1. Амэрикчууд “Монгол бол амьдрах аргагүй,
үхлийн бүс” гэх утгатай кино хийв
үхлийн бүс” гэх утгатай кино хийв
АНУ-ын, “Оскар”-т зургаан удаа нэр дэвшсэн, “Трүмэний шоу” гэх киногоороо ихэд алдаршсан, нэрт найруулагч Питэр Уирийн “The Way Back” гэдэг шинэ киног үзлээ. Нэлээд хэсгийнх нь үйл явдал Монголд өрнөдөг бололтой тул, ихэд сонирхолтой байх болов уу ч гэж санаж байв. Эд Харрис, Колин Фаррэлл, Жим Стёржэсс, Саёрс Ронан гээд янз бүрийн төвшний ч гэлээ, одод тоглосныг ч хэлэх үү.
1939 онд, ган бат найрамдалтай, ах дүү улс гэгдэж асан III Рэйх, ЗХУ хоёр дэлхийн II дайныг хамтран эхлүүлж, Польшийг хоёр талаас нь хуваан эзэлсэн. Түүхийн туршид байнга эвдрэлцэн байлдаж асандаа, ялангуяа 1920 онд хиар цохиулсандаа хорсч, өс өвөрлөж явдаг Москвагийнхан ер нь польшуудыг устгачихъя л гэж санасан байгаа юм.
Киноны тухайд гэвэл Польшийн армийн олзлогдсон албан хаагч Радомир Равич Эрхүү мужийн хойд хязгаар дахь хорих лагериас польш, югослав, орос, амэрик нөхдийн хамт оргож, хойд туйлын уур амьсгалт тайга, элсэн цөл, Хималайн нурууг давж байж, Энэтхэгт хүрч эрх чөлөөтэй золгож буй тухай үгүүлдэг.
ГУЛАГ-ийн хорих лагэрийн үнэнлигдүү дүр зургаар кино эхэлсэн юм. За, энэ ч яахав, хамаг тэмцэл зүтгэл, аялал, адал явдал, бүх монгол туургатны маань түүхэн ахуй амьдрал өмнө байна гэж бодож суув. Гэтэл лагэраас гарангуут үнэнлиг төгсөх нь тэр ээ.
Аймшгийн хүйтэн, цасан шуурганд ороолтгүй, малгай бүчлээгүй, түүдэг ч асаахгүй, хоол цай ч үгүй өчнөөн хоног өдрөөр яваад, нар гарахаар халууцаж хувцсаа нимгэлээд, Байгаль хэмээн бяцхан нуурын хагарсан мөсөн дээгүүр харайж дамжсаар хэдхэн сэкүндэд гатлаад (яах гэж?), өвчин тусвал жаахан хэвтэж эдгэрүүлээд, ганцаараа удтал тайгад тэнэн амьдарч буй, дарга нарын охин польш бүсгүйг авраад, сэхээтэн амэрик эр тэднийг Робинзон амьдралд удирдан жолоодоод, хүзүүндээ нэг өвс зүүж, нэг ч шумуулд хазуулахын зовлонгүй болоод л, энэ мэтийг тоочивч баршгүй.
Хамгийн гол нь, тэдний маршрут Буриад Монголын АССР, БНМАУ, Өвөр Монгол, Хөх нуурын Монголоор дайрсан нь илүү анхаарал татав. Амэрик Смит, польш Януш нарын бүлэг Уушиг (Наушки) орчмоор хил давангуут, говьд хөл тавьж байгаа юм. Манай говь чинь сарархуу, амьд байх өчүүхэн ч боломжгүй газар байдаг юм байна, хөөе.
Тэд уг нь хил даваад эрх чөлөөтэй золголоо хэмээн ихэд баярласан. Хил орчим байх Улаанбаатар хотын, ёслолын аркан хаалга хэмээх, зэлүүд газар хөсөр хаягдаж нурах дөхсөн байгууламжтай учирч, дээр нь буй таван хошуу, Сталин Чойбалсаны хөргийг хараад “энэ чинь бас коммунист орон юм байна шүү дээ” гээд л гутрах. Урьд нь оргох төлөвлөгөө боловсруулахдаа Монголыг судалсан гэх.
Чингээд хүнээс дайжин явж байтал дөрөв таван морьтон “монгол” давхин ирж, тэднийг тойрон давхиж, тоос манаргав. Мэнд ус ч үгүй, хэг ёг хийсэн хэдэн дэмий юм асуугаад л пижигнээд алга болно. Нэг хөвүүн замыг нь таглан зогсч, яах нь мэдэгдэхгүй түгшээж байснаа, арьсан ууттай ус хаячаад мөн бусдынхаа хойноос давхиж одлоо. Ингээд монголчууд дуусаа. Монгол туургатан кинонд үзэгдсэн нь ердөө л энэ.
Манай улсыг энэ дэлхийн хамгийн амьдрах аргагүй, үхлийн бүс л болгож үзүүслэн. Улаанбаатараас жаахан урагшаа жинхэнэ “Сахарын” цөл л эхэлж байгаа юм. Могой, өчүүхэн булаг тааралдвал дээдийн заяа. Хэдийбээр, долоо байтугай голтой хүмүүс ч гэлээ, “Сахарын” цөлд маань ясаа тавьсаан, хөөрхий. Киноны ихэнхийг, Монголын зовлонг үзүүлэх гэж барчихсан тул бусдыг нь дэндүү “г.м” хэмээн товчилсон. Сахарын цөлийг туулангуут Хятадын цагаан хэрэм, хаалгаар нь оронгуут Түвд. Энд л тэд хүмүүстэй учирч, англи хэлт найрсаг түвд айлын зочломтгой занд уярна. Дөрвөн үхэх гэж байгаа хүнийг хавар хүртэл гэртээ бай гээд л. Мань хэд ч яаж тогтоо аж дээ. Өвгөн Смит Хятадад буй (байгаагүй л дээ) Америкийн цэргийн бааз руу, польш, югослав гурав өмнө нь буй Хималайг давахаар оргон явна. Сайн мэдэхгүй л бол уулчин ч давахгүй нуруу тэдний хувьд юу ч биш нь тодорхой. Газарзүйг Индиана Жонсын комиксоор л гадарлах тэд уулнаас буунгуут далайтай мөргөлдөх нь ойлгомжтой. Арай ч далайтай мөргөлдөөгүй л дээ, гэхдээ Бангладеш орчмын цайны тариалан, нэн халуун уур амьсгал бэлд нь угтсан л даа.
Монголыг, монголчуудыг дүрсэлсэн гадаадын балай кино цөөнгүй байдаг л даа. Гэхдээ энэ кино их нэр хүндийг олж, шагнал хүртсэн агаад, үнэн түүхийг Равичийн дурсамжийн дагуу үзүүлэв гэснээрээ тэднээс онцлог. Гадаадынхны дунд Монголыг эс мэдэх нь бүр өвчин болчихсон байдаг. Мэдэхээс зугтдаг нь өвчнийх нь нэг симптом юм уу, бас нэг өвчин. “Нэшнл Жиографик” газарзүйн нийгэмлэг хамтран бүтээсэн гэж байгаа юм. Тэр нийгэмлэгээс бус, манай дунд сургуулийн сурагчаас зөвлөгөө авсан бол дээр байж шүү дээ.
Морьтон гайхлууд арабууд юмсанжээ. Монголыг үзүүлэхдээ Марокко, Австрали, Болгарт зураг авчээ. Тэнд буддын сүм (эзгүйрсэн бөгөөд, хашаан дотор нь дүүрэн хохимой толгой), Улаанбаатарын улаан хаалгыг босгон байж, өчнөөн зардал мөнгө үрж, онигооны юм хийхийн оронд Монголд ирэх нь яав. “Сайхан дуракууд юм аа” гэх үг эрхгүй амнаас унаж билээ.
2. ""Польшийн Мянгуужин” Монголын тухай
галзуу солиотой ном бичжээ
галзуу солиотой ном бичжээ
Киноны сцэнарист нь 303-р лагерийг 105, НКВД-гийн ажилтныг алсан гэж буруутгагдсаныг тагнуул гэж яллагдсан болгох, оргодлын бүрэлдэхүүнд хулгайч, мисир судлаач хоёр оросыг нэмэх зэргээр, эх зохиолыг ихэд өөрчилсөн юм гэнэ билээ. Гэтэл, үнэндээ бол өөрчлөөгүй, цоо шинээр зохион бичсэн аж.
Түүхчдийн шагшин магтаж асан (жишээ нь, зөвлөлт судлаач П.Даниэлсон) “The Long Way” дурдатгалыг сонирхоцгооё. Равич 25 жилийн ял авсан гэж бичсэн бол, дээд ял нь ЗХУ-д 10 жил, буудах л байж. Мань хүн Эрхүү рүү 14 хоног вагоноор, зогсоогоороо чихцэлдэн явсан гэх. Үнэндээ 4-7 хоног явах бөгөөд, тэглээ ч зогсоогоор явсан бол хөл хавдаж, судас хагарч үхэх аж. Дараа нь 1000 км газар гар гавтай, хөл дөнгөтэйгээр явган явсан гэсэн нь бас л төсөөлшгүй. Тухайн үед лагэр дугааргүй асан, хожмын 303 ч, 105 ч Баруун Орост байжээ. Тэнд байнга кофэ өгдөг гэж бичсэн бол, бодтоороо бол бараг Сталин л кофэ олж ууж чаддаг байж.
Оргосон хүмүүс (дурдатгалд бол гурван польш, амэрик, югослав, литов, латви гэж гарна, хожим бас тэд үзэсгэлэнт “робинзон” бүсгүй Кристинаг аварна) цөм л аялал, хээрийн амьдралын туршлагагүй, явах газруудаараа өмнө нь очиж байгаагүй, газарзүйн ямар ч хэрэгсэлгүй тэдний адилаар нэг ч газарзүйн экспэдиц зорчиж чадахгүй.
Тэд хоёр м мөсийг унасан дархиар балбасаар цоолж загас барьж иддэг улс, гэтэл хавар болтол балбасан ч цоорохгүй агаад, хавар бол бүгд цөмөрч үхэх сэнж. Даанчиг өвөл хаагуур л бол хаагуур хувцас, ачаатайгаа чөлөөтэй сэлээд гарчихдаг, тэгээд л тэр чигээрээ шуурга сөрөөд гүйгээд явчихдаг гоц үзэгдлүүд ажээ.
Үнэрээ дарах гэж хонины арьс чирч явсан нь харин ч зам заах байж. Тэд их энэрэнгүй улс тул мал амьтан хулгайлахдаа алалгүй, гижигдээд дагуулж явдаг, дараа нь л иддэг бол, энхрий бүсгүй нүцгэн хөлөндөө томдсон болхи бахаал углаад л дэгддэг. Сибирьт чангаанз ургадгийг амтархан зооглоцгооно. Маогийнхны хянадаг, хүн ам шигүү суурьшсан нутгаар дайрч гарахдаа хэнийг ч хараагүй.
Би номын монголчуудтай холбоотой хэсгийг уншлаа л даа. Монголд дан говь цөл байдаг гэж бичээгүй юм байна. Харин маш олон голтой, зарим нь 100 м өргөн, тэд нь гурван голд цутгана, гурван гол нэг болж нийлээд Улаанбаатар луу хөтөлнө, голоор дүүрэн хужаа нар хулсан завиар хөвж, байнга дайлна, тусална. Хуурай газар монголчууд дүүрэн, тэд тамхины навч ороогоод л сигар болгож татна (гадуур нь бас сонингоор орооно), арахисаар дайлна, хөвөн тарина, хөвөн ачсан жингийн цуваа дагахад л Энэтхэг хүрчих шахуу. “Лхас, Лхас” гээд л хуруугаараа заагаад байхад илжиг луус унасан монголчууд цөм хуруугаараа замыг тодорхой зааж өгнө, тэгэхдээ үггүйгээр. Заримдаа тэд жингээс холдож төөрөөд эзгүй цөлд оччихно, гэвч зэрлэг тарвас идээд л, хальсаар нь усны сав, малгай, шүхэр, элсний цана урлаад урагшаа!
Радомир Савич
Түүний зурсан зургийг эрдэмтэд нээлт
хэмээн эндүүрч, шинжлэх ухаанд бүртгэж байв
хэмээн эндүүрч, шинжлэх ухаанд бүртгэж байв
Радич жаахан зурчихдаг тул, номоо өөрөө чимэглэсэн. Түүний зургаар Хималайд тохиолдсон гэх алмасыг нь Хомо пирдигитатус нэж эрдэмтэд зүйлчлэн тодорхойлсон нь ч буй.
1956 онд Лондонд хэвлэгдсэн номыг нь хүйтэн дайны үзэл сурталчид шүүрэн авч, ихэд алдаршуулжээ. 18 хэлээр орчуулагдаж, хөрөнгөт ертөнцөд их дуулиан тарьж, зохиогчийг ч амьжиргааны төлөө санаа зовох юмгүй болгож (дайнд оролцож, шархдаж, хоригдож байсан хэрнээ бараг 100 насласан).
Эрүүл ухаант Х.Лэвинсон, Л.Самуэлсон зэрэг эрдэмтэд яс угсаа нэгт еврэй зохиогчоо судлаад үзжээ. Жинхэнэ нэр нь Растислав Русецкий-Равич. Эцэг нь польш, эх нь оросын еврэй (эхээрээ үндэс нь тодорхойлогддог ёстой) тул орос хэл нэг төрөлх хэл нь. Номоо Р.Дауинг гэх англи хүнд ярьж өгч бичүүлсэн. 1939 оны 11-р сард Польшийн морин цэрэгт алба хааж байгаад олзлогдсон ч, бага дарга болохоор нь оросууд дөрвөн сарын дараа суллаж. Гэвч 1940 оны дөрөвдүгээр сард ахин баривчилж, НКВД-гийн ажилтныг алсан гэж гүтгэжээ. Түүнийг Катыньд (20 мянган польшийн цэргийн даргыг нэг амьсгаагаар алчихсан) буудалгүй, амийг нь хэлтрүүлж, гурван жил хорих ял оноосныг бодоход айхавтар мэдээлэл өгч, урвасан юм болов уу гэж хардах үндэслэлтэй аж.
1942 онд Красноярскийн лагэраас суллагдаж, Польшийн гэнэрал Андэрс эх орон нэгтнүүдээ цуглуулж, Барууны улсуудын ивгээл дор зэвсэгт хүч байгуулж асанд хамрагдан, тэр жилдээ Ойрх Дорнодод шинэ армийн II корпуст элссэн байна. Энэ бүхэн баримтаар нотолгоожсон аж. Мань хүн оросын концлагэрийг л мэдэхээс, бусдыг гадарладаггүй нь ийм учиртай санж.
Илчлэгдсэн Равич “Польш Мянгуужин” гэх алдрыг хүртэж, шившиг болжээ. Ном нь ч ямар ч үнэ хүндгүй цаасны хаягдал л болж. Гэтэл ийм хогийг хаанаас ч юм ухаж төнхөж олоод, олны шоог доог болом кинонцор хийж байдаг нь ямар ухаан бэ?
Сүпэр тэнэгтлийг ханхлуулсан энэ киног, “Оскар”-ын хамгийн нэр хүндтэй номинаци болох best picture-д өрсөлдсөн гэхэд яавч үнэмшимгүй.
Ч.Мөнхбаяр
MMXI.V.VIII
No comments:
Post a Comment