Tuesday, June 14, 2011

Цагаантны удирдагч Колчак амраг бүсгүй Аннатайгаа Монголд ирэх гэж байв

Гайхамшигтай хайр сэтгэл байдаг гэдэгт итгэхгүй хүмүүн тохиолддог. Тэгвэл гайхамшигтай хайр сэтгэл амьдралд тохиолддог амой.
Тэр бол Оросын цагаантны хөдөлгөөний удирдагч Колчакт дурласан, Анна Тимирёва бүсгүйн хайр юм.
Анна (1893-1975) бүсгүй язгууртан гаралтай, зураач, яруу найрагч. 1911 онд буюу 18 настайдаа мөн язгууртан гаралтай, өөрөөс нь 18-аар ах Сергей Тимирёв (1875-1932) гэдэг офицертой ханилан суужээ. Тэрбээр халамжит нөхрийн хайранд умбан, аз жаргалтай л амьдарч байв.
1915 онд нөхрийнх нь дарга Александр Колчак (1874-1920)-тай дотно танилцжээ. А.Колчак бол Хойд туйлыг судлах домогт аяллуудад оролцсон, Орос-Японы дайнд баатарласан, дэлхийн I дайнд ч баатар гавъяа байгуулж яваа нэгэн байв. Анна Александр хоёр Оросын талд орсон Османы түркүүдийн удам, сайнаар яривал садан төрөл улс байв. Үүнийг мэдэлцсэн нь дотносох эхийг тавьжээ.

Колчактай уулзах, харилцах тусам Анна энэ л миний хайр сэтгэл юм гэж ойлгох болжээ. Нөхөр нь өөрийнх нь халамжлан асрагч л юм байна, харин жинхэнэ хайр бол өөр зүйл байдаг юм байна гэж ухаарчээ.
Гэтэл Колчак хайртай гэргий, хүүтэй бөгөөд тэднээсээ салахыг хүсэхгүй байв. Тэгсэн атлаа Аннад үнэн сэтгэлээсээ татагдан дурлаж байлаа. Гэргий Софья нь ч Колчактаа маш хайртай. Софья, Анна гэх хоёр үзэсгэлэнт бүсгүй Колчакийг, Колчак хоёуланг нь хайрлаж байв. Софья, Анна хоёр найз бүсгүйчүүд байлаа. Тэд бүхий л явдлыг мэднэ. Гэхдээ Анна Колчакийн гэр бүлийг үймүүлэхийг хүсэхгүй, Софья Аннаг тийм юм хийнэ гэж санадаггүй байв.
Колчак Тимирёв хоёр бүр ч сайн найзууд байв. Тэнгисийн цэргийн сургуульд нэг ангид суралцсан. Тимирёв илүү сурлага сайтай байсан тул, сургуулиа төгсөөд Колчакийгаа командалж явжээ. Колчак мийний хичээлд маш муу, ер нь мийнэнд их дургүй байсан тул дипломонд нь гагцхүү мийний хичээл дээр “3” дүн тавигджээ. Хожим харин Колчак энэ дутагдлаа арилгаж, мийний хөлгөөр гарамгай тулалдаж явсан юм.
Александр Сергей хоёр Орос-Японы дайнд хамт шархдаж, хамт олзлогдож явжээ. Аргалж чаргалсаар, ямагт хамт алба хааж ирэв. Колчак Сергей бол миний сольшгүй туслах мөн гээд салдаггүй байлаа.
Гэр бүл дотроо бол эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ зэмлэх зүйл гардаг л байж. Гэр бүлээсээ үүнийгээ гадагш гаргалгүй, эрхэм нандин нөхөрлөлөө эрхэмлэцгээнэ.
Колчакийг Балтийн флотоос нь шилжүүлж, Хар тэнгисийн флотыг командлуулахаар тушаал дэвшүүлэн, адмирал цолтойгоор Севастополь руу илгээв. Софья ч тэр, Сергей ч тэр, Анна Александр хоёрын хайрын роман дууслаа гэж баясч байв. Тэдний санаснаар ч болох дөхсөн юм. Севастопольд байхдаа Колчак гэр бүлдээ үлэмж дотно хандах болж, гэмшлээ хайраар нөхөх гэж оролдох болсон хийгээд, хаант засаг унаж эсер Керенскийн засаг тогтоход нийслэл Петроградад ирээд байхдаа, холбоо хэлхээгээ таслая гэж Аннад хэлжээ.
Колчак эсер Керенскийтэй ч, бослого гаргаж, цэргийн диктатур тогтооё гэсэн Корниловтой ч хамтран ажиллахаас татгалзаж, АНУ руу үндсэндээ цөлөгдөв. Гэр бүлээ АНУ руу татах оролдлого нь бүтэлгүйтэв, дайн дажин, хувьсгал үймээнээс болоод бараг холбоо тасрав. 1917 оны эхээр Петроград руу явснаас хойш гэр бүлтэйгээ хэзээ ч уулзсангүй.
Софья (1876-1956) бол үзэсгэлэнтэй, язгууртан гаралтай, долоон гадаад хэл мэддэг (франц, германыг бол төгс), боловсролтой, зоригтой эмэгтэй байв. Гурван хүүхэд төрүүлсэн ч, нэг охин нь нярайн өвчнөөр эндэж, нөгөө охин нь Германы довтолгооноос дүрвэн зутарч явах үед аяны хүндийг даалгүй хальжээ. 1910 онд төрсөн Ростислав хүү аав ээж хоёрын амь.

Адмирал А.Колчак

Анна Тимирёва

Софья Колчак

 Улаантан-цагаантны аймшигт иргэний дайн гарахад, Анна “энэ хаягаар л намайг Колчак олох болно” гэж санаад, Петроградаас явахгүй гэж зүтгэхэд нөхөр нь арай гэж ятгаж чаджээ. Софья мөн Севастополийн байрнаасаа явбал нөхөр маань намайг олохгүй гээд, улаантнууд хотод тулаад ирсэн ч хөдлөхгүй байсан агаад, Колчакийн андууд бараг хүчээр Франц руу авч явжээ.
Хайртай эхнэрээ аврахын тулд Тимирёв улаантны талд оров. Гэтэл Анна нөхөртөө үнэнээ хэлж, намайг явуулчих, би Колчакгүйгээр амьдарч чадахгүй гэжээ. Сергей ч байгаа бүх алт мөнгөө өгч явуулахдаа чамайг би үүрд хайрлах болно гээд, хүүгээ авч үлджээ. Тэгээд л дороо цагаантны талд орж, Алс Дорнодод большевикуудтай эрэлхгээр тулалджээ. Колчакийн дэргэд л байхыг тэр хүсээгүй ч, түүний командыг биелүүлсээр явав.
Анна ганцаар аюул осолтой аялал хийж, Омскод очлоо. Колчак түүнийг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн тул, дэргэд нь сувилагч, оёдолчин хийж, хааяа нэг Колчакийг олж үзэхдээ, түүний ойр байгаа гэдэгтээ аз жаргалтай байдаг байв. Орчуулагч хэрэгтэй боллоо гэсэн аян шалтгаар Колчак түүнийг дэргэдээ ажиллуулсан л юм. Гэвч ажил хэргийн холбооноос хэтрэхгүй байхыг адмирал хичээнэ. Даанч тэр нь үл бүтэх аж. Аннаг ойртуулах аян шалтаг бодож олох нь, байлдааны тактик стратегиэс дутуугүй болж ирэв. Хожмоон түүхчид, Анна Омскод ирээгүй бол Колчак большевикуудыг ялж, эрүүл засаглал тогтоож, ард түмний хайртай удирдагч болох асан гэдэг.
Сүүлдээ Колчак удаа дараалан ялагдал хүлээж, Эрхүү рүү ухарлаа. Угтуулаад Эрхүүд улаантнууд бослого дэгдээж, засгийн эрхийг гартаа авчихав. Колчакийг ганцаараа хотод орж ирвэл яах ч үгүй, эсбөгөөс ингэнэ тэгнэ гэхчлэн улаантнууд шаардлага тавилаа. Баруунаас Каппелийн, зүүнээс Семёновын арми ирж явсан тул, улаантнууд намайг яав л гэж, тэдэнтэй очиж хэлэлцээ хийх минь гээд Колчак явах болов.
Цэрэг офицерууд нь большевикууд мэхлэх гэж байна, Монгол руу гарч Унгернтэй нийлье гэж байжээ. Чехүүд ч тийм санал тавьж байж. Тэр бол тэдний хувьд маш боломжийн санал байлаа. Колчак, чехүүд Монголд ирсэн бол хятадууд ямар ч өчиггүй үнсэн товруу болох байсан биз ээ.
Омскоос ухрахын өмнө Колчак Аннатай ханилан суухаар шийдсэн юм. Салах санаагаа гэргийдээ биччихсэн байлаа. Аннатайгаа хамт Монголд ирж аврагдах боломж түүнд байсан. Гэвч хууран мэхлэлтэд автаж, Эрхүү рүү ганцаараа явах болсон нь хайр сэтгэлийн гал дөлөөс болж, хэт өөдрөг үзэлтэй болсных гэж судлаачид дүгнэж байв. Үнэндээ Каппельд ч (замдаа эрсэдсэн), Семёновт ч Эрхүүг эзлэх хүч байсангүй.
Анна яасан ч чамаас салахгүй гэхэд Колчак зөвшөөрөв. Эрхүүд Колчакийг шууд л баривчиллаа. Аннаг ирнэ  гэж бодоогүй большевикууд сул тавин явуулах гэв. Бүсгүй сайн дураараа баривчлагдан, хоригджээ.
Каппелийн арми Эрхүүгийн захад ирж, Колчакийг суллахыг тулган шаардав. Харин большевикууд Колчакийг ерөнхий сайдтай нь яаран цаазлав.
Анна бүсгүй 10 гаруй удаа хэлмэгдэн хоригдож, 35 (!) жилийг шорон, цөллөгт өнгөрүүлжээ. Хайрынхаа төлөө л тэр шүү дээ. Шорон, цөллөгийн хооронд зураач, цэвэрлэгч, асрагч хийнэ, заримдаа бараг гуйлга гуйж явж. Книпер гэх барилгын инженертэй ханилсан (гол нь хүүдээ овгийг нь өгүүлэх гэж) ч, тэр нь удалгүй хэлмэгдэн цаазлагдсан. Тимирёв тэр хоёрын хүү бас хэлмэгдэж цаазлагдсан юм (1938).
Софья хүнтэй суулгүй насыг баржээ. Уг нь түүнд бага залуугаасаа хайртай болсон нэгэн баян язгууртан эр олон удаа гэрлэх санал тавьсан аж. Гэвч зөвшөөрсөнгүй ээ. Ростислав хүү нь банкны мэргэжилтэй болж, Алжирын банкинд ажиллаж байсан. Дэлхийн II дайнд Францын армид татагдан байлдаж (1939) олзлогдож байв. Аавынхаа танил адмирал Развозины охинтой гэрлэжээ. 1965 онд өвчнөөр нас барсан түүнийг эхийнх нь дэргэд оршуулжээ.
С.Тимирёв Алс Дорнодын флотод улаантнуудтай иргэний дайн дуустал үзэлцжээ. Дараа нь Хятадын худалдааны флотод ажиллах болсон аж. Дайн тулаан эрүүл мэндийг нь сүйтгэсэн байв. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд дурсамжийн ном бичсэнээр, гайхамшигт дурлалын түүхийн олон зүйл тодорхой болсон юм. 1932 онд тэр нас барахад Хятадын худалдааны флотынхон (бараг тэргүүн нь байв) гүн хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэж, гэрээс ёсоор нь тэнгист цогцсыг нь живүүлжээ (далайчдын уламжлал юм).
Энэ дөрвөн хүн дөрвүүлээ насан туршдаа эрхэм нандин хүнээ хайрлаж явсаар нөгчсөн болой.
Ч.Мөнхбаяр

1 comment:

Unknown said...

сайхан бичсэн байна үнэхээр их баярлала сэтгэл хөдлөм түүх байна