Tuesday, June 14, 2011

Газар хөдлөлтөөс аваръя гэсэн гадаадынхныг ЗГ маань огт мөнгө байхгүй гээд хөөж явуулдаг

Аюулыг зайлуулахын оронд, бүх зүйлийг хэмжсэн дүр үзүүлж, асар их хөрөнгийг үрэн таран хийж байна

Гадаадад, Монголд Армагэддон (ертөнцийн мөхөл) болно гээд бичээд эхэлсэн үзэгдэнэ. “Монголын Армагэддоныг оросуудаас америкчууд булаав” гэсэн, ОХУ-ын хэвлэл дээр гарсан нийтлэлийг уншлаа. “Эрхүүгийн газрын хэвлийн хүрээлэн Улаанбаатарын газар хөдлөлийн аюулыг таслан зогсоож чадах аргачлалыг боловсруулсан. Энд 1000 жилийн өмнө асар хүчтэй газар хөдлөлт болсны үлдэгдэл хагархайнууд илэрсэн. Тэр хагарлуудад сейсмо идэвхжил байгаа нь 1000 жилийн өмнөх аймшиг давтагдахыг анхааруулсан үечлэл буйг харуулж байна. Гүнд олон тооны бага доргилтууд үүсгэж, хүчийг нь сарниулж замхруулах, ус юүлж энергийг задалж тараах аргыг хослуулан хэрэглэх гэж байв. Гэвч Монголын ЗГ манайхны ажлыг санхүүжүүлэхээс татгалзав. Америкчууд өөрийн санхүүжилттэйгээ ирсэн ч, зөвхөн зарим хэмжилтийг хийв. АНУ, Япон зэрэг улсууд өдгөө ус юүлэх аргыг л хэрэглэж байна. ОХУ сейсмо аюултай тэмцэх технологоор дэлхийд тасархай түрүүлж буй. Энэ салбарт судалгаа сайтай гэх Япон ч биднээс суралцаж байна. Өнөөдөр далайд юм уу, их гүнд голомттой сейсмо асуудлыг судлахад хүндрэлтэй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж нэлээд хязгаарлагдмал байгаа. Өнгөн хөрсөнд шинж тэмдэг илэрсэн, хэмжилт хийж болох сейсмо голомтыг бол мэргэжилтнүүд унтрааж чадах болсон” гэсэн утгатай зүйлс бичжээ. Яагаад энэ бүхнийг гадаадын хэвлэлээс л мэдэж байна вэ, бид?

Оросууд, манай ЗГ-ыг америкчуудтай хамтран ажиллаж, тэдэнд мөнгө өгнө гэж таамагласан бололтой. Хэмжилт хийх төхөөрөмж авна гэж л хэдэн тэрбумыг үгүй хийцгээсэн байх, тэгээд хэмжих ч үгүй. Гадаадынхан ирж хэмжиж, судлаад байгаа юм чинь.
Төрийн хийж буй ажил үнэхээр хачирхалтай. Барилгуудын газар хөдлөлд тэсвэртэй эсэхийг шалгана гээд л, хэдэн зуун сургууль цэцэрлэг хаах болсон. Гэтэл одоо газар хөдлөлтөд тэсвэртэй, тэсвэргүй гэсэн паспорт олгох үүднээс барилгуудыг ахин шалгах гэнэ. Өмнө нь зүгээр л шалгачихсан, одоо бол паспортын стандарт, шаардлагын дагуу шалгана гэнэм. Тэгэхдээ тусгай төхөөрөмжөөр доргиож шалгах аж. 10 баллд нурах барилгыг бол нураана гэнэ. Ингэж эвдрэл нуралтаас хамгаална. Иймэрхүү л юм ярьж байна. Тусалъя гэсэн гадаадынханд төлбөрийг нь өгөөд л аюулыг зайлуулахын оронд, яаралтай мэс засалд оруулах ёстой хүнийг царай зүс нь онцгүй байна, гоо сайхны арга хэмжээ авч байж дараа нь эмчил гэх шиг өнгөн заслын төдий юм хийсэн дүр үзүүлж, цаг алдаж, өчнөөн мөнгө хөрөнгө үрэхийн учир юун?

Ч.Мөнхбаяр

No comments: