Tuesday, June 14, 2011

Төгс муу залуу

Хошин үгүүллэг

Энхээ нэгэн хөөрхөн бүсгүйтэй танилцсан юм. Нэрийг нь Үжин гэнэ. Өөрөөс нь олон дүү, торомгор нүд, хүүхдэрхүү царай, бараг өдөр болгон өөрчилж байдаг үс гэзэг, адтай ааш араншин гээд л янзтай янзтай. Яг л нэг хаврын гоё өдөр шиг. Тийм л өдөр хамт салхилж явсан чинь Үжнээ нь:
-Чи ер нь хэр танхай вэ? гэж цоглог гэгч асуудаг юм байна.
-Эрүүлжүүлэхэд орсноос өөр зөрчил гаргаж яваагүй хүн юуных нь танхай байхавдээ гэчихсэн чинь цог нь арай буурав бололтой. Тэгснээ:
-Чи чинь архи уудаг юм уу? гээд л часхийв. Мөн ч сэргэлэн охин шүү. Гялалзаад л байх нь тэр.
-Өө, би саваагүйтээд хэтрүүлчихдэг байсан тал бий. Одоо бол амсахаа ч байсан. “Авдар авдраар уухгүйгээс хойш архийг яах гэж амсав даа хө” гэж мөн ч үнэн үг шүү, хэ хэ.

-Эр хүн архи уухгүйгээр яаж болдог байнаа.
-Архи чинь гол нь баясал төрүүлдгээрээ хүнийг татаад байгаа юм. Гэтэл амьдралд чинь чамаас өгсүүлээд баясгах зүйл бум түм байна гэсэн чинь Үжин тунирхаж:
-Би ямар архи юм уу? Тэгээд ч бум түмийн нэг байхыг хүсэхгүй! гэхээр нь
-За боль доо, найруулгагүй ярьдаг л хүн байгаа биз гэж цайруулсхийв. Уг нь өөрийнх нь хариултууд ямар ч бүсгүйг баясгамаарсан. Үгүй бололтой.
Пауз удаан үргэлжилсэнгүй. Үжин бол поп-дуу шиг л бүсгүй. Дахилт байнуу гэхээс, юун тэр пауз мауз.
-Хүүе ээ, чи хэдэн бүсгүйтэй үерхэж байсан бэ, үнэнээ л хэл! гэж цангинав
-Чамаасаа юуг нуух билээ. Үерхэж гавьсан юмгүй. Үнэндээ архинаас болоод тэднийг цөмийг нь үргээчихсэн юм. Түүнээс хойш болохоор, ажил төрөлдөө дарагдаад авгай хүүхэн эргүүлэх зав ердөө олдсонгүй гээд, Энхээ ёстой нэг том коко авлаа даа гэж олзуурхав.
-Чи чинь ямар ч алдаа дутагдалгүй, маш сайн хүн байхнээ гэх түүний үг хөнгөн гунигтай ч юм шиг дуулдав.
-Үгүй ээ үгүй, би чинь урьд нь нүгэлтэй амьтан явлаа. Архи дарс ууна, агсам согтуу тавина, авгай хүүхнийг татаж чангаана. Нэг шулам ламтай тааралдаад “Архи, мах, бид гурвын нэгийг сонго, эсбөгөөс ална” гэсэн байгаа юм. Архи нь л бага нүгэлтэй юм болов уу гээд амсчихсан чинь хомхойрч дор нь ховх сороод, махыг нь цохиод, шуламтай унтчихсан гэдэг, хэ хэ…
-Би шулам юм уу! гээд л Үжинхэн нь нэлээд ширүүн гоморхов оо. Тэрбээр Энхээгийн янзыг үзэн элдэв аяг гаргаж байснаа, сүүлдээ өөрөө бүр тэрэндээ үнэмшээд, жинхэнээсээ гомдчихдог, уурлачихдаг, уйлж ч магадгүй эрх танхи охин доо. Энэ удаа тэр нь тохиогоод, үг яриа нийцэж өгөхгүй эг маг хийж байтал, тэгсхийгээд салж одов.
Үүнд нь Энхээ огт дургүйцдэггүй, тэр л зан нь Үжинд зохидог юм чинь. Удалгүй бүсгүй юу ч болоогүй мэт цовоо цолгиноор утасдах л болно! Ийн бодсоор алхалж явтал, удтал уулзаагүй нэг найз нь халз тулав:
-Яаж байнаа, чи чинь ганцаараа инээгээд… Би наана чинь ганцаараа уйлж явна, яаж байгаа нь ойлгомжтой. Ойрын баар луу марш!
-Юун марш вэ, Дэмбээ минь. Би амсахаа болиод арав хонож байгаа шүү дээ. Энэ хугацаанд их юм өөрчлөгдлөө. Авгай ч авах боллоо.
-Ямар авгай? Янжин авгай юу? Та хоёр архинаас гарвал ч чоно махнаас гарах байлгүй. Энийг чинь тэмдэглэе. Та хоёр нийлж нэг тэрэгний дугуй болбол ч хол өнхөрнө дөө, хол өнхөрнө, ха ха…
-Аяар гэм. Тэр бүсгүй минь ойрхон яваа. Гэнэт энд тэндээс гараад ирж магад. Битгий урьдын паянг минь зарлаад бай.
-Харин тэгээд л нуугдах хэрэгтэй байхгүй юу. Байх ёстой газар маань ваар сав. Хэдэн үг сольё.
-Би уухгүй, харин чамаас жаахан зөвлөгөө авмаар байна гээд Энхээ ийш тийш хулмалзсаар түүнийг чирэв.
Найз нь архинаас балгаад сансрын хөлөг хөөрөх гэж буй аятай бөөн юм болсноо, аз жаргалтайяа шалчийв. Тэгээд л зөвлөгөө гээчээ хөврүүлж гарлаа. Бүсгүйчүүд ер нь муу залууд дуртай, тэгэхдээ мув мууд нь бол биш, бас учир жанцантай гэнэ. Томоотой, эрдэм номын хүнд таагүй ханддаг, за тэгээд шашин шүтдэг нэгэнд бол бүрчиг дургүй аж. Томоогүй гэхлээрээ зодоон нүдээн хийчихдэг, тохируулаад балгачихдаг, жаахан завхай байх ёстой гэнэ шүү.
-Битгий дэмийр! Чи намайг хуучин амьдралд минь уруу татаж оруулах гэж л мунхруулж байна шүү дээ.
-Үгүй ер өө, чи л намайг архинд уруу татаж оруулсан байх шүү. Харин би…
-За, энэ олны газар булайгаа дэлгээд яахав. Чи ер нь тэр хүүхнүүдийн талаар үнэн яриад байна уу, худлаа яриад байна уу? гэж Энхээ асуув. Дэмбээ бүр сэргэлт авчихсан, онгод нь орсон янзтай дуржигнуулахыг сонсвол үнэн ч юм шиг.
Мөн хачнаа гэж гайхсаар, ажил руугаа гэлдрэв. Үжин хэдэн өдөр утасдсангүй, залгахад дугаарыг нь харчихаад ярихгүй байв. Өөр дугаараас залгаюу гэснээ, тэгж шогтоод ч яахав дээ гээд болилоо. Харин таньдаг мэддэг улсаасаа эвийг нь тааруулж, бүсгүйчүүд ер нь сайн хүнд дуртай юу, муу хүнд дуртай юу гэж асуусаар онигоонд оров. Гайхал Дэмбээгийн утгагүй хөлчүү үг баримтлал болох ёстой юм гэж үү. Муу хүн болох дөхөөд байтал Үжин утасдлаа!
-Ер нь чи бол хамгийн муу хүн юм байна гэж баяртай дуугарав. Өмнөх амьдралыг маань судалж дээ гэж бодоод хар хөлс нь асгарсан Энхээгийн мэдээгүй шахам ам:
-Яагаад... гэх үгийг арайхийн эвлүүлэв.
-Миний найз Шүүгий: “Хууль зөрчихгүй гэдэг бол хамгийн том танхайрал, архи уухгүй гэдэг чинь хамгийн том буруу зуршил, эм хүнтэй учрахгүй гэдэг чинь хамгийн том гаж дон” гэж хэлсэн гээд л нэг амьсгаагаар урсгахад, тэр нэг амьсгаа нь тодхон дуулдлаа. Энхээ өөрийн эрхгүй малийж:
-Бүсгүйчүүд муу залууд дуртай байдаг гэсэн. Тэгэхлээр байдал нааштай болох нь ээ? гэв. Харин Үжин:
-Ер нь бүсгүйчүүд тиймэрхүү шүү. Гэхдээ чи өмнөх муу чанаруудаасаа нэмэрлэж, арай бага муу болбол ёстой төгс муу болно доо! гэдэг байна шүү.

Ч.Мөнхбаяр
ММХI.V.X

No comments: