Хазарууд “Монголчууд бол бидний эцэг” гэдэг гэнэ
Эцэг дээдэс, элгэн садныхаа Монгол улсыг эрхэмлэн дээдлэх сэтгэлийг тээсээр нийслэл хотод маань зочлон ирсэн, хазар түмний элч төлөөлөгч Казэм А. Рэзайитай хөөрөлдлөө. Уулзалтад Монголд сурч буй хазар оюутан, Hazaras in Mongolia сайтын Аббас Даяар оролцов. The Mongols сайтын Алхана Болд ах тэр хоёр энэ хүмүүнтэй уулзахад тусалсан юм.
-Монгол туургаа мэдэрсэн хазар хүмүүстэй уулзахдаа би ямагт баяртай байдаг. Алс холоос ахан дүү түмнүүдийн үйлсэд хувь нэмрээ оруулах гэж ирсэн танд ихэд талархаж байна. Та зочны хувьд өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Казэм Рэзайи гэдэг. Азэрбайжаны Баку хотод архитэктурын мэргэжил эзэмшсэн, АНУ-д бизнэс эрхэлдэг, тус улсын харъяат. Монгол - Хазарын учрыг эртнээс сонирхож, Монгол бол бидний өвөг дээдсийн эрхэм орон гэдэг итгэл үнэмшилтэй болсон. Чингээд алс холоос зорьж эрмэлзэн ирэхэд минь төрөлх дотно уур амьсгал намайг угтлаа.
Монголчуудын нүүр царай яг л манай хазарууд шиг харагдах юм. Бас эндхийн хүн ард манай Хазарын үүсэл гарал, үүх түүх, үндэсний нөхцөл байдал, асуудал бэрхшээлийн талаар бүгдээрээ ойлголттой байгаа нь их сайхан сэтгэгдэл төрүүллээ. Бид алсарч холдсон л болохоос, нэг ард түмэн гэх бодлыг минь улам бататгалаа. Хазарын маань соёл, зан заншилтай адил төстэй зүйл олон тохиолдохыг үзэн олзуурхаж, хазарууддаа танилцуулахаар гэрэл зургийг нь буулгаж авсан. Уг нь би зун наадмын үеэр ирье гэж бодож асан ч тэр цагийг хүлээж ер төвдсөнгүй. Сүүлийн үед Монголын талаарх мэдээлэл хазар бидэнд их хүрэх болсон, хоёр түмний хоорондын харилцаа өргөжиж, идэвхжих болсонтой ч энэ нь холбоотой. Энэ удаад танилцах журмаар цөөн хоногоор, зун тухтай яаралгүйхэн зочилъё гэж санасан ч, Монгол оронд хоргодоод, төлөвлөгөөгөө өөрчилж, энд байх хугацаагаа долоо хоногоор сунгасан. Зун ч ирнэ. Гэхдээ миний эрмэлзэл бол танин мэдэхээр хязгаарлагдахгүй. Монгол ахан дүүстэйгээ хазар түмэн минь ойртон нягтрах үйлсэд хувь нэмрээ оруулах нь тун чухал зорилго минь юм.
-Та Хазарын ямар нэг байгууллагыг төлөөлж, даалгаврыг нь өвөрлөн ирсэн үү?
-Би хувь хүнийхээ шугамаар л ирлээ. Өдгөө манай хазар лидэрүүдийн хувьд, Монголын ард түмэн лүгээ ойртоход саад болж буй хоёр асуудал тулгамдаад байна. Зарим нь явцуу эрх ашигт захирагдаад байх юм. Зарим нь Монголтой холбоотой бодлого явуулахаас болгоомжилно. Учир нь, хазарууд Монголтой холбоотой шалтгаанаар ямагт хэлмэгдэж харгислуулж ирсэн. Хэрэв монгол ахан дүүсийнхээ тухай Афганистанд яривал, хазарын эсрэг чиглэсэн, дарьтай торх адил буй нөхцөл байдалд галтай цучил нэмэрлэх мэт болж мэднэ.
Харин, Афганистанаас өөр оронд байгаа хазарууд Монголын асуудлыг чөлөөтэй ярьдаг, өвөг дээдсийнхээ талаар сонирхон судалдаг, монгол үүсэл гарлаараа бахархаж эхэлдэг. Миний хувьд мөн тийм. Эрх чөлөө, ардчиллын үзэл санааны нэгэн анхдагч үрийг Чингис хаан тарьсан гэж боддог. Тэрбээр маш дэвшилт үзэлтэй, суут хүн байжээ.
Монгол хаан Бабур Их Монгол улсыг байгуулсан гэж бүгд мэднэ. Гэтэл хазарууд байгуулсан гэдэг талаас нь тэр бүрий мэддэггүй. Их Монгол улсын цөм хүч, тэргүүн хүч нь хазарууд байсан. Түрэгжсэн монголчууд хойд зүгээс ирээд хазаржсан. Таж Махал бунханд пэрсээр буюу хазараар буй гэж хэлж болох бичээс байхыг үзээд надад маш их омогших сэтгэл төрж асан. Хазарууд олон зууны турш монгол садан төрлөөсөө алс хол байхдаа пэрс соёлын нөлөөнд их автсан. Тэр л пэрсийн нөлөө бүхий хазар соёл Их Монголд өндөр байр суурьтай, өргөн түгсэн байлаа шүү дээ. Их Монгол улсад захирагдаж, эсэргүүцэн тэмцээд дарагдаж явсан нь паштун зэрэг зарим ард түмний хазарын эсрэг хандлагыг нэмэгдүүлсэн. Гэхдээ биднийг хажигладаг, олон тохиолдолд бүр үзэн яддаг нь расист үзэл, шашны экстрэмизм, түүхийг гуйвуулдаг зэргээс нь голлон үүддэг юм шүү.
-Хазарууд Их Монгол улсыг байгуулалцсан гэдэг нь их нийцтэй сонсогдож байна. Энэ нь бидний түүхийг нэгдмэл чанартай болгох мэт.
- Тийм ээ. Бас би мөхсөн Хазар гүрэн болон манай хазарууд хоорондоо холбоотой байх гэж боддог…
-Хазарын каганат буюу хаант улсынхан Каспи орчмын, олон үндэстний, иудэй шашинтай огт өөр ард түмэн бус уу? Бусад ард түмэнд, ялангуяа еврэйчүүдэд олноор уусч алга болсон гэдэг. Гэхдээ тэр Хазар гүрнийг хүннүчүүд байгуулсан, бүрэлдэхүүнд нь, мөн удирдлагад нь өвөг монгол овог аймгийнхан байсан ч гэдэг л дээ…
-Тэр л монгол болон монголлиг овог аймгийнхан нь Афганистанд ирснээс, биднийг хазар гэх болсон юм болов уу гэж санадаг. Пэрсийн хазар гэх үгнээс үүссэн гэдэг нь бас ч бүрэн батлагдаагүй юм.
-Сонирхолтой санаа байна. Миний бодоход өвөг дээдэст маань Афганистанд очиж суурьших эртнээс уламжилсан замнал, нүүж зорьсон олон давалгаа байсан бололтой. Хүннүгийн үед, түүнээс ч өмнө очиж байсан байж болно гэж санадаг. Кушаны хаант улсыг болон өөр эртний улсуудыг Афганистан орших бүс нутгуудад хүннүчүүд, тэдний өвгөс, хойчис байгуулсан гэдэг шүү дээ. Ер нь бол Монголын болон, монгол хаад захирсан улсууд залгалдсаар Афганистан, Хазартай нийлэлддэг байсан байна. Манжийн дарлал л бидний салж хагацах шалтгаан болсон шиг.
- Бидний урт удаан хугацааны хагацал бусад улс гүрнүүдийн улс төрийн бодлогоос их шалтгаалсан. Афганистаны олон үндэстний цөмийнх нь дийлэнх хэсэг хилийн чанадад байдаг. Хилийн чанадын олонх нь Афганистанд буй цөөнхдөө их тусалдаг. Хазаруудад л хэн ч тусалдаггүй байв. Одоо бол байдал өөрчлөгдөж байна. Салж хагацсан бид уулзаж, нэгдэн нягтарч байна.
-Тэр үнээн, Зөвлөлтийн дарлалын үед л лав Хазарын талаарх мэдээлэл монголчуудын хувьд бүрэн хаалттай байсныг би гэрчилнэ.
-Афганистанд ч гэсэн, хазарын эсрэг үйл ажиллагаанд л “Та нар Чингис хааны хойчис, байлдан дагуулагч монголчуудын удам” гэж дайрч давшлахаас бус, Монголын талаарх мэдээлэл хаалттай байсан, одоо ч байдал нэг их өөрчлөгдөөгүй. Хазар хэл соёл, түүхийг хүртэл хориглож байсан үе бий. Афганистанд Монголын тухай төдийгүй Хазарынхаа тухай бодохоос ч болгоомжлом нөхцөл байдал ноёлж ирэв.
Гэхдээ хазаруудын зүрх сэтгэлийн угт “бид чинь эднийг ялан дийлэгчдийн удам юм байна шүү дээ” гэх бодол хадгалагдсаар өдий хүрсэн. “Монгол бод бидний эцэг” гэж ярих нь ч бий. Учир нь эндээс цэрэг дайчид Афганистанд очиж, өрх бүл үүсгэж, эцэг болох нь олонтаа байв. Үр ач нар эцгийнхээ яс үндсийг өвлөн авдаг шүү дээ. Урьд бид бие биеийнхээ тухай бага мэддэг асан бол өдгөө энэ сөрөг байдлыг арилгах нь нэн чухал.
-Сүүлийн үед хоёр талаас эх оронч, монгол туургач үзэлтнүүд, аялагч сэтгүүлчид ирж очиж, хоорондоо харилцаж, холбогдох мэдээллийн солилцоо, түгээлт нэлээд явагдах болсон нь сайшаалтай.
-Бидний хооронд гүүр тавигдсаан. Тэр гүүрийг барьж байгуулагчдын нэг хэсэг нь хазар оюутнуудыг Монголд сургахад тусалсан хүмүүс болон хазар оюутнууд маань юм. Одоо Монголд 15 хазар оюутан суралцаж, эцэг дээдсийнхээ өлгий нутгийг мэдэж мэдэрч авч байна. Хазар хүмүүсийг Монголд ирэхэд эд маань их дэм үзүүлдэг болсон. Хэрэв Монголд хазар оюутнууд ингэж байнга суудаггүй асан бол наашаа ирээд ямар ч баримжаагүй төөрөлдөж ч мэдэх. Таминь ээ, би чинь та бүхний садан шүү гэж гудамжинд хашхиралтай биш дээ. Хазар оюутан Монголд сурах болсон тухай мэдээ намайг багагүй догдлуулсан билээ. Энэ бол бид ойлголцсоны шинж тэмдэг, том ахиц байв. Миний ирсэн зорилгуудын нэг нь эднийгээ эргэж, дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал. Эд маань ч, ялангуяа Аббас маань Монгол орныг танилцуулах, уулзвал зохих хүмүүсийг олоход минь их тусалсан. Манай Аббас 23 настай ч, ар гэр, хазаруудын байдал, Афганистан болон Монгол дахь элэг нэгтнүүдийн хэлхээ холбоо, сурч боловсрох, аялах, мэдээлэл түгээх гээд олон чиглэлд санаа тавьж, үйл ажиллагаа явуулж, таван хүний дайтай ажиллаж амьдарч байгаа үлгэр жишээ болохуйц залуу. Би ийм хазар залуусаараа бахархдаг. Монголд Хазарыг хэрхэн үзэж, мэдэж буй байдал, Хазарт элэгтэй ямархуу хүмүүс байна гэдгийг Аббас надад тодорхой таниулсны дотор таны тухай ярьж, эчнээ танилцуулсан юм. Уугуулшууллын тухай хуулийн төслийг тань Аббас надад үзүүлж, агуулгыг нь хэлж өгсөн. Тэнд манай хазаруудын талаар тусгагдсан нь надад их сайхан санагдлаа.
-Би монгол туургатныг нэгтгэн нягтруулах талаар багц санал дэвшүүлсэн л дээ. Түүнийгээ, Монгол үндэстнийг нэгтгэсэн хувьсгалын 100 жилийн ойг угтуулан төрд өргөн барих бодолтой яваа. Сая “Хазар ахан дүүстээ туслацгаая” гэсэн үгүүлэл бичихдээ, төгсгөлд нь хазар түмний байдалд зохицуулан мөн дэвшүүлсэн байгаа.
Нэгэн зүйлийг тодотгон хэлэхэд, элэг нэгтнүүдээ нүүлгэн ирүүлж уугуулшуулахдаа бид ямар ч дарамт шахалт, зохисгүй арга хэрэглэхгүй юм. Хазарыг ч гэсэн, “монгол туургатан урт удаан хугацаанд амьдарч ирсэн” гэсэн утгаар монгол нутаг гэж хэлж болох мэт, гэхдээ Монгол улсын нутаг гэх гээгүй шүү. Хүмүүсийг төрсөн нутаг эх орноос нь салгаж, “заавал та нар Монгол улсад ирэх ёстой” гэж тулгах явдлыг бидний зүгээс гаргахгүй, аливаа санал төсөлдөө ч тийм зүй бус алхмуудыг төлөвлөөгүй.
Гэхдээ Монгол улсад ирж амьдрахыг хүсвэл, байгаа нутаг орондоо амьдрахад хүндрэлтэй болбол, манай зүгээс хууль-эрхзүйн орчин нь бэлтгэгдчихсэн байх учиртай юм. Хазарын эрх чөлөөний төлөө тэмцэгч А.Гизаби гуайтай хоёр удаа уулзахад, монгол туургатныг нэгтгэж нягтруулах асуудлыг Афганистаны хазаруудын тухайд хөндөж тавихдаа маш болгоомжтой байхгүй бол болохгүй, ялангуяа Афганистаны төрд дэвшүүлэн тавих нь осолтой гэж хэлж байсан.
-Болгоомжтой байх хэрэгтэй нь үнэн. Алдаа гаргавал дайн ч дэгдэж мэднэ. Гэхдээ хэт болгоомжилж бас болохгүй. Зохих хэмжээнд уугуулшууллын бодлогыг хэрэгжүүлж болно шүү дээ. Манай хазарууд Монгол оронд хүнд дарамт болохгүй, элдэв хангамж шаардахгүй. Олонх хазаруудад маань Монголд эрх чөлөө, энх тайван, газар байхад хангалттай. Дайн дажин, зовлон зүдгүүр, элдэв харгислал манайхныг тэсвэр хатуужилтай, амьдралын төлөө тэмцэх чадвартай болгосон. Хазарууд ядуу байлаа ч гуйлга гуйдаггүй, ажил хөдөлмөрийг л ариун цагаан буян гэж үзэн, хичээж зүтгэдэг.
НАТО-гийн цэрэг гарч явахаар Хазарт байдал хэцүүдэх магадлалтай. Тийм төлөв ажиглагдаж байгаа. Паштуны күчи омгийнхон хазаруудын газрыг булаах гэж мөргөлдөөн үүсгэхэд, Афганистаны төр засаг дэмжсэн жишээ бий. Ирээдүйд, Монголд уугуулших хүсэлтэй хазарууд цөөнгүй буй болж магадгүй. Хэрвээ энд хууль-эрхзүйн орчин бүрдвэл шүү дээ.
-Миний хувьд мөн, бүх монгол туургатныг давхар иргэнчлэлийн журмаар иргэнээ болгоход чиглэсэн, элэгшүүллийн тухай хуулийн төслийг дэвшүүлсэн.
-Аббас тэр төслийг надад бас танилцуулсан. Монголын паспорт хазаруудад үнэхээр хэрэгтэй шүү. Афганистаны хазаруудад паспорт олгох нь хүндрэлтэй, гэхдээ боломжгүй биш. Хилийн чинадын, тухайлбал над мэтийн АНУ-ын иргэн хазаруудад бол давхар иргэнчлэл, Монголын паспорт олгох нь бол чөлөөтэй шүү дээ. Миний хувьд гэхэд л давхар иргэнчлэлд хамрагдваас, Монголд бизнэс эрхлэх гэвэл, нөхцөл нэлээд таатай болоод ирж байгаа юм.
Пакистан, Иранд маш олон хазар дүрвэгч, цагаач хэдэн үеэрээ сууж байна. Тэдний байдал мөн хүнд. Пакистанд аль шилдэг хазаруудыг сорчлон хорлох явдал гарч ирсэн, хавчлага гадуурхал их. Ташрамд хэлэхэд, хилийн чинадын хазарууд бол дажгүй ажил амьдралтай болчихсон байдаг, үндэсний ялгаварлал л тэдэнд ихээхэн бэрхшээл учруулдаг.
Зураг дээр баруун гараас: Казэм Рэзайи, Аббас Даяар, манай сонины ажилтан Ч.Мөнхбаяр
М: Манайд давхар иргэнчлэлтэй хүн бараг зуун мянга байгаа, Казахстаны иргэн голдуу. Боломжтой, хэрэгжчихсэн асуудал. Заавал тухайн улстай гэрээ байгуулалгүй, стандарт бус шийдлээр зохицуулчихаж болдог л асуудал юм билээ.
Дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд авах, хоёр түмний залуус гэрлэхийг сайшаах зэрэг, хазаруудыг Монголд ирүүлэн олон арга зам байна. Дүрвэгчдийн талаарх олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдсэн аваас, дүрвэгч авах нь тухай улсын үүрэг болдог. Солонгосын дүрвэгчдийг Монголд ирүүлэх асуудал ноцтой яригдаж байгаа, мянга орчмыг оруулаад ч ирчихсэн. Тэгэхийн оронд хазар дүрвэгч авах нь манай хувьд хавьгүй илүү эерэг ач холбогдолтой, олон улсын байгууллагууд, ЗГ-ууд ч дэмжинэ. Манайд хөрш гүрнийхний хууль бус цагаачлалын асуудал хурцдаж байна, хууль бусыг таслан зогсоож, монгол туургатандаа хууль ёсны цагаачлалын боломжийг нээж өгөх хэрэгтэй.
Уул уурхайн салбар төрийн хяналтаас бүрэн гарахуйц хэмжээнд өргөжин тэлж, тэр хэмжээгээр хөрш гүрнээс ажиллах хүч орж ирж байна. Энэ хууль бус үзэгдлийг арилгаж, мөн л монгол туургатанд ач тустай байдлаар шийдвэрлэх ёстой. Монгол улс Солонгосын, Афганистаны өнчин хүүхдүүдийг авчирч асарч байсан. Тэднийг улс нь татаад л авчихсан, манай хувьд нэг их ач холбогдолтой алхам болчихсонгүй. Хазаруудыг ЗХУ монголчуудын хувьд маш нууцалж байсан болохоор хазар хүүхэд ирээгүй биз. Дэлхийн бүх дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчдөд Монгол улс туслах боломжгүй, тийм шаардлага ч үгүй. Тэгэхлээр эрүүл ухаантай, өөрсдийнхөө хувьд илүү эерэг үр дагавартай сонголтыг хийх хэрэгтэй.
Сонин хэвлэлүүдэд маань харийнхны танилцах зар сурталчилгаа дүүрэн байна, түүний оронд манай хоёр түмний залуусын танилцах зар байвал дээр биз дээ.
Монгол улс глобал төвшний ач холбогдол бүхий байгалийн асар их баялагтай. Энэ маань өнөөдөр дэлхийд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа. Авлигач албан тушаалтнууд энэ баялгийг харийн нэоколоничлогчдын мэдэлд шилжүүлсэн ч, ард түмний тэмцлийн дүнд арга буюу буулт хийсээр ирэв, одоо ч холбогдох хууль тогтоомжид баялгийн жинхэнэ эздийн эрх ашгийг тусгах өөрчлөлт хийх гэж байна. Ирээдүйд Монгол дэлхийд гайхагдсан Саудын Араб, Эмирт, Күвэйтээс ч баян орон болно. Тэгэхлээр монгол туургатны хүрээний том том төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болох юм.
Гэхдээ, хазаруудыг зөвхөн тусламж авах хүмүүс гэж ойлговол том алдаа болно гэж би үздэг. Бид харилцан туслалцах ёстой. Хазаруудад мэдэх чадах зүйл, нөөц бололцоо зөндөөн бий. Тэгэхлээр та нөхөд ч бидэнд тусална гэж бодож байна. Тиймээс би хамтран ажиллах саналууд бас дэвшүүлж буй. Худалдаа, бизнэс, мэдээлэл, соёл гээд хамтарч ажиллаж болох олон чиглэл байна.
Хазаруудыг авчирч, улсынхаа хүн ам зүйн байдлыг эерэгжүүлэх гэсэн л зорилт байгаа бус. Бид элгэн садан, ах дүүс учраас, дэлхийн хаана ч байлаа гэсэн харилцан тусалж дэмжиж, нэгэн өрх бүлийнхэн мэт явах учиртай гэж санах юм.
Р: Тэгэлгүй яах вэ. Бидний хэлэлцэх ойлголцох байдал нэг ард түмэн гэдгийг маань надад ахин тодотгож өгч байна. Өөр үндэстний хэн нэгэнтэй уулзсан бол, хэзээ ч ийм яриа хөөрөө өрнөхгүй сэн.
Би таны зарим саналыг анх сонслоо. Нэгтгээд бодоод үзвэл: хэрэв хэрэгжих аваас, үнэхээр гайхамшигтай гэсэн сэтгэгдэл төрж байна. Монголд ирээд би, ирээдүйд улам итгэлтэй болгох олон учралтай тохиолдлоо. Монгол орон удалгүй, тэр Арабын улсуудаас ч илүү баян болж, хөгжиж цэцэглэнэ, учир нь тэдгээр орны нутаг дэвсгэр тэр аяараа элсэн цөл, хүн ам нь хэт шашинжсан, хуучинсаг.
Зарим бэрхшээл байна. Гэхдээ үзэл санаа нэгтнүүд хамтын хүчээр тэдгээр бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Юуны төлөө тэмцэж байна вэ гэдгээс их юм шалтгаална. Нэг хүн өдрийг аргацаан өнгөрүүлэхийн төлөө хэмээвээс, өдрийг аргацаах нь бүтнэ. Нэг хүн улс үндэстнээ тусгаар тогтнуулах хэмээвээс тусгаар тогтнол бүтнэ. Гандигийн жишээ байж байна. Түүнд эрх мэдэл, мөнгө, арми байгаагүй, гэвч тэр Энэтхэгт эрх чөлөөг авчирсан. Бид зөв санаатай байна гэдэг хамгийн чухал.
Энд хазар хүн бизнэс эрхэлж, хазар ажиллах хүч авчирч болох мэт. Гэтэл бас ч амаргүй юм байна. Гадаадын хөрөнгө оруулагч төдий хэмжээний мөнгө, өдий төвшний баримт бүрдүүлж, ажиллах хүчний төлбөр төлөх ёстой гэдэгтэй танилцлаа. Хазар хүн ч бай, хятад хүн ч бай, ялгаагүй хандаж байна. Ийм өрсөлдөөнд алс холын, асуудал бэрхшээлтэй хазарын бус, хөрш зэргэлдээ, хүчирхэгжиж байгаа хятадын талынхан л ялах юм байна.
“Ромыг нэг өдөр бариагүй” гэдэг. Зохих цаг хугацааны дараа нөхцөл байдал бид бүхний санал нэгдэж буйн дагуу өөрчлөгдөх байх гэдэгт итгэж байна.
М: Хазараас илүү, хятад хүнд элгэмсүү хандах байдал дээгүүр ноёлчихоод байгаа л даа.
Бид дуу хоолойгоо улам хүчжүүлж, албан ёсны төвшинд гаргах хэрэгтэй байна. Монголын болон, Хазарын хувь хүмүүсийн байр суурь илэрхийлэгдэж байна, цаашид ахан дүүсийн энэ эрмэлзэл тэмүүлэл байгууллагын төвшинд, илүү өндөр төвшинд илэрхийлэгдэх хэрэгтэй байна. Албан ёсны баримт бичгүүд үгүйлэгдэж байна. Хэрэв бид үйл ажиллагааны төвшингөө дээшлүүлэхгүй бол яваандаа санаа нийлдэг хэдэн хүн чөлөө заваараа хуучилдаг, хөөрөлддөг шатанд л зогсонгишиж болно. Тийм тохиолдол амьдралд зөндөө л учирдаг шүү дээ. Түүнээс гадна, бидэнд сайныг үл хүсэгчид: “Хазар бол манай ахан дүүс гэсэн яриаг хэдэн төөрөлдсөн хүн л гаргаад байна, түүнээс биш цаад хазарууд нь шал өөр санаатай, хаа хамаагүй хүмүүс, болох бүтэхгүй элдэв юм ярьж байж тэррорын аюул дуудавзай” гэх мэт ухуулга хийх боллоо.
Бодот байдлыг өргөн олонд таниулахын тулд бодот алхмуудыг хийцгээе. Монгол туургатны олон байгууллага байдаг. Түүнд хазаруудаа элсүүлэх, хамруулах шаардлагатай байна. Монгол-Хазар, Хазар-Монголын төрийн бус байгууллагууд хэрэгтэй. Афганистанд байгуулагдах боломжгүй бол, хилийн чанадын хазар диаспорынхон байгуулж болно шүү дээ.
Хазарын гэноцидийг дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлбэл та бүхэн дэлхий нийтийн дэмжлэгтэй болно гэж боддог. Монгол улс хамгийн түрүүнд зөвшөөрөөд зогсолгүй, бусдыг үлгэрлэн дагуулах үүрэгтэй гэж санаж байна. Даян дэлхийн халуун цэг бүр рүү цэрэг илгээх, Солонгосын асуудлыг шийдвэрлэлцэнэ гэж зүтгэх зэргээс, ийм алхам хийх нь хавигүй дээр. Монголд санал нэгдсэн бид нөхөд Хазарын гэноцидийн эсрэг нэг арга хэмжээ зохион байгуулах юмсан гэж бодоод л явдаг юм.
Аливаа зүйлд үе шат байдаг. Өнөөдөр хоёр түмний хооронд харилцан ойлголцол, мэдээлэлцэл хангалттай хэмжээнд бүрэлдээгүй байна. Тэгвэл ах дүү-ард түмнүүд гэсэн албан ёсны статустай болж, ойртож дөтөлж болно.
Р: Цэрэг илгээхийн тухайд гэвэл, Афганистанд цэрэг илгээж, энх амгалан амьдралыг бүтээлцэж өгч буйд хазарууд монголчуудад маш их талархалтай байдаг шүү. Тэр мэдээ намайг асар их баярлуулж байсан. Хойд зүгт дайчин ахан дүүс минь бий гэж хазарууд хэлэлцдэгийг бодтоор баталж өгсөн явдал болсон. Таны санал сэдэлд бас маш их талархаж байна, тал бүрээр хамтран ажиллацгаая.
Хазаруудын дунд Монгол ахан дүүс рүүгээ хандсан чигтэй байгууллагууд үүссээр байгаа, тэгэхлээр дуу хоолой маань хүчжих болно оо. Бидэнд бас тодорхой санал сэдэл цөөнгүй буй. Бичгийн хэлбэрээр саналуудаа харилцан солилцъё.
Биднийг харийнхан салган бутаргаж, ахин хүчирхэгжих вий гэж эмээсэндээ, нэгдэн нийлэхийн маань эсрэг боломжтой бүх хорлолыг үйлдэж асан. Гэвч өнөөдөр бол XXI зуун. Шударга үнэн, хууль ёс улам хүчийг авч, үнэ цэнэтэй болж байна.
Бүх монгол туургатныг ирүүлж цуглуулах монголчуудын эрмэлзлийг бүрэн ойлгож байна. Израиль, Казахстан гээд, улс үндэстнийхээ хувьд туйлын зөв ийм алхмыг хийсэн улс цөөнгүй. Хэрэв Афганистанд байдал хэцүүдвэл Монголын хууль ёсны уугуулшууллын бодлого аврал болох юм шүү дээ.
Хазарууд зөвхөн тусламж авах улс биш гэж таны хэлдэг зөв юм. Хилийн чанадын хазарууд дунд авъяас чадвартай мэргэжилтэн, баян чинээлэг бизнэсмэн олон бий. Афганистаны хазарууд дунд ч бий. Бид монгол ахан дүүстээ чадах бүхнээрээ туслахыг хичээж явах болно. Бүх монгол туургатан нэг санаа зорилготой байвал бүтэхгүй юм гэж үгүй гэхчлэн бид хөөрөлдсөн юм.
Аббас Даяар мөн хөөрөлдөөнд оролцож байсан бөгөөд, тэрбээр монгол хэлдээ сайжирсаар байгаа нь мэдэгдэж байв. Хараахан чөлөөтэй хэлэлцэхгүй ч, Аббас антропологичийн мэргэжил эзэмшихээ ойлгуулав. Монголчууд нэг ард түмэн ч, нутаг нутгийн антропологийн онцлог бас бий, гэхдээ энэ нь үндэстний нэгдмэл чанарыг алдагдуулах хүчин зүйл бус гэж ярилцав.
Тэр бас угсаатны зүйг судлан, цаашдаа Монгол-Хазарын хэлхээ холбоог тодотгох болон, жишиж харьцуулсан судалгааг хийх бодолтой явдаг ажээ. Энэ бол тун сонирхолтой ажил бөгөөд, залуу хөвүүн пионэр нь болох бололтой. Эр хүний цээжинд эмээл хазаартай морь гэж энэ дээ.
Туйлын найрсаг уур амьсгалтай болсон хөөрөлдөөний эцэст, тодорхой асуудлуудаар хамтран ажиллацгаах болно гэдгээ дахин дахин илэрхийлцгээж, Монгол-Хазарын үйлс мандан бадрах болтугай хэмээсэн ерөөл талбицгаасаар уулзалтаан өндөрлүүлэв.
Ч.Мөнхбаяр
ММХI.V.III
http://moenhbayar.blogspot.com
ММХI.V.III
http://moenhbayar.blogspot.com
3 comments:
би Али Монгол Хазар байна khudai rahim
thanks abass great job i m proud of you
үүнийг байлгах
Миний и-мэйл, Facebook
khudai_rahim2003@yahoo.com
Дэмжиж байна.
Дэмжиж байна.
Post a Comment