Saturday, January 18, 2014

Улаанбаатар-Улаанбадрах: Хамтдаа тэмцэцгээе!


НЭГ

Огторгуйн түнэрт гэрэлтэх дэлгэцээр гагц урсах зам л хөвөрч, эртний хүн гал манах адил суунам. Гэхдээ аян зам ямагт амирлангуй сэтгэгдлийг төрүүлдэг. Тамын тогооноос холдон тагтын диваажин руу дэвшиж ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Ямар сайхан юм болов гэхэд хэлэх үг төдийлөн олдохгүй. Гэвч аялсан л болохоор дурсамжтай.
Тайлшгүй баяслыг 12-р сарын бүлээн намар шингээнэ. Дэндүү нэгэн хэвийн мэт ч давтагдашгүй өнгө үзэмжүүд цаг цагаар жирэлзэхэд гөлрөөд л баймаар. Зүүдэлсэн тал дунд хөөрхөн хот ургах нь Догмидын нутаг Сайншанд. Бас ч гэж Ар Шанд Өвөр Шанд гээд ижил хоёр бөөр шиг ихэр хотон маягтай. Улаанбаатараасаа бараг цухуйж үзээгүй надад Шанд эгэл сонин, кино жүжиг шиг санагдана.
Зуу зуун км-ээр аялах, алхлах, эх орноо гэсэн эв санаагаа нэгтгэсэн, иргэний хөдөлгөөдийн хэмээх мундаг нэр хаягтай нөхөд бид хамгийн тансаг хаад ноёдын өргөө рүү нь давхиад орчихов. Уясан гэгэлзэх сэтгэл хийлийг ураны аюулын тухай яриа тасалдуулан, аялгууны төгсгөл мэт бодит байдал амдвай…

Аймгийн ИТХ-ын дарга нийслэл рүү явсан байв, харин ИТХ-ын НБД Б.Эрдэнэцэцэг бидэнтэй уулзав. Улаанбадрахад ураны хайгуулын 6-16 өрөм ажиллаж байгаа гэх талаар мэдэхгүй, тийм мэдээлэл ирээгүй гэнэ. Шинжилгээний эцсийн дүн гартал хайгуулыг түдгэлзүүлэх төрийн шийдвэр гарсан атал өчүүхэн төдий үл ойшоон үргэлжлүүлсээр буй Кожегоби компанид төмөр нүүр үзүүлэх байтугай, нөгөө юу ч хараагүй, сонсоогүй, хэлэхгүй гэдэг гурав шиг газар бол аймгийн ИТХ бололтой. Эцсийн дүн гээч нь “цацрагаас бус, селенээс болсон” гээд гарчихсан тул Кожегоби ХХК өрөмдсөөр байгаа нь зөв ч юм шиг зүйл хэлчихэв үү, яав, Эрдэнэцэцэг дарга. Тэгсэн хэрнээ “аймгийн ИТХ-ын түдгэлзүүлэх шийдвэр хүчинтэй хэвээрээ” гэх юм.

АИТХ-ын НБД Б.Эрдэнэцэцэг бидэнтэй уулзав

Шинжилгээний эцсийн дүнгийн талаар ЗГ-аас та нарт албажсан мэдээлэл өгсөн үү” гэхэд “өгөөгүй, сонин хэвлэлийн мэдээнээс харсан, бас Н.Алтанхуяг сайд замын нээлт дээр тэгж хэлж байсан” гэв. Улаанбадрахад ураны хайгуултай холбоотой олон зөрчил гарсан, цацрагийн зөрчлүүд ч илэрсэн, мал цацрагаас болж хордож байгааг гурван эрдэмтэн баталж “бидний дүгнэлтийг зассан” гэж буруутгах болсон, ерөнхий сайд “селенээс хордсон” гээд бас нэг зөрчлийг нь мэдэгдчихсэн, орон нутгаас удаа дараалан Кожегобигийн үйл ажиллагааг зогсоох албажсан саналууд, шаардлагуудыг гаргасан, 300 гаруй өрхийн цөмийн эсрэг агуулгатай захидал төрийн өндөрлөгүүдэд очсон, малчид нийслэлд очиж хэвлэлийн хурлууд хийлгэсэн зэргийг ярихад, ИТХ-ын 10 хүнтэй ажлын албанд эдгээрийн талаар ямар ч мэдээлэл байхгүй болохыг Эрдэнэцэцэг дарга өчив. Бид буруугүй, АМХЭГ л лиценз өгсөн ч гэж ухагдахаар зүйл өгүүлэв. Улаанбадрахад очиж ч үзээгүй нэгэн аж.
“Нутгийн ард итгэдийнхээ он жилүүдийг дамнан үргэлжилж байгаа зовлон зүдгүүрийг, тэд албажсан санал шаардлагуудаа гаргаад байхад ч, улс орон даяар улаанбадрахчуудын тэмцлийг дэмжээд байхад ч мэддэггүй, Кожегобигийн хууль бус өрөмдлөгийг зогсоодоггүй хэрнээ; ерөнхий сайд “селенээс хордов” гэлээ гэж сонин дээр мэдээ гарсан төдийд, тэр хүн замын нээлт дээр тийм үг унагасан төдийд, зохих ямар ч албажсан мэдээлэл ирээгүй байхад мэдэхийн дээдээр мэдээд Кожегобигийн өрөмдлөгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж харагдлаа” гэхэд Эрдэнэцэцэг дарга мушгин гуйвууллаа, улс төржүүллээ гэж нэлээд дургүйцэх маягтай байв. Гэхдээ энэ дарга маань, хангалттай мэдээлэл буй нөхцөлд цөмийн эсрэг цогт тэмцэгч болох юм шиг өөрийгөө ойлгуулсан шүү.
Аймгийн ИТХ дахь Улаанбадрахын төлөөлөгч Баярсайхан гэдэг хүн Улаанбаатарт ажиллаж амьдардаг гэнэ. Андуурчихаагүй л байлтай. Төлөөлөгч Баярсайхан 2 өрөм ажиллаж байгаа гээд, бидний ураны эсрэг байр суурийг олон зуун хувиар дэмжиж буйгаа илэрхийлэв. Малчдын байр суурь харин их өөрчлөгдөж, ураныг дэмжигчид нэлээд олон болсныг зовнингуй дурдав.
ЗД П.Ганхуяг гэх, үүдэндээ Фүжи уулын зургийг тахин шүтэх байдалтай залсан эр Японд 8 жил ажиллаж амьдарсан, “Япон” гэх тодотгол хочтой болсон, “Японыг 8 жил, Дорноговийг 8 жил удирдсан” гэгддэг нэгэн аж. “Нээлттэй ардчиллын орон Японд нэлээдгүй олон жил байсан, үзсэн судалсан хүн шүү, би хө. Та нар байж бай” гээд л сав л хийвэл Японыг дурсаад байдаг юм билээ. Биднийг багагүй хүлээлгэн хүнд суртал гаргаж, “яамтай ярьж байна” гэх тайлбар өгүүлж байсан бөгөөд хаалгаар нь шагайсан нэг маань “утсаар яриагүй байна” гэж мэдэгдсэн, үнэндээ бол мань хүн иргэний хөдөлгөөдөд няцаалт өгөх бэлтгэлээ л хангаж суусан юм билээ л дээ.
Эрдэнэцэцэг даргаас эсрэгээр, бүхнийг мэдэж байгаа хүн болж таарав. Харин үнэн худлыг нь дэнсэлчихсэн гэнэ. Тэр нь их амархан ажил байдаг юм байна, ТББ-ын үг бол худал, ТБ-ын үг бол үнэн. Төрийн үгийг бас туйлын үнэн, туйлын бус үнэн гээд дансалчихдаг юм билээ. АИТХ-ын 2013.7.31-ний 48-р тогтоолд Кожегобигийн “…үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсүгэй…”, “…шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллахыг аймгийн засаг даргад (П.Ганхуяг) даалгасугай…”, “…тогтоолын хэрэгжилтийн талаар хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын НБД Б.Эрдэнэцэцэгт үүрэг болгосугай…” гэж байгаа юм. Энэ хоёр хүн л тогтоолыг хэрэгжүүлэх ёстой юм билээ.

Засаг дарга П.Ганхуягийн өрөөнд

Даанч П.Ганхуяг дарга “Би ч бас ТББ-тай хүн шүү. Бичиг үсэг гаргадаг хүн шүү. Та нар наад юмаа уншаад ярьж бай. Лиценз түдгэлзүүлэхийг холбогдох байгууллагад хүргэж ажилласугай гэж байгаа биз дээ” гэчихсээн, нөгөө тогтоолынхоо хамгийн биед амар гэж ойлгогдохоор хэдхэн үгийг заагаад сууж байгаа юм. Ингэж юм уншдаг, бичиг үсэг гаргадаг бол хэцүү л байна. Холбогдох байгууллагад бичгийг хүргээд өгчихсөн, үүргээ бүгдийг нь биелүүлчихсэн юм байна. Засаг даргын ажлаа зарлага дарга гээд эндүүрчихсэн бололтой юм.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдах гэж байна, асар их эрчим хүч шаардлагатай болно, Монгол улсад атомын энерги хэрэгтэй, холбоогдох “3 улсын гэрээ” ч байгуулагдсан, 4 жилд 18 л гажиг төл гарсан юм байхчивлээ, Японд бол… гээд л авч өгдөг юм билээ. Гэхдээ бас өөрийгөө ураны эсрэг уран тэмцэгч гэж ухуулж байдаг шүү. Даанч, биднийг гарсны дараа АИТХ нь түүнийг огцруулж орхисон. Ташрамд, бидний хүсэлтээр АИТХ ураны асуудлыг хэлэлцсэн болно.
Аймгийн удирдлагын ордны нэгэн өндөр байр суурин дээр байдаг хүн Даланжаргаланд цөмийн хаягдал булсан байхыг үгүйсгэх аргагүй гэж хэлсэн билээ. Бид Даланжаргаланд хоносон агаад, нутгийнхнаас энэ талаар бас асууж лавласаан, цөмийн хаягдал булсан гэх баримт баталгаа олдоогүй. Гэхдээ өөр баримт бий. Монгол улсын ЗГ-ын 2012-2017 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт, “Даланжаргаланд цацраг идэвхт хаягдлыг хадгалах, боловсруулах, булшлах байгууламжийг барих (2013-2014 онд)” байж л байсан билээ. Тэгэхлээр Даланжаргаланд юу ч болсон байж болох.


ХОЁР

Хамарын хийдээс Улаанбадрах хүртэл хусмал зам гэх нэртэй элий балай үзэгдэл эхлэв. Машинаар давхих бүү хэл, явган хүн алхахад зүдэрмээр, танкны гинжийг төсөөлүүлэм арзгар сарзгар “зам” гэж байх юм. Заримдаа хөл бөмбөгийн талбай шиг өргөн болчихно. Дэлхийн хамгийн муу замуудтай орнуудын тухай Don’t Drive Here гэдэг цуврал баримтат кинонд Монголыг үзүүлдэг. Тэр кинонд танилцуулсан Монголын муу зам гэдэг нь үүнийг бодвол зөөлөн хивс л гэсэн үг. Микроавтобусын жолооч гаслан харуусах нь аргагүй. Суугаад зорчихоор тааз мөргөчих гээд, хэвтэхлээр тархи доргичих гээд, юун хоорондоо хүүрнэлдэх, юм үзэж харах. Гэмтэж бэртээгүй нь их юм.


Машины маань дугуй хагарч салбараад бараг юу ч үгүй болсныг санаандгүй мэдэцгээв. Тэр их пижигнээн донслоон дунд анзаарах ямар ч сөгөөгүй байж. Хэрэв дахин дугуй хагарсан бол хээр лүглийн сууцгаах мундаг том шувуудын гүнцэг болох байв. Ер нь төөрөх, элсэнд шигдэх гээд л эрсдэлтэй зүйл бишгүй тохиолдсон доо. Тэр дарга нарын бүлт бүлт үсрээд байгаа үсрэнгүй хөгжил гэдэг хувийн амьдралд нь л байдаг байх. Хөдөө нутагт үзээд өгье гэсэн ч үсрэнгүй хөгжил нь ажиглагдсангүй, харин ч XXI зуунд ийм юм байдаг аа бас гэж алмайрахын дээдээр алмайран гайхаж явлаа л.
Эцсийн эцэст харанхуй, хүйтэн хоёрын завсраар “Улаанбадрах” гэсэн бичиг үзэгдэхүй уужим амьсгал авцгаав. 1500 хүн амтай, 11 370 ам км нутагтай, 1 ам км-т 0,14 хүн оногдох нягтшилтай, 86 мянган малтай энэ сумыг өдгөө Монголд мэдэхгүй хүн үгүй болжээ.
Цувж гарсан гурван багийнхан хөөр баяр, дуу шуугиантай уулзацгаав. Хөдөөгийн цайны газрыг дүүргэн сууцгааж, уран цөмийн эсрэг яриагаар нураах дөхөж, “No Nuke” кафе гэж хошигнон нэрлэцгээв. Анд нөхөдтэйгээ нэгэн зорилгын төлөө нижигнэж явах сайхан юм. Нэгдэн нийлж “Урангүй Монгол” хөдөлгөөн байгуулах ч боллоо.
Түрүүлж ирсэн багийн нөхөд маань 7-8 малчин айлаар оржээ. Идэш төхөөрч бэлдэх үеэр таарсан агаад, энэ нутгийнхан малынхаа гэдэс дотрыг хаяхаас өөр аргагүй болсныг нүдээр үзэн үнэмшжээ. Бярууны уушиг цагаан, өнгөртэй, элэг цагаан өнгөртэй, бараан толбуудтай, хонины уушиг бараан толбуудтай, элэг цайвар өнгөтэй, ямааны элэг цайвар өнгөртэй байсныг гэрэл зурагт буулгаснаа үзүүлж байв.

Хоёр толгойтой хурга

Баярбат малчныд уушиг цусан судлуудтай, хүүдийт идээтэй, цөс наалдсан, уулинхайгаас хүүдийтэй идээ гарч буйг бичлэгт буулгажээ. Нэгэн малчин эмэгтэй хоёр ишиг зүв зүгээр байж байснаа гэнэт амнаасаа хөөс сахруулаад үхсэнийг, малчин эр нүдгүй ботго, цусан улаан нүдтэй ботго гараад үхсэн, холбогдох хүмүүс цаг алдалгүй арга хэмжээ авч чаддаггүй, их л бодож учир битүүлгээр үхсэн малын сэг илжирч салбарсан хойно ирээд шатааж булаад явдгийг өчсөнийг мөн бичлэгт үлдээжээ. Малчин Норсүрэн насаараа амьдарсан нутгаасаа холдон нүүсэн тул уулзаж амжаагүй аж. “Мал цацрагийн хордлогоос шалтгаалж үхсэн” гэх тодорхойлолтын цорын ганц үлдсэн хувийг малчин Норсүрэн хадгалж байдаг гэх агаад, сүүлийн үед харин түүнийг “тугалууддаа хугацаа нь дууссан, хятадын таргалуулах тариа хийж алсан нь тогтоогдов” гэж хэвлэлээр гүтгэн дайрч, ер нь яаж ч хэлмэгдүүлж болзошгүй болсон гэнэ. Гэтэл малчин Норсүрэнгийн малын хорогдлыг шинжилж судлахдаа дотоодод хуурамч дүгнэлт, гадаадад хуурамч материал гаргасан сурагтай.
Улаанбадрахад оготно зурам, туулай гээд мэрэгч амьтад бүгд үхсэн гэнэм. Мөнхийн булагт могой үхсэн тул лам нар лус хилэгнэсэн байна, уул усаа тахиж болохгүй болж шүү гэжээ. Аварга могой орогнодог байсан, оросууд нэгийг олж, хүнд даацын урт тэрэгт ачаад сүүлийг нь унжуулан газар чирээд аваад явсан гэх энэ нутагт өдгөө амьд могой үлдээгүй байж мэднэ. Тахилгат Баянбогд ууланд ураныхан өрөм тавиад хөөгдсөн юм билээ. Ер нь малчид руу улам наашлаад л, гэрийг нь өрөмдчих гээд байдаг гэнэм.
Өнөөдөр Улаанбадрахад хүмүүс учир битүүлгээр өвдөх нь их болж, асуудал шинэ шатанд гарчээ. Дарга нар хүн үхээгүй тул проблем алга байна гэчих гээд байдаг. Тэгвэл тэдэнд хэрэгтэй хүний үхэл үүсэж ч мэдэх нь. Үнэндээ хүн бие барсан ч тэд проблем гэж үзэхгүй. Зохих бэлтгэлээ ч хангаж байна. Учир битүүлэг өвчлөлийг “хамууны шинж тэмдэг, сүүлийн үеийн хамуу ийм болчихсон шүү дээ” гэжээ. Аргалант багт маажуур загатнаа дэлгэрэнгүй болж. Баянбогдод нэгэн малчны үс халцарч, арьс цоохортжээ. Улаанбадрахын хүн ардад учир битүүлэг өвчлөлүүд тохиолдсоор.
Элэгний өвчлөл элбэгшиж байна. Улаанбадрахад ажилласан малчин Г.Ариунболдынхон гэр бүлээрээ элэгний хүнд өвчтэй болжээ. “Ерөнхий сайдын ажлын хэсэг 10 гаруй айлын 30 хүнд үзлэг хийхэд тэн хагаст нь элэгний өвчлөл илэрсэн, ер нь бол өвчтэй хүний 4/5 нь элэгний өвчтэй байдаг болж байгаа, үнэтэй эм тариа хэрэглэдэг ч заслыг олохгүй байгаа хүн олон” гэж малчин Пансалмаа ярив. Нялх хүүхдийг ингэний сүүгээр угжихад хоёр сарын хугацаанд элэгний өвчтэй болжээ.
Кожегоби компанийн ойролцоо нутагладаг (10 км орчим зайтай) айлын зургаан настай хүү явж чаддаггүй, сонсдоггүй, ярьдаггүй аж. Ойр зуурын газар өвдөг дээрээ зорчиж, гэр орныхондоо тус дэм болохыг чармайж буй хүүг үзээд нөхөд маань нулимсаа барьж чадаагүй аж. Улаанбадрахад урьд үзэгдээгүй гамшиг болж байна.
Арай гэж дуу шуугианаа намжаан, айлуудад таран хоноглохоор явцгаав. Зочломтгой нутгийн айлуудад бас л цөмийн эсрэг яриа хөөрөө өрнөнө. Улаанбадрах цөмийн эсрэг тэмцлээр амьсгалж байна.


ГУРАВ

Маргааш өглөө нь сумын удирдлагынхантай өргөн хэмжээний уулзалт хийв. ИТХ-ын дарга нь УБ руу явчихсан байсан агаад, харин сумын ЗД Б.Ганзориг ард иргэдийнхээ зовлонг ойлгодог, эрх ашгийг илэрхийлдэг, эх оронч хүн юм гэж бодогдов. Уулзалтад оролцсон орон нутгийн захиргааныхан (тухайлбал багийн дарга нар идэвхтэйгээр) Кожегоби ХХК 2010 оны 12-р сараас 2011 оны 6-р сар хүртэл туршилтын олборлолт-баяжуулалт явуулснаас хойш зөрчил, сөрөг нөлөө эрс ихэссэн, компаний тусгай зөвшөөрөлтэй талбайд малчдын өвөлжөө хаваржааны бэлчээр, ус худаг орчихсон, мянга мянган цооног, олон салаа зам байгаль орчныг их сүйтгэсэн, тоосжилт асар их болсон гээд л олон жишээ хэлж байв.

Сумын удирдлагатай уулзлаа

Сумын ЗДТГ төрийн бусад байгууллагуудтай хамтран 2012.5-р сард үзлэг шалгалт хийхэд: таван талбайд хайгуулын төлөвлөгөө батлуулаагүй, зөвшөөрөлгүйгээр хусмал болон хуурмаг зам гаргадаг, тоолуургүйгээр худгаас ус авч ашигладаг, заг сүйтгэдэг, халцгай газар үүсгэдэг, ногоон байгууламж байгуулдаггүй, орон нутгийнхныг гэрээгүй, хөдөлмөр хамгаалалтгүй, тусгай хувцасгүй, хяналтын багажгүйгээр ажиллуулдаг, Зөөвч Овоогийн талбайд зөвшөөрөлгүйгээр шавар асгадаг, зөвшөөрөлгүйгээр шавар зуурах нүх, өрмийн худаг Зөөвч Овоод гаргасан (“франц хүн тэг гэсэн” гэх л тайлбарыг өмнөөс өгдөг), тусгай хамгаалалттай газруудыг талбайдаа авсан зэрэг олон зөрчил илэрчээ. Өөр үзлэг шалгалтуудаар ч илэрсэн зөрчлүүд бий.
Баянбогд, Нүдэн, Аргалант багуудын Багийн иргэдийн нийтийн хуралд (БИНХ) оролцсон иргэдийн зүгээс удаа дараалан тавьсан, Кожегоби ХХК-ийг орон нутагтаа ажиллуулахгүй гэсэн саналыг тус компани удаа дараалан үл ойшоосоор иржээ. Аймгийн тусгай хамгаалалттай (1997 оноос) тахилгат Баянбогд уул орчмын нутгийг талбайгаас буцаах, сумын тусгай хамгаалалттай (2006 оноос) Хар загийн нутгийг талбайгаас чөлөөлүүлэх орон нутгийн удирдлагын саналууд ч үр дүнд хүрээгүй байна. Кожегоби компанийнхныг уулзъя, хэлэлцье гэж урихад ирдэггүй.
Сумын хорогдсон малын судалгааг үзвэл 2010 оноос өмнө бол цөөн (2008-14, 2009-8), харин 2010 онд 2885, 2011 онд 207, 2012 онд 325 болсон байв. 2010 онд туршилтын олборлолын бэлтгэл ажилтай холбоотойгоор олон мал хорогдсон байж болох юм, судлах хэрэгтэй гэж нөхөд ярилцацгаав. Аймгийн даргын “Гажиг согогтой төлийн дөрвөн жилийн судалгаа” гэсэн нь хоёр жилийнх юм байна. 2012-13 онд хоёр нүд сохор, атанга, үсгүй, хүн толгойтой, эрүүгүй, дутуу эрүүтэй, явж чадахгүй, уруул сэтэрхий, гурван хөлтэй, хоёр толгойтой зэрэг 18 төлийн гажиг согогийг албан ёсоор баталгаажуулсан юм байна.
Орон нутагтаа ураны хайгуулыг зогсооё гэж Сангийн далай багийн 221, Баянбогд багийн 197, Аргалант багийн 164, Нүдэн багийн 185 малчин эв санаагаа нэгтгэн шаардаж, гарын үсэг, регистрийн дугаараараа баталгаажуулжээ. Сумын ЗД Б.Ганзориг 2012.10.26-нд төрийн өндөрлөгүүдэд ураны хайгуулыг зогсоох саналыг албан ёсоор тавихдаа малчдын шаардлага, гарын үсгүүдийг хавсарган илгээсэн байна.
ИТХ-ЗДТГ-ынхантай уулзсаны дараа, Улаанбаатараас Улаанбадрахыг зорьсон 26 хүмүүн сумын ард иргэдтэй уулзлаа. Манайхан илтгэж, ухуулж, танилцуулж, уриа уухай хадааж, бөөн чимээ шуугиан дэгдээж, зэрэг зэрэг чөлөөт индэр ажиллуулж, санал гомдлыг бичиж авч, шар лоозонгууд байрлуулж, ногоон туузаар танхимыг ороож, гарын үсэг зуруулж, арай л цөмийн эсрэг дуулж бүжиглэсэнгүй. “Голомт” хөдөлгөөний Т.Минжүүр ах маань индэр ширээнээ, яг өмнөө айдас төрүүлэм зүрх тавьчихаад ажиггүй хүүрнэх нь аргагүй сүрдэм.
Нутгийн малчид болон цөмийн эсрэг идэвхтнүүд их л зүйл ярилаа.

Малчин Б.Батзориг тэмээний уушиг үзүүлж байна

“Манайх Зөөвч-Овоо хавьд нутаглаж байсан, 2013 он гарсаар арваад тэмээ янзалсан, нэг нь ч хэвийн уушигтай байгаагүй, элэг нь цагаан толботой, салаалсан байдаг, нэг сайхан бүдүүн ингэ арван хэд хоног хэвтэж байгаад үхсэн, нэг тэмээний уушиг хар толботож, хэд дахин томроод, цээжиндээ багтахаа байсан, нэг үнээнээс амьгүй, өөр үнээнээс гилжгий тугал гарсан, цаашдаа малчин биднээс мах авахгүй болж, амьдрах аргагүй ч болох янзтай” (малчин Б.Батзориг аварга том уушгийг үзүүлэн ярив), “Кожегоби суманд жаал жуул юм өгч, зарим хүнийг 700-900 мянган төгрөгийн цалинтай ажилдаа авч, улаанбадрахчуудыг бас хагалаад хуваагаад байх юм, тэнд ажилласан цөөн хүн эрүүл мэндээрээ хохирдог, тэгээд ураны эсрэг тэмцлийн эгнээнд шилждэг, гадаад улсуудад цаазлуулах ялтай хоригдлууд, хэлмэгдэгчид, колони орны нутгийн ядуучуудыг ураны уурхайнуудад ажиллуулдаг юм гэнэ билээ, улаанбадрахчууд аа битгий тэр хортой ураны уурхайд ажиллаж байгаач ээ” (малчин А.Авирмэд), “Манай суманд тэр ардчилсан орны хүний сайхан сайхан эрхүүд байтугай, амьд явах эрх алга болж байна, ураны хор хойч үед бүр илүү нөлөөлнө” (малчин П.Пансалмаа).

Сумын ард иргэдтэй уулзах үеэр

-Гажигтай 100 гаруй төл, маш их гажигтай 20 гаруй төл гарсан шүү. Үхсэн мал бол хэдэн зуу, бүр мянга хүрсэн байх. Тэр 18 гажигтай төл гэдэг бол мэргэжлийн хүн ирээд, богино хугацаанд цөөн хэдийнх нь зургийг нь авч баталгаажуулсан тоо.
-Өрөмдөж байгаа улсаас асуухад одоо 300м өрөмдөөд байна, цаашдаа 200м өрөмдөнө гэсэн. Ийм байхад юу эс болох вэ. Хаанаас гэв гэнэт селен, сурьма, зэс гараад ирэв? Яагаад гэнэт хордуулаад эхлэв? Уранаас болж мал үхээгүй л гэнэ, тэгвэл ураны хайгуулаас болж үхээд байгаа юм биш үү?
-Улаанбадрахад УИХ-ын гишүүн Оюунбаатарын төрсөн ах амьдардаг, мал нь үхсэн. УИХ-ын гишүүн Батсуурийн бас төрсөн нутаг, Батсуурь Норсүрэн хоёр төрсөн ах дүүс ч гэж дуулдсан. УИХ-ын гишүүн асан Шаравдоржийн төрсөн нутаг. Энэ хүмүүс төрсөн нутгаа сайн хамгаалах хэрэгтэй.
-Малчин бид мөнгө төгрөг нэхээгүй. Бидэнд эх нутаг, газар шороог минь л эрүүл болгож өг! Хэрэв "үгүй!" гэвэл бид эх нутгийнхаа төлөө эрслэн тэмцэж чөлөөлнө өө!
-ИЗНН-ын дарга С.Оюуныг шар нунтгийг дэмждэг, “ногоон” намын цорын ганц дарга гэж Гиннесийн номд бүртгүүлье. Энд цацрагийн хордлого байхгүй юм бол ерөнхий сайдад Улаанбадрахын мах идүүлье, Төрийн Ордонд Улаанбадрахаас мах ус нийлүүлье, ЦЭГ-ын даргад Улаанбадрахын шороонд тарьсан цэцэг өгч тасалгаанд нь тавья, ЦЭГ-ын үүдэнд Улаанбадрахын шороогоор цэцгийн мандал байгуулж өгье.
-Цөмөөс болж хохирсон малчдыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг олгох итгэмжлэлийг “Урангүй Монгол” хөдөлгөөнийхөнд өгцгөөе!
-Та нарыг ирэхэд тэр бүрий үзэгдээд байдаггүй аргалиуд тосон гарч ирсэн. Энэ бол байгаль дэлхий “хамгаалаач” гэж хэлж буй хэрэг гэж уулзалтад оролцогсод ярьж байлаа.

Сумын иргэдтэй уулзаж буй клубын гадна

Цаашид Кожегоби ХХК дээр очиж, ураны хайгуулыг зогсоох шаардлага тавин цуглаан хийх ажилтай байсан тул нийслэлийн “гийчид” яаран хөдөллөө. Харин нутгийнхан хуралдаж, ураны хайгуулын эсрэг шийдвэр гаргана гээд үлдсэн сэн.
“Гал үндэстэн”-ий Я.Хундаганаа ах маань хошин шогийг урсгаад, Хохирогчдын холбооны Ц.Энхбаяр ах том том сэдвийг хөндөөд, Богд уулын уугуулуудын холбооны Г.Алтанцэцэг дүрэм-ёс зүйг хариуцаад, “Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе!”-ийн Г.Нармандах ерөнхийд нь дүгнээд, “Тунгаа” төвийн Д.Лхагвадорж ах байр сууриа баттай илэрхийлээд, Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбооны Н.Энхбуянт ах Мөнх Тэнгэр, зөн билигтэй холбоод, “Тэнгэрийн суут Монгол”-ын М.Баатархуяг дайчин уриагаар зоригжуулаад, “Голомт” хөдөлгөөний Т.Минжүүр ах эрдэм ухаанаар цэнэглээд, “Монголын дуу хоолой”-н Ш.Түвдэнбалжир арван хуруу тэгш гэлтэй арваад ажил зэрэг гялалзуулаад, “Гринпис Монголия”-гийн Х.Бээжин өдрийн газрыг цагаар товчлон үе үе “нисээд”, “Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө!”-гийн Л.Сэлэнгэ Танзани Монголын цөмийн нөхцөл байдлыг харьцуулан яриад, Үндэсний ногоон хөдөлгөөний А.Саруул өөдрөг байдлаа түгээгээд, Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны Ц.Туяацэцэг энэ бүхнийг хуулийн үүднээс баталгаажуулаад, “Босоо Монгол”-ын Мөнх-Эрдэнэ, Булганбаяр нар үндэсний үзэл дэлгэрүүлээд, ажлын албаны Соёл-Эрдэнэ зураг авч, бичлэг хийн баримтжуулаад, ТВ9, “Эко”, “Роял”, “Малчин” ТВ-үүдийн шижигнэсэн залуус ийш тийш эрэн сурвалжлаад, хоёр жолооч маань хосгүй замтай үзэлцээд, ээ дээ мөн уйдах чөлөө өгөхгүй юм билээ. Морьтой бөгөөд завтайсан бол энэ нөхөдтэйгөө Монгол орон даяараа хэрэн сүлжээд л яваад баймаар.
Чингээд Кожегоби ХХК-ийн гадна буюу, Дулаан-Уулд ирлээ. Тус компанийнхантай уулзъя гэтэл оруулдаггүй шүү. Харин гурван хамгаалагч шууд л зэрэг зэрэг зураг бичлэг аваад эхлэх юм. Сүүлд нь мань хэдтэй компани хариуцлага тооцох юм уу яах юм. Хоёр идэвхтний маань талаар зун цагдаад гомдол мэдүүлсэн л байсан.
Ажлын цагаар ирсэн биднийг оруулахгүй, хэнтэй ч уулзуулахгүй байсаар байтал ажлын цаг ч дууслаа. Компанийнхантай уулзахын тулд 14 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой гэнэ. Франц улсад зорчих виз авахын дайтай юм болдог байх нь. Ийнхүү харийн компани Монголд бие даасан вант улсаа байгуулж, харин бид өөр улсын хилийг давах гэсэн мэт л өндөр хаалт хоригтой тулан зогсоно. Мэргэжлийн хяналтын газрын (МХГ) хүн ирээд ч орж чадаагүй.”МХГ манайхыг хянах эрхгүй” гэж цаанаас хамгаалагчиддаа хэлсэн шиг билээ. Уг нь хянах эрхтэй л юмсанж. “87 хоног осолгүй ажиллалаа!” гэж бахархан мэдэгдэж самбар босгосон улсыг хянаж байгууштай.

Дулаан-Уул дахь цуглаан

Гэхдээ бид зүгээр зогссонгүй. Зүгээр зогсох ч арга алга, энэ хүйтэнд. Ураны хайгуулаа зогсоо гэсэн шаардлагаа тавьж, хоолой нийлүүлэн хашхирч, уриа лоозонгоо дэлгэж, хашаа хаалгыг нь балбаж, ширүүхэн л цуглаан хийлээ дээ. Маргааш нь харин Кожегоби ХХК өрөмдлөгөө зогсоосоон.
Дараа нь бид Зөөвч Овоо дахь хаягдлын талбайд очлоо. Энд харин хашааных нь үүд онгорхой хамаг юм задгай. Өрөмдлөгийн хаягдал шавар шороог бөөгнүүлдэг юм байна. Хэн ч харж хамгаалдаггүй юм байна. Олон золбин ноход өмнө хойгуур өрвөлзөн эргэлдэнэ.Овоолго шороо нь хаашаа л бол хаашаа хийсэж тарах нь чөлөөтэй. Шавар ус нь л лав цаашаа наашаа нэвчүүлэхгүй гэсэн хамгаалалттай эсэх нь мэдэгдэхгүй юм. Цацрагийн хэмжилт хийхэд хэвийн төвшнөөс хэтэрсэн байв. Хэтэрхий зочломхой талбайгаас шинжлүүлэх дээжүүд аваад бид одлоо.
Урт нэртэй хуулийн хэлэлцүүлэг маргааш болох гэж байна гэх мэдээлэл ирсэн тул Улаанбаатар руу яарлаа даа. Ураны хайгуулын талбайгаас гарангуут л Хятадын Доншен компаний олон олон нефтийн цооног, хүнд даацын автомашинуудтай тохиолдох юм билээ. Доншений талбайгаас гарахад нэг ч хүн суудаггүй орон сууцны барилгууд эгнэсэн, сөнөж мөхсөн байгууламжууд хөвөрсөн, алдарт бассейн нь ч хатаж сөнөчихсөн, хөл хөдөлгөөн, гэрэл гэгээ  үгүй, хий үзэгдэл-хот Зүүнбаян угтав…
Хязгааргүй олон одод, хязгаартай урт аян, зовнил, итгэл, хүлээлт, маргаан, догдлол, амгалан, хөл шигдсэн элс, цэвэр агаар, жинхэнэ малчид, жинхэнэ монголчууд, эв санааны нэгдэл, Улаанбадрахын өдөр шөнө, шөнийн жагсаал цуглаан, шөнийн гэрэл, харих зам, халуун яриа, ая дуу – ээлжлэн халагдан нүдэнд үзэгдэнэ. Мартагдашгүй өнгө аястай, үзэсгэлэнт байгалийг эгэлдэргэлсэн жижиг суурин “хаалга задгай Шамбалын хаанаас нь ч орж болно оо” гэсэн найрагч дүүгийн үгийг санагдуулнам. Тэнд өнөөдөр асуудал бэрхшээл их байна. Хүн ард нь эмзэглэл түгшүүртэй ч, бэрхийг даван туулах, ялах эрмэлзлээр дүүрэн байна. Монголчууд эв санаагаа нэгтгэвэл, даян дэлхийнхний “Монголд байж болно” гэж таамаглаж эрж хайж байдаг Шамбалын орныг ч эх орондоо цогцлоож болно оо.
Улаанбадрахтай удахгүй ахин золгоно.


Ч.Мөнхбаяр
УБ-Сайншанд-Улаанбадрах-УБ.
ММXIII.XII.VII


ХАВСРАЛТ

Ураны хайгуулыг зогсоох талаарх танилцуулга

Монгол улсын 11 аймагт ураны 100 орчим хайгуулын, дөрвөн ашиглалтын лицензийг гадаадын (эсвэл гадаадын оролцоо давамгайлсан) 18 компани эзэмшиж байна. Үүн дотор, Дорноговь аймагт 35, Дорнод аймагт 27, Сүхбаатар аймагт 20 лиценз олгогджээ. Монгол дахь ураны хайгуул нь их хэмжээний сөрөг нөлөөтэйгээр явагдаж байгаа юм.
БНМАУ-ын үед Дорнодын Мардайд ЗХУ уран олборлож байсан. Энд зохих нөхөн сэргээлт хийгдээгүй, ойр хавьд нь оршин суугчид цацрагийн төвшин хэвийн хэмжээнээс хэтэрсэн нөхцөлд амьдардаг (зарим айлд 0,41 mSv/h), цацрагжсан барилгын материалыг Мардайгаас татаж хүүхдийн цэцэрлэг барихад ч хэрэглэдэг, цацрагт бодис агуулдаг байсан пинг хашаандаа аваачин ашигласан, хүн ард цацрагийн бодит байдал, хор хөнөөлийн талаар ойлголт муутай зэрэг сөрөг зүйлс их ажиглагддаг ажээ. Энэ мэт нь, Монгол улсад цөмийн хяналт, аюулгүй байдал, урьдчилан сэргийлэлт, мэдээлэлжилт хангалтгүй, өөрөөр хэлбэл ураны хайгуул, баяжуулалт, цөмийн энергийн холбогдолтой үйл ажиллагаануудыг явуулахад нөхцөл бололцоо бүрдээгүйг илэрхийлж байна.
Мардайн ордыг ашиглахаар ажиллаж байсан Канадын “Хан Рисорсиз” компанийн ил задгай овоолго шороон дээр Дорнодын Мардайд ажилласан (2012 оны 8-р сар) “Голомт” хөдөлгөөнийхөн болон японы иргэн Р.Имаока нар хэмжилт хийхэд 10 mSv/h буюу, хэвийн хэмжээнээс 50 дахин хэтэрсэн цацрагийг илрүүлжээ.
Дорнод аймагт хорт хавдрын төвшин улсын төвшнөөс дөрөв дахин өндөр байгаа болно.
Дорнодын Дашбалбар сумын Улааны полиметаллын орд дээр ажилладаг Хятадын “Шинь Шинь” компани гурван жилийн турш уран нууцаар олборлож, хулгайгаар хил давуулж, 1000 орчим ажилчнаа, мөн нутгийн ард иргэд, мал сүрэг, байгаль орчныг хордуулж байсан нь төрийн дөрвөн байгууллагын хамтарсан шалгалтаар илэрч, үйл ажиллагаа нь зогсоогджээ. Гэвч эрх ашгийг нь хамгаалагч албан тушаалтнуудын тусламжтайгаар үйл ажиллагаа сэргээж, ямар ч зөрчил гаргаагүй гэх PR хийж, хариуцлага хүлээлгүй ажилласаар байна.
Дорнодын Хараатын орд дээр ажилладаг “Гурвансайхан” ХХК (70%-ийг нь Канадын “Денисон Майнз”, 15%-ийг нь ОХУ-ын “Геологоразведка” компаниуд, 15%-ийг нь Монгол улс эзэмшдэг) цацраг идэвхт хог хаягдал ил задгай хаясан зөрчил гаргасан.
Тус компани Дундговь аймгийн Баянжаргалан, Өлзийт сумдад (Гурвансайханы орд) ураны хайгуул хийхдээ ураны бохирдол үүсгэснээр 600-700 ямаа үхсэн гэж малчид ярьдаг. Дундговийн Өндөршил суманд Хятадын “Тайшен девелопмент” ХХК ус хайх нэрийдлээр ураны хайгуул хийж, улмаар усыг уранаар бохирдуулж байсныг нутгийн иргэд эсэргүүцэж, БОНХЯ-нд хандан түр зогсоолгож байв (2012).
Хятадын “U 308” компани Улаанбаатараас 70 км зайтай Ар Жанчивлангийн амралтын газрын ойролцоо хууль бусаар ураны хайгуул хийж, хууль бусаар энэ ордтой холбоотой хувьцааг олон улсын зах зээлд борлуулж байв. Жанчивлангийн орд нь Элстэй дэх (Налайхаас цааш байдаг) нийслэлийн ундны усны эх үүсвэрт аюул учруулахуйц ойр юм.
Өнөөдөр Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумдад Францын “Кожегоби” ХХК (“Арева” компанийн охин компани) хайгуул явуулж буй нь олон ноцтой асуудлуудыг үүсгэж ирсэн. Цөмийн эсрэг идэвхтнүүд, ард иргэд, захиргаа хамтран ажилласнаар Улаанбадрах дахь цөмийн хөнөөлийн эсрэг тодорхой тэмцлүүдийг өрнүүлсээр өдий хүрэв. Тиймээс Улаанбадрах дахь ураны хайгуулын талаар бусад газар дахь ураны хайгуулыг бодоход мэдээлэлжилт илүү дээр байгаа болно.

Дорноговийн Улаанбадрах суманд ураны хайгуулын үйл ажиллагаа 15 жилийн турш явагдахад төрөл бүрийн зөрчил гарч, гамшгийн хэмжээнд хүргэжээ. Ялангуяа 2010 оны 12-р сараас 2011 оны 6-р сар гартал туршилтын олборлол, туршилтын шар нунтаг үйлдвэрлэл хийснээс хойш зөрчлүүд эрс ихэсчээ.

“Кожегоби” ХХК-д цөмийн хөнөөлийн эсрэг үзэлтнүүд 2012.10.2-нд Шаардах бичиг өгсөн билээ. Уг шаардах бичигт ураны хайгуул, олборлолтын туршилт хийхдээ гаргаж буй зөрчлүүдээ арилгахыг шаардсан байсан юм.

Хариу болгон илгээсэн 2012.10.15-ны 2012/548 тоот бичигтээ “Кожегоби” ХХК:
-МУ-ын хууль дүрэм, олон улсын стандартын дагуу ажиллаж байгаа;
-уран олборлоогүй, шар нунтаг үйлдвэрлээгүй;
-орон нутгийн төр захиргааны байгууллагаас санал авсны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл авсан;
-ажиллагсаддаа тусгай хамгаалалтын хувцас, хэрэгсэл өгдөг;
-ОУАЭА-ийн хатуу хяналтын дор ажилладаг гэж, ямар ч зөрчил байхгүй, гарч байгаа ч үгүй мэт хариу өгсөн. Бодит байдал эсрэгээр байгаа гэхэд болно. Гэвч "Кожегоби" ийм л худал хариу өгдөг нь бас л нэг зөрчил юм.

2012 оны 5 дугаар сард Дорноговь аймгийн Улаанбадрах суманд, тус аймгийн засаг даргын захирамж, удирдамжийн дагуу төрийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтыг “Кожегоби” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн. “Кожегоби” ХХК, түүний гэрээт гүйцэтгэгч “Уран дриллинг” ХХК, “Ордгео” ХХК:
-төлөвлөөгүйгээр, холбогдох бичиг баримтыг бүрдүүлгэлгүйгээр хайгуулын үйл ажиллагаа явуулсан;
-зөвшөөрөлгүйгээр: хусмал зам тавьсан, хаягдал шавар асгах цэг нээсэн, худаг гаргасан, шавар зуурах нүх ухсан;
-шаардлагагүйгээр олон салаа зам гаргасан;
-заг булгалж сүйтгэсэн;
-туршилтын ISR олборлолт явуулсан талбайд ургамал ургадаггүй халцгай газрууд үүсгэсэн;
-ногоон байгууламж байгуулдаггүй;
-монгол ажилчидтай хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, хөдөлмөр хамгааллын хувцас, цацраг хэмжигч өгдөггүй;
-ойр орчмын өвөлжөө хаваржаануудад төрөл бүрийн гажиг согогтой төл олноор төрөх болсон зэрэг ноцтой зөрчил, үр дагаврууд илэрчээ (сумын ЗД-аас аймгийн ЗД-д илгээсэн 2012.5.25-ны №1/63 албан бичгээс).
-Мөн аймгийн тусгай хамгаалалттай (1997 оноос) Богд уулын талбайг бүхэлд нь буцаах, сумын тусгай хамгаалалттай (2006 оноос) Хар загийг хайгуулын талбайгаас чөлөөлүүлэх орон нутгийн захиргааныхны саналыг,
-Баянбогд, Нүдэн, Аргалант багуудын Багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдийн зүгээс удаа дараалан тавьсан, “Кожегоби” ХХК-ийг орон нутагтаа ажиллуулахгүй гэсэн саналыг үл ойшоосоор иржээ.
Түүнээс хойш удалгүй, 5-р сарын сүүлээр, аймгийн БОХХ-ны салбар зөвлөлийн тэргүүлэгчид Anti Nuclear Movement Mongolia хөдөлгөөний идэвхтнүүд, ТВ9 телевизийнхний хамт очиж ажиглалт хийхэд:
-өрөмдөлтөд хэрэглэсэн бохир ус хадгалах нүхээ гялгар уутаар доторлосон ч, тэр нь урагдаж цоорон, бохир ус хөрсөнд шингэж байсан,
-өрөмдлөг хийж буй газарт ашиглаж буй усанд цацрагийн хэмжээ байгальд байвал зохих хэмжээнээс 4 дахин их байсан (0,52-0,80 mSv/h) зөрчлүүд нэмж илэрчээ.
Удалгүй “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн уг газар очиж ажиглалт хийхэд, өмнө яригдсан зөрчлүүд ажиглагдсан байна.
2012 оны 8-р сард Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Засаг даргын ажлын албанаас зохион байгуулж, шалгалтын баг гарган, Зүүнбаян баг дахь “Кожегоби” ХХК, түүний гэрээт гүйцэтгэгч “Говьгео” ХХК-иудын үйл ажиллагаатай танилцахад:
-цооног тус бүрийн байршлыг харуулсан зураглалгүй;
-цооногуудыг өрөмдөж дууссаны дараа хүлээлгэж өгөх ажил хангалтгүй;
-шаврын цэг дүүрснийг цэвэрлээгүй;
-байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний энэ жилийн зардлын 50 хувийг орон нутгийн дансанд оруулаагүй зэрэг зөрчил илэрчээ (Багийн ЗД Ц.Эрдэнэчимэгийн танилцсан, 2012.8.24-ний илтгэх хуудсаас).
2012 оны 10-р сарын 26-нд Улаанбадрах сумын ЗД Ганзориг нутгийн ард иргэдийн хүсэл зоригийг илтгэн, ерөнхийлөгч (№1/140), ерөнхий сайдад (№1/141) уран хайх, олборлохыг зогсоох албан ёсны саналыг тавьжээ. Саналд ураны хайгуулыг эсэргүүцсэн малчдын гарын үсэг дагалджээ (Гарын үсэн цугласан огноо 2012.10.23, Аргалант багийн 164, Баянбогд багийн 197, Нүдэн багийн 185, Сангийн далай багийн 221 малчны гарын үсэг).
2012 оны 12-р сарын 27-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сэжигтэйгээр үхэж байна (Улаанбадрах сумын Аргалант багийн нутаг дэвсгэрт) гэсэн мэдээллийн дагуу Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ), Цөмийн энергийн газраас хүмүүс очсон. Бяруу олноороо үхэх болсон шалтгаан ураны хайгуултай холбоотой гэж тогтоогдоогүй, холбоогүй ч гэж тогтоогдоогүй аж. Гэхдээ ураны хайгуултай холбоотой байх магадлал өндөр байлаа. МБОИЗ-өөс 2013.1.4-нд хэвлэлийн хурал хийлгэж "химийн бодисын хордлого байх магадлалтай, өрөмдлөгийн аюулгүй ажиллагаа алдагдсан байх магадлалтай" гэж мэдэгдэв.
2013.1.8-нд Байгаль орчин, ногоон хөгжлийн яаман (БОНХЯ) дээр болсон БОНХЯ, МБОИЗ, ЦЭГ-ын төлөөллийн уулзалт дээр, тус компанийн үйл ажиллагаанд өргөн хүрээтэй шалгалт хийх асуудал шийдэгдсэн болно (энэ шалгалт хийгдээгүй хэвээр өдий хүрлээ).
Ер нь “Кожегоби” ХХК-ийн ураны хайгуул хийдэг талбайнуудын орчим нутагладаг малчдаас, компанийн үйл ажиллагаанд гарсан олон тооны зөрчлийн талаар байнга дуулдсаар ирсэн. 2012.3.10-нд Улаанбадрах сумын малчидтай уулзахад гажиг согогтой төл суурь болгонд төрж байна, урд эрүүл сайхан нутагт минь ийм зүйл тохиолдож байгаагүй гэж ярьж байсан.
2013 оны 3-р сарын 11-нд Мал эмнэлэг, үржлийн газраас (МЭҮГ),  Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) болон Геологийн төв лабораторид 2012.11.28-наас 2013.1.31-нд малчин Д.Норсүрэнгийн сууринд 19 тугал учир битүүлгээр эндсэний шалтгааныг тодруулах зорилгоор Улаанбадрах сумаас авчирсан дээжис материал дээр цацрагийн болон хүнд элементийн агуулга тодорхойлох шинжилгээг хийсний дүнд цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэж тогтоолоо гэсэн утгатай "Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн тугал үхэж хорогдсон шалтгаан, дүгнэлт"-ийг гаргаж, товчийг нь 1111 албаны мэдээлэл дээр нийтлүүлжээ ("Дүгнэлт гаргасан: МЭҮГ-ийн мэргэжилтэн Д.Батцэнгэл, УМЭАЦТЛ-ийн тасгийн дарга, эмгэг судлаач С.Цэрэнчимэд, биохимич, хор судлаач П.Оюунсүрэн" гэжээ).
Удалгүй МЭҮГ, УМЭАЦТЛ-ын удирдлага уг тодорхойлолтыг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн агаад, ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговьт ажиллах болсонтой холбогдуулж тодорхойлолтыг яаран зассан гэж цөмийн эсрэг үзэлтнүүд сэжиглэдэг. Ерөнхий сайдыг Дорноговьт ажиллахад цөмийн холбогдолтой гомдол шүүмжлэл орон нутгийнхнаас олонтаа гарсан тул ерөнхий сайдын захирамжаар ЗГ-ын томоохон ажлын хэсэг (42 байгууллагын 104 хүний бүрэлдэхүүнтэй, 90 сая гаруй төгрөг зарцуулсан) байгуулагдсан. Тус ажлын хэсэг голчлон малчин Д.Норсүрэнгийн бэлчээр нутгийн орчимд, 2013.3.24-нөөс 2013.4.2 хүртэл ажилласан. Шинжилгээ судалгааны ажлын дүгнэлт 4.11-нд гарна гэж байсан ч, 5.1-нд цацраг, уран, халдварт өвчнөөс болоогүй, "селен, зэс, сурьмагийн хордлоготой байх магадлалтай тул цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай" гэж гарч, ерөнхий сайд танилцуулсан  билээ. Энэ бол эцсийн дүгнэлт биш гэж тэрбээр тодотгосон.
Үүнээс хойш цөмийн эсрэг идэвхтнүүд Улаанбадрахад 6 удаа очиж ажилласан. 5-р сарын эцсээр ажиллахад урьд гарч байсан зөрчлүүд гарсаар буй нь илэрсэн. Жишээлбэл, DC 374 пайзтай талбай дээр цацрагийн төвшин хэвийн хэмжээнээс 9 дахин их байсан нь тогтоогдсон (1,8 mSv/h буюу зөвшөөрөгдсөн хэмжээ болох 0,2 mSv/h-аас 9 дахин их), өрөмдлөгийн шавар шороог асгадаг Шар Довын цэгт цацрагийн төвшин хэвийн хэмжээнээс 2 дахин их байсан нь тогтоогджээ.
5-р сард Улаанбадрахын малчид нийслэлд ирж, 5.28-нд хэвлэлийн хурлаар үнэн байдлыг танилцуулж, өргөх бичгээ 312 өрхийн захидлуудын хамтаар төрийн өндөрлөгүүдэд өгч, мөн олон төрийн болон төрийн бус байгууллагууд, хүмүүст хандсан, гэвч үр дүн гараагүй.
8-р сард цөмийн эсрэг идэвхтнүүд ("Гал үндэстэн", "Голомт" хөдөлгөөнийхөн) Улаанбадрахад очиход нутгийн ард иргэд тэдэнтэй эв санаагаа нэгтгэж, улмаар ЗГ-ын ажлын хэсгийн эцсийн дүн гараагүй байхад зүй бусаар үргэлжилсээр байсан ураны хайгуулын өрөмдлөгийг жагсаал цуглаан зохион байгуулж шаардлага тавин зогсоосон. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид үүнийг дэмжин, ураны хайгуулыг түдгэлзүүлэх тогтоолоо гаргасан (2013.7.31, №48). Гэвч ураны хайгуул, тухайлбал өрөмдлөг зогсохгүй үргэлжилсээр байлаа.
2013.11.14-нд ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзахдаа ("Ерөнхий сайдын 30 минут" уулзалт), ЗГ-ын 2013 оны 3-4-р сард Улаанбадрахад ажилласан ажлын хэсгийн эцсийн дүгнэлт Д.Норсүрэнгийн тугалууд селений хордлогоос шалтгаалан эндсэн гэж гарсныг хэлэв. Ураны хайгуултай холбоотойгоор селений хордлого үүсч болдгийг гадаадад хийгдсэн тодорхой судалгаанууд нотолж буй. Ерөнхий сайдын үг ураны хайгуулын сөрөг нөлөөг санаандгүйгээр хүлээн зөвшөөрсөн хэрэг болсон юм.
2013.9.16-нд "Кожегоби" ХХК өрөмдлөгөө сэргээж, УМ ("Урангүй Монгол") хөдөлгөөнд нэгдсэн иргэдийн хөдөлгөөдийн төлөөлөл 20 гаруй хүн 2013.12.1-2013.12.3-ны өдрүүдэд Дорноговь аймаг, тухайлбал Улаанбадрах суманд ажиллаж, "Кожегоби" ХХК-ий Дулаан-Уул дахь салбарын гадна ирж, зохих шаардлагуудыг тавьсны маргааш, 2013.12.4-нд өрөмдлөгөө зогсоосон юм.
Сумын хорогдсон мал 2010 оноос өмнө бол цөөн (2008-14, 2009-8), харин 2010 онд 2885, 2011 онд 207, 2012 онд 325 болсон байв ("Хорогдсон малын судалгаа". МЭҮТ-ийн мэргэжилтэн Ж.Дэмбэрэлдулам). 2010 онд туршилтын олборлолтын бэлтгэл ажилтай холбоотойгоор олон мал хорогдсон байж болох юм, судлах хэрэгтэй гэж цөмийн эсрэг идэвхтнүүд үзэж байна.
2012-2013 онд хоёр нүд сохор, атанга, үсгүй, хүн толгойтой, эрүүгүй, дутуу эрүүтэй, явж чадахгүй, уруул сэтэрхий, гурван хөлтэй, хоёр толгойтой зэрэг 18 төлийн гажиг согогийг албан ёсоор баталгаажуулжээ ("Улаанбадрах сумын эмгэгтэй төлийн судалгаа". МЭҮТ-ийн мэргэжилтэн Ж.Дэмбэрэлдулам). Гэхдээ ихэнхийг нь ийнхүү баталгаажуулдаггүй, 2013 онд төрөлхийн гажигтай төлийн тоо эрс нэмэгдэн, малчдыг цочирдуулсан юм.
Ийм байхад “Кожегоби” ХХК манайх зөрчил гаргадаггүй, бүх юм ёсоороо байгаа гэж мэдэгддэг нь зүйд нийцэхгүй байна.
Учир иймд, тус компани:
1-рт, өргөн хүрээтэй шалгалтынхантай хууль дүрмийн дагуу ажиллаж, алдаа зөрчлөө нуун дарагдуулах оролдлого хийхгүй байх;
2-рт, Төрийн болон төрийн бус байгууллагынхны илрүүлсэн алдаа зөрчлүүдийн талаар тайлбар өгөх, арилгах чиглэлээр ажиллаж, нутаг орныг эрүүл, аюулгүй амьдрах орчинтой болгон нөхөн сэргээлт хийх, орон нутгийнхны хохирлыг барагдуулах;
3-рт, нутгийн ард иргэдийн саналыг хүндэтгэн үзэж, Улаанбадрах суманд ураны хайгуул, туршилтын олборлолт хийхээ зогсоох шаардлагатай юм.
Ганц “Кожегоби” компани л ийм зөрчил гаргаж байхад, эх оронд маань цаашид ураны хэдэн арван уурхай нээгдэж, шар нунтаг үйлдвэрлэгдвэл яах вэ. Монгол орон тэр аяндаа цөмийн аюултай бүс болж сөнөж мөхнө гэсэн үг.
Монгол улсад ураны хайгуул сөрөг үр дагавартай явагдаж байгаа нь олон баримтаас үзэхэд илэрхий байна. Улаанбадрахад ураны хайгуул гамшгийн хэмжээний нөхцөл байдал үүсгэжээ. Бүх Монгол орноо ийм болгохгүйн тулд ураны хайгуулыг зогсоож, ураны уул уурхай, үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагааг хориглож, Монгол улсыг цөмийн хөнөөлгүй орон болгохын төлөө хүчээ нэгтгэцгээе!

No comments: