Tuesday, June 14, 2011

Өвөр монгол залуус Хятадын 38-р армитай тулалдаж, нэг удаа ялжээ

Харгислалаас дайжин, Монгол улсад дагаар орох хүсэлтэй маш олон өвөр монголчууд буй болжээ

Өвөр Монголын ард түмний эрэлхэг тэмцэл үргэлжилсээр. Байгаль орчныг сүйтгэн цөлмөж, уугуул хүн зоныг амьдрах аргагүй болгож буйг эсэргүүцэн зам хаах, заргалдах, шүүмжлэх, эвсэн нэгдэж, холбоо дугуйлан байгуулах, жагсах цуглах зэрэг тэмцэл эртнээс өрнөж ирсэн юм билээ. Зөвхөн экологитой холбоотойгоор бус, хүний эрх, үндэстний дарлал, соёл боловсрол гээд бүхий шаардлагатай асуудлаар тэмцсээр ирсэн түүхтэй.
5.13-нд Баруун Үзэмчин хошуунд, тэмцэгч малчин Мэргэн, түүнтэй бараг зэрэгцээд Авга хошуунд бас нэгэн тэмцэгч залуу зориудын аллагад өртөж, хүнд даацын машинд дайруулан амь насаа алдсанаас хойш Баруун Үзэмчинд малчид, Шилийн хотод сурагчид, Шулуун хөх хошууны сурагчид, малчид тусдаа, Зүүн үзэмчин хошууны сурагчид, Хөвөөт шар хошуу, Хөх хотынхон гээд цөөнгүй удаа жагссан юм билээ. Улаанхад, Жирэм, Ордос, Эрээн хотынхон ч жагсаж тэмцэнэ гэж байсан, санасандаа хүрээ биз дээ. Одоо ч тэдний тэмцэл үргэлжилсэн хэвээр.

Шилийн хотын сурагчдын жагсаалын бичлэгийг харсан. Гудамж замыг дүүргэн, арван хэдхэн настай жаахан хүүхдүүд эцэс төгсгөлгүй үргэлжлэн явж харагдсан. Бусад газрын жагсагч хүүхдүүд ч өрөвдөх, бахархах сэтгэгдлийг зэрэг зэрэг төрүүлэн байв.
Өдгөө, Өвөр Монголд Тяньаньмэний бослогыг нухчин дарсан 38-р арми, саяхны Түвдийн бослогыг дарсан Фү Жин Хуа дарга зэргийг илгээн, сүр бадруулж, байлдааны цаг тогтоож, цэрэг зэвсгээр дүүргээд байна. Тэд юуны өмнө жаахан хүүхдүүдтэй байлдахад бэлэн буй.
Байлдаад ч авсан. Охидын жагсаалыг дайрч, 10 гаруй охидыг шархдуулсны дөрвийнх нь бие хүнд байгаа бөгөөд, нэг нь хоёр хөлгүй болох эрсдэлд орсон.
Олон хүнийг баривчилж, сургуулиудыг хааж, утсаар ярих, мэссэж бичих, интэрнэт ашиглахыг ч хатуу цагдаж, байнга үзлэг шалгалт хийж, цугларч бөөмнөрвөл тарааж, ар гэрийнхнийг нь заналхийлж буй юм билээ. Баривчлагдсан хүнийг хаа хорьж, ямар нөхцөлд байлгаж байгаа нь тодорхойгүй.
Эрх баригч намын нэг сонин маань "Хятадын алдарт 38-р армиас айгаад өвөр монголчууд яаж ч чадахгүй байна", "Одоо орилолдоод жагс л даа" гэхчлэн их л бах тав нь ханасан янзтай бичиж буй. "5.31-нд Өвөр Монголд гарсан эсэргүүцэл" гэх бичлэгийг үзлээ. Өмнөө хурц хусуур, дээрээ усаар бөмбөгдөгч гэхчлэнгээр зэвсэглэсэн цагдаагийн хүчирхэг машинууд, байлдааны хуягт зэргээр моторжсон, шүдээ хүртэл зэвсэглэж, өөрөөсөө том бамбай барьсан тэр 38-р армийг нь залуус чулуун мөндрөөр балбан давшихад хар хужаа нар хамаг юмаа хаяад, тэрэг чаргатайгаа ум хумгүй, ухаан зулаггүй зугтаж байдаг шүү. Тэднийг хөөж явуулчихаад залуус ялалтын уухайг хадааж байсаан. Манайд ч ийм юм болно. Тэр цагт ард түмний дайсан новшнуудыг 38-р арми хамгаалахгүй гэдгийг санаж, одооноос амаа мэдэж явмаар.
Зарим өвөр монгол хүн Монгол улсын хилийг давж орж ирсэн сурагтай. Өвөр монголчуудыг хятадуудад барьж өгөх хоббитой төр маань алдаагаа бүү давтаасай. Монгол туургатныг харж үзнэ гэж удаа дараалан мэдэгдсэн эрхэм ерөнхийлөгч маань тэднийг онцгойлон ивгээлдээ авууштай. Маш олон хүн харгислалаас зугтан, наашаа ирэх хүсэлтэй буй гэнэ. Тэднийг оруулж ирж, хамгаалалдаа авах хэрэгтэй байна шүү. Өвөр Монголын асуудал дуусаагүй, эхэлж байна!
“Өнцөг Кросс” гэдэг өвөр монгол хип-хоп дүэт: “Халхууд биднийг хужаа гэдэг юм” гэхчлэн дуулж байхыг харсан сан. Соёмбо шивүүлсэн, үндэсний агуулгатай уран бүтээл хийдэг тэр хоёр залуу сураггүй алга болжээ. Бас Poorman гэдэг хип-хоп хамтлагийнхан мөн л сураггүй болсон гэсэн. Ар монголчууд минь ахан дүүсээ хужаа гэж байхаа больж, хайрлан хүндэтгэдэг болмоор байна.
Гэхдээ ар монгол хүн бүр адилгүй. Анд найз сэтгүүлч маань халуун цэг - Өвөр Монголд очиж, үнэн байдлыг сурвалжилна гэж их л зүтгэлээ. Даанч боломж олдсонгүй. Тэр бол амь насанд ч аюул осолтой ажил юм. Алдар гавъяатай ч ажил бөгөөд, магадгүй Пүлитцэрийн шагнал ч хүртэх байсан юм билүү. Бас нэг сэтгүүлч явах сураг ч дуулдав.
Ар Өвөр Монголчууд адил үйлсийн төлөө тэмцэж байна. “Гал үндэстэн”-ийнхэн 2000 гаруй орд уурхайгаас харийн колоничлогчдыг хөөж, эх орноо чөлөөлөхөөр сэтгэл шулуудан, зэвсэгт бослогыг эхлүүлэв. Ц.Мөнхбаяр нар ч аргагүй үндэсний баатрууд юм даа.
Нөхцөл байдал арай хэтэрхий байгаа. Аариг сумынхныг гишгэх газаргүй болгож, тэмцэж босвол алж ч чаддаг “Эжүмэн” компанийнхны лицэнзийг цуцлаагүй л байгаа юм байна шүү дээ. Монголын бараг хамаг хуулийг зөрччихсөн юм байна, цуцалчихлаа л гээд байсан, яалаа?...
...Гэвч, монголчуудыг алуулаад л байгаа мөртлөө, ангайгаад л алуулахаа хүлээгээд сууж байдаг гэж андуу ойлгон галзуурагсдын төгсгөл ирэх бололтой. "Гал үндэстэн"-ийхний харвасан сум байгаа онох болтугай.

Ч.Мөнхбаяр
ММХI.VI.VII

No comments: