Saturday, June 18, 2011

Өвөр Монгол ахан дүүсээ дэмжсэн жагсаал ахин УБ-т боллоо

Жагсагчид Өвөр Монгол дахь харгислал, 
хэлмэгдүүлэлтийг зогсоохыг шаардав

Өнөөдөр, 6.18-нд, БНХАУ-ын ЭСЯ-ны дэргэд “Эсгий туургатан төв” ТББ-ын Монгол үндэстнээ, хилийн чанадын элэг нэгт ахан дүүсээ гэсэн сэтгэлтэй залуусын үүсгэл санаачилга, зохион байгуулалтаар “Өвөр Монголд эрх чөлөө!” сэдэвт эсэргүүцлийн жагсаал цуглаан боллоо. Жагсаалд тус байгууллагынхан төдийгүй, уриалга зарыг нь дуулсан хүмүүс Дархан хотоос ч ирж оролцсон юм.



Э.Одбаяр

Жагсагчид чөлөөт индэр ажиллуулан үзэл бодлоо илэрхийлж, сонирхох хөлхөх зорчигчдод ухуулан таниулж, жолооч нарыг сигналдуулж, цаашдын үйл ажиллагааныхаа талаар хэлэлцэж байлаа. Төрийн төлөөлөгчид:  БНХАУ-ын элчингийн дэргэд хэзээ ч жагсаж болохгүй гэсэн санааг илэрхийлж, жагсагчид: бусад бүх оронд болдог атал яагаад гагцхүү манайд болдоггүй юм бэ, манайд тусгаар тогтносон, ардчилсан улсад байдаг эрх чөлөө байх ёсгүй юу гэгчилэн мэтгэлцэж байлаа.

“Эсгий туургатан төв”-ийнхөн урьд нь БНХАУ-ын ЭСЯ-нд, Өвөр Монголд хүний эрх, үндэстний эрхийг дээдлэн хэрэгжүүлэх, харгислал хэлмэгдүүллээ зогсоохыг шаардсан бичиг өгсөн бөгөөд, хариу аваагүй юм билээ. “Нэг жагсаж, Өвөр Монголчуудыг дэмждэгээ илэрхийлээд зогсохгүй, бид. Тодорхой үр дүнд хүртлээ тэмцэнэ. Санаа нэгдэх бүх байгууллагууд, хүмүүстэй хүчээ нэгтгэнэ, ахиад илүү өргөн хүрээтэйгээр жагсана, төрөл бүрийн үйл ажиллагаа явуулна” гэж тус ТББ-ын нэг удирдагч, жагсаалыг хамтран зүтгэгчидтэйгээ зохион байгуулсан Э. Одбаяр ярьж байв. Тэд 3 өдөр дараалан аль болох удаан хугацаагаар жагсаж, тэр чинээгээрээ олон хүнд асуудлыг ойлгуулж, ЭСЯ-нд нөлөөлөхийг төлөвлөсөн юм билээ. Гэвч, төрийн төлөөлөгчдийн хатуу байр суурь төлөвлөгөөнд нь сөргөөр нөлөөлж магадгүй санагдсан. Ташрамд хэлэхэд, 5.29-ний Ар Өвөр Монголчуудын хамтарсан эсэргүүцлийн жагсаалын дараа, ЭСЯ-ны НБД-д халдаж камэрийг нь булаасан эвдсэн гэх учир нь олдохгүй хэл ам гарч, түүний мөрөөр зохион байгуулагчдын нэг , “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэнд “тайван бус жагсаал зохион байгуулж, нийгмийн хэв журмыг алдагдуулсан” гэж эрүү үүсгэж, “камерын хэргийн” эзнийг олно гэж жагсагчдыг хардаж сэрдэж, үүнээс шалтгаалсан байж ч магадгүйгээр зарим өвөр монголчууд хилийн чанад руу одоод байна. Тиймээс ч, “асуудалтай” болсон тэд өнөөдрийн жагсаалд оролцсонгүй. Ар Өвөр Монголд жагсагчдыг дарах адилхан ажил өрнөж байна уу даа гэж хүмүүс гайхан хэлэлцэж байв.
Миний бие жагсаалын үйл ажиллагаанд цаг гаруй оролцоод, өөр ажил гарсны учир явсан юм. Олноороо ирэх, зохион байгуулалттай залуус бий, тэднийг хүлээж байна гэж зохион байгуулагчид хэлж байв. Дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхэн энэ арга хэмжээнд багагүй анхаарал хандуулан сурвалжилж асан. ШУТИС-ийн гадаа хөл хөдөлгөөн их байсан агаад, тэнд буй залуус үе үе дэмжлэгээ илэрхийлэн, нааш хашхирч, уухайлж, ирж сонирхож байв. Иймэрхүү нөхцөлд төрийн төлөөлөгчид хүлээцтэй байвал хэв журамд тустай асан бөгөөд, тэд ч үүнийг зохих хэмжээгээр ойлгож ажиллаж байв.
Урьдын, Өвөр Монголтой холбоотой арга хэмжээнүүд өмнөд монгол ахан дүүсийн үүсгэл сааачилга, хүчин зүтгэл, Төв Монголын “уламжлалт” үндэсний үзэлтнүүдийн идэвхтэй оролцоо, зохион байгуулалтаас ихээхэн шалтгаалах хандлагатай байсан бол энэ удаагийн акци онцлогтой юм. Тэдэнтэй төдийлөн холбоогүйгээр, Монгол улсын маань эх оронч залуус зүрх сэтгэлийн дуудлагадаа л хөтлөгдөөд эрслэн босоод ирж байгаа нь, их л сайхан санагдаж, өөдрөг сэтгэгдлийг төрүүлэв. Үндэсний үзэлтэй, бүр эрс дайчин эрмэлзэлтэй бүсгүйчүүд ч тэдний дундаас тодрон гарч ирж байна. Залуусын дунд шинэ шинж чанаруудтай үндэсний хөдөлгөөний давалгаан буй болж, хүчирхэгжин түрэх бололтой.

Ч.Мөнхбаяр
2010.6.18

Энэ зургуудыг авах үед, ирэх ёстой залуус бүрэн цуглаагүй байв 





No comments: