Tuesday, June 14, 2011

ОХУ Хятадтай байлдах гэж манайд нууц зэвсгүүдээ байрлуулав уу?

Монгол улс цэрэг зэвсгийн идэвхжилтэй болсныг дэлхий нийтээр анзаарч байна. Ашигт малтмалаас болоод энэ дэлхий чинь манайхыг дүрлийтлээ ширтээд л байдаг болчихсон шүү дээ.
Хүүхдийн цэргийн сургуультай болов. Олон генерал нэмэгдэв. Оросоос худалдаж болон бэлэглэлээр багагүй зэвсэг авах болов. Орос ч манайхыг цэрэг зэвсгийн хувьд хүчирхэгжүүлэхийг их анхаарч, хамтын хээрийн сургуулиа сэргээсэн.
Юу болоод байна вэ. Гадаадын ажиглагчид энэ нь Хятадын экспанстай холбоотой гэж таамаглаж байна. Хятад Орос хоёр наанаа найзууд гэгдэвч, цаанаа дайсагнаж байдаг (Гитлер Сталин хоёрын хуурамч нөхөрлөл мэт).
Хятад Оросын хил дагуу зэвсэгт хүчээ эрчимтэй бөөгнүүлэх болжээ. Орост яаж ч мэдэх сая сая хятад цагаач буй бөгөөд тэд 5-р цуваа болж, гол төмөр замыг хэдэн газар дэлбэлэхэд л Орос хоёр хуваагдан таслагдаж, шууд ялагдах аж. Алс Дорнод, Зүүн Сибирь нь хүн ам багатай, цэргийн хүч муу, дэд бүтэцгүй бөгөөд, тийшээ хангалттай цэрэг зэвсэг татаж аваачиж амжилгүй цохиулна. Хоёр улсын хил бүрэн тогтоогдоогүй буюу демаркацигүй.

Хятад Оросыг, Тайпиний бослогоор (XIX зууны 60-аад он) далимдуулж манай 1.5 сая ам.км нутгийг (Долоон Ус буюу Зүүнгар, Амархи, Далайхи), дараа нь 1945 онд ахин 1.5 сая ам.км нутгийг (БНМАУ) салгасан, булаасан гэж буруутгадаг, Оросын Владивостокийг Хайшэньвэй, Хабаровскийг Боли, Сахалиныг Хуйдао гэж газрын зурагтаа тэмдэглэдэг. Ус Хятадын хувьд аймшигтай асуудал. Хүн ам сийрэг Түвд Шинжааны нутаг хангалттай байх мэт ч, үнэндээ тэнд оршин суухад тохиромжгүй уулс, элсэн цөл их. 2006, 2009, 2010 онд Хятад өөр улсад гүн цөмрөх хээрийн сургуулиудыг Оросын хилийн ойролцоо хийжээ.
2009 онд ОХУ-ын түүхэнд анх удаа Хуурай замын жанжин штабын дарга Скоков нь Хятад бол болзошгүй дайсан гэх утгатай үг хэлэв. 2010 онд Цэрэг-улс төрийн хүрээлэнгийн дэд захирал Храмчихин нь бүр Хятадын аюулаас цэргийн хүчээр хамгаалах ул суурьтай бэлтгэл хийе гэж уриалав.
Казахстан манай Зүүнгарыг Манж, Оросоор дамжуулаад авчихсан улс. Байконур гэдэг чинь Баянхонгорыг буруу дуудсан нь тэр шүү дээ. Хятад тэр нутгийг авна гэдэг тул, Орос ганц аврал нь. Тэр хоёр цэргийн маш нягт хамтын ажиллагаатай. Хилийн чанадын дөрвөн сая казахуудыг татаж байгаа нь Хятадын аюулаас хамгаалж буй хэрэг. Орос ч байлдахдаа хүрвэл, Хятадтай өөр улсын нутаг дээр байлдах сонирхолтой.
Монголыг мөн тийм нүдээр харах болов. Хамаг зэвсгээ (бүтээн байгуулалтаа ч мөн) Хятадад хаягдал төмөр гэж тушаан, соёмбыг нь баллуулж, дээр нь ханз зуруулж байсан манайхан нэг хэсэг Оросоос хуучин зэвсгээ хямд үнээр өгөөч гэж гуйгаад гуйгаад бүтдэггүй байв. Гэтэл сая бөөн зэвсэг бэлэглэлээ.
Орос бас Монголд нууцаар, агаараас эсэргүүцэн хамгаалах С-300 хэмээх сүпер цогцолбор гурвыг суурилуулсан гэх. Энэ нь “үл үзэгдэгч” системийн онгоцыг ч сөнөөдөг ажээ.
Лу.Болд сайд, батлан хамгаалахын салбарт өнгөрсөн 20 жилд хөрөнгө оруулалт хийгдээгүй, харин сүүлийн гурван жилд зэвсэг техникийн хамгийн том шинэчлэлт хийгдсэн, манай улс батлан хамгаалахын төсвөө ДНБ-ий 1.4 хувиас 3-4 хувь болгож өсгөх шаардлагатай, цэргийн албаар дамжуулан мэргэжил олгох ажлыг маш ихээр эрчимжүүлнэ гэв.
Сонин дээр, “Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Солонгосын дайнд бэлтгээд, олон генерал зэхээд байнуу” гэх ёжтой мэдээ гарсан.
Цагтаа, Зөвлөлт Монголын цэргийн хамтын ажиллагаа ланжгар байсан. Өмнөд хөрштэй байлдах нөхцөлд манай арми баруун өмнө, өмнөд чиглэлээр давшиж, Лоб нуурын цөмийн цогцолбор, Ланжоу хотыг эзэлж авах үүрэгтэй байсан гэдэг. Харин одоо…
…Өчнөөн амралт сувилал нь алдагдалтай байхад, долоон зуун саяар шинийг барина ч гэх шиг.”Тусгай салаа” хэмээх 60 анги кино хийлгэсэн гэв. Хамаг арми дэлхий даяар тарчихаад байхад “Монголын армийн эрэлд” гэх кино хийлгэвэл зохих бишүү. Пьер Карденээр армийн форм зохиолгох гэсэн чинь мөнгө хүрээгүй юм байх. Анхны загвар өмсөгч арми болчих янзтай. 1000 жолооч бэлтгэж нүүрс зөөхөд туслуулна гэсэн. Хамгаалж байна уу, хагацааж байна уу. Өвөрхангайд армийг сурталчлах өдөрлөг болоход хоёр десантчиний шүхэр задралгүй, олны дунд бяц унаж, сайдынхаа нүдэн дээр нэг дайчин тоосго хагалах гээд тархиан хагалав.

Ч.Мөнхбаяр

No comments: