц.Мөнхбаярын зурагтай цамц өмссөн байв) хэмээн олзуурхан хэлж угтав. Ингээд Ариунцэцэг бид гурав зунаараа байгаа мод цэцэгстэй бүлээн гудамжаар алхаж, “Суши Хана” ресторанд орвол Гэри, Хизер, Наталья нарын америк нөхөд хүлээж байлаа.
Энэхүү япон зоогийн рестораныг эх орон нэгтнүүд маань ажиллуулах агаад, найрсаг гэгчээр биднийг хүлээн авч, залуу ажилтан нь намайг эчнээ таних болохоо мэдэгдэв. Үзэл бодол нэгтнүүдийн халуун дотно яриа бүрдлээ. Нэгэн гэр бүлийн Гэри, Хизер хоёр Оросод ажиллаж байсан, Наталья орос үндэстэн, Ариунцэцэг орос хэл зааж байсан, Пол гадарладаг, би Свердловскод сурч байсан тул яриа оросоор ч өрнөчихнө.
Баруун-Өмнөдийн судалгаа, мэдээллийн төвийн (БӨСМТ, SRIC) Судалгааны албаны захирал Пол Робинсон гуай бол энэ ТББ-даа 1971 онд байгуулагдсанаас нь хойш 40 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, байгаль орчны төлөө тууштай тэмцэгч, профессор, инженер-эколог хүн юм. Тэрбээр Монголд хэдэнтээ аялан ажиллаж, манай байгаль хамгаалагчдыг АНУ, ОХУ улсуудад сургалт семинарт хамруулан чадваржуулж, эх орон нэгтнүүдтэй маань 10 гаруй жил хамтран ажиллаж ирсэн буянтай буурал болой. Миний хувьд хоёр жилийн өмнө түүнтэй Улаанбаатарт танилцаж байсан.

Пол гуайн SRIC байгууллагын үйл ажиллагаа гэвэл экологийн тэнцвэрийн ач холбогдлыг ухуулан сурталчлах, янз бүрийн соёлт хүн зоны амьдрах уугуул орчныг хадгалах, байгалийн нөөцийг гамнах, нийгмийн шударга ёсны төлөөхи иргэний оролцоог дэмжих, өнөө болон хойч үеийнхний аюулгүй аж төрөх орон зайг хамгаалах чиглэлээр судалгаа хийж, мэдээлэл түгээх явдал юм. Цөмийн хаягдал, цөмийн уул уурхайг нухацтай фокуслан анхаардаг. SRIC-ийг миний уран бүтээлийг нь таашаадаг дуучдын нэг Бонни Райтт дэмждэг гэнэ.
Шинэхэн танил Гэри Кук маань Дэлхий-Арлын хүрээлэн ТББ-ын (ДАХ,EII) Хөтөлбөрийн захирал. Хизер бол түүний гэргий, хамтран зүтгэгч юм. Эх орондоо төдийгүй, Орос зэрэг оронд байгаль хамгаалах үйлсийг дэмжин ажиллаж ирсэн. ДАХ-ын үйл ажиллагаа БӨСМТ-ийнхтэй агаар нэгэн.
Хамт ирсэн Б. Ариунцэцэг Иргэний боловсролын төв (ИБТ) ТББ-ын Хөтөлбөрийн захирал. УИХ-ын гишүүн асан, гавьяат багш Р.Нарангэрэлийн санаачлагаар 1992 онд байгуулагдаж, 1995 оноос ИБТ нэрээр ажилласаар өдий хүрсэн. МУ-ын иргэдийн төр-нийгмийн үйл ажиллагаан дахи идэвхтэй, чөлөөтэй оролцоог нэмэгдүүлэхэд туслах, хүүхэд залууст ардчиллын үнэт зарчмуудыг түгээх, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулан төлөвшүүлэх, эко боловсрол олгох, иргэдийн болон залуусын олон нийтийн байгууллагуудыг дэмжих зорилготой.
Наталья Стукова SRIC-ийн Орос, Монголтой холбоотой ажлуудыг хариуцан ажилладаг, доктор цолтой бүсгүй. Ариунаа, Наталья хоёр маань надад яриа таниулгуудыг хөрвүүлэн өгч их тус болсон...
Бидний буй Нью-Мексико муж-улс маань уулын гэгдэх штатуудын нэг бөгөөд 2 сая хүн амтай, нутаг дэвсгэрээр АНУ-даа 5-р байранд, уугуул хүн амын эзлэх хувиар Аляскийн дараа 2-р байранд орно. Оршин суугчдын 70% нь цагаан арьстан, 9% уугуул, 2% афро гэх агаад 44,5% нь латин америк ч гэдэг. Цагаан арьстан олонхигүй цорын ганц штат ч гэх юм билээ. Гэртээ 63% нь англиар, 29% нь испаниар, 3,5% нь навахо хэлээр ярина. 1947 онд эндхийн Розуэлл хотноо харь гарагийн хүн заларсан гэх үг яриа дэлхий даяар түгсэн. Хамгийн алдартай “харь гарагийн хүн”.
1540-1542 онд испаний Франсиско Васкес де Коронадо гэдэг жанжин энэ нутагт “байлдан дагуулалт”-ыг багагүй хийсэн. Коронадогийн загалмайг хайж байна гэж Индиана Жонсын тухай кинонд гардаг. Нью-Мексикогийн өнөөгийн нутгийн нэгээхэн хэсгийг 1803 онд Наполеон АНУ-д худалдсан бол, 1535 оноос оршин тогтносон Шинэ Испанийн бага хаант улсаас 1821 онд тусгаарласан Мексикийн бүрэлдэхүүнд нөгөө хэсэг нь багтаж байснаа 25 жилийн дараа, хойд, өмнөд, төв, даяар Америк тив нийлж нэгэн нэгдмэл АНУ болох ёстой гэсэн панамерик үзэлт хойд хөршдөө эзлэгджээ. 1912 онд 47-р штат болжээ.
Муж-улсын баруун хойдод, алдарт Дөрвөн өнцөг байх бөгөөд энд Нью-Мексико, Юта, Колорадо, Аризона штатуудын шулуун шугамаар татсан хилүүдийн дөрвөн өнцөг энд давхцана. Мужийн зүүн хойдод байх Капулин уулнаас Нью-Мексико, Колорадо, Оклахома, Техас дөрвөн штатыг харж болдог.
Нью-Мексикогийн хамгийн том хот Альбукерке нь 1706 онд харуулын цэг байгуулагдсанаар эх үүсвэр нь тавигдсан, Шинэ Испаний бага хаан Альбукеркегийн нэрийг зүүсэн агаад, дундуур нь Рио-Гранде гол урсаж, хойдод нь Сандиа уул дүнхийж, өндөр цөл Чихуахуад оршино...
Байгаль орчин, иргэний хөдөлгөөд, тэмцэл зүтгэлийн талаар ам булаалдан ярилцсаар байтал шаггүй орой болж, буудалдаа буцан зүүрмэглэх гэтэл нэг өрөөнд суух Алексей гуай маань алс Оросоос ирэн танилцаж, ахин дугхийх гэтэл нойр хулжин, шөнийн 2 цагт босож, 4 цагт өглөөний зоог бариад Balloon Fiesta буюу Агаарын бөмбөлгийн наадмыг зорьцгоов.



Пол Робинсоны хамт бөмбөлгийн наадмын үеэр

Нэгэн болдоггүй улс төрчийн болчимгүй хийрхлээс болж хүн ардынхаа аюулгүй байдалд санаа зовнин нойр хулжиж, дараа нь Номхон далайн дээгүүр нисч явахдаа унтаж эс чадан, Альбукеркед мөн нойргүй хоносон миний бие ядруу явсан ч, Balloon Fiesta-г гурван улсын нөхдийн хамт үзээд гайхамшгийг мэдэрч, бие сэтгэлийн сэргэн мандалтыг хүртэж, орчлон ертөнцөд оюун хийсвэрээр жигүүрлэн төөрсөн билээ л.
Дараа нь бид Рио-Грандегийн дархан газраар зорчив. АНУ-ын 3 дахь том гол Рио-Гранде Нью-Мексикод хамгийн ихээр оногдож, муж-улсаас гараад Америк-Мексикийн хил болдог. Сүүлийн үед их татарч ширгэж, тасалдах болжээ. Цагтаа Их мөрөн буюу Рио-Гранде гэх алдрыг хүртсэн гэхэд үнэмшимгүй. Энэ голын аль ч хэсгээр өнөөдөр хөлөөр туучин гаталж болох гэнэ.
Уул уурхай, үйлдвэрлэл, тариаланд усыг нь хайр гамгүй ашиглаж, экологийг нь алдагдуулснаас иймд хүрчээ. Байгаль орчны сүйдлээс болж хуурайшилт түгмэл болсон нь ч нөлөөлжээ. Алдаг оног урссаар, далайд цутгадаг байсан газраасаа 150 метрийн наана бүр алга болчихсон аж. Пол гуай буурь суурьтай үгүүлж байснаа “тийм ч учраас ноён Мөнхбаярын идэх жимс хомсоджээ” хэмээн сортойлгох жишээний (өмнөхөн нь би үл мэдэх бутны жимс идэх дүрээр зураг авахуулсан байв).
Дархан цаазтай онгон дагшин байгалийг үзэн бишрэх бус, өчнөөн хүн амьтан, мод ургамлыг ундлан тэтгэж байснаа үгүйрэн доройтож буй хөөрхий голын эмгэнэлт хувь заяаг харуусан хэлэлцэх аялал болдог болжээ. Энэ хавьд маш хуурай, тоосорхог, араатан жигүүртэн ховордсон, ургамал мод хатаж мөхсөн, зарим нэг ховор өвс ургамлын дэргэд хөндөж болохгүйг анхааруулсан бичиг үлдээсэн нь тэр бүрий анзаарагдахгүй, хэдэн нугас, яст мэлхийг тусгай орчинд бөөцийлсөн байдал харагдлаа. Trachemys scripta буюу улаан чихт гэх, аль ч газрын амьтны дэлгүүрт ёс юм шиг зарагддаг яст мэлхий энд уугуулаар, эндемикээр амьдардаг нь аквариум сонирхогч асан надад содон санагдав.

Рио Гранде мөрөн Альбукерке орчимд ийм үзэгдэх нь ч буй

Үерийн томоохон хамгаалалтууд ихтэй энэ газар одоо үерээс айлтгүй болсон байж магадгүй. Байгалийн “танкуудаас” хамгаална гэж барьсан ган хаалтууд одоо хүүхэд залуус “Зөвлөлтийн танкуудаас сэргийлж барьсан юм уу” гэж гайхан асуудаг сонихон үзмэр болжээ. Мөн эндхийн жижиг музей, дэлгүүрийг үерээс хамгаалсан хийцээр барьсан нь надад маш өвөрмөц хийцтэй, сансрын байгууламж мэт санагдсан.
Дараа нь Пол гуай биднийг гэртээ Угталтын оройн зоогт урьлаа. Эко хийц бүтэцтэй өвөрмөц гоёхон өргөө гэрт нь түүний гэргий Карла Рид, охин Рэйчел нь амтат зоог бэлтгэн суусан агаад, бидний аялалд их тус болж байсан зочломхой, сайхан сэтгэлт энэ гэр бүлийнхэнд дахин дахин талархал илэрхийлмүй.
Өчигдөр “Сушихана”-д уулзсан хэд дээр, Оросын эрдэмтэн А.Плюснин, О.Смирнова, М.Трескина, америкийн эрдэмтэн Ж. Льюис нэмэгдэн, үзэл бодол, үйлс ажил нэгт нөхдийн халуун дотно уур амьсгалтай хэлэлцүүлэг үүсэв. Билли нохой ч оролцчих санаатай ширээ тойрон, ширээн доогуур гүйнэ...
Хүн амын 90% нь казино-хот Лас-Вегаст байдаг Невадаг цөмийн туршилтын талбайтай байсан гэдгээр нь хамгийн атомын штат гэдэг ч, үнэндээ Нью-Мексико хамгийн атомын штат юм билээ.
Цөмийн лаборатори-хот Лос-Аламос муж-улсын нийслэл Санта-Фегээс баруун хойшоо холгүй, 56 км-ийн зайтай байж байна. 12 000 хүн амтай энэ хот 25-аас дээш настных нь 70% нь дээд боловсролтой, аялал жуулчлалыг айхавтар хөгжүүлсэн гэж магтагддаг ч, цөмийн шаггүй бохирдолтой, хээрийн түймрийн эрсдэлтэй. Нью-Мексикод олон нууц лаборатори байдгийн нэлээд нь цөм, тэр тусмаа цөмийн зэвсэгтэй холбоотой.
Цөмийн зэвсгүүдтэй холбогдолтой Лос-Аламос, Аламагордо зэрэг газруудад ойрхон цанын баазууд байгуулсан бол, Уайт-Сэндсэд аялал зугаалгын том төв байгуулсан байх юм.
Атомын туризм гээд тусгай жуулчлал ч буй. Нью-Мексикод тийм жуулчид Лос-Аламос хот, тус хот дахь Түүхийн болон, Шинжлэх ухааны музейнүүд, Альбукеркегийн Цөмийн шинжлэх ухаан, түүхийн музей, анхны атомын бөмбөг туршсан газар Тринити, Уайт-Сэндсийн пуужингийн туршилтын баазуудад очих дуртай гэнэ. Тринити гэж Эцэг Бурхан, Хүү Исус Христус, Ариун Сүнс гурвыг хэлж буй бөгөөд, ийм нэртэй газраа сүм хийдээ барьж, эргэл мөргөлөө хийж, түм буман буян хурааж баймаар сан, уг нь.

Альбукерке хотын Цөмийн шинжлэх ухаан, түүхийн музей

Олон жилийн турш Нью-Мексико цөмийн зэвсэгт хэрэглэх ураны бараг хагасыг олборлож баяжуулан нийлүүлж байжээ. Цөмийн зэвсэг талдаа бол маргаангүй №1 штат. Вайомингийн дараа орох ураны нөөцтэй Нью-Мексикод 1950 оноос ураны буум эхэлсэн. Техасын бүх луйварчин энд ирж уранчин болчихсон байна гэж нэг бизнесмен уулга алдсан гэнэ. Тэр үед Грантын бүсэд хайгуулын 400, олборлох 259 лиценз олгож байж. Олборлох лицензтэй 137 хуулийн этгээдэд байгаль орчинд хал багатай үйл ажиллагааны талаар ямар ч ойлголт байхгүй байсан нь илэрч байжээ. Нью-Мексико хариуцлагагүй уул уурхайгаас болж хамгийн их хохирсон штатын нэг. Нэг хүнд оногдох ДНБ-ээрээ 50 штатаас 47-р байрт ордог агаад тус муж улс байгуулагдсан огноогоороо штатууд дундаа 47-рт жагсдаг, үүнтэй холбоотойгоор хошин шог үгс яригддаг байна.
Нью-Мексикод цөмийн хаягдал булшлах газар дорхи том байгууламж бий. Энэ байгууламжид олон тооны ноцтой зөрчил гарч ирсэн тул муж-улсын удирдлага 2014 оны эцсээр тус байгууламжийг хаах, АНУ-ын ЗГ-ыг 54 сая доллараар торгох шийдвэр гаргаж, зохих байгууллагуудад хандаад байгаа юм...


Ноён уул маань мөнхөд нөхөн сэргээгдэх Куэста шиг бүү болоосой

Таос дахи индианчуудын эртний байшин

АНУ-д хөл тавьсан 3 дахи өдрөө бид, Куэстагийн уурхайд хонож болохгүйн учир ойролцоохи Таос буюу Улаанбургас руу хөдөллөө. Уран бүтээл, урлагийн хот буюу арт-колони Таос нь басхүү пуэбло уугуулуудын нэгэн мөчир таос омгийнхны соёлын төв болой. Таосод уран зургийн 80 галерей, 3 музей, олон зураач буй бөгөөд энд туурвиж байсан орос зураачийн гэр-музей буйг орос нөхөд дурдав. Дуу хуурын нутаг, дугуй, цана, загасчлалын жуулчлалын бүс, Terminator Salvation киноны зураг авсан газар гэнэм.
Таос хоттой хаяа дэрлэн Таос Пуэбло гэх уугуулуудын суурин орших агаад АНУ дахи одоо амьдрал өрнөж байгаа хамгийн эртний суурин газруудын нэг. Таос Пуэбло суурин ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвийн жагсаалтад орсон бөгөөд, хүн ард нь гэртээ тог цахилгаан, шугам сүлжээгүй суун, өвөг дээдсийнхээ уламжлалыг ягштал баримтлах бөлгөө.
Качина Лож буудалд толилсон паувау бүжиг нь хөөрхийлөн шимшрэх, бахархан омогших сэтгэлийн аль алийг төрүүлж, зүрх тархийг үйл хэрэгт уриалан хэмнэллэж, ядрал юуг үлдэн хөөсөн билээ л. Дараа нь бид хэд гурван улсын онгон дагшин байгаль орчныг хэрхэн яаж хайрлан хамгаалах тухай урам зоригтойгоор хэлэлцэж, хамтран ажиллаж ихийг бүтээнэ хэмээн хөөрөн баясч суусан сан. Аяа, Таосын үдэш...
4 дэхи өдрөө Таосоос хөдлөхөд бидний энэтхэг буюу индиан гэж нэрлэдэг америкийн уугуулуудын соёл, эмгэнэлийн өнгө аяс холилдон сүлэлдэн мэдрэгдсээр, өндөр газрын намрын сэрүүн салхи шүлэг шадын хэлхээсээ алдан сацлан үдэв л.



Бид Куэстагийн нөхөн сэргээлттэй танилцаж байна

Куэста хавь хангайн уулс, мод хадаа гайхуулсан үзэсгэлэнт сайхан нутаг юмсанж. Ийм газар эрдэнэс алт ихээр хурдаг ч юм уу.
Калифорний Шеврон компаний хаядас овоолго (tailing site, хвостохранилище) дээр нарны хавтангууд байрлуулжээ. Нөхөн сэргээгээд сэргээгээд өөр үйл ажиллагаа энд явуулах аргагүй гэнэм. Уурхай нь галт уулын орой дээр байсан аж.
1965 онд Моликорп буюу Молибдениэм корпорэйшн тэр уурхайг нээж, овоолгоо 14 км-ийн зайд байршуулах болжээ. 1976 онд 11,5 сая паундын олборлол хийгээд байсан Моликорпын үйл ажиллагаа доголдон, 1977 онд Шеврон компанид нэгджээ. Ил уурхай нь 1983 онд, далд уурхай нь 1992-95 онуудад молибдений эрэлт буурснаас болж мөн хаагдсан байна.
Олборлолын явцад хүхэрт нэгдэл ихээр тарж, уулын өнгөн хөрсийг суллан буулгаж, дороос нь гарч ирсэн чулуулгийг ч идэж сорвитуулжээ. Бохирдсон, суларсан чулуулаг нурж гулсан, 60-аад онд үхэлд ч хүргэж байв. Салхи бороогоор тархах хүхрийн эрдсүүд хөрсийг их эвдэж, гол нуурт орно. Хүхэрт нэгдэл (сульфид) нь хүчилтөрөгчийн нөлөөгөөр хүчилжиж, дулаан ялгаруулахаас гадна, дэлбэрэлт үүсгэх ч магадлалтай.
Баяжуулах үйлдвэр орчмын хөрс бохирдсон, уурхайн орчим хөрсөн дорхи, гадаргын ус бохирдсон, хаягдал чулуулаг хуримтлагдсан, овоолго шорооны орчим хөрсөн дорхи ус бохирдсон, овоолго шорооны бүсээс өмнөхи хэсэг, Ред гол, голын эрэг хавь нь хөрсний бохирдолтой, овоолго шорооны халилттай, Игл-Рок нуур бохирдлын хуримтлал тунадастай зэрэг нь ноцтой байсан тул ул суурьтай нөхөн сэргээлт хийх хэрэгтэй болжээ.
Аялал жуулчлал, ялангуяа загасчлал хөгжсөн энэ газар загас олноор үхэх болжээ. Компаний ажиллагсад ч бохирдолд нэрвэгдэн хохиров хэмээн, зарга мэдүүлжээ.

Энэхүү зурагт хаягдал чулуулгийн хүчиллэг нь дорхи өнгөн чулуулаг, хатуу чулуулгийг бохирдуулж, хөрсөн дорхи ус, өнгөн чулуулгаар бохирдол дамжин голын хурдас, голыг бохирдуулж буйг үзүүлжээ

“Угаасаа эндхийн ус хүхэрлэг, эрдэслэг” хэмээн компани нөхөн сэргээлтийн ажлаа хөнгөрүүлэхийг оролджээ. Уурхай нээгдэхээс өмнөхи усны судалгааны материалууд болон уурхайгаас дээшхи усыг шинээр судалсан материалууд дээр суурилан, төрөөс нөхөн сэргээлтийн хэмжээ, төвшинг тодорхой стандартуудын дагуу тогтоож өгчээ.
Энд усыг олон цооног, хөөрөг, резин хоолойнууд бүхий ээдрээтэй дренаж системээр их гүнээс ч цуглуулж, тусгай фабрикад цэвэрлэн, гол руу нийлүүлнэ. Хөлдөх эрсдэл аюул учруулж болно гэдгийг Алексей үгүүлэв. Нью-Мексикод хаа сайгүй л цас байдаг, ордог юм билээ.
Хаягдлаа, уулаа нүүлгэж болохгүйгээс хойш, цэвэрлэгээний ажил мөнхөд ундрах юмсанж. Харин ч хөрс, чулуулгийн эвдрэлийн процесс түгшүүр төрүүлэх болжээ. Хүхэрлэг, хүчиллэгээр эвдсэнээс гадна, далд уурхайгаар төнхсөн. Чулуулаг нурж, 5000 га нүх үүсэх аюултай гэх юм. Бараг УБ шиг хэмжээний цөмрөлт үүсч болзошгүй ч гэх шиг. Сүрэл, малын ялгадас хольсон хөрс дэвсэж ургамалжуулсан ч энэ нь яахин их хэмжээний эвдрэлийг засах аж.
Орос нөхөд энд химийн талаас их анхаарсан байна, физикийн талаас нь бас илүү анхаарваас зохилтой гэж байв. Ред гол дээр очиход ус цагаавтар, өнцөг буланд нь цагаан, улаан тунадас, өнгөр багагүй байсан агаад орос эрдэмтэд ус, шаврын дээжийг шинжлэхээр авлаа.
Зарим үед бид хувийн өмчийн бүс рүү ойртчихно, нэвтэрчихнэ. Шеврон компаний том пикаптай хүдэр бадар ажилчид тоос татуулан хурдтай давхин ирж, томоотой хүмүүжилтэй байхыг сануулан, биднийг энэ хавиас яван явтал, амдан ажиглаж байснаа, минивэндээ суун хөдөлж хажуугаар нь өнгөрөхөд араас даган давхиж, зогсоход арай урд очиж зогсоод ахин амдан ажиглах зэргээр мөшгиж билээ.
Гэвч “Homeland” сериалын Сол Беренсонтой эндүүрэм дүртэй, амьд архив Пол Робинсон гуайн аргумент факт, гипотез прогнозын урсгалыг хэнбугай нь ч сааруулж эс дөнгөх бөлгөө. Алексейн хамт үзэг цаас нийлүүлэн сийрүүлж зогсоход эрхгүй тэртээ цаг, алс холын Уралд оюутан байсан өглөөний шаргал туяа санаанд зурсхийн гийнэ.
АНУ-д очсон нэг учир маань туршлага судлах. Гэвч эерэг сөрөг зүйлс зэрэг зэрэг яригдаад байх тул аль алийг нь бичиглэхээс өөр хэрхэх. Америкийн гайхамшиг гээд шагшаад байх, Америкийн империализм гээд хараагаад байхын аль нэгэнд эс автан үзсэн дуулснаа л сийрүүлсүү.
АНУ-д уул уурхайн хууль хатуу чанга болсоор ирсэн. Муж-улс холбооны хуулиас зөөлөн хууль гаргаж болохгүй, харин илүү хатуу хууль гаргаж болдог гэх. 1971 оноос өмнө Америкад экологийн асуудлыг төдийлөн ойшоодоггүй байсан бол одоо байдал эсрэгээр эргэжээ. Тухайн газар хийдэг юмаа аль эрт хийчихсэн, гүйцээчихсэн, бидэнд одоо хамаагүй гэдэг байсан компаниудаар ч, хоёр жилээс хайгуул хийсэн компаниудаар ч ягштал нөхөн сэргээлт хийлгэдэг болжээ. Гэхдээ бас хариуцах эзэн олдохгүй байх тохиол цөөнгүй.
Нью-Мексико уул уурхайн хувьд хатуу ч, Калифорнид бүр хатуу болохоор тэндхийн Шеврон компани энд заларсан юмсанж. Уул уурхайн халууралд талхчуулан хаширсан Калифорнид бол овоолго шороог хаанаас авсан, тэр газраа буцааж хийж, нөхөн сэргээ гэдэг, бүр бишидвэл авсан бүхнээ буцааж байсан газарт нь хий гэдэг юм байх.
АНУ-д нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө гарган батлуулж, нөхөн сэргээхэд хүрэлцэх урьдчилсан төлбөр буюу барьцаа мөнгөө эхэлж шилжүүлчихээд дараа нь уул уурхайн ажлаа эхлүүлдэг номтой. Энэ механизмыг Суперфонд гэх юм. Суперфонд нь угтаа CERCLA (Comprehensive Environmental Response, Compensation and Liability Act, 1980) буюу Байгаль орчны бүх талын хохирол, нөхөн төлбөр, хариуцлагын тухай хуулийг хэлж буй хэрэг юм.
Энд нөхөн сэргээлтэд компаний төлсөн мөнгийг депозит буюу, өсгөх хэлбэрээр байршуулдаг. Нөхөн сэргээлтийн явцад мөнгө илүү гарвал компанид нь буцаж өгөх юм. Нөхөн сэргээлтийн барьцааны мөнгийг 5 жил тутамд мөнгөний ханштай уялдуулан нэмж авдаг.

Уурхайд хэлмэгдэж, хүчиллэгт идэгдсэн хөөрхий уул

Энэ ажилд шаардагдах бүх зардалтай тэнцэх хэмжээний мөнгө эхэлж барьцаа болгон өгнө гэдэг зарчим анх 1977 онд АНУ-ын холбооны буюу федерацийн тогтоолоор батлагдаж байжээ. Куэстагийн нөхөн сэргээлтэд 883 сая доллар зарцуулах төлөвтэй байгаа бөгөөд, үүгээр хязгаарлагдна гэх баталгаа үгүй.
Монгол улсад компаниуд нөхөн төлбөрийн төлөвлөгөө, төлбөр байтугай, ТЭЗҮ, БОНҮ-гээ ч өгөлгүй уул уурхайгаа эхлүүлнэ гэж дайрдаг нь гэм биш зан. Америкийн хууль-эрхзүйн туршлагаас үлгэр аван хэрэгжүүлмээр зүйл багагүй санагдав.
Нью-Мексикогийн уул уурхайн хууль тогтоомжийг ч судалмаар бодогдсон, зөвхөн Нью-Мексикогийнхыг ч биш л дээ, мэдээж. Уг нь манайхан хэдэн жилийн өмнө тус муж улсын хуулийг хүч хөрөнгө гаргаж монгол хэлээр орчуулсан юм билээ. Тэр нь ор сураггүй алга болсон аж.
АНУ-д олон нийт, уугуул ардууд, төр, компани ойлголцон, хамтран ажиллан байж нөхөн сэргээлт хийж, байгалиа хамгаалдаг байна. Манайд ийм болоосой ч гэж бодогдов.
Куэстагийн тохиолдолд Гацууртын буюу Ноён уулын алтны орд болон, Оюутолгой, зэс, молибдений бусад уурхайтай ижил төсөөтэй зүйл их бий. Хариуцлагагүй уул уурхай мөнхийн нөхөн сэргээлт, цэвэрлэгээг авчирч, мөнхөд хүн ард, байгаль орчныг хохироож, мөнхөд төр, компанид хүнд дарамт, зовлон авчирдаг юм байна шүү. Гэтэл Оюутолгойн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг уурхай хаагдахаас 10 жилийн өмнө гаргаж өгнө гэж байснаа хоёрхон хуудас юм гурилдан шидсэн байгаа юм. Хэрэв энэ байдал засал эс аван үргэлжилсээр байх ахул, Куэста байтугай асуудал тулгарч болно шүү гэж түгшүүрийн харанга дэлдмүү.


Оюутолгойд олон олон пекос шиг болох юм гэж үү?

Куэстагийн дараа бид ойролцоохи Пекосын уурхайд өглөө нь очихын тулд муж-улсын нийслэл Санта-Фе буюу Ариун Итгэл хотод хоноглох болов. 1598 онд тэва пуэбло уугуулуудын нутагт үүссэн энэ хотын бүтэн нэр Ла Вилья Реал де ла Санта Фе де Сан Франсиско де Асис буюу Ариун Асисийн Франсискогийн гэгээн итгэлийн хааны хот. Тэва нар Огха По-огэ гэдэг. Индианы соёлын бас нэг төв болсон энэ хотын нэр Италийн Ассиси хотоос гаралтай, ядуу лам нарын орден буюу хүрээг үндэслэсэн Франческогоос үүдэлтэй бөгөөд, Шварценеггер, де Вито нарын тоглосон “Ихрүүд” киноны зургийг энд авчээ. Бас л урлаг соёлын сайхан хот юм.
Маргааш өглөө нь буюу тавдахи өдөр Санта-Фегээс хөдлөхөд битүү ой хөвч, өндөр сүрлэг уул хад хүрээлэв. Хангай цөлийн зааг газар юм билээ л дээ, Нью-Мексико. Санта-Фегийн, Пекосын, Сиболагийн үндэсний ой хөвчөөр зорчиж байжээ.
Биднийг Нью-Мексикогийн Байгаль орчны яамны Уул уурхайн нөлөөллийн хэлтсийн дарга Курт Фолльбрехт, ажилтан Дэвид Мэйерсон нар угтаж, Пол гуайн “ийм ийм ноёнтнууд билээ...” гэсэн буурьтай танилцуулгын төгсгөл дэхи “битүү хууз ургуулсан нь ямаршуухан мундаг геологичид болохыг нь бэлээхэн илтгэнэ” гэсэн хошигнолд нь өртөн инээд алдсаар бидэнд Terrero Mine Project гэсэн яамныхаа танилцуулгыг тарааж, илтгэл айлтгалаа эхлүүлэв.

Терерpо уурхайн нөхөн сэргээлтийн тухай ярилцаж байна

Пекос гэдэг нь аялан жуулчлагчдыг соронзодсон үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн сайхан гол болой. Эрдэс баялгийг нь 1882 онд нээж, 1903-1907, 1926-1939 онд Америкэн Металз компани олборлол явуулж, Нью-Мексикод хамгийн өндөр цалин төлж, 600 ажилчинтайгаар ажиллаж байсан, муж-улсын хамгийн том уурхай. Уурхайчны хот Терреро 3000 хүн амтай байсан. Одоо бол эзгүйрэн, хий үзэгдэл-хот, албан бус хот гэгдэх болсон.
Хүдэр нь тугалга, цайраар баялаг, мөн алт, мөнгө, зэстэй. Өндөрт олборлол явуулж, 12 миль урт ган олсон дүүжин замаар буюу агаарын ачааны трамвайн замаар хүдрээ бутлуур тээрэм рүү зөөж байв.
Пекосын уурхайн бүсэд, уурхай, 12,3 акр буюу 217 000 ам ярд хаядас овоолго, бохирдсон хөрс, буртагтсан гадаргын болон хөрсөн дорхи ус, 5-10 акр намгархаг газар, Уиллоу горхи, Пекос голын хэсгүүд хамрагдаж байв.
Уурхайн бүсийг цэвэрлэхэд хөрс хуулах, зөөх, дэвсэх газар шорооны ажил, геосинтетик лайнераар хучих, Уиллоу горхи, намгархаг газар, голын эргийн био орчинг сэргээх, уугуул зүйлүүдээр ургамалжуулах, гадаргын болон гадарга дорхи усыг сэргээх зэрэг ажлуудыг хийжээ.
1999-2000 онд Уиллоу горхийг сэргээх, 1999-2002 онд хог бохирдол бөөгнүүлэх, 2000-2001 онд нээлттэй, хаалттай буюу гадаргын, гадаргын бус усны дренажийг байгуулах, 2001-2003 онд сувгууд байгуулах, 2002-2003 онд синтетик болон ургамлан бүрхэвч бүрдүүлэх ажлуудыг гүйцэтгэжээ.
Пекосын уурхайн ойролцоо Эль Молиногийн баяжуулах үйлдвэр буюу тээрэм байсан. Энд тээрмийн газар, 50 акр овоолго байв. Пекосод цутгадаг Аламитос горхийг их бохирдуулна, цийлгэнэ. Басхүү нөхөн сэргээлт хийн байгалийн унаган төрхөнд нь оруулсан гэх бөгөөд, ер нь Пекосын уул уурхайн нөхөн сэргээлтээр бахархдаг, цаашид энэхүү сэдвээр музей байгуулан жуулчдыг хуруулна гэж яамны ноёд үгүүлэв.

Тусгаарлах давхарга зулж байна

Пол, Гэри нар мөн илтгэл айлтгалаа хэлж, орос эрдэмтэд мэтгэлцэж, өөд уруу, хөндлөн гулд энэ хавиар хичнээн чиг явав.
Асгат уулсаас эх авсан Пекос Рио-Грандегийн зүүн том цутгал агаад, Нью-Мексикод 1000 орчим км урсаж, байгаль орчин, өвс бэлчээр, мал амьтан, тариалан ногоолон, үйлдвэр аж ахуйд нэн чухал ач холбогдолтой. Пекосын усыг хэрэглэх нь асар их, адагтаа байгалиасаа байх ёстой хэмжээнээс 100 дахин багасч очдог. Гол ус хомс болохыг ч хэлэх үү, Пекосын бохирдлыг штатынхан маш эмзэг хүлээж авдаг.
Эндхийн полиметалл хүдэр 10,6% цайр, 3,3% тугалга, 0,5% зэс агуулж, дифференциал флотацийн фабрикад өдөрт 600 тонн хүдэр боловсруулж, нэг тоннд крезоллын хүчил 0,175, шохой 0,574, калийн ксантогенат 0,161, цайрын сульфат 1,395, цианид 0,06, зэсийн сульфат 0,783, этилнатрийн ксантогенат 0, 500, хусны тос 0,151 паундыг зарцуулан хэрэглэж байжээ.
1939 онд ус бохирдолт, дутагдал, хөдөлмөрийн маргаан зөрчил, гүний ажлын хүндрэл, сорчилсон олборлолт, газар дор нуралт үүсэх аюул зэргээс болж хаагджээ.
2 200 000 тонн овоолгыг баяжуулах фабрикийн ойролцоо буюу Эль-Молинод, голын дагуу далангаар хашин байршуулсан хийгээд, тугалга, зэс, цайр, төмөр, мөнгө, цианидын бохирдол түгж байв.

Тэр үед гадаргын усанд:
-хар тугалга 0.01-ээс 4.1 ppm,
-кадми 0.001-ээс 0.022 ppm,
-төмөр 0.1-ээс 67 ppm
-манган 0.05-ээс 1.4 ppm байв. Стандартад (ЗДХ, зөвшөөрөгдөх дээд хэмжээ) бол: Pb - 0.05 ppm, Cd - 0.01ppm, Fe - 1.0 ppm, Mn - 0.005 ppm-ээс хэтрэхгүй байх ёстой.

Хөрсөнд:
-хар тугалга фон үзүүлэлт 5-30 ppm, хаядаст 2800-10000 ppm, хаядсаас гарсан урсгалд 1400 ppm,
-цайр фон үзүүлэлт 30-60 ppm, хаядаст 190-13000 ppm, хаядсаас гарсан урсгалд 350 ppm,
-зэс фон үзүүлэлт 9-20 ppm, хаядаст 150-5500 ppm, хаядсаас гарсан урсгалд 290 ppm,
-төмөр фон үзүүлэлт 13000-17000 ppm, хаядаст 44000-51000 ppm, хаядсаас гарсан урсгалд 31000 ppm болсон байлаа.

Ус зайлуулах системийг байгуулж байна

Эль-Молино эдэлбэрийн өмнөд хэсгээс хагас миль хүрэхгүй зайд 3500 оршин суугчтай Пекос суурин, дунд сургууль буй бол хойд хэсгээс нь холгүй бас оршин суугчид байдаг.
1950 онд Нью-Мексикогийн төр орд, баяжуулах фабрик зэргийг эрдэс баялгийг олборлох эрхгүйгээр өмчлөх болжээ. Олборлох эрх хэдэн компани дамжсаны дараа, Америкэн Металзын залгамжлагч Cyprus Аmax Minerals компанид шилжжээ. Төрийн мэдэлд орсноос хойш овоолго, хаягдал чулуулаг зэрэг бохир материалыг зам, талбай, үйлдвэр, албан газар, орон сууц, талбай, хашаа барихад ашиглаж байжээ. Загас үржүүлэх цогцолбор барихад ч ашиглаж, бохирдсон газар авто ралли зохион байгуулж, буудлагын сургуулилалт хийж, хүүхдүүд наадаж байж.
1991 оны хавар шар усны үер болоход овоолгоос бохирдол их хэмжээгээр тарж, Пекос голд орж, 90 000 загас хиарлаа. Жуулчид үргэн дайжиж, овоолго хаягдлаар барилгын материал бэлтгэх газрыг хаажээ. 1982 онд иймэрхүү явдал гарч байсан ч төдийлөн ойшоогоогүй бол энэ удаад экологийн түгшүүр олныг эзэмджээ.
Төр, Cyprus Аmax Minerals компани ч олон нийтийн түгшүүрийг угтан ажиллаж, 1992 оны эцсээр нөхөн сэргээлтийн талаар Захиргааны зөвшилцлийн гэрээг (AOC, Administrative Order on Consent) төр компани хоёр байгуулагджээ. АОС нь өөр газруудын нөхөн сэргээлтийн ажилд ч үлгэр үзүүлсэн жишиг гэрээ болж. Санхүүжилтийн 80%-ийг Cyprus Аmax Minerals компани, 20%-ийг улсын сангууд гаргах болсон байна.
Пол, Гэри нарын нэмж хэлснээр, баяжуулах фабрик, уурхайн хаягдал, тугалгаар бохирдсон хөрсийг бөөгнүүлэх, уулын унаган хэлбэр дүрсийг бүрдүүлэх, овоолгын усыг 6 цагийн аадар бороог тэсвэрлэх чадвартай, 100 жилийн баталгаатай сувгаар урсгах, гол том сувагт нийлэх дренаж сувгуудын хана ёроолыг 24 цагийн аадар бороог тэсвэрлэх, 10 жилийн баталгаатай болгон бэхжүүлэх, овоолгын урьд маш ноцтой төвшинд байсан хөрс эвдрэл буюу эрозийг багасгахын тулд үржил шимт 0,5 м хөрсөөр хучин эндемикээр ургамалжуулах, овоолгыг хашсан бат бэх далан босгох, Аламитос хавийн намагжлыг сэргээх, овоолгод пьезометрүүд байршуулах талаар олон төрлийн ээдрээтэй нарийн ажлууд хийгджээ.
1995 онд хөндлөн дренажид зориулж, 30 мм-ийн зузаантай лайнер хальс ёроолд нь дэвсэн тусгаарлал үүсгэж, хальсаа дарах, хамгаалах зорилгоор урсгалд саадгүй 0,5 м зузаан бөөрөнхий чулуун давхаргаар хучсан, нөхөн сэргээлтийн бүтцийг эвдэгдэхээс сэргийлсэн 10 метр өндөр хэрмийг хөрсөнд бараг бүхлээр нь шигтгэн суулгажээ. Эль-Молинод гол руу хөрсөн дорхи ус нэвтрэхээс хамгаалсан шүдэрхэг бетон барьер буюу саадыг ёроолыг нь хадан суурьд тулган нийлүүлэн барьжээ.


Эль-Молиногийн бутлуур 1900-аад онд, байгалийн нөхөн сэргээлтийн дараа


Пекосын нөхөн сэргээлтэд инноваци хандлагын өргөн хүрээг ашигласан бөгөөд, үе шаттайгаар, технологийн шинэ дэвшлийг тусган ажиллаж байсныг мэргэжилтнүүд сайшаадаг аж. Пекосын нөхөн сэргээлтийн мөн чанар нь консерваци, изоляци юм. Ташрамд, нөхөн сэргээлт гэх нэр томъёо нь орос хэлэнд рекультиваци бөгөөд, англи хэлэнд ремаркаци гэж ойлгогдлоо. Америк нөхөд яг ч тийм биш гэх агаад, тэднийхээр бол ремаркаци нь рекультиваци мелиорацийн дундхи юм уу, хаашаа юм, нэг тийм нэр томьёоны асуудал байдаг юм билээ.
Пекос хавьд пикник хийхэд, замдаа, Альбукерке дэхи Пуэбло уугуулын соёлын төвд хэлэлцүүлэг өрнүүлэв. Соёлын төвд хэлэлцэхэд эрдэмтэн Жоанна Блейк нэмж ирж оролцов. Тэрбээр уугуулуудад ураны уул уурхай сөргөөр нөлөөлснийг их судалсан хүн.
Орос нөхөд туршлагаа хуваалцаж:
-Овоолгыг далангаар илүү сайн хамгаалах хэрэгтэй.
Ус доошоо явахгүй, ургамлаар дамжин дээшээ явна гэдэг нь бүрэн найдвартай биш. 50 см-аас урт ургахгүй үндэстэй ургамал тарьсан гэдэг нь бас бүрэн найдвартай биш, мод ч ургачихсан байна, ингэхлээр 50 см-аас урт үндэстэй ургамлууд дэвсцийг цоолох , эвдэх магадлалтай.
Сувгуудын ёроол зузаарч, өгсөн баталгаанууд алдагдахад хүргэнэ.
Куэста, Пекосын нөхөн сэргээлтийн арга технологи гүйцэд төлөвшөөгүй, боловсрох шатандаа, туршилтын шатандаа байх шиг байна. Куэстад усыг цуглуулж цэвэрлэх, Пекосод усыг тусгаарлах стратеги үйлчилж, эхнийхийг химичид, удаахийг гидрогеологичид боловсруулжээ. Аль аль нь их үнэтэйгээр хэрэгжсэн байна. Оросын хувьд ийм их хөрөнгө хүч зарцуулах боломж өнөөдөр үгүй.
Бид бол химийн реагентын тусламжтайгаар хортой бодисыг саармаг нэгдэл болгох, ашигтай бодисыг ялган авч ашиглах стратегитай, үнэ өртөг ч хямд.
Янз бүрийн физик барьерийг их барьжээ. Хавтгайруулан барих биш, тодорхой тохиолдлуудад, тодорхой цэгүүдэд бариваас зохилтой. Өөр газар 50 м гүнтэй барьер барьсан ч гэж дууллаа. Харин бид тусгаарлалд эндхи шиг их ач холбогдол өгдөггүй.
Куэстад фабрик усыг сульфид, хүнд металлаас цэвэрлэж байна, гэхдээ фабрик бохирдлыг устгадаггүй, фабрик агаарыг бохирдуулдаг. Геохимийн урхи ирээдүйтэй гэж хүүрнэн, америк нөхөд өөрийг үгүүлж, эрч хүчтэй мэтгэлцэв л...


Тереррогийн нөхөн сэргээлттэй газар дээр нь танилцаж явна

Пекосод маш их хүч хөрөнгө зарж, хаа сайгүй хальс чулуулгаар хучиж тусгаарлаж, газар дор “Цагаан хэрэм” босгож, суваг шуудуугаар бүсэлсэн ч асуудал бүрэн шийдэгдээгүй байна гэж эрхгүй ойлгогдлоо. Пекосын тохиолдолд Оюутолгой зэрэг уурхайнуудтай төстэй нөхцөл байдал багагүй буй гэж мэдрэгдлээ. Өргөн хэмжээгээр өрнөж байгаа Монгол дахи хариуцлагагүй уул уурхай улс ард түмний маань аврал болох ёстой баялгуудыг маань ийм л шийдвэрлэгдэшгүй асуудлууд, хадны мангаанууд болгон хувиргаж мэдэх нь ээ.
Маш их хэл ам таталж байж, Оюутолгойн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гээчийг гаргуулсан агаад, тэр нь нүд хуурч, баялгийн жинхэнэ эздийг доромжилсон хоёрхон хуудас юм байсан гэдэг. Энэ талаар Пол гуай Монголд байхдаа хэвлэлийн хурал хийн шүүмжилж л байсан билээ. Ташрамд, нөхөн сэргээлт гэсэн үгээр гүглдэхэд дорхиноо л Пол гуайн үг яриа гараад ирдэг юм билээ. Тэгэхлээр Монголд нөхөн сэргээлтийн талаар мөн ч их яригддаг байх нь ээ?


Дашбалбар Жекпайл хоёр муугаараа ах дүүс болох учиргүй

Нарны энергиэр хэрэглээгээ хангадаг Энди Стоун гуайнд

Зургаа дахи өдөр бид Альбукерке дэхи программист Энди Стоун, сэтгүүлч Кэти Стоун нарын нарны сууцанд зочиллоо.
Энди бол 60 гаруй настай ч, насыг нь хараад тодорхойлоход бэрх гүйж харайж, инээж хөхөрсөн, хошин наргианч хүн юм. Stone Design компаний босс, iOS апп Twittelator нь сая гаруй хувь зарагдсан, анхны мэргэжил нь архитектор энэ хүн эрдэмт хүн даруугийн үлгэрийг үзүүлж, нарны байшин ба фермээ бидэнд илэн далангүй үзүүлэн баясах аж. Пол Робинсоны хөтөлбөрт 9 дэхи жилээ хамрагдаж ирсэн монголчуудын заримыг хөтөлбөрийн турш гэртээ үнэ төлбөргүй байлгаж байсан байна.
Тэрбээр уугуулуудын соёлыг судлах хүсэлдээ хөтлөгдөн Нью-Мексикод ирж суурьшсан аж. Алдарт Apple компаний ветеран тэр өдгөө чөлөөт хөдөлмөрчин маягтай. Сэргээгдэх эрчим хүчинд автагдан татагдаж, нарны архитекторч гэгдэх ч болж. Ажлын бяцхан цамхагтаа орж бүгэн программистын ертөнцдөө умбана. Түүний бүтээсэн софтвэйр Microsoft, Adobe, Quark софтвэйрүүдтэй амжилттай өрсөлддөг байна.
5 кВт-ын хүчин чадалтай фотоэлектрик систем буюу хувийн нарны ЦС-аасаа гэр орон, 3 акр ногоо жимсний тариалангийнхаа цахилгааны хэрэгцээгээ бүрэн хангаж, мөн эрчим хүч зардаг байна. Анх цахилгаан хэмнэхийн тулд шилэн ханатайгаар байшингаа барьсан бол, хожим цахилгааны илүүдлээс болж, шилэн хана дотроо тоосго өрсөн нь сонин харагдна.
35 жил ногоо жимснийхээ хэрэгцээг өөрийн аж ахуйгаас хангаж байгаа энэ саятан хүмүүн йогоор хичээллэдэг агаад нарны энергиэр Тойота Приусээ цэнэглэдэг, технологийн хувьд хэрэглээнд тохиромжтой цахилгаан машинтай болох гэж буйгаа үгүүлж, биднийг амтат зоогоор дайллаа.



Лагуна Пуэбло дахи хэлэлцүүлэг

7 дахи өдөр бид Сибола хошуун дахи, пуэбло уугуулын Лагуна сум руу хөдөллөө. Лагуна гэж испани үг бөгөөд, уугуулууд өөрсдийгөө каваик гэнэ. Сумын 7000 хүн амын 96% нь индиан. Ерөөс индиан резерваци, испани хэлт бүс рүү ороход өөр улсуудад очих шиг сэтгэгдэл төрнө. Америк, Индиан, Мексик гэсэн гурван улсад очсон шиг л санагдаж байсан.
Каваик нь керес хэлэнд багтах агаад, лагуна, акома уугуулууд хоорондоо илүү ойр садан. Лагуна нар хүний хөгжилд их анхаарснаар боловсролын төвшин нь шаггүй гэнэ. Эндхийнхний байгуулсан Лагуна Констракшн, Лагуна Индастриз гэж том компаниуд бий, офисууд нь Лагунагаас гадуур том хотуудад байдаг. Лагуна индастриз Америкийн барилгын том компаний нэг, Иракад америкийн салбарын компаниуд дундаа хол тасархай их захиалга аван ажиллаж буй.
Индианы резервациуд хагас автономитой. Бас омгийн хуультай. Тиймээс өөртөө засах засгаас нь тусгай зөвшөөрөл авч байж, Жэкпайлын уурхайг үзэх болж байгаа юм. Зөвшөөрөл хүлээх далимд Laguna Burgers-ийн гадаа хэлэлцүүлэг өрнүүлж, үүнд доктор Мэлисса Гонсалес, дэд доктор Шери ДеВоре нар нэмэгдэн оролцлоо.
Шинэ танил, Америкийн эрдэмтэн хатагтай нар Лагунагийн ургамал, гадаргын ба гадаргын бус ус, хужир, тоосонд судалгаа хийж үзэхэд уран, силикат, магнези, хүнцэл, сульфат, кали, төмөр зөвшөөрөгдөх дээд төвшнөөс (ЗДТ) ихэд хэтэрсэн хэмжээгээр илэрснийг зовнин ярив. 500-1000 дахин хэтэрсэн байх нь олонтаа гэнэ.
Байгаль нуурын ч асуудал ээлжит удаагаа хөндөгдөв. Доктор Марина Трескинагийн өчихийг сонсвоос, Оросод 100 тэрбум тонн орчим үйлдвэрлэл олборлолын хорт хаягдал байдаг, маш их бохирдолтой Закаменскийн нөхөн сэргээлт байдлыг улам муутгасан, тэндхийн Модонхөл гол Жид гол руу, Жид Байгаль нуур руу цутгадаг гэнэ. Байгаль нуурт 300 гол цутгадаг, ганц Ангар гарч урсдаг, Ангарт 4 УЦС баригдсан, харин одоо Сэлэнгэд 6 УЦС баригдах гэж байгаа бөгөөд, тэр нь Монголд баригдах гэж буй. Миний бие АНУ-д ирэхийн өмнөхөн ОХУ-ын Буриадын УИС дээр болсон “Социально-экономические риски ” дугуй ширээнд гол илтгэгчээр оролцсоны хувьд хошуу нэмэрлэх. Өөрийн бодол санааг би их төлөв цаг тухайд нь үгүүлэл нийтлэлээр илэрхийлчихдэг болохоор давхардуулаад яахав хэмээн өөрийн яриаг энэ тэмдэглэлдээ бараг оруулсангүй болохоос, Монгол дахи цөмийн нөхцөл байдал болон бусад сэдвүүдээр нөхөдтэйгээ мэдээлэл, санал солилцсоор байсан бөлгөө.



Жекпайл уурхайн хаалттай бүсэд


Чингээд Жекпайл уурхай руу хөдөллөө. Уурхайн хаалганы наана үерийн ус хаалттай бүсээс гарч, зам даван урссан ул мөр үзэгднэ. Дотогш зам маш муу. Биднийг угтсан Лагуна Пуэблогийн Байгаль орчин ба байгалийн нөөцийн газрын ажилтан Сабина Чавес, Виржил Родригес нарын пикапуудад шилжин сууцгаав.
Өндөрлөг газраас харахад энэ хавь сүрлэг сайхан. Лагунагийн хоёр болон Пол Гэри хоёр найрал илтгэлээ эхлүүлэв.
1950 онд навахо малчин, ХАМО Пэдди Мартинес уран агуулсан эрдэс олсноос хойш энэ нутагт их зовлон нүрлэжээ
Жекпайл уурхай нь Пагуате тосгоноос зүүнтээхэн, Альбукерке хотоос баруун тийш 40 миль зайд оршино. Ураны уурхай байсан 7868 акр талбай том том нүх, овоолго толгодоор дүүрсэн байлаа. Хорт бодисууд Пагуате, Мокуино голуудад орж, бусад замаар мөн түгж байв.
Anaconda Minerals компаний салбар Atlantic Richfield Company 1953-аас 1982 онд Жекпайл, Хойд, Өмнөд Пагуате гэсэн гурван карьерт ил уурхайн олборлол явуулж байлаа. Уран олборлолын салбарын хямралаас болж уурхай хаагджээ. 29 жил олборлол явуулахдаа 400 сая тонн шороо чулуулгийг ухаж гаргаж, 25 сая тонн ураны хүдрийг Санта-Фе хотыг дайрсан төмөр замаар 40 миль зайд тээвэрлэн, Bluewater Mill үйлдвэрт аваачиж байжээ.
Уран (U-234, U-235 и U-238), хүнцэл, бари, хром, кобальт, зэс, тугалга, манган, ванади, селен, цайрын бохирдол уурхайгаас их тархжээ. Ялангуяа U-238 уурхай орчмын гадаргын усанд их орж байв.

Жекпайл уурхай ажиллаж байх үеэр

“1975 онд би Анакондагийн ураны уурхайд ажиллах болсон. Өрх толгойлсон эмэгтэй би ганц охиноо өсгөх гэж зүтгэж байв. Ачааны тэрэг жолоодож, ураны өндөр агууламжтай хүдэр зөөж байлаа. Хүдрийн овоон дээр бид суун үдийн хоол иддэг байв. Аюулгүй байдлын дүрэм журам, төхөөрөмж хэрэгслийн талаар бид огт мэддэггүй байсан.
Өдгөө бид цацрагийн олон үр дагавраас болж зовж шаналж байна. Бие, сэтгэлзүйн гажиц өсөж буйг бид харж байна. Хорт хавдрын өвчлөл бидний дунд түргэн газар авч байна. Би химийн өндөр дозын эмчилгээ хийлгэсэн. Цацраг байгаа газарт их аюул буйг ойлгоход нь хүмүүст туслахыг би хичээдэг. Өөрт болон гэр бүлдээ тохиолдсон явдлыг би жишээ болгон ашигладаг” гэсэн эх Дороти Перлийн гунигт үгсийг охин Карлетта Гарсия нь Гаагад болсон олон улсын хурал дээр уншиж танилцуулжээ.

Жекпайл уурхайн орчин нөхөн сэргээлтийн дараа

Пуэбло-оф-Лагуна буюу Лагуна резерваци 1986 онд Анаконда компанитай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан. Нөхөн сэргээлт нь хаягдлыг булах, байгалийн толгодлиг хэлбэрт оруулахад оршиж, ажлыг Лагуна Констракшн компани гүйцэтгэжээ. Энэхүү нөхөн сэргээлтийг хангалтүй болсон гэж үзэх хүн олон.
Орос эрдэмтэд усны аюулгүй байдлыг илүү сайжруулахад анхаарах хэрэгтэйг онцолж байна билээ. Шинжлэхээр усны дээж ч авсан. Барагтай бол хүн ирдэггүй хаалттай бүс учир “Бидний жирийн алхам хүн төрөлхтний хувьд том алхам” хэмээн зочид хошигнож явав. Цөөрөм рүү ойртох тусам газар хөрс сарны гадаргыг санагдуулаад байсныг ч хэлэх үү. Өвс ургамал нь дэлхийн биш шиг үзэгднэ. Том том чулуу овооролдох агаад, уран агуулсан эрдэс эдгээрт үзэгдэж буйг геологич нөхөд заан харуулж байв. Бас булчихгүй ч яасан юм. Ямар ч амьтан, ялаа шавж ч байх шинж алга. Цөөрмийн дэргэд шүү дээ.
Америк нөхдийн нэг нь, энд төрөл бүрийн л амьтан байдаг гэв. Машинууд руугаа буцаж очиход Марина энэ хавийн ганц амьтан Мөнхбаярын хацар дээр байна гэж тоглоом хийв. Шумуул санж, миний болгоомжгүй хөдөлгөөнөөс болж амь насаа алдан, сав шимийн бүлхэмдэл улам эвдэгдэв.
Энд заримдаа ямар нэг айлын гадна цацраг, радон илэрч, даруй зочид буудал руу суугчдыг нүүлгэн шилжүүлж, байшинг нь нурааж, байсан газрын хөрсийг нь хусч зөөвөрлөн юу ч үлдэх зүйлгүй болгож, шинэ хөрс авчран дэвсэж, шинэ байшин барьж өгөх ажлыг Байгаль орчны хамгаалалтын агентлаг буюу Environmental Protect Agency (EPA)-гийн хөрөнгөөр хийдэг аж. Нэгэн уран дарханд тийм зүйл тохиолдсон агаад, бүтээлийг нь сонирхох далимд тэр талаар нь яриулахаар явцгаав.

Пагуате тосгонд


Пагуате тосгонд 2000 оны тооллогоор 492 оршин суугч байсан агаад, мөн 1500 орчим малтай гэж танилцуулгад дурддаг аж. Гэтэл энд дархан маань ч олдсонгүй, хүн амьтан ч таарсангүй. Тоос боссон, хог ургамалдаа дарагдсан, хашаа байшингууд нь элэгдэж нурсан эзгүй тосгон их л гунигт сэтгэгдэл төрүүллээ. Зочдын нэг маань “Энэ мөн сайхан Америк аа?” гэж өөрийн эрхгүй дуу алдав. Нийслэлийг маань хүчтэй санагдуулсныг ч нуух юун. Ойролцоо нь бас Бибо, Себоята тосгод байдгийг Сабина Чавес Жекпайлын гол өндөрлөг дээр байхад зааж харуулж байсан. Тэдгээр тосгодод ч бас ямар ч юм билээ.
Гайхамшигт сайхан харагдах толгодын дор аюулт хаягдлууд буй юмсанжээ. 3 метр шороон дор булагдсан аюул үхэхгүй мөхөхгүй, булшин дороосоо амилан босч ирж, хүн ардтай тэмцэлдэн ялж байна.
Аюул ослыг үл хэлэн ард олныг хохироосон ийм хэрэг Дорнодын Дашбалбар суманд тохиож байсан. Улааны полиметаллын орд дээр хятадын Шиншин компани зохих зөвшөөрөл, технологигүйгээр 3 жилийн турш нууцаар уран олборлож, 1000 ажилчин, нутгийн хүн зон, мал амьтан, өвс ургамал, байгаль орчныг ноцтой хордуулсан. Төрийн 4 байгууллага хамтын шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоосон атал, УИХ-ын гишүүн зэрэг эрх мэдэлтнүүд дайрч муйхарлаад л нээн ажиллуулж байсан. Америкийн тохиолдлуудаас ялгаатай нь манай нийгэмд маш аюултай осолтой явдлуудыг Монголын их амар амгалан хэмээн дэндүү тайван наазгай хүлээж авч, муу биш, харин ч сайн сайхан бүтээн байгуулалт болчихсон гэх бохир ухуулгад хэтэрхий их итгэн баясдаг даа.


Жекпайл уурхайн өндөрлөг цэгт. Орчны ерөнхий байдал харагдаж байна 


Баянжаргаланд ч, Чёрчрокод ч нууц гамшиг тохиолджээ

Нью-Мексикод ирсэн 8 дахи өдрийн өглөө 2011 оноос ураны аюулын эсрэг мөр зэрэгцэн тэмцэж ирсэн “Голомт” ЦЭХ-ий нөхөд цөмийн хөнөөлийн эсрэг үйл ажиллагаанд маань халуун сэтгэлийн тусламж үзүүлэх болсон баярт мэдээ ирэв. Мөн үзэл бодол нэгт эрхэм дүү Дээг Далантай аялалд маань сайныг ерөөн тус үзүүлэн үдсэн сэн. МБОИЗ-ийн ГЗ Б.Эрдэнэ бараг л намайг хүчээр шахуу АНУ руу явуулсан бол МБОИЗ-ийн тэргүүн С.Дамдинсүрэн гуай надад өөрийн явах орон тоо, зардлаа найр тавин өгсөн байдаг. Энэ нөхдийнхөө халуун сэтгэл, эерэг эрч хүчинд баясан “Блю” буудлын баруунтаахи цэцэрлэгт, модны дунд орон, гараа алдлан “баярлалаа!!!” хэмээн хашхирч орхисон минь үнэнтэй.
Ингээд сэтгэл хангалуунаар Сибола каунти буюу хошууг зорин давхилаа. Сибола нь анх алт олборлогдсоноос эхлээд маш их уул уурхайжсан газар. Төв нь Канадын алт олборлогч ахан дүү Грантсын нэрийг зүүсэн, 9000 хүнтэй хот буй. Уул уурхайн буум үед Грантс хөгжин цэцэглэж байсан бол нэгэн үе эзгүйрч хий үзэгдэл-хот ч гэгдэж байв.
Энэ хавь нь пуэбло буюу керес гэх садан төрөл уугуул омгуудын нутаг. Пуэбло нь испаниар ард түмэн гэсэн үг. Одоо пуэбло нар 32 мянга орчим. Анасази, Могольон, Патая нарын хойчуудын нэг. Анасази нар хад ухаж тосгон барьдгаараа алдартай, хосгүй соёлыг бүтээсэн түмэн. Пуэблочууд таос, лагуна, акома, зуни, хопи, шошон, тано зэрэг хэлүүдээр ярина, гэхдээ англиар ярих нь арвин болсон. Пуэбло нарыг ацтекчуудтай ойр гэдэг.
Арван есөн пуэбло буй гэх бөгөөд, энд байх хугацаанд Таос Пуэбло, Лагуна Пуэбло, Акома Пуэблогийн нутагт нэлээн саатаж, Сандиа Пуэбло, Санта Ана Пуэбло, Сан Фелипе Пуэбло, Кэва Пуэбло, Тесукве Пуэбло, Похоакве Пуэбло, Санта Клара Пуэбло, Окай Оуинге Пуэбло, Зуни Пуэбло нарын нутгаар дайрч өнгөрсөн байдаг. Арван хоёр Пуэблод нь очсон маягтай.


Акома нутагт уулзсан цөмийн эсрэг үзэлтнүүдийн нэг хэсэг

Акомагийн нутагт, Кива ресторанд ураны эсрэг үзэлтнүүдийн майдан хийцгээв. Акомагийн алдарт анти-ньюк тэмцэгч Петуучи Жилберт, Лагунагийн тэмцэгч Лора Ватчемпино, “Индепендент” сонины сэтгүүлч Кэти Хэлмс, Кайла Ниммо нар бидэн дээр нэмэгдсэн хэрэг.
Бидний байгаа Акома буюу уугуулуудын нэрлэдгээр Аку индианы сум нь Альбукерке хотоос баруун тийш 97 км-т оршно. Газар нутаг нь 2 сая га бөгөөд жинхэнэ нутгийнх нь 10% гэнэ. Акома резервацид 5000 акома амьдардаг, 800 жил энд оршин суугаа гэдэг, өөрсдөө бол 2-10 мянган жил сууж байгаа ч гэдэг. Мөн өөрсдийгөө Анасази, Могольон нарын удам гэдэг. Лагуна нартай их ойролцоо, керес хэлний салбар акома хэлээр хэлэлцдэг. 1980-аад онд аку хэлээр 1696 хүн ярьж байсан бол 90-ээд онд лагуна хэлээр 1695 хүн ярьж байжээ.
Акома нар ирж, нутгийн индиануудтай зөрчилдсөн тул хадан дээр хот барьж суусан аж. Акома Скай Сити гэх тус хотод бид хоёр хоногийн дараа очсон. Ташрамд Америкад хот, суурин, тосгон бүгдийг нь хот гэчих гээд байдаг. Скай Ситид оршин суугчид нь өвөг дээдсийн ёсоор амьдрахыг хичээж, цахилгаан, ус дулааны сүлжээнээс татгалзсан байдаг.


Нью-Мексико мужийн бохирдлын байдлыг MASE байгууллагын нугалбарт үзүүлсэн нь

Нэн идэвхтэй, ажил хэрэгч ноён Жилберт МАСЭ (MASE, The Multiicultral Alliance for a Safe Environment) гэх нэр нөлөөтэй индианы ТББ-ын тэргүүн. “Ус, Агаар, Газар, Ариун Шүтлэгийнхээ төлөө” гэх уриатай эл байгууллага нь:
-Чёрчрок, Кроупоинтод situ leach mining буюу уусган баяжуулах уул уурхай нээхийг хорих,
-Хоумстэйк/Бэррик Гоулдын ураны уурхайн цацраг идэвхит овоолго хаядсын радоны сөрөг нөлөөг багасгах,
-RECA (Radiation Exposure Compensation Act) буюу Радиацийн хохирлыг барагдуулах хуулийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх,
-Зүүн Хойд Чёрчрокийн уурхайн нөхөн сэргээлтийг сайжруулах,
-Хүний эрүүл мэндийг нөхөн сэргээх,
-Ариун гэгээн Тэйлор ууланд Рока Хондагийн, Ла Хара Месагийн ураны төслийг хэрэгжүүлэхийг таслан зогсоох зэрэг асуудлаар судлан шаардан ажилладаг байна.
Лора Ватчемпино судлаач пермийн үеэс, 250-300 сая жил амгалан тайван байсан нутгийн хөрс шороог онгичиж, ус ховор газар улам ч усгүй хуурай болгон балаг тарьж байгаа ураны уул уурхайн явдлыг баримт нотолгоотой ярьлаа.
Доктор А.М.Плюснин Байгаль хавь дахи бохирдол ихтэй газруудын талаар ярилаа. Хиагдагийн 47 мянган тонн нөөцтэй ураны ордыг түшиглэн, ОАО “Хиагда” ажиллаж байгаа бөгөөд, 2019 оноос жилд 2800 тонн уран үйлдвэрлэнэ. Энд бохирдол их.
Краснокаменскад овоолго хаядас, уран олборлогч ОАО “ППГХО”, алт олборлолын хаядас, ТЭЦ зэргээс их хэмжээний бохирдол ирдэг. Краснокаменск руу “ППГХО” машин, вагоноор натрийн полиуранат зөөвөрлөдөг. “ППГХО” буюу Аргуны уурхай-химийн үйлдвэрлэлийн нэгдэл нь 224 мянган тонны нөөцтэй Стрельцовын ураны талбайг түшиглэн Оросын уран олборлолын 93 хувийг гүйцэтгэж, Оросын хэрэглээний 1/3-ийг хангадаг. Буриад, Байгаль хавьд Оросын ураны олборлол-үйлдвэрлэлийн төвлөрөл оршиж байна.
Модонхөл голын орчим хөрсөн дорхи усыг фтор, нитрат, сульфат, хүнд металлын бохирдлоос цэвэрлэх шаардлагатай. Бас овоолгоос гардаг, эрдэсжсэн усыг цэвэрлэх шаардлагатай. Бохирдсон усыг дрендэж, тунгаах цөөрмүүдэд цэвэрлэх, тунгаан шүүж цэвэрлэх байгууламж барих, саармагжуулах реагент болгон шохойн чулууг ашиглах зэрэг арга замуудыг ашиглан эрчимтэй арга хэмжээ авахгүй бол тун аюултай гэхчилэн ярихыг сонсоод, манайд уул уурхайн нөхөн сэргээлтээр ус цэвэрлэлээ гэж ер дуулдахгүй юм, болж л байдаг юм байх даа гэж бодож суув.
Доктор О.Смирнова бурхан болооч нөхрийн хамт Закаменскийн бохирдлын талаар тодорхой судалж, анх шинжлэх ухааны эргэлтэд дорвитойхон оруулсан хүн юм. Закаменск, Краснокаменск, Хиагда, Бунгорхон зэрэг айхавтар их бохирдсон дөрвөн газар Байгаль хавьд байдаг гэж тэр яриагаа эхлэв.
Закаменск хавь тугалга, цайр, фтор, молибден, зэс, сурьма, арсени буюу хүнцлээр бохирдсон. Ардуудын тариалсан ногоог шинжлэхэд төмсөнд зэс зөвшөөрөгдөх хэмжээнээс 80 дахин, зэс 20 дахин, цайр 10 дахин, манжинд молибден 120 дахин их байгаа дундаж гарчээ. Шинэ хорт эрдэс ихээр үүсч байгаа нь 5% фтор, 10% алимны исэл, 35% цахиур агуулсан аж. 2011 оноос Закаменскийн бохирдлыг багасгах ажил эхэлсэн агаад 3,2 сая тонн хаядас зөөж зайлуулжээ.
Жидагийн вольфрам, молибдений комбинат бохирдол их үүсгэдэг. Кяхтинка голын цэвэрлэх байгууламж эвдэрч ашиглалтаас гарснаас болж, бас их бохирдол тарж, эл голоор дамжин Монголын нутагт орж, Сэлэнгэд цутгаж байгаа аж.
Бид бүхний яриаг сэтгүүлч Кэти Хелмс хичээнгүйлэн буулгана. Тэрбээр уран, экологийг нэгэн гол сэдвээ болгосон сэтгүүлч билээ. Тэрбээр аян замд Хоумстэйк уурхайн орчмын Дилла отгийнхны тухай ярив. Дилла отогт 110 гэр бүл багтна. EPA-гийн лимитээс 5,5 дахин давсан радон диллачуудын хувьд хорт хавдрын төвшинг 18 дахин өсгөжээ. Дилла отгийн Памела Шрайнер гэдэг 57 настай эмэгтэй хорт хавдраар 3 удаа өвчилсөн, одоо хорт хавдрын 3 дахи шатанд байгаа. Цацрагийн хороос болж, аав ээж ах дүү нь бүгд нас барж, өөрөө дүүгийн хамт л амьд үлджээ. Хоумстэйк уурхайн эргэн тойронд ойр байсан хүмүүсээс амьд үлдсэн нь цөөн.




Хоумстейк, Эймброзиэгийн орчмын цацраг идэвхит хаядсын аварга овоолго

Милан хотын орчимхи Хоумстейк компаний уурхайн орчинд усыг урвуу осмосын аргаар цэвэрлэх түвэгтэй нарийн бөгөөд үнэ өртөг ихтэй процесс явагдаж байна. ЕРА ойролцоо орших Керри Макжи компаний ураны уурхайн нөлөөлөлд орсон, Сибола, Маккинли хошууг дамнан орших Эймброзиэ нуурыг цэвэрлэхэд 985 сая долларыг төлөвлөжээ. Ураны бохирдол гэхэд л энэ хавьд ЗДХ-ээс (зөвшөөрөгдөх дээд хэмжээ) 6 дахин их.
50 амыг 2020 он хүртэл цэвэрлэнэ. Бохирдлыг төвлөрүүлэхэд цеолит ашиглаж байгаа бөгөөд зарим хүн цеолитээр энд цэвэрлэж байгаа нь муурын туалеттэй адил хэмээн дурамжхан байдаг байна.
Уранаас гадна, селен, давсаар бохирдсон усыг помпоор соруулж хуримтлуулна. Ууршуулах аргыг бас цэвэршүүлэх ажилд хэрэглэх бөгөөд үүнд оргилуур буюу фонтаныг ашиглана. 8 ам км талбайг нөхөн сэргээхийн 3 ам км-ийг нь амжуулаад байгаа гэвч, цэвэрлэх явцад шинэ бохирдол үүсч тархаад болохгүй байгаа гэх. Агаарт химийн бодис тарж байна, элсэн манхан байснаа ногоон болсон гэх газар торий үлдсэн агаад тэр нь хөдөлгөөн муутай тул аюулгүй гэдэг байна. Бидний хашааных нь дэргэд зогсч буй газрын нөхөн сэргээлтэд 300 сая доллар зарцуулаад байгаа аж. 30 мянган литр усыг минутад цэвэрлэх хүчирхэг фабрик ажиллаж байгаа ч, нэг бохирдлыг цэвэрлэвч, нөгөөг үүсгэн ахиад цэвэрлэх битүү тойрог үүсч, хэзээ ч бүтэхгүй ажилтай болсон гэх. Сүүлдээ ч бүгдийг нь булж, салдаг юм уу гэсэн хувилбар яригдах болжээ.
Уусган баяжуулах арга хоргүй гэдэг атал байдал ийм л болж. 100 орчим сая тонн ураны нөөцийг хайж тогтоосон агаад 8 саяыг олборлоод атал байгаль орчин ноцтой бохирдсон тул одоо зөвхөн нөхөн сэргээх ажил энд явагдаж байна. Давс зэрэг бодисыг ялгаж авч ашиглах хувилбар яригдсан ч, бас л их бохирдол үүсэх төлөв мэдэгдсэн тул түдгэлзжээ.


Маунт Тэйлор Майнингийн үүдэнд

Маунт Тэйлор Майнинг хэмээх хаягдсан ураны уурхайд (ХУУ) бид очив. 1980 оноос үйл ажиллагаа явуулаагүй аж. Энд цацраг идэвхит хаядас их бий. Бид түр зогссон гээд нөхөн сэргээлт хийдэггүй байна. Бас хувийн өмч тул нэвтэрч, ойртож болохгүй гээд хяналт тавиулахгүй. ХУУ буюу AUM (Abandoned Uranium Mines) нь Америкийн толгойн өвчин болоод байгаа. Нөхөн сэргээлтийг хариуцах эзэн олдохгүй бол ЕРА хийдэг болно.
Уурхайн газрыг худалдаж авчихаад, манайх ажиллаж байгаа, түр зогссон, зах зээлийн байдлыг харж байгаад дахиад ажиллуулна гээд нөхөн сэргээлт хийдэггүй компаниуд ч байдаг аж. Нэгэнт газар нь өөрсдийнх нь өмч тул ингээд аргацаагаад байхад хэн ч бараг хэл ам татлахгүй юм байх. Өөрийнхөө газар дээр яасан ч дур юм уу даа. Ураны зах зээлийн нөхцөл байдал хүндэрсэн тул үнэхээр түр, бүр зогссон уурхай ч цөөнгүй.
Тэйлорын уурхайн асуудал болон овоорсон хаядас овоолго танд Монголын ямар жишээг санагдуулж байна гэж сэтгүүлч Кайла асуув. Тэйлор Мардайн жишээг эрхгүй санагдуулав. Гэхдээ ялгаа их бий. Зөвлөлт нөхдийн гээгээд явсан эл газар ямар ч анхааруулга сануулга, хаалт хориг байхгүй, ёстой л хаалга задгай эндхийн хаанаас нь ч орж болно. Овоолго дээр цацраг 10 микрозиверт/цаг, айлд 0,41 микрозиверт/цаг хэмжигдэж байсан. Дорнодод хорт хавдрын төвшин улсын дунджаас 4 дахин их бөгөөтөл, төрөөс амны уншлага болсон, хамуу, БЗХӨ-өө онош гэж тоочдог. Мардайд цацрагт бодис хадгалж байсан, радиацийн аюултай гэх символ, орос хэлээрхи бичигтэй агуулахын барилгын материалаар айл пин барьчихсан байдаг.
Зөв явбал зөөлөн зөөлөн хорвоо гэдэг. Буруу явбал уул уурхай гэдэг мөн ч хатуу хорвоо юмсанжээ.
Сэтгүүлч К.Хелмс, К. Ниммо нарт би “Нийтлэл бичихэд жаахан давслахгүй бол амтгүй байдаг юм. Осмос гэдгийг космос гэж бичихгүй бол хүн уншихгүй. Мөн Буриадаас ирсэн зочид Нью-Мексиког аврах гэж байна ч гэдэг юм уу, дэлхийг аврах гэж байна гэсэн гарчиг өгөөрэй” гэж хошигнон инээдэм тарьж явав. Хэд хоногийн дараа “Ураны өв: Олон улсын солилцооны бүлэг цэвэр байгаль дэлхийн төлөө ажиллаж байна” гэсэн нийтлэл тус сонинд нийтлэгдсэн билээ.


“Индепендент” сонинд нийтлэгдсэн сурвалжлага



Хоумстэйкийн уурхайд очсоны дараа бид Гэллап хотын Super 8 буудалд буулаа. “Бид ч бас Супер 8 юм. Гэри, Марина хоёр одоохондоо алга” гэж наргицгаав. Хошин нөхөрсөг уур амьсгал бидний салшгүй дагуул байв. Ногоонтны хартид ч тийм бай гэдэг. Энэ өдөр цунами, хуй болно гэх яриа түгсэн, орой хүчтэй салхитай ч байв. Би “На улице Торнадо/На уме Коронадо” гэж шүлэглэн нөхдийг инээлгэх жишээний. Дэлгүүр хоршоо орох боломж ер олдохгүй өдөр хоногууд өнгөрч, гэрийн даалгавруудыг биелүүлэхэд зарим нэг хэмжээгээр санаа зовцгоож байсан хэрэг л дээ. Коронадо гэж Альбукеркегийн гол худалдааны төв юм.
Гэллап нь навахо хэлээр Нанижоожи, 21,6 мянган хүн амтай. 1881 онд ТЗ-ын зангилаа болж үүссэн, Атлантик-Пасификийн ТЗ-ын бүтээн байгуулалтын зүтгэлтэн Дэвид Гэллапын нэрийг зүүсэн, үнэхээр ч ачааны болон зорчигчийн хоёр давхар вагон цувсан, чимээ нь сүртэй түжигнэсэн газар юм билээ. Индиан нутгийн зүрх, Дэлхийн индианы нийслэл гэгдсэн, уугуулуудын соёлын чухал төв. Гэмт хэргийн төвшин нь 2012 онд АНУ-ын дунджаас 5 дахин их болж байсан, Нью-Мексиктээ бол тэргүүлдэг, Альбукеркегээс 2 дахин их гэмт хэрэг гардаг. Гэллапад олон киноны зураг авалт болж, Жон Уэйн, Роналд Рейган, Хёмфри Богарт, Кэтрин Хепбёрн, Кирк Дуглас, Грегори Пек, Бёрт ланкастер нар үзүүлж өгч байсан гэнэ.


Breaking Bad сериалын зургийг авсан Twisters зоогийн газарт

Альбукерке ч 90-ээд онд АНУ-даа гэмт хэргээр тэргүүлж байсан агаад, Breaking Bad сериалын зургийг энд санаандгүй аваагүй. Миний бие нэгэн шөнө зочид буудлын нийтийн тагтаар явж байтал дэргэдхи цэцэрлэгийн хажууд 5 удаа буу тасхийж, тэр дороо нэг бараан машин хурдлан одсон билээ. Доош буухад секьюрити, ресепшн сандарсан, дээш буцахад манай өрөө рүү утасдсан, хүмүүс хэн нэгнийг хайж гүйлдсэн байсан. Маргааш нь энэ тухай өчвөөс Наталья манай энд энгийн үзэгдэл хэмээж, нөхөд “Мөнхбаярыг буудсан” гэж намайг цаашлуулж гарсан билээ л.
Навахо руу хөдлөхийн өмнө цөмийн эсрэг активист буюу идэвхтэн Тедди Нез бидэнтэй уулзан хэлэлцүүлэг өрнүүлэв. Навахо хүний бүтэн нэр овогт ээж аав, эмээ өвөө, нутаг усны нэр багтдаг агаад, тэр уламжлалаар бол Цэдээшогижнии То ахээдлнии Накаии динэ э Кин-яаа-ааний Тодичи ии нии Биих битооднии юм. Тэрбээр Вьетнамын дайны үед цэрэгт татагдан, ногоон малгайтан десантчин болж тулалдсан агаад, шархдаж эрүүл мэндээр хохирон,” хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан” гэх үнэлгээтэйгээр эх орондоо эгэн иржээ. Гэтэл цөмийн хордлогод өртөн улам сүйрсэн байна. Тэрбээр насан турш өвдөж шаналж, зовиураас зовиурын хооронд аргацаан хоног өдрийг өнгөрүүлэн туулж иржээ. Одоо зочид буудалд суудаг.
“B52 онгоцоор бөмбөгдсөн вьетнам нутгаас ирсэн би B52 онгоцоор бөмбөгдсөн мэт навахо нутгаа хайрлан шимширч, эргэлт буцалтгүй цөмийн эсрэг тэмцэгч болсон доо” гэж тэрбээр сүүрс алдан өгүүлнэ. Хөрс, ус, тариалан, ургамал, агаар, ариун газар, соёлын үнэ цэнэ, мал сүргээ цөмийн хөнөөлөөс хамгаалах, хүний эрүүл мэнд, байгаль орчны эрүүл мэндийг аль алийг нь ураны уршгаас өмгөөлөх үйлсэд тэрбээр амьдралаа зориулжээ. Индианчууд нь байгаль орчинтойгоо шүтэлцэн барилдаж амьдардаг, байгалиа эрхэмлэн дээдэлдэг нь монголчуудын уламжлалтай ойролцоо. Монголчууд Эцэг Тэнгэр, Эх Дэлхий гэдэг бол индианчууд Эх Тэнгэр, Эх Дэлхий гэдэг. Эхийн эрхт ёс буюу матернализмын нөлөө байдагтай холбоотой юм болов уу. Я-атэ гэж мэндлэх нь хорвоотой хамт гэсэн утгатай гэнэ.


Тэмцэгч Тедди Незийн хамт Гэллап хотноо

Навахо омгийн удирдлага 2015 онд Навахо Нэйшн, Навахо Үндэстэн буюу резерваци, аймгийнхаа нутагт ураны хайгуул, олборлол, үйлдвэрлэлийг хориглосон. Гэвч ураны компаниуд тэрхүү хоригийг цуцлуулна, тэр бүү хэл ариун шүтээн газруудад уул уурхай эрхлэнэ хэмээн дайрч байна. Динегийн Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах хууль буюу Нахасзаан доо Ядилхил Биц-аадээ Бээхаз-аании Дине-г энэ нь үл хүндлэн хөсөрдүүлж буй явдал. Дине гэдэг нь навахочуудын унаган нэр бөгөөд, шилжүүлэн суурьшуулагдсаныгаа наабийхоо буюу навахо гэдэг байна. Бүх динег резервацид шилжүүлэн суурьшуулсан даа.
Навахогийн 6 ариун уул байдаг нь Цоозил, Сиснажини, Доок-о-оослиид, Дибэ Ницаа, Зил На-оодилии, Зил Ч-оол-и-и. Цоозил гэж Тэйлорыг хэлж байна. Тэйлор уул нь навахо, акома, лагуна, зуни, хопи нарын хувьд ариун шүтээн агаад, уламжлалт шүтлэгт нь хүн анх үүссэн уул гэдэг. Ерөнхийлөгч Закари Тейлорын нэрээр нэрлэгдсэн эл уулыг навахо нар Цоозил буюу Оюу уул гэх бөгөөд, энд Хар Бурхан, Оюу хүү, Оюу охин шүтээн буй гэдэг. 3 сая жилийн өмнө идэвхтэй байсан галт уул юм. Бид Тэйлор уулын гэх уурхайд очиж байсан.
Тэдди Нэз Улаан усны замын цөөрмийн отгийн гишүүн юм. Red Water Road Pond Community Association (RWRPCA) нэрийн дор цөмийн эсрэг дайчин тууштай тэмцдэг, MASE-гийн гишүүн бүлхэм болж явдаг отгийнхон.
Нез гуай төрөл бүрийн арга хэлбэрээр тэмцдэг, идэвх санаачлагатай нэгэн. Нэгэн удаа хувцас дотроо жижиг гэрлүүд зүүгээд хуралд очжээ. Чингээд төрийн төлөөлөгчид асуудлаа ярих зуур гэрлээ сэм асааж, гайхан ангайсан хүмүүст хандан би радиацид их өртөөд гэрэлтдэг болоод байна гэж наргисан гэнэ.
Миний бие аливаа уулзалтын төгсгөлд зарим хэмжээгээр улс төрийн ч гэмээр өнгө аястай, нэгтгэн дүгнэсэн бас характертай, тэмцэл хөдөлгөөнд уриалан дуудсан чанартай үг хэлж орхино. Монгол индиан хүмүүсийн бэлгэзүйг оруулж байгаад л үг хэлж, эцэст нь я-атэ хэмээн хэлж гар барьвал Нез гуай бид салахдаа хэ хэ гэдэг ээ гэв.


Пуэрко голын усыг ашиглаж болохгүй гэсэн анхааруулга

Юнайтед нуклиэр корпорэшн олборлол явуулж байсан, одоо Женерал Электрикийн мэдэлд очсон Чёрчрокийн уурхайд очицгоолоо. Энд усыг цуглуулж цэвэрлэсэн байна. Гадаадад ус цэвэрлэхийг нөхөн сэргээлтийн гол зүйл гэж чухалчлах юм. Манайд болохоор ус цэвэрлэлээ гэж дуулддаггүй нь сонин. Тэр гол, энэ нуур янз бүрийн өнгө үнэртэйгээр урслаа, яанаа ийнээ гэж фейсбүкэд зургийг нь тавиад л бүх асуудал гүйцээ.
Чёрчрокийн хаядсыг 2 фут хөрсөөр хучсан. Гэхдээ үл нэвтрүүлэх давхаргаар хөрс болон хаядсыг тусгаарлаагүй. Ус хураар бохирдол тардаг. Бүх хаядас овоолгыг өөр тийш нь зөөж зайлуул гэсэн шаардлага тавигддаг ч хүлээж авах газар олддоггүй. Урсгал ус ч энд буй.
Газар сайгүй л ийм цөмийн асар их хаягдлууд тохиолдох аж. Сүүлд нь цэвэрлэх үйлчлэх зардал гардаг тул уран олборлох нь улам бүр эдийн засгийн үр ашиггүй болж байгаа аж. Цэвэрлэх үйлчлэх шаардлагагүй, зохих хууль тогтоомж, эко стандарт хэрэгждэггүй газар л олборлогчдод үр ашигтай байх аж. Сая сая тонн цөмөөр бохирдсон хаядас өмнө маань байх.
Байсгээд л энд цацрагийн түгшүүр зарлагдаж айлуудыг нүүлгэн, зочид буудалд эздийг байрлуулж, орчныг сайтар цэвэрлэх хэрэг гарна. Аюултай хаядсан толгодын дунд үхлийн цөөрөм үүснэ.

Чёрчрокийн хаядсын далангийн сэтрэл

Энд 1967-1982 онд өдөрт 4000 тонн, нийтдээ 3,5 сая тонн хаядас гаргасан олборлол, баяжуулалт явагджээ. Хаядсыг барилгын ажилд ашиглаж байв. 1977 онд хаядас овоолгын даланд ан цав илэрч, сэтрэл үүсч магадгүй гэж сэрэмжлүүлж байсан ч, зохих арга хэмжээг аваагүй байна. 1979.7.6-нд борооноос болж, далан 20 футын өргөнтэйгээр сэтрэн, Churchrock Uranium Mill Spill гэх гамшиг тохион, 1100 тонн хатуу цацраг идэвхит хаягдал, 94 сая галлон цацраг идэвхит, хүчиллэг бохир ус тархаж, Пуэрко голд оржээ. 80 миль буюу 130 км-ын зайтай Навахо Нэйшний нутаг, Аризона дахь Навахо хошуу, 17 милийн зайтайхи Гэллап хот руу хүрчээ.
Энэ осол, үүдэх хордлогын талаар навахо нарт шуурхай мэдээлээгүй. Хам хум англиар мэдээлснийг англи хэл эс мэдэгч, тархай бутархай суугч навахо нар төдийлөн ойлгоогүй, ойлгуулъя ч гэж хичээгээгүй. Харин ч хаа холын, зүүн хойд хязгаарын Пеннсильвания мужийн Три Майл Айлендын ослоос болж өөрчлөлт гарсан гэж ойлгуулахыг оролдож ч байжээ.
1979.3.28-нд Three Mile Island Accident гэх АЦС-ын томоохон осол гарасан билээ. Чернобылээс өмнө хамгийн томд орж байсан энэ ослоос болж реактор ихээхэн гэмтэж, цөмийн түлш хайлж, цацрагтай хий, ус тархжээ. Гэвч аюул осолгүй хэмээн суртал ухуулга явуулж, АНУ-ын ерөнхийлөгч Ж.Картер 4-р сарын 1-нд өөрийн биеэр ирж, байдал хэвийн хэмээн сурталчилж байжээ. Чёрчрокод удалгүй осол гарсан нь хүйтэн дайны өрсөлдөөн сөргөлдөөний ээдрээтэй үед АНУ-ын ЗГ-ыг маш эвгүй байдалд оруулсан нь мэдээж.
Чёрчрокийн осол нь Три Майлынхаас их хор хөнөөлтэй байсан ч төрөөс аль болох нуун далдлахыг оролдож. 1983 онд ЕРА-гээс 525 мянган $ бохирдол цэвэрлэхэд гаргах хэрэгтэй гэж үзжээ.

Айлуудын гаднахи бохирдсон хөрсийг хуулан зөөж байна

Ундны усанд цацраг идэвхи ЗДХ-ээс 7000 дахин их хэмжигдэж байв. Хүмүүс Пуэрко голын усыг амьдрал ахуйдаа, бүр хоол ундандаа өргөн хэрэглэсээр. Гар хөлийн арьс түлэгдэхэд эмнэлэгт хурц нарны нөлөө гэж байв. Мал олноор үхэв. 1700 хүний цэвэр ус ашиглах боломж нь алдагджээ. Хэлмэгдсэн районд өдөрт 30 000 галллон ус хэрэгтэй байхад, Юнайтед нуклиэр корпорэшн 600 галлоныг авчирч байв. 1981 онд төрөөс цэвэр ус зөөвөрлөн аваачих ажлыг зогсоожээ.
4970 ам метр радийтай хөрсийг хусч зайлуулж, усыг цэвэрлэжээ. Хожим АНУ-ын Конгресс Навахо Нэйшний хөрсийг цэвэрлэх 5 жилийн төлөвлөгөөг баталсан байна. Хүний эрүүл мэндийн талаар харин хангалттай зүйл хийгээгүй сэнж.
Бид бүхэнтэй хэдийнээ танилцсан доктор Жонни Льюис Чёрчрокийн орчмынхны болон ер нь навахо нарын эрүүл мэндийг 10 гаруй жил ажиглан судалсан хүн. Өмнө нь бага судлагдсан байжээ. Түүний судалгаанаас үзвэл, навахо нар уушигны өвчнөөр өвчлөх нь бага эрүүл чийрэг хүмүүс байсан ч, уушигны өвчлөл, уушигны хорт хавдар тэдний дунд эрс нэмэгджээ. Уушигны хорт хавдартай уурхайчдын дундаж наслалт 44 аж. Зүрх, бөөр, шүдний өвчин, судас хатуурал, дархлааны эмгэг, даралт хэтрэлт дунджаас их. Навахо нарын орлого бага, ажилгүйдэл түгмэл, дэд бүтэц тааруу, уран, хүнцлийн бохирдол тархмал зэрэг нь байдлыг улам хүндрүүлнэ.


Navajo Birth Cohort Study гэх төрөлт, ургийг судлах хөтөлбөрийн бэлгэдэл

Navajo Birth Cohort Study гэх төрөлт, ургийг судлах хөтөлбөрт 1500 навахо эмэгтэйг хамруулан судалсан. Төрөлхийн дефект дунджаас 1,83 дахин өндөр, үхсэн ураг, зулбалт, дутуу төрөлт, хромосомын зөрчил, нярайн эндэлт, даралт хэтрэлт, диабетын төвшин, жин багадалт их гэсэн үзүүлэлт гарчээ.
Энд бидэнтэй танилцсан доктор Жоанна Блэйк Аризоны Навахо хошууны ХУУ-нуудын хаягдлын спектроскопи, микроскопи гэсэн сэдвээр ултай суурьтай судалгаа хийсэн. Навахо нарын эрүүл мэнд бол бага судлагдсан сэдэв.
DiNEH (Dine Network for Environmental Health) буюу Динегийн байгаль орчны эрүүл мэндийн сүлжээ гэх хөтөлбөр хэрэгжин, ураны хаядас, ХУУ-гаас болж хохирсон гэр бүлүүдийг байдлыг хөнгөвчилдөг. Муж улс, холбооны байгууллагууд, индианы өөртөө засах байгууллагууд, ТББ-ууд, компаниуд, идэвхтэн иргэд хамтран навахогийн бохирдлын эсрэг ихээхэн үйл ажиллагаа явуулж байгаа ч асуудал мундахгүй, шийдэгдэхгүй хэвээр.
Чернобылиэс өмнө хамгийн томд орж байсан Чёрчрокийн нууц сүйрэл нь, алс холын Дундговийн Баянжаргалан, Өлзийт сумдад тохиолдсон явдлыг өөрийн эрхгүй бодогдуулнам. Тэнд ураны хайгуулын буруу үйл ажиллагаанаас болж, 10 000 ямаа халдварт өвчний шинжгүйгээр үхэж, хүн ч нас барж, хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй болж, ургамал мутацид орж гажуудан, байгаль орчин бохирдсон. Гэтэл энэ асуудлыг судлан, дэвшүүлсэн эмч Д.Жаргалсайханыг тагнуулынхан шүлхий,боом өвчин тараасан гэж дарамталж, хэргийг замхруулж байсан. Малын эмч хүн тэдгээр өвчнийг тагнуулаас илүү таних нь ойлгомжтой. Сэг зэмийг амьтан шувуу хөндөхгүй, ялзарч муудахгүй байсан нь цацрагжсаны шинж болой. Ураны хайгуулыг дараа нь ямар шалтгаанаар ч юм, түр зогсоосон.
Гэвч өнөөдөр уг хэргийг үйлдсэн “Гурвансайхан” компани ахин идэвхжиж, Дундговьд ураны үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Дорнодын Гурвансайханы ордоос өөртөө оногдох хэсгийн 85 хувийг Канадын Дэнисон Майнз Чехийн Юраниэм индастри компанид 20 сая доллараар зарсан. Ордын 70 хувийг Дэнисон Майнз, 15 хувийг Оросын Геологоразведка компаниуд, 15 хувийг Монголын ЗГ эзэмшиж ирсэн байдаг.
Ийнхүү өчнөөн балаг тарьчихаад юу ч болоогүй юм шиг, хүний юмаар хүүдэгнэн нэр цэвэр мэт явдаг нь ураны компаниудын гэм биш зан.


Улаан Ус, Улаанбадрах хоёр жаргал зовлон нэгтэй

Индианы геноцид гэж хүн төрөлхтний томоохон эмгэнэлүүдийн нэг буй. Индиан хүнээр нохой тэжээх нь энгийн үзэгдэл болсон, 800 хүүхдийг нэгэн дор алсан гээд л өдгөө мартагдсан испаний конкистадоруудын аймшигт явдлууд байдаг. Эрдэмтэн Рассел Торнтон Хойд Америкад цагаан арьстнууд ирэхээс өмнө 15 сая индиан байсан гэсэн бол, ХХ зууны эхэнд 200 мянга болсон байсан, одоо АНУ-д 2,5 сая, Канадад 1,4 сая. Төсөөлшгүй их соёлууд устсан.
Индианы зовлон гамшиг дуусаагүй байтал өчнөөн асуудал бэрхшээл дээр уран гэх шинэ мангас гарч иржээ.


Цөмийн хөнөөлийн эсрэг навахо нарын жагсаал


ЕРА Навахо Нэйшн аймагт ураны уурхайн 521 хаягдсан, тэмдэглэгдээгүй, хашигдаагүй ам буй гэж тооцоолжээ. Тэдгээрийн 77 хувийнх нь орчимд гамма цацраг ЗДХ-нээс 2 дахин их. Хаягдалтай 1000 гаруй газар энд байгаагийн ойр хүмүүс амьдардаг, жуулчлал явагддаг. АНУ-ын баруун 13 штатад хамгийн их ураны уурхай бий, ХУУ 4000 гаруй, бусад уурхайн хаягдсан ам 161 000 гаруй байдаг, хамгийн их уугуул оршин суугчид ч энэ штатуудад байдаг.
Навахо аймгийн Моньюмент Вэлли гэх АНУ-ын нэгэн бэлгэдэл болсон байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газар хүртэл ураны уул уурхайжсан. Сүүлийн үед ISL буюу уусган баяжуулах арга аюул хоргүй тул навахо нутгийг ахин ураны уул уурхайжуулж, ард олных нь аж амьдралыг сайжруулах хэрэгтэй гэж компаниуд лоббидон дайрах болсон. Уусган баяжуулах аргаар уран олборлохыг навахочууд шийдвэртэй эсэргүүцэж байгаа.
CERCLA, RECA болон, Экологийн гамшгийн бүсүүдэд хохирлыг арилгах хуулиудын дагуу арга хэмжээ авсаар. CERCLA-д уугуул америк омгуудын байдлыг онцгойлон тусгасан байдаг. RECA хуулийн дагуу Невадагийн полигоны салхин дор ажиллаж амьдарч хордсон бол 50 000$, цөмийн зэвсгийн агаар дахь туршилтын ажилд оролцсон бол 75 000$, ураны олборлол, үйлдвэрлэл, тээвэрлэлд оролцсон бол 100 000$ нөхөн олгоно гэхчлэн заасан байдаг.
Гэвч амьдрал дээр тэр бүрий хэрэгждэггүй. Уугуул америкчуудын амьдрал онцлогтой тул хууль-эрхзүйн бэрхшээл учирдаг. Жишээ нь, уугуулуудын гэрлэлтийн ёс америкийг хуулийн орчинд нийцдэггүй, тиймээс хохирсон талийгаачийн ар гэр нөхөн олговор авахад үл ойлголцол үүсдэг. Резервацийн хүн штатын, федерацийн хууль-эрхзүйн орчинд ороход таарч тохирохгүй зүйл багагүй гарна. 1990.10.5-нд Том Жорж Бушийн үед гарсан RECA хуулийн дагуу 2013 оны мэдээгээр, 43 068 нөхөн олговор авах өргөдөл ирснээс, 11 600-г шаардлага хангахгүй гэж үзэж, 30 701 хүнд 2 тэрбум гаруй $ олгоод байв.
АНУ-ын 3 мужид 250 мянга орчим навахо амьдардаг бөгөөд, тэдэнд 554 сая $-ын нөхөн олговор өгчээ. Сүүлийн 4 жилд 80 индиан омогт 2,61 тэрбум $-ын нөхөн олговор олгох талаар АНУ-ын ЗГ болон уугуулуудын ӨЗ удирдлагууд тохироонд хүрсэн байна.
Нью-Мексико, Аризона, Юта муж улсуудын дунд орших Навахо аймаг буюу резерваци нь 67 мянган ам км нутагтай, 70 сая тонн ураны нөөцөөс нь 4 саяыг олборлосон бөгөөд, нутгаа цэвэрлэхэд нь зориулж 100 сая $-ыг бас ӨЗ удирдлагад өгсөн байдаг. 2005 онд Навахо Нэйшний ӨЗУ болох Омгийн зөвлөл газар нутагтаа уран олборлохыг хориглосон шийдвэрийг 63:19-ийн харьцаатай саналаар гаргаж, 40-өөд оноос хойш 40 жил үргэлжилсэн ураны уул уурхайн нээлттэй асуудалд цэг тавьжээ.


Навахо нарын ураны хоригийг дэмжсэн жагсаал


Индианчуудын энэ мэт тэмцэл амжилт олсоор. Канадын индианчууд, байгаль орчин бохирдуулан загас олноор үхэхэд хүргэсэн үйл ажиллагааны эсрэг энэ нь бидний шүтлэгтэй харшилдан зөрчилдөж байна гэж заргалдан үр дүнд хүрсэн байдаг. Саяхан Канадын индианууд нутгаар нь байгалийн хий дамжуулах хоолой өнгөрүүлбэл уугуул хүн нэг бүрд 267 000 $ төл гэж шаардан, уг төслийг тасалдуулжээ. Идэвхтэн Тедди Нэз нөхдийн хамт ураны үйл ажиллагааны үр дагавар Навахогийн Үндсэн хуулийг зөрчсөн гэж заргалдаж байгаа.
Бид бүхэн Улаан усны цөөрмийн замын омгийнхон дээр буюу Берта Незийн гэрт явж очлоо. Энэ омгийнхны зүүн хойно Куивира Макжи/Чёрчрокийн уурхай, баруун урд Зүүн-Хойд Чёрчрокийн уурхай, зүүн урд баяжуулах үйлдвэр гэхчлэн олон цөмийн объект байрлаж, цөмийн цагариг дунд байх аж. Олон улсын мундаг хүмүүс ирлээ гэж хүндэтгэн хонь гаргав.
Дүрэлзсэн ил гал дээр хонины мах шарах нь монголчуудынхаар бол хорхог боодог бололтой. Эрт үед салбарлан салсан тул, тэр цагаас уламжлагдан үлдсэн юм болов уу гэмээр, бидний зан заншилтай төстэй зүйл цөөнгүй ажиглагдав. Хонины мах, гэдэс дотрыг янзлах нь их л танил дасал болсон дүр зураг байсан. Банхар нохой угтан сүүлээ шарвагануулах агаад, индианчуудад угаас байсан уугуул үүлдэр гэнэ. Нохой сонирхдог Алексей маань буриадын хотошо байна гэж танимхайрав. Ташрамд, навахо нарын дунд матернализмын буюу эхийн эрхт ёсны үлдэгдэл багагүй нөлөөтэй байдаг гэх бөгөөд, үнэхээр ч ажихад тийм бололтой юм. Нутаг ус нь ч манайхтай их төстэй.


Ц.Мөнхбаярын тухай болон, 
Монголын байгаль орчны төлөөхи тэмцэл зүтгэлийн талаар ярив

Пол гуай “Мөнхбаяраа футболкоо ил гарга” гээд, намайг амьд үзүүлэн самбар болгон зогсоож, Ц.Мөнхбаярын зургийг зааж, түүний тэмцэл хөдөлгөөн, Урт нэртэй хуулийн ажлыг навахо нарт тайлбарлан таниулж гарав. Индианчууд ч Урт нэртэй хуулийг шагшиж, Ц.Мөнхбаяраар болон монголын тэмцэгчдээр их бахархаж байлаа. Тэгснээ Пол гуай намайг “Энэ хүн бол хоёрдахи Мөнхбаяр байгаа юм. Англи, монгол хэлний хоёр орчуулагч дагуулж явдаг лут эр ээ” гэж тоглон хэлж, би ч “Би угаасаа л Мөнхбаяр шүү дээ” хариу наргив. Тэрбээр намайг энэ футболкоо өмссөн үед “хоёр Мөнхбаяр аа” гэж байдаг сан. Нэгэн удаа бид санаандгүй “Усгүй байж алтаар яах юм”, “El AGUA vale mas que el ORO!” гэсэн адил утгатай бичигтэй футболк өмссөн байж билээ. Ай, Ц.Мөнхбаяр Ч. Мөнхбаяр нар Америкад хамт аялсан өдрүүд ээ гэж...
Навахо маягаар шарсан хонины мах лав л миний энд идсэн хамгийн амттай зоог байлаа. Үдийн хоолны дараа бид хэлэлцүүлэг өрнүүлэв.


Навахо нар цөмийн хөнөөлөөс болж хохирсноо зураг үзүүлж, баримт дэлгэн үгүүлж байлаа

Берта Нез цацраг идэвхит хаягдлаар байшин байгууламж барьдаг байсан, урантай тоос, шороон шуурга, бороо их, эндээс биднийг нүү гэдэг ч, бид төрөлх эх нутгаасаа нүүхгүй, байгаль дэлхийг минь л цэвэрлэж аль гэж шаардан тэмцэж ирлээ гэв.
Эдит Хүд Бертагийн эгч бөгөөд, би Керр Макжигийн уурхайд 1976-1982 онд ажиллаж байсан, үр дүнд нь цусны хорт хавдартай болсон, нөхөн олговор аваагүй, энэхэн амьдралаа би ураны гай гамшгийн эсрэг зориулах болно гэв.
Тони Хүд Эдит Хүдийн нөхөр бөгөөд, энэ хавьд, бүр хажууханд ч цацрагт хог хаягдлаас бүтсэн толгодууд бий, тэдгээрээс хортой ус, тоос байнга ялгарч байдаг гэв.
Серафина Нез ээж Хелен Незийн хамт ирсэн агаад, “Миний аав ээж, нөхөр Тачигийн уурхайд ажиллаж байсан. Эцэг эхээс ах дүү 10-уул байснаас 7 нь, мөн аав маань ураны сөрөг нөлөөнөөс болж нас барсан. Хүүхдүүдийн маань 6 хүүхэд эндсэн тул тэд үртэй болохоос их айдаг болсон. Ер нь навахо эмэгтэйчүүд хүүхэд гаргахаас айдаг, хүүхэд гаргахгүй гэдэг нь ч цөөнгүй. Навахо бид өвчин эмгэгтэй, үр удамгүй болж мөхөх нь үү гэж маш их түгшин санаа зовдог. Навахо синдром гэдэг эмчилгээгүй мэдрэлийн өвчин хүртэл гарсан” гэв.
Петерсон Белл би 1974-1982 онд ураны уурхайд ажиллаж байсан, тал бие минь мэдээгүй болсон, манайхны малын дотор эрхтэн шар болсон гэв.
Жеки Белл-Жефферсон Петерсон Беллийн дүү бөгөөд, манай гэрийн хаалганы урд цацраг илэрсэн, хариуцсан хүмүүс нь хайргаар хуччихаад яваад өгсөн гэв.


Бид нүүхгүй, нутгийг минь цэвэрлэж өг хэмээн шаардаж тэмцсээр ирсэн, 
Улаан усны отгийн индианчуудын хамт


Хөөрхий энэ отгийнхон хөгшин залуугүй цөм аюулт хүнд өвчинд нэрвэгдсэн ажээ. Мал сүрэг үхээд, мутацид ороод байх тул навахочууд хаа сайгүй мал маллахаа ч больж байгаа аж. Тэдний ирээдүй тун бүүдгэр байна, тэмцлийн дөл нь хурц тод байна. Энэ эгэл жирийн хүмүүсийн эгшин мөч бүр тэмцэл болой. Нүүгээгүй өдөр бүр нь амжилт болой. Нугарч шантарч хүн чанараа гээгээгүй нь ялалт болой.
Эдгээр гүндүүгүй малчин ардууд Дорноговийн Улаанбадрахынхныг ихэд санагдуулж байв. Тэнд ийм л малчид зовлон бэрхшээлээ тоочиж, хохирч хэлмэгдэж, ингэж л нэгдэж нягтран тэмцэж байдаг. Улаан Ус, Улаанбадрах дэлхийн хоёр бөөрөнд оршивч жаргал зовлон нэгтэй. Тэд нэгэн газар дэлхийн л хүүхдүүд.
Монгол орон минь ирээдүйд ийм болох вий гэсэн аймшиг түгшүүр эзэмдэж байв. Хамаг ашигт малтмалаа ухуулж, байгаль дэлхийгээ сүйтгүүлж, газар нутгаа булаалгаж, амьдрахад бэрхтэй газар резерваци хэмээн хашигдаж, ажил орлогогүй болж, өвчин эмгэгт баригдаж, үр удам тасран сүйрэх вий гэж шаналав. Өнөөгийн янзаараа байвал аргагүй л тийм болно.
Буриад зоныхтой ч адил төстэй нөхцөл байдал байна гэж зарим нэгэнтэй хэлэлцэв. Атом цөмийн бохирдол их, хүн ард нь ойролцоо тооны, уугуул нутагтаа цөөнхи болж энд тэнд анклавжсан, хэл соёл нь буурсан, олон удаа хэлмэгдэл харгислалд өртөж байсан гээд л...
Ташрамд, Монгол улс нь цөмийн цагариг бүслэлтэд орчихоод байгааг онцлууштай. Буриад Монгол, Зүүнгар Монгол буюу Шинжаан, Өвөр Монголд тэдгээр нь буй. Дурдваас, хойд хөршид Ангарскийн ОУ уран баяжуулах төв - АО “МЦУО”, ОУ цөмийн түлшний банк, уран баяжуулж, ураны гексафторид үйлдвэрлэдэг Ангарскийн электролиз-химийн комбинат - АЭХК, цөмийн түлшний үйлдвэр, цөмийн реактор, ПЗРО буюу цацраг идэвхит хаягдлын газар, Хиагдын олборлол-үйлдвэрлэлийн төв, Краснокаменскийн Аргуны уулын химийн үйлдвэрлэлийн нэгдэл - ППГХО, Оловское-гийн ураны уурхай, өмнөд хөршид Лоб нуурын атомын зэвсэг туршилтын талбай, Өрөмчийн цөмийн реактор, цацраг идэвхит хаягдал хадгалах талбай, Шихонтаны газар дор уусган баяжуулж олборлох уурхай, Байшений цөмийн реактор, цөмийн туршилтын цооног, цөмийн хаягдал хадгалах агуулах, Юмэ Жиужиуны уран хөрвүүлэх үйлдвэр, түлш хадгалах газар, ашигласан түлш боловсруулах фабрик, судалгааны реактор, цөмийн судлалын лаборатори, плутоний үйлдвэр, атомын зэвсгийн үйлдвэр, цөмийн хаягдлын газар, Вэйшений өндөр идэвхит цацрагийн хаягдал хадгалах газар, Бугатын цөмийн түлшний үйлдвэрүүд, уран хөрвүүлэх фабрик, АЦС, Баян-Овоогийн уран олборлох баяжуулах цогцолбор, цөмийн түлшний үйлдвэр, Доншэний уурхай, цөмийн туршилтын газар, Эрээний ураны уурхай, газар дорхи цөмийн туршилтын төв, Цэцхарын цөмийн эрчим хүчний хэрэглэхүүний үйлдвэр гээд мэдэгдэх нь энэ хэд, мэдэгдэхгүй өчнөөн ч юм. ОХУ-ын уран олборлол үйлдвэрлэл бараг бүхэлдээ, цөмийн потенциалын томоохон хэсэг манайд ойр байгаа бол, БНХАУ-ын хувьд ч бараг иймэрхүү. Баян-Овоо, Эрээний объектууд Монголын хил дээр шахуу. Монголчууд ч, индианчууд ч цөмийн бүслэлт дунд байна.
Итгэл найдвар хамгийн сүүлд бөхнөө гэдэг. Энд амьдрал үргэлжилж байна, хаа сайгүй амьдрал үргэлжилж байна. Нэгэн жаахан навахо хөвүүн тэврүүлэх гэж гараа өргөн сарвайсаар айсуй. Би ч тэвэрч, түүнтэй ярилцлаа, гагцхүү да да хэмээн хариулах аж. Төрлөө мэдэв гэж хүмүүс хүүг найрсгаар өхөөрдөн инээлднэ.
Индианчууд монголчуудад үнэхээр элэгтэй болой. Монгол гэхээр л илүү найрсаг болж, яг манай уугуул хүн шиг харагдлаа гэж заавал хэлнэ. Ташрамд тэд өөрсдийгөө энэтхэг буюу индиан ч биш, америк ч биш гээд овог аймгийнхаа нэрээр нэрлэнэ, мөн уугуул буюу натив, индиген гэх нь их. Миний футболкны ард буй нар сар галын дүрсийг их л сонирхон асууж, тайлбарласны дараа манайхныхтай адил бэлгэдэл байна гэж байсан. Монголчуудтай төрөл садан гээд биднээр их бахаддаг юм билээ.
“Салхитай яригсад” гээд навахо нарын тухай кино үзэж байсан. Дэлхийн 2-р дайны үйл явдал гарна. Өнөөдөр тэд салхитай бус, гурван улсын байгаль орчин хамгаалагч нөхөдтэйгээ үнэн сэтгэлийн үгсийг хуваалцан сууна.


Хариуцах эзэнгүй хаягдсан уурхайн аймшгийг харуулсан плакат


Эднийг маань хүйтэн дайны баатрууд гэж хөөргөх гэдэг байна. Буруутан нь баатар тодруулагч буянтан болж хувирах гэж байгаа байхгүй юу. Ураны салбар уналтын байдалтай байснаа сүүлийн үед харин Дэлхийн II хүйтэн дайны өрнөлтөөс болж идэвхжиж байгаа ажээ. Тиймээс навахо нарыг ураны олборлолыг хориглосноо цуцал, уусган олборлох нь гэмгүй, бараг уул уурхай биш, эрсдэлтэй материалыг зайлуулан байгаль орчныг хамгаалан хайрлах явц ухааны юм ярьж, ухуулга сурталчилгаа, лобби их хийдэг байна.
Яагаад хүйтэн дайн гардаг вэ гэвэл том гүрнүүд материаллаг байдлаа бууруулахгүй, нэмэгдүүлэх гэснээс гол нь үүдэж байна. Өнөөдөр эх дэлхий гэртээ бусад хүмүүн ахан дүүстэйгээ эвтэй найртай аж төрж чадах улс гүрэн л хөгжилтэй, баян. Хуучирсан, ганцаар авах идэх эрмэлзэл нь хүмүүн ухаан бус, амьтны инстинкт болой. Үүнийг эс ойлгосон нь сөнөж мөхөх тавилантай. Хар хүчээр барьсан далий мурий цайз - импери бүхэн мөхөж байсан байдаг.
Монголд ч хүйтэн дайн явагдаж байна. Хүйтэн дайны хүйтэн уур амьсгалыг Нью-Мексикод байсан сүүлийн бороотой хүйтэн өдрүүдэд мэдэрч байсан билээ.

Монгол дахи цөмийн эсрэг жагсаал. Голомт ЦЭХ зохион байгуулсан

Монголд дэлхийн ураны нэг хувь буюу 55 700 тонн уран буй. Гэтэл зөвхөн хайгуул хийхэд л асар өргөн хүрээтэй олборлол хийчихсэн юм шиг их сөрөг нөлөө үүсчихээд байгаа. Цаашдаа ер нь яана даа гэж бодохоос санаанд багтамгүй.
Нөхөн сэргээлт гэдэг том шинжлэх ухаан, их бүтээн байгуулалт, олон тохиолдолд биелшгүй даалгавар, Mission Impossible болохыг харлаа. Гэтэл манайд нөхөн сэргээлтийн стандарт маш муу. Үндсэндээ, эвдсэн газрыг түрж тэгшил, мод ургамал суулга л гэж ойлгогдохоор цөөхөн хуудастай хуурамбаа юм байгаа. Мод тарина гэдэг бол ургаж байсан газраас нь авчирч хатааж үхүүлэхийг хэлнэ гээд хуулиар тогтоочихсон юм шиг байдгийг ч хэлэх үү. Нөхөн сэргээсэн газар нь ганц борооны дараа хагарч эвдэрдэг нь энгийн үзэгдэл.
Өнөөгийн Монголын долоон гайхамшгийн нэг гэгдэх нь халаг байдаг Бороогийн нөхөн сэргээлт гэхэд л газраа хэлбэршүүлсэн, өвс тарьсан л байгаа. Бусад улсуудад хийгддэг зохих үйл ажиллагааны бол өчүүхэн хэсэг нь л аж.
1992-2013 онд Монголд 540 ААН-УУК 19 292 га газар олборлолт явуулж дууссаны 49,5% буюу 9 541 га-д нөхөн сэргээлт хийгдсэн гэнэм. Үлдсэн газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг хэрэгжүүлэхэд нэн хүндрэлтэй. Нөхөн сэргээлтээс янз бүрийн байдлаар зайлсхийдэг. Ашигт малмалыг сорчилж, өрөмчилж аваад болох болохгүй компани юм уу, ХАМО нарт өгөөд бултчихдаг, хэн яаж нөхөн сэргээлт хийх нь тодорхойгүй болчихдог. ХАМО нар нөхөн сэргээлт хийхгүй нь ойлгомжтой.


Хамтран ажиллая гэж уриалж байна!


Акома уугуулын тэмцэгч Петуучи Жилбертийн хамт


Сургалт семинарын явцад Пол гуай шүүлэг маягийн юм авдаг сан. Тэгэхдээ гэнэт хэн нэгний нэрийг цохон, тэр асуудлаар гурван хамгийн гол санаагаа хэлнэ үү гэнэ. Бид Костко хэмээх дэлгүүрт ороход би гурван зүйл авсан юм. Орос нөхдөд хандан “Пол гуай энэ дэлгүүрт чухал санагдсан гурван зүйлээ хэлнэ үү гэхэд хариулт маань бэлэн, 1-рт энэ, 2-рт энэ, З-рт энэ гэнэ” гэж кассны хажууд тавьсан гурван зүйлээ заан баясгаж байж билээ. Алсын гийчид буцахын өмнөх өдөр Пол гуай таалагдсан, шүүмжлэх, хамтран ажиллах талаар санал болгох зүйлүүдээ бичиж өгөхийг биднээс хүссэн. Наталья оюутны кафед намайг тэдгээрийг бичээд сууж бай гэж түр орхиод ажил хөөцөлдөн явсан сан. Бас л оюутан насны оломгүй намар санаанд орж сэтгэл дулаацуулан, томоогүй сэргэлэн залуусын бужигнаан үймүүлээнд бүүвэйлэгдэн, орос хэлээр тайлан бичин өгч билээ.
Тэдгээр санал дээр эндээ ирээд төрсөн санаануудыг нэмэрлэн, МБОИЗ, ФБ-ийн болон иргэний хөдөлгөөд, МНН-ын болон, үзэл бодол, үйлс зүтгэл нэгт бүх нөхөддөө эдгээр чиглэлээр юм хийе, хамтран ажиллая гэж уриалж байна:
1. Нөхөн сэргээлтэд шаардагдах мөнгөн хэрэглүүрийг урьдчилан авч байж, уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөрлийг олгох хууль-эрхзүйн орчинтой болох. энэ асуудлыг лоббидон хүчтэй дэвшүүлэх,
2. Нөхөн сэргээлтийн тодорхой, хүлээн зөвшөөрөгдөх төлөвлөгөөгүйгээр уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлдэггүй болгох,
3. Ард олон, орон нутгийн уугуул иргэд, БО-ны идэвхтэнүүдийн дунд нөхөн сэргээлтийн мэдлэг мэдээллийг гарын авлага, товхимлын тусламжтайгаар сайтар түгээн, тодорхой нэгдмэл ойлголт, шаардахуунтай болгон төлөвшүүлэх,
4. Мөнхийн асуудал бэрхшээл үүсгэхгүйн тулд эхнээс нь хариуцлагатай уул уурхайг эрхлүүлэн хяналтыг сайн тавьдаг болох,
5. Ус хөрсийг цэвэрлэх тэргүүний арга технологиудыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх,
6. Нөхөн сэргээгдээгүй газруудыг нөхөн сэргээлтийн урсгалд цаг алдалгүй, судлан, бүртгэн хамруулах,
7. Байгалийн төдийгүй хүний эрүүл мэндийн, хүний нөхөн сэргээлтэд анхааран ажилладаг болох,
8. Ураны уул уурхай (УУУ), цацраг идэвхит хаягдлын (ЦИХ) Монгол дахи сөрөг нөлөө, Монголд УУУ, АЦС, ЦИХ-ын үйл ажиллагаа нэвтрэн өргөжихийг бусад улсын үзэл санаа нэгтнүүдтэй хамтран эсэргүүцэх,
9. Цацраг идэвхиэс үүдсэн хохирлыг барагдуулах хууль-эрхзүйн орчинтой болж, амьдралд хэрэгжүүлэх,
10. Цацрагийн түгшүүр, хэтрэлийг онц байдлын байгууллага онцгой анхааран, хор хөнөөлийг нь арилгах талаар мэргэшил сайтайгаар ажиллах,
11. Уугуул иргэд УУУ, АЦС, ЦИХ-ын үйл ажиллагааг орон нутагтаа хориглож болох хууль-эрхзүйн орчинтой үүсгэх, амьдралд хэрэгжүүлэх,
12. Монголын ураны хайгуул, олборлол бүхий нутгуудын нөхцөл байдлыг олон улсын судалгааны орон зайд хамруулах, үүний тул шаардлага хангах баримт нотолгоо, дээж цуглуулах,
13. УУУ-н бүх сөрөг хүчин зүйлүүд, хүний эрүүл мэнд, ураг удамд үзүүлэх нөлөөлөл зэрэг бага судлагдсан буюу огт судлагдаагүй сэдвүүдэд эрдмийн хүрээллийн анхаарлыг хандуулан, тодорхой үр дүнд хүргэх,
14. Гадаад дотоод дахи цөмийн үйл ажиллагааны ОУ-ын чанартай харилцан нөлөөллийг гадаадын үзэл бодол нэгтнүүд, эрдэмтэн мэргэжилтнүүдтэй хамтран судлах, сөрөх,
15. Байгаль нуурын экосистемийг хамтран хамгаалах, холбогдсон хүчин зүйлүүд, нөхцөл байдлуудыг цогцоор нь уялдуулан авч үзэх,
16. Байгаль орчны бүх талын хохирол, нөхөн төлбөр, хариуцлагын тухай, экологийн гамшгийн бүсүүдэд хохирлыг арилгах тухай хууль тогтоомжийг сайжруулах, шаардлагатай нөхцөлд тусгай хууль гаргах,
17. Уул уурхайд ажиллагсдын шударга тэмцлийг дэмжих,
18. Уул уурхай зэрэг үйл ажиллагаанаас үүдэлтэй экологийн алдагдлаас болж хохирсон хүн ардад туслах өргөн хэмжээний хөтөлбөрүүд буй болгох,
19. Экологид эрсдэлтэй үйл ажиллагаанд хүн ардын шүтэж биширдэг газрууд, шүтэн бишрэх эрхийг өртөгдүүлэн хохироохгүй байх нөхцлийг хууль-эрхзүйн үндэстэйгээр бүрдүүлэх,
20. Дээрхи зорилтуудыг биелүүлэхийн тулд иргэний оролцоо, уугуул иргэдийн дүрэм журам тогтоох, эвлэлдэн нэгдэх ресурсыг идэвхжүүлэн дайчилж, идэвхтэн иргэд, орон нутгийнхантай өргөн далайцтайгаар хамтран ажиллах чиглэлээр хичээн зүтгэцгээе ээ, сайхан сэтгэлт анд нөхөд, ахан дүүс ээ!


Аяллын явцад


Нью-Мексико цэлмэг хөх тэнгэртэй, цэлгэр уужим талтай, хайрт Монгол орныг минь санагдуулсан зочломтгой сайхан нутаг, АНУ ч ёстой нөгөө манай жуулчны компаниудын амны уншлага болгон Хайнань арлыг нэрлээд байдаг “газрын диваажин” гэх үгийг товч тодорхойлолт болгон хэлмээр гайхам улс аа. ЗХУ-д сурч байхад Свердловск хотын маань Наутилиус Помпилус гэдэг рок-хамтлагийн Гудбай, Америка хэмээх дуу хаа сайгүй л хангинадаг сан. Перестройкийн үеийн баруунтан неформал хөдөлгөөнүүд их таалж байсан гэж байгаа. Би өөрөө ч юу гэх гээд байгааг нь сайн ойлгодоггүй байв л, гэхдээ л дурсгалтай. Сүүлийн өдрүүдэд Алексей бид хоёр байсхийгээд л тэр дууг аялчихна. “Гудбай Америка о/ Где я был никогда/ Прощай навсегда// Гудбай Америка o/ Где я буду никогда/ Услышу ли песню/ Которую запомню навсегда” гээд л юун ч гунигтай үгтэй юм.
Пол гуайнд Үдэлтийн оройн зоог барихад олон олон тост хэлцгээв. Би дээрх дууны үгийг эшлэж, “Гудбай Америка! Бидний байгаагүй биш, байсан орон баяртай! Гэхдээ Америк орон үүрд баяртай гэж хэлэхгүй. Америкийн дууг бид үүрд санан дурсаж явах болно, ахин ч сонсоно, дуулна. Америкаас бид нулимстай буцаж байгаа ч, Америкт бид ахин ирнэ. Гудбай Америка, Хэллоу Америка!” гэсэн билээ.


Ч.Мөнхбаяр
2015 оны 10, 11-р сар
Альбукерке-Улаанбаатар

2 comments:

Munkhtur Luvsanjambaa said...

Ийм лут тайлан анх удаа уншиж байна!
Сайн, үр дүнтэй аялал болжээ!
Мөнхбаяр ах аа, та бол үлгэр дуурайл болсон хүн шүү!
Хүндэтгэсэн Л.Мөнхтөр

Doctor collins said...

Хэрэв та өөрийн бөөр зарах хүсэж байна уу? Та боломжийг хайж байна
улмаас санхүүгийн задаргааг мөнгө таны бөөр зарж, та нар байхгүй бол
юу хийхээ мэдэх, дараа нь бидэнд өнөөдөр холбоо барина уу бид та нарт сайн санал болгож байна
Таны Kidney.My нэр хэмжээ юм (Dr Collins) нь Phrenologist байна
-р Эндрю эмнэлэг. Манай эмнэлгийн Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөд
Бид бас амьдрах нь бөөрний худалдан авах, шилжүүлэн шийдвэрлэх
нь холбогдох донор. Та худалдах буюу худалдан авах сонирхолтой байгаа бол
бөөрний-ийн дамжуулан бидэнтэй холбогдоорой чадахгүй байна уу
и-мэйл: doctorcollins3@gmail.com
баярлалаа,
УДИРДЛАГА.