Цагдаагийн байгууллага МАН шиг
ард түмнээсээ уучлалт гуйх ёстой
ард түмнээсээ уучлалт гуйх ёстой
1. Шатаж үхсэн хүн өөрийгөө хутгалаад, хаалгаа түгжээд, гүн согтов
Миний сэргийлэх намайг хамгаална гэх үг байв аа. Юутай үнэн билээ л гэж бодож санаж явсан цаг буй. Энэ хэдэн цагдаагийн ачаар л аливаа бусармаг гэмт хэрэгтнүүдээс айх зүйлгүй, амар жимэр суудаг биз дээ, бид гээд л тэднийг өмгөөлж хамгаална. “Эрийн муу-цагдаа” гэх хүн ч тохиолддог л байсан хэрэг л дээ.
Өдгөө тэр мэт үгийн давтамж буурах бус, харин нэмэгдсээр. Яагаад тэр вэ? Шалтгааныг нь холоос хайх хэрэггүй санагдана…
Өнөөдөр байсхийгээд л хохирсон хэлмэгдсэн гэх цагдаа нарын хурал цуглаан болж, нэхэх шаардах мөнгө төгрөгнийх нь хэмжээ нэмэгдсээр. Тэд яагаад бэртэж гэмтчихэв? Хулхи хужаа хогийн новшийн хуяг дуулгаар “гийгүүлсэн” хулгайч луйварчин дарга сайд нарын сонгуулийн булхайг л хамгаалж, ард түмэнтэйгээ байлдаж байгаад тэр шүү дээ.
7.1-2-нд цагдаа нар хамгаалах хэрэгсэлгүй ард иргэд рүү чулуу нүүлгэж, СТӨ-нд “хүний бой” гэгч харгислалыг үйлдэж, хүмүүсийг хэлмэгдүүлж хоморголон баривчилж, буудаж, хэдэн өдрийн турш баривчлагдагсдыг зовоосон. Энэ хэргүүдэд олон хүн холбогдох биз ээ гэж бодно. Гэтэл өдий хүртэл тийм юм болсонгүй ( Эгэл иргэд бол хэдэн зуугаараа яллагдсан). Хэн нэгнийг нь шалгах гэхлээр цагдаагийнхан бослого дэгдээдэг. Хаанахын юу гээч вэ, та минь ээ.
7.1-ний үйл явдлын дараахан би улс төрийн харгислалын аппарат болсон жандармэрийг татан буулгах хэрэгтэй хэмээн “Жандармэри” үгүүллэгтээ бичсээн.
Юун татан буугдах байтугай, улам л гажсан, гаарсан байгууллага боллоо. 2008 оны долдугаар сарын харгислалаа бүр баатар гавъяа гэж үзэж, “Бид мартахгүй!” гэсэн арга хэмжээ хүртэл зохион байгууллаа шүү дээ. Удалгүй “7.1-ний гавъяаны одон”-той болж ч магадгүй нь!
Элдэв тэр мэт арга хэмжээнийх нь үеэр ард түмнээ гэсэн байр суурь ерөөсөө ажиглагдахгүй юм. Ард түмний төлөө гэсэн сэтгэл, ард түмнийг өрөвдөн хайрласан санаа, ард түмний гэх бүр юу ч байхгүй, ард түмэн гэх үг ч хэлэхгүй шүү. Уг нь ард түмний байгууллага биз дээ? Ангариг гарагийнх биш л байлтай.
“Соёлын төвийн өндөрт баривчилсан хүмүүсийг хорьж байсан. Тэнд зодуулсан цагдаа нарынхаа хариугаа авч байна гэж баривчлагдсан хүмүүсийг хайр найргүй зодсон гэсэн. Цусан далай болсон байсан”. Энэ бол, хэвлэлийн нэрт зүтгэлтэн Р.Хадбаатарын өгсөн ярилцлагын хэсэг. Байдал ийм л байлаа. Ард түмнээс өс авна гэх ойлголт байж болох уу, энэ байгууллагад. Монголын ард түмний байгууллага биш, харийн хүч мэт санагдаж байсан нь үнэн. Тэгээд л даруй татан буулга гэж бичиж байлаа шүү дээ.
УИХ-ын гишүүн Тэмүүжин эрүүдэн шүүсэн хэрэгт хариуцлага тооцох хэрэгтэй гэхэд сайд нь эрс эсэргүүцэж, бүх хэрэг явдалд Ц.Элбэгдорж, Ж.Батзандан буруутай гэж байв.
Зохион байгуулалттай үймээн байсан уу? Нүдээр үзэгчийн хувьд, байгаагүй гэж бодно. Миний бие тухайн газар, цагт сэтгүүлчийн ажлаа хийж явсан билээ.
Уг нь, зохион байгуулалт байсан бол ялалтад хүрэхэд тун ч амархан нөхцөл байдал үзэгдэж асан. Цугласан олныг тодорхой чиглэлүүдээр давшуулан “цахилгаан дайн” хийж, гол обектуудад хяналт тогтоож, цочирдсон эрх баригчдад ультиматум хүргэхэд л болчих байв. Гэхдээ зохион байгуулалт тэнд огт байгаагүй. “Ард түмний” удирдагчид ард түмнээсээ зугтан одсон.
Харин эмх замбараагүй байдал байсан уу гэвэл байсаан. Хэнтийн Засаг дарга асан С.Жаргал “Манай Хэнтийн 50 цагдаа үймээн самуун гаргалгүй асуудлыг зохицуулчихаж чадах байсан. Хотын 4000 цагдааг гайхаж байна” хэмээгээд, тэр өдөр хариуцлагагүй явдал биш, санаатай явуулга болсон гэжээ.
Эмх замбараагүй байдлыг бүтээхэд цагдаа нар өөрсдөө оролцсоон.Өөрсдөө тэд чулуугаар байлдаж “наадаагүй” гэж үү? Юунд ард түмнээ буруутгаад, ялархаад байгаа юм бэ?
Эднийхэн яамаараа ажил үйлс нь доройтож буйг хэн ч мэднэ. Хилийнхэн гэж аймшгийн газар гарлаа. Сайд нь төрсөн нутгийнхаа хилийг ч хамгаалуулж чадахгүй, аймгаа дүрвэлтийн томоохон голомт болгосон агаад, хоорондоо буудалцчихна гээд хилчдэдээ сум өгдөггүй ч гэх шиг. Ард түмний тэмцэл хөдөлгөөнийг дарахаас илүүтэйгээр, үндсэн ажил үүрэгтээ асар их анхаарал хандуулах учиртай болчихсон, асуудалдаа дарагдсан яам юм.
Эрхэм сайд нь: “Ц.Элбэгдорж бичиг ирүүлээд УИХ-ын ажлыг зогсоодог болсон юм уу. Нөгөө ардчилсан ерөнхийлөгч хаана байна. Үхсэнийх нь ардчилсан ерөнхийлөгч. Одоо энэ улс халаасны прокурор, халаасны шүүгчтэй болж дууслаа. Монгол улс дарангуйллын тогтолцоонд шилжлээ. Хууль хяналтын байгууллага руу эрээ цээргүй дайрч, Үндсэн хуулийн суурь зарчмаа хүндэтгэхээ болилоо!” гээд л айхавтар хуурай агсарсан удаатай. Гэтэл алмайрч гүйцсэн ерөнхийлөгчийнхөн, Ц.Элбэгдорж Цагдаагийн тухай, Өмгөөллийн тухай хуулийн талаар ямар ч бичиг илгээгээгүй, санал хүсэлт тавиагүй гэдгийг мэдэгдэж байж билээ. Ажлын явц нэг иймэрхүү. Эх нь ямар бол адаг нь тийм гэдэг.
Гэмт хэргийн төвшин, цар хүрээ нэмэгдсээр, нийгэм эрүүжсээр байгаа нь салбарынхны ажлын үзүүлэлт юм. Хүүхдүүд чинь шуугилаа гээд балмад этгээд хөрш бүсгүйгээ шатны уруу өшиглөж унагаад, нүд рүү нь буудсан. “Сайнуу, хөгшөөн” гэсэн төдийд намайг хөгшин гэлээ гээд үхтэл нь зодсон тохиол гарав. Нэг эрийг баривчлаад л, улс орны өнцөг булан бүрт гарсан, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн бүх хэргийг үйлдсэнийг нь тогтоов. Есөн хүнийг галдан шатаасан хэргийг, шатаж үхсэн нэг нь үйлдээд, өөрийгөө хутгалаад, бас өөрийгөө гараад зугтчих вий гээд хаалгаа түгжээд хальж одсоныг илрүүлж, үнсэн дундаас нь гүн согтолтыг нь олов. Цагдаагийнхан өөрсдөө ч элдэв хэрэг үйлдэж байна. НЦГ-ын дэд дарга асан Б эхнэртэйгээ нийлж залилан хийн, нэгэн гэр бүлийг орон гэргүй болгож, гудамжинд гаргахад шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгов. Чоно үүрэндээ өлзийтэй гэж энэ үү?
2. Монгол цагдаад хятад зүтгэл байж болох уу
Цагдаагийн байгууллагын ажилд хятадын хүчин зүйл үзэгдэх болсон. Хууль зөрчсөн хятадууд болон, хууль ёсны шаардлага тавьсан монголчуудын хооронд сөргөлдөөн гарахад, хятадын талд орох хандлага ажиглагддаг болж.
Дорноговийн Аариг сумын нутгийн 93.3 хувийг эзэгнэсэн Энжүмэн компанийхан элдвээр хууль зөрчдөг нь мөргөлдөөн гарах үндэс болсон. Захирал Жан нь тэмцэгч Т.Сүхболд гэдэг залууг машинаараа дайрч, зодож нүдэж алсан атал цагдаагийнхан үүнд анхаарал хандуулахгүй, баримтжуулалт хийхгүй, монголчууд руугаа давшилж байсан гэдэг. Хэдэн өдрийн дараа Энжүмэн рүү дайрсан залуусыг тэд, аймаг дамнуулан хөөж шуурхай баривчилсан бол Жан нь удтал эрх чөлөөтэй л цэнгэн явсан ба өдгөө хэрхсэн нь тодорхойгүй. Их л бодож нутаг буцаасан байж болзошгүй.
Хууль зөрчигч JCCR компанийнхан Увсын Өмнөговь сумын ард иргэдийн дургүйцлийг төрүүлж, жагсаал хийхэд хүргэсэн. Тэгэхэд цагдаа нар бага хэмжээний “7.1” зохион байгуулсан байдаг.
МХГ-ын лабораторийн даварсан хужаа нар өдөөн хатгалт хийж, дөрвөн цагдаа, хоёр хамгаалагч, хоёр үндэсний үзэлт залууг зодсон. Тэгэхэд цагдаа нар өөрсдийг нь өмгөөлөх гэж очсон үндэсний үзэлт залуусыг тараасан, барьж авч явсан гэдэг. Сайд нь энэ хэргийг хав дарахыг үүрэгдэж байжээ. Дараа нь ард түмнийг ч дуугарахыг хориглож, Хятадаар айлгаж, Хятадын байр суурийг л илэрхийлж, БНХАУ-ын ЗГ-аас манай талд чамгүй хатуу үгтэй шаардлага ирүүлсэн гэж сүрдүүлсэн (тэр шаардлага гээчээ олон нийтэд ил болгоогүйг үзэхүл, байгаа эсэх нь эргэлзээтэй). Гэмт этгээдүүдийг зүгээр л нутаг буцаасан.
Хятадтай гэмт хэрэгтэн харилцан шилжүүлэх асуудал одоо ч шийдэгдээгүй, хэрэгжээгүй л байна. Гэтэл НҮБ-аас орогнол хүсч ирсэн БНХАУ-ын иргэн Батзангаагийн гэр бүлийг, хятадын цагдаа нарыг оруулж ирж, тэдний удирдлага дор ажиллаж, Хонконг, Макаогийн цагдаагаас долоон дор статустай байж, Өвөр Монголын ЦГ-ын салбар мэт зүтгэн баривчлалцсан.
Өөрийн ард түмнийхээ эрх чөлөөний хөдөлгөөнийг амь хайргүй нухчин дардаг, хятадын хууль зөрчигчдийг санаа ч зовохгүй өмгөөлж хаацайлдаг ийм Монголын цагдаа байж болох уу?
Сүүлдээ бүр, ард иргэд өөрсдөө цагдаагийн үүрэг гүйцэтгэдэг болов. Үндэсний үзэлт залуус, хөдөөгийн ардууд маань хууль сахиулах оролдлого хийдэг болж. Харийнхны хууль бус үйлдлийг таслан зогсоосон Ц.Мөнхбаяр, Б.Отгонбаатар, С.Самбуу-Ёндон, Д.Баяраа нар яллагдах гээд, харин “Пурам”, “Сэнтэрра”-гийнхан гэм зэмгүй л байж байна.
Дэлхийн II дайны тухай зөвлөлтийн киног түм түмээр нь үзэж өссөн билээ бид. Дайсныхаа талд урвасан полицай гэх жигшүүрт этгээдүүд мөн ч их гардагсан. Монголын полис полицай болох ёсгүй ээ.
Энэ үгүүллэгээ бичихдээ би цагдаа бол муу муухай гэж харуулах зорилго огт тавьсангүй. Монголын цагдааг ард түмнийхээ хэсэг байгаасай, асга хаднаас төрсөн бус байгаасай гэсэндээ үүнийг тэрлэсэн бөлгөө.
Хэрхэн ард түмнийхээ хэсэг болох вэ? Үүний тулд:
1-рт, “7.1-ний” харгислалынхаа төлөө, 20 жил нэоколоничлол-гэноцидийн харгис дэглэмийг хамгаалж явсныхаа төлөө ард түмнээсээ уучлал гуйж, дахин алдаагаа давтахгүй гэдгээ илэрхийлэх ёстой!
2-рт, харгис дэглэмийн гэмт хэргүүдтэй үүргийнхээ дагуу тэмцэх ёстой. Дотоод гадаадын ямар ч албан тушаалтан, нэр нөлөөтөн байсан, өөрийн байгууллагын тань албан тушаалтан ч байсан, гэмт хэргийнх нь эсрэг тэмцэж, үүргээ үнэнчээр биелүүл! Өөрөөр хэлбэл, эрүүл нийгмийн төлөөх ард түмнийхээ тэмцэлтэй нэгд!
3-рт, харгис дэглэмийнхэн та бүхнийг гэм зэмгүй, хууль ёсны эрхийнхээ дагуу тэмцэж буй ард иргэдийн эсрэг турхирваас зөв сонголт хийж сур. Ард түмнийхээ өөдөөс ачлалт хүүгийн ёсоор очиж тэврэлд!
Ийм алхмуудыг хийх, хийхэд бэлэн байх аваас сая та бүхнийг ард түмэн Монголын цагдаа гэж үзэн хүндэтгэж хайрлах болно. Хэрэв “полицай” болноо хэмээвээс ард түмний хилэн хатуу. Саяын 7.1-ний үймээн бол цөөн хэдэн залуусын л хилэн. Монголчууд наанадаж гурван сая, цаанадаж арван сая гэдгийг санагтун!
Ч.Мөнхбаяр
ММХI.IV.III
ММХI.IV.III
No comments:
Post a Comment