Хитлэрийг монголчууд хүндэтгэж явах учиртай
Үндэсний мэдрэмж гэдэг, юугаар ч хааж хорьж болшгүй, өөрөө гараад ирдэг эд юм билээ. Хар нялхаасаа л би зөвлөлтийн колоничлолыг жигшин зэвүүцэж, тэднийг хиар цохин хашрааж асан Хитлэрийн Гэрманыг талархан сайшааж явав.
1985 онд Ялалтын 40 жилийн ой гэж болдгийм. Тэгэхэд би фашистуудтай холбоотой зураг хөрөг, ялалт амжилтынх нь талаархи мэдээллийг цуглуулж, ТВ-ээр гэрманы дайчид, өрлөг жанжныг таашаан үзэж харж байгаад, гэрийнхэндээ зэмлүүлсэн удаатай. Гэвч тархинд маань фашист үзэл нэгэнт бүрэлдэн тогтжээ.
Монголынхоо Хасын дурсгалыг сонирхлоо. 1921 оны Ардын хувьсгалын баатрууд, МАН маань хасыг дээдэлж явсныг Хувьсгалын мүзэйд үзэж харлаа. Хаа сайгүй л фашизмыг өмгөөлж, Хасыг сурталчлан ярьж явдаг нэгэн болов. Ирээдүйд Цагаан хастай Монголын танкууд ялгуусан давшилт хийж, Бүх Монголоо чөлөөлж байгаа адал явдлыг зөгнөн зохиож, балчир дүү нартаа үгүүлнэ.
1987 онд ЗХУ-д суралцахаар очоод, күрсүүдийн хоорондын хөгжөөнт тэмцээн дээр Монголын Хас бэлгэдлийн тухай ярьж, бусдын гайхшийг төрүүлж байсан юм даг (Гадаадад байгаа юм чинь яадгийм гэж санасан, бас гласность-ийн үе байлаа л даа). Зөвлөлтийн оюутнуудтай Хас, фашизмын талаар их л маргадагсан.
Монголдоо 1990 онд шилжиж (МУИС) ирээд, дүү Ш.Одонтөрийн хамт анхны хувийн сонин "Шинэ үе"-ийг гаргахдаа, тэргүүн нүүрэн дээр нь “Хуваагдмал монгол” үгүүллээ залж, Хоёр Гэрман нэгдсэн шиг Олон Монгол нэгдэх цаг болсон гэсэн санааг дэвшүүлэв. Зөвлөлт нөхөд үүнд л лав багагүй цочирдож, АПН-ын салбар нь оросоор орчуулаад Москва руу яаралтай илгээсэн байв.
1991 онд сэтгүүлч Даваажав, Ганзориг нар сонин гаргах талаар зөвлөгөө хүсэхэд хас бэлгэдэлтэй байх нь зөв гээд бүр ийшээ эргэлттэй гээд зурж өгч байв (Тэд арга билгийг нэмсэн). 1992 оны Хитлэрийн төрсөн өдрөөр “Хитлэр гэж хэн байв аа?” гэх, түүний талаархи хэвшмэл ойлголтыг зөөлрүүлэх гэсэн үгүүллийг нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар” сонинд хэвлүүлэв. 1993 онд “Цагаан Хас” хэмээх хувийн сонин гаргахдаа толгойд нь хас далбааг залж, арын нүүрэнд нь постэр хэмээн, Хитлэрийн зургийг томоор зуруулан тавьж байлаа.
1993 оноос хойш үндэсний үзэл, улс төрийн талаар хэлэлцэж явсны минь үр дүн нь - анд Б.Сэргэлэн бид хоёр 1995 онд нам байгуулахаар шийдсэн явдал байв. Миний бие, “Товчлол нь заавал ХАС байх ёстой шүү, Х нь хувьсгалт, А нь Ардчилсан байх юм, С-д тохирох үгийг Цэвэлийн ногоон толиноос шүүж бичиж ир” гэж даалгаснаар мань хүн жагсаалт бэлтгэсэн. Сонголт гэх үг дээр тогтсон. Социалист гэх үү хэмээн мөн их эргэлзэж явцгааж билээ.
Ардчилсан хувьсгал ч болоогүй, ардчилал ч алга гэж үзэж байсан тул хувьсгалт, ардчилсан гэх үгүүдийг шууд л сонгож асан. Намын маань сүлд нь миний 1993 онд зохиосон таван жигүүрт хас (пэнтастика) дээр Б.Сэргэлэн таван хошуу нэмснээр (социалист үзлийг бэлгэдэн) бүтсэн. ХАС нам маань багагүй фашист өнгөтэй байх учиртай асан.
Ялалтын 50 жилийн ойгоор найз Б.Сэргэлэнгийн хамт “Салхи” сонины тусгай дугаар бэлтгэж, түүхэн үйл явдлын талаарх буруу ойлголтыг залруулахыг хичээв. I нүүрэн дээр нь Хитлэрийн зургийг залсан эл дугаарт “Монгол фашизмын ухаан хэрэгтэй” үгүүлэл минь гарсан. 5.9-нд хэвлэгдсэн сониноо өөрсдөө гудамжинд зараад зогсоцгоож байхад маань зарим нь ихэд буруушааж, зарим нь ч дэмжиж байв. Төр засгаас “Салхи” сониныг хаах арга хэмжээ авсан. Хааж хориглогдох хэмжээний фашистууд явцгааж дээ.
50 жилийн ойгоор би “Улаанбаатар” сонинд “Дэлхийн II дайн хоёр дэглэмийн мөргөлдөөн байв” гэсэн нэртэй нийтлэл бичиж, үнэн мөнийг таниулахыг оролдов. Хитлэр буруу, Сталин зөв гэлцэх нь ямар ч үндэсгүй, эсрэгээрээ байж болох юм шүү гэдгийг бичсэн. Үүнээс болоод сониныхон хотын захиргаанаас зэмлэнгүй үг сонссон л гэсэн.
Тэр онд ахин хувийн сонины бизнэс рүү орохдоо аанай толгой дээр нь хасыг залав. 1997 онд “Бизнэс Таймс”-д ажиллаж байхдаа, монгол фашизмын тухай нийтлэл бичлээ. Гэтэл сэтгүүлч, “фашист” гэгдэх Ц.Ганхуяг ирж “Бид Фашист залуучуудын холбоо байгуулах санаатай байгаа, хамтарцгаая. О.Дашбалбар дэмжиж байгаа” гэв. Ингээд бид ФЗХ-гоо байгуулцгаав.
Харин зарим асуудал дээр санал зөрөлдөөнтэй байсан, тэрбээр Галина гэдэг залууд л хязгааргүй их итгэх болсон зэргээс үүдээд, О.Дашбалбар гуайтай хамтын ажиллагаатай байж чадсангүй. Гэхдээ найрсаг харьцаатай байсаан.
Фашизм, хасын талаар багагүй ярьж бичиж, сурталчилж явцгаав, архи ч их ууцгаав. Миний хувьд асуудлыг хууль зүйн хүрээнд байлгахыг эрмэлзэж, “үнэндээ бол фашист бус, үндэсний л үзэлтэн юм байна шүү дээ” гэдгээ ойлгосоор байлаа. Мухар сохор фашист яваагүй агаад, фашист гэмт хэргүүдийг хэзээ ч зөвтгөж асангүй.
2000 онд “Энциклопедия III Рейха” гэдэг номыг авч уншсан чинь харин бүр фашист үзлээс бүрмөсөн татгалзахад хүрч билээ. “15 жил хамт явсан фашист үзэл минь баяртай” хэмээн хэлсэн юм.
Гэхдээ фашизм муу муухай гэж учиргүй жигшин, үнэнээс хазайхгүй ээ. Хитлэр бол тэр үеийн их гүрний нэг л удирдагч.
Сталин түүнээс хавьгүй их нүглийг үйлдсэн, дэлхийн II дайныг зохион байгуулсан, өдөөсөн эхлүүлсэн, дэлхийд ноёрхохыг мөрөөдсөн, 20 орчим ард түмнийг бүрмөсөн устгахыг зорьсон, дэлхийн дайны дараа асар том колонийн шинэ импэрийг байгуулсан. Сталин монголчуудыг харгисласан, Хитлэр үгүй. Тэгэхлээр бид Сталинд маш муу, Хитлэрт хавьгүй гайгүй хандаж болно. Бидний дайсантай байлдсан учраас.
III Рэйхийн талд буюу эх орныхоо эрх чөлөөний төлөө 3-5 мянган халимаг хүн тулалдсан байдаг. Тэд бол монгол үндэстний баатрууд мөн л юм…
Хас бэлгэдлийг бишрэн дээдэлсээр л явах болно. 2006 онд төрийн хас сүлдтэй болох, 2009 онд Хасыг хүндэтгэх өдөртэй болох санаачлага дэвшүүлсэн. Фашизмын тухай ч, Хасын тухай ч үнэнийг бичсээр л ирэв. “Үндэсний үзлийг минь хөгжиж дэвжихэд тусалсанд баярлалаа” гэж би сэтгэл дотроо фашизмд хэлдэг.
Ч.Мөнхбаяр
ММХI.IV.II
ММХI.IV.II
Миний янз бүрийн цаг үеийн (1997-2000), хувийн хас далбаанууд
Фашизм судлаач, сэтгүүлч Ч. Мөнхбаяр: Фашизм гэдэг бол "Монголчууд Монголдоо!" гэсэн үг
Монголд хүн бүр фашист болчихсон юм шиг, эсвэл хүн бүр фашизмын эсрэг тэмцэгч юм шиг сонин байдал үүсээд байна. Улс төрчид, хүчнүүд юм л бол бие биенээ "фашист", "фашистуудын арга барилыг хэрэглэв" гэхчилэн зэмлэж эхэлдэг. "Майн кампф" монгол хэл дээр хэвлэгдлээ. Фашизм гэдэг нь хэрэг дээрээ юу юм бэ? Энэ талаар фашизмын тухай багагүй бичиж нийтлүүлсэн сэтгүүлч Ч.Мөнхбаяртай ярилцав.
- Фашизм гэж юу вэ?
-"Монголчууд Монголдоо!". Ердөө л энэ.
- Бид чинь Монголдоо л байна шүү дээ.
- Монголд амьдрах арга алга гээд хэдэн арван мянгаараа гадагшаа явж, тэмүүлж байгааг Монголдоо байна гэх үү? Тэдний орон зайг том улсын иргэд эзэлж байна. Түүнээс гадна зөвхөн энэ Төв Монголыг бүх Монгол гэж ойлгож болохгүй, тавны нэг нь л гэж ойлгох хэрэгтэй. Өвөр Монгол, Хойд Шинжаан, Хөх нуур, Алтайн хязгаар, Тува, Буриад,Халимаг гэгдэж байгаа нутгууд бүгд-Монгол. Тэнд монголчууд л байх учиртай биш үү?
Миний хувьд Монгол бол тэр бүх газар нутаг, арван сая монголчууд юм. "Монголчууд Монголдоо" гэдэгтэй холбоотой бүхний цогц нь фашизм юм.
- Фашизмтай бас дээд, дорд үндэстний тухай онол, 6 сая еврей, дэлхийн II дайн холбогддог шүү дээ?
- Өөрийн үндэстнийг яагаад дээд гэж бодож болохгүй билээ. Тэгж бодоогүйгээс л хамаг муу муухай үүддэг. Өөрийн үндэстний давуу талыг олж харж, эзэмшиж чаддаг хүн аз жаргалтай, цэвэр тунгалаг явах болно. Ингэх нь бусад үндэстнийг дорд гэж үзсэн хэрэг болохгүй. Дордыг яаран хайх нь доройн шинж. Тэр бол фашизм биш, шовинизм.
Зургаан сая еврейг хорьсон явдал ч шовинизм руу хэлбийснээс болсон. Нөгөөтэйгүүр, еврейчүүд германчуудыг хаа сайгүй шахан зайлуулах ёстой байсан юм гэж үү? Еврейчүүд Израйлийнхаа төлөө л эртхэн тэмцэх хэрэгтэй байсан. Эх орон нь шүү дээ. 1933 оноос хойш 1939 он хүртэл германчууд тэднийг гарч явахыг анхааруулсан. Ухаалаг нь явсан. Үлдсэнийг нь хориход хүрч л дээ.
Гэхдээ Холокост буюу еврейн асуудал нь хамгийн хэрцгий явдал гэвэл эндүүрэл болно. Сталин 20-иод үндэстнийг аймаглан устгаж байсныг юу гэх вэ?
Бүр польш мэтийн томхон үндэстнийг газраас арчих гэж байсан. Олзлогдсон 20 мянган польш офицерийг нэг дор буудан хороож байсан. "Улс төрийн" гэх шалтгаанаар 70 сая хүнийг хэлмэгдүүлсэн. Америк ч гэсэн 1945 онд Токиод, 1950 онд Бээжинд атомын бөмбөг хаях дөхсөн. Гэхдээ тэр бүхэн Хятадад дэлхийн II дайнаас болж өнгөрсөн үйл явдлуудыг яаж ч гүйцэхэв дээ.
- Дэлхийн II дайн фашизмаас л болсон шүү дээ.
- Огтхон ч үгүй шүү. Дэлхийн II дайныг Сталин эхэлсэн. Тэр бүх дэлхийн пролетарийн дарангуйлагч болохыг хүсч, юуны өмнө Европыг, тухайлбал Германыг эзэлж авахад бэлтгэж байсан. Гитлер ч үүнийг мэдэж Оростой байлдахад бэлтгэж байсан юм. Гэхдээ арга буюу бэлтгэл муутай байж дайралтыг эхэлсэн нь цөхөрсөн алхам байлаа. Сталин европын улсуудыг хооронд нь турхирч, дайснууд болгосон юм. Германыг европын улсуудтай байлдуулж, сулран доройтохоор нь цохилт өгөх гэж байлаа. Тиймээс Сталин эхэндээ Гөрмантай холбоотой байж, зэвсэглэхэд нь хүртэл тусалж байсан.
- Гэхдээ Гитлер юу ярьдаг байсныг олон хүн санаж байгаа.
- Гитлер цочирдом зүйлийг ярьж байсан. Тэр нь зөвхөн улс төр, уран илтгэлийн л зорилготой байсан. Ярьж байсан бүхнээ биелүүлнэ гэж бодож байгаагүй. Олон улс үндэстнийг устгах гээгүй юм. Герман үндэстний л аюулгүй байдал, оршин тогтнохуйг хангах гэсэн хүн. Тэгээд ч фашизм гэдэг бол Гитлер биш. Гитлер цаг үеийн байдалд хавчигдан, фашизмын үзэл санаанд харш зарим зүйлүүдийг хийсэн. Яг л коммунизм агуу үзэл боловч, жинхэнэ коммунист удирдагч байгаагүйтэй адил фашизмын хувьд тийм юм.
- Сая Австрид үндэсний үзэлтнүүд засгийн эрхэнд гарлаа гээд Европ, Америкийн улсууд харилцаагаа хүртэл тасалж байсан. Монголд фашист үзэлтэн олон болбол тэрнээс ч хэцүү юм болох байх даа?
- Том гүрнүүд гэдэг чинь бага улсуудыг ямар ч байсан залгихыг л бодож байдаг. Австрид үндэсний үзэлтнүүд гарч ирээгүй байсан бол юугаараа дээрдэнэ гэж?
Үндсээ боддоггүй хүн засгийн эрхэнд нь гарсан улсыг том гүрэн улам л амархан залгина.
Үндэсний үзэл гэдэг чинь ухаан. Ухаан ямар ч улсад хэрэгтэй. Монголд фашист үзэлтэн бий боллоо гээд бусдад дайн зарлаад унахгүй. Бусадтай ойлголцож эхэлнэ. Том гүрэнд фашизм бий болбол империализм, шовинизм, расизм руу хэлбийх аюултай байдаг. Бага улсад бол фашизм үндэстнээ аврах бат цайз болж хувирна.
Уг нь "Монголчууд Монголдоо!" гэдэг шиг уриа бүх үндэстэнд байсан бол хорвоо өртөнц ямар амар жимэр байхсан бол. Фашизмыг гуйвуулж мушгихгүй бол тийм ирээдүйд хүргэнэ.
- Улс төрд бие биенээ фашист гэж нэрлэх явдал их байдаг. Жириновскийг фашист гэх л юм. Польшийн жагсагчид Путиныг фашист гэж нэрлэж байсан.
- Фашизмыг гуйвуулж мушгина гэдэг л тэр. Жириновский еврей гарал угсаагаа сольж, их үндэстэнд дагаар ороод зогсохгүй, дүрдээ итгэж гүйцээд, оросын хар зуутын дээрэнгүй үзэлтний авир гаргаж байна. Тэр хүн Энэтхэгийн далайд орос цэргийн хөл гарыг угаана гэхчилэн юм ярьж байхын оронд Израйль руу цагаачилсан бол зүй зохистой байхсан. Тагнуулын байгууллагаас гарч ирсэн Путин бол ердөө л юу ч хийхээс буцахгүй этгээд, рейтингээ хадгалахын тулд бүхэл бүтэн тусгаар тогтносон Чечень улсыг ард иргэдтэй нь устгалаа. Эднийг фашист гэж яаж болох вэ. Наад зах нь, бусдын нутаг руу өнгөлзөнө гэдэг өөрийн эх орныг доромжилж байгаа хэрэг. Фашист хүн юуны өмнө эх оронч байдаг.
- Таны фашизм гээд байгаа яриа сүүлдээ эх оронч үзлийг л хэлээд байх шиг. Эх оронч үзэл, үндсэрхэг үзэл, фашизм, энэ бүгд ер нь хоорондоо ялгаагүй болж байна уу?
- Эх оронч гэдэг бол өргөмжилж дээдэлсэн үг юм. Фашист хүнийг эх оронч гэж болохын адил хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг хүнийг ч тэгж нэрлэж болох шүү дээ. Үндсэрхэг үзлийн тухайд бол үндсэрхэг гэдэг нь номчирхлоо гэсэн шиг л доошлуулж хэлсэн хэрэг. Үндэсний үзэл гэвэл үндэсний хөгжим, заншил гэдэг шиг "гадаадын бус" гэсэг үг болж байна. Тэмцлийг хэлэх албагүй. Гэтэл фашизм гэдэг бол тэмцэл.
- Яаж тэмцэх хэрэг вэ? Жагсаал цуглаан уу, аль эсвэл бүр зэвсэгт тэмцлийг хэлж байна уу?
- Юуны өмнө үнэнийг мэдэх хэрэгтэй. Мэдсэн цагт үнэн өөрөө яахыг хэлж өгнө.
- Монголд фашист хүн гэж байна уу?
- Байлгүй яахав. Монголын фашист залуучуудын холбооны тэргүүн Ц.Ганхуяг байж байна. Эрхлэн гаргаж байсан "Салхи" сонин нь фашизмыг сурталчилсан гээд хаагдсан Б.Сэргэлэн байж байна. Мөн Галина... "Майн кампф"-ыг орчуулж хэвлүүлсэн хүмүүс ч гэсэн мөнгө олох зорилгогүй л гэсэн.
Ярилцсан С.Соном
“Алаг хорвоо” сонин, 2000 он
“Алаг хорвоо” сонин, 2000 он
"Цагаан хас" сонин, 1993 он
Фашизмыг талархагчийн яриа
Сүүлийн үед фашист үзэл санааг талархдаг, ойлгодог гэх хүмүүс олон болж байгаа нь нийгэмд юу авчрах бол? Монголын фашист залуучуудын холбоо, Үндэсний үзэлтнүүдийн нийгэмлэг, “Чингисийн зарлиг” бүлэг гэх зэргээр өөрсдийгөө нэрийдсэн хүмүүс нэгдэж Үндэсний фашист холбоо гэдгийг байгуулах гэж байгаа юм байна. Тэдний төлөөлөгчийнх нь хувьд Ч.Мөнхбаярт дараах асуултуудыг тавив.
-Байгууллагынхаа тухай танилцуулна уу?
-Үүсэн байгуулагдах шатандаа яваа л даа. Үндэсний фашистуудын холбоо гэж нэрлэгдэх төлөвтэй ч шинэ хүмүүс бидэнтэй нэгдэж, шинэ санаанууд хэлж байна. Хурал чуулган хийж байж үүнийг тогтоно. Нам, нийгэмлэг гэхчилэн хэлбэрээр бус, цоо шинэ хэлбэрээр ажлаа явуулах, намаас дээгүүр ч гэх юм уу, бүх намынхан элсэж ч болох тийм байгууллага байх юм. Манай зорилго гэвэл монголчуудын эв нэгдлийг бэхжүүлж, үндэс угсаагаа бишрэх үзлийг хөгжүүлж, шударга ёсыг тогтоох, аливаа бусармагийг илчлэн шүүж байх зэрэг болно.
-Заавал фашист гэж хэлэхийн хэрэг юу байгаа юм бэ? Эх оронч, үндэсний үзэл гэхэд болохгүй гэж үү?
-Ингэж тодорхой хэлэхгүй бол хүмүүс нэгдэхгүй, анхаарал хандуулахгүй. Идэж уух гэсэн хэдэн улс л нэг юм сэдэж гэж бодно. Эв нэгдэл, эх орон, үндэстэн гэж ярьсан өчнөөн янзын нам холбоо байсан, тэдний нэг л гэж бодно шүү дээ. Аль нь ч биш гэдгийг фашист гэдэг үг ойлгуулна. Харин фашист гэдгээ зөв ойлгуулах үлдээд байна.
Эх оронч, үндэсний үзэлтэй байх гэдгийг “дээдэс” ямагт “тэмцэхгүй байх, сэтгэхгүй байх” гэсэн үг гэж номлож ирснийг ч хэлэх үү.
Эх оронч байя гэвэл өмнөх ажлаа л хий, үндэсний үзэлтэй байя гэвэл номхон дөлгөөн, хүлцэнгүй тайван байдаг уламжлалаа дага л гэдэг шүү дээ. Тэгэхээр ард түмэн эх оронч, үндэсний үзэл гэхээр хүлээж авахаа байсан байна.
Фашизм гэдэг бол эх оронч үндэсний үзлийг багтааснаас гадна үндэстэн хүчтэй байхыг номлодог. Хүчтэй тэмцэл, хүчтэй засаглал, хүчтэй үзэл суртал, хүчтэй эдийн засаг, хүчтэй арми, хүч хэрэгтэй гэдэг. Гэхдээ хүчээр түрээ барина, хүчирхийллийг шүтнэ гэсэн үг биш, хүчээ нэгтгэнэ гэсэн үг. Үндэстэн доройтож, нийгэм гүн гүнзгий хямарсан үед гарч ирж, аврал болдгоороо фашизм онцлогтой.
-Яагаад та фашист үзэл санааг сонгосон бэ?
-Фашизм гэдэг бол үндэстнээ эв нэгдэлтэй байлгах, авран хамгаалах, сэргээн мандуулахыг туйлын зорилгоо гэж үздэг үзэл санаа юм. Консерваторууд уламжлалыг, социал-демократууд нийгмийн хамгааллыг, либералууд аядуу, уян хатан байдлыг, коммунистууд пролетарийн дарангуйллыг аврал, гарц мөн гэж үздэг бол фашистууд үндэстэн гэдгээр бүхнийг тайлбарладаг. Үндэстэнтэй холбож үзэхгүй бол бүх юм өнгөрнө гэсэн үг гэж ойлгодог.
Тийм учраас би фашизмыг талархаж байгаа юм. Монголыг зөвлөлтжүүлэх, оросчлох байдалд түгших болсон сурагч насандаа буюу 1985 он, дэлхийн II дайн дууссаны 40 жилийн ойн үеэр фашист үзэл, санааг талархаж эхэлсэн. Түүнийг сурталчилж, Өвөр монголыг чөлөөлөх үндэсний фронт байгуулна гэж хүртэл бөөн юм болж байлаа. Ардчилал мандсанаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон. Жишээ нь “Улаанбаатар” сонин дээр л гэхэд “Гитлер гэж хэн байв?”, “Ялалтын баяр биш, эмгэнэлийн өдөр”, “Хас тэмдэг Монголынх” зэрэг өгүүллүүд нийтлүүлж байлаа. Фашист үзэл санааг дэлгэрүүлнэ гэж “Цагаан хас”, “Салхи” зэрэг сонинуудыг гаргаж, гаргалцаж байсан. “Салхи” сониныг “Харгис үзэл, хүчирхийллийг сурталчилсан” гэж гаргахыг нь хориглосон байгаа.
-Бусад үндэстнийг үзэн ядах уу?
-Үгүй. Харин ч харьд уусахгүй, бусдад өөрийнхийгөө ч тулгахгүй жинхэнэ эрүүлээр, эрх тэгш нөхөрлөх боломжийг бид дэвшүүлнэ.
Орон орны фашистууд нөхөрлөдөг жишээг аваад үз. Дэлхийн фашистуудын чуулган энэ тэр гээд л байдаг. Украины фашистууд Чечений эх орончдод тусалж, дайчин отрядуудад нь байлдаж байсан. Ер нь бол фашист үзэл санаанд манай үндэстэн л байх ёстой, бусад нь байх ёсгүй гэдэггүй.
-Фашистууд еврейчүүдийг үзэн ядаж, аймаглан устгаж байсан шүү дээ?
-Тэр бол бас л үндэстэн өөрийгөө авч үлдэх гэсэн үүдэлтэй байсан. Манайхан ч гэсэн 20-иод онд хятадын капиталыг шахан зайлуулна, 60-аад онд маоизмтай тэмцэнэ гэх нэрийн дор харийн ноёрхлоос өөрсдийгөө сэргийлж байсан. Герман бол еврейчүүдийг хороож устгасан байгаа. Тэгэхээс өөр аргагүй байдалд ч байсан юм. Германы эдийн засаг, нийгмийн олон салбарт ноёрхож байсан еврейчүүд германы ард түмэнд хямрал, ядуурлыг авчирч байсан. Тэдэнд германы ард түмэн яах нь падгүй байлаа.
Еврейчүүдийг шахан зайлуулах бодлогыг 1933 оноос хойш баримталж ирсэн Гитлерийн засгийн газар олон жил тэмцээд тэмцээд ямар ч үр дүнд хүрээгүй.: Энэ үед зарим нөхдүүд еврейчүүдийг хорьж, нийгмээс тусгаарлая гэсэн санал дэвшүүлсэн. Хорих лагерт олон үндэсний хүмүүс байсан боловч бараг биеийн хөдөлмөр хийдэггүй шахуу амьдралтай байсан еврейчүүд хамгаас их зовсон л доо. Германыг орхиж явах еврейчүүдийг бол яагаа чүгүй, өчнөөн олон жил чөлөөтэй гаргаж байсан. Дайны үед ч гаргаж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Еврейчүүдийг шууд л алаад хядаад байсан юм байхгүй.
XX зуунд том гүрнүүд колони орныхоо уугуул хүмүүсийг, Зөвлөлт, Хятад Турк, Ирак зэрэг улсууд бага үндэстнүүдээ, олон улс түмнүүд харилцан бие биеэ зэрлэгээр аймаглан хөнөөж байсан түүх олон бий. Ийм үйл явдлыг бүхэлд нь яллах хэрэгтэй. Ганц Германыг яллах, холокост буюу еврейн асуудлаар фашист үзлийг яллах нь шударга бус хэрэг. Үнэндээ фашист үзэл санаанд өөрт нь еврейн асуудал хамаагүй. Орчин үеийн нөхцөл байдал өөр, өнөөгийн фашизм өөр. Тийм ч учир би еврейн өв соёл, ард түмэн, Израилийн түүхийг сонирхож биширч явдаг.
-Дэлхийн II дайнд ямар ч гэсэн фашизм буруутай шүү дээ?
-Дэлхийн II дайн бол том гүрнүүдийн ашиг сонирхлуудын мөргөлдөөн байсан. Дайныг ЗХУ санаачлан, эхэлсэн гэдгийг Виктор Суворовын “Мөс зүсэгч” номд тодорхой бичсэн байдаг. Фашизм дэлхийн II дайнд буруутай гэх юм бол тэр үеийн улс орнуудад байсан бүх онол сургаал, үзэл суртлуудыг адилхан л буруутай гэж үзэх хэрэгтэй.
XX зууны эхээр харьцангуй шинэ залуу Нэгдсэн Герман улсыг даран мөхөөх гэсэн хандлага Европод гарч ирсэн. Европын хамгийн хүчирхэг улс Герман болсонд том гүрнүүд дургүйцэж байсан. Үүнээс л дэлхийн I дайн ч, II дайн ч гарсан шүү дээ. Фашизм байсан ч, байгаагүй ч дайн гардгийг өнөөгийн дэлхийн байдал ч бэлээхэн нотолно.
XX зуун хэчнээн их сорилтуудыг тулгасан боловч өнөөдөр Герман улс Европын хамгийн хүчирхэг гүрэн болчихоод байна. Герман улс хүчирхэг болоход уг нь эмзэглэх хэрэггүй байсан. Европын янз бүрийн улсууд ээлжлээд л хүчирхэгжиж байсан шүү дээ.
-Таныг “Өнөөдөр” сонинд “авангард фашист” гэсэн байсан. Ийм фашизм байдаг хэрэг үү?
-Би хүмүүст өөрийгөө ойлгуулахын тулд энэрэнгүй фашизм, хөгжилтэй фашизм, авангард фашизм гэхчилэн янз бүрээр л ярьж явдаг байлаа. Авангард фашизм гэдэг нь би өөрийнхөөрөө л байна гэсэн үг л дээ. Түүнээс биш фашист боллоо гээд ам ангайнгуут л тэр тухай яриад л, Гитлерийнхэн шиг ёслоод л, эсвэл барууны мулзан толгойтууд шиг үс гэзгээ авахуулж, пиво гүзээлж, агсамнаж танхайрч явах ёстой гэсэн үг биш. Ярих хүндээ л ярьж, сэтгүүлчийн хувьд чаддагаа хийж, бичиж, сурталчилж, бас уран бүтээлээ ч хийж, рок хөгжим сонсч, инээж тоглож, байдгаараа л байх болно.
Фашист тийм байдаг, байх ёстой гэсэн догмыг би хүлээн зөвшөөрөхгүй. Авангард өгүүллэг бичихдээ яаж дураараа бичиж байдаг шигээ л фашист үзэл санаанд чөлөөт сэтгэлгээгээр хандах болно. Түүнээс биш хамаг юмаа хаяад л, туг хиур хийсгээд явахгүй, XXI зуунд тэгж байж таарахгүй. Хэрэв тийм юм шаардах юм бол хэн ч дэмжихгүй, нэгдэхгүй. Түүнээс гадна ганцаараа зүтгээд байх нь утгагүй, фашизм гэдэг бол хүчээ нэгтгэхийн нэр болохоос, ганц хүний хүчийг шүтэхийн нэр биш. Чөлөөт сэтгэлгээгээр, амьдралын мөн чанар, хүнд ойроор хандахыг авангард фашизм гэж ойлгож байна.
-Та нартай ямар хүмүүс нэгдэж байна вэ? “Шар сонин” дээр та бүхнийг МАХН-ыг дэмжинэ гэсэн байсан…
-Санасныг бодоход олон хүн фашист үзэл санааг дэмжиж, сонирхож, асууж лавлаж, элсье тусалъя гэж байгаа. 1990-ээд оноос хойш, фашист үзлийг талархдаг, үнэлдэг гэж мөн ч олон хүн дуугарсан даа. Тэр бүхэн л нэгдэж байгаа. Нэгдэхгүй бол тэдний фашизмын тухай үг тэгээд л замхарчихаад байсан болохоор нэгдэхээс өөр аргагүй гэдэг дүгнэлтэд бүгд хүрчээ.
МАХН-ын тухайд гэвэл бид заавал түүнийг л дэмжинэ гэхгүй. Дэмжих хэрэгтэй бол хэнийг ч дэмжиж болно. Коммунизм бол муу үзэл онол биш, гэхдээ үндэстнийг биш, пролетарийг эхэнд тавьдгаараа фашизмаас зөрүүтэй. Гэхдээ МАХН бол коммунистууд гэх нь хаашаа юм, тийм болохоор яаж ч магадгүй.
-Панмонголизмын талаархи бодол?
-Нийт монгол туургатнаа авч үзэхгүйгээр үндэстний тухай яриад ч яахав дээ. Хилийн чанадад эрх нь зөрчигдөж байгаа элэг нэгтнүүдээ өмгөөлөх, монгол туургатны түүх, соёлыг сурталчлах, улс хооронд соёлоор харилцах, нэгдэх асуудал бидний эн тэргүүний зорилтуудад багтаж байх болно. Одоохондоо бид алдагдсан газар нутгаа эргүүлж аваад бүх монголчуудаа нэгтгэнэ гэж ярих бодолгүй байгаа.
-Ард түмэн фашистуудыг балмад этгээдүүд, галдан шатаагчид гэж дургүйцдэг шүү дээ?
-Барууны скинхед, неофашист нэр зүүсэн зарим залуусаас болж байгаа юм л даа. Тэр бол хулиганууд л фашизмын нэр барьж чамирхаад танхайраад байгаа явдал юм. Бидний хувьд бол хулигануудыг биш, үзэл санаа, эв нэгдлийг л эрхэмлэнэ гэдэг нь мэдээж. Барууны тэр залуус шиг танхайрах нь монголчуудад зохих ч үгүй, танхайрах хүн гарлаа ч бидэнд хамаатай биш. Хулигануудад ч фашизм хамаагүй, фашизмд хулиганууд хамаагүй юм шүү.
-Фашист үзэл Монголд их дэлгэрвэл казах, орос, хятад гээд л олон үндэстний хүмүүс дургүйцэх байх даа?
-Бид бусад үндэстнийг хавчин гадуурхах бус, монголчуудыг хавчиж гадуурхахын эсрэг тэмцэнэ. Харийн нутагт уугуул иргэдийг нь дарлаад байвал нэг хэрэг, өөрийн нутагтаа дарлуулахгүйн төлөө тэмцэх өөр хэрэг шүү дээ.
Орчин үед фашизм гэхээр л палхийдэг явдал өөр болж, их л наануу цаануутай байдаг, ойлгодог болсон. Жишээ нь, Фашизмыг хамгийн их үзэн яддаг гэх Орост Жириновский, Лимонов, Баркашов гээд том фашистууд байна, олон фашист байгууллагууд байна. Оросууд дэмжээд л, элсээд л байж байгаа. Ганц монголд фашистууд байгаа биш, эмзэглэх юм байхгүй. Ер нь үндэстэн бүрд өөрийн фашизм байх учиртай.
Фашистууд гэхээр л еврейг юм уу, оросыг үзэн яддаг хүмүүс байдаг бус. Би өөрөө Оросын соёл, ард түмэнд их элэгтэй. Дэлхийн дайнд “Эх орныхоо төлөө!” гээд үхлийг сөрж явсан баатруудыг нь хүндэтгэнэ. Дашрамд, би монголчууд дэлхийн II дайнд хувь нэмрээ оруулж явсны дурсгал болох танктай хөшөөг буулгахын эсрэг байдаг шүү.
Бид Оросуудтай найрамдаж нөхөрлөхийн төлөө л байх болно. Бусад улс түмнүүдийн хувьд ч гэсэн, Монголд хал балгүй бол дайрч давшлаад байхгүй. Тийм болохоор монголын фашистуудад дургүйцээд ч яах вэ дээ.
-Зохион байгуулах хурал зэрэг мэдээжийн ажлуудаасаа ямар тодорхой ажлыг ойрын үед төлөвлөж байна вэ?
-Юуны өмнө “Фашист” хэмээх сонин гаргана. Энэ нэр өөрчлөгдөж болно, гэхдээ заавал өөрчлөх албагүй. Монголын фашист залуучуудын холбоог үүсгэн байгуулагч Ц.Ганхуяг, улс орноор тойрон аялсан бадарчин лам Ц.Батбаатар бид хамтран гаргах юм.
Сониноороо дамжуулж үзэл санаагаа сурталчилна, хамтран зүтгэгчдээ олно, байгууллагынхаа эгнээг бэхжүүлнэ, ажлаа ч олж зохион байгуулж байна.
Д.Удамбор “Улаанбаатар” сонин, 1998
"Цагаан хас "хөдөлгөөний Том Ах Эрдэнэзаяагийн хамт
Санаа бодол нэгт эрхэм дүү нарын хамт
Монгол фашизмын ухаан хэрэгтэй
Хориотой өгүүллийг нийтэлж байна. Хууль зүйн яамнаас 1995 онд “Салхи” сониныг “харгис хэвлэл” хэмээн хориглон хаасан билээ. Дэлхийн II дайн дууссаны 50 жилийн ойд зориулсан, хориотой өгүүллийг нь сонирхуулан нийтэлж байна. Дэмжин талархсандаа бус, уншигчид элдвийг эргэцүүлэн тунгаагаасай гэсэндээ нийтэлсэн юм шүү.
Дэлхийн II дайны дууссаны 50 жилийн ой энэ онд болно. Фашизмыг ялсны 50 жилийн ой. Гэтэл өнөөдөр неофашизм хүчээ авч байна. Италид неофашистууд ялалт байгуулсныг бид мэднэ. Бид ардчилсан бөгөөд, фашизмыг ч, коммунизмыг ч хуулиар хориглоогүй оронд амьдарч байгаа болохоор өнөөдөр фашизмын тухай шинээр, чөлөөтэй авч үзэх боломжтой болжээ.
Фашизм гэж юу вэ? “Капитализмын хурц хямралын нөхцөлд, империалист хөрөнгөтнүүдийн хамгийн харгис түрэмгий хүрээллийн ашиг сонирхлыг илэрхийлэн гарч ирсэн үзэл суртал, улс төрийн урсгал” гэж марксч-ленинчид хариулах нь лавтай биз ээ. Ингэхлээр фашизм нь сөрөг л үнэлгээ авч таарах нь. Тэгвэл фашизмын нэмэх, хасах, сөрөг эерэгийг өнөөдөр шүүн тунгааж үзье л дээ.
Коммунизм анархизм амар заяа үзүүлэхээ больсон, эмх замбараагүйтэл, хямралд нэрвэгдэж гүйцсэн Итали оронд анх фашизм үүсчээ. Фашио гэдэг нь эв нэгдэл гэсэн үг. Басхүү эртний ромын эзэн хаад, дээдсийн барьж ёсолдог байсан, саваагаар ишийг нь багцалсан сүхийг фашина гэж нэрлэдэг байжээ. Францаас Латин Америк хүртэлх романы соёлт олон улсын төрийн сүлдэнд фашинаг дүрсэлсэн байдаг.
Эртний Ромын сүр хүч, эв нэгдлийг сэргээх үндсэрхэг санаа Италид үүсч төрсөн хэрэг. Фашистууд эртний ромынхны адилаар гараа дээгүүр өргөн мэндчилдэг ч байжээ. Италийн фашистуудын удирдагч Дуче Муссолини 1922 онд сонгуульд ялж засгийн эрхийг гартаа авсан.
Энэ үед өөр нэгэн удирдагч Адольф Гитлерийн толгойд XIX-XX зууны шинэ шинэ амин чухал онол сургаалиуд эргэлдэж, национал-социализм буюу наци хэмээх нийгмийн санаа бүрэлдэн төрж байжээ. Гитлер 1925 онд “Майн кампф”-аа туурвиж, миний тэмцэл юунд орших вэ гэдэгтээ концептуаль хөтөлбөр боловсруулж өгч чадсан байна. Фашистууд ямар ч онолгүй, гагцхүү засгийн эрхийг гартаа авах гэсэн гэдэг нь худал юм. Харин эсрэг. Өнөөдөр ч мөн адилаар үнэлэгддэг шинжлэх ухааны хамгийн тэргүүний онолуудаар тэд зэвсэглэн байж, ард түмний сэтгэл зүрхийг татах хөтөлбөрөө буй болгосон байнам.
Засгийн эрхэнд тэд хүчирхийлэл, улбар цамцтнуудын нударгын хүчээр гарсан гэдэг. Гэтэл аргагүй хамгаалалт тэдэнд зайлшгүй шаардагдсан ажээ. Зөвлөлтийнхний санхүүжүүлдэг “Рот фронт” гэдэг коммунист хүчирхийлийн нүсэр байгууллагын халдлага, харийнхны ноёрхол, цэрэг цагдаагийн түрэмгий нөхцөл, нууц албаныхан болон улс төрийн томчуудын далд явууллага, гадны агентуудын ажиллагаа, мафи лоббийн бүлэглэлүүдийн аюул заналхийлэл, гэмт хэргийн хавтгайрал гээд л фашистуудад аюултай хүчин зүйл хэтэрхий олон байв.
Арийчуудын сайн үйлсийн бэлгэдэл-хас тэмдгийг сонгон аваад байсан фашистууд улс орноо аврах зорилгодоо хүрэхийн тулд өөрийн эрхгүй улбар цамцтаны хамгаалах отрядуудыг байгуулж, тэмцлээ үргэлжлүүлэн тулалдсан юм. Харин ч энэ нь бусад оронд элбэг тохиолддогчилон иргэний дайн болж хувирсангүй, дээд цэг нь зодоон л байсан билээ. Гэвч энэ нь Гитлерийн эв нэгдэлч санаанд сэтгэлд эс нийцсэн тул, тэрбээр хожим улбар цамцтаны отрядыг тараасан.
Гитлер германы ард түмний хүсэл зоригийг эрхэмлэн үзэж, илэрхийлэн хамгаалж байсан тул, тэр үеийн бүх улс төрчдөөс хамгийн нэр хүндтэй нь байлаа. Гитлерийг дунд сэхээтнүүд, ажилчид, шоовдорлогдсон цэргийнхэн авран хамгаалагчаа гэж үзэж байв. Бүхний эрх ашгийг хамгаалах хөтөлбөр боловсруулсан тул баячууд ба ядуучуудыг нэгтгэж чадсан юм.
Үндэсний социалист нийгмийн хөтөлбөр нь тэргүүний агаад дэвшилтэт байлаа. Ленинист иргэний дайн, улаан дээрэм, алан хядалт, яргалалт, сталинист үргэлжлэлийг харин тэр бүрэн үгүйсгэж байв. Өндөр соёлтой, хөгжилтэй германы ард түмэн Гитлерийг талархан дэмжсэнээр, түүний удирдсан НСДАП нам дэлхийд хүчирхэгт ордог, II Интернационалын гол тулгуур болж байсан Германы Социал-Демократ Намыг сонгуульд ялсан юм.
Бүх намын дэмжсэнээр батлагдсан “Засгийн газарт онц бүрэн эрхийг олгох хуулийн” дагуу Гитлерийн засгийн газар НСДАП-аас бусад намуудыг хорьж, ҮЭ-үүдийг тарааж, эрх мэдлээ нэмэгдүүлсэн билээ. Сүйрлийн дараахь хямрал бүх ард түмнийг зовоож байсан тэр үед НСДАП эмх замбараагүй байдлыг зохицуулж, хүчтэй шийдэмгий бодлого явуулах болсон нь хэний ч санаанд нийцсэн нь зүйн хэрэг.
Гитлерийн ярьж байсан зүйлс бүх ард түмний урмыг бадрааж, туйлын үнэн, авралын үг мэт сонстож байлаа. Гитлер үндэсний баатар, хайрыг татсан хүн, агуу удирдагч, ер бусын аврагч, гэгээн ширээт, тэнгэрийн элч, суут жанжин шиг л харагдаж байсан нь сонин. Гитлерийг Есүс Христ, Мартин Лютер (соён гэгээрүүлэгч, герман сүмийн эцэг)-тэй зүйрлэж байлаа. Тэр үед Германд очсон хүний сэтгэлд юуны өмнө Сэргэн мандалт гэсэн үг эрхгүй бууж байсан гэдэг.
Улс орны хагарал бутралыг дор нь зогсоосныхоо дараа эдийн засгийн уналтыг эцэс болгож, харин ч өсөлтөд хүргэсэн байна. Ажилгүйдлийг үгүй болгож чаджээ. Эдийн засагтай улсуудад ажилтай байна гэдэг нь, нэр төрөө бодох төдийгөөр бэлгэдлийн чанартай ажиллана гэсэн үг биш, амьжиргаагаа хангана гэсэн үг байдгийг санацгаая. Зүдэрсэн түмнийг амьдралтай золгуулснаар баячуудыгаа улам баяжуулах амлалтдаа ч хүрсэн байна. Армиа сэргээж, харийнхны мэдэлд байсан Рейн нутагтаа цэргээ оруулж, Саараа Францаас авч, Герман улс үндэстнийг устгах зорилготой Версалийн гэрээг зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, гадаад бодлогодоо гялалзсан ялалт байгуулж эхэлсэн юм.
30-аад оны төгсгөлөөр Франко, Салазар, Дольфус, Хорти, Антонеску, Александр, Маннергейм гээд олон фашист жанжид тодорсон. Испани, Португали, Австри, Унгар, Румын, Болгар, Финлянд, Хорват, Словак, Словени, Польш, Латви, Литов, Эстони (Японд ч гэж хэлж болно) зэрэг олон оронд фашизм ялсан төдийгүй, улс төр-эдийн засгийн идэвхтэй амьдралтай бүх оронд фашизм төрийн бодлогын хэмжээнд ч, сөрөг хүчний хэмжээнд ч байж байлаа. Бараг бүх орон фашист болчихоод байсан юм. ЗХУ, Хятад, Манж гээд хөршүүд маань ч тэр.
Засгийн эрхэнд гараад Гитлер еврейчүүдийг харгисласан гэдэг ойлголт бидний санаанд амь бөхтэй оршиж буй... Гэтэл тэр үед Германы нийгмийн бүх салбарт еврейчүүд чухал байр суурийг эзэлж, тэмтрүүлээ тэлэх наймаалж адилаар эл үндэстнийг чухам боомилон байжээ. Еврейчүүд далд нөлөө, хэлхээ холбоогоо ашиглаж, бүхнийг эрхшээх нууц бодлогоо улам хүчтэй хэрэгжүүлж байв. АНУ, Англи, Герман, Зөвлөлт гээд л олон их гүрэнд тэд ноёрхож, дэлхийгээр тоглож байсаан.
Ийм л нөхцөлд Гитлер тэднийг хазаарлан зогсоох арга хэмжээ авсан юм. Энэ нь тэр үед оросууд цөөнхүүдийг, түркүүд армянчуудыг, колоничлогчид нутгийнхныг аймаглан хөнөөж байсныг бодвол өдөр шөнө шиг ялгаатай байсныг өгүүлэх юун. 10 жилийн турш еврейчүүдийг Германаас гарч явахыг гуйсан. Тэдэнд Палестин, Төв Африк, Мадагаскар, Аргентин, Манж, АНУ, ЗХУ-д суурьшихийг санал болгож, нөхцлийг нь бүрдүүлж өгч байсан.
Германы хувьд, еврейчүүдийн эзэрхэл дарангуйлал нь тэвчихийн аргагүйд хүргээд байжээ. Еврейчүүд Германы нийгмийг аюулт бактери адил хөнөөж байсан байна. Гитлерийн еврейн бодлогоо эхлэхэд дэлхийн еврейн лобби, мафи, бүтцүүд Германы бүх бараа, эдийн засгийн ажиллагаа, засгийн газрын орших нөхцлийг хориг бүслэлтэд оруулж байснаас үзэхэд л тэдний далд хүч ямар их цар хүрээтэй байсан нь ойлгогдоно.
Дэлхийн II дайны үед ЗХУ-ын 30, Германы 10, Польшийн 9, Югославын 6 сая иргэн амь үрэгдсэн. Мөн 6 сая еврей хүн амь насаа алджээ. Еврейчүүдийг хядсан гэж Гитлерийг мөнхөд хараан зүхэж байгаа билээ. Гэтэл еврейчүүд бусдын л адилаар хорих лагерийн нөхцөлд амь үрэгдсэн. Хорих лагерийн нөхцөл нь фашистуудад ч, холбоотнуудад ч адилхан байсан юм.
Сталин хэдэн арван сая иргэдээ хядаж, мөн украины ард түмнийг устгахыг зорин 10 саяыг нь голодомор гээчээрээ өлсгөж алж, 20 ард түмнийг “урвагч” гээд, устгах ажиллагаа явуулж, бараг устгасан.
Гагцхүү XX зууны бүх геноцидийн хэргээс Гитлерийнхийг онцгойлж авч үздэг нь холбоотнуудын, еврейчүүдийн явууллага билээ. Тэр үед бүх том улс геноцидийн бодлого явуулж, түүнийгээ зүй ёсны хэрэг гэж үзэж байсан.
Хамгийн том геноцидийг Герман биш, бусад улсууд үйлдсэн билээ. Жишээлэхэд, XX зууны хамгийн аймшигт хядлагын нэг бол польшуудыг аймаглан хөнөөх бодлоготой байсан Сталин 14000 гэмгүй польш офицерийг нэг дор нь өчиггүй буудсан явдал юм. Ер нь Монголын хөршүүдэд хамгийн аймшигтай юм болж байв.
Өнөөгийн өндөрлөгөөс харж байхад еврейн асуудлыг ганцааранг нь дөвийлгөөд хэрэггүй санагдана. Энэ нь бусад харгислагчдыг цагаатгасан төдийгүй, тэдэнд тал зассан хэрэг болох юм.
Ариун дайн, Жихад газават, Шамбалын дайн гэх зэргээр, христийн, исламын, буддын, ер нь бүх шашинд хамаг дайныг эцэс болгох сүүлчийн их дайны тухай номлосон байдгийг бид мэднэ. Өмнөө тулгарсан хамаг асуудлыг шийдвэрлэх хүслэн хүн терөлхтөнд юутай их байдгийг энэ санаа нь нотлох билээ.
Персийн аюулаас сэрэмжлэхийн тулд эхлээд Фракитай, дараа нь Дарий хаантай, чингээд бас цааш цаашдаа байлдах шаардлага Македони улсын эрх ашгаас үүдэн гарч ирж буйг Александр ухамсарлан, аргагүй ард түмэндээ дэлхийг эзлэх зорилго тулгарсныг мэдэгдсэн гэдэг. Чингис хаан ч гэсэн бүх дэлхийн хэмжээнд асуудлыг шийдвэрлэж, амаржуулан жаргаахгүйгээр Монголын асуудлыг салангид шийдвэрлэх боломжгүйг ухаарч, дэлхийг байлдаж дагуулахаар гарч байсан.
Дэлхийг эзлэх гэдэг заримдаа шунаг сэтгэл, нэр төр хөөцөлдөхийн илрэл байсан нь үнэн. Тэгвэл заримдаа аргагүйн логик байсан юм. Ямар ч л гэсэн Гитлерийн үед бүх том гүрнүүд дэлхийг байлдах дагуулахаас буцахгүй байсан. Өнөөдөр ч ялгаагүй.
“Японы эзэн хаан бол дэлхий дээр эрт үеэс эзэн тэнгэрээс уламжилж ирсэн эцэг өвгөдийг минь төлөөлсөн цорын ганц эзэн учраас бид гагцхүү Японы эзэн хаан л энэ дэлхийг бүхэлд нь захирсан эзэн байгаасай гэж хичээнгүйлэн зүтгэнэ” гэсэн 1915 оны самуурай нарын үг өнөөдөр ч хүчинтэй байдгийн л адил юм. Муссолини гэхэд л дуртай цагтаа зодолдоход бэлэн байгаа мэт, ямагт Италийн аугаа их хувь тавилан, агаар тэнгэрийг бүрхсэн Италийн нисэх хүчний тухай ярьдаг байжээ. Энэ л үед Гитлер дэлхийн хэмжээний фюрер болохоор аргагүй шийдвэрлэж байсан байна.
Тэр үед зөн, сэрэл, инстинктийн ач холбогдлыг өндөр авч үздэг иррационалист, экзистенциалист, фрейдист философи урсгалууд үүсч хөгжиж байлаа. Басхүү геополитикийн үзэл санаа хүчтэй байв. Германы газарзүйч Ф.Ратсель “Организм бүр амьдрах орон зайн төлөө тэмцэл явуулдаг” гэсэн бол шведийн эрдэмтэн Р.Челлен “Төрт улс-амьдралын хэлбэр” гэсэн бүтээлээ туурвиж, К.Хаусгофер, Е.Обст, К.Шмидт, Г.Гримм, А.Хеттнер, А.Грабовски нарын философичид үүнийг нотолж байв.
Германы сэтгэгч О.Шпенглер 1922 онд “Европын эцэс” бүтээлдээ “Хүн бол дуртай зүгт нь хөөгөөд явуулчихаж болох номхон үхэр сүрэг шиг биш, харин үүрэндээ хэнтэй ч эн тэнцүү байхыг үл тэвчин хүлцдэг толгойлогч арслан шиг юм” хэмээн өгүүлж байлаа. Тийм ч учир үндэстний онцгой чанар, нөгөөгөөс давуу шинжийг онцолдог үзэгдэл нь I Наполеоны бодлогыг бишрэгч Н.Шовений нэрээр шовинизм хэмээн тодорч иржээ.
“Хүн төрөлхтний нийгмийн хөгжил нь амьдралын төлөө тэмцэл. Энэ тэмцэлд мөхөх ёстой байсан субъектүуд үлдэж хоцорч байгаагаас гамшиг бүхэн үүднэ” хэмээн социал-дарвинист Л.Гумплович, Г.Ратценгофер, А.Смолл нар номлож байлаа. Ж.Гобиногийн расист концепци: “Арьстнуудын физик, психологийн ялгаа нь нийгмийн соёл, түүхэнд их үүрэг гүйцэтгэнэ” хэмээн сургаж байв.
Хэт өсөлтийг зохицуулдаг зүй ёсны үзэгдлүүд нь дайн, өлсгөлөн, өвчин юм гэсэн А.Мальтусын үзэл санааг неомальтусч Г.Браун, Ж.Боннер, Г.Тейлор, П.Эрлих нар хөгжүүлж, “хүн амын дээд хэмжээ” гэсэн санааг гаргаж ирээд байлаа. Генетик, генийн инженерчлэлийн хөгжлийн дүнд шилдэг хүмүүсийг шалгаруулах, үлдээх, хөгжүүлэх асуудлыг авч үздэг евгеникийн шинжлэх ухаан буй болов. XIX-XX зуунд гарч ирсэн энэ бүх онол сургааль нь хүн төрөлхтний эрүүл ухаан, бүтээлч сэтгэлгээний тэргүүний ололтууд байсан бөгөөд өнөөдөр ч тэр хэвээрээ бөлгөө.
Фашизм үүсч хөгжсөн хөрс гэвэл ийм юм. Фашизм бол зайлшгүй байдал, логикийн тооцоо, ард түмний хүсэл зориг, сургамжтай явц байлаа. Холбоотнууд дэлхийн II дайнд ялснаар фашизм ялагдсан бус. Харин ч фашизм зайлшгүй байсан нь нотлогдсон бөгөөд өдгөө ч бид түүнээс зарим хэмжээгээр суралцах хэрэгтэй байгаа юм.
Дэлхийн II дайны дараа Германыг Британи, Франц, АНУ, ЗХУ дөрөв бүсчилэн хувааж эзэмшсэн. Дорнод Германыг Польшид өгсөн. Дорнод Прүссийг ЗХУ, Польш хоёр хувааж авсан. 6,75 сая герман хүнийг төрсөн нутгаас нь хэрцгийгээр хөөж, холбоотнуудын эзэмшлийн бүсэд хүчээр тараасан. Германы ард түмний бахархал, түүхийн нэгэн баталгаа болох хүчин зүйл-Прүсс орныг эгнэгт устгасан. Сталин ганцаараа гэхэд л Германы үйлдвэрүүдийн 80 хувь, 20 млрд ам.долларыг дайны төлбөрт авахаар шаардлага тавьж байсан. Герман эмэгтэй бүрийн хэвлийд орос үр суулга гээд бүгдийг нь толгой дараалан хүчиндүүлж байсан.
Гэтэл өнөөдөр Герман ахин хүчирхэг болчихоод байна. Нэгдсэн Европод Герман ноёлох нь ойлгомжтой боллоо. Фашизм Төв, Дорнод Европын улсуудад бус, дэлхийн бүх улсуудад дэлгэрлээ. Холбоотон асан Орос, Америк, Англи, Францад хамгийн томоохон фашист хүчнүүд байна.
Монголд ч фашизмын хий үзэгдэл, фашизм амжилттай үүсч хөгжих хөрс байна. Монгол хамгийн эртний хуурай газар тул энд араатан жигүүртний амьдрал буй болсон. Хүний хамгийн эртний өвөг - Zalambdalestes Монголд олдсон. Хас тэмдэг Монголоос гаралтай. Монголын Говьд арийчууд буй болсон. Арийчууд баруун өмнө тийш нүүдэллэсэн нь тодорхой.
Өвөг монгол улс аймгуудын их аян дайн, Чингис хаан, түүнийг залгамжлагчдын байлдан дагуулал гээд бахдах юм бидэнд их бий.
Ч.Мөнхбаяр
“Салхи”, 1995 он
“Салхи”, 1995 он
1 comment:
Сүүлийн үед фашизмийн тухай сонирхох болоод байгаа, энэ нийтлэлийг бичсэн (блог хөтлөдөг) хүн нь Ч. Мөнхбаяр гэж өөрөө мөн юм уу?
Post a Comment