Sunday, March 30, 2014

Макүчид орсон Какурю Ананд гэж хэн бэ?

2006 онд Какурю М.Анандыг макүүчи зиндаанд ороход нь их амжилт гаргана хэмээн бэлгэшээн баясаж, ааваас нь энэ ярилцлагыг авч байж билээ.

Монголын ид чадалт, эрхэм хийморьт баатар хөвүүд бол Японы мэргэжлийн сүмод хүч ухааныг сорин мандаж буй залуу бөхчүүд маань билээ. Дээд зиндаанд орж, макүчийн монголчуудын тоог 8 болгосон авъяаслаг бөх Какурю Ананд ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлж, баяр баяслыг авчирсан юм. Ананд хөвүүний аав, ШУТИС-ийн багш, профессор, доктор Ч.Мангалжалавтай хүүгийнх нь амжилт, замналын талаар хуучилснаа уншигч олондоо толилуулъя.


-Та өөрийгөө танилцуулна уу? Ямар ажил мэргэжилтэй вэ? Эрдмийн амжилт бүтээл тань юу вэ?
-Би энэ Их сургуулиа онц дүнтэй төгсгөж, эндээ багшилсаар л өдий хүрсэн хүн дээ. Хөргөлтийн техник, технологийн судалгаа, шинэ техник технологийг эх орондоо нэвтрүүлэх чиглэлийн ажлыг хийдэг. Нарны энергийг хөргөлтөд ашиглах тухай сэдвээр 1989 онд Туркменистаны Ашхабадад эрдмийн зэрэг хамгаалсан. Манай улс гадаадаас өндөр үнээр хөргөлтийн төхөөрөмжүүд авдаг, тэдгээр нь бүгд цахилгаанаар ажилладаг болохоор орон нутагт ашиглахад хүндрэлтэй зэрэг бэрхшээл тохиолддог л доо. Монголд ашиглаж болох НХТ-1,8 м2 гэдэг нарны хөргөх төхөөрөмжийг судалгаан дээрээ суурилан бүтээсэн. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дунд, жижиг төслийн тендерт шалгараад, амьдралд хэрэгжих, нэвтрэх шатандаа орсон доо.

-Та аль нутгийн хүн бэ?
-Сүхбаатар аймгийн Асгат суманд төрж, өссөн. Аав ээж маань  энэ нутгийн уугуул, даригангачууд л даа. Алтан Овоог тойроод хойгуур нь нутагладаг Даригангын хойд биеийнхэн. Ананд хүүгээ ч энэ л нутгийн хүү гэж үздэг.
Манай Ананд чинь эхийн талаасаа бөхийн удамтай. Ээжийг нь Б.Оюунтөгс гэдэг, Завхан аймгийн уугуул, Цэрэнпунцаг гардитай нэг нутгийн хүн шүү дээ. Эхнэрийн маань өвөг эцэг нэртэй сайн бөх байсан.
-Ананд багадаа ямар хүүхэд байв? Юуг сонирхон шимтдэг байсан бэ?
-1985 оны 8-р сарын 10-ны нэг их айхтар бороотой өдөр хүү маань мэндэлсэн . Тэр өдөр би охиноо үүрээд нэг их хол явж байж билээ, үүрээд явж байгаа зураг нь ч дурсгал болж үлдсэн байдаг. 4 кг 900 г жинтэй том хүү төрсөн шүү дээ. Би ч бүр хүүтэй болсондоо магнай хагартал баярлаж байлаа. Манайх охин, хүү хоёртой.
Сургуульд ороод л хүү маань янз бүрийн спорт сонирхож эхэлсэн дээ. Газрын теннисээр ч хичээллэж байв. Ер нь бараг бүх л спортыг сонирхож явсан. Бие бялдрын хөгжил, хүмүүжилд нь ач тустай юм гээд бид дэмждэг л байлаа. Би чинь хүүтэйгээ хамт хөл бөмбөг, хоккей, бөх гээд л төрөл бүрийн спортын тэмцээн хамт үзэж, хөгжөөн дэмжиж, спортын тухай зөндөө л ярилцдаг байлаа. Спортын хүн л болох гээд байж дээ.
Сагсан бөмбөгөөр хичээллэхийг нь би их дэмжсэн юм. Сайн өсөг гээд. Хүү маань сагсанд маш их дуртай байлаа. Дүүргийн сагсны аварга шалгаруулах тэмцээнд баг ахалж оролцоод, хожигдсоныхоо дараа их л гутарч байж билээ. Жаахан байсан юм шүү дээ. Би чинь том өрөөндөө нэг цагариг зоочихоод л хүүтэйгээ тоглож гарна аа. Ананд ч намайг их шална. Том өрөөнийхөө ширээг диван дээрээ тавьж зайчилж байгаад л үзэлцэнэ шүү дээ. Доод айл чимээ гаргалаа, пижигнэлээ, хэрэлдэж зодолдлоо гээд л хэл ам хийнэ, тоохгүй тоглодгоороо л тоглоно. Хамт НБА-гийн тоглолт үзнэ.
Хүү маань хичээлдээ ч их сайн байсан, юм юманд л мэриймжтэй. Хэлний талын хичээлүүд, математик, физиктээ сайн байсан. Япон хэлний дугуйланд явж байсан. Монгол бичгээрээ сийлчихсэн юм шиг л цэвэр нямбай бичдэг байж билээ. Спорт их хөөдөг мөртлөө богино хугацаанд хичээлээ давтчихдаг, даалгавраа хийчихдэг, гайгүй сурлагатай байсан.
-Хэзээ сүмод дуртай болсон бэ? Яаж японы озумод шалгаран элссэн бэ?
-Хүү маань харин бөхөөр төдийлөн хичээллэж байгаагүй. Багадаа хөөрхөн л барилдаад байгаа харагддагсан. Би өөрөө ч бөхийн хорхойтон. Гэхдээ бөх барилдаж байгаагүй л дээ. Харин боксын I зэрэгтэй, 51 кг-д тоглодог, “Хоршоолол” нийгэмлэгийнхээ аварга болж байсан.
Хүүгээ чөлөөт бөхийн секцэд оруулж үзсэн юм. Багш нь секцээ олигтой хичээллүүлэхгүй болохоор нь 2-3 сар явсан болоод хаясан даа.
2000 онд шүү дээ, хүү маань 15-тай, бага л байлаа. Японы сүмогийн Хаккаку дэвжээнд шалгаруулж авна гэсэн зар олоод үзчихэж. Тэр үед манайхан сүмод одоогийнх шиг өндөр амжилт гаргаагүй, сүмогийн башёг монголын ТВ-үүд үзүүлдэггүй, ер нь сүмог сонирхох явдал бага байлаа шүү дээ. Тэгэхэд л хүү маань сүмо надад тохирно гээд бодчихсон, шийдчихсэн байсан. 60 гаран кг жинтэй байсан юм. Гэтэл тэр шалгаруулалтад миний хүүгээс хавьгүй том биетэй, илүү барилдаанч хүүхдүүд зөндөө ирчихсэн байсан. 100 гаруй хүүхэд цуглачихсан, нэг их айхтар том тэмцээн шиг л юм болж байгаа юм. Хоорондоо үндэсний бөхөөр барилдаад л, бужигнаад л.
Моконами Базарсад, Корю Мөнх-Оргил, Хошихикари Лхагва, Хошизакура Алтангэрэл гээд л одоо японы сүмод барилдаж байгаа залуучууд харагдаж байсан. Дүвчин зааны хүү Лхагваа баруун зүүнгүй тонгороод л сүрхий барилдаж байгаа харагдсан. Корю Мөнх-Оргил чинь жигтэйхэн бяртай, том хүү шуудаггүй болохоор жийнсэн өмдтэй л барилдаж гарч байв даа.
100 хүүхдийг 10, 10-аар нь хувааж барилдуулаад, эхний 2-т орсон хүүхдүүдийг нь бас барилдуулаад, Лхагваа, Алтангэрэл 2-ыг л Хаккаку дэвжээнд авах болсон юм. Тэнд байсан олон хүүхэд өөр шугамаар сүмо руу уван цуван явцгаагаад л байсан юм билээ. Хүү маань сүмод хорхойсоод байгаа мөртлөө явж чадахгүй байсан. Надад ч тэр талын танил тал байсангүй.
Гэтэл хүү маань энэ байдалтай эвлэрсэнгүй. Сүмод элсэх хүслээ илэрхийлсэн захидал бичиж Японы Сүмогийн Холбоо руу илгээсэн байгаа юм. Нэг өдөр л Кёкушюзан Батбаярын аав Даваа гуай утасдаад сандаргасан. Кёкушюзан Батбаяр тусалж дэмжээд манай хүүг сүмод оруулж өгөх болсон байв. Даваа гуай өөрөө хүүд маань онгоцны билет авч өгөөд л явуулж байсан даа. Кёкушюзан, Даваа гуай хоёр хүүг маань бөх болоход маш их тус хүргэсэн юм.
Хүүг маань сүмогийн хүн авч явах боломж гараагүй. Эндээс Токио руу биш, Осака руу л нислэг хийдэг байсан. Хүү маань нэг хүнийг дагаад л, Токио орох гээд явж байхдаа хэвлэлийнхний анхааралд өртсөн. “Сүмоч болох мөрөөдөлдөө хөтлөгдөөд, үүргэвчээ үүрээд л Монголоос ирсэн хүү” гээд сонин хэвлэлд бичиж байсан. Ер нь захиа бичсэн үеэсээ л хэвлэлийн анхааралд өртсөн юм билээ. Ингэж л очиж байсан даа. 31-р сургуулийн 8-р ангийг төгсгөөд, манай ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн лицейд сурч байхдаа явсан.
-Дэвжээ нь том уу? Алдартай бөхчүүдтэй байв уу? Багш нь ямар хүн байдаг вэ?
-Дээр үед долоон ч сэкиторитой, мундаг дэвжээ байсан юм билээ. Багш Изуцу ояката нь Сакахоко нэрээр сэкивакэ цол хүртэж байсан, мундаг бөх явсан хүн бий. Бүгдээрээ сэкивакэ цол хүртэж байсан, Сакахоко, Сасунада, Тэрао гэж ах дүү гурван мундаг бөх аавынхаа Изуцу дэвжээнд байсан байгаа юм. Нэг гэрийн ах дүү гурван бөх сүмод байсан, өндөр амжилт үзүүлж байсан нь хосгүй тохиолдол л доо. Тэгээд Сакахоко нь Изуцугийн голомтоо сахиж, ояката нь болж үлдсэн. Харин Сасунада нь Тацутаяма дэвжээг, саявтар зодог тайлсан Тэрао Шикорояма дэвжээг байгуулсан. Шикорояма дэвжээний монгол хүү Сэиро Өнөболд, нөгөө монхор, индианархуу, зоримог төрхтэй мундаг бөх Хомашё нарыг мэднэ биз дээ.
Тэрао чинь манай хүүгийн сайн багш байгаа юм. Изуцуд байхдаа Тэрао бөхчүүдийн бэлтгэлжилтэд гол үүргийг гүйцэтгэдэг байсан юм билээ.
-Хэзээ ямар зиндаануудад түрүүлж байсан бэ?
-2004 оны Нагоя башёд санданмэд 7 давж түрүүлсэн. Жонидан, санданмэд 6 давж байсан. Макүшитад 7 башё барилдаад л 20 насандаа жүрёд орж байсан. Макүшита бол жүрёгоос ч хэцүү зиндаа гэгдэх нь бий. Макүшитад насаа барсан сайн бөхчүүд байдаг. Манай бөхчүүдээс Асашёрю л макүшитад түрүүлсэн. Жүрёд манай зургаан ч бөх түрүүлж байсан биз дээ.
Жүрёд 4 башё дараалан 9 даваад, макүчид орлоо доо. Нийт 29 башё барилдсанаас, 22 удаа катикоши, 7-хон удаа макекоши үзүүлэлттэйгээр тэмцээнээ дуусгаж байсан. Олон давж, огцом ахихаараа хэдэн удаа буурсан байгаа юм. Жонидан руу 2, макүшита руу 1 удаа зиндаа бууран очиж байсан боловч, дороо л, ердөө л 1 башё барилдаад л урьдын санданмэ, жүрё зиндаанууддаа буцаад орчихож байсан. Жүрёд тогтмол амжилттайгаар хичээнгүйлэн барилдаж, макүчид орох зорилтоо амжилттай биелүүллээ. Ер нь ялагдалтай эвлэрдэггүй, ямагт урагш тэмүүлдэг хүү дээ. Хурдан ахиж, Асашёрю аварга, Хакухо, Ама нар шиг бага залуудаа сэкитори болсон болохоор нь гайгүй бөх болж магадгүй гэж бодох юм.
-Ямар мэхүүдийг голлон хийдэг вэ? Дархан мэхтэй юу?
-Уватэнагэ мэхийг сайн хийдэг. Гэтэл өрсөлдөгч нар нь барьц өгөхөө больчихоод байгаа юм. Нүүр, цээж рүү нь зогсоо зайгүй алгадаад, цохиод, эрүүг нь гэдийлгэж түлхээд, хоолойг нь ч базаад дайраад байхаар барьц авах хэцүү шүү дээ. Манай хүн ч барьц өгөхгүй байхаар нь өөдөөс нь алгадаж цохилцоод л үзэлцэж байгаа юм. Өөрөөр барилдах ч, хамгаалах ч аргагүй болчихно. Тэгээд л ошидаши, цүкидаши, окуридаши, цүкиотоши гээд барьцгүй мэх түлхүү хэрэглэх болсон.
-Аки башёд гол өрсөлдөгчид нь хэн байв аа?
-Бүгдээрээ л гол өрсөлдөгч байлаа шүү дээ. Макүчид 3 барилдаан хийж, хашир туршлагатай Шимотори, Касуганишики, анх макүчид орсон хүчтэй залуу бөх Рюхотой барилдлаа. Жюрёдоо макүчигаас буусан Ушиомару, Тоёозакура, Катаяма, Точисакаэ, Китазакура, Оцукаса, Буюзан, Кайхо, Такановака гээд 9 бөхтэй барилдсан. Макүчид барилдсанаас л өөрцгүй юм болсон. Эдэн дунд сул бөх ерөөсөө байхгүй, хэнийг ч хаячихаар чанга сүмочид цөөнгүй. Бас макүчид орж байгаагүй ч, мөн л хүчтэй өрсөлдөгчид болох Асофүжи, Сатояма, монголынхоо Рюотой барилдсан. Бүгд л гол өрсөлдөгч юм даа. Тэгэхээр манай хүний хувьд маш хүнд башё болсон.
Хүү маань Сатоямаг цүкиотоши, Точисакаэг ошидаши, Оцукаса, Катаяма, Буюзан 3-ыг хатакикоми, Ушиомаруг уватэнагэ, Такановакаг хикиотоши мэхээр ялж, Рюход ошидаши, Китазакурад ёрикири, Тоёзакурад цүкидаши, Асофүжид ошидаши мэхээр ялагдаад 7 даваатай болсон байснаа, монголын Рюод ошидаши, макүчийн Шимоторид ёрикири мэхээр дараалан ялагдахад, макүчид ордог болов уу, яадаг бол гэж бодож л явлаа. Учир нь, өмнө нь авъяаслаг бөх Кайхо, макүчийн Касуганишики гэсэн хоёр хүчтэй өрсөлдөгч хүлээж байв. Кайхог окуридаши, Касуганишикиг цүкиотоши мэхээр дараалан ялаад, 9 даваа авч, дээд зиндаанд орох болзлоо найдвартай хангалаа. Хүүгээрээ бахархаж, баярлаж л сууна даа.
-Тэндээ монголын болон бусад орны ямар бөхчүүдтэй найзалж нөхөрлөдөг вэ?
-Манай залуус чинь цөөхүүлээ болохоороо бүгдээрээ л хоорондоо найз юм билээ. Яг л нэг ангийн нөхөд шиг байдаг. Ама, Токитэнкү, Моконами гээд л бүгдэнтэй нь л сайн найз шүү. Манай далай аварга Сүхбатын ахын хүүхэд Дайсоген Баярбаттай үй зайгүй найз. Баярбат чинь бүр дэвжээнд нь нүүж ирээд арав хорин хоногоор амьдарч, хамт бэлтгэл хийдэг. Ананд, Баярбат, Хомашё гурав бэлтгэлээ хамт хийгээд л, хоолоо хамт хийж идээд л, их сайн найзууд. Ах монгол бөхчүүд, тухайлбал Кёкушюзан, Кёкутэнхо, Кёкутэнзан нарыгаа их хүндэтгэдэг. Япон бөхчүүдтэй ч найзлана. Жүрёгийнхон цөөхүүл болохоор, бас л нэг ангийнхан шиг найзууд байдаг юм билээ. Залуучууд юм чинь инээлдэж хөхрөлдөөд л, тоглоом наадам хийцгээгээд л, амархан найзалдаг. Тэгээд хөгжилтэй л байцгаадаг харагдсан.
Гэхдээ найзалж нөхөрлөнө гээд олон удаа уулзаад, хамт ийш тийш явцгаагаад, ярьж хөөрөөд, наргиж цэнгээд байх боломж хомс шүү дээ. Бэлтгэл сургууль, дэвжээний ажилд ихэнх цаг нь зориулагдана. Гадуур явах нь хязгаартай, ер нь ояката нар шавь нарыгаа нэг их гадуур явуулахгүй байх л санаатай байдаг. Тийм болохоор нэг дэвжээнийхэн сайн найзууд болсон байдаг юм билээ. Бараг нэг гэр бүлийнхэн болсон байдаг.
-Монголдоо хэр их ирдэг вэ?
-Бараг ирэхгүй шүү дээ. Жилд 1 удаа л ирнэ. Мэргэжлийн сүмочин байх гэдэг зоргоор өссөн хүнд маш хүнд ачаа, дарамт болдог. Энд ирэхээрээ тэр хүнд ачаа, дарамтнаасаа салаад нэг их сайхан амарч авдаг юм. Тэнд ч ямар амралт гэж байх биш. Тэгээд ч ижий аав, элгэн саднууд, найз нөхөд, эх оронтойгоо учирна гэдэг чинь ёстой л жаргалын оронд ирсэн юм шиг санагддаг байгаа юм.
Ирэхээр нь үс нь хөөрхөн асуудал үүсгэнэ. Өдөр бүр үсчнээрээ арчлуулж, янзлуулж байхгүй бол болдоггүй юм билээ. Үснийх нь тос хатаад, үс нь хатуураад сонин болж байгаа юм. Унтахад ч хатуурсан үс нь хэлбэр дүрсээ алдаад сонин болчихдог. Аргагүй үсээ задалж угаана. Нөгөө хатсан тос нь арилахгүй, бүтэн том шампунь хэрэглэж байж, арай гэж арилгаж байгаа юм.
Тэгээд л ардаа боочихоод явна. Японд бол тэгж яасан ч болохгүй. Самуурай хүний сүр сүлд, хийморь шингэсэн, бараг шүтээн болсон зүйл гэж сүмочны үсийг үздэг байгаа юм.
Бид чинь Япон руу явах болохоор нь үсийг нь ёсоор нь самнаж өгч явуулах гээд гэр бүлээрээ л бужигнана. Явах болохоор дандаа л бөөн ажил төрөл овоорчихдогийг ч хэлэх үү, овоо л бужигнаан үүснэ. Хүү маань заавар зөвлөгөө өгөөд л, бид ч тал бүрээс нь хичээгээд л. Эхлээд эвлүүлсхийгээд л явуулдаг байсан, сүүлдээ ч нэлээд дөхүүлдэг болсоон (инээв).
-Та Японд очиж, хүүгийнхээ барилдааныг нь үзэж, дэвжээгээр нь орж явсан биз ээ. Тэр талаар ярьж сонирхуулна уу.
-Би чинь Японд нэг удаа л очиж, 3 хонож байсан хүн. Жүрёгийн найранд нь л очиж байсан. Башё дууссан байсан болохоор барилдааныг нь үзээгүй. Ер нь үзэх боломж байдаггүй. Манай энд макүчигээс бусад зиндааны барилдааныг үзүүлдэг ямар ч суваг гарахгүй юм байна шүү дээ.
Харин бэлтгэл хийхийг нь үзсээн. Ёстой хүчтэй бэлтгэл хийх юм. Асар их эрч хүч, бяр чадал, чимээ шуугиан, тэмцэлдээн, аварга том бөхчүүдийн тулаан нийлээд бүр сүрдмээр. Жаахан харж суухад л бараг ядарчихаж байгаа юм. Цохилцоод л, түлхэлцээд л, түс хийтэл унаж ойчоод л, багш, том бөхчүүд чангаар хашхирч шаардлага тавиад л. Манай хүү олон бөхтэй дараалан их л ширүүн барилдаж байсан.
Эхнэр бүр айгаад, “Биднийг ирлээ гээд ингэж айхтар барилдаад байх шиг байна. Чи хэлж болиул” гэж байсан. Би хийгдэх ёстой дасгал сургууль нь л энэ шүү дээ гэж тайлбарласан. Тэгсэн чинь Ананд руу баахан бөхчүүд хашхираад л, шаваад, дайраад байх юм. Энэ чинь юу болж байна гэж гайхсан чинь “намайг ав, намайг ав” гэж хашхирч овоордог уламжлалтай юм байна. Надтай барилд гэсэн утга л даа.
Би хүүдээ захидаг юм. “Дэвжээний тэргүүн бөх боллоо гээд бусдад дээрэнгүй хандаж болохгүй шүү. Хатуухан шаардлага тавих болбол үгээр л илэрхийлж бай. Шийтгэх болбол гар хүрэлгүй, дасгал хийлгэх ч юм уу тиймэрхүү аргаар шийтгэж бай. Дэвжээнийхэнтэйгээ эвтэй найртай байх хэрэгтэй. Гол нь сайн үлгэр үзүүлж байж л бусдынхаа бэлтгэлийг сайн хийлгэнэ шүү” гэж. Хүү маань ч энэ тал дээр надтай их санал нийлдэг юм.
Дэвжээний тэргүүлэгч бөхөд үүрэг хариуцлага их оногдоно. Бараг л багш болчихож байгаа юм. Ачаалал их нэмэгдэнэ. Доод бөхчүүд амжилт гаргахгүй, алдаа мадаг гаргаад байвал зэм хүртэх жишээтэй.
Сүмо чинь хатуу ширүүн ч гэлээ, тэр байдал нь сайн зорилгын төлөө л байдаг. Тиймээс нэгэн гэр бүл шиг эвсэг дотно л байцгаадаг юм билээ.
-Ингээд танд тавих асуулт маань дууслаа. Сонирхолтой ярицлага өгсөнд баярлалаа.

Ярилцсан Ч.Мөнхбаяр
2006 он

No comments: