Tuesday, June 14, 2011

Бен Ладен монголчуудыг хүйс тэмтэрч явсан ч монголчууд түүнийг хайрладаг

Хөөрхий Бен Ладеныг маань алчихлаа, хөсрий Америк сөнөтүгэй гэх хүн алхам тутамд тохиолдох нь нөгөөх алдартай, массын психоз буюу нийтийн сэтгэцийн өөрчлөлт гээч буй за. Нийгэм хямрах тусам хүн ардын оюун санаа хямарч, бүхнийг эсрэгээр сэтгэж, хийж, хий төсөөлөлд автах шизофрэни, айшгүйгээс айх фоби, хийрхэх мания, өөртөө хэт төвлөрөх аутизм гэх өвчнүүдэд баглуулан солиорч дэмийрэн явдаг бүлгээ. Тэрхүү хүмүүст мэдээлэл их хүрэх тусам л халгаатай. Тийм ч учраас, сэхээтэн гэж өөрийгөө цоллогч, мэдээллийг эгэл ардаас хумсын чинээ ахиу авагч этгээдүүд гол төлөв массын психоз тусчихаад маанагтаж явах нь тохиолдоно. Тэр нь бас гоц халдвартай.
Бен Ладен бол монголчууд бидэнд байтугай, ер хэнд ч ач тус үгүй, гай хорлол л авчрах нэгэн байсан билээ. Баян эцгийн балайртлаа эрхэлсэн өв залгамжлагч тэрбээр Саудын Арабдаа багтахгүй болтлоо сагсалзаж: “Манай улс бол Америктай нөхөрлөдөг мангуу тэнэгийн туйл тул мөхтүгэй, үхтүгэй. Саудын Араб гээч улс байх үндэс ч үгүй. Алив лал ах дүү нар минь аугаа Лал гэдэг ганц л улс байгуулъя” гэсээр, бас ч үгүй зорилгоо биелүүлэх арми мармирхуу байгуулж яваад илчлэгдэж, эх орноосоо урвасан гэх ялд унаад байхад нь эцэг тэрбумтан нь аварсан. Ингээд улсын харъяатаасаа хасагдаж, хилийн чанадад хөөгдсөн түүхтэй.

Ийнхүү алдаршихаар нь мөнгө төгрөг, тэррор дажинг хослуулчихдаг этгээдүүд урин дуудсаар, мань хүн Афганистаныг сонгосон юм. Тэр үед афганчууд зөвлөлтийн булаан эзлэгчидтэй тулалдаж байлаа. Тэднийг АНУ дэмжиж асан бөгөөд, миний дайсны дайсан миний найз хэмээн Бен Ладеныг ч дэмжсэн. Мань хүн ч Америктай нөхөрлөхийн төлөө хөлөө хугартлаа гүйж явсан. ЗХУ, гол нь афганы ард түмний мятаршгүй тэмцлээс халширч цэргээ татангуут Бен Ладен одоо бидний дайсан бол америкчууд болон хазар монголчууд шүү, олон түмэн минь буугаа тэдэн рүү хараал гэх болов. Урьд нь, оросууд болон хазар монголчууд л бидний дайсан гэдэг асан.
Өөрийгөө их рекламддаг, алдар нэрд дуртай, мөнгө хөрөнгөтэй зэрэг нь лалын шашныг буруугаар ойлгож, түүндээ бүр хийрхчихсэн Бен Ладеныг алдаршуулсаан, алдаршуулсан. Янз бүрийн атгаг зорилготой элдэв этгээдүүд түүний шинэ санхүүжүүлэгчдийн хүрээг ч тэлэв. Гэрээ тохиролцоогоо зөрчиж, АНУ-аас урвасан түүнийг Вашингтон залхаан цээрлүүлье гэж бодоогүй юм. Хүйтэн дайн дууссан тул ганц хоёр галзуу солиотны дүвчигнэл ч яамай гээд орхисон. Бен Ладены “Аль Кайда” гэх, аалзны шүлс мэт дэлхийг хэрсэн байгууллага 90-ээд онд хоёр өндрийг дэлбэлэх гэж оролдоход ч, яав л гэж хэмээгээд ойшоогоогүй.
Гэтэл гайхал Бен Ладен 2001.9.11-нд яалаа.
Америкчуудын нулимс хатаагүй, шок арилаагүй байхад хуучин социалист лагерийн үлдэгдэл эрэмдэг араатан улсууд Жорж Буш дэлбэлчихлээ гээд элдэв үлгэр зохион цацаж эхэлсэн бөгөөд, чухам тэд л Аль Кайдад тусалсан ажгуу. Нэг улс нь бүр өөрийнхөө ард иргэд, барилга байшинг дэлбэлээд мэргэшчихсэн, чингээд үүгээр шалтаглан бага үндэстнүүдээ хүйс тэмтэрдэг гаж донтой.
Бен Ладены гол тулгуур, суурь болсон афганы талибуудад Тэррорын эсрэг эвслийнхэн цохилт өгсөөн. Удирдагч Бен Ладен, Мулла Омар нар нь ч Пакистан руу амь зулбан зугтаж, арван жил бүгэв. Тэдний хамгийн гол гэмт хэрэг юу вэ? Хазаруудыг аймаглан устгаж, үй олноор хөнөөж ирсэн нь. Гитлер еврейчүүдийг устгаж байсантай л адил, олноор нь, бүр илүү харгис хэрцгийгээр хүйс тэмтэрч, хазар хүн гэдгийг хорвоо дэлхий дээр эгнэгт үгүй болгохыг зорьж, цусаар нь гараа угаан, бах таваа хангаж байсан юм. Монгол туургат ахан дүүсийн маань алуурчдыг хөөрхий гээд уйлаад явж байгаа этгээдүүдийг хэн гэх вэ, юу гэх вэ!
Тэд хэрэвзээ лалын хийрхэгч, зандалчид дээр (эгэл лалын шашинтнуудыг хэлээгүй шүү) очиж хайр зарлаж гэмээж нь, цаадуул нь өчиггүй ална. Яаж гээч! Хүний санаанд оромгүй зэрлэг балмадаар. Аливаа лалын хэнээтэн бүр монголчуудыг үзэн ядагч байдаг юм. Яагаад тэр вэ?
Яагаад гэвэл Мухаммед зөнчийн үнэн номыг түгээ гэснийг, хүчээр тулгана, хүй төрлөөр нь уусгана, хүйс тэмтэрнэ гэж ойлгосон харгисууд өчнөөн ард түмэн, соёлыг сөнөөсөөр Монголын ертөнцөд тулж ирээд хоншоороо тас цохиулан зогсч байсан юм. Хойчис нь болох Хорезм, Кипчакийн эзэрхий түрэмгий хаад ноёд дэлхийг эзэлнэ хэмээн цээж дэлдэж, Монголын нэгдсэн улс байгуулагдахад ихэд дургүйцэн дайсагнаж, илтэд дарж дарлах гэж байгаад эзэн Чингист маань нарим цохиулсаан. Исламын гол гол халимууд болсон Хорезм, Кипчакийг нь хохимой болгосонд, Багдадын халифат гэх арабын аварга халим арзайн эсэргүүцэж, тэр үеийн Аль Кайда болох, Афганистанд оршдог Уулын өвгөдийн улс хэмээх алуурчдын ертөнц уулгалан дайрсан юм. Уулын өвгөдийн улсынхан аль чийрэг чадалтай хүүхдийг хар багаас нь хүн биш, улаан галзуу араатан алуурч болгон, харгис хэрцгийгээр хувиргаж, байнга гашиш хэрэглүүлж балай элий адгуус ч болгож, дуртай зүйлээ биелүүлгэдэг байв. 300 жил өрнө дорны хаад ноёдыг чичрүүлж явсан дундад зууны Аль-Кайдаг дуусган дарсан монгол цэргийн гавъяа, саяын Бен Ладенг устгасан явдал агаар нэгэн буюу.
Европчууд загалмайтны долоон аян дайнаар хийж чадаагүйг, монголчууд нэг далайлтаар бүтээж, Багдадын халифатын харгис ноёдыг дарсан бахтай гавъяа ч буй. Ийнхүү дийлдэшгүй, хязгаарлагдашгүй гэх дээрэнгүй лал хаад ноёдын эзэрхий түрэмгийн аюул эгнэгт арилсаан.
Тийм л болохоор лалын хэнээтнүүд монголчуудад өсөрхдөг агаад, зарим өвчитүүдийн маань хайртай Саддам Хуссейн төрийн эрхэнд гаруутаа Монголоос дипломат харилцаагаа тасалсан, “АНУ, Израиль, Баруун Европыг сөнөөнө, цөмийн, химийн үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэж байгаа” гэж ам ангайх бүрдээ заналхийлж, хэрэгжүүлэхийг оролдож, Аль Кайда зэрэг хамаг харгис хүчнийг дэмжиж байгаад цохилт авах үедээ: “АНУ-ын энэ довтолгоо Багдадын халифатыг устгасан монголчуудын довтолгоотой ижил. Та нар америк дайснуудыг, өвөг дээдэс маань монгол дайснуудтай эрэлхэг баатарлагаар, амь хайргүй тэмцэж байсан шигээр угтан сөнөөгөөрэй!” гэж уриалж байсан. Даанч, өвөг дээдэс шигээ ялагдана гэж цэргүүд нь ойлгочихсон юм байлгүй дээ, юм болоогүй.
Ташрамд, манай зарим бүдүүлэг харанхуй хүмүүсийн ойлгодог шиг, аль нэг улс аль дургүй улс, хүмүүс рүүгээ дайрч довтлоод байгаа эмх замбараагүй явдал бус, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэгсэд олон улсын хуулийн дагуу эчнээ ял шийтгэлээ хүлээж буй хэрэг гэдгийг ойлгууштай. Саддам Иракийн шүүхээс цаазлах ял сонссон, Бен Ладен түүнийг баривчлах ажиллагааны үеэрх буудалцаанд өртсөн.

Үүнийг тэрлэж суухад бүх телевизийн сувгаар маань фашизмыг дарсны баяр хэмээн, “День победы”-гаа хангинуулж, Сталиныгаа шүтүүлж, эргүү тэнэгээ гайхуулан байнам. Германтай байлдаагүй бидэнд Оросын баяр юун хамаатай билээ. Улирсан баларсан, өнгөрсөн зууны харийн баярт хөөрцөглөн гуяа алгадаж, яллаа дийллээ гэж яах учраа олохгүй дэвхцэх нь эрүүлийн шинж бус аа.
Оросууд хүртэл Сталин л дэлхийн II дайн гарах нөхцлийг глобал СССР байгуулах түрэмгий санаархлаараа бүрдүүлсэн, Гитлерийг өсч өндийхөд нь асар их тусалсан, дэлхийн дайныг ЗХУ эхлүүлсэн, тэгж бусдад болон өөрсөддөө асар их гамшиг авчирсан гэдэг болоод байна шүү дээ.
Манай монголчуудыг хүйс тэмтэрч хамаг бүхнийг устгаж, хужаа нарыг өөд нь татаж, хужаа засаглал байгуулж, “Монгол бол Хятадын хэсэг тул бид та нарт тусалж, хятад муж болгож байна” гэж Бээжинд рапортлон, хоёр нүүр гаргаж явсан нь чухам сталинистууд. Өчнөөн хагаралдан хоорондоо байлдаж асан хятадууд Ар Монгол руу савраа сунгах тэнхэлгүй асан ч чингэж явсан бөгөөд, 1932 оны бослогын дараа Сталин эзэнт гүрэнд минь эсэргүүцлийн дөл Монголоос асч бадрах вий гэж эмээсэндээ, манай эх оронч удирдагчдын эсэргүүцэлтэй удаа дараалан учирч зодуулах дөхөж явсандаа, дэлхийн дайны үед монголчууд том гүрний дайтай тусалж өөрсдөө өлбөрөх шахаж байсанд нь бас ч гэж ойшоож тоосондоо БНМАУ-ын тусгаар тогтнолыг сая тууштай дэмжиж, гэхдээ геополитикийн ашиг хонжоог (Монголыг байтугай, Хятадыг ССР-ээ болгох төлөвлөгөөтэй байсан) зэрэгцүүлж, бүр бүхнээс дээгүүрт тавьж, улмаар Туваг дээрэмдэж, Өвөр Монгол, Баруун Өмнөд Монголыг маань Маод бэлэглэж, тэртэй тэргүй 1911 онд байлдаж тулалдаж, олж авчихсан тусгаар тогтнолыг маань хүлээн зөвшөөрсөн “гавъяагаа” (уг нь хэвийн улсын бол хууль ёсны үүрэг шүү дээ) улан дороо оруулаад үгүй хийчихсэн хүн бол Сталин.
Хэрэв Гитлер ялсан бол юу болох байв. Сталины харгис дэглэм Гитлерийн арай гайгүй дэглэмээр солигдоно. Манай орон Зөвлөлтийн биш, Японы нөлөөн дор орно. Тэр нөлөөг өвөр монголчууд манай Өмнөд Монголын Манжийн дарлалд орсноос хойшхи хамгийн сайн сайхан он жилүүд гэдэг юм билээ. Япончууд Их Монгол улсыг байгуулах төлөвлөгөөтэй байсан юм. Өвөр монголчуудад тусгаар тогтнолын энтэй өргөн автономийг олгосон бөгөөд, бусад монголчуудтай нэгдэхээрээ бүрэн тусгаар улс болоорой, бид дэмжинэ гэж тохиролцсон байж. Тэд манай нутагт сууж, ноёлж, уусгах арга хэмжээ авах байсан. Гэхдээ Зөвлөлтийнхийг бодвол хавьгүй бага. Учир нь Гитлер ч тэр, Япон ч тэр монголчуудыг Азийн арий, дэлхийд ноёлогсдын удам, садан төрөл гэхчлэн хүндэтгэж байсан юм. Хожим Герман, Японы дэглэмүүд унахад (гэхдээ Зөвлөлтийн дэглэмээс түргэн унах байв) Монгол өндөр хөгжилтэй, нэгдсэн, хүчирхэг (20-30 сая хүн амтай) улс болж, эрх чөлөөтэй золгох байлаа даа.
Сталин Монгол тусгаар тогтнох ёстой гэхэд АНУ, Англи, Франц улсууд Монгол руу өндөр дээд элч төлөөлөгчөө дундаасаа илгээж байдалтай танилцаад, Монголыг 1945 онд хүлээн зөвшөөрчихсөн юм шүү дээ. ЗХУ л манайхтай дипломат харилцаа тогтооход нь саад хийж, Англитай 63, Францтай 65 (дипломат харилцаа тогтоосон анхны капиталист улсууд), АНУ-тай 87 онд л дипломат харилцаатай болоход хүргэсэн юм.
Өвчигнөл бидэнд хэрэггүй ээ, үнэн л хэрэгтэй бөлгөө.

Ч.Мөнхбаяр
MMXI.V.IX

No comments: