Tuesday, June 14, 2011

Өвөр монголчууд германы фашист формтойгоор тулалдаж асан

Хятадын арми Гитлерийн цэргийн форм, 
зэвсэглэлтэй байсан

1933 онд Гитлер төрийн эрхийг авч, Түмэн наст Рейхийн үе эхлэв. Дэлхийн II дайнаас хойш ганцаардсан Германд түүхий эдийн эх үүсвэр тун ч их дутагдаж байлаа. Тиймээс ашигт малтмалын их нөөцтэй Хятад руу хараа сунгажээ.
Хятад тэр үед тархай бутархай, удирдагч нь гэх Чан Кай Шигийн нөлөө тогтворгүй, Японд Манжуурыг алдаад байв. Гэхдээ л Германд, манайд аж үйлдвэр хөгжүүл, зэвсгийн үйлдвэрлэл, армийн шинэчлэлийг зохион байгуул гэх саналыг тавьжээ. Герман ч Хятадыг Зөвлөлттэй үзэлцүүлэх санаа өвөрлөж, саналыг хүлээж авав.
Хятад дахь германы бизнесчид HAPRO гэх том нэгтгэлийг байгууллаа. 1935 онд генерал Фалькенхаузен ирж, Герман-Хятадын найрамдлыг удирдах болов. Энэ найрамдал маш өргөн хүрээтэй байлаа.

Японд Герман итгэхгүй байв. Дэлхийн I дайны үед Япон Германд дайн зарлаж, Номхон далайд хоорондоо үзэлцэж байв. Ази, Номхон далай дахь эзэмшлүүдээс нь Германыг хөөхөд Япон их үүрэг гүйцэтгэснийг Берлин мартаагүй. Бид Японтой Коминтерний л эсрэг гэрээ байгуулсан, Япон танай хоёр байлдвал бид танайхыг дэмжинэ гэж германчууд хэлж байлаа.
Хятадын элч төлөөлөгчдийг Гитлер найртайгаар хүлээн авч уулздаг байв. Японы 1931 онд эхлүүлсэн Хятадын эсрэг дайныг Герман таашаагаагүй. Хоёулаа Хятадыг булаалдаж байсан юм чинь. Арга нь өөр болохоос, аль алинд нь ашигт малтмалтай л улс хэрэгтэй байв.
Герман улс Хятадад вермахтын загварын цэргийн хувцас, Барс Ирвэс танк, Юнкерс, Хейнкель, Мессершмидт онгоц нийлүүлж асан тул, холоос харвал хятадын арми германыхаас ялгагдах юмгүй болж байлаа.
1937 онд Хятад-Японы харьцаа хурцдав. Нанжин хот руу Япон уулгалан довтоллоо. 1931 оноос хойш Япон Хятад руу бага хүчээр дайрч асан бол, үүгээр хоёр улсын II дайн эхлэв. I дайныг бодвол (XIX зууны сүүлээр болсон) Япон улам хүчирхэгжсэн тул, Хятадыг нүд ирмэх зуур буулган авна гэж санаж байв.

 Вермахтын формтой хятад цэргүүд

 Хятадын ерөнхий сайд Хун овогт Гитлерийн хамт

 Хятадын ЗГ-ын тэргүүн Ван овогт Германд

Чан Кайшийн хүү Чан Вэй Го

Гэтэл өөдөөс нь Германы арми довтлон ирэх шиг болов. Фашист Рейхийн формтой, чадвар, сахилга батаар үлэмж дээрдсэн, зэвсэглэл сайтай цэргүүд, Германы танк, онгоц. Япончуудыг шуурган гал, ширүүн эсэргүүцлээр угтав. Ингэнэ гэж япончууд үнэхээр санасангүй.
Аз болоход германчууд Хятадын армийг хоёрхон жилд (1935 оноос хойш) бүрэн шинэчилж амжаагүй байв. Хамаг хүчээ дайчлан Нанжингийн тулалдаанд ялахдаа япончууд их хохирол амсчээ.
Хилэгнэсэн японы командлал нанжинчуудыг гэсгээн цээрлүүлэхийг уриалав. Зургаан долоо хоног үргэлжилсэн их харгислал эхлэв. 500 мянган хүнийг хядаж, 120 мянган эмэгтэйг хүчиндсэн байдаг. Дээрэмдэхийг хамгийн зөөлөн цээрлүүлэлд тооцно. Аль ч дайнд цэргүүдээ дээрмийн эрхээр урамшуулдаг хойно доо. Олзны юм гээд л эх нутаг руугаа илгээнэ.
Нанжингийн тулалдаанд их сум үрсэн тул цаазаар авахад галт зэвсэг бүү хэрэглэ гэжээ. Жадлах, цавчих, амьдаар шатаах, булах, эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлэх, хүүхдийг хана савах, шидэх зэргээр хороож байв. Насанд хүрээгүй охидоос эмгэд хүртэл нас харгалзалгүй хүчиндэв. Нэг өдөрт хэн олон толгой цавчих вэ гэсэн уралдаан зарлахад, цэргүүд сэлэм далайн эгэл олон руу дайрчээ. 100 гаруй толгой цавчсан офицер түрүүлсэн байдаг.
Германчууд Хятадад партизаны дайн хийхийг зөвлөсөн ч Чан Кай Ши зөвшөөрөлгүй, хүчээ хэтрүүлэн үнэлж халз тулалдсанаас ялагджээ. Гэхдээ Япон Хятадыг буулгаж авах зорилтоо биелүүлж чадалгүй, сунжран тулалдсаар дайныг барсан нь, германы цэргийн сургалтаас үүдэлтэй.
Чан Кай Ши ялагдалдаа Германыг буруутган, Зөвлөлттэй түншлэв. Гэхдээ 1940 онд Герман Англи руу довтлоод бүтэлгүйтэх хүртэл зохих хэмжээгээр хоорондоо хамтын ажиллагаатай байв. Хятадын сайн дурынхан, тэдний дотор Чан Кай Шигийн хүү Чан Вэй Го Германы армид алба хааж, Польшийг эзлэхэд оролцож байв. Зарим нь ч дэлхийн II дайн дуустал тэндээ байлдсан. Англи руу довтолсон бүтэлгүйтэл, Хятадыг Германаас бүрэн хөндийрөхөд хүргэв.
Чан Кай Шигийн улс төрийн өрсөлдөгч Ван Зин Вэй Японы талд орж, ЗГ байгуулсан явдал буй. Ван Зин Вэй (1883-1944) Японд суралцаж байхдаа тэндхи Сүн Ят Сэний намд орсон, Хятадын тусгаар тогтнолын тэмцлийн алтан хараацайнуудын нэг. 1927 онд Хятадын ¹1 хүн болж, хувийн дарангуйлал тогтоож амжсан. Түүний БНХУ 1942 онд Чан Кай Шийн БНХУ, Англи, Америкт дайн зарлаж, Японтой хамт тулалдаж байв. Герман энэ үед Японтой зузаан түнш болсон байлаа. Ван Зин Вэйн ЗГ-т их тусалж байв.
Ийнхүү хятадууд фашист Германтай түншилж байжээ. Зарим өвөр монгол хүн Чан Кай Шигийн армид алба хааж, фашист вермахтын формтой тулалдаж явсан байдаг.
Ч.Мөнхбаяр

No comments: