Ослын ойн өдөр буюу 3.11-нд МБОИЗ, Монголын Ногоон Нам, Цагаан Хас болон бусад олон ТББ-ынхан Сүхбаатарын талбайд цуглаан хийсэн. Өмнөх өдөр нь миний бие нөхдийн хамт, Цонжин Болдогт болсон тэмээн полоны УАШТ-д ирсэн Улаанбадрахын малчид дээр очиж уулзан, цуглаанд оролцохыг урьсан агаад, тэд ирж оролцсон нь онлогтой байлаа. Мөн хэвлэл мэдээллийнхэн маш идэвхтэй сурвалжилсанд талархнам.
Японы ерөнхий сайд, цөмийн энергийг дэмжигч Ш.Абэ Монголтой цөмийн яриа хэлэлцээг сэргээх магадлалтай болсон тул “Аbe San! Be Clean! Be Green!” цуглааныг Монголын Ногоон Нам, Голомт ТББ-ууд Төв номын сангийн дэргэд зохион байгуулав. Цуглааны өмнө, зөвшөөрөл авахаар очсон О.Бум-Ялагчид цагдаагийн газрынхан зохисгүй хандаж, саатуулан хорин, учир битүүлэг бичигт гарын үсэг зуруулахыг оролдон хүч хэрэглэж, бүдүүлэг авирласан болно. Цуглаан эхлэхэд хэдэн машинтай цагдаа нар эхэнд ирсэн хэдхэн хүнийг дээс татан тусгаарлаж хориод, нэмж ирэгсэд, сэтгүүлчдийг оруулахгүй, явуулж байв. Гэвч 7 хүн цуглааныг хийж чадав.
Чернобылийн ослын 27 жилийн ойгоор Монголын Ногоон Намынхан Сүхбаатарын талбайд цуглаан хийсэн. Сүүлийн 3 цуглаанд МНН-ынхан ард иргэдийн дунд санал асуулга явуулсан. Энэ өдөр Дэлхийн ардчилсан орнуудын холбооны чуулган эхэлж байсан тул цагдаа нар маш эелдэг, соёлтой байсанд талархана. Дээрх 4 цуглааны 3-ыг зохион байгуулалцсан агаад, нэгийг нь голлон зохион байгуулсандаа баясна.
Зөвхөн жагсаал цуглаанаар цөмийн эсрэг үйл ажиллагаа хязгаарлагдаж байгаагүй. Судлах, мэдээлэл цуглуулах, зохих байгууллагууд, зүтгэлтнүүдэд тодорхой асуудлуудыг дэвшүүлэх, нийгэмд цөмийн хөнөөлийг ухуулан таниулах гээд олон чиглэлийн үйл ажиллагаанууд явагдаж ирсээн. Үүнийг бичигч бол цөмийн эсрэг хөдөлгөөний жирийн л нэг оролцогч юм. Өөрийн оролцооны талаар энд бичиж байгаа болохоор байгаагаасаа илүү үүрэг рольтой харагдаж болох ч, бодот байдал дээр бол тийм бус болохыг онцлон тэмдэглэе.
3-р сарын 10-ны өдөр, цөмийн хөнөөл ихтэй. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчидтай “Гал үндэстэн” хөдөлгөөнийхний хамт явж уулзаж ярилцав. Цөмийн зөрчлүүдийн талаар аль болохоор баримтжуулан бүртгэх, өрхүүдээр захидал бичүүлэн төрийн өндөрлөгүүдэд өргөн барих талаар ярилцсан агаад, энэ нь 5, 6-р сарын, цөмийн эсрэг малчдын хөдөлгөөнд нөлөө үзүүлсэн.
3-р сарын 11-ний өглөө МНН-ын дарга О.Бум-Ялагч, ЕНБД Ч.Мөнхбаяр, залуу ногоонтон Ч.Мөнх-Эрдэнэ нар цөмийн эсрэг 3 улсын хэвлэлийн хурал зохион байгуулав. Интернетээр дамжуулан 3 улсын ногоонтнуудыг тэрхүү 3 оронд зэрэг харах боломжтой байсан болно. Ийнхүү Монгол, Тайвань, Солонгос улсуудад хэвлэлийн хурал амжилттай зохион байгуулагдав.
О.Бум-Ялагч, Ч.Мөнхбаяр нар олон улсын хэвлэлийн хурал дээр
Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) дээр ч цөмийн эсрэг үйл ажиллагаа идэвхтэй явагдаж ирсэн. МБОИЗ-ийнхон цөмийн хөнөөлийн асуудлыг нийгэмд маш хүчтэй тавьж, төр түмний анхаарлын төвд оруулж ирсэн. Нэг жишээ гэхэд л, ерөнхий сайдын захирамжаар, 22 төрийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг Улаанбадрахад ажилласан болно.
“Цацрагийн хордлого илрээгүй, селен, сурьмагийн хордлого байж магад” гэсэн, засгийн газрын дүгнэлтийг хангалтгүй гэж үзэн, МБОИЗ 5-р сард хэвлэлийн хурал хийв.
“Голомт”, “Гал үндэстэн” зэрэг ТББ-уудынхан Улаанбадрахад очиж ажиллан, олон зөрчил илрүүлэв. Жишээ нь, нэгэн цооногийн дэргэд, хэвийн хэмжээнээс 9 дахин их цацраг идэвх байгааг илрүүлжээ. Энэ талаараа хэвлэлийн хурал зохион байгуулж мэдэгдэв.
Улаанбадрахын малчид 300 гаруй өрхийнхний захидал, баримтууд, өргөх бичиг авчрав. Тэд төрийн гурван өндөрлөг, зохих байгууллагууд, хүмүүст хандан ажиллав. Мөн хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэхүү хэвлэлийн хурлын талаар Гонконгийн PhoenixTV ч мэдээлсэн болно.
No comments:
Post a Comment